Categories
мэдээ спорт

Б.Мөнхжин медалийн буухиаг тасалсангүй

Эстони улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ бямба гаригт /XI.1/ өндөрлөлөө. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчин өрсөлдсөнөөс охидын 8-10 насанд манай даамчин Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ. Энэ насанд 12 орны 28 даамчин өрсөлдсөнөөс Беларусын Часнакова Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын Скиарбина Анжелина 12 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан Б.Мөнхжин ДАШТ-ээс мөнгөн медаль зүүлээ. Энэхүү тэмцээнд манай улсаас 12 даамчин оролцож, нэг мөнгөн медаль, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Хөвгүүдийн 8-10 насны ангилалд өрсөлдсөн Э.Үйлстөгөлдөр шагналт V байр эзэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Nexus төслийн семинар Улаанбаатарт болно

Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслөөс бүс нутгийн дөрөвдэх удаагийн семинарыг 2014 оны 11 сарын 5-наас 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Семинарт Nexus төсөлд хамрагдсан Азийн 10 хотуудын төлөөлөл болох 70 орчим зочид, нийт 100 төлөөлөгч буюу Монгол улсын Засгийн газрын яам, агентлаг, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлж буй болон түнш ESCAP, GIZ зэрэг байгууллагуудын төлөөлөл, хотуудын цахим сүлжээний нэгдэл,олон улсын санхүүгийн, судалгааны байгууллага, хувийн хэвшил мөн нөөцийн цогц менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд оролцоно. Энэ удаагийн семинараар нөөцийн цогц төлөвлөлт, Nexus төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтөнд тусгах, иргэдийн оролцоог хангах талаар ярилцаж хэрэгжилтийн явцад учирч буй хүндрэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хотууд өөр өөрсдийн туршлага ололтоосоо хуваалцах юм. ө Ази, Номхон Далайн бүсийн хүн амын огцом өсөлт, хотжих үйл явц нь ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг алдагдуулж хотуудын тогтвортой хөгжлийг эрсдэлд оруулж байгаа. Гэтэл Азийн ихэнх хотууд салбарын явцуу хүрээнд, хотынхоо хил хязгаарын хэмжээнд төлөвлөлт, менежментээ хийсээр байна. Тиймээс асуудалд цогц байдлаар, харилцан уялдаатайгаар хандах шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд хоорондоо хамаарал бүхий (ус-эрчим хүч-хүнс) гэсэн гол гурван салбарын харилцан үйлчлэл, нөлөөллийг ашиглах шаардлагатай. Ингэснээр хот ба бүсийн нөөцийн цогц менежмент, төлөвлөлтийн потенциалыг ашиглах боломж бүрдэх юм. ө Nexus хандлага нь эрчим хүч, ус болон хүнсний хангамжийн салбарт найдвартай байдлыг хангах цогц төлөвлөлт, менежментийн арга замыг нэвтрүүлэхэд чиглэгддэг. Хот болон харьяа бүс нутгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ утгаараа хот болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн инженерийн хангамжийн байгууллагуудыг Nexus-т хамаарал бүхий салбаруудын цогц төлөвлөлт, менежментэд хамруулах нь чухал байгаа юм. ө Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам(BMZ)-ны санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-той хамтран “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: хот байгуулалтын Nexus” төслийг хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд бүс нутгийн 6 орны (Хятад, Индонези, Монгол, Филлипин, Тайланд, Вьетнам) 10 хотод техникийн туслалцаа үзүүлнэ. ө Төсөл нь хотуудын захиргаа, төлөвлөлт хариуцсан алба нэгжүүдийн нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхийг бэхжүүлэх, мөн боломжтой нөхцөлд Nexus санаачлагуудыг практикт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн тухайн улс, нутгийн түвшинд хуримтлуулсан ололт, туршлагыг бүс нутгийн мэдлэг түгээх, хэлэлцүүлэг явуулах платформд суулган мэдлэгийн сан үүсгэж Азийн хотуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм. ө Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд бүс нутгийн семинарыг гурван удаа зохион байгуулсан (2013 онд Taйландын Бангкок хотод хоёр удаа, 2014 онд Вьетнамын Да Нанг хотод нэг удаа) ба эдгээр семинарын хүрээнд Nexus-т хамааралтай технологийн өнөөгийн түвшин, хотуудын Nexus төслүүдийн явц, ахиц дэвшлийг танилцуулж хэлэлцүүлсэн. Түүнчлэн хотуудын төлөөлөлд хот байгуулалтын Nexus санаачлагуудыг дэмжих орчин нөхцлийг бий болгох талаар төр засгийн төлөөлөл болон холбогдох бусад талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгосон. ө Өмнө нь явагдсан семинаруудын үр дүнд тулгуурлан энэ удаагийн семинар дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд: ө

