Categories
мэдээ цаг-үе

С.Золзаяа: Охиныхоо төлөө миний хийж чадах зүйл энэ л байна

-ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨР БОЛОХ 150 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ ОЛОХЫН ТУЛД НАПОЛЕОН ТООРТ ХИЙЖ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ-

Саяхан фейсбүүк хуудсаар Сүхбалсангийн Золзаяа гэдэг бүсгүй нялх охиноо эмчлүүлэхийн тулд наполеон тоорт хийж худалдан эмчилгээний төлбөр цуглуулж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Түүний охин одоо дөрвөн настай. Эмч нар булчингийн хөгжилгүй гэсэн онош тавьж, яаралтай мэс засал хийлгэхийг зөвлөжээ. Охин болон охины аав, ээжид Христийн шашны нэгэн байгууллага тусалж, мэс засал хийлгэхээр АНУ-ын эмнэлэгт хандаад байгаа аж. Гэвч уг эмнэлгийн төлбөр болох 150 мянган ам.доллар энэ гэр бүлд байхгүй учир бяцхан охиныг хөл дээр нь босгох эмчилгээ хойшлогдсоор байгаа гэнэ. Гэвч охины ээж чадах бүхнээ хийж эмчилгээний зардал олохоор тоорт хийж зарж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд захиалга авч байгаагаа мэдээлснээр одоо тэр 200 гаруй тоортны захиалга аваад байгаа гэнэ. Бэрхшээлийн өмнө шантралгүй, хандив гуйж гараа хумхин суулгүй үр хүүхдийнхээ төлөө тэмцэж буй 25 настай залуухан ээж С.Золзаяагийн ярилцлагыг хүргэж байна.

-Охины тань эмчилгээ хэр хийгдэж байгаа вэ. Мэс засалд хэзээ орох бол?

-Миний охин одоо дөрвөн ойтой. АНУ-ын Мичиган мужид эмчлүүлэхээр оччихсон байгаа. Өнгөрсөн долдугаар сард Америк явсан. Очоод шинжилгээнүүдээ хийлгээд, мэс заслын өмнөх бэлтгэлээ хийлгээд байж байна. Шинжилгээгээр миний охинд дараалан зургаан мэс засал хийх шаардлагатай гэсэн дүгнэлт эмч нар хийжээ. Эхний мэс заслыг арваннэгдүгээр сарын 3-нд хийх хуваарьтай байсан. Уг нь мэс засалд орох цаг хугацааг нь төлөвлөчихсөн байсан юм. Гэтэл эмнэлгийнх нь зүгээс ор хоногийн төлбөр, мэс заслын дараахь физик эмчилгээ гэхчлэн миний ойлгож байгаагаар холбогдох бүх үйлчилгээнд нь нийт 150 мянган ам долларын төлбөр төлөх шаардлагатай гэсэн. Ор хоногийн төлбөр нь нэг хоногийн 700 ам.доллар юм байна. Тэгээд төлбөрөө төлөөгүй гээд мэс заслыг нь хойшлуулчихсан байгаа.

-Өнгөрсөн долдугаар сард Америк явсан гэсэн. Одоо тэндээс ямар мэдээлэл өгч байна?

-Очоод гурван сар болж байна. Америкт мэс засалд орох гэж байгаа хүнд тухайн өвчнөөс өөр элдэв хууч өвчин байх ёсгүй гэдэг юм байна. Мэс засалд ороход өвдөх өөр юмгүй байх ёстой гэдэг гэнэ. Миний охины ганц хоёр шүд нь хорхойтой. Тэрийгээ очсон хойноо янзлуулсан. Ерөнхийдөө бүх шинжилгээнүүдээ өгөөд мэс засалд ороход бэлэн болчихсон байгаа юм. Манай охиныг хариуцаж авч явсан байгууллагын хүмүүс тэр эмнэлэгт хүсэлт тавьсан гэсэн. Бид яаж ч цуглуулаад 150 мянган доллар цуглуулж чадахгүй. Төлбөрөө жаахан ч гэсэн багасгах боломж байна уу, ядуу орны хүүхдэд арай жаахан уян хатан хандаж туслаач гэсэн хүсэлт тавьчихаад байгаа гэсэн. Ядаж мэс заслын дараахь зарим үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх ч юм уу, зарим нэг хоногийг нь үнэгүй болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа л даа. -Охиныг тань эмчлүүлэхээр хариуцаж яваа байгууллага ямар байгууллага вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, христэд итгэгч Америкийн байгууллага. Хүүхдийн төлөө буяны ажил хийдэг, арав гаруй жилийн туршлагатай байгууллага юм. Манай хүүхэд тэдний тусалсан хорин зургаа дахь хүүхэд нь гэж байсан. Монголоос бол хоёр дахь нь.

-Та бүхэн тэр байгууллагыг яаж олж холбогдов. Эндээ эмнэлгийн тусламж хэрхэн авч байв?

-Охин маань нэг сартайгаасаа Гэмтэл согогийн эмнэлгийн хяналтад орсон юм. Төрөхдөө хөл гар нь таталттай төрсөн. Нэг сартайгаас нь эхлэн хөл гарт нь гипс, чиг тавьж, бараг нэг ой гартал нь тэгж явсан. Нэг удаа шөрмөс сунгах мэс засал хийлгэсэн юм. Тэр мэс заслыг хийлгэсний дараа хөл нь арай гайгүй, хүний хөл гэх хэлбэр дүрстэй болсон.

-Манай эмч нар тэр үед юу гэж оношилсон бэ?

-Ерөнхийдөө гадаадын эмч нартай адил төстэй юм хэлдэг байсан. Гэхдээ шөрмөс л гэж яриад байхаас булчингийн тухай огт ярьж байгаагүй. Гэтэл Америкт очоод шинжилгээ хийлгэтэл манай хүүхдийг булчингийн хөгжил огт байхгүй байна гэсэн. Монгол эмч нар булчин гэж нэг ч ярьж байгаагүй болохоор бид энэ талаар юу ч мэддэггүй. Америкт шинжилгээ өгөхөд, эмчилгээг их оройтуулсан байна гэж эмч нар нь хэлсэн. Оройтуулчихсан учраас олон төрлийн мэс засал хийх шаардлагатай болж байгаа юм байна. Манай эмч нар хэлэхдээ “танай хүүхэд арай л нялх байна. Манай Монголд ийм хүүхэд төрж байгаагүй болохоор бидэнд ямар ч туршлага байхгүй, ядаж жаахан томрохоор нь мэс засал хийж үзье” л гэдэг байсан. Гаднын эмч нар болохоор бүр нялхад нь эртхэн эмчлэх ёстой гэж хэлж байна.

-Гаднаас эмч нар ирлээ, үзлэг оношилгоо хийж байна гэсэн мэдээлэл байн байн гардаг. Та энэ дагуу явж хандаж байв уу?

