Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч мэдээлэл хийжээ

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын дарга чуулганы хуралдаанд танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө. Үүгээр Улсын Их Хурлын 2014 оны сүүлчийн хуралдаан өндөрлөлөө. Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Арилжааны телевизүүд МҮОНТ-ийг эсэргүүцэв

Сүүлийн үед МҮОНРТ юу хийдэг бусад телевизүүд юу хийдэггүй талаарх маргааныг МҮОНРТ-ын уран бүтээлч бий болгоод байна. Тэдний энэ мэдээлэлд зарим телевизүүд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлжээ.

Өчигдөр NTV телевиз тус асуудал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэд “өнөөдөр МҮОНРТ-ийнхэн өөрсдийгөө дөвийлгөж, бусад телевизүүд муу нэвтрүүлэг хийдэг мэтээр ярих боллоо. Гэтэл арилжааны гэх тодотголтой өргөн нэвтрүүлгийнхэн хэрхэн ажилладагийг умартсан байна.

Тэд өөрсдийгөө “Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа телевизүүд дундаас манай МҮОНТ шиг нэвтрүүлгийнхээ 90 гаруй хувиа өөрсдөө хийдэг телевиз монголд байхгүй, Бид хил дээр ч малчны хотонд ч монгол орны хаана ч очиж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг бидний явсан газарт өөр телевиз очдоггүй бидэнд шиг ард түмний зовлон жаргалыг нь сонсдог телевиз биднээс өөр монголд байдаггүй, 100 хүнтэй байгууллагыг телевиз гэдэг юмуу” зэргээр өөрсдийгөө дөвийлгөж БУСАДЫГ ҮГҮЙСГЭХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ.

Хөдөө орон нутагт арилжааны телевизүүд очиж ажилладаггүй, Солонгос кино гаргаад сууж байдаг мэтээр аашилж байна. NTV телевизийн хувьд байгуулагдсан цагаасаа солонгос кино гаргаж байгаагүй бид олон ангит киног хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй гаргадаг, NTV телевиз хөдөөгийн баясгалан цуврал шоу хийж, малчны хотноос олон багц сурвалжлага бэлтгэн хүргэж байлаа. Үүний зэрэгцээ хот айлд зочилсон тэмдэглэл, гадаадын иргэдийг малчны хотонд хонуулах зэрэг шоу цэнгээнт нэвтрүүлгийг тогтмол хийж байна. Ийм байхад бусдыг үгүйсгэх болохгүй.

Мөн дэлхийд нэр хүндтэй дөрвөн том хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг албан ёсны эрхтэй, нэмэлт төлбөргүйгээр үзэгчдэдээ NTV телевиз хүргэж байна. Гэтэл МҮОНТ ингэж гаргаж байгаагүй шүү дээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл нар өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүд хүүхдийн эмнэлгийн асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ дотоод зохион байгуулалт хийх байдлаар тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг байрлуулах, тэр дундаа мэргэжлийн хүмүүсийн санал болгосноор тус төвийн нөөцийн тасгийг тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлгээр ашиглах боломж бий эсэхийг тодруулав.

ХӨСҮТ-ийн нөөцийн тасаг нь 50 ортой, гэнэтийн халдвар дэгдэх үед шуурхай ажиллах байнгын өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилладаг байна. Тус төвийн мэргэжилтнүүд гишүүдэд томуу болон томуу төст өвчтэй хүүхдүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлэх нь тохиромжгүй гэдэг саналыг хэлэв. Шалтгаан нь ХӨСҮТ-д олон төрлийн халдварт өвчний эмчилгээ хийдэг. Тиймээс томуу болон томуу төст өвчний улмаас дархлаа нь суларсан хүүхдүүдийг энд байрлуулах нь эрсдэлтэй. Мөн хүүхдүүдэд үйлчлэх мэргэшсэн эмч нарын баг байхгүй.

Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд гэнэтийн гоц халдвар дэгдсэн үед шуурхай ажиллах үүрэгтэй ганц байгууллагын байнгын бэлэн байдлын дэглэм нь алдагдана гэдгийг тооцох нь зүйтэй гэв. Үүний дараа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Тус эмнэлэг гамшгийн үед ажиллах төлөвлөгөөний дагуу улирлын чанартайгаар ачаалал ихсэх үед 100 ор нэмж байрлуулснаар хүүхдийн тасаг нь 125 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 122 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаа хэмээн тус эмнэлгийн дарга М.Чимгээ танилцууллаа.

Categories
мэдээ спорт

Э.Энхтүвшин шилдэг тамирчин болжээ

Монгол улсын 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн, олон улс, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын модон бөмбөгийн тамирчид амжилттай оролцсон, өндөр амжилт гаргасан тамирчдад спортын цол зэрэг гардуулах, оны шилдэг тамирчдын шагнал гардуулах ёслол боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын Модон бөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч М.Сономпил, Модон бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р.Дадам, Н.Эрдэнэбаатар зэрэг хүмүүс оролцов.

Энэ оны шилдэг тамирчнаар нэгдүгээр зэрэгтэй тамирчин Э.Энхтүвшин, спортын дэд мастер Д.Даваадорж нар шалгарсан бол шилдэг дасгалжуулагчаар Г.Болдбаатар, Ж.Загас нар тодорчээ. Э.Энхтүвшин нь Малайзын Перлис хотноо дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээний талбайн цохилтын халз тоглолтонд оролцож хүрэл медаль хүртсэн юм.

Модон бөмбөгийн тамирчдаас нэг ОУХМ, спортын мастер, дэд мастер цолыг тус бүр таван тамирчин авч, амжилт дүүрэн хуучин оноо үдэж буй аж. Түүнчлэн ММБХ-ны УЗ-ийн гишүүн Н.Эрдэнэ-баатар МЗХ-ны “Тэргүүний Залуу” тэмдэг, Д.Байгальмаа Биеийн тамир, спорт-90″ медалиар энгэрээ мялаасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

УДБЭТ-ын 2015 оны эхний гурван сарын тоглолтын хөтөлбөр

1-р сарын хөтөлбөр

03 нд 17.00 цагт Ж.Верди “Риголетто” дуурь
04 нд 17.00 цагт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
10 нд 17.00 цагт Л.Минкус “Дон Кихот” балет
11 нд 17.00 цагт Л.Минкус “Дон Кихот” балет
15 нд 19.00 цагт “Пусаны ОУХН -УДБЭТ” гала концерт
17 нд 17.00 цагт Ж.Верди “Травиата” дуурь
18 нд 17.00 цагт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет
24 нд 17.00 цагт И.Штраус “Оргилуун дарс” шинэ балет
25 нд 17.00 цагт И.Штраус “Оргилуун дарс” шинэ балет
31 нд 17.00 цагт Ж.Пуччини “Богема” дуурь

2-р сарын хөтөлбөр

01 нд 17.00 цагт А.Адан “Жизель” балет
07 нд 17.00 цагт Ж.Пуччини “Тоска” дуурь
08 нд 17.00 цагт Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” балет
12 нд 17.00 цагт “Монголын алтан хоолойтнууд” концерт
14 нд 17.00 цагт П.И.Чайковский “Хунт нуур” балет
15 нд 17.00 цагт Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
28 нд 17.00 цагт Ж.Верди “Травиата” дуурь

3-р сарын хөтөлбөр

01 нд 17.00 цагт А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балет
07 нд 17.00 цагт Ж.Бизе “Кармен” дуурь
08 нд 17.00 цагт “Тэнгэрлэг бүсгүй танаа” концерт
14 нд 17.00 цагт Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь
15 нд 17.00 цагт Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет
21 нд 17.00 цагт Ж.Верди “Трубадур” дуурь
22 нд 17.00 цагт Э.Чойдог “Чойжид дагина” балет
27 нд 19:00цагт “Балетын үдэш”
28 нд 17.00 цагт Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурь
29 нд 17.00 цагт Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” балет

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын үйл ажиллагааг МҮОНТ-ээр гаргахыг хориглов

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр, тэдэнд хандаж УИХ-ын дарга З.Энхболд “100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг, архидалт замаа алдсан, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн агуулга бүхий үг хэлсэн.