  1. Оролцогч хотуудын nexus төсөл арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцах, тулгамдаж буй асуудал, туршлага, ололтоосоо хуваалцах.
  2. Оролцогч улс орнуудын nexus хандлагыг дэмжих бодлого, хөтөлбөрүүдтэй танилцах, nexus-ийн үүсгэл санаачлагыг хөгжүүлэхэд тустай үндэсний бодлого, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэлцэх.
  3. Хот байгуулалтын nexus –ийн засаглалын цар хүрээ, тэр дундаа хотуудын Nexus Ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг, хот төлөвлөлтийн үйл явцад тусган институтчилахад шаардагдах бусад арга хэрэгслүүдийг хэлэлцэх.
  4. Nexus төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тустай зөвшилцөл, төлөвлөлтийн явцад иргэдийн оролцоог бэхжүүлэх нөхцөл боломжуудыг эрэлхийлж хэлэлцүүлэх.
  5. Хот байгуулалтын nexus–ийн арга хэмжээнүүдийг шинээр гарч ирж буй Habitat III –ын хөтөлбөрт суулгах алхмууд, тэдгээрийг олон улсад өрнөж буй яриа хэлэлцээрт онцгойлон авч үзэх хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлох гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Өнгөрөгч бямба гаригт Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км авто замын хөдөлгөөний нээлт Сүхбаатар аймгийн төвд боллоо. Замын хөдөлгөөний нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Сүхбаатар аймгийн Засаг даргаЖ.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Өмнө нь 10 гаруй цаг авто машинаар явж Улаанбаатарт ирдэг болсон бол одоо зургаан цаг орчим яваад ирдэг болжээ. Замыг стандартын дагуу “Арж капитал”, “Түм арвижих”, “Эм Ай Эл”, “Ар Си Эс Си” компаниуд барьж гүйцэтгэсэн байна. Замын хөдөлгөөний нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд “Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийгнийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 85 жилийн түүхтэй Авто замын салбар 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна. Удахгүй Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох 263 км авто замын хөдөлгөөнийг нээх гэж байгаа бол өнөөдөр миний бие Сүхбаатар аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй холбох 177.9км хатуу хучилттайавто замын хөдөлгөөнийг нээх ёслолд оролцож байна” гэлээ. Түүнчлэн Их хурлын дарга “Энэ замыг тавихад М.Зоригт гишүүн их үүрэг гүйцэтгэсэн шүү” гэхэд нээлтэд оролцогчид шинэхэн замаа “Зоригтын зам” хэмээн нэрлээдхэв. Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Энэ зам Ази Европыг холбосон зам болно. Далайд гарцгүй манай орон Бичигтийн боомтоор дамжуулан далайд гарах гарц нээгдлээ” гэдгийг онцолсон юм. УИХ-ын гишүүн М.Зоригт “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан хоёр жилийн хугацаанд УИХ, Засгийн газар аль аль нь манай аймгийг анхаарч байна. Бид ганцхан авто зам ч биш маш олон ажлыг хийж ард нь гарлаа. Энэ зам ганцхан Сүхбаатарчуудынх биш. Бүх монголчуудын зам, хөгжлийн зам шүү. Сүхбаатарын урд хэсэг Эрдэнэцагаан сум Хятадаас эрчим хүч авдаг байсан бол эрчим хүчний шугамтай боллоо” гэсэн юм.

Замын хөдөлгөөний нээлтийн дараа “Таван эрдэнэ” малтай хорооллын үйл ажиллагаатай УИХ, Засгийн газрын гишүүд танилцав. Аймгийн төвд мал олноор байх нь хүн амын эрүүл мэнд, ялангуяа малаас хүнд халдах халдварт өвчин гарах, хотын тохижилт соёлжилтонд сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлал байсан тул аймгийн төвөөс мал гаргах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байна. Малтай хороолол аймгийн төвөөсөө долоон км-ийн зайтай байдаг аж.

Тус аймагт 200 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилгыг улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр богино хугацааны дотор чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад оруулсан нь үдээс хойш тууз хайчилснаар нээлтээ хийлээ. Түүнчлэн “Боловсрол” хотхон болон Ахмадын сувиллын нээлт энэ үеэр болсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдоос тодруулга авав.

З.Энхболд: НАДАД ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ БОЛОМЖ БАЙСАН Ч БОЛОХГҮЙ

Сүхбаатар аймгийн бү­тээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Танд ямар сэтгэгдэл төрөв?

