Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ анхаарах зүйлс

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Манай улсын зарим иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор хилээр нэвтрэхдээ авч явсан гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохих ёсны лабораторид шалгуулалгүйгээр, цөөн тоогоор зөөж оруулсан нь БНХАУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл тул барааг хурааж авсан тохиолдол сүүлийн үед багагүй гарч иргэд санхүүгийн өндөр торгуульд унаж байна.

Хэрэв иргэн та БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хятад улсын хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүслийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авах шаардлагатайг анхаарна уу.

Түүнчлэн иргэд БНХАУ-ын Эрээн хотын “Шэнтун” болон бусад тавилгын захаас бараа худалдан авахдаа мөнгөө бэлнээр төлөхөөс гадна бичгээр гэрээ хэлцэл үйлдэж байхгүй бол таны эд бараа Монголд ирсэний дараа дутах, хагарч гэмтэх болон ирэхгүй байх асуудал гарч иргэн та өөрийн буруугаас мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2014.11.01/ Сүхбаатар аймгийн төвийн “Таван эрдэнэ” малтай хороолол, “Боловсрол” хороолол, 200 хүүхдийн дотуур байр, Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амралт, сувиллын нээлтэд оролцож тус аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

“Таван эрдэнэ” малтай хорооллын үйл ажиллагаатай танилцав

2013 оны 08 дугаар сар гэхэд аймгийн төв Баруун-Урт хотод нийт 100 гаруй өрхийн 1300 орчим толгой мал долоон фермер аж ахуй үйл ажиллагаа явуулж байсан байна. Орон нутгийн төсвөөс 390 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн усан болон цахилгаан хангамж бүхий 50 айлын хорооллыг аймгийн төвөөс долоон км-ийн зайд байгуулж, зам, холбоо, худалдаа үйлчилгээний цэг салбар, эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэжээ.

“Сүхбаатар аймгийн эдийн засгийн үндсэн салбарын нэг нь мал аж ахуй байсаар ирсэн одоо ч байгаа болно. Хэдийгээр мал аж ахуй хүн амын амьжиргаанд голлох үүрэгтэй ч хотжих, хүн ам төвлөрөн суурьших процесс эрчимтэй явагдаж буй өнөөгийн нөхцөлд аймгийн төвд мал олноор байх нь хүн амын эрүүл мэнд, ялангуяа малаас хүнд халдах халдварт өвчин гарах, хотын тохижилт соёлжилтонд сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлал байсан учир аймгийн төвөөс мал гаргах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн” хэмээн тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь танилцуулав.

Энэ үеэр Баруун-Урт сумын дөрөвдүгээр багийн иргэн Ж.Батбаатарын фермерийн аж ахуйтай танилцлаа. Зундаа 30 гаруй үнээ сааж, өвөлдөө 10 гаруй үнээ сааж сүүгээ борлуулдаг байна. Одоогоор фермердээ талын улаан семинал үүлдрийн үнээ өсгөж байгааг Ж.Батбаатар танилцууллаа.