-Гадаадаас хааяа эмч нар ирсэн үед охиноо үзүүл гээд эмнэлгээс дууддаг байсан. Очоод үзүүлэхээр нөгөөдүүл нь нэг их тодорхой юм хэлдэггүй. Монгол эмч нь нэлээн удаан хугацааны эмчилгээ шаардана гэж хэлдэг бол гадаадын эмч нар бага дээр нь мэс засал хийх ёстой л гэдэг байсан. Манай эмч нар “Бид туршлагагүй” гээд мэс засал хийхгүй явж ирсэн. Би зөвхөн тэр эмнэлгээр дамжуулж биш, гадаадаас эмч ирлээ гэж сонсдох болгонд өөрөө очиж уулздаг. Тэр болгонд “оройтлоо шүү дээ, бүр багад нь мэс засал хийх ёстой” гэдэг байсан. Тэгэхээр нь монгол эмч дээрээ очоод хэзээ хагалгаа хийх вэ гэхээр “Болоогүй ээ, арай л бага байна” гээд байдаг байсан. Тэгсээр хоёр ой ч гарлаа. Хүүхдээ ядаж хөл дээрээ босчихоосой гэж бодоод зөндөө л хөөцөлдсөн. Эмч маань нөгөө л “болоогүй байна” гэдэг үгээ л хэлдэг.

-Америкт очсон эмнэлгийнх нь эмч нар мэс заслын дараахь үр дүн ямар байх талаар урьдчилж мэдээлэл өгөх юм уу?

-Анх энэ байгууллага охиныг маань авч явахдаа найман сар болоод, ганц хоёр мэс засал хийлгээд бараг хөл дээр нь босгоод ирнэ гэсэн төсөөлөлтэй явсан юм. Хүүхдээ авч очоогүй, эхлээд зөвхөн зургийг нь явуулсан болохоор тийм баримжаа өгсөн байх. Гэтэл бүх шинжилгээ хийсний дараа зургаан удаа мэс засал хийх нь тодорхой болсон. Эмч нар нь хүүхдийг маань хөл дээрээ босоод явах нь явна гэж байгаа юм. Манай хүүхэд шиг булчингийн хөгжилгүй хүүхэд байдаг юм болов уу гээд би интернэтээр нэлээн судалж үзсэн. Анх охиноо булчингийн хөгжилгүй гэдгийг эмчээс биш интернэтээс мэдсэн л дээ. Англид манай охин шиг төрсөн нэг охин мэс засал хийлгээд явдаг болсон тухай уншсан юм. Бас л том болтлоо эмчилгээ хийлгээгүй байж байгаад таван настайдаа мэс засалд ороод хөл дээрээ босч, явдаг болсон гэж бичсэн байсан. Хэрэв бид охиноо багад нь Америкт эмчилгээ хийлгэсэн бол булчинг нь хөгжүүлээд өөрөөрөө явах боломжтой байсан юм билээ. Одоо бол, нэгдүгээрт зургаан удаа хагалгаа хийнэ. Хоёрт, мэс засал хийлгэсний дараа протез өмсүүлнэ. Протезний тусламжтайгаар л явдаг болно, бараг насан туршдаа тийм байна гэж байна. Уг нь бага дээр нь эмчилсэн бол өөрөө хөл дээрээ босоод явах боломж байсан юм билээ.

-Хүүхдийнхээ эмчил­гээ­ний төлбөрийг цуглуулахаар сэдсэн санаа тань олны дэмжлэгийг ихээр хүлээж байна. Та тоортоо хэзээ хийж эхлэв. Захиалга хэр ирж байна?

-Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Одоогоор 200-гаад тоортны захиалга авчихаад байна. Фейсбүүк дээр “ээжүүдийн групп” гэж байдаг юм. Тэрэн дээр ээжүүд адилхан үр хүүхэдтэй хүмүүс болохоор нэгийгээ их сайн дэмждэг. Тэгээд би охиныхоо тухай бичсэн л дээ. Хүмүүс цааш нь түгээж маш олон хүн мэдээлэл авсан байна лээ.

-Ямар үнээр зарж байгаа вэ?

-Хорин мянгаар.

-Өмнө нь та бялуу, на­рийн боов хийдэг байсан уу?

-Үгүй үгүй. Тоорт яаж хийхийг интернэтээс харж сурсан. Одоохондоо охиныхоо төлөө миний хийж чадах юм энэ л байна. Зүгээр тоорт хийе гэхээр чимэглэж чадахгүй. Тиймээс наполеон тоорт хийж байгаа юм. Ажиллагаа ихтэй л юм байна. Тийм их мөнгө хаанаас олно доо гэж дэмий шаналж суухын оронд хөдөлж л байвал учир нь олдох болов уу гэж бодох юм. Тэгээд ч завгүй байхаар хүүхдээ санах нь арай гайгүй. Хүүхдээ явуулчихаад зүгээр суух биш араас нь бага багаар мөнгө явуулаад л байна. Наполеон тоорт зарж олсон мөнгөө хүүхдэдээ л явуулж байна. Захиалга орж ирэхийн хэрээр хийгээд л байна.

-Тусалъя, хандив өгье гэсэн хувь хүмүүс, компани албан байгууллагууд хэр хандаж байна?

-Хандаж байна. Дөнгөж сая л гэхэд Цагдаагийн академийн сонсогч оюутнууд хандив өгье гэж утсаар ярьсан. Хувь хүмүүс ч тусалж дэмжмээр байна, дансны дугаараа өгөөч гэж утасдаж байна. Өнөөдөр Мэдээлэл харилцаа холбооны газраас нэг эгч утсаар яриад тусалмаар байна, мэдээллээ өгөөч гэсэн. Олон салбартай юм байна, салбарууддаа уриалаад манай охинд хандив өгье гэж ярьсан. Би яг албан ёсоор данс нээгээд мөнгө хэрэгтэй байна, өгөөч ээ гээгүй байгаа л даа. Охиноо Америк руу явуулахад бас л мөнгө төгрөг амаргүй л байсан. Итгэгч байгууллага маань ихэнх зардлыг дааж байгаа. Мэс заслыг нь нэг эмчээр үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Шинжилгээг нь үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Гэтэл эмнэлэг, эмч хоёр нь тусдаа байдаг болохоор эмнэлгийн зүгээс ор хоногийн мөнгө шаардлагатай гээд байгаа.

-Та хандивын данс нээхгүй юм уу?

-Одоохондоо өөрийнхөө дансыг тусалъя гэсэн хүмүүст өгч байна.

-Та юу ч гэсэн дансныхаа дугаарыг мэдээлчихгүй юу. Бялууны захиалгаа ч түүгээр хийж болох болов уу?

-ХААН банкны 5100124153, Голомт банкны 1815007441 дугаартай.

-Гэр бүлээс тань охиныхоо хамт Америк руу хүн явсан уу?

-Үгүй. Зөвхөн итгэгч байгууллагын хүмүүс хариуцаж явсан. Нөхөр маань АПУ-д борлуулалтын жолооч хийдэг юм. Охиноо Америк явуулах болчихоод би ажлаасаа гарсан. Өмнө нь охиноо тусгай цэцэрлэгт өгчихөөд ажлаа хийдэг байсан. Одоо би хоёр дахь хүүхдээ тээж байгаа. Жирэмсэн болохоор ажил хайгаад ч олдохгүй юм. Хүүхдэдээ мөнгө явуулмаар байдаг. Ажилгүй хүн олигтой мөнгө өгч чадахгүй, шаналж суухын оронд хөдөлж байя гээд тоорт хийж байгаа минь энэ.

