Categories
мэдээ спорт

Өнөөдөр Английн Премьер Лигийн 19-р тойрог эхэлнэ

Бусад улсуудын дотодын тэмцээнүүд зул сарын баяртай холбогдуулан хэсэг амардаг бол Англид эсрэгээрээ улам нягтралтай тоглож эхэлдэг. Boxing day хэмээн нэрлэдэг энэ өдрүүдэд багууд хоёр өдрийн зайтай тоглодог бөгөөд пүрэв гаригт тоглосон багууд өнөөдөр 19-р тойргийг эхлүүлэх гээд зогсож байна. Өнөөдөр тоглох багуудын оноолт:

20.00 цагаас Тоттенхэм – Манчестер Юнайтед

23.00 цагаас Манчестер Сити – Бернли

23.00 цагаас Сток Сити – Вест Бромвич

23.00 цагаас Халл – Лестер

01.15 цагаас Ньюкасл – Эвертон (2014.12.29)

22.00 цагаас Саутгемптон -Челси

23.00 цагаас КПР – Кристал Пэлас

23.00 цагаас Астон Вилла -Сандерленд

23.00 цагаас Вест Хэм – Арсенал

Б.Хулан

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын стандартад нийцсэн зүрхний вакуумжсан хагалгааны өрөөтэй боллоо

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг олон улсын стандартад нийцсэн вакуумжсан хагалгааны хоёр өрөөтэй боллоо. Тус өрөөг Эрүүл мэндийн яамны төсвөөс санхүүжүүлжээ. 803 сая орчим төгрөг зарцуулсан байна.”Тэнгэр, газрын хишиг” компани гүйцэтгэгчээр нь ажиллажээ. Ер нь эмнэлгийн өрөөний агааржуулалтууд Оросын хуучин технологитой байдаг гэнэ. Харин шинээр нээгдсэн вакуум хагалгааны өрөө олон улсын стандартад нийцжээ.

Ингэснээр хагалгаа хийхэд илүү баталгаатай болсон аж. Зүрхний хагалгаа наад зах нь зургаа, долоон цаг үргэлжилдэг гэнэ. Хагалгааны өрөөнд байгаа унтуулагч, хортой бодисууд ууршиж тэнд олон цаг хагалгаа хийгээд зогсож байгаа эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байж. Харин вакуумжсан өрөөнд100 хувь агаар сэлгэлт хийгдэх юм байна.

Хагалгааны өрөөнд амьсгалын аппарат, шаардлагатай хүчилтөрөгч, вакуум гэсэн гурван төрлийн систем суурилуулжээ.Энэ өрөөнд ирэх долоо хоногоос зүрхний хагалгаа хийж эхлэхээр төлөвлөжээ. Гуравдугаар эмнэлэг жилдээ 500 орчим зүрх судасны хагалгаа хийдэг юм байна.

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очир “Нэгдүгээр сарын эхээр Люксембургийн эмнэлгээс төслийн хүрээнд зүрхний мэс заслын баг ирж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн өрөө, тасалгаатай угтах болсондоо олзуурхаж байна. Япон, Франц, АНУ, Люксембургийн мэргэжлийн багууд жилдээ 16 удаа ирж бидэнтэй мэдрэлийн мэс засал, зүрхний мэс заслын чиглэлээр хамтарч ажилладаг. Өмнө нь хагалгаа хийж байгаа өрөө стандартад нийцээгүй гэх асуудлууд гардаг байсан. Гадны аль ч баг ирсэн хамтарч ажиллах нөхцөл бүрдсэн. Гуравдугаар эмнэлгийн өрөө Солонгос, Люксембургийн нээлттэй хагалгаа хийдэг өрөөтэй яг адилхан болсон” гэж ярилаа.

Дашрамд дурдахад Монголд зүрхний хагалгааг үнэ төлбөргүй хийдэг байна. Харин зүрхний хавхлаг солих,зүрхийг түр зогсоогоод цусыг эргэлдүүлэх аппаратны хөлсний 50-60 хувийг эмнэлэггаргадаг юм байна. Үлдсэн зардлыг иргэд гаргадаг гэсэн. Нэг зүрхний хавхлаг зургаан сая төгрөгийн үнэтэй бол цусны эргэлтийн аппарат 2.2 сая төгрөгийн өртөгтэй аж. Зүрхний хагалгаа 8.2 сая төгрөг болдог байна.

