Categories
мэдээ нийгэм

Машиндаа мансуурч байгаад баригджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машин дотроо мансууруулах бодис хэрэглэж байсан 27 настай эмэгтэй үйлдэл дээрээ баригджээ. Цагдаагийн албаныхан түүний машинаас тунгалаг өнгийн талст хэлбэртэй жижиг гялгар ууттай бодис, хар хүрэн өнгийн тунгалаг бодис зэргийг хураан авсан байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.ПҮРЭВЛХАМ: Прокурор, шүүгч, эмч нарын дэндүү хариуцлагагүй, увайгүй үйлдлийн үрээр хүн амиа алдсан юм шүү

-ТАЛИЙГААЧИЙГ ХОРИХДОО ЭМЧЛЭЭГҮЙ, “ҮХЛЭЭ” ГЭХЭД НЬ ГАНЦ ТАРИА Ч ХИЙГЭЭГҮЙ-

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 2014 оны тавдугаар сарын 13-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид амиа алдсан билээ. “Гэмт хэрэгт шалгагдан төрийн хамгаалалтад байсан хүн ямар учраас амиа алдав” гэдэг асуудлын учгийг тайлахаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдаж байлаа. Мөн Д.Амарсайхан агсныг өвчтэй байхад цагдан хорих арга хэмжээ авах санал гаргасан прокурор, хорих шийдвэр гаргасан шүүгч, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмч нарыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байв. Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсээс “бусдыг амиа хорлоход хүргэсэн нөхцөл шалтгааныг тогтоох” гэдэг зүйл ангиар талийгаачийн амиа алдсанд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг тухайн үед эх сурвалж хэлж байсан.

Өөрөөр хэлбэл, Д.Амар­сайхан агсныг төрийн хамгаалалтад байхдаа амиа хорлосон гэж үзэж байгаагаа ингэж илэрхийлсэн. Төд удалгүй амиа хорлоогүй тул хэрэг хэрэгсэхгүй боллоо гэж сонсогдсон. Энэ талаарх албан ёсны мэдээллийг хэн ч өгөөгүй. Үүнээс хойш хорих ангид хүн амиа алдсан энэхүү хэрэг сураггүй болсон гэхэд болно. Харин анхан шатны шүүх 2014 оны зургадугаар сарын 11-нд анх удаа талийгаачийг шүүж, гэм буруутайд тооцсон юм.

Ингэхдээ Д.Амарсайхан агсныг Шарга-3, Нэмэгт-6 талбайнуудад газрын тосны бүтээгдэхүүн хуваах чиглэлээр зарласан олон улсын нээлттэй тендэрт “Тэнгри холдинг” компанийг шалгаруулсныхаа хариуд 160 метр.кв талбайтай орон сууц хахуульд авсан хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх ч Д.Амарсайхан агсаныг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Дээд шүүх хэргийг хянаад нас барсан хүнийг анхнаасаа шүүх ёсгүй байж. Гэм буруугийн асуудлыг хэлэлцэлгүйгээр шууд хэргийг хаах нь зөв гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Д.Амарсайхан агсныг бусдаас авлига авсан гэм буруутайд тооцсон бол Дээд шүүх шийтгэх тогтоолоос “Шүүгдэгч Д.Амарсайханыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэсэн өгүүлбэрийг хасч эцэслэн шийдвэрлэсэн.

Д.Амарсайхан агсан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой. Тэрээр 1987-1991 онд Улсын эм хангамжийн үндэсний газрын мэргэжилтэн, 1991-1995 онд “Адистат” компанийн захирал, 1995-1999 онд “Шинжээч-XXI” дээд сургуулийн дэд захирал, 2001-2003 онд “Азийн хөгжлийн банк”-ны төслийн зохицуулагч, 2003-2012 онд Газрын тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Мөн МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж байсан юм.

ДЭЭРЭЭС, ДООРООС ЗААВАРТАЙ ГЭСЭН ХИЙСВЭР ЮМ ЯРЬСААР БАЙГААД ШОРОНД ҮХҮҮЛСЭН НЬ ХАТУУ ҮНЭН

Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.

-Талийгаачийг хэзээнээс, ямар хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар яриагаа эхэлье.

-Анх 2013 оны долдугаар сараас шалгаж эхэлсэн байдаг. Миний хувьд арванхоёрдугаар сараас өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн. Талийгаачийг эхний удаад арванхоёрдугаар сарын 23-наас эхлээд 18 хоног цагдан хорьсон. Ингэхдээ “Тэнгри холдинг” компаниас авлига авсан гэх хэргээр сэжигтнээр тооцож хорьсон. Ард түмний дунд 50 тэрбум төгрөгийг гадаадад байх “Sun wang” компанийн дансаар дамжуулж хувьдаа завшсан гэх дуулиан тарьж байсан тэр хэрэг нь ч АТГ-т мөн л шалгагдаж байсан. Гэхдээ энэ хэргээр ерөөсөө саатуулагдан хоригдож байгаагүй юм шүү. “Гадаадын Sun wang гэдэг компани дэлхийн аль ч өнцөг буландбайхгүй” талаар мөрдөн байцаагчаас манай талийгаачид танилцуулж гарын үсэг зуруулсан хэмээн талийгаачийн эхнэр ярьдаг. Ер нь энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон.

-18 хоног хориод эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан уу. Ер нь ямар оноштой байсан юм бэ?

-Ерөөсөө л эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. Эхний удаад шоронгоос батлан даалтаар гарахад архаг өвчин нь сэдэрчихсэн, бие нь маш муу байсан. Гараад л эмнэлэгт хэвтсэн. Хорь хоног эмнэлэгт хэвтсэнийхээ дараа гэрээрээ эмчилгээ хийлгэн хоолны дэглэм сахиж байтал дахиад цагдан хорьчихсон. Талийгаач нойр булчирхайн архаг үрэвсэлтэй. Бас тархины судасны агшилтаас хамаарсан толгой нь хүчтэй өвддөг. Элэг, ходоодны архаг үрэвсэлтэй гэсэн оноштой. Яг энэ оношоор батлан даалтад гарсан.

-Хамгийн сүүлд дахиад хэзээ хорьсон билээ.

-Мөрдөн байцаалтаас оргохоос сэрэмжлэх зорилгоор гээд дөрөвдүгээр сарын 15-нд дахиад хорьчихсон. Батлан даалтад гарснаасаа хойш эмнэлэгт, эмчилгээнд байсан хүн хаанаас хаашаа оргон зайлах билээ дээ. Хорьсных нь маргааш би “Олон дахилттай нойр булчирхайн үрэвслийн улмаас байнга эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм сахих шаардлагатай. Дэглэм алдагдвал өвчин нь сэдэрдэг. Тархины өвчин, элэг ходоодны архаг үрэвсэлтэй учраас эмийн хамааралтай. Даарч, хөрвөл хоолойн архаг үрэвсэл нь сэдэрч толгой нь хүчтэй өвддөг. Эрүүл мэндийн байдал нь сайжраагүй байхад өмгөөлөгч болон өөрт нь мэдэгдэлгүйгээр цагдан хорьсон нь хууль зүйн үндэслэлгүй” гэдэг утга бүхий гомдлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгчид гаргасан ч хүлээж аваагүй. Үйлчлүүлэгчийн минь бие муу байна, эмчилгээ хийгээч, батлан даалтад гаргаач, амь насанд нь аюул учраад байна гэж нийтдээ долоон удаа хүсэлт гаргасан шүү дээ. Тэгээд байхад Нийслэлийн прокурор хүлээж аваагүй. Эцэст нь хүн төрийн хамгаалалтад байхдаа амиа алдчихлаа.

-Хоригдож байх хугацаандаа Д.Амарсайхан агсны бие муу байсан учраас та гомдол, хүсэлт гаргаад байсан байх. Байнга хэрэглэдэг эмийг нь оруулж байсан уу?

-Уудаг эмийг нь оруулж байсан. Гэхдээ 461 дүгээр хорих ангид цагаар эм уух ямар ч боломжгүй. Эмийг нь эмч нар авчихдаг. Цагаар өгдөггүй байсан гэсэн. Өөрөө “Эм ирэхгүй байна. Хамрын дусаалга ерөөсөө орж ирсэнгүй” гэж хэлж байсан. Гэтэл бид хамрын хоёр, гурван дусаалга өгчихөөд байсан юм шүү дээ.

-Хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийгээгүй юу?

-Ерөөсөө хийгээгүй. Уулзахаар “Эмчилгээ хийнэ, тэгж байгаад хийнэ” л гэдэг зүйл ярьдаг. Мэдэж байгаа, эмчилчихнэ гэсээр байгаад л эцсийг нь үзсэн дээ. Шүүгч, проурор, тангараг өргөсөн эмч нарын дэндүү хариуцлагагүй, увайгүй үйлдлийн үрээр хүн амиа алдсан юмшүү. Дээрээс доороос заавартай, болохгүй бүтэхгүй гэсэн хийсвэр юм ярьсаар байгаад нэг иргэнийг шоронд үхүүлчихсэн нь хатуу үнэн.