Н.ПАГМА

Categories
мэдээ улс-төр

Анкара хоттой хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын орлогч дарга Али Гөкшин Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм. Нийлэлийн Засаг дарга ноён Али Гөкшин, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Бид 2030 он гэхэд 5сая жуулчин хүлээн авах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Үүнд танай улсаас ихээхэн дэмжлэг туслалцаа авахыг хүсч байна. Танай улсын жуулчдыг татахын тулд бид нийслэлдээ Турк соёлыг шингээсэн бүхий л зүйлийг бий болгох болно. Тийм ч учраас аялал жуулчлалын тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Харин Анкара хотын орлогч дарга ноён Али Гөкшин “Бид Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Тэр тусмаа аялал жуулчлал бол их чухал салбар. Энэ салбарт хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.
Мөн Нийслэлийн Засаг даргыг Анкара хотод зочлохыг урьж, ах дүү харилцаатай хотуудын хувьд эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд бүхий л талаар дэмжиж ажилахад бэлэн байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хагас сард 11 кг мансууруулах төрлийн ургамал хураажээ

СОГТУУГААР МАШИН ЖОЛООДОЖ ЯВААД АМИА АЛДАВ

Өнгөрсөн ням гаригт дашням, балжиннямтай сайн өдөр тохиож багагүй хурим, найр болсон билээ. Найр, хуримд оролцсон иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цөөнгүй осол гаргажээ. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригийн үүрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн талбайн өмнөх замд Сoната-7 маркийн автомашины жолооч хурд хэтрүүлж зам дагуух гэрлийн шонг мөргөж, хоёр хүн амиа алдсан. Тухайн үед машинд зургаан хүн явсан бөгөөд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

ТЕНДЕР АВЧ ӨГНӨ ГЭЖ 30 ГАРУЙ БАЙГУУЛЛАГЫГ ЗАЛИЛЖЭЭ

“Тендер авч өгнө” гэсэн зарын дагуу зуучлагч гэх эт­гээдтэй холбогдож зали­луулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Сэжигтнүүд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хүнийг таньдаг гэх юм уу, тус байгууллагын нэрийг барьж тендер авч өгнө, зуучилсны хөлсөнд арван хувийг нь урьдчилж авна гэж тохирдог байснаа хүлээжээ. Ийм байдлаар 30 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг залилсан аж. Энэ тухай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас цагдаагийн бай­гуул­лагад мэдээлэл өгч, шалгуулж эхэлсэн байна. Тиймээс тендерт зуучилна гэсэн зар тараасан хү­мүүст хандахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ 123 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭВ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх гэмт хэргийн тоо өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Өнгөрсөн сарын 13-27-ны хооронд 11 холбогдогчтой, дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал, өн­­­гөрсөн сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн XVI хорооны нутагт байрлах “Playback” интернет тоглоомын газарт Ч,М, Б,А,Г,Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй каннабис төр­лийн ургамлыг хууль бу­саар олж авч, хадгалж байгаад баригджээ. Мөн тэд уг мансууруулах ургамлыг хэрэглэж байсан байна. Үүнээс хоёр хоногийн дараа А гэгч нь 23 грамм каннабисыг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж байгаад баригджээ. Тэднээс нэг кг 629 грамм каннабисыг хурааж авсан аж. Мөн өнгөрсөн сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд ор­шин суух иргэн Л,М нар нь хар тамхи мансууруулах төр­лийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг цагдаагийн бай­гууллага илрүүлэн шалгаж байгаа гэв. Өнгөрсөн даваа гаригт Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух ир­гэн Ч гэгч нь найман кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт сэжигтнээр шалгагдаж эхэлжээ. Цагдаагийн бай­гууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авсан байна. Он гарсаар энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд холбогдогчид нь 20-35 насны залуучууд аж.

БНХАУ-ААС ТАВИЛГА АВАХДАА ГЭРЭЭ ХИЙХИЙГ САНУУЛЛАА

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас иргэдэд хандаж анхааруулга гаргалаа. Тодруулбал, манай улсын иргэд БНХАУ руу явах­даа гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг лабораторид шалгуулалгүй, цөөн тоогоор авч яваад хураалгах нь их байгаа аж. Бараагаа ху­раалгаад зогсохгүй их хэмжээний торгууль төлөхөөс аргагүй болж байгаа гэнэ. Тиймээс БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүс­лийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авахыг анхаарууллаа. Мөн иргэд БНХАУ-ын Эрээн хотын “Шэнтун” болон бусад тавилгын захаас бараа авахдаа мөнгийг нь төлчихдөг. Үйлчлэгч байгууллага барааг араас нь явуулахаар аман тохироо хийдэг. Гэтэл эд бараа нь Монголд ирсний дараа дутах, хагарч гэмтдэг, бүр ирэхгүй байх тохиолдол их гарах болжээ. Тиймээс бараа авахдаа бичгээр гэрээ хэлцэл хийж байхыг анхаарууллаа.

Ц.ӨРНӨХ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Сурагч байхдаа хоёр ч кино хийсэн арвын А-гийнхан

Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургуулийг 2005 онд төгссөн 10-ын А ангийнхантай уулзлаа. “Аравдугаар ангиа саяхан төгссөн мэт санагдаж байна. Нэг л мэдэхэд есөн жил өнгөрсөн байна шүү” гэж ярих залуус 1995 оны намар сурагчийн ширээнд тохой залган сууцгаажээ. Тухайн үед 23 дугаар сургууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн гэх тодотголтой байв. Орос, англи, солонгос, япон хэлийг гүнзгий түвшинд заадаг. Тиймээс элсэн орж байгаа хүүхдүүдээс тодорхой хэмжээний шалгалт авдаг байжээ. Нэгдүгээр ангид элсэн орсон алдрай жаалуудад А үсэг заасан бага ангийн багш нь Д.Баасансүрэн. Цагаан толгойгоо үзэж дуусаад үсэглэлийн баяр хийж байсан сурагч насны дурсамж одоо ч тэдний сэтгэлд тодхон гэрэлтэж байгаа.

