Categories
мэдээ спорт

Дэд сайд нар яамны албан хаагчидтай уулзлаа

Энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Д.Атармаа, Т.Болдбаатар нар томилогдсон.

Тэгвэл өнөөдөр /2014.12.22/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба дэд сайд нарыг яамны нийт ажилтан, албан хаагчдад албан ёсоор танилцуулж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдон гарсан зарим тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр өмнөх Засгийн газрын ололттой ажлуудыг үргэлжлүүлж, засаж сайжруулах шаардлагатай асуудлуудыг зоригтой шийдэж, тулгамдсан чухал асуудлаас ажлаа эхэлж байгаагаа онцлоод дэд сайд нартай хамтран салбарын хөгжлийн төлөө ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, намын талцалгүй ажиллахаа илэрхийллээ.

Д.Атармаа: Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлыг төрийн бодлогын түвшинд гаргахын төлөө ажиллана

– Эрүүл мэндийн салбарт бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Эрүүл мэндээ хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд юуны өмнө эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэхийн төлөө ажиллана. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулж зөв, оновчтой болгох, шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын асуудлуудыг шийдэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.

Т.Болдбаатар: Спорт, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой салбар

– Спорт, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой салбар. Миний хувьд та бүхэнтэй нэг баг болон ажиллах болсондоо баяртай байна. Одоогоор Засгийн газраар яамдын бүтэц албан ёсоор батлагдаагүй байгаа. Удахгүй бүтэц тодорхой болоод ирэхээр олон чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэж, үр дүнг нь харна гэдэгт итгэлтэй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ийнгаа миний хээр тал

Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаярын хайр, эрх чөлөө, бусдад сэтгэлийн их амар амгалан, сайн сайхны ундарга бүхнийг бэлэглэхийн их тэмүүлэл, хүмүүний өөртөө хийгээд өрөөлд үнэн байхын жаргалыг мэдрүүлдэг нэгэн сайхан бүтээлээс төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна.

Эрдэм шинжилгээний ажилдаа дарагдсан Анар өөрөө хайрлаж, өөрийг нь хайрлах эмэгтэйг битүүхэн эрэвч, санаанд нийцэх нь үл олдоно. Гэхдээ энэ эрэлдээ цаг зав зарцуулахгүй байгаа нь түүний сэтгэл атраараа байгааг илтгэх шиг. Анарын сэтгэл зүрхээ зориулан, дурладаг зүйлсийн нэг нь морь унах. Энэ нь магадгүй сэтгэл зүрхээ зориулж, үнэн голоосоо хийдэг цөөхөн зүйлсийн нэг байсан биз. Тиймдээ ч хүсэлдээ хөтлөгдөн наадмын морьд харахаар, болж л өгвөл морь унахаар Хүй долоон худагийг зорьдог. Дуртай зүйлдээ хөтлөгдөн очсон Анар морь унасан бүсгүйтэй танилцсанаар өөрийнхөө хийгээд амьдралынхаа хээр талыг нээх боломж эхэлдэг. Гэхдээ мэдээж тэр боломжийг Анар болоод Ийнгаа хэрхэн таамаглах билээ. Анар, Ийнгаа хоёр бол уншигч таныг дотоод сэтгэлийн хүч хийгээд бусдад сэтгэлийн гэрэл гэгээг бэлэглэх эрх чөлөө рүү хөтлөгчид. Дөнгөж танилцсан Анарт Ийнгаа унаж явсан морио өгч, хүссэн зүгтээ давхихыг зөвшөөрснөөр үүний эхлэлийг тавьдаг. Ийнгаагийн Анарт морио өгч, өчнөөн хол давхисан ч үл зовних сэтгэл, танилцаж амжаагүй шахам байж дуртай зүйлээ хийх эрх чөлөөг өмнө нь хэн ч өгч байгаагүйгээр олгосон нь Анарыг бүсгүйтэй дахин уулзах, бүр гэрт нь очно гэж эрхгүй амлахад хүргэнэ. Морио унуулсных нь хариуд, өөртэй нь сайхан харилцсанд ч бус тэр эрхгүй л сарын дараа гэрийг нь олоод очно хэмээн амласан биз ээ.

