Categories
мэдээ нийгэм

Мянган хүүхэд хотын даргатай баяраа тэмдэглэв

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Бага байхад шинэ жилийн ийм гоё тоглолт үзэх боломж олддоггүй байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан хүүхдүүд та бүхнийгээ харшийн сүлд модны наадамд оролцуулж байгаадаа баяртай байна. Шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе. Энэхүү үйл ажиллагааг ирэх жилээс уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.

Хүүхдүүд баг болон хуваагдан 8 өртөөгөөр аялаж, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Тэд оновчтой цохилт, олс таталт, хөгжилтэй бухиа, монгол тоолол, өнгөт бөмбөг, мийнтэй талбай, сантагийн гэр болон удирдлагатай бөмбөг өртөөнүүдээр баг багаараа ээлжлэн 15 минутын хугацаатайгаар аяласан. Мөн Бяцхан хүүхдүүдэд нийслэлийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж болон найман аймгийн авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд буюу нийт шилдэг 100 гаруй хүүхдүүд оролцсон урлагийн тоглолтоо толилууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ким Кардашиан “Оны дуулиант эмэгтэй”-гээр тодорчээ

Алдарт “Vogue” сэтгүүл энэ оны онцлох дуулиан тарьсан эмэгтэйг шалгаруулсан бөгөөд реалити шоуны од гэгддэг Ким Кардашиан тэргүүлсэн байна. Уг жагсаалтад Кимээс гадна дуучин Ники Минаж, Майли Сайрус болон Мадонна нар бичигджээ. Ким Кардашианы хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдаанд гарсан “Paper” сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа нийтлүүлж, шуугиан дэгдээсэн билээ. Түүний зургийг нийтэлсэн сэтгүүл борлуулалтаараа рекорд тогтоож, “Оны сэтгүүл”-ээр тодорчээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэр гаргажээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу энэ сарын 29-нд болон ирэх сарын 1, 2-нд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцохоор болсон байна.

Categories
гадаад мэдээ

Барак Обамаг “сармагчин”-тай зүйрлэв

Хойд Солонгос АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг “сармагчин” гэж нэрлэв. Хойд Солонгосын аюулаас хамгаалах хорооны төлөөлөгч “KCNA” агентлагт хийсэн мэдэгдэлдээ “Обама ойн сармагчин шиг үргэлж бодлогогүй үг, үйлдэл гаргадаг” хэмээсэн байна. Түүнчлэн Хойд Солонгост интернэт тасарсан нь Вашингтоны хийсэн хэрэг хэмээн Пхеньян мэдээлжээ. Хойд Солонгост өнгөрсөн долоо хоногийн эхээр /XII.22, 23/ хоёр удаа интернэт тасарч, “3G” гар утасны сүлжээнд доголдол гарсан юм. Хойд Солонгост интернэт тасарсан нь “Sony” компанийг хакердсан хэрэгт Пхеньянийг сэжиглэсэн Вашингтоны явуулга хэмээн Пхеньян мэдээлжээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөх хуйвалдааныг өгүүлсэн “Ярилцлага” /The Interview/ киног гаргах “Sony” компанийн шийдвэрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нөлөөлсөн гэж Пхеньян буруутгажээ. “Sony” компани хакеруудын сүрдүүлгээс болж “Ярилцлага” киног гаргахыг цуцлаад байсан ч өнгөрсөн Зул сарын баяраар Америкт нээлтээ хийсэн юм.

Хавайд амарч буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийг нь “сармагчин” гэж нэрлэж, Хойд Солонгост интернэт тасарсанд Вашингтоныг буруутгасны хариуд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ёслолын буудлагатай мөнгөн үдэш

НЗДТГ-аас нийслэлчүүдийнээ баяр дээр баяр нэмж “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Шар айраг”, “Ньюанс”, “3 охин”, Б.Чинбат, С.Наран зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх гэнэ. Мөн хотын удирдлагууд оролцож, Улаанбаатарын мөнгөн үдшээр нийслэлчүүдтэйгээ шинэ оныг хамтдаа угтахаар болжээ.

Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийх гэнэ.

Categories
гадаад мэдээ

Ричард Гир Дээрхийн гэгээн IV Далай ламтай уулзав

Дээрхийн гэгээн Далай лам Холливудын алдарт жүжигчин Ричард Гирийг хүлээн авч уулзжээ. Эдүгээ 65 настай Ричард Гир анх 1978 онд Непалаар аялж яваад буддизмыг сонирхох болсон аж. Тэрээр нэг бус удаа Далай ламын ачаар амьдралд итгэх итгэл нь бэхжсэн гэж мэдэгдэж байсан билээ.

