Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдийн цаг агаарын мэдээ

31-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2,3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 31-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 1 дүгээр сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө хотын төв орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Малчид, ард иргэдийн анхааралд

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

2014 оны ”Оны онцлох” хүүхдүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ийг тодруулахад 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхдийг шалгаруулжээ. Шинэ бүтээл, хүмүүнлэгийн үйлс, экологи, эрэмгий мэргэн, оюунлаг, амьдрах ухааны санаачилгаараа үеийнхнээ манлайлсан оны онцлох хүүхдүүдэд Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг шагнал гардуулж, баяр хүргэж үг хэлэхдээ,

-Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд “Харц мэт дагуул, хань мэт зөвлө” гэдэг үзэл баримтлалаар хандаж ирсэн. Та бүгдийн аав, ээж, гэр бүлийнхэн энэ үүргээ сайн биелүүлж, өнөөдөр та нараар бахархаж байгаа. Үе тэнгийн найзууд чинь та нараас үлгэр дууриал аваг. Эрч хүч, оюун санаа, үйлс бүтээл тань шийдэл болж дэлгэрэг, Та бүхэн Монгол Улсынхаа хөгжлийн төлөө түүчээлэх эзэд нь болно” гэлээ.

2014 оны “Онцлох Монгол хүүхэд” шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар байлцлаа.

Онцлох хүүхдүүдийг төлөөлж, Баян-Очирын Ёндонжамц үг хэллээ. Тэрбээр 16 настай, TV9 телевизийн дэргэдэх “Лоолойгийн найзууд” хүүхдийн клубийн гишүүн, Гандан хийдэд шавилан суудаг. Тус клубийнхэн “Адтай жаалууд”, “Ханхүү нь аль нь вэ?”, “Алсын удирдлага” хүүхдийн кино найруулж, өөрсдөө дүрээ бүтээсэн. БНСУ, Япон улсад болсон олон улсын кино наадамд бүтээлээрээ оролцож Гран-При шагнал хүртжээ.

Б.Ёндонжамц “Лоолойгийн найзууд” клубийнхээ гишүүдийг төлөөлөн Монголын есөн шилдэг хүүхдийн нэг болсондоо баяртай байна. Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэх авъяас чадвартай. Бидний авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлдэг хүмүүс бол аав ээж, багш нар минь юм. Аав, ээждээ, багш нартаа баярлалаа. Манай “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг үзэгчдэд хүрээд 9 жил болж байна. Энэ хугацаанд бид “Адтай жаалууд” гэж таван цуврал буюу нийт 225 ангит кино хийж, Монголынхоо хүүхэд, багачууд найз нартаа үзүүллээ. Энэчлэн бидний хийсэн ажил олон бий гэж хэллээ.

“2014 оны Онцлох хүүхэд”-ээр,

1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр: Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга – Нийслэлийн 33 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч

2. “Хүмүүнлэг хүүхэд”-ээр: Цэрэндондовын Ухаанзаяа Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч

3. “Эко хүүхэд”-ээр: Зоригтбаатарын Буянхишиг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч

4. “Оюунлаг-талст хүүхэд”-ээр: Адъяасүрэнгийн Анударь Гетё сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

5. “Эрэмгий хүүхэд”-ээр: Чогдонгийн Бямбажав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч

6. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Нармандахын Алтантулга Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч

7. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Батчулууны Санчирнаран Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч

8. “Зөв монгол хүүхэд”-ээр: Дуламсүрэнгийн Мягмарсүрэн Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан

9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр: Баян-Очирын Ёндонжамц TV9 телевизийн дэргэдэх “Лоолойгийн найзууд” клубийн гишүүн нар шалгарлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Реваншиcтууд

Реваншизм (франц хэлний revanchisme, revanche–хөрвүүлбэл “өшөө хонзон”, “хариу үйлдэл”, “өр төлөөс”), реваншист гэхлээрээ тийм үйлийг үйлдэгч – хонзогногч. Олон улсын харилцааны хичээл дээр энэ тухай заадагсан, ухаан нь Германы, Японы, Унгарын, Финийн, посткоммунист реваншизм гээд түүхэн сэдвүүд бий. Ялагдсан тал ялагдлаа үл зөвшөөрөн, дайны үр дүнг хянаж үзэхийг шаардах, тэр шаардлага нь яван явсаар дараагийн дайны шалтгаан болдог тухай сэдэв л дээ.

Харин энэ сэдвийг өнөөгийн Монголын нийгэм рүү авчирч холбож тайлбарлах адтай санаа хэн нэгэнд төрсөн байж болно. Тэгж бодож явдаг хүн бий бол би бүрэн дэмжиж үзэл бодлоо хуваалцаж байгаа маань энэ болно.

Өнөөгийн нийгмээ ажваас (нийгэм гэдэг маань хүмүүн хоорондын харилцаан дээр тулгуурлан хөгждөг тул хүмүүс гэсэн үг л дээ) тэр чигтээ реваншистуудаар дүүрсэн мэт. Нийгмийн бухимдал, зөрчил тэмцэл, атаа жөтөө, хор шар, гэмт хэргийн нэлээд нь реваншизмаас үүдэлтэй байж болох. Өш хонзон, хонзогнолын үр дагавар гэх үү дээ.