Ирэх онд өндөр өртөгтэй иймэрхүү эмчилгээний зардалд зориулжэрүүл мэндийн даатгалаас 13 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт үзүүлэх юм байна. Гуравдугаар эмнэлэгт ихэнх санхүүжилт буюу 4.3 тэрбум орчимтөгрөгийг хуваарилжээ. Иргэдийн халааснаас гарч байсан их хэмжээний мөнгө хэмнэгдэж байгаа хэмээн эмч нар ярьж байлаа. Өндөр үнэтэй хагалгаанд орлоо гэхэд 75 хувийг ньэрүүл мэндийн даатгалаас 25 хувийг иргэн төлөхөөр зохцуулагдаж байгаа гэнэ.

Гуравдугаар эмнэлэгтөчигдөр зүрх судасны вакуумжсан хагалгааны өрөөнөөс гадна 4D хэт авианы оношилгооны аппаратны нээлт болсон юм. Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны тоног төхөөрөмжийг ч шинээр хүлээж авлаа.

Нүдний торлог шилэнцэрийн хагалгаа Монголд тэр бүр хийгддэггүй, ганцхан “Болор мэлмий” хийдэг байж. Ихэнх нь гадаадад очиж эмчлүүлдэг байжээ. Тус хагалгааны зардал нь 1.5-25 сая төгрөгийн өртөгтэй аж. Гуравдугаар эмнэлэг нүдний торлог шилэнцэрийн мэс заслын микроскопыг хүлээн авснаар хагалгаа хийх боломжтой газар ийнхүү нэмэгдлээ. Улсын эмнэлэгт нүдний торлог шилэнцэрийн хагалгааг хийгээд эхлэхэд иргэдэд даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломж гарч ирж байгаа юм байна.

4D эхотой болсон эмнэлгийн оношилгооны түвшин сайжрах нь. Улсын эмнэлэг анх удаа 4D эхотой болж байгаа нь энэ аж. Эхогоор харж болох бүх эрхтэнүүдийн оношилгоонд дэвшил гарчээ.

Ирэх жил тус эмнэлэг тархины мэс заслын вакуумжсан өрөөтэй болох саналыгЭрүүл мэндийн яаманд гаргажээ. Хагалгааны өрөөг тэрбум орчим төгрөгөөрсайжруулчихвал хагалгаанд чанарын маш том өөрчлөлт гарна хэмээн эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Интернэтэд зар тавьж, цэнгээний газартай тохироод мянга шахам хүүхдийг залилжээ

-+15, +16 ГЭХ ЭЛДЭВ ШОУ ЗОХИОН ХҮҮХДҮҮДИЙГ САДАР САМУУН, АРХИДАЛТАД УРИАЛДАГ БОЛЖЭЭ-

Өсвөр насны 700-гаад хүүхэд өнгөрсөн баасан гаригт бөөнөөрөө хотын гудамжаар оройжин тэнэжээ. Баар болгоны гадна очиж бөөнөөрөө “Саагилдъя” гэж орилолдон үймж шууги­жээ. Үүнийг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр хүүхдүүдийг 22.00 цагийн үед тараасан гэнэ.

Хүүхдүүд үдэш оройн цагаар ингэж бөөнөөрөө хотоор тэнэсний учир нь 10 мянган төгрөгийн үнэтэй, “single party” гээч үдэшлэгийн тасалбар худалдан авч, шоу хийх баараа хайж байсан нь тэр. Facebook хуудаст “Winter sensations 2015” хаягаар дээрх шоуны зарыг тараажээ. Тэнд зар тавихдаа “Монголд анхдагч хүүхдэд зориулсан парти, аялал зөвлөгөө өгөх зорилготой DVBBS event нь өсвөр насны охид хөвгүүддээ зориулан “Single party after” хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна” гээд дөрвөн утасны дугаар тавьжээ. 10 мянган төгрөгийн тасалбарыг зар дээр тавьсан утасны дугаар руу ярьж V сургуулийн өмнөөс эсвэл Их дэлгүүрийн өмнөөс тасалбар авах ёстой гэж тодотгосон байв. Мөн гурван тасалбар авбал дөрөв дэх нь үнэгүй гэжээ.