Эдний ангийнхан дөрөвдүгээр ангиасаа орос хэлний хичээл үзэж эхэлжээ. Орос хэлний багш нь Буриадаас ирсэн настай хүн. Сурагчид багшийнхаа үгэнд орно гэж жигтэйхэн. Насаараа багшилсан хүн учраас хичээлээ ч сайн заана. Сурагчид ч хичээлдээ дуртай. Харин зургадугаар ангид орох жил орос хэлний багш нь солигджээ. Хүүхдүүдийн аль хэдийнэ дасчихаад байсан Буриад багш нутаг буцаж оронд нь дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн болов уу гэмээр хорь гаруйхан насны орос залуу хичээл орсон байна. Залуухан багшийн туршлага дутсан уу яасан хүүхдүүдийнхээ эвийг нэг л олохгүй байж гэнэ. Дээрээс нь буурьтай суурьтай буриад багштай нь харьцуулахад дэв дав хийсэн багш байж л дээ. Тиймээс хүүхдүүд л болсон хойно хичээл дээр нь үймүүлнэ. Багшийгаа монгол хэл мэдэхгүйг далимдуулаад эх хэлээрээ шоолно. Тэгсэн нэг өдөр хичээл дээр багшийгаа шоолоод инээлдэж байтал залуухан орос багшийн тэсвэр алдагдаж сандлаа бариад босоод иржээ. Бүр сурагчид руугаа сандал шидэх гээд, өнөө хэд нь зугтаагаад бөөн юм болсон байна. Удалгүй өнөөх багш ажлаа­саа гараад дахин шинэ багштай болж байсан түүх эдний ангид бий. Харин бага ангиасаа орос хэл үзэж байсны хүчинд оросоор тун дажгүй ярьчихна. Зарим нь орос хэлээр ус цас бол англи хэлд шамдсан нөх­дүүд ямартай ч хүний ярьсныг ойлгоод, өөрийгөө илэр­хийлээд байх хэмжээний мэд­лэг­тэй төгсөцгөөжээ. Бага ангиа төгсөөд тавдугаар ангид ороход нь Ш.Оюунсүрэн багш ангийг нь дааж авч гэнэ. Ш.Оюунсүрэн багш газарзүйн хичээл ордог. Маш зөөлөн хэрнээ сурагчдыг үгнээсээ гаргахгүй. Сурагчаа загнаад байхгүй, тэгсэн хэрнээ бүх хүүхэд багшаасаа эмээнэ. Буруу зүйл хийлээ гэхэд “Хөөе чи яагаад ингэж байгаа юм бэ” гэж зэмлэхээсээ урьтаад юу болсон учрыг нь асууна. Хэн буруу зүйл хийсэн, дахиж буруу зүйл хийж болохгүй гэдгийг сайтар ухамсарлуулдаг байжээ. Ш.Оюунсүрэн багш өдгөө 23 дугаар сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Ангийнх нь зарим нөхөд цаг заваараа багш дээрээ очиж мэнд мэдээд, сайн яваагаа дуулгадаг гэнэ лээ.

Сурагч ахуй цагийн дур­самж хүний амьдралын нандин зүйлийн нэг болдог. Алдаа гаргаж багшдаа загнуулах, онц сураад аав ээжээрээ маг­туу­лахын аль аль нь эргээд бодоход гэгээлгээр сэтгэлд үлдсэн байдаг. Эдний ангийнхан ч бас дурсах зүйл ихтэй. 23 дугаар сургууль найм, аравдугаар ангийн сурагч­дынхаа дунд “Мини Оскар” наадам зохиодог байв. Тэр нь сурагчдын дундах кино урлагийн наадам. Хүүхдүүд киноныхоо зохиолыг бичээд, найруулаад, жүжиглээд, зургаа аваад, монтажилна гээд бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Тэмцээний үеэр яг л Оскарын шагналт­нуудыг тодруулж буй мэт бүх номинациар нэр дэвшигчээ тодруулдаг ажээ. Тэд сургуулийнхаа хамгийн том тэмцээний нэг “Мини Оскар”-т наймдугаар ангидаа анх оролцжээ. Эдний ангийн тэргүүний сурагчдын нэг Б.Золбоо тухайн үед “Одод” студийн спортын нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэнэ. Телевизтэй, студитэй ойрхон түүнд богино хэмжээний кино хийх санаанд нь багтаад байжээ. Ингээд “Гурван найз” киноныхоо зохиолыг өөрөө бичээд, өөрөө найруулаад, өөрөө зургаа авчээ. Монтажаа ч мөн өөрөө хийсэн байна. Ямар сэдвээр кино хийх вэ гэж нэлээн бодсоны эцэст боевик кино хийе гэж ярилцаад зохиолоо бичжээ. Хар багаасаа найзалсан арван жилийн найзууд хожим бие биенийгээ танихгүй хоорондоо буудалцаж байгаа өрнөлтэй. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсний дараа найзыгаа таньж харамсаж байгаа­гаар кино дуусна. Ийм киноны зохиол бичээд зураг авалтдаа гарчээ. Жаахан хүүхдүүд учраас машин тэрэг хэрэг болно. Гудманд яваа хамгийн гоё машинтай хүн дээр гүйж очоод “Ах аа, бид нар кино хийж байгаа юм. Машинд чинь зураг аваадахъя” гэж гуйна. Дэлгүүрийн зураг авалтыг ч бас хүн гуйгаад л хийчихнэ. “Эгчээ, кино хийж байна.Дэлгүүрт зодолдох хэрэгтэй боллоо” гээд л. Аппарат, камер болсон жаахан хүүхдүүд ингээд гуйгаад ирэхээр татгалзах хүн байдаггүй, бүгд л уриалгахан зөвшөөрдөг байжээ. Ингээд киногоо хийгээд тэмцээндээ оров. Сургуулийнхаа хэмжээнд хамгийн анхны тулаант кино хийсэн гэж сайшаагдаад, ангиараа хоёрдугаар байр эзэлж, Б.Золбоо “Шилдэг кино зураглаач” шагналын эзэн болсон байна. Харин аравдугаар ангидаа оролцсон “Мини Оскар” тэдний санаанаас огт гардаггүй гэсэн. Өмнөх тэмцээний туршлагадаа тулгуурлахын зэрэгцээ бас ч гэж том болцгоосон учраас “чанартай бүтээл” хийхээр зорьжээ. Сэдэв нь хүртэл хэн бүхний сонгоод байдаггүйг чухалчилсан байна. Айхтар зодолддог залууг мафийнхан эгнээндээ нэгтгэх гээд. Залуу зөвшөөрөхгүй болохоор найз охиныг нь барьцаалж байгаа үйл явдалтай кино байж. Энэ удаагийн зураг авалт “өндөр түвшинд” болжээ. Ерөнхий, туслах хоёр зураглаачтай. Ангийнхаа Лодойг тухайн үед гарч байсан “Гурван марал од” Солонгосын олон ангит кинон дээр гардаг Сандугаар төсөөлчихсөн. Цамцных нь энгэрийг яраад, ардаа хамгаалагчтай явдаг мафийн толгойлогч болгоод л. Харин сайн зодолддог залуугаа тус киноны Ким Инха шиг байхыг найруулагч шаардана. Ингээд таньж мэдэх хүнээсээ бенз машиныг нь гуйж аваад Б.Энхбилэг жолооч болж байсан гэсэн. Харин ангийнх нь бусад хөвгүүд мафийн гишүүд болчихсон. Аав, нарынхаа костюмыг гуйж өмсөөд Тагнуулын ерөнхий газрын өмнөх талбайд гол зураг авалтаа хийж байжээ. Харин шөнийн зодоонтой хэсгээ “Тэнгис” кино театрын өмнөх талбайд авч байсан гэнэ. Хөвгүүд хоёр хуваагдан зодолдож байхад цагдаа нар “Юун зодоон цохион бэ” гэсээр хүрч ирж байжээ. Хөвгүүдийг ийн кинонд тоглож байхад охидууд арын ажлыг хариуцна. Жүжигчдээ өлсгөхгүйн тулд гэр гэртээ хоол цай хийж ирнэ. Бас зураг авалтад хэрэгтэй эд зүйлийг олох гэж чармайна. Киноны төгсгөлд буудалцаантай хэсэг гарах учраас тэр үед хэрэглэх жинхэнэ мэт харагдах тоглоомон буу хайж олох гээд ажил их. Тухайн үед киноны ажлаар гэртээ харих оройтон аав ээждээ загнуулж байсан бол өнөөдөр дурсан ярихад хамгийн хөгжилтэй, хэзээ ч мартамгүй дурсамж болон үлджээ.