-Та нас барахаас нь өмнө хэзээ уулзсан бэ. Бие нь ямархуу байсан бол?

-Хоёр, гурав хоногийн өмнө очиход “Гар дээр идээт үрэвсэл гарах гээд байна. Юу уудаг юм билээ. Надад ариутгах юм явуулаач” гэж захисан. Бас барагшун өгөөч гэж хэлсэн. Барагшуныг буцалсан усанд найруулаад уухаар сайн гээд ярьж байсан юм. Цэвэршүүлсэн барагшун авчраад талийгаачид өгүүлэх гээд чадаагүй. Оруулахгүй болохоор хорихын үүдэнд байсан нэг залуу “Би өгчихье” гэж авчихаад өгөөгүй. Зүс мэдэх тэр залууг эргэж хайгаад олоогүй.

-Эмчилгээ хийгээгүй, эмийг нь ч уулгахгүй байсан гэж үү?

-Ямар ч эмчилгээ хийгээгүй. Аваачаад өгсөн эмийг хүртэл замаас нь алга хийчихсэн. Цагаар уух эмийг цагт нь өгдөггүй. Байдал ийм л байсан.

-Тавдугаар сарын 13-нд юу болсон юм бэ. Ахтайгаа уулзчихаад таныг хүлээж суухдаа гэнэт муудаж, нас барсан гэдэг л мэдээлэл байгаа. Эмч нар хэдийд нь очсон бол?

-Гайгүй байсан. Уулзалтын өрөөнд ахтайгаа инээгээд л сууж байсан гэсэн. Нас барахынхаа өмнө “Ёо, ёо өвдөөд байна. Үхлээ ш дээ” гээд орилоод байсан гэдэг. Эмчлэгч эмч нь ирээд яах, ийхээ мэдэхгүй, анхны тусламж үзүүлэх эмтариа ч байхгүй л байсан юм билээ. Энэ тухайгаа тэнд байсан хүмүүс мэдүүлэг дээрээ ч бичсэн байдаг. “Гайгүй биз. Тархи толгой нь өвддөг хүн юм чинь тэгж байгаад зүгээр болчих биз”, “Яах уу” гээд л зүгээр байгаад байсан тухайгаа бичсэн байна лээ.

-Өвчин намдаах тариа ч хийгээгүй юм уу?

-Юу ч хийгээгүй. Ядаж өвчин намдаах тариа хийсэн бол тэр хүн аврагдах байсан болов уу гэж боддог.

-Хүчтэй массаж хийж өвчүүг нь хугалчихсан гэдэг үнэн үү?

-Эмч нь массаж хийсэн гэсэн. Задлан шинжилгээний дүгнэлт дээр, мөн камерийн бичлэгтөвчүү голоороо, таван хавирга ясаараа хугарсан гарсан.

-Хүчтэй дарж массаж хийснээс болж өвчүү нь хугарсан. Үүнээсээ үүдэж өвдөлтийн шоконд орсон байх магадлалтай гэж таамаглах хүмүүс бас байдаг.

-Би эмнэлгийн хүн биш учраас өвдөлтийн шок гэж юу байдгийг мэдэхгүй юм. Хар ухаанаар бодоход бүх бие нь тэсвэрлэхээргүй байдлыг л хэлдэг болов уу. Ер нь нойр булчирхайнаасаа болсон уу, яасан өвдөлтийн шоконд ороод “Үхлээ” гэж орилоод байхад өвчин намдаах арга хэмжээ авахгүй байж дахиад массаж хийлээ гээд өвчүүг хавиргатай нь хугалаад өвчин дээр нь нэрмээс болчихсон юм болов уу гэж боддог.

-Дараа нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр шалгаж байна гэсэн. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Яаж амиа хорлох юм бэ. Гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа боловч амиа хорлох ямар ч шалтаг, шалтгаан байхгүй. Нэгдүгээрт, туулж ирсэн зам мөр, боловсрол, эрхэлж байгаа ажил, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдийг нь бодсон ч амиа хорлох ямар ч үндэслэлгүй. Аз жаргалтай амьдрал, сайн эхнэр, сайхан хүүхдүүд нь байна. Гэмт хэрэг үйлдээгүй, хэн нэгнээс авлига аваагүй гэдэгтээ ч бат итгэлтэй байсан. Хоёрдугаарт, амиа хорлолоо гэж үзэхэд тэр орчин, нөхцөл байдалд яаж хорлосон байж таарах вэ. Эргэлтийн өрөөнд, хянагч, ажилтнуудын хажууд өөрийгөө боогоод, хана туурга цохиж нүдэх үйлдэл хийсэн бол тэгж хардаж болох юм. Гэтэл явж чадахаа болиод “Ёо, ёо” гээд унасан хүн шүү дээ.

ШИНЖЭЭЧИД “ҮХЛИЙН ШАЛТГААН НЬ НОЙР БУЛЧИРХАЙН СҮҮЛ ХЭСГИЙН ҮХЖИЛТ БАЙНА” ГЭЖ ЯРЬСАН АТЛАА ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭС БОЛСОН ГЭДЭГ ДҮГНЭЛТ ГАРГАЧИХСАН

-ШШГЕГ-аас талийгаачийг зүрхний шигдээсээс болж амиа алдсан гэж мэдээлсэн. Зүрх нь өвддөг байсан юм уу?

-Яг энэ асуудлаар цөөнгүй гомдол, санал гаргасан ч хуулийн байгууллагын өмнө хүчин мөхөсдчихөөд байна. Задлан шинжилгээ хийсэн эмч нар нь тийм дүгнэлт гаргачихсан. Зүрх муутай хүн ямар байдаг, зүрх хаагдахаар яадгийг би мэдэхгүй юм. Гэхдээ талийгаачийн эхнэр өөрөө зүрхний их эмч, доктор хүн. Хадам ээж нь зүрхний чиглэлээр мэргэшсэн, Монгол Улсын Хүний Гавьяат эмч. Хадам ээж нь задлан шинжилгээнд ороод “Ямар ч байсанзүрхний шалтгаант нас баралт биш, тийм өвчин, өвчлөл байгаагүй” гэж гарч ирсэн. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад ч хэлсэн байдаг. Эхнэр нь задлан шинжилгээнд ороогүй ч өвчний онош, дүгнэлтийг нь харьцуулаад эмч хүний хувиар “Энэ хүн зүрхний шигдээсээр нас бараагүй юм байна шүү” гэж хэлдэг. Тийм учраас задлан шинжилгээ хийсэн эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин дүгнэлт гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг тавихаар прокурор хүлээж авдаггүй. Энгийн иргэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр нэг эмчээс эхлээд гурав, тав, долоон эмчтэй шинжээчид дахин томилдог шүү дээ. Ийм хэрэг маш олон байдаг. Гэтэл талийгаачийн тухайд хүлээж авдаггүй нь сонин.

-Задлан шинжилгээг хэн гэдэг эмч хийсэн юм бэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Батбаяр, Ундармаа, Энхбаяр, Долгор­маа нар задлан шинжилгээнд орсон. Шинжилгээ хийж байх үеийн камерын бичлэгийг би эхнэртэй нь хамт сууж байгаад үзсэн. Надад бол их л аймаар харагдана шүү дээ. Харин эмч хүний хувьд эхнэр нь үзээд маш ноцтой зүйлийг сонсч, олж харсан.

-Юуг тэр вэ?

-Нойр булчирхайн сүүл хэсэгт эрхий хурууны өндөгний хэр­тэй 2.8:1.3 см цайвар голом­тод үхжил байснаас эсийн шинжилгээнд материал авч байгаа дүрс бичлэгт байдаг. Гэтэл тэр шинжилгээний хариу дүгнэлтэд байдаггүй. Ерөөсөө шинжилгээний хариу, дүгнэлтийг гаргаагүй. Шинжээчээр орсон Батбаяр эмч “Үхлийн шалтгаан нь нойр булчирхайн сүүл хэсгийн үхжилт байна” гэж хэлсэн нь бас бичлэгт үлдсэн. Хоорондоо яриад байгаа хэрэг шүү дээ. Цайрсан хэсгийн зураг ав гэж камерт ойртуулсан атлаа хавтаст хэрэгт тэр нь бас байдаггүй. Эрхий хурууны өндөгний чинээ цайрна гэдэг бол өвдөлтийн шоконд орох хэмжээний үхжил юм байна лээ. Бас ходоодонд цус алдсан зэрэг өөр өөрчлөлтүүд камерийн бичлэгт гарсан байсан. Гэтэл энэ талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэнд нэг ч өгүүлбэр байхгүй байгаа юм.