УИХ ердөө 76 суудалтай (далан зургаахан!), УИХ-аа сонгох болохоор хэдэн зуугаараа өрсөлдөнө, зарим тойрогт өрсөлдөгчдийн тоо 30-аас давна гээч, үр дүн нь тэр хэдэн зуугаас зөвхөн 76 нь төрийн дээд эрхийг атгах хувь хүртэнэ, сонгогдоогүй үлдсэн хэдэн зуу нь бүгд реваншистууд болж үлдэнэ. Хөмхийгөө зуусаар яаж ийгээд дараагийн УИХ-ын сонгууль хүргэнэ, дахиад унана, дахиад хөмхийгөө зууна, дахиад үзнэ, дахиад унана… Гэхдээ энэ хооронд мөрөөрөө байхгүй ээ, элдэв хөдөлгөөн үүсгэнэ, тэмцэл сэднэ, хэвлэлийн бага хурал гээчийг угсруулж өгнө, зурагт үзэхлээр нөгөө л таньдаг хэдэн царай. Тэд хүний үг сонсоно гэж байхгүй, засаглалын хуваарилалтыг хэзээ ч хүндэтгэхгүй. ТББ-уудын шугамаар зохиогддог хүний эрх, ардчиллын элдэв сургалт семинарыг алгасна гэж байхгүй, тэнд очоод үймүүлнэ, өөрсдийнхөө үгийг л хэлнэ, бусдыг сонсохгүй, эцэст нь хөөгдөөд гарна, хэд хоногийн дараа дараагийн семинар, урилга өгөөгүй ч шударга үгээ хэлэхээр тэд очно. Хөндөх сэдэв тэдэнд мундахгүй, улиг болтол ярьдаг хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос эхлээд 7 сарын 1-ний үйл явдал, байгаль орчин, ашигт малтмал, Оюу толгой, Таван толгой, нөхөн сэргээлт, хуйвалдааны засгийн газар, газар шороо, Үндсэн хууль… ийм нэг цикл манай нийгэмд буй болоод удаж байгаа юм байна.

УИХ-аа бид зургаан удаа сонгоход зургууланд нь биш гэхэд тавд нь, дөрөвт нь нэрээ дэвшүүлж өрсөлдөөд бараагүй хаягдсан реваншистуудыг нийгэм таньдаг болсон байх. Тэдэн дээр нэмэгдэж хүч сэлбэх дараагийн реваншист бэлэн буй. Гэртээ зурагтаар УИХ-ын чуулганы хуралдаан үзэж суугаад л гэнэт өөрийгөө таних нь тэр.УИХ-д суугаа 76-гийн ядаж ганц хоёр, эсвэл 10 нь өөрөөс нь тэнэг, ухаан дутуу, боловсрол нимгэн болохыг тэр нөхөр олоод харчихна, тэгээд л өөрийгөө сойно, өөрөө УИХ-д сууж байх ухаантан гэж ах дүүс аав ээжээрээ хэлүүлж дөнгөнө, тэгээд өөрийнхөө ижлийг хайна, ямар нэгэн иргэний хөдөлгөөн бэлэн зэхээстэй байж байна, тийшээ очоод хэвлэлийн бага хурлын арын фон болоод суугаад авах нь тэр. Өөрөө өөрийнхөө үнэн гэдэгт итгэчихээр тэднийг засч залруулах аялуулах ганц ч хүн хорвоод байхгүй.Тэднийг тогтоох албан байгууллага гэж байхгүй. Таарч тохирох ажил ч гэж олдохгүй. Реваншистуудын улс төрийн нам гэж бүр хэд хэдээрээ Дээд Шүүхэд бүртгэлтэй байж байна, дараагийнх нь бүртгүүлэх гээд оочерын толгойд бэлэн зэхээстэй.

Улс төрийг орхилоо гэхэд миний ажиллаж байсан их дээд сургуульд реваншист багш маш олон байх юм аа. 1990 оноос өмнө аз жаргал, хамаг сайн сайхан нь цэцэглэж байсан бололтой, 1990 оноос хойш гундсан, гэвч социализмын үеийн эрдмийн зэрэг цолоороо далайлгаад тэд их сургуулиудад шигдээд үлдчихсэн, их сургуулиас ямар нэгэн юм олж өөртөө унагахыг хичээнэ. Заадаг хичээл зөв буруу, хэрэгтэй хэрэггүйг ялгах тэнхээ цаад оюутнуудад нь байхгүй тул мань нөхөд их сургуулиудыг зайдагнаж өгнө, үхэх өдрөө хүртэл их сургуульд байхыг хүснэ, “гавьяат”, “ардын” цол, одон нэхэх бол энүүхэнд. Хамт олноо зүгээр суулгана гэж байхгүй, тэнхим, багш нарыг талцуулна, хов хутгана, хор найруулна. Одоо ихэнхи нь брокер болоод сургууль сургууль дамжин дүн гуйж засуулах, эсвэл дүнгийг нь даруулах, эсвэл оюутан элсүүлэх, шилжүүлэх хор найруулцгаагаад явж байна. Чухам ийм реваншистуудын эсрэг л МУИС түрүүлэнреформ хийсэн байх гэж би бодоод явдаг юм.

Шинжлэх ухааны академи гэж реваншист сэхээтэн дэндүү олонтой нэг байгууллага бий. Эрдмийн цол өгсөнгүй гээд Үндэсний ШУА байгуулаад гарчихсан, академичийг баруун солгойгүй өгнө, ер нь “академич” гэх алдрыг хайрлах академи манай улсад мундахгүй олон. Реваншист тэр сэхээтнүүд бол олон улсын ба үндэсний хурал симпозиумыг үймүүлэх, илтгэгчийг гутаах доромжлох, өөрөө илүү нэгнийг урихгүй байх, алгасах, үгүйсгэх бол энүүхэнд. Өөрөө өөрийгөө л сонсоно, өөрийнхөө ярианд уярна, бусдыг яриулахгүй, таглах үг нь бэлэн зэлэн. Гадаад томилолтын мөнгө нэхэж аваад дэлхий хэсээд байх нь тэр.

Реваншистууд төрийн албанд маш олуулаа байна.”Гавьяат”, “ардын” цол, одон нэхэгчид төрийн албанд маш их бий, нуух юм байхгүй. Цол тэмдэг нэхэх бол энүүхэнд, аливаа томилгоо, шагнал урамшил дээр тэд байнга гонгиноостой. Дараа дараагийн хойч үеэ, үр хүүхэд ач зээ нар шиг залуусаа үзэн ядах, мөчөөрхөх, үгүйсгэх хэлбэрээр тэдний ааш аяг ил гараад ирнэ. Хуурай нойтон агсамыг тэд л тавина. Аль ч Засгийн газрын үед юм бол Гадаад харилцааны сайд хийж явсан нэгэн эрхэм “Гадаад яам шинэчлэгдээд явах ёстой байтал байхгүй шүү. Яана даа гэмээр. Би Гадаад яаманд очих дургүй, очоод хүн харахаас дургүй хүрчихэж байгаа юм чинь. Тийм болохоор ер нь холхон л байж байсан нь дээр юм болов уу гэж боддог болчихсон” гээд яриад явж байх юм. Энэ чинь реваншизм биш гэж үү?