-Ж.Батсуурь дарга, М.Зо­ригт гишүүн нар хийх гэж байгаа ажлаа их тайлбарладаг байсан. Хийнэ хэмээн зураг байсан хороолол өнөөдөр бодитоор бий болжээ. Айлуудаар нь орж үзлээ. 40 сая төгрөгөөр иргэд хаустай болсон байна. Улаанбаатарт 40 саяар гарааш ч авч хүрэхгүй гэдгийг манайхан мэдэж байгаа. Аймгийн удирдлага, компани хоёр анх амласан гэрээгээ биелүүлж валютын ханш өссөн ч гэсэн ажил болчихсон байна. Улсын төсвөөс “Боловсрол” хороололд сургууль, цэцэрлэг барьж өгөх амлалттай байгаа. Энэ жил шинэ обьект бариагүй ч гэсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулиудын нэгийг нь бариулахаар сая газар дээр нь шийдлээ. Цэцэрлэгийн асуудлыг шийдэх байх. 21 аймгийг бүтээн байгуулалт хийж байгаагаар нь жагсаавал Сүхбаатар аймаг тэргүүлнэ. Бусад аймгуудтай адилхан хөрөнгө оруулалт авдаг. Гэхдээ өөрсдөө санаачилгатай тул улсаас өгсөн багахан мөнгөөр их ажил хийж байна. “Боловсрол” хороололд улсаас нэг ч төгрөг өгөөгүй. Амласан зүйл нь 200 хүүхдийн дотуур байр байсан. Энэ нь харин ажил болжээ. Сургууль, цэцэрлэг, номын сан барих үүргээ биелүүлнэ гэдгээ хэлсэн. Хүн санаачилгатай, сэтгэлтэй байвал ямар ч ажлыг хийж болдгийг Сүхбаатар аймгийн жишээ харуулж байна.

Та эдгээр хаусыг найман хувийн орон сууцны зээлд хамруулах тухай ярьсан. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Найман хувийн зээлийг олон давхар орон сууцанд өгдөг дүрэмтэй. Монголбанкнаас хоёр мэргэжлийн хүнийг нь дагуулж ирээд энэ байшингуудад ч гэсэн зээл өгөх хэрэгтэй гэдгийг хэллээ. Төвлөрсөн дэд бүтэцтэй хаус маягийн амины орон сууцанд зээл өгөхөөр ярьж байгаа. Удахгүй шийдэгдэх байх. Тэгэхээр журам өөрчлөгдөнө.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Таныг Ерөнхий сайд болох гэж байна гэсэн яриа гараад байгаа?

-Тийм цуурхалд хариу өгөөд байх цаг зав надад байхгүй. Засгийн газрыг томилдог хүн яахаараа Засгийн газрын тэргүүн болно гэж. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тогтвортой байгууллага юм. УИХ-ын дарга, гишүүдийг хэдэн гишүүн гарын үсэг зурж огцруулж болдоггүй. УИХ дөрвөн жилдээ тогтвортой ажилла, ажлаа хийж чадахгүй сайдууд, Ерөнхий сайдыг сольж болно. Сайдыг нэг гишүүн, Ерөнхий сайдыг 19 гишүүн огцруулах санал оруулж болно гэдгийг Үндсэн хууль өөрөө агуулсан. Энэ нь Засгийн газрыг солих бол төр засгийн тогтвортой байдалд хамаагүй, УИХ нь тогтвортой байдаг юм аа гэдгийг л хэлж байгаа юм. Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй. Ерөнхий сайд солигдлоо гэж бодоход УИХ-д АН-ын 35 гишүүн бий. З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг. Би Ерөнхий сайд болохгүй учраас энэ жагсаалтаас намайг хасч болно.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Ардын нам ингэж нурааж яваагүй

УИХ-ын гишүүн Б.Чой­жилсүрэнтэй ярилцлаа.

Баасан гаригийн чуул­ганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь олонхийн дэмжлэг авалгүй хууль санаачлагчид нь буцаахаар болчихлоо. Одоо тэгэхээр төсвийг дахин өргөн барина гэсэн үг үү?

