Categories
мэдээ нийгэм

Мөсөн гулгуурын талбай маргааш ашиглалтад орно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан билээ.

Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Мобиком” корпараци болон “Соунд оф Монголиа”-тай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ.

Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 хэмжээтэй, эрэгтэй, эмэгтэй гэж тусдаа 2 хувцас солих байртай, кофе шоп ажиллах бөгөөд маргааш ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Талбайн ашиглалтыг Монголын хоккейн холбооны мэргэжлийн залуус хариуцаж ажиллах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол бөхөнгийн тоо толгой огцом өсчээ

Энэ оны наймдугаар сард Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд Монгол бөхөнгийн тархац, байршил, тоо толгойг тогтоох судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, судлаачидтай хамтран хийжээ. Судалгааг шугаман трансектийн аргаар хийсэн байна. Уг судалгаагаар монгол бөхөнгийн популяцын тоо өсч 13 мянгад хүрсэн нь тогтоогджээ. Монгол бөхөнгийн тоо толгой 2002 онд 750 болтлоо цөөрч байсан юм.

Дэлхийд бөхөнгийн хоёр дэд зүйл байдгийн нэг нь монгол бөхөн. Зөвхөн Монголд байдаг энэ амьтаныг хамгаалахын тулд сүүлийн жилүүдэд нэлээдгүй ажил хийсний үр дүн ийн гарсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Т.Батцэцэгийг “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнажээ

Лондон хотноо болсон “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгийг Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооноос санаачлан МЗХ-ны “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнажээ. Мисс Т.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэмжиж байсан бүх монголчууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн билээ.

Дархан хотод төрж өссөн тэрээр 2012 онд “Манжуурын мисс” тэмцээнд оролцож, тэргүүн миссээр тодорсон цагаасаа олонд танигдаж эхэлсэн. Т.Батцэцэг эдүгээ “Шилмэл загвар”-ын дэргэдэх “Шилмэл модель” агентлагийн алхааны багшаар ажилладаг. Тэрээр саяхнаас телевизийн салбарт хөл тавьжээ. Тодруулбал, байгуулагдаад удаагүй байгаа “Сүлд” телевизэд хөтлөгчөөр ажиллаж буй.

battsetseg

battsetseg

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ онд Монголын киноны зах зээлд 4 тэрбум төгрөг эргэлджээ

ШУӨХТГ-аас Монголын киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа. Ингэснээр манай уран бүтээлчдийн киноны чанар чансаа мэдэгдэхүйц нэмэгдсэн гэдгийг албаныхан онцолсон юм.

Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн зохиож найруулсан “Үргээлэг” кино шалгарч байна. Харин жагсаалтын хоёрдугаарт “Зүрхээр наадагч” кино бичигджээ Энэ онд нийт 39 монгол кино шинээр гарч энэ зах зээл дээр дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдэв.

Categories
мэдээ нийгэм

Шахмал түлшний хэрэгцээг хангах үйлдвэр нээлтээ хийлээ

“Дэрст тохой” ХХК өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд 300 мянган тонн антрацитын утаагүй шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Уг үйлдвэр нь Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг байна.

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээний 50 гаруй хувийг хангах боломжтой аж.

Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шахмал түлшний үйлдвэр эрхлэгчдэд газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч, тоног төхөөрөмжүүдийг нь гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж, борлуулалтад бодлогын дэмжлэг үзүүлж байгаагийн нэг жишээ нь энэ юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тахь өлгий тал нутагтаа” баримтат киноны нээлт болов

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын Техникийн төв музейд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тахь өлгий тал нутагтаа” хэмээх баримтат киноны нээлт боллоо. Энэхүү киноны нээлтийн үйл ажиллагаанд Прага хотын амьтны хүрээлэн, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яам болон Чехийн яам агентлагийн зарим төлөөлөл оролцсон байна.

Чехийн Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл болон төслийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор энэхүү баримтат киноны зураг авалт хийсэн талаар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек товч мэдээлэл хийлээ.