“Урлагийн алтан үеийнхэн” хэмээн амаа цангатал ярьдаг ахмад нөхөд мөн л реваншизмын гольдрол руу тун ойртож явна. Алт, мөнгө, хүрэл гэж медаль байдаг байх, хэрэв алтан үе хэмээн түүхийг томъёолж байгаа бол мөнгөн үе, хүрэл үе гэж бас байх нээ?Одоогийн залуусын авьяас чадварт тэд тун ихээр эргэлзэх ба тэдний нэг төлөөлөгч нь зурагтаар ярьж байхыг үзэхүл, хүнд өвчин туссан үедээ хутга барьж гараад хэд хэдийг хутгалаад сийчээд, банк дээрэмдээд хаячихмаар санагдсан гээд хээвнэг ярьж байв. Энэ чинь реваншизм, бүр цаашилбал терроризм биш гэж үү?

Реваншизм нь эдийн засаг, бизнес, эмнэлэг, төрийн бус байгууллага, хүний өдөр тутмын харьцаа, интернэт, бүр хайр дурлал, амрагийн явдал дээр хүртэл илэрнэ гээч.Орчин цагт реваншистууд хорсол бухимдлаа гаргадаг, тайлдаг, таашаал авдаг нэг боломжит суваг нь интернэт юм. Интернэтээр тардаг хэвлэлийн сайтуудын сэтгэгдлийн булан гэж гэж тэр чигтээ реваншизм. Хараах ерөөх, занах зүхэхийг үзүүлж өгнө. bааbаr.mn сайтад хорслоо тайлагч реваншистуудын бичдэг коммент гэж хэдэн боть ном болохоор. Гадаад хэд хэдэн улсаас тухайлбал Герман, Испани, АНУ-аас дагнан коммент бичиж биднийг харааж зүхэж суудаг хэд хэдэн реваншист байна. Барселоноос нэг нөхөр бүр уйгагүй бичих юм. Суугаа газрынх нь хаяг-хот, гудамж, интернэтэд нэвтэрдэг сервер нь дурайж байна. Тэд Монголын бүх сайтыг ухаж онгичиж суух ба очсон тэр орондоо гуравдугаар сортын хүн тул түүндээ өсөрхөөд өсөрхлөө сайтаар гаргаж суугаа нь тэр болов уу.

Реваншистууд нийгмээр дүүpлээ гээд тэд 1990 оны өмнөх социализмдаа эргэж оръё гээд байгаа юм биш л дээ. Социализмдаа эргэж оръё гэвэл тэднээс “За” гэх ганц ч хүн гарахгүй. Бусдын сайн сайхан яваад л өсөрхөөд байгаа хэрэг!

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Пицца хийдэг залуус ажил дээрээ шинэ оноо угтдаг

Баярын үеэр ажиллаж байдаг түргэний эмч, цагдаа, сэтгүүлчид шиг л “Хишиг өдөр”-тэй байдаг хүмүүс бол пицца хийдэг залуус юм байна. Учир нь аливаа баяраар тэдний “үйлдвэрлэдэг” пиццаны эрэлт хэрэгцээ нэмэгддэг. “Микс пицца”-гаар орж баярын үеийн үр бүтээлтэй нь танилцав. “Микс пицца”-ны ерөнхий технологич Э.Онон “Баярын хуваарьгаргаж сууна” гэсээр угтлаа. Баярын үеэр нэмэлт хүчээр ажилладаг гэж тэр тайлбарлав. “Микс пицца”-ны онцлог нь бусад пиццанаас хэмжээ том, үнэ нь адил гэнэ. Шинэ пицца мэндлэхдээл бусдаас ялгарах ийм онцлогтой байлаа. Одоо ч түүнийгээ хадгалсан хэвээр. Пиццаны хэмжээг инчээр илэрхийлдэг аж. 14 инчийн найман зүсэмтэй пицца 21900 байдаг бол 16 инчийн 12 зүсэмтэй пицца 26900 аж.

Захиалга ирэнгүүт шинээр хийж өгдөг гэж технологич нь тодотгож байна лээ. Захиалга авахдаа “Манай пицца тэдэн минутын дараа очно” гэж хэлдэг учраас цаг мөчтэй уралдана. Ачаалал ихтэй үед пицца хийх цаг нь сунжраад, бүтээгдэхүүнээ хүргэж өгөхөд жолоочидарван хором ногдох үе ч бий. Эдний жолооч нар ямар байшин руу яажочихоо андахгүй. Байнгын хэрэглэгч нарт хүрэх маршрут тодорхой. Учир нь эднийхэн саяхан байнгын хэрэглэгчдээ урамшуулахаар залгасан дугаараар нь судлахад нэг хүн 300 удаа захиалга хийсэн тооцоо гарчээ. Жилийн 365 хоногийн ихэнхи өдөр ньпицца зооглосон хүн бий гэхээр монголчуудын амьдралын хэв маяг өөрболжээ. Миксийнхэн дөрвөн салбартай. Гурван салбар нь өглөөний 10-аас шөнө 00 цаг хүртэл ажилладаг бол төв салбар нь 24 цагаар ажилладаг аж. Шөнө оройн цагаар үйлчлүүлэгчид олширно. Хурал цуглаан, семинарынхан ч пиццанд “За” гэнэ. Залуу хосууд, баяраар ажилладаг хүмүүс, гадаадын иргэдэдний байнгын үйлчлүүлэгчид учраас цагаан сар, наадмаар ч ажил ихтэй.