-Ирэх оны төсвийг батлахад 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Хаврын чуулганаар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн дээд доод хязгаартаа багтаан төсвийн орлого, зарлагаа тохируулна гэсэн үг. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гарч тоон дээрээ ажиллах байх. УИХ-ын баруун гарт Засгийн газар, зүүн гарт нь Монголбанк байдаг. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч төсвийн төсөл, мөнгөний бодлогыг хамтад нь хэлэлцье. Төсвийн тэлсэн бодлого явуулаад байгаа үед Монголбанкнаас ирэх онд валютын ханшийг одоо байгаа түвшинд нь барих магадлал тун тааруу. Олон улсын байгууллагуудын тайланг харж байхад экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх онуудад өсөхгүй бөгөөд магадгүй буурах хандлага ажиглагдаж байгаа. Орлогодоо тааруулж зарлагаа төсөвлөхгүй бол болохгүй. Тухайлбал, манай улс дөрвөн төгрөгийн орлоготой байж долоон төгрөгийн зарлага гаргах гээд байна. Орлого, зарлагын зөрүүг богино хугацаатай Засгийн газрын үнэт цаас, гадна дотнын зээл тусламж авч санхүүжүүлэх нь өрийн гинжин хэлхээ бий болгоод байгаа юм. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор тавьсан Засгийн газрын бондын дийлэнх хэсгийг сүүлийн 2012, 2013, 2014 онуудад нэмэгдүүлчихсэн. Өнөөдрийн байдлаар хоёр их наяд 110 орчим тэрбум төгрөгийн зөвхөн дотоодын өрийн үлдэгдэл байна. Энэ нь ирэх хоёр жилд маш том хүндрэлийг үүсгэнэ. Хамгийн том хүндрэл нь бид валютын ханшаа барьж чадахаа болино. Орлогодоо тохируулж зарлага гаргаж амьдаръя л даа. Таван метрийн өндрөөс унасан хүний хөл нь хугараад амьд үлддэг. 15 метрээс дээш өндрөөс унахаар амиа алддаг. Ирэх хоёр жилд ирэх хүндрэлээс урьдчилан сэргийлж зарлагаа хянаж таван метрийн өндрөөс унах хэрэгтэй. Өнөөдөр бидний орлого 2011 оны хэмжээнд байгаа бол зарлагаа ч гэсэн түүндээ тааруулж гуравхан жилийн өмнөх амьдралдаа эргээд очицгооё л доо. Тэгэхгүйгээр орлогоосоо давсан зарлага гаргаад яваад байвал гадагшаа хандсан Монгол Улсын бүх гэрээ хэлэлцээр ашиггүй болно. Хоолойд тулсан өртэй болчихоор гадныхан түүнд нь тааруулаад амь тариа залгах мөнгө өгч хариуд нь бугуй барьдаг. Нууцгүй хэлэхэд сүүлийн хоёр гурван жил ийм зүйл явагдсан. Одоо манай нам сайн ажилласан, танай нам муу ажилласан гэж маргалдах цаг биш. Монголоо бодох цаг.

Төсвөө энэ чигт нь батлаад явчихбал хаврын чуулганы төгсгөл рүү төсвийн тодотгол хийгээд явчих боломжтой гэдгийг Ерөнхий сайдын зүгээс цухуйлгаж байсан. Харин та юу гэж бодож байгаа вэ?

-Би Ерөнхий сайдыг ойлгохгүй юм. 2014 оны төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр дутна. Орлого дутаж байгаа юм чинь зарлага талаас нь тэр хэмжээний мөнгийг хасч таарна биз дээ. Юуг нь хасч, алийг нь цааш үргэлжлүүлэх вэ гэдгээ 2015 оны төсвийг батлахаас өмнө 2014 оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй байсан. Тэр дутуу санхүүжүүлсэн юмаа үргэлжлүүлээд явуулах шаардлагатай. Үүнийгээ хийхгүй байна. 2015 оны төсвөө батлаад дараа нь 2014 оныхоо төсөвт тодотгол хийе гээд байх юм. Ерөнхий сайд олон төрлийн ажилтай завгүй л байдаг байлгүй. Сангийн яам нь ядаж тодорхой зүйл хэлээд явчихаж болдоггүй юм уу. Биднийг хэлэхээр “Муу үзэх гэлээ. Муу ёрлож харлууллаа” гээд унадаг. 2013 оны төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Энэ оны төсөвт нэг удаа тодотгол хийснийг санаж байгаа байх. Дахин нэг тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна. Ийм замбараагүй үйл ажиллагаа яваад байхаар магадгүй тендер дагасан будилаан газар авна. Тендерийг санхүүжүүлэх үгүй нь ч тодорхойгүй болно. Төгрөгөөр тендерт орчихоор валютынхаа ханшийг алдчихдаг. Тендерт ороод алдагдал хүлээсэн компанийн тоо хэдэн зуугаараа байна. Зээл авч тендерт орсон компани банкнаас алдагдал хүлээхэд банкууд дагаад хүндэрдэг. Энэ гинжин хэлхээ явсаар л байгааг харахгүй юм. Өрийн хэмжээ дээд хязгаартаа тулчихсан үед цаашаа өр зээл авна гээд явбал улам хүнд байдалд орно. Хоёр гурван жилийн дараа байдал маш ноцтой болно.