Шоунд хип хопчин DJ Хаагий, жүжигчин Анхбаяр нар оролцохыг зарласан байв. Шоу арванхоёрдугаар сарын 19-нд 16-22 цагийн хооронд болно гэсэн атлаа, хаана гэдгийг зарлаагүй байв. Арван мянган төгрөгийн үнэтэй тасалбараа зарж дуусах үедээ “Парти маань МАСС клуб-т болохоор болсон. Тэнд доргицгооно оо” гэж тодотгожээ. Facebook дэх дээрх хаягаар хүүхдүүд парти дээр яах, ийхээ ярилцаж “үнсэлцэж болох уу”, “тэндээс хосоо аваад гарна шүү” гэх зэргээр бичсэн болзохион байгуулагчид гэх залуучууд нь “Дүрс бичлэг хийх үү”, “Яах нь та нарын дур”, “Сайхан доргицгооно оо”, “Саагана гэж хөлөө дэвсээд үсрэхийг хэлдэггүй. Яадгийг та нарт мэдрүүлнэ ээ” гэх мэтээр өдөөсөн байх юм. Сүүлдээ өнөөх тасалбар нь 18, 20 мянган төгрөгийн үнэтэй болчихжээ. Нийтдээ 700-гаад тасалбар энэ мэтээр зарсан мэдээ байна. Тасалбар авсан хүүхдүүд өнгөрсөн баасан гаригийн орой III хороолол дахь “Масс” бааранд очиж тасалбараа өгөөд орсон байна. Тэнд цуглаж байтал хамгаалагч нь “Насанд хүрээгүй хүүхэд энд байж болохгүй” гээд хөөж гаргасан байна. Хүүхдүүд тасалбар худалдсан хүмүүс рүүгээ ярихад “Орд” гэдэг бааранд оч хэмээгээд тэд мөн л дээрх байдлаар хөөгджээ. Тэндээс “Турво” гэдэг баар руу явж оройжин бөөнөөрөө хотоор тэнэсэн байна. Хөөгдөөд гарах бүртээ баарныхаа гадна “Саагилдъя” гэж орилолдон эмх замбараагүй байдал үүсгэжээ. Энэ талаар эх сурвалж “Хамгийн аймаар нь тэр хүүхдүүд бааранд орохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Архи уусан тэр олон хүүхэд эмх замбараагүй байдал, үймээн дэгдээж гэмт хэрэг хийсэн бол яах билээ. 12 настай хүүхэд хүртэл байсан. Бүгд хөөрчихсөн яаж ч мэдэхээр байсан. Хөөрсөн, согтуурхсан хүүхдүүдийг цагдаа ирж салгаагүй бол юу болох байсныг хэлэхэд хэцүү” гэсэн юм. Хүүхдүүдийг баарнаас баар руу орилолдоод явж байхад цагдаа нар ирж тараажээ.

ХҮҮХДҮҮД “МӨНГӨ ЯАХ ВЭ ДАХИАД ШОУДЪЯ”

Хүүхдүүд facebook-т ингэж бичсэн байна. Тэд мөнгө юу ч биш, харин парти нь бүтэлгүйтсэн нь харамсалтай гэж бичжээ. Бүр “Тэр мөнгө яах вэ. Дахиад партигаа зохион байгуулаач” гэж уриалсан байна. Бас шоу зохион байгуулсан, тасалбар зарсан хүмүүсийг элдвээр харааж, зодож цохих тухай хоорондоо ярьсан байв. Хүйтэнд гадаа зогссондоо хорсч байгаагаа илэрхийлээд ямар нэгэн аргаар хариу авах талаар ярилцсан байлаа. Хариуд нь уг шоуг зохион байгуулах санаачилгыг гаргасан Г.Ганзориг гэгч “Ерөнхийдөө бүх юм шийдэгдчихсэн шүү. Өдөр мөнгөө аваарай. Тэгээд тав дахь өдөр нэг шоунд бүгд үнэгүй ороорой. Гэхдээ үнэнийг хэлэхэд би сохор зоос ч аваагүй шүү” гэжээ. Хүүхдүүдийг 22.00 цаг хүртэл бааранд цэнгэхийг уриалж, ийм шоу зохион байгуулсан хүмүүс тасалбараа дунд сургуулийн хүүхдүүдээр заруулжээ. Тасалбар зарсан хүүхдүүд “Бид хууль бус зүйл хийж байгаагаа мэдээгүй. Тасалбар зараад тодорхой хувийг нь ав гэсэн” гэж мэдүүлсэн талаар эх сурвалж хэлсэн.