Дотнын найзаасаа зөрж, өдөр шөнөгүй хийсэн эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг хүлээлгүй Ийнгаад амласан амлалтаа л биелүүлэхийн төлөө Анар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Дун уулын Талим өвгөнийхийг, үнэндээ бол Ийнгааг зорино. Өөрийг нь танихгүй байх вий гэхээс эмээж зогссон Анарыг удтал хүлээсэн Ийнгаа угтана.

Анар нэг удаа “Бурханд тус болох юмсан” гэж боддогоо Талим өвгөнтэй хуваалцсанаар дун мэт дотогшоо өвгөний гүн их амьдралын далайгаас хүр­тэх боломжоо нээнэ. Бурханд тус болохыг хүснэ гэдэг чухам Талим өвгөний хийгээд зохиогчийн бусдыг хайрлах, өөрөөсөө гэгээрлийг эрэх, олоххүсэлтэй агаар нэг юм. Тиймдээ ч хааяа нэг үг солилцохдоо амьдралын нарийн ширийний учгийг тайлж өгөх нь Анарт тэдний гэрт удах нэг шалтаг болдог. Гэхдээ хамгийн эрхэм шалт­гаан нь Ийнгаа билээ.

Анарын хувьд эрх чөлөөг өөртөө нээсэн нэгэн томоохон үйл явдал Ийнгаагийн өдөр тутмын энгийн нэг дэггүйтэл байж таарна. Ийнгаа чулуун гэрээ үзүүлж, хүссэн цагтаа тоглодгоо жаахан охин шиг тог­лож суухдаа ярьсан нь Анарт хийгээд олон зуун уншигч Анарт мартагдсан хийгээд байж боломгүй эрх чөлөө, аз жаргал өгнө. Мөн Дун уулын өвөр дэх хүн төрөлхтний ч хүсэл, нууцыг хадгалж чадах чулуужсан дунгууд дунд авчир­сан ньАнарын хувьд өөр нэгэннээлт байв. Зохиолд Анарын энэ бол нээлт, тэр бол ололт хэмээн тунхагласан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин зохиол цааш хөврөх тусам Анар­тай хамт уншигчийн дотоод ертөнц хөгжиж, амьдралаас үүссэн гав гинжийг тасчин хая­даг билээ. Тиймдээ ч тэр бугуйн цагныхаа зайг эргэлзэх юмгүй авч хаяад цаг хугацааг чөлөөлдөг. Бас өөрийгөө цаг хуга­цаанаас ангижруулдаг. Үүнийг уншсан хэн бүхэн цаг хуга­цаа хэмээх хүлээснээс өөрий­гөө чөлөөлөхийг ямар нэгэн байдлаар оролддог биз ээ.

Их хотын дуу чимээ, чөлөө завгүй ажил, хэмнэлээс хэсэгтээ тасарч, цаг хугацааг чөлөөлсөн Анар гэнэтхэн буцахаар болно. Ийнгаа үлдээхийг хэчнээн хүсэж байсан ч явахад нь бит­гий гэж хэлэлгүй, үүц базааж өгөөд, үднэ. Магадгүй энэ л уужуу сэтгэл Анарыг энд анх авчирч, үүрд үлдэх шалтгаан болсон биз. Буцахаар гарсан ч явж чадаагүй Анар найздаа дахин захидал бичнэ. Тэр “Чи намайг том нээлт хийж дэлхийд данстай эрдэмтэн болохыг хүсдэг гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ түүнээс ч илүү бас нэгэн хүсэл байдаг маань бурханы төлөө ямар нэг үйл хийх юм. Гэхдээ энэ хугацаанд би хэрхэн яаж бурханд тус хүргэхээ мэддэггүй байсан. Яг одоо би хариултыг нь олчих шиг боллоо. Энэ бол хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах юм байна. Тиймээс би Ийнгааг бүх насаараа хайрлан хамгаалж, түүнийг аз жаргалтай байлгахын төлөө өөрийн зорилгоо хойш тавьж байна. Тэд нүүдэл хийхэд бэлдэнэ. Энэ нь зөвхөн гэрийнхээ буурийг сэлгэж, эсвэл хаа нэгтээ нүүдэллэх нүүдэл төдий зүйл биш юм. Энэ бол Анарын сэтгэл зүрх, дотоод мөн чанарын хэннүүдэл. Бэсрэг романыг уншигч бүхний нүүдэл. Гэхдээ энэ нь мэдээж уншигч танаас, эндээс нээсэн нээлтүүдээс тань хамаарах билээ. Үг, өгүүлбэр бүрт нь ухаарал, тэмүүлэл шингэсэн уг бүтээлээс миний дурдаагүй олон зүйл уншигч таныг хүлээж байгааг хэлэх нь зөв байх.