“Боловсрол” хорооллын нээлтэд оролцов

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүн амынхаа амьжиргааны чанар, нөхцөлийг сайжруулах, аймгийн төвөө орчин үеийн тохижсон хот болгох талаар тодорхой зорилт дэвшүүлэн тавьж, энэхүү ажлын эхлэл болгон 2013 оноос газар чөлөөлөлтийн ажил хийж чөлөөлөгдсөн газрыг дахин төлөвлөлтөнд оруулж эхэлсэн байна. 2013 онд 50 орчим га газрыг чөлөөлж, нийтдээ 356 айл өрхийн 830 шахам объектыг нүүлгэн шилжүүлж, шинэ шинэ хорооллыг үүсгэн байгуулсан. Үүний нэг нь “Боловсрол” хороолол аж. Энэхүү хорооллыг, 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, 200 хүүхдийн дотуур байр, Багшийн хөгжлийн төв, Төв номын сан, Угсаатны зүйн музей, тус бүр нь 67 м2 талбай бүхий 250 айлын орон сууц, Үйлчилгээний бусад газрууд бүхий цогц байдлаар байгуулахаар хөрөнгийн асуудлыг ээлж дараатай шийдвэрлэн эхний ээлжинд 10 орчим тэрбум төгрөгөөр тус хорооллын дулаан, цахилгааны болон цэвэр, бохир усны шугам сүлжээ, орон сууцнуудын суурийн болон сууц барих ажил, холбоо, шилэн кабель, сургууль, цэцэрлэгийн хашааг барьж гүйцэтгэжээ. 250 айлын орон сууцны эхний ээлжийн 152 айлын сууцны ажлыг “Дөрвөлж” ОНӨҮГ, “Люкс вүүд хаус” ХХК гүйцэтгэн ашиглалтад өгч иргэд тохилог амьдарч эхэлэжээ. Энэхүү орон сууц нь герман технологиор хийгдсэн галд тэсвэртэй, дулаан хадгалалт өндөр, хорхой шавьжнаас бүрэн хамгаалагдсан, удаан эдэлгээтэй, дахин ашиглах боломжтой барилгын материалаар баригдаж байгаа бөгөөд сууриа цутгавал угсралтын ажлыг ямар ч улиралд хийх боломжтойгоороо давуу талтай юм байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Сүхбаатар аймаг бол ирэх болгонд шинэ зүйл үзүүлдэг. Өмнө нь “Боловсрол” хотхоны зургийг харуулж байсан бол өнөөдөр ирэхэд эхний 104 айл орон сууцандаа орсон байна. Орон нутгийн иргэд 40 сая төгрөгөөр тохилог орон сууцтай болно гэдэг нь том боломж юм. Цаашлаад малчдад зориулсан ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон гээд тус хотхоныг барьж гүйцэтгэсэн компани болон аймгийн удирдлагууд, орон нутгийн иргэдэд талархаж байгаагаа илэрхийлэв.

Боловсрол хотхонд 200 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

Тус аймагт 200 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрын барилгыг улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр богино хугацааны дотор чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад орууллаа. Дотуур байрын бүтэц нь хоёр корпустай бөгөөд А корпус нь 4 ортой 50 өрөө, Б корпус нь гал тогоо, интернэт, номын сан, соёл мэдээллийн төв зэрэг үйлчилгээний газруудтай. Байрын давхар бүрт нь халуун усны газар, 00-ын болон угаалга, индүүдлэгийн өрөө, камертайгаар байгуулагдсан байна. Энэ байр ашиглалтад орсноор Сүхбаатар аймгийн 13 суманд хүрч үйлчлэх боломж бүрдэж, байрын хүрэлцээ хангамж хүүхдийн сурч, амьдрах таатай орчинг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлсэн нэн чухал ажил болсон байна.

Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн амралт, сувиллын үйл ажиллагаатай танилцав

Сүхбаатар аймаг нь 4500 орчим ахмад настантай бөгөөд сүүлийн 5 жилийн дунджаар жилдээ 64 ахмад буюу 1,5 хувь нь ахмадын зориулалттай амралтанд амарч, сувилуулж үлдсэн хэсэг нь хуульд заасан хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байгаа нь нэг талаар орон нутагт ахмадын зориулалттай амралт сувилал байхгүй , нөгөө талаас өөр аймаг, хотын амралтанд явахад хол, зардал чирэгдэл ихтэй холбоотой байна. Иймээс Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ахмадын амралт сувилал байгуулахаар дэвшүүлсэн зорилтыг ажил хэрэг болгож 600 м2 талбай бүхий амрагчдын байр, үйлчилгээний газар гэсэн үндсэн байруудтай, дулааны улиралд гэр нэмж барьж ашиглах боломжтойгоор ахмадын амралт, сувиллыг ашиглалтанд оруулжээ.

Тус сувилал нь нэг ээлжиндээ өвлийн улиралд 26, зуны улиралд 45 ахмад настныг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 1.8 га газрыг хашаажуулж спортын тэмцээн уралдаан зохиох, чөлөөт тоглолт хийх, нарлах талбай, дасгал хөдөлгөөн хийх иж бүрэн тоног төхөөрөмж бүхий чийрэгжүүлэлтийн талбайгаас гадна 240 м2 талбайтай ногооны хүлэмж, явган зам, авто машины зогсоол, сүүдрэвч, лед гэрэлтүүлэг зэргээр орчныг тохижуулж хүн амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Ахмадын амралт сувилал нь төвлөрсөн цахилгаан хангамжтай, цэвэр бохирын холболт, халаалт дулааныг газар дээр нь иж бүрнээр шийдвэрлэсэн жилийн 4 улиралд тасралтгүй ажиллах бололцоогоор бүрэн хангагдсан байна.

