Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан намынхны өмнөөс уучлалт гуйв

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон мэдээлэл хийж байна. Уг хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон талаараа мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал болон өнгөрөгч амралтын өдрөөр хуралдсан Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр яригдсан намын гишүүдийн байр суурьтай холбоотойгоор тайлбар өгөв. Мөн энэ үеэрээ намын удирдлагууддаа хандан мэдэгдэл хүргүүлж буйгаа дуулгав. Тус холбоо Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж олон арван жил бугшсан МАН-ын санхүү эдийн засаг, улс төрийн хариуцлагагүй үйлдлүүдийг таслан зогсоох боломжийг алдахгүйн тулд Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчдэд хандан дараах уриалга, шаардлага, мэдэгдлийг гаргажээ. Үүндээ,

1.Монгол Улсын Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүргийн дарга Д.Эрдэнэбатад уриалж байна.

2.Монгол Улсын Ерөнхий Сайдыг огцруулахыг дэмжиж буй Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас шаардаж байна.

3.Улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд Ардчилсан намын даргын толгойлж буй Засгийн газрыг унагахын төлөө ажилласан Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн тойрогт очиж Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн өмнөөс хариуцлага тооцож ажиллахаа илэрхийлье.

4.Сонгуулиас сонгуульд итгэл үнэмшил өвөрлөж саналаа Ардчилсан намд өгсөн мянга мянган сонгогчдод талархснаа илэрхийлж Та бүхний сонголтыг хувийн эрх ашигтайгаа хутгаж байгаа Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүдийн өмнөөс уучлалт гуйж тэдэнд хариуцлага тооцохоо мэдэгдье гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг огцруулах эсэхээр асуулга явуулжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Дархан-Уул аймгийн иргэдээс санал асуулга авчээ. Тус тойргийн 1267 иргэн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналтай байгаа бол 1291 нь огцруулахгүй гэж хариулжээ. Уг асуулгын хариу 24 хүний зөрүүтэй байгаа нь иргэд Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар талцаж байгааг харуулж буй гэнэ. Дархан-Уул аймгийн Бирж буюу төв зах дээр явуулсан энэхүү санал асуулгад бичгээр 1500, утсаар 650, интернэтээр 408 хүн оролцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлгийн хурал завсарлалаа

АН-ын бүлгийн хурал дөнгөж сая завсарлалаа. Гэхдээ бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өгсөнгүй. Тус намын бүлгийн хурал өнгөрсөн долоо хоногт хоёр удаа хуралдсан ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэгдсэн байр суурь, шийдвэрт хүрч чадаагүй байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огруулах асуудлаар энэ долоо хоногийн лхагва гариг хүртэл завсарлага аваад байгаа юм. Ямартаа ч бүлэг дотроо нэгдсэн шийдвэрт хүрэхийн тулд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдах бололтой.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ орхисон ээж 19 настай оюутан байжээ

Сонгинохайрхан дүүргийн III хорооны Бага Нарангийн 42 дугаар гудамжнаас төрөөд удаагүй нярайн цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Тухайн нярайн эхийг цагдаагийн алба хаагчид өнгөрөгч баасан гарагийн орой олсон байна. Тэрбээр тус дүүргийн 19 дүгээр хороонд түр оршин суугч, 19 настай оюутан байжээ. Манай улсын хуулинд эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дилов хутагтын мэндэлсний 130 жилийн ой АНУ-д

XX зууны Монголын улс төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Дилов хутагт Жамсранжав амьдралынхаа сүүлийн хэсгийг АНУ-д өнгөрүүлсэн билээ. Энэ хугацаанд Монгол хэл соёл, Бурханы шашныг АНУ-д таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмрээ оруулсан юм. Тиймээс түүний мэндэлсний 130 жилийн ойг АНУ-д тэмдэглэн өнгөрүүлэх нь чухам зохистой үйл хэрэг мөн. 2014 оны аравдугаар сарын 11-ний өдөр, Нью-Йорк хотноо Монгол Соёлын Өвийн Сан, Монгол нийгэмлэгтэй хамтран Дилов хутагтын ойг тэмдэглэх хүрээнд эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.

Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэг дэх Риверсайд хэмээх театрт болсон уг хурлыг нээж, Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Алисиа Кампи, Монгол Соёлын Өвийн сангийн тэргүүн Даринчулууны Бямбахүү нар үг хэллээ. Хурлын түлхүүр илтгэлийг Дилов хутагтад зориулсан сангийн тэргүүн Жамцын Палжий тавьж, манай түүх бичлэгт гарч байгаагүй олон сонин баримтыг дэлгэв.Ялангуяа Хутагтын Түвд, Өвөр Монголд эрхэлж байсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл нь шинэ бөгөөд сонирхолтой байсан юм.