Өглөөний цайны цаг, өдрийн хоолны үе, орой ажил тараад гэртээ хоол хийхээс залхуурсан хүмүүс пицца захиалахаар утсаа шүүрч авдаг цагуудад энэ залуус завгүй ажилладаг.”Ядаж байхад тэр цагуудад түгжрэл ихтэй” хэмээн Э.Онон дуугарав. Пиццагаа халуунаар нь хадгалах цүнхээ бариад л түгээгчид ажилдаа гарна. Замын түгжрэлээс болоод амласан хугацаанаасаа хожимдох бол үйлчлүүлэгчдээ ямар шалтгаанаар хоцорч буйгаа мэдэгдэх дүрэмтэй.

Урьдчилсан захиалгууд дандаа онцгой байдаг гэлээ. Тухайн үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон орц санал болгодог. Пиццаны чимэглэл нь захиалагчбайгууллагын лого хэлбэртэй байх нь түгээмэл. Валентиний өдрөөр бүх пицца зүрхэн хэлбэртэй байдаг бол олон улсын эмэгтэйчүүдийн баяраар”Мартын 8″ гэсэн чимэглэл моодонд орно.

Нэг хазалтаар олонамт мэдрүүлэхийн тулд олон бүтээгдэхүүн хэрэглэдэг гэлээ.”Пицца хийдэг хүмүүс тогооч мэргэжилтэй байдаг. Пиццаг хэзээ ч сургуульд заадаггүй” гэж технологич ярьсан. Пиццаны тогооч хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ачаалал даах чадвартай байх учиртай. Дунджаар 15-20 хоромд пицца бэлэн болох нормтой. Энэхүү шаардлагыг залуу хүмүүс лхангах нь их. Эдний залуус шинэ оноо ажил дээрээ угтдаг аж. “Яг он солигдох үед та нар баярла гэсэн шиг хэсэгхэн хугацаанд захиалга ирдэггүй. Он солигдсны дараа эргээд л ажилдаа орно доо” гэж Э.Онон ярилаа.

-Ихэнхи зүйлийгнь бэлтгэл цехэд бэлтгээд ирүүлдэг юм гэж технологич тайлбарлав. Эднийх пиццаны гурилаа элддэггүй аж. Гараар гурилаа сунгаж татах нь нэлээд эв зүй шаардах бололтой.

Нэгэнт пицца хийдэг газар ирснийх гэртээ пицца хийхийг хүссэн эзэгтэй нарт зориулж гурилаа хэрхэн зөв зуурах талаар зөвлөгөө өгөхийг Э.Ононгоос хүслээ.

-Пиццаны гурилыг сонгохдоо зуурамтгай чанарыг нь бодолцох ёстой гэлээ. Энэ нь цавуулаг өндөр байх ёстой гэсэн үг. Ямар амтанд дуртай гэдгээсээ хамаарч зуурах гэж байгаа усандаа өндөг, сахар, давс халуун ногоо зэргийг нэмж болно. Гурилаа зуурсны дараа 30-40 хором амраана. Зуурмаг суналт сайтай резин шиг л байх учиртай. Мэдээж буцаж агшихгүй, хатуу биш, урсамтгай ч биш байх ёстой гэнэ шүү. Нэг кг гурилд 5 грамм исгэгч байхад хангалттай гэлээ. Амттай пицца хийхийн тулд гурилаа зөв зуурах нь хамгийн чухал. Пиццаны гурилыг хэлбэрт оруулахдаа хөөнө гэж тооцоод зузаан биш элдэх ёстой. Мэдээж элдэхгүй гараар сунгаж татаж чадвал бүр зүгээр л дээ.

Шинэ жилээр ачаалал ихтэй байдаг хүмүүсийн тухай сурвалжлах хүсэлт тавихад Миксийнхэн биднийг шуудочихыг зөвшөөрсөн. “Шинэ халаатаа өмсч, ширээний бүтээлгээ сольдоггүй” хүмүүс юм байна лээ. Энд харилцуур утас тасралтгүй хангинах юм. Гэрийн хаяг лавласан яриа өрнөнө. Тэдшинэ байрандаанүүж ирээд удаагүй гэнэ. “Азийн стандартад нийцсэн түргэн хоолны газар болохоор бэлтгэж байгаа” гэж технологич хуучлав. Нэг давхартнь засал чимэглэлийн ажил өрнөж байлаа.

Дуучдыг дуулаад өгөөч гэж гуйх. Харин пиццаны газар ажилладаг хүнээс юу хүсэх нь тодорхой. “Пицца хийж өгөөч” гэсэн гуйлтууд ирдэг. “Та манайхаас захиалаад ид” гээд өөрийн пиццагаа санал болгодог гэж Э.Онон буурьтай ярилаа. Интернэтээр хайруулын тавагны пиццаныжор явдаг. Хайруулын тавган дээр пицца хийж болох уу хэмээн лавлахад

“Пиццаг технологийн хувьд хайруулын тавган дээр хийх нь тохиромжтой биш. Пицца бүх юм нь тусдаа бэлтгэгддэг хоол учраас хайруулын тавган дээр хийхэд жинхэнэ утгаар нь амталж чадахгүй” гэлээ.

Пиццаны тогооч О.Банзрагчтай цөөн хором ярилцав.

Өглөөнөөс хойш ямар пицца түлхүү хийв?

-“Холимог”, “Махтай”, “Микс”, “Хавай”,”Салями” өдөртөө түлхүү гардаг л даа. Өглөөнөөс хойш тиймэрхүү л юм хийлээ дээ.

Шинэжилээр хэзээ баярладаг вэ?

-Шинэ жилээр гэртээ амарна гэж байхгүй. Эндээ л ажилладаг. Амарч байгаа үедээ ч нэмэлтээр ирж ажиллах үе гарна.Баярын үеэр ердийнхөөс хоёр дахин их ажилладаг.

Пиццанытогооч пиццанд дуртай байдаг уу?

-Эхэндээ их дуртай байснаа байнга хийгээд байхаар идэх хүсэл төрөхөө байчихдаг юм аа.