Шүр, сувдаас ч үнэтэй ухаарал, бясалгал, энэрэл, хайр­ласаар л дуусахын чин үнэн хүслэнг надад бэлэглэсэн энэхүү бэсрэг романыг уншаад та ч бас өөрийн тааллаараа ямар нэг ухаарлыг олох биз ээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадад гурван мянга гаруй хүнийг баривчлав

Хятадын Гуандун мужид садар самуун кино үзэж, мурийтай тоглосон хэргээр гурван мянга гаруй хүнийг баривчилсан байна. Синьхуа агентлагийн уламжилснаар 3014 хүнийг саатуулснаас гадна 5000 гаруй хүнийг мөн ийм хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Цагдаагийн газраас мэдэгдсэнээр иймэрхүү хууль бус ажиллагаатай цаашид ч тэмцэх болно гэв. Гуандун мужид энэ оны эхээр 3033 хүнийг бие үнэлсэн хэргээр баривчилсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

11 зорчигчийг дайрчээ

Францад Дижон хотод үл таних этгээд “Аллах Акбар” хэмээн орилсоор 11 хүнийг машинаар дайрсан хэрэг гарчээ. Энэ хэрэг өчигдөр орой болсон бөгөөд гэмт этгээдийг цагдаагийнхан саатуулсан байна. Францын Дотоод хэргийн яамны сайдын мэдэгдсэнээр хэргийг 40 настай эрэгтэй үйлдсэн бөгөөд 1990 оноос хойш хууль сахиулах байгууллагынхны хяналтанд байсан, сэтгэл мэдрэлийн өвчтэй юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг шилдэг 15 оюутан хүртлээ

Төрийн тэргүүний зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг шилдэг оюутнуудад хүртээх ёслол боллоо. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оюутнуудад гардуулсан юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн оюутан Э.Хишигжаргал, СУИС-ийн оюутан П.Мөнхгэрэл, МУИС-ийн оюутан Я.Цэцэнзаяа, ХААИС-ийн оюутан М.Сэлэнгэ, МУИС-ийн оюутан Д.Ганзориг, СУИС-ийн оюутан П.Даариймаа, Ховд Их сургуулийн оюутан Б.Ананд, СУИС-ийн оюутан Б.Ариунгоо, МУИС-ийн оюутан М.Энхбаяр, АШУҮИС-ийн оюутан Ц.Доржсүрэн, МУИС-ийн оюутан П.Сувданчимэг, “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн оюутан Э.Сундуй, СУИС-ийн оюутан Г.Ганлхагва, “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн оюутан М.Хатанзориг нарын шилдэг 15 оюутан хүртлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Магнай: Хамт жагсч байсан хүнээ ажилд авахгүй гэсэн хуульгүй

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай албан тушаалаа өгч байгаа талаар түрүүхэн мэдээлсэн. Тэрбээр энэ байгууллагыг удирдсан хугацаанд хийсэн ажлынхаа тайланг хэвлэлийнхэнд ингэж ярилаа.