-Хэрвээ нойр булчирхай үхэжсэн гэдэг онош шинжээчийн дүгнэлтэд орсон бол эмчилгээ хийгээгүй эмч нар буруудах байсан учраас хассан гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгогдоод байна. Зүрхний чиглэлээр мэргэшсэн доктор хүмүүсийн ярьж байгаагаар зүрхний титэм судасны нарийсал,бөглөрөл хаана байсныг, зүрхний шигдээс юм бол үхжлийн голомт нь зүрхний яг хаана аль хананд, хир хэмжээний талбайг хамарсан гээд л заавал гаргах ёстой юм байна. Гэтэл тэр талаар нэг ч үг байдаггүй. Харин дүгнэлт дээрээ зүрхэнд сорвижлын том голомттой гэж бичсэн. Тэгсэн атлаа онош дээрээ жижиг голомттой гээд биччихсэн байдаг. Хуулийн хэлээр бол “Энэ хүн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гэж биччихээд шийтгэх тогтоол гаргахдаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон учраас…” гэхтэй адил гэж ойлгосон. Ийм ялгаатай, ээдрээтэй зүйл байгаа учраас бид дахин дүгнэлт гаргуулъя гэж хандаад байгаа юм шүү дээ.

-Төрийн хамгаалалтад байсан хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан. Хорих ангийн эмч нарыг шалгаж байна л гэсэн. Юу болсон бэ?

-461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Дарханбат, эмчлэгч эмч Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн 106 буюу “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэдэг зүйл ангиар шалгаач гэж цагдаад өгсөн. Мөн өвчтэй байсаар байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан прокурор О.Сарангэрэл, хорих шийдвэр гаргасан шүүгчид арга хэмжээ авч өгөөч гэж хэд, хэдэн удаа гомдол гаргасан. Энэ хүмүүс өвчтөнөө эмчлэхээс санаатайгаар татгалзсан, бие бие рүүгээ түлхсэн, дээрээс доороос гэдэг янз бүрийн үгээр халхавчилсан. Энэ бүхнийг шалгаж өгөөч гэж гомдол гаргаад байхад Дүүргийн II прокурор “Энэ хүн чинь зүрхний шигдээсээр нас барсан” гээд хэрэгсэхгүй болгочихсон. Бид одоог хүртэл гомдлоо гаргаад л явж байна.

-Нийслэлийн прокурор, Ерөнхий прокурорт гомдол гаргасан юм уу?

-Ер нь Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1-ээр буюу амиа хорлоход хүргэсэн гэдэг хэрэг үүсгэчихээд л хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ. Хэн нэгнийг татаж шалгаагүй. Зүрхний шигдээсээр гэнэт нас барсан, үүнийг хэн ч мэдэх боломжгүй гээд байгаа юм. Бид Улсын Ерөнхий прокурорт хүртэл хандчихаад явж байна. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байсан бол хэргийг шалгах байсан болов уу.

-Одоо тэгээд төрийн хамгаалалтад хүн амиа алдсан ийм ноцтой хэргийн хариуцлагыг хэн хүлээх юм бэ?

-Хэн ч хүлээхгүй нөхцөл үүсчихлээ. Бодвол төр хүлээх юм байлгүй. Төр нь Засгийн газар юм боловуу даа. Тиймээс Засгийн газраас хохирлоо нэхье гэж бодоод л сууж байна.

-Хүний эрхийн дэд хорооны дэргэд Ажлын хэсэг байгуулсан. Тэд юу хийж байгаа юм бол?

-Мэдэхгүй юм. Дээд шүүх шийдвэрээ гаргахыг хүлээж байсан болов уу гэж бодож байна.

-Дээд шүүх шийдвэрээ гаргаад удаж байна. Одоо ажлаа эхлээч гэж хандаж болохгүй юу?

-Дээд шүүхийн тогтоолыг өнөөдөр (өнгөрсөн баасан гариг) л хүлээж аваад өөртэй чинь ярилцаад сууж байна. Одоо үүнийгээ бариад гүйнэ. Хандалгүй яах вэ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэж бодож энэ албыг нь авлаа

Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.

-ТаМонгол Улсын сайдаар томилогдлоо.Таныг Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын том төслүүдийг хариуцан ажиллах юм байна гэж ойлгосон. Яг ямар төслүүд дээр вэ гэдэг жагсаалт нь гарсан болов уу?

-Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг маш хүндхэн байна гэдгээс яриагаа эхэлье. Шуудхан хэлэхэд бидэнд мөнгө алгагээд хэлчихвэл ойлгомжтой болох биз ээ. Мэдээж шалтгаан хайвал олон. Гадаад, дотоод олон шалтгаантай.

Буруутан хайвал бүр буруутна. Хамгийн гол нь хүндхэн цагийн өмнө монголчууд ирсэн шүү гэдгийг хэлмээр байна. УИХ-д суудалтай намууд энэ байдлыг илүүтэй ойлгож байгаа тул хоосон улстөржилтөө хойш тавьж хэр хэрэндээ Засгийн газарт хувь нэмэр оруулж нэгдэж ажиллахаар боллоо.

Үүнийг том ололт гэмээр санагдаж байна. УИХтомоохон бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Монгол Улсын сайд хэмээх албан тушаалтан бий болгов. Чухам ямар төслүүд дээр ажиллах вэ гэдгийг Ерөнхий сайд зохицуулж байхаар хуульчилсан юм билээ. Мега төсөл гэж хамгийн их ярьсан хүн нь би. Тэгээд ч Тавантолгойн цахилгаан станцын төслийг удирдаж байсан учраас намайг энэ ажилд томилох санал тавьсан. Миний хувьд эхэндээ дурамжхан байсан. Гэсэнхэдий ч Монгол маань хүнд байдалд орчихлоо, хүн бүр чадлаараа зүтгэхээс өөр замгүй гэжбодож энэ албыг нь авлаа.

-Таныхаар өнөөдөр Монголд хичнээн мега төсөл байна вэ. Хүмүүс бол Оюу толгой, Таван толгой, төмөр замын төслүүдийг л мэдэхээс цаашгүй байна…

-Мега төсөл гэж хөрөнгө оруулалтын үнийн дүн нь тэрбумаар хэмжигдэх, хэтэрхий улс төржилтийг дагуулдаг, дэд бүтэц сул хөгжсөн газар байгуулагдах хүндрэл бэрхшээл ихтэй, эрсдэл өндөртэй, олон оролцогчтой тэр хэмжээгээрээ зөрчил ихтэй төслүүдийг хэлдэг.Мега төсөл бол бие даасан эдийн засгийн ухаан гэж хэлж болохоор юм. Хамгийн бага судлагдсан. Мега төслийн хандлага нь одоохондоо баялгийг бүтээгч байхаасаа илүүтэй баялгийг устгагч тал руу түлхүү байна.Тиймээс мега төсөлд болгоомжтой, шинжлэх ухаанлаг,судалгаа тооцоотой хандах шаардлагатай. Мега төсөл ньарга зүй, шийдлийн эрэмбэ шаардсан ажил юм. Шинэ төрлийн үзэгдэл учраас алдаа бага гаргах үүднээс шинэ алба бий болгосон гэж ойлгож байна. Монголд хэр баргийн төсөл Мега болох байх. Оюу Толгой, Тавантолгой, Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц төслүүд гарцаагүй Мега төсөл. Эдгээр төслүүд нь өөр хоорондоо уялдаатай, боловсруулалтын түвшин харилцан адилгүй, алдаа мадаг ихтэй харагдаж байгаа. Нэг нь нурахад бусад нь хагарч мэдэхээр эмзэгхэн байгаа. Мега төслийн амжилтаас Монголын цаашдын ирээдүй хамаарч байгаа. Миний хувьд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ богинохон хугацаагаар ажиллах Засгийн газарт олон төсөл рүү анхаарал хандуулах бололцоо байхгүй гэж бодож байна.

-Тэгэхээр та одоо юу хийнэ гэсэн үг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Оюу толгой, Тавантолгой, Төмөр зам гээд томоохон төслүүд дээр задлан шинжилгээ хийх үүрэг өгсөн. Энэ үүргийг биелүүлэхээс ажлаа эхлээд явж байна.Цаг хугацааны хувьд тулгамдаад байгаа Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээ хийх ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайд намайг тавьсан. Үнэндээ ажил ундарч байна. Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах төслийн хувьд тендер нь эрт зарлагдсан. Шалгаруулалт нь хугацаа хожимдох маягтай байгаа. Цаг алдах нь хөрөнгө оруулагчдын эрмэлзлэлийг мохоодог гэдгийгиш үндэс болгон алдаа оноогүй шуурхай ажиллах төлөвлөгөөтэй байна. Хөрөнгө оруулагчийг тодруулах нэг хэрэг, нөгөө асуудал нь тэдэнтэй гэрээ хэлцэл хийх том ажил байгаа.

-Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой оролцогчдын ирүүлсэн “Санхүүгийн санал”-ыг баасан гаригт задалжээ.Аль нь хамгийн боломжтой санал ирүүлсэн бэ. Энэ талаар бодитой мэдээлэл өгөх хүн та л байна…

-Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргаад олон улсын уралдаант шалгаруулалт зарласан юм билээ. Нийтдээ зургаан компанид урилга хүргүүлснээс үндсэндээ хоёр компаниас санал ирүүлж, бусад нь талархлаа илэрхийлсэн захидал ирүүлжээ. Нэг нь Пибоди компани, нөгөөдөх нь Сумитомо-Энержи ресурс-Шинхуа компаниудын консорциум.Нэг үе нүүрсний үнэ тэнгэрт хадаж байхад манай Таван толгойг сонирхогч олон улс байж. Бүгд л мөнгөө хийнэ гэдэг байсан. Одоо тийм улс бараг байхгүй болж дээ. Алдагдсан боломжийн хойноос харуусаад яахав, нөхцөл байдалдаа зохицоод шуурхай ажилласан нь дээр гэж бодож байгаа. Ямар ч байсан санхүүгийн саналыг нь задалсан. Ажлын хэсгийнхэн тухайн саналыг судалж, Монголын эрх ашигт нийцэх саналыг хэн өгсөн байна вэ гэдгийг харьцуулна. Манай ажлын хэсэг шуурхай ажиллаж удахгүй хөрөнгө оруулагчийг зарлах болно. Хөрөнгө оруулагч тодорсноор бүх юм сайхан боллоо гэсэн үг биш. Тэдэнтэй амжилттай хэлэлцээ хийх үүрэг ажлын хэсэгт ногдож байгаа.

-Чайна Шинхуа Энер­жи, Сумитомо корпо­раци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түнш­лэл болон Пибоди Энержи корпорацийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Ямар яриа өрнөсөн бэ. Эднээс алийг нь Та­ван толгойн хөрөнгө оруу­лагчаар сонгох юм бол?

-Ажлын хэсгийн даргын хувьд уралдаант шалгаруулалтын өмнө компаниудын төлөөлөгч нартай тусгайлан уулзалт хийж, ирүүлсэн саналдаа хэрхэн тайлбар хийхийг нь сонссон. Мөн бид тодруулах зүйлээ асуусан. Тэдэнд мөн талархал илэрхийлсэн. Уралдаант шалгаруулалтын болзолд ороогүй ч Монгол улсын иргэдэд тараасан 1072 хувьцаанд шийдэл хамтран олох ёстой гэдэгт байр сууриа илэрхийлсэн. Мөн Монголын нүүрсний экспорт Хятад болон бусад том зах зээлд хүрэх ёстой талаар ярилцсан.

-Гэрээний нөхцөл, шаардлага ямар байх бол гэдгийг мэдээж хүмүүс сонирхож байгаа. Ашиггүй гэрээ болчих вий гэж санаа зовних хүмүүс бий. Таван толгойгоос Монголд орж ирэх ашгийг яаж тооцоолж байгаа вэ?

-Би ажлаа ил тодоор хийх болно. Угаасаа Мега төсөл мэдээллийн ил тод байдлыг шаарддаг амьтан. Эс бөгөөс үхчихдэг юм.

-Ерөнхий тооцооллоор Таван толгойн ажил яг хэзээ эхлэх вэ?

-Гэрээг богинохон хугацаанд амжилттай хийх хэрэгтэй. Тийм бололцоо байгаа гэж бодож байна.

Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын эрсдлийг үндсэндээ хөрөнгө оруулагч тал үүрнэ. Гэхдээ Засгийн газар өөрийнхөө үүрэх ёстой хариуцлагыг мөн үүрэх ёстой. Хавар гэхэд ажил эхэлчихвэл Монголд маань хэрэгтэйсэн.

-Өнөөдөр гацаанд орчихсон Оюу толгой төслийгурагшлуулахын тулд эхний ээлжинд одоо ямар алхам хийх вэ. Зарим хүмүүс энэ төсөл гацаанаас гарахгүй гэдэг дүгнэлт ч хийчихсэн байна…

Оюу толгойн ил уурхай сайн ажиллаж байгаа. Харин далд уурхайн төсөл гацсан шалтгаан нь өөрөө онол, арга зүйн тайлбартай юм. Би энэ талаар төрийн тэргүүнд танилцуулгаа хүргүүлсэн.

Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ талаар мэдэж байгаа. Одоогоор хуучин инерциэ хадгалан талууд хэлэлцээний хуучин форматыг ашиглаж байна. Миний хувьд Рио Тинтотой хийж буй хэлэлцээнд шууд оролцсон юм алга. Илүү тодорхой мэдээг Эрдэнэс Оюу толгой компанийн захирал Да.Ганболдоос асуух хэрэгтэй.

-Оюу толгойгхүчтэй шүүмжлэгчдийн зүгээсгэрээнд өөрчлөлт оруу­лах хэрэгтэй гэдэг. Мон­голын эзэмших 34 хувийг нэмэгдүүлэх, аль эсвэл за­рах тухай мөнхөд ярьц­гаадаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Оюу толгой төсөлд Монголын оролцоо 34 хувь байгааг бидний монголчуудын олсон том амжилт гэжбодож байна. 34 хувиа амжилт хэмээн бодож байгаа тул миний хувьд тэр хувиа зарах, худалдах бодолгүй гэдэг нь ойлгомжтой байх аа.

-Ер нь Стратегийн орд нэрийдлээр энэ том ордуудыг дарга нарын “хоол” болгодог.Аливаа зүйл төрийн мэдэлд очихоороо ажил нь гацдаг. Тиймээс хувьд байсан нь дээр гэдэг үзэлтэй хүн олон бий. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Мега төсөл өөрөө том гэдэг утгаараа том улс төржилтийн орчинд хийгддэг. Хардлага сэрдлэг дагуулах нь энүүхэнд. Тиймээс үр дүнтэй ажиллахын тулд мега төсөл тойрсон мэдээлэл ил тод байх учиртай юм. Үүний төлөө ажиллана. Дээр нь том төсөлд иргэний хяналт заавал байх ёстой. Үүний төлөө ажиллана. Урьд өмнө гаргаж байсан энэ алдааг засч шинэ төслүүд дээр шинэ соёл бий болгох шаардлагатай гэж бодож байна.

-Тухайлбал, иргэний хяналтыг яаж бий болгох хэрэгтэй гэж та харж байгаа вэ?

-Нэгдүгээрт, том төслийн үндсэн мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн мэдээллүүд нийтэд ил тавигддаг байх, гуравдугаарт, хэн ч энэ асуудлаар са­на­лаа хэлдэг байх. Дөрөвдү­гээрт саналуудыг нэгтгэж ал­бан ёсны бүтцүүдээр хэлэл­цүүлдэг байх. Тавдугаарт, шийдвэрлэсэн асуудлаа мэдээлдэг байх горимоор ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Ерөнхий сайд баасан гаригт чуулганы хуралдаан дээрогцом өөрчлөлт хийх тухай ярилаа. Түүний яриад байгаа өөрчлөлттаны хариуцсантом төслүүдийн тухайд ямар байдлаар тусах бэ?

-Ерөнхий сайдын хөндсөн асуудал бол зарлагаа хэрхэн хямгадах вэ гэсэн асуудал юм. УИХ Ерөнхий сайдын тавьсан саналтай ерөнхийдөө санал нэгтэй байгаад баяртай байна. Нийгмээ эрүүлжүүлэх алхам үүгээр дуусахгүй биз ээ. Дараагийн алхмууд юу байх вэ гэдэг тал дээр идэвхтэй яриа хэлэлцүүлэг болох байх аа. Ер нь халгиж цалгидаг хэвшмэл болж байгаа соёлоосоо хаана хаанаа татгалзах хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайд сайн үг хэлсэн шүү. УИХдэмжээсэй билээ. Том төслүүд бол амжилт олбол мөнгөтэй болгоно. Амжилт олохгүй бол мөнгийг устгана.

-Хөрөнгө оруулалтыг сэргээх эсэх нь том төслүүдийг яаж хэрэгжүүлэх бодлогоос шалтгаалах байх. Хүлээлт үүсгэсэн төслүүдээ гацаагүйгээр хэрэгжүүлж чадна гэдэг эерэг дохиог дэлхийн зах зээлд өгч байж, хөрөнгө оруулалтыг сэргээх болов уу. Энэ чиглэлд ямар өөрчлөлт хийх вэ?