Арвын А-гийнхан ерөнхий­дөө сурлага, хүмүүжлээр жигд­хэн сайн хүүхдүүдтэй байсан гэнэ. Сургуулийн дэг журам бусад сургуультай харьцуулахад нэлээн чанга байжээ. Охид үс гэзгээ хамаагүй задгай тавьж болохгүй. Нүүр амаа будна гэж санахын ч хэрэггүй. Гэдэс, нуруугаа гаргасан богино цамц өмсвөл сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулах дээрээ тулна. Хөвгүүд ч мөн адил. Үсээ элдэв янзаар будахгүй. Өргөн өмд, хэлхгэр цамц өмсөхгүй. Хатуу чанга хэрнээ хүүхдийн хүмүүжилд маш эерэгээр нөлөөлсөн дэгийн үр дүнд эдний ангийнхан маш зөв төлөвшилтэй болж чадсан гэж бахархдаг юм байна. Сурлагаараа нэгэн жигд ч гэлээ тэр дундаас цойлон гарсан хүүхдүүд бас бий. Эдний ангийн гавал нь Н.Үүрцайх, О.Мөнхбаатар. Н.Үүрцайх Монголын хүүхдийн ордоны эрдэм алтан медальтайгаас гадна шатрын спортоор хотын аварга болж байжээ. О.Мөнхбаатар орос хэлний олимпиадад дүүргийн аварга болж байсан гэнэ. Спортоор ч бас мундагууд бий. Усан спортоор идэрчүүдийн улсын аварга болж байсан Г.Ариунаа арвын А-гийнх. Мөн сахилгагүй нөхөд ч бий. Б.Энхбилэг ангийнхаа хамгийн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байж. Байс гээд л хэрэг тарьчихаад аав ээжийгээ сургуулийн захиргаатай уулзуулна. Нэг удаа үймүүллээ гээд ангиасаа хөөгдчихөж. Дараагийн цагийн хичээлээ хүлээн подвольд байх хувцасны өлгүүрийн тэнд чимээгүйхэн зогсож байтал “Хувцасны өлгүүрийг хаяж гээгдүүлбэл торгуультай” гэх бичигний өрөөсөн булан наалтнаасаа салж байжээ. Нэг булан нь эргээд муухай харагдаад байхаар нь янзалчих санаатай тавцан дээр байсан шүдэнзээр тэрүүхэн хэсгийг шатаах гэтэл гал авалцчихаж. Тэрүүхэн тэндээ шатахгүй өлгүүрийн жижигхэн цонхоор орж хүүхдийн нэхий дээлэнд авалцжээ. Сандарсан хүү жижигхэн цонхоор шуртхийн ороод арай гэж нэг унтраасан байна. Гэхдээ нэг нэхий дээл, нэг куртикний хохиролтой. Галаа унтрааж дуусангуутаа хурдхан тэндээс холдохын түүс болж гуанзаар эргэлдэж гарчээ. Тэгсэн хичээлийн эрхлэгч хажуугаар нь зөрөхдөө хувцсанд нь шингэсэн хиншүүний үнэрээр бариад авч. Энэ мэт санамсаргүй хэрнээ дэггүйтэж байсан тохиолдол олон. Б.Энхбилэг бас зурах авьяастай. Шивээс хийгээд сурчихсан болохоор хүн бүрт л өнөөхөө хийгээд өгчих юмсан гэж бодно. Ангийнхан нь ч бас шивүүлэх дуртай. Би, би гэж шивүүлсээр байгаад аравдугаар ангиа төгсөхдөө талаас илүү нь шивээстэй болоод төгсжээ. Багадаа ингэж дүрсгүйтэж байсан хүү өнөөдөр “Монгол” телевизэд ажиллаж буй. Гадаадад найман жил сурч ирсэн тэрээр “Таны мөрөөдөл” нэвтрүүлгийн хөтлөгч, продюссер ийм ажилтай. Бас “Бодь электроникс”-ийн дэд захирал, Монголын либериал залуучуудын холбооны ТУЗ-ийн дарга Б.Золбоо эдний ангийнх. Түүнийг 2012 оны НИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байсныг хүмүүс санаж байгаа байх. Эдийн засаг, бизнесийн “Bloomberg” телевизийн хөтлөгч З.Энхболорыг танихгүй хүн байхгүй болов уу. Энэ мэтчилэн сурагч байхдаа эрдэмд номд шамдаж, зөв хүн болох төлөвшлийг сурч, хүүхэд насны цагаахан дэггүйтлээр тоглож өссөн 10-ын А-гийнхан өдгөө салбар бүрт ажиллаж байгаа. Гэхдээ зүгээр нэг ажилласан болоод өнгөрөх биш нийгмээ манлайлан орчин цагийн үлгэр жишээ залуусын тэргүүнд явна.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Шинжаан Уйгарт гурван Бороотой дүйцэхүйц нөөцтэй алтны орд нээгджээ

-ЭНЭ ОРДЫН ХАМААРДАГ АЛТНЫ ХҮДЭРЖИЛТИЙН БҮС МАНАЙ УЛСЫГ Ч ДАЙРДАГ-

Хятадын хамгийн том бүсэд тооцогдох Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс 6.46 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алтны томоохон орд илрүүлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм. Энэ бүсэд урьд хожид илрүүлж байгаагүй томоохон нөөц илэрсэн гэсэн үгийг албаны хүмүүс онцолдог. Ордоос доод тал нь 127 тонн алт гаргаж авах боломжтой гэх таамаг байна. Нийт баялгийнх нь нөөц энэ хэмжээний гэх мэдээ ч бий. Гэхдээ эдийн засгийн үр ашигтай нөөц нь төчнөөн тонн гэсэн барим тавим мэдээлэл хомс байна.