Ерөнхий сайдыг огцруулах нь үүнээс гарах гарц мөн үү?

-Би Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан 28 гишүүний нэг нь. Эдгээр 28 гишүүний кнопоор асуудлыг шийдэж чадахгүй. Энэ нь эрх баригчдын шийдэх асуудал. Эдийн засгийн бодлогын тал дээр барьж буй чиглэлээ өөрчлөхгүй бол амаргүй байна. Энэ байдлаараа цаашаа явбал эдийн засгийн нөхцөл байдал маш хүндэрнэ.

Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрч эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрсэн гэж ярьдаг. Тэр үед эдийн засгийн нөхцөлөө сайжруулж чадсангүй гэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Би 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний дараахан буюу 2008, 2009 онуудад дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болсныг санаж байна. 2010 оноос эдийн засгийн нөхцөл байдал гайгүй сайжирч эхэлсэн. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалт, түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд маш ихээр орж ирснийг санаж байна. 17.8 хувь гэдэг бол маш өндөр тоо. Ийм өсөлтийг байнга хадгалах нь хэцүү гэдэг нь тодорхой юм. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортойгоор хоёр оронтой тоонд хадгалах нь чухал байсан. Тиймээс тухайн үед МАН-аас төсвийг тэлэхгүй, хөөсрүүлэхгүй бодлого барьж төлөвснөөс илүү орсон орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах чиглэл барьсан. Харамсалтай нь бид энэ бодлогоо 2012 оны сонгуулиар ард түмэнд зөв ойлгуулж чадаагүйгээс болж ялагдсан. Хэдийгээр бид дээрх бодлогыг барьж байсан боловч хоёр нам хамтарсан байсан тул 2012 оны төсвийг хөөстэй, тэлж баталж байсныг санаж байна. Гэтэл 2013, 2014 онуудад түүнийг бүр ихээр давуулан хөөсрүүлсэн. Тогтмолжоогүй орлогоор тогтмолжсон зарлага бий болгочихлоо.

Анх Хөгжлийн банк байгуулаад Засгийн газрын баталгаатай бонд босгох үед бондыг худалдан авахаар таван тэрбум ам.долларын санал ирж байсныг санаж байна. МАН-ын бүлэг дээр тухайн үед “Энэ хэмжээгээр авах нь эрсдэлтэй байна” гээд зөвхөн 580 сая ам.долларын бонд аваад нэг ч цент зарцуулалгүйгээр 2012 оны УИХ-ын сонгуульд орсон гээд бод доо. Шулуухан хэлэхэд бид эх оронч царайлж яваад сонгуульд ялагдсан.

Одоо тэгээд араас нь харамсаад байгаа юм уу?

-Би харамсахгүй байна. 2014 оны өндөрлөгөөс эргэн харахад бидний тухайн үед явуулж байсан бодлого зөв байжээ.

Чалкогоос мөнгө аваад Хүний хөгжил санд оруулаад ард түмэнд тараачихсан. Тэр өрийг чинь өнөөдөр төлөх гээд асуудал болж байна шүү дээ?

-Эрх баригчид ямаа шиг зүйлийг тэмээтэй зүйрлэж ярьдаг. Чалко компаниас Эрдэнэс Тавантолгой компаниар дамжуулан нүүрсний урьдчилгаа авахуулаад тэрийг нь хүний хөгжил санд 350 сая ам.доллар өгүүлсэн нь үнэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид зээл аваагүй гээд гүрийх шаардлагагүй. Эрдэнэс Тавантолгой Чалко компанийн хооронд гэрээ байгуулсан. 2008 онд Австралийн коксжих нүүрсний уурхайнууд үерт авсан. Тухайн үед Хятадын эдийн засаг хурдацтайгаар 10-аас доошгүй хувиар өсч байсан. Коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 135 ам.долларт хүрч байсан. 2011 оны дунд үеэс коксжих нүүрсний үнэ буурч эхэлсэн. Эрдэнэс Тавантолгой компани Чалкотой гэрээ байгуулахдаа нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар 10 жилдээ үнэ тогтвортой байх нөхцөлөөр тохирсон байсан. Магадгүй тухайн үед 80 ам.доллар байхад нь бид 70-аар гэрээ байгуулсан нь үнэн. Цаашид нүүрсний үнэ үргэлжлэн унах нь тодорхой байсан тул 70 ам.доллар дээр тогтмолжуулах бод­лого барьсан. Одоо кокс­жих нүүрсний үнэ унаад 33 ам.доллар болсон. Үнийг унагаахгүй 10 жил тогтмолжуулах гэтэл “Монголын баялгийг үнэгүйдүүлж гадныхантай хуйвалдаж хямд өглөө” гэж шүүмжилж байсан биз дээ.