Мөн амралтын хугацаанд ахмадуудад эмчилгээ сувилгаа хийхээс гадна урлаг спортын тэмцээн уралдаан зохиох, аймгийн төвтэй танилцаж, бүтээн байгуулалтын ажлыг нүдээр үзэж аялах, ахмад настантай холбоотой хууль эрх зүйн сургалт зохиох зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар зохицуулжээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 332 ахмад настан “Оргил”, “Хужирт”, “Шаргалжуут” зэрэг рашаан сувилал болон ахмадын зориулалттай амралт сувилалд амарч ор хоног, замын зардалд 65,4 сая төгрөг халамжийн сангаас зарцуулсан бөгөөд дээрх тооны ахмад настан орон нутгийнхаа амралт сувилалд амрахад 18,5 сая төгрөгийг халамжийн сангаас зарцуулж орон нутгийн төсвөөс 46,9 сая төгрөг хэмнэгдэх боломж байгаагийн дээр тус аймгийн ахмад настан Улаанбаатар, бусад аймгийн амралт, сувиллын газарт 7 хоног амрахад хамгийн багаар бодоход 170.0, харин орон нутагтаа амрахад 56.0 мян төгрөгийн зардал гарах тооцоо гарч байгааг аймгийн удирдлагууд онцолж байлаа.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 177.9 км авто замын хөдөлгөөний нээлтэд оролцов

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.11.01/ Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрээр Сүхбаатар аймгийн төвд Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөний нээлтэд оролцов.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 85 жилийн түүхтэй Авто замын салбар 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна. 2013 онд Дундговь, Баянхонгор аймгийг холбосон бол 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн төвийг нийслэл хоттой холбох 296 км авто замын хөдөлгөөнийг нээсэн. Удахгүй Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох 263 км авто замын хөдөлгөөнийг нээх гэж байгаа бол өнөөдөр миний бие Сүхбаатар аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй холбох 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээх ёслолд оролцож байна хэмээн онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хот-Сүхбаатар аймгийг холбосон авто зам ашиглалтад орсноор Сүхбаатарчуудад цаг хугацааг хэмнэж, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж буйг онцлоод зам барилгын ажлыг гүйцэтгэсэн болон зам барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж ажилласан “Арж капитал”, “Түм арвижих”, “Эм Ай Эл”, “Ар Си Эс Си” компаниудын хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 87.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр төсөл арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд “Чингис” бондоос 72.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Энэхүү 177.9 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгч “Арж капитал” ХХК 132.6 км, “Түм арвижих” ХХК 45.3 км авто замыг барьсан бол “Эм Ай Эл” ХХК, “Ар Си Эс Си” ХХК-иуд хяналтын зөвлөхөөр ажиллажээ.

Сүхбаатар аймгийг нийслэл хоттой холбох авто замын томоохон бүтээн байгуулалтын ажилд 650 гаруй инженер техникийн ажилчид болон мэргэжилтэн, туслах ажилчид ажиллаж, 300 гаруй машин механизм, тоног төхөөрөмж ашиглагдсан байна.

Сүхбаатар аймгийн төвд болсон Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын М.Зоригт, Ж.Батзандан, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бахаралт “бэр” цэцэг

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарлалаа.

Үндэсний бахархалт цэцгийг зарлуулах ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын А/336 тоот тушаалаар байгуулж, иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ. Алтанхундага, Бэр цэцэг, Шүүдэрцэцэг, Вансэмбэрүү, Алтангагнуур, Цагаан цээнэ, Говийн хялгана зэрэг 9 цэцэгнээс Бэр цэцэг хамгийн олон санал авчээ.

Та бүхэнд Бэр цэцэг “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөгдөх болсон талаарх танилцуулгыг хүргэж байна.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ “БЭР ЦЭЦЭГ”

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх” тухай тусгасны дагуу Их эзэн Чингис хааны буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Үндэсний бахархлуудыг нэрлэж ирсэн билээ.

Шувуу ажиглах аялал, уулын аялал тэдгээртэй холбоотой байгаль хамгаалал, ногоон бизнес, бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор 2012 онд шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу”, 2013 онд Бурхан Халдун хайрханыг “Үндэсний бахархалт хайрхан” хэмээн зарлаж Засгийн газрын тогтоол гаргасан билээ.