Тогооч хүний баярын ширээг тогооч өөрөө бэлтгэдэг үү?

-Манай гэрийнхэн бууз, нийслэл салатхийчихдэг юм. Гэртээ баярын хоол хийж амждаггүй ээ.

Ямар пиццандаа дуртай вэ?

-Холимог пиццанд.Пицца болгонд ордог зүйлс багтдаг болохоор амттай. Манай пиццаны гурилыггараар татдаг болохоор гурил нь зөөлөн хөвсгөр байдаг гэлээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ гэж үздэг гэв

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбогдуулан албан байгууллага, найз нөхдөөрөө архидан сог­туурч улмаар хордлогод орох тохиолдол эрс нэмэгддэг. Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг нь 50 ортой ч үргэлж тооноос давсан хүмүүс эмчлүүлж байсан юм. Тэдгээрийн дийлэнх нь анх удаа эмчлүүлж байгаа хэдий ч хоёр болон түүнээс олон удаа хэвтэж байгаа өвчтөн цөөнгүй байлаа. Долоогоос арав хоног хэвтэн эмчлүүлэхэд 20 мянган төгрөгийн төлбөртэй аж. Наркологийн эмнэлгийн их эмч, тасгийн эрхлэгч Г.Бэрцэцэгээс тодруулга авсан юм.

Сүүлийн жилүүдэд архины хордлогод орж, хэвтэн эмчлүүлэгсэд эрс залуужих боллоо хэмээн яригдах болсон нь хэр бодитой вэ?

-Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн нас залуужих болсон нь үнэн. Одоо л гэхэд 25-аас 27 насны хоёр гурван ч залуу хэвтэн эмчлүүлж байна. Тэгж яривал 20 настай залуу хүртэл архины хордлогод орж, манайд ирж байсан удаатай. Ер нь Цагаан сар, Шинэ жил, наадам зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, тэмдэглэлт ойгоор манайд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг. Энэ жил ч мөн тийм янзтай байна. Гэхдээ тэдэн дунд эмэгтэй хүн байхгүйд олзуурхаж байна. Өмнө нь бүхэл бүтэн хоёр, гурван тасаг дүүрэн эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлж байхад үнэхээр сэтгэл эмзэглэм байсан шүү. Сүүлийн үед орон гэргүй, архинд донтох өвчтэй хүмүүс нэмэгдэх болсон.

Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг танай эмнэлгийн барилгыг шинэчлэх тухай яригдаж байсан. Энэ тухайд?

-Манай эмнэлгийн байрыг шинэчлэн, таван давхар 150 ортой болгохоор яригдаж эхэлсэн. Эмнэлгийнхээ хажууд амбулатори хүртэл байгуулах юм билээ. Хэрэв ингэвэл иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь манай эмнэлгийг зайлшгүй өргөтгөн шинэчлэх шаардлагатай гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Яг хэдийд ажил хэрэг болох нь тодорхойгүй байгаа ч амбулаторитой болгохоор яригдаж байгаа.

Архи их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хүний ямар эд эрхтэн илүү гэмтдэг вэ?

-Архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гэмтдэггүй эд эрхтэн гэж байдаггүй. Гэхдээ эдгээрээс элэг, тархи, зүрх түлхүү гэмтдэг. Архи их уувал зүрх өөхөлдөг. Энэ нь яваандаа зүрхний шигдээс өвчин тусгадаг. Бүр цаашилбал тархи гэмтдэг. Энэ тохиолдолд архинд донтох өвчин үүсч, улмаар хүмүүс тэнэгэрч, бие хүнийхээ доройтолд ордог. Элэг хүний бие дэх бүхий л хорт бодисыг шүүгч “лаборатори” учраас архи их уугаад байвал элэг ч мөн гэмтдэг. Элэг 100 грамм архийг нэг цагт хоргүйжүүлэх “хүчин чадалтай”. Гэтэл манайхан баяр ёслолоор ганц хоёрхон хундага архиар тогтдоггүй учраас элэгний шүүх чадвар алдагдаж, архины хор хүний биеэр тардаг. Ийнхүү хэр их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалаад хордлогын үе шат тогтоогддог.

Архины хордлогод орсон тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Олон хоногоор, удаан хугацаагаар хэт их архи уугаад ирэхээр элэг шүүх чадвараа алддаг. Хордлогод орсон тохиолдолд эс доторх эрдэс бодис нь алдагддаг. Архи уусны маргааш шартах буюу дотор муухай оргиж, бөөлжиж байна гэдэг нь бие организм архийг эсэргүүцэж байна гэсэн үг. Удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглээд байвал дээрх рефлексүүд алга болдог. Ялангуяа бөөлжихөө больдог. Өөрөөр хэлбэл архины хоронд бие организм дасан зохицдог. Энэ байдал удаан үргэлжилбэл нойргүйдэх, хар дарах цаашлаад гар хөл салгалж, зүрх нь дэлсэж, татаж унадаг болдог. Зарим тохиолдолд солиорол буюу сонсголын болон харааны хий зүйлс хардаг болно. Тэгэхээр ийм хордлогод ортлоо архийг хэрэглэхгүй байх ёстой. Архинд донтох гэдэг бол бие сэтгэц, оюун санааг бүхэлд нь хамааралд оруулдаг өвчин. Тиймээс архинд донтсон арван хүн тутмын долоо, найм нь гэр бүл, ажил төрөлгүй байдаг.

Согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээ гэдгийг дэлхий нийтээр юу гэж ойлгодог юм бол. Өөрөөр хэлбэл хэр хэмжээний архи хэрэглэвэл хүний биед хоргүй гэж үздэг юм бэ?

-Дэлхий дахинаа нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ буюу хүний биед хоргүй гэж үздэг. Эсвэл 60 мл ликёр юм уу 120 мл вино ч ууж болно. Дээрх хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх тоолонд эд эрхтэн гэмтэхийн хажуугаар архинд донтох өвчний суурь тавигдаж байдаг. Энэ нь бие организм архинд дасан зохицоод, цаашилбал үгүйлдэг болно гэсэн үг. Гадаадынхан бол ганц хундага вискийг бүтэн оройжин шимж суудаг бол манайхан мөстэй ч холилгүй бүтэн шилээр дор нь хөнтөрчихдөг.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Чуулганы энэ оны отгон хуралдаанаар юу хэлэлцэв?