Та бизнесийн салбарын амжилт, ололт нь юундаа байдгийг ч мэднэ. Аливаа бизнес зээл авч л хөл дээрээ босдог гэдэг нь манай болон дэлхийн томоохон компаниудаас харж болдог. Хувийн бизнестэй хүмүүс нь зээл авч хөл дээрээ зогсоно гэчихээд улс нь зээл авъя гэхээр яагаад эсэргүүцээд байдаг юм бэ?

-Улс ч ялгаагүй хувь хүн ч ялгаагүй зээл авч болно. Хөгжихийн тулд зээл авдаг нь үнэн. Банк зээл өгөхдөө ирээдүйн орлого тогтмол, эргэн төлөлтийг нь харж байж зээл өгдөг. Таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний Чингэс бондыг анх гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл өгснийг санаж байгаа байх. Ардын намын бүлгийн гишүүд дотор үүнийг нь санаачлаад дэмжээд явъя гэж байсан хүний нэг нь би. Гэхдээ бондыг эргэн төлөх хугацаанд орлого тогтвортой байх нь баталгаажсан нөхцөлд энэ орлогыг аваад зарцуул гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамныханд би хэлж байсан. Гэтэл экспортын орлого тооцоолоогүйгээр унаад байна. 2015 оны нүүрсний экспорт хэд байхыг хэн ч тааж мэдэхгүй. Орлого байхгүй үед зээл авахаар тэр нь өр болж хувираад байгаа юм. Улсын суурь болсон Засгийн газрын зээлжих зэрэглэл буураад эхлэхээр Монголын аж ахуй нэгжүүдийн зээлжих зэрэглэл дагаад унана. Засгийн газраасаа илүү баталгаатай зээлжих зэрэглэлтэй аж ахуй нэгж байдаггүй.

Татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлага хүлээхээ болъё. Менежментээ зөв хийгээд гадаад, дотоодын зах зээл дээрээс мөнгө босгоод ирэхээр Засгийн газар нь зээлжих зэрэглэлээ унагаад, мөнгөний унацыг нэмээд байгаа юм. Дахин хэлэхэд зээл авч болноо, эргэн төлөгдөх нөхцөлд чинь орлого тогтмолжсон байх ёстой гэдгийг хэлье. Төлж чадахгүй бол яах вэ гэхээр Парисын клубийн зарчим яриад байх юм.

Тэр нь юу билээ?

-“Өрийг цайруулж өгдөг юм аа” гээд байгаа. Парисын клубийн зарчим яваад эхэлбэл хэвийн горим үгүй болно. 2000 оны эхээр ОХУ их өрийг тэглэж, манайхан “Орос шиг бай л даа” гэж хэсэг ярьсан даа. Одоо тийм зүйл байхгүй ээ. Яаж ч хүлээгээд нэмэргүй. Хүмүүсийн тархийг угаахаа боль. Одоо арилжааны зээлүүд л явж байна.

Асуудал энэ мэтчилэн хоолойд тулчихаад байхад Засгийн газраар ажлыг нь хийлгэмээр байна. Бондын хүүгээс эхлээд ярих юм их байгаа юм биш үү. Гэтэл сандал ширээний хэрүүл хийгээд байх юм…

-Хэн саад болсон юм.

Танай намынхан Ерөн­хий сайдыг огцруулна, салбарын сайд нарыг огцруулна гээд ажил хийлгэсэнгүй шүү дээ?

-Манай зээлжих зэрэглэл B- болсон. Үүнээс доош унаж С ангилалд орох гээд байна. Хэрэв тэгвэл дампуурлын менежмент явагдана. Одоо харин төсөв дээрээ тэлсэн бодлогоо болиод орлогодоо зарлагаа тохируулан ороод ирвэл заавал огцруулна гээд сандал ширээ ярих ямар ч шаардлагагүй. Энэ чинь аргаа барсан л арга шүү дээ. Гадна дотно хүмүүстэй уулзахаар амьдрал хүндрээд байна гэдэг. Энэ саарал байшинд ороод ирэхээр амьдрал сайхан байна гэх юм. Амьдрал сайн муу байгаагийн үнэлэмжид би хүртэл эргэлзэж эхлээд байна. Ерөнхий сайдыг огцруулах нь тийм ч чухал биш. Бодлогын алдаагаа л засчих. Юм л бол биднийг ажил хийлгэхгүй байна гэх юм. Эрх баригчдад 50 кноп байгаа биз дээ.