Энэ жил тус өдөрт Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан нийт хоёр сарын турш олон нийт, төрийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан судалгаа явууллаа. Санал асуулгад (Монгол Алтанхундага, Бэр цэцэг Шүүдэрцэцэг, Вансэмбрүү, Алтангагнуур, Цагаан цээнэ, Говийн хялгана, Монгол Потанин, Монгол Догар) гэж есөн цэцэг оролцсоноос Бэр цэцэг хамгийн олон саналтайгаар дэмжигдлээ. Ургамал судлаачид, багш, оюутнууд (МУИС, ХААИС), ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор ахмад судлаач доктор, профессорууд цэцэг ажиглах аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын тур оператор, жуулчид зэрэг нийт 1000 гаруй хүмүүс хамрагдсан.

Бэр цэцгийг эрт дээр үеэс Монголчууд эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж, түүнийг “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж ирсэн. Орон нутгийн нэр нь Баавар цэцэг, бэр цэцэг, тосон тором. Шинжлэх ухааны нэр нь ( Scabiosa). Цэцгийн гадаад төрх нь монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааварыг санагдуулам гоёмсог. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг юм. Бэр цэцгийг таримлаар ургуулж болдгийн дээр, арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, гени сайтай, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхтай цэцэг юм.

Энэхүү цэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушигны халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай. Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул “Эрвээхэйн цэнхэр” хэмээн ганган нэрээр алдартай. Нарлаг орчинд байх дуртай. “Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ” гэсэн домогтой.

Үндэсний бахархалт цэцгийн олон улсын нэгэн шалгуур болох ард түмний сайн мэддэг, нутаг орныхоо хэмжээнд өргөн тархсан байх шаардлагыг Бэр цэцэг хангаж байна. Одоогоор 153 улс орон Үндэсний бахархалт цэцэгтэй бөгөөд Бэр цэцгийг үндэсний цэцгээр зарласан орон байхгүй байна.

“Үндэсний бахархалт цэцэг”-г сонгосноор “Цэцгийн баяр” аялал жуулчлалын эвент арга хэмжээ, цэцэг ажиглах аялал цэцгийн үрсэлгээ, худалдаа, цэцэгтэй холбоотой бусад бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх юм.

Мөн хүүхэд залуучуудад байгаль дэлхийгээ хамгаалах, газар дэлхийтэйгээ ухаалгаар зохицон амьдрах, цэцэгт ургамал ногоон орчноо хайрлах хүмүүжлийг төлөвшүүлэх ихээхэн ач холбогдолтой.

Б.РИНЧЕН “БЭР ЦЭЦЭГ”

Уудам сайхан манай нутгийн

Уул талаар өнгийн цэцэг олон.

Онц л түүний дундаас бэр цэцэг

Олны сэтгэлд хайртай сайхан.

Өрлүүд овгийн өвгөд настангаас

Өндөр эртний домог сонсвол

Эрт дээр цагт юм гэнэ лээ

Эзэн Чингисийн үед юм гэнэ лээ

Дайн хөл ихтийн цагт юм гэнэ лээ

Дайч Чингисийн үед юм гэнэ лээ

Сартуул түмэнтэй эвдрэлцээд

Сайн муугаа үзэлцэн тулах гэж

Арын их хэнгэрэг дэлдэнхэн,

Ай түмэн цэргээ хөдөлгөж

Өврийн их хэнгэрэг дэлдэнхэн,

Үй түмэн цэргээ хөдөлгөж гэнэ.

Харийн гүрнийг дайлах гэж

Хаандаа нэр, өөртөө олз

Эрэн хайх гэж дайчин эрс

Эрээн майхнаар талыг бүрхээж

Харчин, Хорчин, Өрлүүд мордов.

Хатагин, Юншөөб, Татаар мордов.

Хэрэйд, Жалайр, Найман мордов.

Хээрийн олон аймаг хөдлөв.

Сүрт эзний сүрхий цааз дагаж

Сүлд болсон догшин тугын дор

Ган сахилгаар гагнагдаж

Ганц хүн шиг дуулвартай мордоход

Үүрд бат журмыг сахина гэж,

Үнэн голынхоо үг хэлэлцэж,

Халуун янаг хоёр залуус

Хагацалдан салсан юм гэнэлээ.