Ричард Гир хэлэхдээ “Далай лам бол ер бусын хүн, онцгой профессор, эцэг, хамгийн сайн анд. Тэр бол шашин, сэтгэл зүй, гүн ухаан гээд бүх системийг хослуулж чадсан гайхалтай жишээ. Тэд нийлээд бүхнийг өөрчилж чадна, юуг ч тэр. Мөрөөдөл бодит болон хэрэгжиж, гайхамшиг биелнэ. Хүмүүс өөрсдөө энэ гайхамшгийг хэрэгжүүлэх боломжтой” хэмээжээ.

gere

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар өндөржүүлсэн байдалд ажиллана

Аливаа баярын үеэр гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Ялангуяа дээрэм, танхай, хулгайн хэргээс гадна зам тээврийн ослын тоо өсдөг учраас энэ сарын 29 буюу маргаашнаас цагдаагийн байгууллагууд бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ. Харин арванхоёрдугаар сарын 31-нээс шинэ оны эхний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсон талаар ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа ЦЕГ-ынхан онцолж байна.

Categories
мэдээ спорт

Сэлэмчид олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

“Хангарьд” клубын тамирчин Б.Батхүү БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон “Гуанжоу 2014” олон улсын нээлттэй тэмцээний хүнд сэлэмний төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. Ийнхүү Монгол Улсын туялзуур сэлэмчид олон улсын тэмцээнээс анхны медалиа, тэр дундаа алтан медаль хүртэв. Мөн Э.Энхтулга, Т.Анарсайхан (Хоёул УБ Фенсинг клуб) нар мөнгө, хүрэл медаль энгэртээ зүүж, арвин ургац хураалаа. Түүнчлэн тэмцээний хоёр дахь өдөр болсон хүнд сэлэмний багийн төрөлд манай баг (Б.Батхүү, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга, Т.Анарсайхан) Хонконгийн багийг ялж АЛТАН медаль хүртжээ. Харин өсвөрийн төрөлд хүч үзсэн Б.Амарболд шагналт байрт шалгарсан байна.

Тус тэмцээн нь “Гуанжоу 2010” Азийн наадмаас хойш жил бүр, тус наадам болсон ордонд зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонконг, Тайланд, Макао, Монгол улсын 500 гаруй тамирчин 3 сэлэмний төрөлд, насанд хүрэгчид, өсвөрийн ангилалд явагджээ.

Монгол Улсаас дасгалжуулагч Александр Ровнягин, Д.Ганбаатар нараар удирдуулсан 5 тамирчин оролцсон юм. Тэд тэмцээний өмнө 2 долоо хоногийн турш Гуанжоу хотноо олон улсын хамтарсан бэлтгэлд оролцжээ.

Categories
гадаад мэдээ

Нигерт бүх замын хөдөлгөөнийг хаав

Нигерийн удирдлагууд хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагаанаас болж нийслэл болон хэд хэдэн том хотын гол замыг хааж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Боко Харам” бүлэглэл он солигдох үеэр алан хядах ажиллагаа явуулж, “Нигерийг цусанд живүүлнэ” хэмээн мэдэгдээд буй. Энэхүү мэдэгдлийн дараа Засгийн газар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Батлан хамгаалахын сайд Броуние Самукай “Хэт даврагчдын явуулах гэж буй алан хядах ажиллагааг урьдчилан мэдэж чадахгүйгээс хойш иргэдээ ийм аргаар хамгаалахаас өөр гарц алга” гэж хэлжээ.

Өнгөрсөн 25-ны өдөр болж өнгөрсөн зул сарын баяраар хэт даврагчид дараалласан халдлага үйлдэж 201 хүний аминд хүрчээ. Энэхүү үйл явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч Гүүдлак Жонатхан зул сарын баярыг тэмдэглэхийг хориглосон юм. Тэрбээр “Энэ жил ямар ч байгууллага баяр тэмдэглэхгүй. Хүмүүс шинэ оноо гэртээ гэр бүлтэйгээ тэмдэглэхийг хүсье” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхааруулав

БНХАУ-д Энэ сарын 16-ны өдөр шувууны томуугийн А хүрээний (H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ.

Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгдсэн байна.

Иймд иргэд БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас анхааруулав.