-Том төслүүдээ гацаанаас гаргах явдал Монголын хувьд дэлхийн зах зээлд өгөх хамгийн сайн эерэг мес­сэж юм. Оюу Толгой, Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станцын төслүүдийг ажиллуулбал манай ДНБ-ээс 10 дахин их хэмжээнийхөрөнгө оруулалт Монголд орж ирэх болно.

-Популизмаас болж, том төслүүд гацаж байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийхээр төлөвлөсөн юм бэ?

-Ардчилал байгаа л бол популизм байх нь гарцаагүй. Сонгогчдод таалагдах үгээс зугтаах тийм улстөрч байхгүй биз ээ. Энэ утгаараа Монголын улс­төрчид бүгдээрээ популис­тууд. “Популизм” гэдэг бо­роо­хойгоор бие биеэ бал­баж болохгүй. Миний хувьд популизм гэдгийг антиин­теллектуализм буюу оюунлаг бус үзэл гэж ойлгодог. Али­ваа асуудалд шинжлэх ухаанч биш сэтгэл хөөрлөөр ханддаг нь манай нийгмийн өвчин болчихоод байна. Шинжлэх ухаангүй хандлага доороосоо дээрээ тултал явж. Тиймээс Монголын нийгэм популист нийгэм болсон. Шинжлэх ухаанч хандлагын салхи сэвэлзэх хэрэгтэй байна. Ялангуяа Мега төсөл популизмын орчинд амархан үхнэ.

-Юм бүхэн бүтэхгүй, болохгүй байна гэдэг л зүйл сүүлийн үед сонсогдох боллоо, эерэг мэдээ байна уу. Монгол Улс том төслүүдээсээ энэ жилхичнээн хэмжээний орлого олно гэдэг ч юм уу тийм төсөөлөл байгаа юу?

-Том төслүүдийг зөв хөдөлгөвөл ойрын хугацаанд наад зах нь 500 тэрбум төгрөг төсөвтөө оруулж болохоор. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Оюу толгойгоос 150 сая долларын урьдчилгаа аваад идчихсэн. Эрдэнэс Таван толгойгоор дамжуулаад Хятадын Чалко компаниас мөнгө аваад идчихсэн. Идэхээс өөр мэдэхгүй зарцуулалтын төлөө Мега төслүүдийг хөдөлгөх хэрэг байна уу гэж бодох цаг болсон.

-Төгсгөлд нь асуухад таныг яамгүй сайд гэдэг утгаар нь хүлээж авсан. Ажлын өрөө нь хаана, ямар ажлын албатай байх юм бол гэд­гийг хүмүүс сонирхож байгаа байх. Тиймээс асуул­гүй өнгөрч болохгүй нь?

-Яамд цааш нааш нүүж суугаад байгаа энэ үедасуудлаа хойш тавиад хуучин ажлын байрнаасаа шинэ ажлаа амжуулах гээд явж байна. Бүх юм тодорхой болохоор мэдээлнэ ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Далай ламын “Бодь мөрийн зэрэг”-ийн 18 хөтөлбөрийг монгол хэлээр сонсох боломжтой

Дээрхийн гэгээнтэн Далай ламын “Бодь мөрийн зэрэг”-ийн 18 хөтөлбөрийг өнөөдөр эхэлж байгаа аж. Өнөөдрөөс энэ сарын 29-нийг хүртлэх өдрүүдэд

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Энэтхэгийн Сера хийдэд “Бодь Мөрийн Зэрэг”-ийн 18 хөтөлбөрийг үргэлжлүүлэн айлдана. Уг номын үйл ажиллагааг www.dalailama.mn цахим хуудас Монгол хэлээр шууд дамжуулна.

Цагийн хуваарь:
өглөө 11:00-14:00
өдөр 15:30-17:30 /Монголын цагаар/

Та доорх линкээр орж шууд дамжуулалтыг хүлээн авч үзээрэй.
http://dalailama.mn/top/1958-dalai-lama-news.html

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хөгжлийн хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын хурлын танхимд эхлэх гэж байна.Хэлэлцүүлгийн эхний хэсэгт бодит кейсүүдэд тулгуурласан сонгууль болон улс төрд оролцоход эмэгтэйчүүдэд тулгардаг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэг явагдана. Бодлогын хэлэлцүүлгийн хэсэгт парламентын гишүүд сонгууль, улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцын байдал, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтууд, мөн улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын үүрэг оролцоо зэргийг хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийн нээлтийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга С.Эрдэнэ хийх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд гүйдэг бэр шиг Ардын намыг нэг мөр богтлооч ээ?

Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр хамтран ажиллах гэрээнд өнгөрөгч баасан гаригт гарын үсэг зурна гэж байсан ч түр хойшилсон. Гэхдээ өнөө маргаашгүй гарын үсэг зурах байх. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахаар ажлын хэсэг байгуулсан цаг мөчөөс буюу сүүлийн үед өрнөж буй улс төрийн дүр зургаас нэг зүйл ил цагаан анзаарагдаж эхэллээ.

Түүнийг зүйрлүүлж хэлэх юм бол айлын босго алхсан бэр долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд буцаад гүйдэг дээ. Шинэ бэр буцаж гүйсэн сургаар хадмын талынхан, нутаг усныхан яав ийв гээд сураг ажиг тавитал бэр инжээ голсон сурагтай. Инжиндирсэн хонин дотор нь хамуутай төлөг хүртэл байсан гэнээ гэж дуулддаг. Түүн шиг Ардын нам, Ардчилсан намын засагт шинэхэн бэр болж ирчихээд долоо ч хонолгүй буцаад гүйдэг байна шүү. Өнөө инжнийх нь хонь хамуутай төлөг гэдэг шиг ямар нэгэн “но” байж таарах нь. Төрхөмдөө буцаад ирсэн бэрийг төрсөн эцэг эх нь “Долоо ч хонолгүй ирээд байхдаа яадаг юм. Улс амьтнаас санаа зовдоггүй хэрэг үү. Эх эцгийнхээ нэрийг бодсонгүй юу” гээд хавьтуулалгүй тас загнаад хөөгөөд явуулдаг.

Гэтэл хүүхдээ тэврээд шогшоогоороо ирсэн хүүхнээ уруу татаж, хошуу холбож аваад чал чал хийсэн шар чавганцууд гэж бас бий. Юмны наад цаад нарийн ширийн учрыг ойлгохгүй, элдэв бусыг ярих чавганцуудтай адил гээд зүйрлүүлчихэж болохоор хүмүүс Ардын намд байнаа. Тэд “шинэхэн бэр”-дээ “Ардчиллыханмуухай,угаасаа удам судар муутай хүмүүс, өмч хувьчлалаар баяжсан хэдэн хар юмнууд байдаг” гэх утгатай үгсийг хэлж уруу татан, дөгөөж байна. Ийм хүмүүсийн тоонд Их хурлын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаярнар лав багтана. Нямдорж, Хүрэлбаатар хоёр эхнээсээ эсрэг байгаагаа мэдэгдэж хэвлэл мэдээллээр баахан ярьсан. Өнөө чал чал хийсэн чавганцууд бэрдээ ухуулдаг шиг л ярьсан. Хаянхярваа мөн эсрэг байгаа гэдгээ мэдэгдэж засагт хамтрах намынхаа ажлын хэсгээс нэрээ татаж байсан.

Эдгээр нөхөд “шинэ бэр”-ийнхээ сэтгэл зүйгээр тоглож элдэв баахан пиар хийж өөрсдийгөө нийгэмд тодруулах гэж оролдохын оронд төрсөн эцэг эх шиг нь тас загнаад буцаад хөөгөөд явуулах нь зүйд нийцэх байлаа. Тэгээд Сайханбилэгийн шинээр төвхнөж байгаа “гэр бүл”-ийг элэг бүтэн болгох байв.Ардын намыг шинэ засагт хамтарч буйг ард олон сандал ширээ, албан тушаалын төлөө гэж харахгүй байгаа. Ажлаа хийж чадахгүй байгаа ардчилсан засагт орж, ажил нь доголдоод байгаа яамдыг идэвхжүүлэхээр, эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахаар, эх орон ард түмэндээ тус нэмэр болохоор энэ засагт хамтарлаа гэж ойлгож байгаа.