Нутаг голомтоо сахиачин,

Нуган үрээ мордуулаачин,

Ах дүүгээ хүлээгээчин,

Амраг хайртнаа хүсээчин,

Сарын олныг саатан хүлээж,

Өдрийн олныг өнжин хүлээж,

Алсын мэдээ чимээ сураглан,

Аян дайны чимээ дуулбал,

Дайны хатуу замыг замнаж,

Дайлаар мордсон түмэн цэрэг

Самуун хөлийн шалтаг болсон,

Сартуул гүрнийг байлдан дагуулж,

Жал мэсийн эзэн болсон,

Жалалдын Султааныг зайлуулж,

Хүчирхэг, эзэрхэг ноёд

Хүний цусанд ханаад,

Хүлгийн жолоог нутгийн зүг залаад,

Хүний, харийн газраас айсуй гэнэ.

Янагаа угтах гэж өнөөх бэр

Ялсан цэргийг тосов гэнэ.

Өдрийн газраас цувсан

Үй түмэн цэргийг ширтэж,

Өглөөний мандах нарнаас

Үдшийн шингэх нар хүртэл

Замын овоон дээр зогсов гэнэ.

Залуу, хөгшин дайчин цуван

Хөвчин бие нь ширмээр ширэгдсэн

Шөвгөөр хатгах чөлөөгүй,

Хамаг бие нь төмрөөр давтсан

Тэвнэ хатгах чөлөөгүй,

Элгэндээ сөстөн,

Эрхийдээ ончтон,

Уушиг дүүрэн зүрхтэн,

Ам дүүрэн ууртан,

Эр дайчин гавьяатай,

Эзэн Чингисийн торгон цэрэг

Эрэлхэг баатар хишигтэн.

Сүлд болсон тугаа дэлгэж

Сүрт жагсаалаар өнгөрөв.

Олзонд ханасан омогт цэрэг

Отог отгоор цуван өнгөрөхөд

Алаг нүдээ чилтэл ширтээд

Амрагын бараа эс үзэгдэв.

Гайхан ядахдаа хөөрхий хүүхэн

Газрын холоос туулган цувсан

Буман түмэн сартуулыг,

Бухаар тахаар олныг,

Гар хөл гав тушаатай

Гаслан зовлон болсон

Гайд гарсан олзныхныг,

Гайгүй нягтлан үзэв гэнэ.

Сарын олныг санан хүсэж,

Өдрийн олныг мөрөөдөн гуниж,

Онцлон хүссэн амрагаа

Олны дотроос олсонгүй.

Алтан нарны шингэж байгаа зүг

Андгаар тангаргаа тавин очиж,

Ариунаа шингэж байгаа алтан нар минь

Амрагийг минь харахыг яалаа даа

Хараацай болон нисдэг ч болоосой би,

Харийн хүйтэн газар өнчрөн хаягдсан,

Хайртынхаа ясан дээр хүрч очихсон.

Хүний газрын хүйтэн хар тоосыг нь

Жигүүрээрээ арчин дэвэхсэн,

Жиргэн жиргэн донгодоход минь

Дуулаад босохсон билүү хонгор минь.

Сэрүүнээ сэвшин дэвэх хонгор салхи минь,

Сэтгэлийн минь янагыг харахыг ч яалаа даа

Хүүрзгэнэ болон нисдэг ч болоосой би

Хүний газар хаягдсан хөөрийгөө

Хүсэлт сэтгэлийн хүчээр олохсон би.

Халуун нулимсаараа

Хайртынхаа шархыг

Угаан гашуудаж

Уйлан донгодох сон

Уяраад ч сэрэхсэн билүү дээ хонгор минь.

Хөх мөнх тэнгэр өндөр эцэг минь

Хөрст этүгэн дэлхий өргөн эх минь.

Нарт сайхан энэ ертөнцөд

Над шиг зовлонтой амьтан

Үеийн үед бүү гараасай.

Халуун амраг сэтгэлтэнг

Хагацан салахыг бүү үзээсэй

Дайн гэдэг муу үгийг үеийн үед

Даян дэлхийн түмэн улс мартаасай гэж

Тэнгэр газар алтан нарны зүг

Тэсгэлгүй гашуудан дуудаж

Уярсан хонгор сэтгэлийнхээ

Уянгат сайхан ерөөл дэвшүүлж

Алаг хоёр нүдний нулимсыг

Хэлхээ тасарсан гэрэлт сувд шиг

Хээрийн тэр дов дээр бөмбөрүүлэв гэнэ.