СИНГЛ ПАРТИ ГЭГЧ АНХ УДААГИЙНХ БИШ

Хүүхдүүдийн дунд парти гэх нэрийдлээр цуглуулж, архи дарс уухыг “заадаг”, садар самуунд уруу татаж мөнгө олсон энэ луйвар анхных биш. Өмнө нь Халовен, Валентины баяр гэх зэргээр нууцаар хийцгээдэг байж. Хамгийн сүүлд гэхэд “I LOFT” бааранд “Kiss me party”, “Single party” гээчийг энэ сарын 13-нд хийжээ. Энэ үдэшлэгийг мөн л “DVBBS EVENT MGL” төв гээч Б.Ганзориг зохион байгуулсан. Үдэшлэгээ сургалт гэж нэрлээд “Монголын Анхдагч хүүхдэд зориулсан парти аялал зөвлөгөө өгөх зориулттай DVBBS EVENT MGL зохион байгуулж байгаа single party хоёр дахь удаагаа болох гэж байна. Уг парти нь өсвөр насны охид, хөвгүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх, өөрийгөө нээх зорилготой зохион байгуулагдаж байна” гэжээ. Тэр үдэшлэгт орсон хүүхдүүд стикер цуглуулна. Стикер нь тав болбол өөрийн таалагдсан охин, хөвгүүн дээрээ наагаад үнсэх ёстой. Хүүхэд бүр гурван өнгийн бугуйвч авсан. Ногоон өнгөтэй бугуйвч зүүсэн нь хосоо хайж байгааг илэрхийлэх гэнэ. Улаан өнгөтэйг зүүсэн бол яасан ч яах вэ гэдгийн илэрхийлэл юм байх. Харин цэнхэр өнгөтэй бугуйвч зүүсэн бол “Намайг битгий оролд. Би хостой” гэдгээ илэрхийлж байгаа гэж тайлбарлажээ. Үдэшлэгийн гэрэл зургаас харахад хүүхдүүд хагас нүцгэн шахуу хувцастай юм. Нэгийгээ тэврэн үнсэлцсэн зураг интернэтээр нэг таржээ. “I LOFT” баарны менежерээс энэ үдэшлэгийн талаар асуухад “Манайд ямар ч хамааралгүй. Зүрхний цооролттой Амин-Эрдэнийн ах зохион байгуулсан. Манайд болсон болохоор бидэнтэй холбоод байх юм. Бид зөвхөн үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд ч хүүхдүүд согтууруулах ундаагаар үйлчлүүлээгүй” гэж хариуллаа.

“DVBBS EVENT MGL” ГЭЖ ЮУ БОЛОХ, Г.ГАНЗОРИГ ГЭГЧ ХЭН БЭ

Хүүхдүүдийн дунд элдэв шоу, цэнгээн зохион байгуулж, баар саванд юу дуртайг нь хийлгэж, дундаас нь мөнгө олдог нөхрийг Г.Ганзориг гэдэг. 20 гаруй настай тэр залуу “DVBBS EVENT MGL” сургалтын төв гээчээр өөрийгөө халхалдаг. Үнэндээ тийм сургалтын төв байхгүй. Зөвхөн facebook-т ийм нэр бүхий хаяг бий. Facebook-т зар тавиад л хэдэн зуун тасалбар зарчихдаг. Дараа нь аль нэг бааранд очоод цаг авчихдаг. “Танайд тэдэн хүн үйлчлүүлнэ. Тэр үед биднээс өөр үйлчлүүлэгч авах хэрэггүй” гээд тохирчихдог. Орлогогүй шахам байгаа баарнуудад бол том олз. Хэдэн зуун хүүхэд, хэдэн сая төгрөгийн орлого оруулаад гардаг учраас “Хуулиас гадуур юм хийхгүй” гэж баарны эзэд хэлэхгүй нь ойлгомжтой. Бас хүүхдүүдийн сонсдог дуучин, DJ-д мөнгө өгөөд урьчихна. Түүний ажил ердөө л энэ. Энэ мэтээр таван шоуг зохион байгуулсан талаар эх сурвалж хэллээ. Тэр өөрийгөө facebook дэх найз, дагагчдадаа “Амин-Эрдэнийн ах” гэж танилцуулдаг. Амин-Эрдэнэ бол зүрхний төрөлхийн цооролттой оношоор гадаадад эмчилгээ хийлгэж байгаа жаахан хүүхэд. Түүний эмчилгээнд зориулж хандив цуглуулж байсан билээ. Гэтэл Г.Ганзориг гэгч түүний ах гээд тасалбар зарж олсон орлогоо бүгдийг нь хүүхдийн эмчилгээнд зориулна гэжээ.