ДИЛОВ ХУТАГТ АМЕРИКААС ТУСЛАМЖ ХҮСЭХ БИЧИГ ҮЙЛДЭН ЖАЛХАНЗ ХУТАГТААР ӨГҮҮЛЖ БАЙЖЭЭ

МУИС-ийн багш, доктор Жамсрангийн Урангуа Дилов хутагтын үлдээсэн аман түүх мэдээлэл, Монголын түүхийн судлалд хэр чухал болох талаар илтгэхдээ Хутагтын дуртгалаас онцлон хэдэн зүйлийн талаар цохон ярив. Тухайлбал, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Манжаас тусгаар тогтнох их үйлс олон хүний ойлгодогчлон 1911 оны өмнөхөн эхэлсэн биш, бүр нэлээд эртнээс санаа нь гарсан явдал болохыг хутагт тэмдэглэн үлдээжээ. Богд хаан бүр 1895 онд (Дилов хутагт энэ он дээр андуурсан, үнэн хэрэгтээ 1900 онд болсон явдал гэдгийг Урангуа багш тодотгон хэлсэн) Орос руу мөнгө зээлэх нэрээр элч илгээж, тусгаар тогтнох хөдөлгөөн өрнүүлбэл Оросын тал туслах эсэх асуудлыг тандуулж байсныг Хутагт тэмдэглэж. Мөн 1919 онд манайх Автономио устгасныг зөвхөн Хятадын талын хүчирхийлэл гэдэг талаас хардаг байсан бол Хутагтын тэмдэглэлд Октябрийн хувьсгалаас эмээн хөрөнгө мөнгөө алдахгүй гэсэн манай зарим ноёны өөрсдийн санаа бас нөлөөлсөн тухай байдаг байна.Тусгаар тогтнох гэсэн хэцүү цаг үед Америкаас тусламж эрсэн захидал үйлдэж АНУ-ын албаны хүнд тэр захиагаа Жалханз хутагтаар дамжуулан өгсөн тухай тэмдэглэлийг анхааран үзэж, тэр албаны хүн хэн байсан, захиа нь хадгалагдаж байгаа эсэх талаар сурвалжлан үзэхийн чухлыг мөн Урангуа багш онцлон өгүүлсэн юм.

1921 оны хувьсгал анхнаасаа Улаан хувьсгал огт байгаагүй, эрх чөлөөгөө хүссэн тэмцэл байсан, хожим нь Оросын тал улаан болгон, өөрсдийн таалалд нийцүүлсэн тухай ч Дилов хутагт бичин үлдээсэн байдаг аж.Мөн Дилов хутагт “Оросын тал ч яах вэ, өөрсдийгөө сурталчилж, үзлээ дэлгэрүүлэх гэж байна, гагцхүү манай өөрсдийн хэт хувьсгалчид байдлыг улам хэцүү болгож байна” хэмээн дүгнэсэн байдаг тухай Ж.Урангуа доктор өгүүллээ.

ДИЛОВ АЙМАГ ГЭЖ ХҮРТЭЛ БАЙСАН

МУБИС-ийн багш, доктор Лайхансүрэнгийн Алтанзаяа Дилов хутагтын шавь нарын талаар илтгэв. Дилов хутагт өөрөө Наробанчин хутагтын шавь байсан боловч нийт шавь нарыг хамтран захирдаг байжээ. Хориод оны сүүлч хүртэл шавь нар нь Хутагтыг тахин шүтсээр байж. Гучаад оны эхээр улс төр, шашны хавчлагаас болж Ламын гэгээн, Балдан засгийн зэрэг хошуудаас дүрвэн Өвөр Монгол руу нүүсэн ардуудыг 1939 онд нэгтгэн Баруун Сөнидийн ван Дэмчигдонровын хошуунд нутаг өгч, Дилов аймаг хэмээн нэрийдэж байжээ. Манайд ирсэн мэдээгээр тус аймгийг 1941 онд байгуулсан гэдэг боловч тус аймагт аж төрж асан хүмүүстэй Л.Алтанзаяа багш биечлэн уулзаж сурвалжлахад 1939 онд байгуулсан нь тодорхой байсан байна. Дилов хутагтын энэхүү хошууг эхлээд Намсрай, дараа нь Очирдор хувилгаан, Ганжуурваа хувилгаан нар захирч байсан талаар Алтанзаяа багш өгүүлэв.