АН-ынхныг дотроос нь жаахан өдөөгөөд өгөхөөр хагаралддаг. Үүн дээр нь танайхан тоглолт хийгээд байгаа юм биш үү. Хамтарсан Засгийн газар байгуулах сонирхол танайханд байгаа гэх юм?

-Ардчилсан намын дотоод хэргийг би мэдэхгүй. Хардах эрх хүн бүхэнд байдаг. Харин гүтгэх эрхгүй. Бид Засагт орох шаардлагагүй. Бид үнэний туйл биш. Хүмүүн биеийг олж төрсөн адилхан хүмүүс тул бидэнд алдаа оноо байсан л байх. Манайхан бүх хүнд тааруулж сайн ажилласан гэж өөрсдийгөө өмөөрмөөргүй байна. Гэхдээ Ардын нам ингэж нурааж яваагүй. Хүн болгоныг диваажинд байгаа мэт амьдруулж чадаагүй нь үнэн. Угаасаа тэгж чадахгүй юм байна лээ. Ардын нам тэмцэж чаддаггүй, Ардчилсан нам засаглаж чаддаггүй гээд хэлц үг гарсан байна. Энэ үнэний хувьтай үг шүү.

Тавантолгойг хувьчилна гэсэн. Ирэх оны эдийн засагт нөлөөлөл үзүүлэх үү?

-Тавантолгойг хувьчилна л гээд байгаа. Газрын доорх баялгийг бид бүтээгээгүй. Хэдэн мянган жил эцэг өвгөдийн халуун амиар олдсон баялаг. Үнэгүйдсэн үед нь хувьчилж өөрсдөө хувааж идэх гэж байна гэсэн янз бүрийн хардлага байдаг. Би хараар будмааргүй байна.

Хэдэн жилийн өмнө Лексус-570 гэдэг машин Улаанбаатарын гудамжинд хэд явдаг байлаа. Одоо битүү л явж байгаа биз дээ. Энэ чинь зарлага шүү дээ. Ам.доллараар авдаг зүйлсийг багасгах хэрэгтэй.

Та ч гэсэн дөнгөж саяхан гарсан үнэтэй гар утсыг доллараар л авсан байна шүү дээ. Мөнгөтэй хүмүүс бүгд ингэж байна. Үүнийгээ зогсоочихооч?

-Үнэн. Намайг шүүмжилсэн шүүмжлэлийг хүлээж авъя. Манай эхнэр гадагшаа явж ирээд IPhone 6 гар утсыг бэлэглэсэн юм. Энэ мэтчилэн Монголын ам.долларын урсгал гадагшаа явж байна. Хувь иргэн бүр өөрсдийн хэрэглээн дээрээ анхаарах хэрэгтэй. Би ч гэсэн эргэж харъя.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Монголын 1000 орчим албан хаагч энхийг сахиулж байна

НҮБ-ын энхийг сахиулах асуудлаарх Засгийн газрын байр суурийг илэрхийлж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дөрөвдүгээр хороонд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг үг хэлэв. НҮБ-ын энхийг сахиулагчдад тулгарах бэрхшээл улам бүр эрсдэлтэй болж буй өнөөгийн нөхцөлд НҮБ-ын гишүүн улс бүрийн оролцоо, хамтын хүч чармайлт чухал гэдгийг манай төлөөлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг зорьж байдгийг нотлов.

Манай улс НҮБ-ын мандаттай 6 ажиллагаанд, тэр дундаа өндөр эрсдэлтэйд тооцогдох Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Дарфур, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас нийт 1000 орчим цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгааг дурдаж, энхийн төлөөх тэдний үйл хэргийг Монгол Улс сайшаан, үнэлж байдгийг онцлов. Ажиллагааны орчин, аюулгүй байдал улам бүх хурцдах хандлага байгаа өнөөгийн нөхцөлд энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах нь тэргүүлэх зорилт байх учиртайг манай төлөөлөгч онцолж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цогц үнэлгээ дүгнэлт хийх, оновчтой зөвлөмж боловсруулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгыг Монгол Улс дэмжиж буйг илэрхийлэв.