ТАНЫ ХҮҮХЭД ХААНА ЯВНА ВЭ

Хүүхдүүд бусдад алдсан мөнгөндөө огтхон ч харамсахгүй байна. Бас шөнө орой бөөнөөрөө гадуур тэнэж, баар сав хэсч яваадаа харамсахгүй байна. Бүр дахиад, дахиад шоу гэцгээж байна. Тэд өөрсдөө мөнгө олдоггүй учраас харамсахгүй нь гарцаагүй. Таны өгсөн мөнгөөр хүүхдүүд чинь хаана, юу хийж явааг анхаараач гэж цагдаагийн байгууллагаас сануулж байж. “Ангийнхантайгаа шинэ жил тэмдэглэнэ” гээд мөнгө аваад гардаг. Харин хаана, яаж тэмдэглэх гэж байгааг нь эцэг, эх анзаардаггүй. Завгүй гээд анзаарахыг ч хүсдэггүй. Гэтэл хүүхдүүд нь анги хамт олноороо, найзуудаараа баар хэсээд явж байгаа нь гэмт хэрэгт холбогдох, цаашлаад насан туршдаа харамсах үйлдэл хийх эрсдлийг дагуулж байна. Мөнгө өгөхдөө хаана, хэрхэн зарцуулах гэж байгаад нь хяналт тавьж байгаач” гэж цагдаагийн эх сурвалж сануулсан юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгоно

Ипотекийн буюу орон сууцны санхүүжилтын найман хувийн хүүтэй зээлийг ирэх онд үргэлжлүүлэхээр болжээ.

Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргасан байна. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан үнэт цаас гаргасан нь энэ аж.

Бондын төлбөрийг улирал бүр төлөх хуваарийн дагуу 38.2 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн байна. Түүнчлэн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх боломжтой болж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахимаар газар олгох байршлыг дүүргийнхнээс асуулгүй шийджээ

-Багануур дүүргийнхэн салхин дээрээ гэр хороолол байгуулахыг эсэргүүцэж байна-

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10/39 дугаар тогтоолоор 52 байршилд цахим газар олголт хийхээр шийдвэрлэсэн юм. Энэ дагуу нийт 52 байршилд 15309 га газрыг 164620 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөжээ. Эхний таван байршилд газар өмчлөх хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч сонгон шалгаруулалт явуулах ажлыг өнгөрсөн наймдугаар сарын 01-нээс 15-ны хооронд зохион байгуулсан билээ.

Энэ хугацаанд 1524 га газарт 14954 иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулсан байна. Үүний үр дүнд 12911 иргэн газраа өмчилж аваад байгаа ажээ.

Харин хоёрдугаар ээлжийн цахим бүртгэл ирэх 2015 оны нэгдүгээр сард явагдана. Энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14490 иргэнд, мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болсон байна.

Иргэд өмнө нь цахимаар газар өмчлөх хүсэлтээ гаргаж, бүртгүүлэх талаар тодорхой туршлагатай учир хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт нэлээд дэвшилттэй болох байх. Харин энд нэг шүүмжлэлтэй хандмаар зүйл байгаа нь Нийслэлийн өмчийн харилцааны газрынхантай холбоотой.

