Categories
гадаад мэдээ

Хятад “Gmail”-ийг блокложээ

Гүүгл компанийн и-мэйл үйлчилгээ болох “Gmail” рүү Хятадаас хандах эрхийг хаасан тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн Гүүглийн вэб хуудсаар дамжуулан “Gmail”-ийг ашиглах боломж хэсэг хугацаанд тасалдаад байгаа гэнэ.

Харин компанийн удирдлагуудын зүгээс техник, хангамжтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд хандах эрх хаагдсан шалтгааныг шалгаж байна гэж мэдэгджээ. Хятадын Засгийн газар одоогоор ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй хэмээн мэдэгдэж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байгаа юм. Интернетийн хяналт шалгалт, цензуртай холбоотойгоор Хятадын эрх баригчид 2010 онд Гүүгл компанийн үйл ажиллагааг Хятадад хааж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч архи худалдаанд гарчээ

Хуурамч архи худалдан авч хэрэглэсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон
иргэн цагдаагийн байгууллагад ханджээ. Баярын өдрөө бараан гуниг, өвчин
зовлонгоор дүүргэхийг хэн хүсэх билээ. Одоо болтол гар аргаар хүний биед
хор хөнөөлтэй хуурамч архи үйлдвэрлэх тохиолдол байгаа тул иргэд та
бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт Ухаа-2” 2592 айлын орон сууцыг ашиглалтад өгнө

ТОСК Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн хамтран хэрэгжүүлж буй “Буянт Ухаа 2” хорооллын 22 барилга ирэх 2015 оны эхний улиралд ашиглалтад орох юм байна. Үлдсэн 26 барилгыг оны сүүлийн хгаст ашиглалтад оруулснаар нийт 2592 айлын орон сууц ашиглалтад орох аж. Түүнээс гадна 2015 онд зургаан аймагт 120-315 айлын орон сууц барьж эхлэх гэнэ.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагталтай иргэдэд батлан даалт гаргах, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн удирдлагууд гаргасан. Ингэснээр төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгааг төрөөс хариуцахаар болж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Эйрбас 320-200 онгоцны хувь заяа хаашаа эргэсэн нь тодорхойгүй байна

Малайзын AirAsia компанийн 8501 нислэгийн онгоц өчигдөр өглөө Индонезийн Сурабаяа хотоос хөөрснийхөө дараа төв радараас холбоо тасарсан байна. Эрлийн ажиллагааг даруй явуулж эхэлсэн бөгөөд одоогоор онгоцны хувь заяа хаашаа эргэсэн талаар баттай мэдээлэл гараагүй байна.
Малайзын агаарын тээврийн QZ8501 нислэгийн Эйрбас 320-200 онгоц ням гарагийн өглөө орон нутгийн цагаар 05 цаг 35 минутад Сурабаяа хотоос хөөрсөн бөгөөд Сингапурт орон нутгийн цагаар 08 цаг 30 минутад газардах ёстой байжээ. Энэ онгоц хөөрснөөсөө хойш хамгийн сүүлд орон нутгийн цагаар 06 цаг 24 минутад төв радартай холбогдсон байна. Тухайн үед онгоцыг холбоо тасарсан газарт ширүүн салхитай, үүлэрхэг байсан гэж албаныхан хэлж байна. Нислэгийн замд хэтэрхий үүлэрхэг байсан тул нисгэгч 11000 метрийн өндөрт нисэх зөвшөөрөл хүссэн байна. Индонезийн албаны хүмүүс энэ хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн ч нисэгчид хариу хүлээн авахаас өмнө радарын холбоо тасарчээ. Индонезийн тээврийн яам болон AirAsia авиа компани, “Тус онгоц холбоо тасрахаас өмнө Жава арлын дээгүүр нисэх үедээ цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан өндөрт нисэх хүсэлт гаргасан. Гэхдээ ямар ч түгшүүртэй байдал ажиглагдаагүй” гэж хэлсэн байна. Тус онгоцонд зорчигчид болоод хөлгийн багийн нийтдээ 162 хүн байсан бөгөөд тэдгээрийн дунд насанд хүрээгүй 17 хүүхэд, нэг нярай хүүхэд байжээ. Онгоцонд байсан 162 хүний 155 нь Индонезийн иргэд байсан бөгөөд Өмнөд Солонгосын гурван иргэн, Сингафур, Малайз, Их Британи, Франц улсуудын тус бүр нэг нэг зорчигч байсан гэнэ. Тэдний хамаатан садан, ойр дотныхон нь энэхүү онгоц хаана байгаа, онгоцонд чухам юу тохиолдсон талаар мэдээ сонсохоор хүлээж байна. Онгоцны ахмад Ириянто 20500 гаруй цагийн нислэг хийсэн туршлагатай бөгөөд үүний 7000-ыг AirAsia компанитай хийсэн гэж албаны хүн хэллээ. Энэ компани урьд нь нисэх онгоцтой холбоотой ямар нэгэн осолд холбогдож байгаагүй. AirAsia компани 2001 онд байгуулагдсан. 15000 гаруй ажилтантай, 8 салбар төвтэй, 15 орны 100 гаруй нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балет 5 өдөр танхим дүүрэн үзэгчтэй байлаа

Нийслэлийн 375 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2014 оны турш 6 чиглэлээр 116 ажлыг хийж, хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалт, тохижилтын ажлаас гадна олон улсын форум, хэлэлцүүлэг, соёл урлагийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд түүхт ойн хаалтын ажиллагаа болгож дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотод амжилттай тоглолоо.Дэлхийн 5 тивд шинэ жилийн баярын өдрүүдэд тоглогддог тус балетыг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хүүхэд, багачууддаа зориулж “Монголын балетын хөгжил” сан Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд тоглосон юм. Тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд анх удаа хүргэсэн бөгөөд Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид, сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцлоо. 5 өдөр 7 удаа тоглосон балетын тасалбар урьдчилж дууссан бөгөөд өдөр бүр танхим дүүрэн үзэгчидтэйгээр нийслэлчүүд дэлхийн алдарт балетыг үзлээ

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 754 цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 27-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 24 цагаар ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Талбайн ойролцоох зогсоолууд төлбөргүй үйлчилнэ

Он солигдох 31-ний орой Нийслэлийн засаг даргын тамгын газраас Чингисийн талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа билээ. Тиймээс Чингисийн талбайн баруун зүүн талын замыг 20.00-01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах болсон.
Мөн тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдгаас ойролцоох төлбөртэй зогсоолууд /Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театрын зогсоол, Хангарьд ордны баруун талын зогсоол/ иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингаравын замыг өнөөдөр нээнэ

Төмөр замын хэвтээ урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж зам болох Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км авто замыг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа өнөөдөр 13:30 цагт болно.

Categories
мэдээ спорт

С.Мөнхбат ”Ерөнхийлөгчийн цом”-ыг хоёр дах удаагаа гардлаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж хүчит 128 бөх зодоглосон юм.

Хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүр булаалдахаар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарч үлдээд байсан.

Энэ барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж “Монгол бахархал” өргөмжлөл мөнгөн шагналаар мялаалган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа гардан авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Он солигдох цагаар хөдөлгөөн хязгаарлана

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд Чингисийн талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Мөнгөн шөнө” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний 20.00-01.00 цаг хүртэл Төрийн ордны баруун, зүүн талын авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах аж.

Ингэхдээ иргэдийг авто машинаа байрлуулах боломжийг нь олгохын тулд Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал, Улсын Драмын эрдмийн театр, Хангарьд ордны баруун талын зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах юм байна.