Ариун тэр нулимс унасан газар нь

Анхилуун сайхан цэцэг ургасныг

Хөөрхий тэр бэрийн дурсгал болгож

Хөгшид бэр цэцэг гэж нэрлэсэн гэдэг.

Халуун сайхан сэтгэлтэн хагацахдаа,

Харийн хол газар мордон явахдаа,

Эртний ариун сэтгэлтэй

Эрхэм тэр бэрийн ерөөлөөр

Амраг бидний биес

Алтан нарны гэрэлд

Энх сайхан жаргал эдлэж

Энэ насны эцэс болтол

Салахын зовлон үзэлгүй,

Саарын нэр сонсолгүй

Сайн сайхан яваасай гэж

Билэгт сайхан үгээ хэлэлцэж

Бэр цэцэг бие биедээ барьдаг,

Эртний дээд өвгөдөөс уламжилсан

Эрхэм сайхан заншил нэгэн бий.

Categories
мэдээ нийгэм

Зураач Д.Болд метрогоор явж байгаад төөрсөн бололтой

АНУ-ын Нью-Йорк хотноо зургийн үзэсгэлэнд оролцохоор очоод сураг тасраад байсан төрийн соёрхолт, зураач Д.Болд охинтойгоо холбоо барьсан тухай түүний дүү өөрийн фейсбүүктээ мэдээлсэн.

Энэ талаар түүний дүү /Zorigt Dolgorjav/ :

-“Ах минь олдож байгаа бололтой, баяртай мэдээ Америкаас ирлээ. Ямар ч байсан охинтойгоо холбогдсон байна. Ахын минь төлөө сэтгэл санаа гарган хөөцөлдөж, санаа зовж байсан таних, танихгүй бүх хүмүүст гүн талархал илэрхийлж буйгаа гэр бүл, ах дүү, ээж, үр садангийнх нь өмнөөс илэрхийлж байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Зураач Д.Болд аравдугаар сарын 27-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ холбоо тасарчээ. Тэрээр зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Нью-Йорк хотыг зорьсон бөгөөд очсон өдрөө төөрч, сураггүй болсон юм. Ингээд түүний эхнэр Я.Оюунчимэг аравдугаар 27-ны оройн 22:00 цагийн орчимд Нью-Йорк хотод байрлах Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газарт хандаж, тусламж хүссэнээр хотын цагдаагийн газрынхан эрлийн ажлыг эхэлсэн.

Харин түүний шавь Sambuu TamirСайхан мэдээ ! АНУ д уран бүтээлийнхээ үзэсгэлэнгээ гаргаж явсан багш маань олдлоо . Сэтгэл түгшиж байсан бидний сэтгэл амарлаа” хэмээн бичжээ. Юутай ч зураачийн дүү Zorigt Dolgorjav ахыгаа “Метроноос буруу зүгт гараад төөрсөн байна гэж фэйсбүүктээ бичсэн байна лээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний сонгодог дуурь, балетын нотны сан байгуулав

УДБЭТ нь өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оны 10-р сараас MCS компаны санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлэн хэрэгжүүлж 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, DVD-д эмхэтгэн “Нотны сан-г гаргалаа.

Энэ нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ.
Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн энэ бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, Монголын соёлын өвийн төв, болон ССАЖЯ-д тус бүр нэг хувийг хадгалуулах ажээ.
Энэ төслийг хэрэгжүүлэхэд Монголын шилдэгүүдийн нэг “MCS” кoмпани нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэнд театрын хамт олон талархаж байгаагаа илэрхийлж байна.
Энэ төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүдийн эх нот найдвартай хадгалагдах боломжтой болж, улмаар дэлхийн аль ч театрт тоглогдоход нотны хувь ямар нэг асуудалгүй болж Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм.
“Үндэсний сонгодог дуурь, балетын нотын сан”-г хүлээлгэн өгөх арга хэмжээ бямба гаригт УДБЭТ-т болов.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх андуудтайгаа дуулав

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх өчигдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд “Андууд” нэртэй хамтлагийнхаа анхны тоглолтыг хийлээ. Тэрбээр эхнэрээ эмчлүүлэх гэж УИХ-ын гишүүний албаа өгснөөс хойш гадаадад нэг хэсэг байж байгаад Монголдоо ирж, улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, “Зүүний хүчний холбоо” гэх төрийн бус байгууллагаа хуралдуулаад авсан. Түүний холбоо МАН-ын нөлөө бүхий гишүүдээр бүл нэмж, нэгэн баг болж зүтгэхээр шулуудсан гэлцсэн билээ.