Тодруулбал, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Зураг төслийн хүрээлэн, Ерөнхий төлөвлөгөөний газрынхан иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авч газар өмчлүүлэх байршлуудыг тодорхойлохдоо цаг заваа хэмнэх гэсэндээ юу, эсвэл залхуурсандаа юу зарим дүүрэгт газар олгох байршлыг өөрсдөө дур мэдэн сонгосон байна.

Багануур дүүргийн Тариан булгийн нэгдүгээр хэсэгт цахимаар газар олгосон. Одоо хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтаар мөн уг байршилд газар олгоно. Гэтэл энэ байршлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан Багануур дүүргийн удирдлага болон холбогдох байгууллага, иргэдтэй зөвлөлдөж, саналыг нь авалгүйгээр “дээгүүрээ” шууд шийдсэн юм байна. Нэг үгээр хэлбэл цахимаар газар олгох байршлынхаа талаар ямар ч судалгаа хийгээгүй, газар дээр нь очиж үзээгүй гэсэн үг. Тэнгэр харж байгаад л Тариан булаг гэдэг газар гурван байршилд газар олгоно гээд биччихсэн хэрэг л дээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар нийслэлийн холбогдох газар, албаны мэргэжилтнүүд сансарын JPS зурган дээр тулгуурлаад Тариан булгийн байршилд газар олгохоор зураглал хийсэн ажээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн сард Багануур дүүрэгт ажиллахдаа тус дүүрэгт цахимаар газар өмчлүүлэх байршлыг холбогдох байгууллагынхан хотоос шууд шийдвэрлэснийг сонсч, ингэж болохгүй гэдгийг хатуухан хэлжээ.

Дүүргийн төр захиргааны байгууллага болон оршин суугчидтай нь зөвшилцөхгүйгээр дээгүүрээ шийдвэр гаргаад хэрэгжүүл гэж байгаа нь амьдрал дээрээ нийцэхгүй байгааг Багануур дүүргийн удирдлагууд болон жирийн иргэд хэлж байна. Сансарын JPS зураг харж байгаад газар олгохоор шийдсэн Тариан булаг нь суурьшлын бүс байгуулахад тийм ч тохиромжтой бус. Дүүргийнхээ төвийн салхин дээр гэр хороолол нэмээд байх сонирхол багануурчуудад байхгүй ажээ. Энэ талаар Багануур дүүргийн иргэдийн санал бодлыг сонсоход бүгд л шүүмжлэлтэй хандаж байв.

Сүүлийн жилүүдэд Багануур дүүргийн гэр хороолол эрчимтэй тэлж, өвлийн улралд төв хэсэгтээ нийслэлээс дутахааргүй утаа ихтэй болоод байгаа гэнэ. Гэтэл дахиад салхин дээр нь орших Тариан булагт газар олгож гэр хороолол байгуулах юм бо Багануурын агаарын бохирдол улам нэмэгдэнэ гэж оршин суугчид нь үзэж байна.

Анхан, дунд шатны байгууллагуудтайгаа хамтарч ажилладаггүй, иргэд оршин суугчдынхаа санал бодлыг сонсдоггүй төрийн байгууллага, албан тушаалтнуудын амьдралаас хэт тасарсан шийдвэрийн нэг жишээ энэ.

Categories
мэдээ нийгэм

Залуус шинэ оны анхны нарыг харна

Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг болоод байгаа. Энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулах гэж байна.

Аяллын хөтөлбөрт галын наадам,чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд багтаж байгаа аж. Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд Гоёмсог цасны баярыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Зөв ёс зүйг төлөвшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлжээ

“Соёлоор гийгүүлэхүй” ашгийн бус бүлгэмээс Гандантэгчинлэн хийд, Богдын ногоон ордон музейтэй хамтран “Дээдийн номын гайхамшигт соёл” үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд Бурхан багшийн сургаал номлол бүхий эрдэнийн судар бичгүүдийг дэлгэсэн бөгөөд “Эрүүл биетэй, саруул ухаантай, сайн зан чанартай, зөв ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх 9 дадал” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан юм.