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдааны эхэнд спикер мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр дөнгөж томилогдсон хүмүүст хандаж хэлсэн үг заримд нь буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нартай холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэлээ. Үүний дараагаар “Тогтоолын хавсралтуудаднэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээв. Энэхүү тогтоол нь Зүүнхараа дахь алтны үндсэн ордыг ашиглах тухай юм. Уг ордыг ашигласнаар гурван их наяд төгрөгийн алтыг Монголбанкинд тушаахаар гэрээ хийгджээ. Мөн 1000 хүн ажилтай болох аж. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулга болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо Ажлын хэсгээс гарсан саналыг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Гишүүд дээрх төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Тэгээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, О.Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталлаа. 2012 оны сонгуулийн дараа бүрэлдсэн УИХ-д МАН-ын бүлэг бүлгээ байгуулж чадаагүй учраас гишүүд нь байнгын хороонд тэнцвэртэй хуваарилагдаж чадаагүй. Үүнийг залруулж, байнгын хорооны бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт оруулав бололтой.

Үүний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар хуулийн төсөлд тусган 2014 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн юм. Энэ дагуу төслийг хэлэлцэх явцад гишүүд тамхи татах цэгийн байршлын талаар тодруулж байлаа.Тухайлбал, төсөв, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар болон аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд тамхи татах цэгийг хэрхэн байгуулах, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс мөнгө гаргах эсэх талаар асууж байсан. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, дотоод орчинд тамхи татах цэг байгуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй гэв. Харин гадаа нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэг байгуулах болбол тус цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн ИТХ шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн сүүлчийн асуудал нь Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг “Эрүүл мэндийн даатгалын хууль” гэж нэрлэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч байлаа. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалыг албан журмын болон сайн дурын даатгал гэсэн төрөлтэй болгох санал ч дэмжигдсэн юм. Гишүүд байнгын хорооны хуралдаанд танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүлэв.

ЧУУЛГАН ХААЛТТАЙ ГОРИМД ХУРАЛДАВ

Баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Энэ өдөр Төрийн ордонд утасны сүлжээ хаав. Ингээд чуулганы үеэр Ерөнхийлөгч мэдээлэл хийсэн байна.Эдийн засгийг сэргээх тухай ярьсан гэх мэдээлэл байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгсөн байна. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байгаагаар мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн аж.

Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэснийг гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ. Мөн баасан гаригт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын даргад танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Тэнгэр мэт сүрлэг “Алтайн уулс”

Төрийн шагналт, ардын зураач Лувсангийн Гаваагийн “Алтайн уулс” бол Монголын дүрслэх урлагийн сонгодог бүтээл юм.Л.Гаваа гуай энэ бүтээлээ 1958 онд туурвижээ. 200×400см-ийн хэмжээтэй. Үзэл санаа, өгүүлэмж, дүрслэлийн хэлээрээ асар өргөн цар хүрээг илэрхийлсэн туульсын уран зураг юм. Байгалийн уран зургийн гол онцлог нь өнгө бичилтдээ байдаг. Байгаль ертөнц дээр байгалиас өөрөөс нь өөр төгс бүтээл үгүй учраас тэр. Байгалийн бодит төгс төгөлдрийг уран сайхны сэтгэлгээнд буулгахдаа өнгөний хэллэгээрээ хэр зэрэг өргөн орон зайг бүтээн бий болгоход хэргийн учир байна. Хөгжмөөр зүйрлэн үзвэл, симфони хөгжимд дээд зэргийн өндөр нарийвчлалтай оркестровкыг(найралжуулга) бүтээнэ гэсэн үг юм.Үүгээрээ сонгодог бүтээл нь хүний оюуны мөнхийн тэжээл болдог. Л.Гаваа гуай “Алтайн уулс” бүтээлдээ Монгол Алтайн нуруудын байгалийн төгс үзэсгэлэнг хүүрнэн өгүүлэхдээ өнгөнүүдийн найралжуулгыг тийм өндөр нарийвчлалтайгаар бичсэн харагдана. Одоо та эл агуу уран зургийн өнгөний найралжуулгыг харна уу. Байгалийн уран зургийн сод бүтээл дэх өргөн дэлгэр утга, гүн санааг өгүүлсэн баян тансаг хэллэгийг “өнгөний зохицол” гэх төдийгөөр илэрхийлэх аргагүй. Өнгө зохицох төдийгүй найрал үүсгэж байж хүүрнэн өгүүлэх өргөн цар хүрээнд хүрч очдог. Тиймээс “өнгөний найралжуулга” нь зураачийн туурвих зарчмыг, мастерствог илүү тодорхой ойлгомжтой харуулж чадах юм.

“Алтайн уулс”-ын зохиомж дахь симфони маягийн өнгө бичилт нь түүнд багтаасан өгүүлэмжийнхээ хамт оршихуйн тухай монголчуудын гүн ухааны үзэл дээр төвлөрч байна. Манай монголчууд эрэгтэй хүүхдийг “Уул шиг өндөр эр болоорой” гэж ерөөдөг. Ялангуяа хүүхдийн даахь үргээхдээ. Хуруун чинээ бяцхан хөвгүүдээ ийн ерөөсөөр ирсэн нь өндөр нуруутай болоорой гэсэн утга биш гэж бүгд мэднэ. Мянга мянган жил хөвгүүддээ хандан хэлж ирсэн энэ үгс өнгөн дээрээ жирийн л сонсдох боловч өрх гэр хийгээд улс гэрээ залж авч явах ноён нуруу, ухаан саруул, сэтгэл уужуу, эрдэм чадал төгс эр хүн болоорой гэсэн утгыг агуулж байдаг ажээ. Амьдралын ноён нуруу болоорой л гэсэн үг юм. Үр хүүхдээ “уул шиг өндөр эр болоорой” хэмээсэн энэ хэдхэн үгэнд монголчууд амьдралынхаа гүн ухааныг шингээжээ. Яагаад тал шиг уужуу эр болоорой гэж ерөөгөөгүй вэ.