Ордын байршил нь яг тэнд гэсэн тодорхой газрын нэргүй. Киргизстан улстай залгаа орших Шинжааны Укар хошуу хавьцаа гэсэн мэдээлэл цацагдсан. Хятадын Геологи, эрдэс баялгийн эрэл хайгуул, хөгжлийн бүс нутгийн товчооноос ингэж мэдээлжээ. Тус ордын нийт нөөц 200 тонн давна гэж хайгуулын багийн дарга Цуй Хунбин онцолсон байна. Хятадын Геологи, эрдэс баялгийн хайгуулын хөгжлийн бүс нутгийн товчоо дээрх бүсэд 20 жил эрэл хайгуулын ажил явуулаад байгаа аж. Тэнд ажилласан геологичид 20 ам дөрвөлжин километр талбайд алтны ордтой 20 бүс газрыг илрүүлсэн байна. Тус товчоо өнгөрсөн онд 50 ба түүнээс дээш тонн нөөц бүхий хоёр орд илрүүлчихээд байгаа гэнэ. Синьюань, Хөзин зэрэг хошуунаас эдгээр ордыг илрүүлжээ. Судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийсэн учраас Шинжаан Уйгарт нээсэн ордын талаар ерөнхий мэдээллийг л хийжээ. Барууны хөрөнгө оруулалттай компаниуд Хятадад нээсэн ордынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг бол Хятадын төрийн өмчийн компаниуд илрүүлсэн ордынхоо байршил, нөөц гэх мэт нарийн ширийн зүйлийн талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байна. Ордын судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийжээ. Уйгарын засаг захиргааны төв Үрэмчээс албаны товч мэдээ гаргасан аж. Энэ товч мэдээнд үндэслэсэн мэдээллүүдийг л олон улсын хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд цацаад байгаа юм.

Дашрамд дурдахад Хятадын төрийн өмчит компаниуд тус улсад ажилладаг барууны ихэнх компанийн хувьцааг худалдан авч, гадны хөрөнгө оруулагчдын дийлэнхийг нь улсаасаа гаргасан гэх мэдээлэл бий. Энэ утгаараа Хятадын нутаг дэвсгэрт нээгдэж буй алтны ордуудын талаарх нарийн, тодорхой мэдээлэл жил ирэх бүр хумигдсаар байгаа гэдэг.

Ямартай ч Шинжаан Уйгараас манайхаар бол гурван Бороог нийлүүлсэн хэмжээний нөөц бүхий алтны орд нээгдсэн бололтой. Орд нээгдсэн хавийг багцаалдвал манайхтай холбогдох нэг сэжим бий гэнэ. Тэр хавьцаа алтны хүдэржилтийн бүс дайрч өнгөрдөг аж. Шинжаан Уйгарын алтны ордоос мянгаад километр наашлуулж төсөөлбөл Говь-Алтай аймгийн урд сум, Баянхонгор аймгийн баруун урд бөгөөд урд зүгийн нутаг тэр бүсэд хамаардаг байна. Төмөртэйн нуруугаар энэ бүсийн үргэлжлэл орж ирж байгаа бололтой. Тэнд Хатан суудал, Талын бэлчир гэсэн ордууд байдаг гэнэ. Говийн их дархан газар бөгөөд улсын хилийн бүсэд ордог гэх шалтгаанаар судалгаа огт хийгдээгүй газар юм байна. Ер нь манай баруун бүсийн геологи судалгааны түвшин доогуур, огт судлагдаагүй гэж хэлж болохоор гэж геологичид ярьдаг. Хэрвээ сайн судалж чадвал тэр хавьд алтны томоохон нөөц илрэх магадлал өндөр бололтой.

Манайд хойд Хэнтийн алтны бүс гэж байдаг. Энэ бүсэд Бороо, Гачуурт, Улаан булаг зэрэг хайгуул хийгдсэн ордууд оршдог. “Сентерра гоулд”-ын Алтан цагаан овоо гэж 27 тонн алт бүртгүүлсэн орд бий.

Сүүлийн үед хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой орд гэвэл Баянхонгорын “Алтан нар” байна. Нөөцөөрөө Оюу толгойн дараа яригдаж байгаа “Алтан нар” орд 4669 га газрыг эзлэн оршдог. Канад, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын “Эрдэнэ ресурс” компани Баянхонгор аймагт алт болон полиметаллын “Алтан нар” ордыг нээсэн юм. Төсөл хэрэгжүүлэгчид “Алтан нар”-ыг Төв Азийн Тянь Шан алтны бүсийн үргэлжлэл болов уу гэсэн таамаг хэлдэг. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан хайгуулын үр дүнд энэ ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүнээс авсан нэг тонн хүдэр тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл бийг тогтоож байв. Үүнээс гадна долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзээд буй. Энэ хэсгээс гадна “Union South”, “Discovery Zone”, “Riverside”, “Maggie” зэрэг хэд хэдэн хэсэгт эрдэсжсэн судал бийг тогтоочихсон. Төсөл хэрэгжүүлэгчид нэмэлт хайгуул хийх шаардлагатай гэдэг. Энэ ордод ажиллаж буй “Эрдэнэ Монгол” компани өмнө нь Зуунмодын ордоос 211 мянган тонн молибден, 258.5 мянган тонн зэсийн нөөц илрүүлсэн юм. Дараахан нь уг ордын ойролцоо Хувын хар хэмээх газарт зэсийн хайгуул хийж, өрөм тавих үедээ Зуунмодын ордоос баруун тийш 40 км зайд “Алтан нар” хэмээх газарт алт, мөнгө, ховор металлын орд байгааг илрүүлсэн гэдэг. “Эрдэнэ ресурс” компанийн судалгааны дүнд 4.5 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 2.4 грамм алт, 19 грамм мөнгө бий гэсэн тооцоо гараад буй. Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоо. Тус компани өрөмдлөгийн ажлаа ирэх онд дуусгаж ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа. Сүүлийн үеийн мэдээ гэвэл “Алтан нар” ордод ойролцоогоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт, полиметаллын нөөцтэй байж магадгүй гэсэн тооцоо гараад байна. “Эрдэнэресурс” компаниас өгсөн мэдээллээр урьдчилсан хайгуулын дүнгээр 30-45 тонн алтны таамаг нөөц Алтан нар ордоос илэрчээ. Оюу толгойн ордоос хойш ийм хэмжээний нөөцтэй томоохон хэмжээний орд илрүүлээгүй гэж төсөл хэрэгжүүлэгчид нь онцолж байна.

“Эрдэнэ ресурс” компанийн ерөнхийлөгч Петр Акерлей “Хэд хэдэн талаас нь харахад энэ төсөлд хөрөнгө оруулахад тохиромжтой үе ирж байна. Дэлхий даяар уул уурхайн компаниудын хувьцаа түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа. Ийм том боломж гарч ирсэн учраас цаг алдалгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд уул уурхайн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл төрж байна. Алтан нар төслийг хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц уурхай болгох боломжтой. Ямар нэг асуудал гарахгүй, бүх хөрөнгө оруулалтаа үйлдвэрлэлд ашиглаж чадвал хоёр жилийн дараа гэхэд бид уурхайг байгуулж ашигт малтмал олборлох боломжтой. Мөн үүнээс хоёр жилийн дараа гэхэд үйлдвэр байгуулж ашигт малтмалаа боловсруулах боломж бий. Ийм хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд 60-120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг” хэмээн ярьсан байдаг.

