Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны ханш 40 ам.доллар хүртэл уруудна гэв

Газрын тосны ханшийн уналт 40 ам.доллар хүртэл буурч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Төсвийн орлогынх нь тал хувийг бүрдүүлдэг нефтийн орлого буурах нь Оросын эдийн засагт томоохон дарамт болох аж. Ираны хувьд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах замаар төсвөө танахад хүрээд байгаа гэнэ. Лалын бослогод өртөөд буй Нигери улс эдийн засаг, улс төрийн бодлогын улмаас хямарсан Венесуэль зэрэг орнууд “ОPEC”-ийн газрын тосны нийлүүлэлтийг бууруулахгүй байх шийдвэрээс хамгийн их хохирол хүлээхээр байгаа юм байна. Нефтийн үнийн энэхүү дайнаас эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ хожино гэж шинжээчид үзэж байна. Нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ 2015 он гэхэд өдөрт 700 мянган баррель нефть импортлохоор төлөвлөсөн байна. Энэ нь өдрийн нийт илүүдлийг хоёр дахин нугалсан дүн болж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намынхан Их хурлаа хойшлуулжээ

Төрийн ордоны Их танхимд өчигдөр хуралдсан Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны Ээлжит бус 45 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээллийг ҮЗХ-ны хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, ҮЗХ-ны тэргүүлэгч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ҮЗХ-ны гишүүн дэд сайд н.Доржпүрэв, АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь сэтгүүлчдэд өглөө. Ээлжит бус ҮЗХ-ны хурал гурван асуудал хэлэлцжээ. Эхний асуудал нь Хамтарсан Засгийн газрын тухай асуудал байж. АН-ын зүгээс МАН-тай Монгол Улсын Засгийн газарт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрийг тус хурлаас гаргажээ. Мөн намын их хурлыг 12 дугаар сарын 8-нд товлосон байсныг хойшлуулсан аж. “Улс төрийн намуудын тухай хууль” батлагдахаар намууд үндсэн дүрэм журмуудаа өөрчлөх ёстой, үүний дараа хуралдах нь зүйтэй гэж үзжээ. Шинэ засгийн бүтэц бүрэлдэхүүний эрхийг Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэций салхин цахилгаан станцын санхүүжилтийг хэлэлцэнэ

“Клин Энержи” компанийн зүгээс Цэций салхин цахилгаан станцын санхүүжилт татах асуудлаар хөрөнгө оруулагчидтай ойрын хугацаанд хэлэлцээ хийнэ гэж мэдээллээ. Хэлэлцээ хийснээр ирэх оны хавар гэхэд төслийн ихэнх гэрээ, хэлэлцээ шийдэгдэх боломжтой аж. Уг станц ашиглалтад орсоноор нэгдсэн сүлжээнд жил бүр 125 орчим сая квт цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэх тооцоо гарчээ. Өмнөговь аймагт баригдах Цэций салхин цахилгаан станцын төсөлд Японы “Mizuho” болон “Softbank” хөрөнгө оруулалт хийхээр яригдаж байгаа билээ. Тус компаниас тавдугаар цахилгаан станцын төслийн гэрээнүүд буюу арилжааны даалгаврын хэлэлцээр үргэлжилж байгааг мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд ТҮЦ машинаас дипломын хуулбараа авна

МУИС-ийн оюутнууд ТҮЦ машинаас дүнгийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт дипломын хуулбар зэрэг олон үйлчилгээг авдаг болж байна. Мөн шинэ номын сантай болж оюутнуудад чөлөөт сонголт хийх боломж нэмэгдэж байгаа аж. Номын сангийн танхимын нээлт болон ТҮЦ машины нээлт өнөөдөр МУИС-ийн хоёрдугаар байранд болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

Байнгын хороодын хуралдаан:

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/;
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/;
  • Бусад.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлын тухай, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 28 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай асуудал /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай/;
  • Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/.

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан:

  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг 10.00 цагаас Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд;
  • Монгол хэлний тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд
  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд. тус тус болно.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

Номын цагаан буян

Эжий минь номын дэлгүүрийн худалдагч хүн байсан. Тиймээс би багаасаа л номун далай мэт номон дунд өссөн. Тунгалаг эрдэнийн судар бүтээх тунгаамал шижир, тунамал алмааз, тунсаг оюу, сувдын эрэлд хүүхэд ахуй тэр л үеэс гарсан минь ийм учиртай. Хожим хөдөө гадаа явсан ч байнга л ном цүндийтэл өвөртлөөд морддог сон. Номондоо шимтсээр, айлын сүрэгтэй хонины найр үүсгэж, өндөр нагац Ёнгоодоо шилбээ тас шилбүүрдүүлэн зугтсан минь ч цөөнгүй.