-Би 2 жил 3-4 сарын хугацаанд энэ байгууллагад ажилласан байна. Нийтдээ 6000 мянга гаруй иргэний хүсэлт, өргөдөл гомдлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, ажлын нэг өдөрт 10 өргөдөл гомдол шийдсэн байгаа. Нийт 1100 хяналт шалгалт хийсэн байна. Мөн иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгосон. 2012-2014 онд хийсэн зарим ажлуудаа сануулахад,

-Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгаа бүрэн зогссон

-Сууц өмчлөгчдийн холбооноос татвар авдаг дээд зөвлөлийг татан буулгахыг асуудлыг шүүхэд тавьсан. СӨХ-үүдээс авдаг байсан торгуулиуд зогссон.

-Орон сууцны метр, квадратын зөрүүг арилгаж нэг тэрбум орчим төгрөг буцааж олгуулсан.

-Нефт импорлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх тал дээр арга хэмжээ авч ажилласан.

-Ярианы төлбөрийг секундээр тооцдог болсон. Өнөөдөр 4 оператор компанийн алинд ч очсон та өөрийн ярианы төлбөрийг секундын горимд шилжүүлэх боломжтой болсон.

-Циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг шүүхэд өгсөн. Гэвч харамсалтай нь том дарга нарын нөлөөгөөр энэ ажил удаашралтай байгаа. Энэ ажлыг авах хүн дуусгах ёстой.

-Худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газруудын бие засах газруудыг үнэ төлбөргүй болгосон.

-Улсын хэмжээнд ажилладаг бүх лефтүүдийг жилд нэг удаа шалгаж байхаар болсон.

-Лангуу, кассны үнийн зөрүүг багасгасан.

-Томоохон захуудад орох бүрт авдаг байсан төлбөр байхгүй болсон.

-Монголд анх удаа кино театрууд болон номуудыг бест селлирыг заралдаг болсон. Энэ нь эргээд татвар төлөлт, үзэгчдэд сонголт хийх зэрэгт зөв зүйл болсон.

-Арилжааны банкууд хууль бусаар нэг хувийн шимтгэл авдаг байсан асуудлыг хууль бус гэж үзэж шүүхдэлцэж байгаа.

Мэдээж ШӨХТГ Монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг газар болсон. Одоо иргэд О.Магнайд, ШӨХТГ-т хандъя гэдэг болжээ.

-Саяхан О.Магнай хууль бусаар хүмүүс албан тушаалд томилсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-З.Ундрам гэх эмэгтэйтэй холбоотой асуудал байсан. Яг тэр шалтгаанаар би нэг жилийн өмнө тэр эмэгтэйг ажлаас чөлөөлж байсан. Хоёрдугаарт, Ч.Батбаатар гээд хамт жагсаж байсан хүнээ ажилд авсан гэх мэдээлэл байсан. Манай хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатар гэж байгаа. Жагсаж байсан хүнийг ажилд авахгүй гэсэн хууль байхгүй. Ч.Батбаатарыг ч ажлаа сайн хийж байгаа гэж үзэж байгаа болохоор ажлаа үргэлжүүлэн хийх ёстой гэж үзэж байна.

Гуравдугаар, Бүрэнцогт гэдэг хүний тангараг өргөсөн он сар нь миний тушаалд томилосон он сартай зөрж байгаа гэж байсан. Тэгвэл үүнийг тодруулахад, нэгэнт төрийн албаныхаа шалтгалтыг өгчихсөн юм чин гээд гурван хоногийн өмнө биччихсэн юм билээ. Би өнөө өглөө Бүрэнтөгс гэдэг хүнийг ажлаас чөлөөлчихлөө. Төрийн алба ёс зүйтэй зарчимтай байх ёстой.

-Иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллаж байхад та болон танай байгууллагыг хэчнээн удаа шүүхэд дуудав?

-Одоо яг над дээр хоёр хэрэг үүсгэсэн байгаа. Нэг нь аравдугаар сарын 10-нд хийсэн хэвлэлийн хурлаар шүүх шударга биш байна гэсэн мэдээллээс үүдэлтэй. Тэрийг шүүхэд нөлөөллөө гээд Чингэлтэй дүүргийн цагдаагаас шалгаж байгаа. Би мөн ажил авсаныхаа дараа 7 хүнийг ажил хийдэггүй гэж халсан. Тэгээд Дээд шүүхээс тэдгээр хүмүүсийг эргүүлэн ажилд ав гэсэн. Үүнээс болж шүүхийн шийдвэр би¬елүүлэхгүй байна гээд бас нэг хэрэг үүссэн.