Гэтэл Ардын намын нөхөд хэзээний сурсан зангаараа ард түмний ядуурал дээр тоглож, зовлон гачаал дээр нь дөрөөлж өөрсдийгөө ирэх сонгуульд бэлдэж буй нь сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас ил тодорхой харагдаж байна. Яамдын дэд сайдын томилгооноос аваад л МАН-ынхан үхэн хатан чичирцгээсэн. Бүлгийн дарга нь хусмаа чамлаж байгаа хүүхэд адил байн байн гомдоллосон, тунирхал тунирхалд автсан мэдэгдэл өдөр дараалан хийгээд эхэлсэн. Дэд сайдуудын хэрүүл маргаан дуусаагүй байтал төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох асуудал мөн л хэрүүл уруул дагуулж, “чинийх долоо минийх долоохон” гэдэг шиг Ардын намынхны албан тушаалын хэнээрхлийг ард түмэн ч ойлгохоо байж, гайхашралаа барахад хүргэв. Яамдын гол тулах цэг нь болсон төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж эхлэхтэй зэрэгцээд л өнөө хэд чинь уйлж дуулаад, гомдож туниад эхэлж байгаа юм.

Засгийн газрын танхимын гишүүд нь хүртэл ажил хийхгүй хэмээн улс төржсөн нь арай хэтэрсэн хэрэг боллоо. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өөрийнхөө яамны төрийн бичгийн даргыг ажлыг нь хийлгэхгүй гэдгээ улс орон даяар мэдэгдсэн. Тэрээр “Төрийн албан хаагчийн асуудал дээр ямар нэгэн тохиролцоо байхгүй гээд Ерөнхий сайд алхаа цохисон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоолоо зурахгүй байх нь салбар хариуцсан сайд миний эрх мэдлийн асуудал” гэлээ. Нөгөө Засгийн газар нэг удирдлагатай байх, Ерөнхий сайдынхаа үгэнд орж танхимын зарчмаар ажиллана энээ тэрээ бүүр өнгөрсөн асуудал боллоо. Нэг сайд нь УИХ-ын гишүүн шиг гарч ирээд мэдэгдэл хийгээд байхлаар энэ засаг ер нь цаашид ажиллах уу. Ардын намынхны албан тушаалын хэнээрхэл цаашлаад аймаг руу, бүр сум дүүрэг рүү орвол юун улс орны хувь заяа, эдийн засаг эрчимжих вэ. Бүр дампуурлын дээд цэгтээ хүрч, Монгол Улс элгээрээ харуулдах нь дамжиггүй.

Ардын намынхан албан тушаал эрх мэдэлтэй болж, зүгээр л сонгуулийн шоу хийх гэж засагт хамтарсан нь нэгэнт ойлгомжтой боллоо. Сайханбилэгийн засгийг яагаад ч ажил хийлгэхгүй нь. Хамтарсан хэд нь дотор нь хагаралдуулж хооронд нь өширхүүлж өөрсдийнхөө тоглолтыг хийгээд, хамтарсан засгийг дэмжихгүй байгаа нөхөд түүнийг нь дэвэргэсэн пиар гадна талд нь хийгээд үлдсэн хугацааг дуусгах юм байна л даа. Эдийн засгийг бүр туйлдуулж, эх орноо элгээр нь харуулдуулчихаад санаа нь амрах бололтой. Тэгээд ирэх сонгуулиар “Ард түмэн минь харсан биз. Ардчилсан хүчин улс орныг ийм болголоо. Тэд засгийн эрхэнд гарахаар ингэдэг юм” гэж шоудах нь. Гэвч ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон.

Ардчилсан нам номхон Энхболдыг ногтлоод авсан дээрээ хүч түрж бүр богтолж авах хэрэгтэй. Түүнээс “шинэ бэр”-ийг буцаж гүйлгээд айл ч биш, амьдрал ч биш хоёрын хооронд, гурвын дунд үлгэн салган байх нь утгагүй. Үнэндээ ногтолсон бол ногтолсон шигээ, улмаар дугтарсан бол сөгдтөл байлгаж улс орны ажил төрлийг шуурхайлуулмаар байна.

Ардын намынхан хэзээнээсээ шинэчлэлийг улдан чангааж ирсэн. Түүгээрээ зартай. Ажил хийж, шинэшинэлэг зүйл эхлүүлье гээд ханцуй шамлан дайрахаархойшоо сууж гэдийгээд цахалчихдаг. Одоо тэднийг улс орны хувь заяанаас улдан чангаах биш бүр зүтгүүр шиг араасаа махран зүтгүүлэх хэрэгтэй шүү дээ. Тиймийн учир Ардчилсан нам ямар ч үед эрмэг зоримог байж, аливаа асуудалд эрсхэн хандах нь чухал. Наад зах нь гэхэд Их хурал дахь намынхаа бүлгийг туршлагатай, тулхтай буурьтай, үг нь хэдийд ч үнэ цэнэтэй байдаг эрчүүдээр удирдуулах хэрэгтэй. Эл бүгдээ Ардчилсан нам алхам тутамдаа тооцохгүй наль наль хийсэн байдалтай байх аваас Ардын намынхны тоглолтод хэдийнэ автах нь мэдээж.

Ер нь Засгийн эрхийг барьж буй хүчин гэдгээрээ Ардчиллын нөхдүүд толгой дээгүүр байж улс орноо удирдаачээ. МАН-ын хавханд орж, “шинэ бэр”-ийг буцааж гүйлгэн гуйж гувшихын оронд улс орны эрх ашгаас намынхаа эрх ашгийг хэдийд ч дээгүүр тавьж, ард түмнийхээ зовлонгоор тоглолт хийн албан тушаал, ширээ сандлаас зууралдаж ирсэн Ардын намыг ирэх сонгуулийн өмнө татан буулгах бололцоо Ардчилсан намд бий. Шүүхэд өргөн мэдүүлээд л Ардын намыг татан буулгачих шалтаг шалтгаан ньнээлттэй. Ардын намыг шүүхээр татан буулгуулах баримт материал үнэндээ он он жилүүдээрээ хавтаслагдаж байна даа.

Мөн улс төрийн дүр зураг нөхцөл байдлаас бас нэг зүйл анзаарагдаж байгаа нь том бүлэг буюу бүдүүн бүлэг байгуулах гарц байгаа юм. Улс төрийн томоохон хүчнүүдийн лидерүүдийг багтаасан бүлэг байгуулах нь өнөөгийн нөхцөл байдалд таарч тохирч болох талтай. Бүдүүн бүлэг байгуулаад амжилт олсон бэлээхэн жишээ гадна дотногүй бий. Хэрвээ бүдүүн бүлэг байгуулчихвал олон зүйл шахагдана. Хүүхдээ тэврээд шогшоогоороо ирсэн хүүхнээ уруу татдаг чал чал хийсэн чавганцтай ижил нөхдийг намынх нь бүлгээс хасуулах статусыг нь бууруулахгээд асуудлууд ургаад ирнэ. Засгийн эрхийг барьж буй Ардчилсан хүчин ийм ийм зүйлийг бодож төлөвлөж, буурьтай суурьтай алсын бодолтой байж улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэмээр байна.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхэд ээжийнхээ нүдээр хорвоог хардаг

Хүний замыг заана гэдэг хүндтэй хувь заяа. Хүүхэд ээжийнхээ нүдээр хорвоог хардаг гэдэг. Дөнгөж төрсөн нялх амьтан сайн муу, сайхан муухайг хэрхэн ялгах билээ. Ээж нь л чигийг заагч алтан гадас болдог. Энхрий үрээ хуурайлангаа”Гадаа хүйтэн байна, хүү минь даарчих вий дээ” гэхэд хүү нь хүйтэн болон даарах мэдрэмжийг таньж авна. Сайн, муугийн тухай ойлголтыг хүүхэд ээжээрээ дамжуулан тодорхойлдог. Ээж нь сайн хүн гэсэн бол хүүхдийнх нь хувьд сайн хүн. Ээж муу хүн гэж ярьсан бол тэр хүн хүүхдийн хувьд муу талын баатар байх вий.

Олон жилийн өмнө зурагтаар нэгэн эмэгтэйн ярихыг сонссон маань мартагддаггүй. Тэр ээж “Би хүүхдэдээ юу заажсургахаа чмэддэггүй” гэж уйлж байсан сан. Ээж байхад эрдэмтэн мэргэн байх хэрэггүй гэдгийг сүүлд ойлгосон. Зүгээр л өөрөө зөв хүн байхад хүүхэд нь амьдралд хандах зөв хандлагыг хуулбарлаж авдаг.Хүүхэд өөрөө ч мэдэлгүйгээр бидэнд багшилж байдаг. Ээж маань намайг цэгцтэй сургах гэж зөндөө л үглэсэн. Харин охин маань хувцсаатайлаад шидчихэж байгаагхараадби хүмүүжсэн. Охин маань дүүгээ өндөр дуугаар зандарч, цохиж авч байгааг хараад би өөрийнхөө “сүүдрийг” олж харж билээ. Түүнээс хойш хүүхэдтэйгээ хүчирхийллийн бус аргаар харилцах гэж их л хичээсэн дээ. Үнэндээ охин маань миний амьдралд тохиолдсон хамгийн том хүмүүжүүлэгч. Тэвчээртэй байхад тэр л намайг сургасан. Хүүхэд шөнө хэдэн ч удаа уйлсан ээж бүүвэйлж тайвшруулах учиртай. Мянган удаа өмдөө норгосон ч мянган удаа угааж цэвэрлэх л үүрэгтэй гэдгээ ухамсарладаг бус уу.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлын заримаас

-Спортын холбоодын төлөөлөл Монголын үнддэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хууль бус ажиллагааны талаар 13.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ. Утас:99119093, 99996986

-2014.12.23-д 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, ЮНИСЕФ, Хүүхдийн төлөө газрын мэргэжилтнүүд танилцуулна.