Сар гаруйн өмнө Эрдэнэ ресурс компани заримыг “Алтан нар” ордоос алт, мөнгө, өнгөт металл нэмж илэрлээ гэсэн мэдээллийг өгч байсан бол аравдугаар сарын эхээр 1.6 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас босгож “Алтан нар” төсөлд зарцуулна гэж мэдээлсэн юм.

Ц.БААСАНСҮРЭН

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх мөнгөний 80 хувь нь бүсгүйчүүдийн түрийвчинд байдаг

Нэгэн сонирхолтой судал­гааг Мечиганы их сургуулийн эдийн засаг, социологийн эрдэмтэд хийжээ. Энэ нь эхлээд жендерт тухайлбал, эдийн засаг, санхүүгийн эрх мэдэл нь хэнд байна гэсэн асуудал хөндсөн байна. Дэлхий дээр байгаа бүх бэлэн мөнгийг хэн хаагуур, юунд зарцуулж дахин хуваарилалтад оруулж байна гэж үзжээ. Тэгсэн чинь ерөөсөө л бүх мөнгөний санхүүгийн эрх мэдэл эмэгтэйчүүдэд байжээ. Бүх мөнгөний 80 гаран хувийг эмэгтэйчүүд захиран зарцуулж байна гэсэн дүгнэлт гарч эрдэмтдийг гайхшруулжээ. “Гайхширсан” гэхийн учир нь дэлхийн бүх Засгийн газрууд, томоохон банк корпорациуд 90 хувь нь эрчүүдийн мэдэлд байдаг.

Гэтэл яахаараа дахин хуваагдалд орсон бүх мөнгөний 80 гаран хувь нь эмэгтэйчүүдийн түрийвчинд орсныг тайлбарлаж чадахгүй байна. Тэгвэл бүсгүйчүүдийн цүнх түрийвч зүгээр л мөнгө уургалах ид шидтэй гэж үү. “Эрчүүд эдийн засаг, санхүүгийн эрх мэдлээ л ингэтлээ алдсан юм бол бусад эрх мэдлийн тухай яриад ч хэрэггүй” гэж дүгнэжээ. Гэвч жендерийн төлөө тэмцэгч баатарлаг эмэгтэйчүүд энэ дүгнэлтийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа гэнэ. Эмэгтэйчүүд өдий хүртэл хөрөнгө санхүүгийн том эрх мэдлээ нуусаар ирсэн байна. Судлаачид бараа үйлдвэрлэлийг авч үзжээ. Дэлхий дээр үйлдвэрлэсэн бэлэн хувцас зэрэг аж үйлдвэрийн барааны 75 хувийг эмэгтэйчүүд, хүүхдийн хувцас эзэлсэн байв. Бас гоо сайхны бараа, алт үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрэлт нийлүүлэлт нь өнөө эрэгтэйчүүдэд үлдсэн 15 хувиас даваад явчихсан байна. За яахав. Дэлхийд бол тийм байдаг байж. Хүүхнүүдийн цүнхэнд бүх мөнгө явдаг юм биз. Харин манайд ямар байдаг юм бол доо. Сүрхий хэл амтай хүүхнүүд сүүлийн хэдэн жил жендер гэж мундаг ярьж байгаа даа. Ерөөсөө л дээрээсээ авахуулаад, Их хурал, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд бүх албан тушаал дээр эрчүүдтэй яг адилхан байх ёстой, 50 хувь байх ёстой гэж тэмцэж байгаа. Бүх шатны сонгуулийн нэр дэвшилтэд хүйсийн харьцаа адилхан байх зарчмаа батлуулаад авсан. Улс төрд эрчүүд нь идэж уусан хэрэгт холбогдоод ирэхээр ард түмэн эмэгтэйчүүддээ итгэл үзүүлж тэднийг дэмжиж байгаа. Тун удахгүй Норвеги, Швед шиг хүүхнүүд нь төрийн ажлыг амжуулж, эрчүүд нь усан онгоцоор зугаалсан улс орон болох байлгүй. Жендерийн ийм бодлогыг Ерөнхийлөгч ч, улс төрийн намууд ч айхтар дэмжээд байгаа шүү. Түүхээсээ Монгол Улс чинь улсынхаа хааны эзгүйд хатад нь гүрэн толгойлж явсан жээндэрсэг гүрэн.

Социализмын үед “хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжихийн замыг дагасан”, эмэгтэйчүүд нь гадуурхагдаж үзээгүй түүхтэй улс орон. Япон Солонгос, Хятад зэрэг улсуудыг бодвол манай хүүхнүүд эрх чөлөөгөө эдэлсээр ирснээрээ дэлхийд байг гэхэд Азидаа тэргүүлэх байх.

Манай хүүхнүүд улс төрийн эрх чөлөөгөөрөө түүхийн аль ч үедээ боолчлогдоогүй ээ. Харин санхүү эдийн засгийн эрх чөлөө нь ямар байдаг юм бол доо. Судалгаа хийсэн газар байгууллага үнэндээ алга байна. Монголын мөнгөний захиран зарцуулах эрх мэдэл эрчүүдэд байна уу. Мөн л дэлхийтэй адилхан 80 гаран хувийг эзлэх тэр их мөнгө эмэгтэйчүүдийн цүнхэнд явна уу. Энэ мөнгө Монголд ч гэсэн ялгаагүй эмэгтэйчүүдийн цүнхэнд яваа гэж итгэлтэй хэлнэ. Бэлэн хувцасны дэлгүүрүүдийг харахад голдуу л эмэгтэйчүүдийн бараа байдаг биз дээ. Саяхан твиттерт нэг хөөрхөн зураг тавигдсан байсан. Нэг айлын гутлын шүүгээг онгойлгоод зургийг нь авчихсан чинь эмэгтэй хүний 6-7 гутлын дунд эр хүний ганцхан пүүз байхыг харуулсан маш сайн зураг байсан шүү. Би нэг найзаасаа танай авгай юу хийж байна гэсэн чинь цаадах чинь даашинзаа тоолоод л сууж байна. Үе үе тоо, өнгийг нь алдчихаад нэгээс эхэлж тоолоод тэрэндээ саатаад суудаг юм гэсэн. Бас даашинзаа биедээ биш, биеэ даашинзандаа тааруулах гэж эхнэр нь маш их ажил болдог тухай их хөгжилтэй ярьсан юм. Харин би найзаасаа чи чинь ер нь хэдэн костюмтай билээ гэхэд “Энгийн үед өмсдөг нэг юм бий. Хурлын нэг бий чи мэднэ дээ тэгээд дуусаа” гэсэн. Монголын хөдөөд ч гэсэн хувийнхаа мал хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл эмэгтэйд нь хадгалагддаг юм. Миний эргэн тойронд эрхэм гишүүн сайд дарга, сэтгүүлч, цагдаа, “Нарантуул”-ын наймаачин, малчин зэрэг олон хүн байдаг. Тэдний гэр бүлийн төсвийн захиран зарцуулах эрх мэдэл эхнэр гэдэг “Ерөнхий сайдад” хадгалагддаг. Тэгвэл дэлхийн бүх мөнгийг цүнхэлсэн “Ерөнхий сайдууд” тэр их баялгийг зөв хуваарилж чадаж байгаа бил үү. Гэр бүлийн хувьд сөрөг хүчин болсон эрчүүд түүнд ямар хяналт тавьж байв гээд асуудал хөндөгдөж байна. Айл гэрийн эхнэр гэдэг “Ерөнхий сайдууд” албан тушаалаа хэтрүүлэн өөртөө 80 хувийг, нөхөртөө 20 хувийг зарцуулдаг юм биш биз дээ.

