Categories
мэдээ улс-төр

АН, МАН-ын ажлын хэсэг зөвшилцөж байна

Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөхөөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн М.Батчимэгээр, МАН-ын бүлгээс Су. Батболдоор ахлуулсан ажлын хэсэг тус тус гаргасан. Ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа уулзалт хийсэн бол яг одоо тав дахь уулзалтаа эхлүүлсэн байна.

Уг уулзалтаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал хөндөгдөх бололтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдрөөс эхлэн ажлын хэсгүүд зөвшилцөнө хэмээн мэдэгдсэн юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч ажлаа өгчээ

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика болон тус улсын одоогийн төрийн тэргүүн Табаре Васкес

Уругвайн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-нд болж өнгөрлөө. Сонгуулийн дүнгээр Уругвайн Ерөнхийлөгчөөр 74 настай Табаре Васкес сонгогджээ. Тэрбээр өмнө нь Уругвайн Ерөнхийлөгчөөр 2005-2010 оны хооронд ажилсан байсан бөгөөд ийнхүү таван жилийн Төрийн эрхэнд эргэн ирлээ.
Тус улсын сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэж буйгаар саналын хуудсын 97.6 хувийг тоолсны дараа Зүүн жигүүрээс нэр дэвшигч Васкес 53.4 хувийн санал авч тэргүүлсэн байна.
Сонирхуулахад, Уругвайн өмнөх ерөнхийлөгч Хосе Мухика нь эгэл жирийн амьдралаараа дэлхийн хамгийн ядуу улс төрч гэж алдаршсан юм. Тэрээр CNN агентлагад өгсөн ярилцлагадаа “Улс төрөөс баяжуудыг тусгаарлах ёстой. Мөнгөнд хэт сонирхолтой хүмүүс улс төрд аюултай. Тийм хүмүүс хөрөнгөө арвижуулах, арилжаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд өөрийгөө зориулдаг. Харин улс төр бол бүх нийтийн аз жаргалын төлөө тэмцэл юм шүү дээ” гэж ярьжээ.
Хосе Мухика нь цалингийнхаа 90 хувийг буяны байгууллагад хандивладаг учир түүнийг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэж хэвлэлүүд нэрлэдэг. Тэрээр Конгрессын гишүүдийнх нь дундаж орлого 1 сая доллараас давсан АНУ-ыг шүүмжилдэг байна. Хосе дэлхийн ертөнцийг зоосны нүхээр хардаг хүмүүст туйлын дургүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сансрын нисгэгч М.Ганзоригт зориулан хүндэтгэлийн самбар босгожээ

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Сансар од эрхсийн ордонд Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзоригт зориулан өнөөдөр Хүндэтгэлийн самбар босголоо.
Самбарын нээлтэд БШУЯ, ШУА, Одон орон, геофизикийн судалгааны төв, Информатикийн хүрээлэн, “Сансар-81” ТББ-ын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.
Энэхүү самбар нь Монгол хүн сансарт нисэхэд хэрхэн бэлдэж байсан талаар болоод түүний ажил амьдрал, бүтээл туурвилыг олонд танилцуулж, уг ордноор зочлогсдод өргөн мэдлэг болохуйц бүтээл болсон юм.
“Интеркосмос” сансрын хамтарсан нислэгт Монголын анхны сансрын нисгэгч,ЗХУ-ын Баатар, Монгол Улсын БаатарЖ.Гүррагчаатай гурван жилийн хугацаанд хэрхэн бэлтгэл хийж байсан тухай, Монгол Улсын шинжлэх ухаанд түүний оруулсан хувь нэмэр, Монголд анхирж байсан АНУ-ын нисгэгч Клаев Мэйрийн хамт авахуулсан түүхэн зураг,түүний хамт олон, монгол орны газарзүйн байрлалыг сансраас авч байсан зураг зэргийг байршуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Түүчээ цаг” үзэсгэлэн нээгдлээ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Ардчилсан хувьсгалын ойг энэ жилийн 12 дугаар сарын 20-оос ирэх жилийн 12 дугаар 20-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Өмнө нь Ардчилсан намын ой, Монголын ардчилсан холбооны ой гэж хоёр тусдаа болдог байсан бол энэ жилээс нэг л ой тэмдэглэдэг болсон. Энэ бол ардчилалд элэгтэй хүн бүхний баяр хэмээн онцлон тэмдэглэв.

Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Зураач Л.Хадбаатар нь ардчилсан хувьсгалд оролцож явсан учраас 1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан хэмээн “Түүчээ цаг” хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлэв.