Нэгэнтээ эмнэг үрээ сургаж, эмээлийнхээ ардуур хазгайлдсан шигээ исгэрч явтал унаа минь овоо цагааширсан шиг санагдав. Тэгэнгүүт өврөөсөө хээвнэг ном гарган, ширээ, сандал дээр тухалсан мэт эмээлийнхээ бүүргэн дунд тавиад уншиж явтал гэнэт сүр сархийсэн салхинд хуудас нь сэрчигнээд явчихав.

Хуудасны сэрчигнээнд үргэсэн эмнэг шахуу үрээнийхээ буруу талын дөрөөнөөс гутлаа салгаж чадахгүй нэлээд явсны эцэст азаар хөл минь сугарч золоор амь мэнд гарсан билээ. Тухайн үедээ энэ бүтэлгүйтлээ хэнд ч хэлсэнгүй. Хожим эжийдээ энэ тухайгаа хэлбэл “Миний хүүг номын цагаан буян л аварч дээ” гэж инээмсэглэж байсан даа. Магадгүй, хог новшноос унаа мал минь үргэж бусгасан бол муу зүйл дайрах ч байсан юм бил үү, хэн мэдлээ дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны хурал эхэллээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанд нийт 200 гаруй гишүүн оролцох ёстойгоос 100 гаруй нь хүрэлцэн ирж, ирц 51 хувьд хүрчээ.

Хуралдаанаар Засгийн газрыг хамтран байгуулахтай холбогдож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн саналд ирүүлсэн хариу, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлийн мэдээлэл зэргийг сонсож, шийдвэрээ гаргах юм.

Categories
гадаад мэдээ спорт

Кобигийн шинэ амжилтууд

“Лос Анжелес Лейкерс” багийн довтлогч Коби Брайант өнөө өглөө тоглосон “Торонто”-гийн эсрэг тоглолтод 31 оноо , 12 дамжуулалт хийснээр нэгэн шинэ амжилтыг тогтоолоо. өдгөө 36 настай Коби мэргэжлийн сагсан бөмбөгч болсноосоо хойш нийтдээ 30 мянган оноо, 6 мянган дамжуулалт өгсөн анхны сагсчин хэмээн цоллуулахаар бож байгаа ажээ. Тэр хэлэхдээ ” Би ийм их дамжуулалт өгчихлөө гэж үү. Үүнээс хойш намайг амиа бодсон хувийн тоглолттой сагсчин гэж битгий яриад байгаарай” хэмээн “томорчээ”

Categories
мэдээ нийгэм

Шийдвэр гүйцэтгэгчид сургалтад хамрагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийн үндсэн зорилго нь шүүхийн шийдвэрийг цаг тухайд нь, мэргэжлийн өндөр түвшинд, үр дүнтэйгээр гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, шүүх эрх мэдлийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад итгэх олон нийт болон хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгоход чиглэж байгаа юм.

Төслийн 1 дүгээр шатны хүрээнд Сургагч багш бэлтгэх сургалт Монголын Банкуудын Холбооны сургалтын танхимд 12 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг сургалтад 12 шийдвэр гүйцэтгэгч хамрагдаж байгаа бөгөөд олон улсын багш, мэргэжилтнүүдээр багшлах арга зүй, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын эвлэрэлийн гэрээ, дотоодын болон гадаад улсын арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудасны гүйцэтгэх ажиллагаа”, “Зөрчилдөөний менежмент болон хэлэлцээний ур чадвар”, “Үл хөдлөх хөрөнгө болон биет бус хөрөнгө хайх, хураах болон худалдан борлуулах” зэрэг чухал сэдвийн хүрээнд хичээл заалгаж, зөвлөгөө авч байгаа юм.

Сургалтад хамрагдсан шийдвэр гүйцэтгэгчид 2015 оноос сүүлийн 5 жилд шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрүүд, агентлагын мэдээллийн сан, Монгол Улсын эрх зүйн орчин болон олон улсын туршлага зэргийг судалж, сонгосон 3 сэдвээр гарын авлага боловсруулах, 200 орчим шийдвэр гүйцэтгэгчид сургалт явуулах зэрэг үүргийг хүлээж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ын Тамгын хэлтсийн даргаар З.Баасаннямыг томиллоо

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын тушаалаар тус газрын Тамгын хэлтсийн даргаар Заграа овогтой Баасаннямыг томилжээ.

З.Баасанням нь 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд суралцаж, хуульч мэргэжил эзэмшсэн нэгэн аж. Тэрээр 1996-2007 онд Төв аймгийн Цагдаагийн газар, нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус ажиллаж байжээ. Түүнчлэн 2007 оноос Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаагч, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байсан аж.