Нээлтийн ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж өгсөн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд элчин сайд Д.Зүмбэрэллхам болон ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлжээ.

Түүнчлэн БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.

Тус улсын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд Монгол Улсын Хомын тал болон Тахийн талд нийт 15 тахийг унаган байгальд нь тавиад байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдээ шатаасан этгээдийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр төрсөн хоёр хүүхдээ машинд түгжин шатааж, амь насыг нь хохироосон З.Ёндонд холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.

Хэргийг сануулахад, З.Ёндон нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 7 цаг 30 минутын үед “10-08” ОРА улсын дугаартай “Бонго пронтер” маркийн ачааны автомашинд 10 сар, 5 настай хоёр хүүхдээ суулгаж, машины кабин руу бензин цацаж, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, нийтэд аюултай, онц харгис хэрцгий аргаар санаатай галдан шатааж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлджээ. Мөн 2014 оны 5 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшөөт” гэх газар гэрийнхээ гадаа эхнэр А-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан аж.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд автобусаар үнэгүй зорчино

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнийн тариф өөрчлөгдөж 500 төгрөг болсонтой холбоотойгоор ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутнуудыг нийтийн тээврээр төлбөртэйгээр зорчуулах асуудал яригдаж байсан.

Тэгвэл уг асуудлаар Монголын Оюутны холбооны зүгээс өнгөрөгч 11 дүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Нийтийн тээврийн газарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагыг хүлээг авч “2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутнууд цахим картаа ашиглан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, цаг харгалзахгүй зорчуулна” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Ботаникийн үзэсгэлэн”-д оролцохыг урив

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз Засгийн газрын шинэ сайдуудтай хамтын ажиллагааны уялдаа холбоогоо бэхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Тодруулбал, энэ сарын 23-нд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, 24-нд ХХАА-н сайд Р.Бурмаа, 25-нд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, 25-нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй тус тус уулзсан байна.

Тэрбээр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой хийсэн уулзалтынхаа үеэр Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг устгах, мөн аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын талтай хамтран ажиллах талаар зөвшилцлөө. Мөн байгаль орчны мэргэжилтнүүдийг Турк Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулахад анхаарал хандуулахаа мэдэгдээд, 2016 онд өөрийн улсад зохион байгуулагдах “Ботаникийн үзэсгэлэн”-д Д.Оюунхорол сайдыг Монгол Улсаа төлөөлөн оролцохыг урьж, урилгыг албан ёсоор гардуулав. БНТУ манай улстай 1998 оноос байгаль орчны салбарт хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2006, 2009 онуудад тус тус хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдийн байгуулсан түүхтэй.

Өдгөө тус улсын дэмжлэгээр Монгол оронд байгальд ээлтэй гурван томоохон төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь “Утаагүй зуух төсөл” юм. Түүнчлэн Баян-Өлгий аймагт Усан цахилгаан станц, Хан-Уул дүүрэгт 20 сая ам.долларын өртөг бүхий Хаягдал ус цэвэрлэх байгууламж зэргийг барих төслүүдийг тус тус хэрэгжүүлж байна. Энэ жил БНТУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтосны 45 жилийн ой тохиож буй юм.

Categories
мэдээ нийгэм

“РИО-2016” олимпийн бамбар хилээр аялж байна

Хил хамгаалах Ерөнхий газраас зохион байгуулж буй “Дархан хил-Олимп” аяны хүрээнд Монгол Улсын хилээр “РИО-2016” олимпийн бамбарыг аялуулж эхлээд даруй дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас нар зөв тойрон улмаар Хилийн 0146, 0184 дүгээр ангиудад энэ хугацаанд аялаад байгаа юм. Хилийн отрядууд олимпийн бамбар аялах хугацаанд олон нийт, бие бүрэлдэхүүнийг хамарсан спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Хилийн 0129 дүгээр ангийн хамт олон арванхоёрдугаар сарын 01-ний өдөр “РИО-2016” олимпийн бамбарыг хүлээн аваад байгаа бөгөөд өчигдөр Хилийн 0108 дугаар ангид хүлээлгэн өгчээ.