-12:00 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны хууль бус үйл ажиллгааны сүүлийн үеийн мэдээллүүд болон гаргуунд нь гаргасан Монгол бөхийн талаар Монгол бөхийн хөгжил шинэчлэлт ТББ-аас мэдээлэл хийнэ.

-13:00 цагаас Олимпын хорооны ерөнхийлөгч Загдсүрэнгийн ёс зүйгүй байдлын талаар Спортын холбоодын удирдлагууд мэдээлэл хийнэ.

-Хууль сахиулахын их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн 2014 онд хийсэн ажлын үр дүнг тайлагнан, цаашдын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГА” ӨДӨРЛӨГ-ийг өөрийн сургуулийн байранд 2014.12.23-нд 10-12 цагт зохион байгуулна.

-Магадлан, нотолгоо итгэмжлэлийн гэрчилгээ гардуулна
Маргааш буюу 2014 оны 12-р сарын 23 өдрийн 10:00 цагт СХЗГын даргын 2014.12.09 -ний өдрийн тушаалаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн Хүлэмжийн хийн ялгаралт, шингэлтийг тооцоолох магадлаа нотолгооны албыг MNS ISO14065:2013 стандартын шаардлага хангасан тул 2 жилийн хугацаатай итгэмжлэхээр болон гэрчилгээг гардуулна.

-2014.12.23-ны 14,00 цагаас “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” сайн үйлсийн аяны нээлт болно.

-Эрхэм сэтгүүлчдээ, маргааш 2014 оны 12-р сарын 23-нд 09:00-13:00 цагт “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хөгжлийн хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

-Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлсэн, хамгааллын үйлчилгээ үзүүлж буй арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал 2014 оны 12-р сарын 23-ний өдрийн 10:30 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ичиножо А.ИЧИННОРОВ: Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрсэн удаа сумогийн түүхэнд байгаагүй

Өдрийн сонин“-ы сэтгүүлч С.Алтанцэцэг

Японы Токио хотоос мэдээлж байна.

Мэргэжлийн сумогийн дэвжээнээ од болон гялалзаж буй Ичиножо Такаши буюуА.Ичинноровтой Японд уулзлаа. Тэрээр “Минато” дэвжээний бөх. Өөрийнх нь дэвжээ зургаан бөхтэй бөгөөд түүнээс өөр цолтой бөх байхгүй юм байна. Башёгүй сард бусад дэвжээн дээр очиж бэлтгэл хийдэг ажээ. Өнгөрсөн долоо хоногт “Токицүказэ” дэвжээнийхэнтэй хамтарсан бэлтгэл хийх үеэр нь түүнтэй уулзав.

Сумогийн түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтын эзэн боллоо. Монголд төдийгүй Японд жинхэнэ од болж байх шиг байна даа?

-Баярлалаа. Урьд нь ийм хурдан цолонд хүрсэн бөх байхгүй болохоор олон хүн баяр хүргэж байгаа.

Гэнэтхэн ийм өндөр амжилтад хүрэхээр олон зүйл өөрчлөгдөх үү?

-Яг үнэндээ мэдрэгдэж байгаа юм алга. Их л завгүй болчихсон. Японы хэвлэл мэдээллийнхэн өдөр шөнөгүй багш руу утасдаад нэлээн залхаасан. Бүр дэвжээний гадаа ирж хоноод хэцүү байлаа. Одоо бол бэлтгэлийнхээ хажуугаар өдөр болгон арга хэмжээнд оролцоод, сумогийн холбооноос зөвшөөрөл авсан хэвлэлийнхэнтэй уулзаад зав огт гарахгүй юм.

Японд ирээд хэдэн жил болж байна вэ?

-Би 2010 онд ирсэн. Ирээд Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуулийн сумогийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцсан юм. Ахлах сургуулиа төгсөөд тэндээ туслах дасгалжуулагчаар нэг жилийн турш ажилласан. Монголд байхдаа үндэсний бөхөөр хичээллэдэг байлаа.

Сургуульд сурч байхдаа олон тэмцээнд түрүүлж амжилт гаргаж байсан юм билээ. Ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Бүх Японы Жицүгёодан тэмцээн гэж болдог юм. Ажилтан, албан хаагч, нийгэмлэгийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг.

Нэг ёсондоо сонирхогчийн улсын аварга гэж хэлж болно. Энэ тэмцээнд түрүүлж ёкозуна цол авсан. Тэрнийхээ дараа жилээс “Минато” дэвжээнд харьяалагдаж Макүшита, Жүрёо зиндаанд барилдаж эхэлсэн юм.

Жюүрёод түрүүлээд дээд зиндаанд орсон байх аа?

-Макүшита, Жюүрёо зиндаанд хоёр башё барилдаад дээд зиндаа руу орсон. Ийм хугацаанд дээд зиндаанд гарч барилдаж байсан тохиолдол урьд нь гарч байгаагүй юм билээ. Тийм болоод л шуугиад байх шиг байгаа юм. Би чинь энэ жилийн нэгдүгээр сараас л эхэлж дээд зиндаанд барилдсан шүү дээ. Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрнэ гэдэг өмнө нь сумогийн түүхэнд гарч байгаагүй амжилт гэсэн. Бас хөдөөнөөс хүрч ирээд шуудхан сумогоор барилдаж байгаа, 21 настай гэхээр япончууд уулга алдаад байдаг юм. Гэхдээ барилдаж дөнгөж эхэлж байхдаа бэртэл авсан нь цаашид улам сайн хичээх ёстой юм байна гэдгийг мэдрүүлсэн.

Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл гэдэг?

-Энд ирснээс хойш сургуульд байхдаа бэлтгэлийнхээ үеэр гэмтэл авч байсан юм. Тэгээд гурван сар барилдаагүй. Барилдах битгий хэл бэлтгэл хийгээгүй. Бэлтгэлгүй болохоор тэмцээнд оролцоно гэж санахын ч хэрэггүй. Уг нь бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор төлөвлөж байсан юм. Гэтэл бэртэл бүрэн эдгэрээгүй байсан болохоор тэмцээндээ ч орж чадаагүй. Тэр үед ч бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүнийг хэн ч биш болгодог юм байна гэж ойлгож авсан.

Бэлтгэл хийгээгүй удсан мөртлөө дахин барилдахдаа хэнд ч дийлдэхгүй хүчтэй болчихсон байсан гэж бөхчүүд ярих юм билээ?

-Тэр үед бэлтгэлээ бүрэн зогсоогоогүй л дээ. Хөлөө бэртээсэн болохоор хүчний бэлтгэлээ бол хийж байсан. Гэхдээ гэмтлээ эдгээсний дараа бэлтгэл хийж байгаад барилдсан шүү. Бэртэлтэй байхдаа барилдаж чадахгүй байсан болохоор эдгэсэн хойноо өөрийгөө урьдынхаасаа илүү дайчилсан байж болох юм.

Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Бэлтгэл өглөө бүр зургаагаас эхэлдэг. Ес, арван цаг хүртэл үргэлжилнэ. Дуусгаад усанд орно. Дараа нь үсээ самнуулаад хоолоо иддэг. Хоолоо идчихээд унтана. Үдээс хойш энд тэндхийн арга хэмжээнд оролцох ёстой бол тийшээгээ явна. Бас сумогийн холбооноос зөвшөөрөл авсан хэвлэлийнхэнтэй уулзах ёстой.

Хоолондоо дасчихсан уу. Өдөрт хэдэн удаа хоол иддэг вэ?

-Өглөө бэлтгэлтэй байдаг болохоор хоол иддэггүй. Бэлтгэлийн дараа хоолоо иднэ. Янз бүрийн л хоол иддэг юм. Тахианы махтай мөөг болон бусад төрлийн ногоотой нэгдүгээр хоол иднэ. Хажуугаар нь будаа, мах, тахианы бүрж шарсан мах гээд янз бүрийн л хоол иддэг. Хоолны дараа унтчихдаг болохоор жин нэмдэг байх. Орой бас иймэрхүү маягийн хоол иднэ. Заримдаа зав гарахаар “Улаанбаатар” хоолны газар очиж хоол иддэг. Тэнд сайхан банштай цайгаа уугаад, цуйвангаа захиалчихна. Яг л гэрийнхээ хоолыг идэж байгаа мэт амттай.