Харин түүний энэ үгийг МҮОНРТ-ийнхэн эсэргүүцэж 700 хүнийг архичин гэлээ, бид хулгайн киноо гаргахаа больсон, арилжааны телевизүүдийн хийж чаддаггүй сайн нэвтрүүлгүүдийг бид л хийдэг. Иймд УИХ-ын дарга биднээс уучлал гуй гэсэн шаардлага тавьсан.

Тэдний энэ шаардлагын хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамаатуулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй” гэсэн.

Тэгвэл УИХ-ын даргын дээрх залруулгыг МҮОНТ-ээр гаргахыг хоригложээ. Мөн УИХ-ын дарга болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МҮОНРТ-ээр гаргахыг хориглосон сурагтай. Энэ мэдээллийг сонссон УИХ-ын гишүүд МҮОНРТ М.Наранбаатарын хувийн өмч биш байлтай, Мөн хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй, төрөөс төдийгүй иргэдээс сар бүр 1100 төгрөг хурааж, санхүүжилтээ бүрдүүлдэг телевиз М.Наранбаатар даргынхаа үг, үйл хөдлөлөөр мэдээ мэдээллээ бэлтгэж байгаа нь харамсалтай. Энэ телевизээс М.Наранбаатарыг чөлөөлөх шаардлагатай байна гэж үзэн МҮОНРТ-ийн Олон нийтйн зөвлөлд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тус хурлаар Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын талаар авах арга хэмжээний тухай, Яамдын үл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэгдэл 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Хөрөнгийн албан татварын тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн тухай, Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслий үзэл баримтлалын тухай хэлэлцэх юм байна.

Мөн хэлэлцэх асууддлын жагсаалтад Экспортын гэрээний төслийн тухай, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрх олгох тухай, Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл сунгах тухай, Гадаадаас 2015 онд вах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай, Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам батлах тухай асуудлууд багтжээ.

Тус хуралдаанд танилцуулах асуудалд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулах тухай, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын явцын тухай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр байгуулахад Засгийн газраас баримтлах зарчим, чигэлийн тухай багтсан байна.

Categories
мэдээ улс-төр

Оны сүүлийн хуралдаан мягмар гаригт болно

Монгол Улсын Засгийн газрын 66 дахь ээлжит хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны мягмар гарагт 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

31-ний орой гурван зогсоолоос автобус үйлчилнэ

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобус иргэдэд үйлчилнэ.

А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд тав, Хэлмэгсдийн хөшөө буюу B зогсоолд 12, Хас банкны С зогсоолоос зургаан автобус үйлчилгээнд явах юм байна. Тодруулбал, А буюу Ленин клубын түр зогсоолоос III, IV хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб чиглэлд,

B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолоос III, IV хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр, Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард чиглэлд,

С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд ТЭЦ 3-Долоон буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн гулгуурын хоёр дахь талбай өнөөдөр нээгдэнэ

Чингисийн талбайн хоёр дахь мөсөн гулгуурын талбай өнөөдөр ашиглалтад орно. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Мобиком” корпараци болон “Соунд оф Монголиа” компанитай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ.

Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 хэмжээтэй, эрэгтэй, эмэгтэй гэж тусдаа 2хувцас солих байртай, кофе шоп ажиллах бөгөөд өнөөдрөөс ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Талбайн ашиглалтыг Монголын хоккейн холбоооны мэргэжлийн залуус хариуцаж ажиллах аж.