Байгаль ертөнцтэйгөө зэрэгцэн оршигч монгол хүний сэтгэлгээгээр бол уулс нь ямагт алслан тэлэх уудам орон зайг илэрхийлдэг. Чухамдаа уудам орон зайд л амьдрал өргөн дэлгэр бөгөөд цаглашгүй оршдог байна. Монголчууд оршихуйн мөн чанарыг ингэж үзжээ. Энэ үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь “Алтайн магтаал” хэмээх туульсын хөгжим байна. “Алтайн уулс” сонгодог зураг, “Алтайн магтаал” туульсын хөгжим хоёр үзэл санаагаараа агаар нэг. Санаагаа илэрхийлсэн туульсын хэл, уран сайхны сэтгэлгээгээрээ ч нэгдмэл юм. Гаваа гуайн сонгодог зургийг хармагц үзэгчийн сэтгэлд “Алтайн магтаал” сонсогдох шиг болдог билээ. Энэ бол уг хоёр бүтээлийг сонгодог хэв шинжээрээ төрөлсөж буйг нотолно. “Алтайн магтаал”-ыг сонсоогүй юм уу мэдэхгүй монгол хүн нэгээхэн бээр ч үгүй биз. Хүний сэтгэлийг соронзон мэт татаж, уярах, хайрлах, бахархах, алмайран гайхах, бишрэх, сүрдэх гээд бүхий л мэдрэмжийг өдөөж сэтгэл хөдлөлийн туйлд хүргэгч “Алтайн магтаал”-аар монгол хөгжмийн сэтгэлгээ төлөвшин тогтсон болов уу. Алтайн магтаалыг сонсч байхад цаг хугацаа зогсчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Улмаар цаг хугацааны вакуум орчноос гараад гадна талд нь буйгаа мэдэрдэг. Ихэнх хөгжим сонсогчоо урагшаа хурдлуулаад л байдаг бол Алтайн магтаал хүнийг цаг хугацааны “лонх”-ны дотроос хөтөлж гаргаад мөнхөд оршигч ертөнцтэй нэгдмэл нэгэн эс болгож орхидог ид шидтэй. Тэгээд хөгжим өндөрлөхөд сонсогч бээр мөнөөхөн ид шидээсээ аажмаар гарч цаг хугацааныхаа “лонх”-нд эргэн газарддаг билээ. Тэнгэр баганадан оршигч баян тансаг Алтайн уулсын бэл хормойноос зүүгдэн төрж, бэлийнх нь чулуунд бүдэрч, унаж босон хөлд орсон түмэн олны оюун сэтгэлээс энэ шидэт хөгжим дуурьссан бол “Алтайн уулс” сонгодог зургийг бүтээн туурвигч нь говь нутагт төрж өссөн байх аж.

Зураач энэ бүтээлээ туурвихдаа олон жилээ зориулж, олон ч судалбар зурсан гэдэг. Тэрбээр 1953 онд Ховд аймгийн Булган суманд очиж судалгаа хийжээ. Нутгийн оршин суугчидтай танилцаж, өвгөд настнуудтай байнга ярилцаж, угсаатнуудын аж байдал, зан заншилтай танилцаж явсан байна. Ийнхүү бараг гурван жил судалгаа хийж, өдрийн бодол, шөнийн зүүдэндээ амилуулсаар сэтгэл оюундаа их уулсын дүрийг бүтээн босгосон гэдэг.Алтайн уулсыг заримдаа эрдэнэсийн өнгөөр зүүдэлж байсан тухайгаа ингэж ярьжээ. “Аялж явах хугацаанд Цаст цагаан Алтай байн байн зүүдэнд үзэгдэж, нүдгүй исгэрсэн салхи шуурган дунд сарьдаг орой нь торолзоод л, заримдаа тувт эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор түүнээс нь түүж өвөртлөөд их л таатай өег байтал гэнэт нойр цэлмэж, бахь байдаг төмөр орныхоо толгойг тас атгачихсанаа мэдэрнэ. Зүүд нойрондоо мөнөөх л Алтайн сүр жавхааг усанд туссан үзэсгэлэнт байдлаар харж, түүнийгээ зурах гэж оролдоно. Ховд аймагт уран бүтээлийн томилолтоор ажиллаж явахдаа сэтгэлд уяатай нэгэн дүртэй болчихжээ. Хүссэн бүхэн санаснаар бүтдэггүй хорвоод харин ч санамсаргүй байтал мөнөөх л дүрүүд эрээлжлэн үзэгдэж, Алтайн уулс сэтгэлд зурсхийн бууж, бийрээ аван зурж татлаад эхэлнэ. Ингэж хэдхэн хормын дотор хар зураг татагдаж, уулсын дүр дүрслэл нүднээ тодорч, өнгө зүс, хүүшилсэн сүүдрийг хэрхэн гаргаснаа ч өөрөө анзаараагүй. Нэг л мэдэхэд энэ зураг бэлэн болсон байлаа” гэж уран бүтээлийн нөхдөдөө ярьсныг зураачийн тухай Л.Батчулууны номд тэмдэглэн үлдээсэн байх юм. Нэрт зураач Л.Гаваа гуай амьдралынхаа ихэнх цаг хугацааг театр урлагт зориулсан. Орчин үеийн театрын урлагийг үндэслэгчдийн нэг тэрбээр хөгжимт драмын театрууд, Дуурь, бүжгийн эрдмийн театрынурын сангийн жүжгүүдийн тайзыг хийсэн. ДБЭТ-ын Ерөнхий зураачаар ажиллаж байсныг нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Тэрбээр 150 гаруй жүжгийн тайз, хувцас чимэглэл, 20-иод киноны зураачаар ажиллан 300 гаруй уран зураг туурвисан. Ховд, Баян-Өлгий аймгийн театруудад томилолтоор очиж ажиллах бүртээ “Алтайн уулс”-ынхаа судалгааг уйгагүй хийж явсан байдаг. Хожим ньЛ.Гаваа гуай ингэж бичжээ. “Алтайн уулын том зураг миний сэтгэлд хадаатай явсан болохоор зураач М.Амгалангийн хамтаар ердийн уналга хувийн боломжоор Алтай Таван богд ууланд гарахаар зориглов. Холбоо нуурын чигээс зүүн тийш ташиж, Алтай хангайг тойрон аялж, Потийн даваа, мөсөн гол хүртэл аялж, үнэнхүү гайхамшигт бишрэн явах зуураа уран сэтгэмж, үнэн бодит амьдрал хоёрын мөн ялгааг биеэр туулж, нүдээр үзэж сэтгэгдэл өндөртэй цаст Алтайгаас бууж ирээд зургаа зурсан ч Алтайдаа дахин авиран мацсан юм. Ингэж явах зуураа цаг ямагт зургийн хоёр дахь хувилбарыг бодсоор Таван богд, Алтайн дүрийг гэрэл зурагт янз бүрийн байдлаар буулгаж байлаа. Миний зурсан зураг илүү сайхан тод томруун аятай байв. Эцсийн эцэст асар өндөр ууланд хэт ойртож тулсан харцаар зурахад зөвхөн сарьдгийн оргил харагдаж, уран дүрслэлийн гол гогцоог ерөнхийлөн урлах зөв хараа чухал байв. Алтайн ууланд үзсэн харсан бүгдийг сэтгэл зүрхэндээ тогтоон ирж, зургаа дуусгах ажилд орлоо. Алсад хэцрэн манарах их уулсын цуваа, түүний ам, салаа бүрийн айсуй тогтоц бидэнд тулж, их хавцлын эрс тэсийн ялгавар, бэл хормой дахь ой модод, дүнсгэр нуруу, нуга, гол ус эд бүгдийг ялган зааглах, эсвэл уран сайхны ерөнхийлөлд хүргэхэд манан будангийн өнгө төрхийн дагавар, хөнгөн бичлэг, таталбарлалт бүгд нь уулыг уулс болгох, толгодыг уулс болгох, байгаль хорвоогийн өнгө үзэмжийг уран зураг болгох, будаг шунхыг хөг аялгуунд хувьсгаж, их дүрслэлийн байц тогтоцыг хийсвэрлэл, айзам хөдөлгөөнөөр нийлүүлэн, яруу тунгалаг найрлын зэрэгтхүргэж, хүн олны ой тойнд нэвтрэн орших үлэмжийн чанарт хүргэх хүслийг өвөртлөн зургаа дуусгав” гэж бичжээ.