Таныг “Монголын үлэмж биет” гэж нэрлээд байгаа бололтой?

-Янз бүрийн л нэр сонсогдоод байгаа юм. Үлэмж биет гэж нэрлэнэ. Бас аварга мангас ч гэчихсэн байдаг. Гэхдээ би ингэж дуудуулахдаа дуртай биш ээ.

Одоо хэдэн кг жинтэй байгаа вэ?

-198 кг жинтэй байгаа. Өндөр 193 см.

Анх ирэхдээ хэдэн кг байв?

-Японд ирэхдээ 130 кг байсан. Гэхдээ би багаасаа унаган махтай, жин ихтэй хүүхэд байлаа. Сумынхаа эмнэлэгт 4.8 кг жинтэй төрсөн. Тэгэхээр төрөхөөсөө л том биетэй байсан байгаа биз. Гэхдээ сүүлийн үед жин хасаж байгаа. Хүний биеийн жин 200 кг-аас дээш гарахаар мал амьтнаас ялгаагүй болно биз дээ. Адуу, үхэр л 200 кг жин татна даа. Хүн байна даа, 200 кг дотроо байя гэж бодож байгаа. 200 кг гэдэг арай л биш юм. Тэгээд сүүлийн үед хоолны дэглэм барьж эхэлсэн. Ямар ч байсан арванхоёрдугаар сарын 25 гэхэд 198 кг жинтэй болно гэж бодож байгаа. Би дэвжээнийхээ багшид сумогоор сайн барилдана гээд амлачихсан. Тэр амлалтад хүрэхийн өмнө биеийн жингээ зохих хэмжээнд барихгүй бол болохгүй юм байна.

Архангай аймгийн Батцэнгэл сум таны төрсөн нутаг. Нутгаа санаж байна уу?

-Аав ээжтэйгээ хааяа утсаар ярьчихдаг болохоор гэрээ санаад сүйд болохгүй. Санах ч зав байхгүй дээ. Манай нутагт өнтэй сайхан өвөл болж байгаа гэсэн. Утсаар яриад мал хуйгаа асуун, аав ээжтэйгээ хөөрөлддөг юм. 2013 оны зун гэртээ очиж амарсан. Харин саяын наадмаар манай сумын 90 жилийн ой болсон. Нутагтаа байсан бол сумынхаа наадамд зодоглох л байсан байх.

Багадаа ямар хүүхэд байсан бэ. Ноцолдох дуртай байв уу?

-Хөдөөний хүүхэд ямар байдаг яг л тийм амьдралтай өссөн. Монголчууд хөдөөний хүүхдийн амьдралыг мэднэ шүү дээ. Энд япончууд яг юу хийдэг байсан бэ гэж их асууна. Тэр бүрийг тайлбарлаж хэлэхээр гайхаад байдаг юм. Жишээлбэл би эмнэг хангал сургадаг байсан. Сургадаг ч гэж эмнэг адуутай ноцолдох дуртай. Тэрийг ярихаар бүр нүдээ том болгож ирээд ангайчихна. Манай аав уяач хүн шүү дээ. Тэгэхээр аавын гарын үзүүрт зарагдаж адуу малтай л ноцолдож өслөө. Ер нь манай тэр хавийнхан Ичко гарын шуундаа их бяртай гэж ярьдаг байсан. Саахалт айлынхаа хүүхдүүдтэй үндэснийхээ бөхөөр ноцолдоно. Би чинь арван гурван настай байхдаа л хотод орж ирж үзсэн. Тэрнээс өмнө нутагтаа л байдаг байлаа.

Яаж яваад Японд ирээд сумогоор хичээллэж эхэлсэн юм бэ?

-Би энд ирээд таван жил болж байна. 2010 оны гуравдугаар сард Наритагийн онгоцны буудалд бууж байлаа. Буудлаасаа буугаад шууд л Тотторид яваад очсон. Анх япончуудыг хараад сүрдсэн юм байхгүй. Бэлтгэлийн үеэр барилдаж байгааг нь хараад эхлээд бараг л инээд хүрдэг байлаа. Тэгсэн яг барилдаад үзсэн чинь ёстой чанга байсан. Бүр эмэгтэйчүүдтэй нь хүртэл барилдаад унаж байлаа шүү дээ. Тэгэхээр барилдаанд биеийн хүч чухал ч гэлээ ур чадвар, техник, мэхгүй бол эмэгтэй хүнд хүртэл дийлдэхээр байгаа юм. Ирсэн цагаасаа хойш маш сайн бэлтгэл хийхгүй бол урагшлахгүй юм байна гэдгийг ойлгосон.

Бэлтгэлийг хараад байхад их л хэцүү юм билээ. Ачааллаа дийлэхгүй уйлж байгаа бөх ч харсан?

-Ёстой чанга шүү. Хүнд бэлтгэл хийхийн зэрэгцээ чин сэтгэлээсээ хийхгүй бол загнуулна. Загнуулах ч энүүхэнд. Хулсан саваагаар саваадуулна даа. Бэлтгэл хийж байгаа залуу бөхчүүдийн ар нуруу, хонго, гуя нь улаан эрээн болсон байгаа биз дээ. Багшийн нүдийг хуурах маягтай байвал тийм л болно. Хажуугаар нь загнуулна. Багш их хорон үгтэй. Олигтойхон хичээхгүй бол “Монгол руугаа буц. Чам шиг юм хэрэггүй” л гэнэ дээ. Эхний нэг жил ч нутаг буц гэдэг үгийг байнга сонсдог байлаа. Сүүлдээ гайгүй болсон.

Энэ дэвжээнд танаас өөр цолтой бөх байдаггүй юм байна. Бөх нь сайн барилдахын хэрээр дэвжээний нэр хүнд өсөх үү?

-Намайг ирэхэд манай дэвжээний хоёр ах Жүрёод барилддаг байсан юм. Одоо барилдахгүй байгаа. Манай дэвжээ ерөнхийдөө цөөн бөхтэйд тооцогдох байх. Нэг хэсэг цолтой бөх байхгүй байж байгаад би сэкиваки цолонд хүрсэн. Дэвжээний хувьд цолтой бөхтэй байна гэдэг сайн. Бөхчүүдийг бэлтгэж цолонд хүргэнэ гэдэг хэцүү. Хувь хүний хичээл зүтгэлээс их хамаарна. Бас багшийн ур чадвартай холбоотой.

Ичиножо Такаши гэж ямар утгатай үг юм бэ?

-Ерөнхий утга нь авьяастай гэж байгаа юм. Яг ханзыг нь харахаар зууд нэг удаа гэсэн утгыг илэрхийлдэг.

Ирэх сарын башё хэзээ мөдгүй эхлэх нь. Ямаршуухан барилдаан үзүүлье гэж бодож байгаа вэ?

-Мэдээж хэрэг хичээж барилдана. Цолтой болоод удаагүй байгаа болохоор цолоо хамгаалахыг юуны түрүүнд бодож байгаа. Зөвхөн хамгаалаад зогсохгүй цолоо нэмэхийг хичээнэ. Гэхдээ тийм ч амар зүйл биш л дээ. Тэгэхээр тэгж ингэж барилдана гэж хэлж болохооргүй байна. Ямар ч байсан тавин хувийн амжилтаа үзүүлэх ёстой гэсэн бодол бий.Цаашлаад арваас дээш давчихмаар байна.

Тэгвэл ирээдүйд юунд зорьж байгаа вэ. Бас юу мөрөөдөж байна вэ?

-Сумогоор амжилттай барилдмаар байна. Цолоо ахиулмаар байна. Цол ахихаас илүүтэй нь зүтгэж авсан цолоо хадгалан аль болох удаан хугацаанд барилдмаар байдаг юм. Олон хүн, багш нар, дэвжээнийхэн, ах нар итгэл хүлээлгэсэн байдаг болохоор хичээхгүй бол болохгүй л дээ. Яг айхтар зорьж байгаа зүйл одоохондоо алга. Юу юунд ч хүрээгүй байж холын зүйлийг мөрөөдөөд яахав. Учраа бөхөө даваад явж байя л гэж бодож байна даа.

Categories
мэдээ улс-төр

Бие даагчид хүүхдийн мөнгө танахыг эсэргүүцлээ

Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ хүүхдэд сар бүр олгож буй 20 мянган төгрөгийг танах талаар мэдэгдсэн. Харин бие даагч гишүүд үүнийг эсэргүүцэж байгаа аж. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумьж, танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын тоогоо нэмээд, дэд сайд нараа нэмээд явчих мөртлөө ард түмний халаас руу орох боллоо. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгийг хүртэл танах гэж байна. Үүнийг бид дэмжихгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.