Ажиллагааны орчин дахь эрсдэлийг хурцатгаж буй дотоод улс төрийн мөргөлдөөн, энгийн иргэдийг хамгаалах, Ебола зэрэг халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлээх зэрэг чиглэлээр НҮБ-аас тодорхой зөвлөмж, аргачлалыг шуурхай гаргаж, хэрэгжүүлэхийг манай төлөөлөгч уриалав. Түүнчлэн энхийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрсдэл өндөртэй орчинд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад техникийн болон санхүүгийн дэмжлэг чухал болохыг манай төлөөлөгч тэмдэглэж, энхийг сахиулагчдад олгох тэтгэмжийн хэмжээг өнгөрсөн 6 дугаар сард нэмэгдүүлсэн хэдий ч түүний түвшинг цаашид өсгөх чиглэлээрх яриа хэлэлцээг тууштай үргэлжүүлэх шаардлагатайг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Хил хооронд ачаа тээврийн хэрэгсэл зорчуулахгүй

Замын–Үүдийн “Борхойнтал – тээвэрчдийн холбоо” ТББ –аас энэ пүрэв гаригт буюу арваннэгдүгээр сарын 6-наас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоох шийдэлд хүрчээ.
Хил хооронд ачаа тээвэрлэдэг жолооч нарын хөдөлгөөнийг зогсоох болсон талаараа МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагт мэдээллэх бөгөөд Хятад Улсын Эрээн хотын гааль, хорио цээрийн хашааны төлбөрийг бууруулах, мөн энэ төлбөрийг гаалийн бичиг бүрдүүлэлтийн мөнгөтэй нэгтгэж нэг цонхны үйлчилгээтэй болгон шийдвэрлэх, Эрээн хотод зам тээврийн осол, зөрчилд холбогдсон жолоочийн асуудлыг ажлын хэсгийн оролцоотой шийдвэрлэх, Боомтын зөвлөлд тээвэрчдийн төлөөллийг оролцуулах зэрэг шаардлага тавьж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдын эд эрхтэн наймаалагчдыг илрүүлжээ

Өнгөрсөн сарын 24-нд манай улсын иргэн Б,Г,Ц тэргүүтэй 10-аад залуу соргог бөхөнгийн 162 эвэр аван Баянгол дүүргийн нутагт явж байхад нь байгаль хамгаалагчид саатуулсан байна. Соргог бөхөн нь олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, Төв Азийн хэмжээнд “устаж байгаа” гэсэн ангилалд багтаж, “Улаан ном”-д орсон аж. Нэн ховорт тооцогдсон соргог бөхөнгийн 162 эвэр гэдэг нь 81 толгой гэсэн үг.
Харин манай улсын иргэд ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирж, өмнөд хөршийнхөнд худалдан борлуулах гэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар Дүүргийн II прокурорын газрын эх сурвалж бидэнд мэдээлэв. Үүнээс үзэхэд Казахстан, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг дамжсан хулгайн анчид, эд эрхтний наймаа хийдэг томоохон сүлжээ байгаа бололтой. Дээрх хүмүүст Ан агнуурын тухай хууль тогтоомж, зөрчсөн, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203, 175 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй гэнэ.
Хэрэв дээрх сэжигтнүүдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 162 сая төгрөгийг гурав нугалж төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгд үүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юмуу, 3-5 жил хорих ял ногдуулах аж.

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүд мэдээлэл хийнэ

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12:30 цагаас Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал зарлажээ. Уг хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон талаараа мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудал болон өнгөрөгч амралтын өдрөөр хуралдсан Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр яригдсан намын гишүүдийн байр суурьтай холбоотойгоор тайлбар өгөх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “100 айл” амарна

100 айл дахь барилгын материалын худалдааны төвүүд өнөөдрөөс эхлэн даваа гариг бүр амрахаар болжээ. Өнгөрөгч хугацаанд пүрэв гаригт амардаг байсан бөгөөд энэ өөрчлөлт байнга үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Барилгын материалын төвийнхний хувьд даваа гаригт үйлчлүүлэгч хамгийн багатай өдөр гэж үзэж байгаа учраас уг шийдвэрийг дэмжиж буй гэнэ.

Categories
мэдээ улс-төр

МАН удирдах ажилтны зөвлөгөөнөө хийлээ

Төрийн ордноо өнгөрөгч амралтын өдрөөр Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн болсон бол мөн өдрүүдэд МАН-ын Удирдах ажилтны баруун бүсий нзөвлөгөөн Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн МАН-ын төлөөлөгчид оролцсон юм. Монгол Ардын нам дотоод эв нэгдлээ бэхжүүлэх, ажлын шуурхай чанарыг хангах, намын гишүүд дэмжигчид, шат шатны байгууллагын үйлажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийсэн нь энэ юм.