Ер нь газар болгонд эрчүүд сүйрч байна, тэд ялагдаж байна гэж бичих, ярих болов. Гэр бүлийн соёлтой жендерийн хамгийн мэдрэмжтэй гэдэг Европт ийм хэлц үг байдаг. Нийгэмд эзлэх хүндлэл байр сууриар нэгд хүүхэд, хоёрт эмэгтэй хүн, гуравт нохой, түүний дараагаар эрчүүд орно гэдэг байна. Эмэгтэйчүүд жендер гэж албан тушаалын адил оролцоог хүчтэй тавьж байна. Тэр нь амжилтад хүрч соёлт хүн төрөлхтөн зөвшөөрч эрчүүд бууж өгч байна. Гэвч эрдэмтэд нэг зүйлийг сөргүүлэн тавьж байна. Санхүүгийнхээ эрх мэдлийг эрчүүд авах, ядахдаа 50 хувийг нь эдлэхийг хуульчлах хэрэгтэй гэлээ. Хөрөнгө барихаасаа эрчүүд айдаг гэнэ. Өөрөөр тайлбарлавал, мөнгө санхүүгийн эрх мэдлээ эмэгтэйчүүддээ найр тавин өгч байна. Сүүлийн үеийн ойлголтоор эр, эм хоёр хүйс адилхан тэнцүү тоогоор ажилд орохыг жендер гэдэггүй болж байна. Жендер гэдэг ойлголт одоо эргээд өөрчлөгдөж байгаа. Жендер гэдэг бол “бурхнаас эр, эм хүнд оногдсон жам ёсны хуваарь” түүнийг эвдэгдэхгүй байхыг хэлнэ гэсэн үзэл давамгайлжээ. Эр хүн нь хүүхэд хийж, юм хум олж зөөж ирж, эм нь хүүхэд төрүүлж асарч тэжээж, эрчүүдийн олж зөөсөн баялгийг борлуулна. Хөдөлмөрийн ийм хуваарь өөрчлөгдөх тутам сөрөг үзэгдэл гардаг гэнэ.

Ажлынхаа байрыг ч, санхүүгийнхээ эрх мэдлийг ч булаалгасан эрчүүд газар бүр доройтож байгааг судлаачид үгүйсгэхгүй байна. Эрчүүд сул дорой хүйстэн боллоо. Эрчүүдгүй амьдрах моод ч түгэж, элдэв гаж хүйснүүдийн учир олдохоо болив. Үүнийг бас л мөнгөний эрх мэдэлтэй холбон тайлбарлах боллоо. Дэлхийн бүх мөнгө хүүхнүүдийн цүнхэнд явдаг гэнэ шүү. Хамгийн хачирхалтай нь эрчүүд мөнгөний эрх мэдлээс татгалздаг бол хүүхнүүд санхүү мөнгөний эрх мэдлээ хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй ажээ. Гоо сайхан ертөнцийг аварна гэж хийсвэр үг. Харин эмэгтэйчүүдийн алт үнэт эдлэл, гоо сайхандаа зарцуулж байгаа бараагаа 20 хувиар хэмнэхэд л гайхам үзүүлэлт гарч сая сая хүүхдүүд өлсгөлөнгөөс аврагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ Монгол хотхоны зүүн талд 19 дүгээр байранд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиж 5 настай, Т гэх хүү цонхоор унах гэж байсныг аварч ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.
Уг аврах ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийн албан хаагчид гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Гутлын үйлдвэрийн нээлтэд оролцлоо

Чингис бондоос хоёр тэрбум төгрөгийн зээл авч, Итали, Герман технологиор өдөрт 800 хос гутал үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 30% хангах хүчин чадалтай “Best Shoes” үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож хийж бүтээхээр хичээж зүтгэж байгаа хүмүүсээ Шинэчлэлийн Засгийн газар цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ спорт

Б.Мөнхжин 6 хожил, 2 хожигдолтойгоор II байрт бичигдэж байна

Эстони улсын нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Өнөөдөр тэмцээний ес дэх өрөг буюу сүүлийн тоглолтууд болж аваргууд тодорно. Тэмцээний найман өргийн дараах байдлаар охидын 8-10 насанд өрсөлдөж буй Б.Мөнхжин 6 хожил, 2 хожигдолтойгоор 12 оноо авч, II байрт бичигдэж байгаа юм. Тэрбээр өнөөдөр сүүлийн өргөө 11 оноотой IV байрт жагсаж буй Казахстаны Кассум Алимтай хийнэ. Харин Б.Өнөржаргал VII, Б.Мишээл XI байрт бичигдэж байна.

Мөн охидын 11-13 насанд Г.Дүүрэнбилэг VI, Э.Маргад VIII, С.Энхтүвшин Х байрт жагсч байна. Харин хөвгүүдээс 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр 11 оноогоор V, Б.Сүхбат 10 оноогоор VII, Б.Баярмагнай XV, 11-13 насанд Ц.Чинзориг, С.Мөнх-Оргил нар XVII, XVIII байр, М.Лувсандорж XXIX байрт жагсаж байна.

Энэхүү тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчин оюуны цэц сорьж байна. Ес дэх өргийн дүн манай цагаар 21.00 цагт гарна. Тэмцээний мэдээллийгhttp://championship2014.kabeliit.ee/results.html сайтаас авах боломжтой.

Categories
мэдээ соёл-урлаг

Хошин урлагийн “Нэгдсэн шоу” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг томоохон шоу тоглолт хэдхэн хоногийн дараа хөшгөө нээхээр зэхэж байна.

Хошин урлагийн хамтлаг, продакшнуудын “Нэгдсэн шоу” тоглолт ирэх 11 сарын 09-ны 19:30 цагт “UB Palac”-ийн концертын их танхимд болно. Тэгвэл тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн “UB Palace”-ийн кассаар худалдаалагдаж эхэллээ. Тасалбарын үнийн хувьд 20 мянга, 15 мянган төгрөгийн үнэтэй.

Тоглолтонд, “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Х Түц” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Чапи & Суурь”, “Параоди” хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзэгчдийн хүртээл болгож олон мянган фэнүүддээ “инээмсэглэл”, “бодрол”, “урам”-ыг бэлэглэх нээ.

Урилгаар олны хайр, хүндлэлийг хүлээсэн дуучид оролцоно. Түүнчлэн “Нэгдсэн” шоу тоглолтыг “Захиалгат инээд” хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид хөтлөх юм.

Дашрамд дуулгахад, монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.