Яг л тэнгэр мэт сүрлэг энэ бүтээлээрээ зураач 1958 онд Москвад нээгдсэн социалист орнуудын урлагийн үзэсгэлэнгийн шагнал хүртсэн. Л.Гаваа гуайн “Алтайн уулс” бол дэлхийн сонгодог урлагт монголчуудын нэмсэн байгаль ертөнц, хүний амьдралын сүр жавхлант дүр, амьдралыг үзэх гүн сэтгэлгээ, урлагийн сод туурвил юм.

Н.ПАГМА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын 12 сарын 30, Ангараг гараг.Билгийн тооллын 9, Шийдэм одтой, хөхөгчиг гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хйихэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайнцаг нь үхэр, луу, морь, хонь, нохой гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
гадаад мэдээ

​Таван хүн амь үрэгдэж бусад нь аврагдлаа

Грек улсын эрэг хавьцаа осолдсон Италийн зорчигч тээврийн усан онгоцны хүмүүсийг аврах ажиллагаа дууслаа хэмээн Италийн Ерөнхий сайд Маттео Ренци мэдэгдэв. Өчигдөр орой энэхүү зорчигч тээврийн усан онгоцны агуулахад гал гарсны улмаас хөдөлгүүр зогсож онгоцонд зорчиж явсан 478 хүний амь нас аюултай байдалд ороод байсан билээ. Ширүүн давалгаа, хүчтэй салхитай байсан цаг агаарын хүнд нөхцөлд Итали, Грек, Албаны аврагчид хамтран ажиллаж харьцангуй бага хохиролтойгоор аврах ажиллагааг дуусгасан хэмээн мэдээлж байна. Одоогийн байдлаар усанд унаж хөлдсөн, утаанд угаардсан гэх зэргээр таван хүн амиа алдсан гэж Грекийн аврах албаныхан тэмдэглэжээ.

Б.Хулан

Categories
мэдээ спорт

​Торрес : “Би гэртээ эргэн ирлээ”

Нэгэн цагт Испаний шигшээ багийн түүчээ болон гялалзаж явсан Фернандо Торрес байгалийн жам ёсоор залуу цагийн эрч хүчээ алдан Челси, Милан багуудын сэлгээний сандлаас хөндийрч эс чадан сүүлийн хэдэн жилийг өнгөрөөсөн билээ. Тэгвэл түүний унаган баг Атлетико М өнөөдөр “тэнэмэл хүү”-гээ ирээдүйд худалдан авах болзолтой, энэ цаг үедээ бол зээлийн гэрээгээр 2016 оны зун хүртэл тоглуулахаар гэрт нь авчирлаа. Өдгөө 30 настай Торрес “Атлетико”Мадридад 2001-ээс 2007 он хүртэл тоглож байгаад Английн Ливерпүүлд зарагдаж байсан . Атлетикогийн хүүхдийн, залуучуудын, насанд хүрэгчдийн бүхий л ангилалд од болон гялалзаж явсан тэр төрөлх багтаа эргэн ирж хөлбөмбөгчийн хувиар сүүлчийн он жилүүдээ өнгөрөөх болсондоо туйлын баяртай байгаагаа өөрийнхээ твитерт бичиж үлдээжээ.

Б.Хулан