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн “Түүчээ цаг” үзэсгэлэнд ардчилсан хувьсгалд түүхэн гавьяатайгаар оролцсон С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж тэргүүтэй 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлсэн байв. Мөн “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны 12 дугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрсэлжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ДОХ-ын 181 тохиолдол бүртгэгджээ

1988 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ болон ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан бөгөөд 1996 оноос НҮБ-ын дэргэдэх “UNAIDS” байгууллага зохион байгуулах болжээ. Хамгийн аюултай халдварт өвчний нэг болсон /ХДХВ/ ДОХ-ын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, энэ өвчинтэй илүү үр дүнтэй, уялдаа холбоотой хамтран тэмцэх, дэлхий даяар урьдчилан сэргийлж, хор уршгийг нь ухуулан таниулах зорилгоор энэ өдрийг онцолдог.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийсэн мэдээллээр манай улсад ДОХ-ын халдвар тээсэн нийт 181 хүн байгаа аж. Одоогоор 24 хүн ДОХ-ын улмаас нас барсан бөгөөд 117 хүн уг өвчний вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Мөн ХДХВ болон ДОХ-ын халдвар тээсэн хүмүүсийн шинэ тохиолдлын 20 гаруй хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа юм байна. ХДХВ-ын халдвартай 11 эх төрсний 10 ураг нь эрүүл төрсөн хэмээн богино хугацаанд оношлогдсон. Ирэх 2015 онд 190 сая төгрөгийг халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээллээ.

“UNAIDS”-ийн мэдээлснээс үзвэл, өдгөө 15-49 насны 35.7 сая хүн ДОХ-ын халдвартай бөгөөд тэдний 26 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажээ. Шинээр ДОХ- ын халдвар авсан хүний 30 гаруй хувь нь Сахарын цөлөөс өмнө зүгт орших Африкийн найман оронд бүртгэгддэг байна.

Categories
мэдээ нийгэм

18 компанийн эрхийг хязгаарлажээ

Монголын Хөрөнгийн биржээс нэр бүхий 18 компанийн арилжаанд оролцох эрхийг түр хязгаарлажээ. Компанийн тухай хууль болон Хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, “Гишүүнчлэлийн журам”, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэн энэ сарын 3-ны өдрөөс эхлэн дараах үнэт цаасны компаниудын арилжаанд оролцох эрхийг хязгаарласан байна. Ингэснээр тус компаниудын Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох эрх ч давхар хязгаарлагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ 3.3 хувиар буурчээ

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7425 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр, үхрийн цул мах 315 төгрөгөөр тус тус буурчээ. Өнөөдрийн байдлаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 145 төгрөгөөр, хонины цул мах 60 төгрөгөөр буурч, хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарыг авлигын эсрэг сар болгон зарлажээ

Монголын залуучуудын холбооноос өнөөдөр эхэлж буй арванхоёрдугаар сарыг “Авлигын эсрэг сар” болгон зарлажээ. Тус холбоо 2012 оноос эхлэн “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг эхлүүлж, www.avliga.mn хаягийг нээн, авлигын эсрэг “Авлигагүй тоолуур”-ыг ажиллуулан 10 мянга гаруй залуучуудыг хамруулж чадсан юм. Энэ сарыг “Авлигын эсрэг сар” болгон зарласнаар олон ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй” уриатай таван цуврал зурагт хуудсыг гаргасан байна. Энэхүү хуудсыг иргэн, байгууллага бүр авч нааж “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аянд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой аж. Энэхүү зурагт хуудаснаас олсон орлогоор 2015 онд авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөө зориулах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Нам, эвслийн бүлгүүдтэй хийх зөвшилцлийн талаар мэдээлэл хийжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг Засгийн газрыг хамтран байгуулах хүрээнд нам, эвслийн бүлгүүдтэй хийсэн зөвшилцлийн талаар мэдээлэл хийжээ.

Бүлгийн хурал ийн товчхон болсон нь Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ өнөөдрөөс эхлэх болсонтой холбоотой аж.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаас дээрх өдрийг “Ардчилал-хүний эрхийн өдөр” нэртэйгээр тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ. Харин өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээх болжээ.

Categories
гадаад мэдээ

Б.Обамагийн охидыг шүүмжлэв

Америкийн Бүгд Найрамдах намынхан Ерөнхийлөгч Б.Обамагийн охидыг шүүмжилсэн байна. Талархарлын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүлэхэд түүний охид болох Саша, Мали нар байлцсан. Тэднийг хааш яаш хувцасласан байснаас гадна биеэ зохисгүй авч явсан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилсэн байна. Бүгд Найрамдах намаас Конгрессын гишүүнээр сонгогдсон Стивен Финчер Элизабет Лаутен энэ талаар Facebook-т бичсэн нь нэлээд шуугиан тарьсан байна.Төрийн тэргүүний охид богино банзал өмссөн байсан нь таалагдаагүй аж. Харин дараа нь Конгрессын гишүүн зохисгүй шүүмжлэл хийсэн хэмээн Саша, Мали хоёроос хүлцэл өчсөн байна.

Ю.Дэлгэр