Тэгвэл У.Хүрэлсүх чөлөөт цагаараа ангийн найзууд, урлаг уран сайхны авьяастай залуустай нийлж “Андууд” хэмээх хамтлаг байгуулжээ. Монголын хамгийн отгонд тооцогдох “Андууд” хамтлагийн басс гитарчин Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Г.Ариунбаяр, бөмбөрчин Цөмийн инергийн газрын дарга асан Г.Манлайжав нарын гишүүд багтсан аж.

Тэд энэ үеэр 80-90-ээд оны үеийн залуусын сэтгэлд хоногшиж, одоо ч дуулагдаж байгаа дуунуудыг дуулж, үзэгчдийн талархалыг хүлээж байлаа. Тэрбээр хамтлагийнхаа анхны тоглолтын билетийг намынхандаа, тэр дундаа холбооныхондоо үнэгүй тарааж өгсөн аж. Түүний үзэгчдийн дотор, С.Баяр, Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, О.Содбилаг, Нийслэлийн Засаг дарга асан Б.Мөнхбаяр тэргүүтэй намын гишүүд, анд нөхөд, ахан дүүс, гар бүлийн гишүүд нь уг тоглолтыг үзэж сонирхсон юм.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Монгол Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны нийт 247104 хүүхэд бүртгэгдээд байна. Тэдний 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийннөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч 2-5 насны бүх хүүхдийг ийнхүү сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байгаа юм.

Монголын нийгмийн өмнө тулгамдаад байгаа энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан юм.

Хуулийн төсөл өргөн барьсны дараа Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд хандан товч мэдээлэл өгөв. Тэрээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн 30 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын гурав нь гэртээ цоожлогдож, эрсдэлтэй нөхцөлд хоцорч байна гэсэн үг. Үүнээс болж хүүхэд бэртэж гэмтэх зэрэг сөрөг үр дагавар дагуулж байна. Хүүхдийг асарч хамгаалах асуудал өнөөдөр нийгмийн өмнө тулгамдсан асуудал болж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Үүнийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын даргад өргөн барилаа.

Хуулийн төслөөр бол Хүүхэд харах үйлчилгээний төв гэсэн албан ёсны нэгж энэ ажлыг гүйцэтгэнэ. Хүүхэд харах ажлыг 18-60 хүртлэх насны, эрүүл, халдварт өвчингүй, бүрэн дундаас дээш боловсролтой хүмүүс эрхэлнэ гэж хуулийн төсөлд заасан. Хүүхэд харах үйлчилгээний төвийн нэг бүлэгт байх хүүхдийн тоо 20-иос илүүгүй байна. Мөн хориглох зүйл, шаардлагыг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар 52900 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Элэгний өвчнийг эмчлэх талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэх хэрэгтэй гэж үзэв

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн цахим хурал өнөөдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо. Уг хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, мэргэжилтэн Н.Болормаа, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцлоо. Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1582 хүүхэд мэндэлжээ. Зарим онцлох үйл явдлаас товч дурдвал:

• Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн.

– Монгол улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх бүтээл: Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын багийн “Зүрхний титэм судас ба судсан дотуурх мэс заслын эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлсэн нь” бүтээлийг хэлэлцэн Монгол улсын төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв.

– Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд Сайдын зөвлөлийн гишүүд элэгний өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгаад санал нэгдлээ. Мөн В, С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтыг залруулах, үнэн зөв бодит мэдээллийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөгөөг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн мэдээлэл танилцуулснаар энэ удаагийн цахим хурал өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Өргөө”-г өнгөтөөр зурсан анхны зургийг Хотын захиргаанд бэлэглэлээ

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Өргөө хотын түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бэлэглэлээ. Түүхэн зургийг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардуулав. Энэхүү зургийг 1805-1806 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу аялж явсан Оросын аялагч Ж.Рехмани “Өргөө” хотоор дамжин өнгөрөх замдаа зурсан бөгөөд Хан уулын ард “Өргөө” хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм. Зургийн эх ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд байдаг. Зургийг хүлээлгэн өгөх үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг уламжиллаа. Нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Т.Дорж нарыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.