Эл хөтөлбөрт нийслэлийн дөрвөн ЕБС-ийн 40 гаруй хүүхэд хамрагдсан байна. Хүүхдүүд эрүүл биетэй байхын тулд зөв хувцаслаж, зөв хооллон, хөдөлмөр, амралтыг зөв хослуулахаас гадна саруул ухаантай байхын тулд даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх гэсэн гурван дадалд суралцжээ. Мөн сайн зан чанартай байхын тулд мэндлэх, хүндлэх, талархах уучлах, ширүүн үг хэллэг болон худал хэлэхгүй байхаас гадна бусдад туслах зэрэг сайн дадлыг хэвшүүлж эхэлжээ.

Ингээд долоо хоногийн турш “Би чадсан” гэх инээмсэглэл бүхий өнхрүүшээр өөрсдөө болон аав ээжээсээ үнэлгээ авч тэмдэглэгээ хийсэн аж.

Хөтөлбөр санаачлагчдын зүгээс хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад зөв зан үйлийг хүүхдүүд ээж ааваасаа үлгэрлэн суралцдаг гэж хариулсан байжээ. Тиймээс ээж ааваасаа суралцахаас гадна үе тэнгийнхэндээ үлгэрлэх, бурханы сургаал, судар номлолыг бодитоор хэрэгжүүлэх боломж олгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Батхуягийг аймгийн Засаг дарга болгох тохироо хийгдсэн үү?

Өчигдөр/12.26/ Орхон аймгийн АН хуралдаж даргаа сонголоо. Улаанбаатар хотоос УИХ-гишүүн М.Батчимэг ирж Орхон аймгийн АН-ын тамгыг өвөртлөөд буцаж байна. Намын даргыг сонгох санал хураалтанд 79 хүн оролцож М.Батчимэг 40 хүний санал, Ц.Батхуяг 39 хүний санал авч ердөө ганц хүний саналаар илүү ялалт байгуулжээ. М.Батчимэгийн хувьд УИХ-ын ирэх сонгуульд Орхон аймгаас нэр дэвших мөрөөдлийг 2012 оноос тээж яваа билээ. Орхон аймагт байнга ирж нүүрээ харуулах шалтаг олдохгүй байгаа учраас ийнхүү Орхон аймгийн АН-ын даргад сүр далайлган бүхий л боломжит хүчийг ашиглан байж дарга боллоо. Боломжит хүч гэдэг нь АН-ын “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудаар дэмжүүлж тэр байтугай Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний ард байдаг, мөн УИХ-ын дарга З.Энхболд намайг дэмжиж наашаа явууллаа гэсэн мэссэж хаян байж нэг хүний саналын илүүгээр ялалт байгуулсан гэж хэлж болно. Орхон аймгийн АН-ын дарга болохдоо ямар ч тохироо хийсэн байж болох талтай. Түүнтэй хүч тэнцвэргүй тулаанд орсон Баяжуулах фабрикийн орлогч дарга, Орхон аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Батхуяг аймгийн Засаг дарга болохоор тохиролцсон гэсэн яриа Ардчиллын ордноос хальж саарал ордон хавиар чих дэлсэж эхэллээ.

Categories
мэдээ спорт

Монголын жүдочид 203 медаль авчээ

Монголын жүдо бөхийн холбооныхон 2014 оны ажлынхаа тайланг хэлэлцэж, бүтэн жилийн ололт амжилтаа дүгнэжээ. 2014 онд манай жүдочид олон улсын 38 тэмцээнээс 58 алт, 52 мөнгө, 91 хүрэл нийт 203 медаль авсан байна. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга твиттер хуудсандаа жиргэжээ.

Categories
гадаад мэдээ

Канадын иргэн Зул сараар сая доллар хожив

Канадын нэр нь нууц нэгэн иргэн Зул сарын баярын «49-6» нэртэй сугалаагаар нэг сая канад доллар хожсон байна. Тэр нь 860 мянган ам.доллартай тэнцэх мөнгө юм. Энэ тухай Atlantic Lottery холбооны төлөөлөгч мэдээлжээ. Азтаны нэр нууц байгаа ч тэрээр хонжвороо Шинэ Шотланд мужийн Кэйп-Брентон тойрогт худалдаж авсан нь тодорхой мэдээлэл аж.

Atlantic Lottery хонжворт сугалааг Канадад 1976 оноос хойш явуулж иржээ. Энэ хугацаанд хожлын нийт мөнгө нь таван тэрбум канад доллартай тэнцээд байгаа гэнэ.