Байгууллагын хувьд шүүхдэж байгаа асуудал зөндөө байгаа. Иргэдийн өмнөөс шүүхдэлцэж байгаа.

-Ажлаа өгчихлөө. Цаашид юу хийх вэ?

-Төрөө цэвэрлэнэ. Өнөөдөр төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Ингэж хуйвалдааны журмаар засаг байгуулж УИХ-ын 76-тай нийлсэн ийм том бүлэг байгуулж байгаа нь ардчиллын ёсонд байх ёсгүй.

Б.Цэлмэг

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд байр бэлэглэлээ

Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн цэнгүүн өчигдөр болж өнгөрлөө.

Шинэ жилийн цэнгүүнд холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, “Хасу-Мегаватт” компанийн захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш болон манай оронд хамтарсан бэлтгэл хийж байгаа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны шигшээ багийн дасгалжуулагч Батмөнх шигшээ багийнхаа бөхчүүдийн хамт урилгаар оролцжээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын шүүгч С.Чинбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсаныг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар улсын шүүгч Д.Алтанцэцэг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, МЧБХ-ны ажилтан С.Оюунтунгалаг яамны “Хүндэт жуух”-аар шагнагдсаныг СБТ-ийн төвийн дэд дарга Ц.Одонбаяр гардуулан өгчээ. МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ өнгөрч байгаа онд ДАШТ-нээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд холбооны өмнөөс хоёр өрөө байр бэлэглэж хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр хоёр сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаярыг ирэх оноос компанийхаа нэр дээр барилдуулж байх болсноо зарлаж түүний бэлтгэл сургуулилтанд нь дэмжлэг болгон түүний дасгалжуулагч, “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, Гавьяат тамирчин А. Энхээд 10 сая төгрөг гардууллаа. Тус компани нь энэ онд өмнө нь Гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа нарт байр олгосон ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ханиадны дэгдэлт багастал эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана

Томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх жилийн мөн үеэс 4.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, энэ сарын 15-21-ний хооронд буюу долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотой өвчлөл энэ сарын 8-14-нөөс 0.7 хувиар нэмэгдсэн байна. Нийт амбулиториор үйлчлүүлсэн иргэдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй гэнэ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа томуугийн дэгдэлт улиралын шинжтэй гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Сурагчдын амралтын хугацаа 35 хоног үргэжилнэ. Томуугийн дэгдэлт ихэсдэг энэ үед бага ангийн хүүхдүүдийг урт хугацаанд амрааж байгаа нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлсэн нэг ажил хэмээн тэд онцлов. Тиймээс хүүхдүүдийн дундах томуу өвчний дэгдэлт буурах магадлалтай гэж үзэж байгаа гэнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 17-19 цагийн хороонд цагаа уртасгаж ажиллаж байгаа аж. Амралтын өдөр бямба гарагт 10-14 цагийн хороонд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Богдхан хайрханы хишиг барилдаанд Р.Пүрэвдагва түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Дөрвөн уулын хишиг” барилдааны ээлжит цуврал болох Богдхан хайрханы хишиг барилдаан болж өнгөрлөө. Найм дахь удагаа зохион байгуулагдсан уг барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодогложээ. Барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын аварга Г.Эрхэмбаяр, заан М.Өсөхбаяр нар шалгарсан байна.

Categories
мэдээ улс-төр

О.Магнай: Би У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байгаа талаар мэдээллээ. Тэрбээр ажлаа хүлээлгэж өгөх болсон шалтгаанаа “Ардчиллыг уландаа гишгэж, дэд сайдын албан тушаалыг наймаалцсан Засгийн газарт ажиллаж чадахгүй. Би Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн тайлбарлав. О.Магнай ШӨХТГ-ыг удирдаж байх хугацаандаа ямар ажлууд хийнээ сэтгүүлчдэд тайлагнасан юм. Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.