МИНИЙ БИЕ УЛСЫН ХЭРЭГТ ЗАЛХУУРАХГҮЙ

ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн судлаач, доктор Э. Жигмэддорж Монгол Улсын төв архивт хадгалагдаж буй Дилов хутагтын таван сонирхолтой захидлын талаар илтгэлээ. Эхний захидалд Засгийн газрын тэргүүн сайдуудад хандан Улиастайд байсан Цагааны бүлэг этгээдийг Монголын нутагт үл оруулах нь завшаан буян болох талаар анхааруулан бичжээ.Удаах захиа нь Зоригт ханд нийслэл хотод болж буй улс төрийн үйл явдлыг тайлбарласан утгатай юм байна. Гутгаар захидал нь Ёст бэйс Цүлтэмд хандсан, суусан газрын байдал төвшин, олон амьтан, нийтийн төлөө ном гүрэм уншиж залбирч буй тухайгаа өгүүлсэн утгатай ажээ. Улиастайн сайд, гүн Ламжавт илгээсэн захидалдаа Дамбийжанцангийн өгүүлсэн хадгийг хүргүүлэхийн хамт түүнтэй уулзах тухайд засгийн газрын шийдвэрийг хүлээх санал тавьсан ажээ. Захидалдаа “Миний бие олон удаа явахад бие сайн байвал улсын хэрэгт залхуурахгүй” хэмээн бичсэн нь Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсныг нь харуулж байна хэмээн доктор Жигмэддорж өгүүлж байлаа. Сүүлчийн захидал нь Дамбийжанцан Захчиныг авахыг хичээж буй тул өөрийн биеэр уулзаж, ямар санаа бодолтой байгааг нь мэдье, Дамбийжанцанг хүчээр оролдох бус хөнгөн эеэр хөдлөх нь чухал гэсэн санааг Ламжав сайд, түшмэл Гүржав нарт хүргүүлсэн захиа байна.

Э.Жигмэддорж эцэст нь эдгээр захидлуудыг Дилов хутагт Жамсранжавын намтар судлалд, хувь хүний үзэл бодол, шашин суртахууны үйл ажиллагааг нь танихад, үг хэл найруулгынх нь онцлогийг судлахад, мөн тухайн үеийн улс орны байдал, аж амьдрал, үйл явдлыг тодруулахад чухал ач холбогдолтой болохыг дүгнэн өгүүллээ.

ХАТАНБААТАРЫН

ЦЭРЭГТ НОМ УНШИЖ ӨГДӨГ БАЙЖ

Дэлхийн нийслэл хэмээгддэг Нью-Йорк хотноо болж буй энэ хуралд заавал нийслэл хотын судалгааны хүрээлэн, их дээд сургуулиудын судлаачид гэлтгүй орон нутгаас төлөөлөгч урьж авчирсан нь олзуурхууштай байлаа.Булган аймгийн Боловсролын газрын ажилтан З.Батзориг Дилов хутагт, Хатанбаатар Магсаржав хоёрын хамтын ажиллагааны талаар илтгэв.Төрийн энэ хоёр зүтгэлтэн нэгд, хязгаар нутгийг төвшитгөх тал дээр, хоёрт, цэрэгт шашны хүчийг ашиглах тал дээр хамтран ажиллаж байжээ. Хатанбаатар хоёр ч удаагийнхаа дайнд Дилов хутагтыг залан, цэргүүддээ ном уншуулах ламтанаар авч явж байжээ.

МАЛ, МАЛЧИН НЬ БАЙНА, МАЛЛАХ СОЁЛ НЬ ҮГҮЙ БОЛЖ БАЙНА

Хурлыг Монгол Соёлын Өвийн сангаас зохион байгуулсан тул ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн Антропологийн тасгийн эрхлэгч, доктор Б. Баатархүү соёлын өвийн талаар илтгэлээ. Түүний илтгэл Соёлын өвийн судалгаа, Одоо болж буй соёлын өөрчлөлт, Цаашид хэрхэн хадгалах хамгаалах вэ гэсэн үндсэн гурван хэсэгтэй байв. Б.Баатархүү Монголд нүүдлийн соёл хэрхэн устан үгүй болж буйг зураг сэлт, баримтаар харуулан ярьсан нь сэтгэл эмзэглэмээр байлаа.Тухайлбал малчид өдгөө нүүх нь цөөрсөн, бэлчээрийг хашаажуулж эхэлсэн, малаа мотоциклиор хариулдаг болсон, Хятадаас авчирсан хямдхан хөхүүрт айргаа бүлж буй, удам дамжсан малчид үгүй болж, хөлсний гадаад иргэдээр малаа хариулуулдаг болсон, угсаатнуудын ялгаа багасч ууссан зэргийг өгүүлэв.Өөрөөр хэлбэл Монгол Улсад мал малчин хоёр бол байсаар байна, харин мал дагасан соёл нь үгүй болж буйг доктор Б.Баатархүү хэлж байлаа.

АМЕРИКИЙН МОНГОЛ СУДЛААЧДЫН ИЛТГЭЛҮҮД

Хуралд мөн Америкийн монгол судлаач эрдэмтэд оролцож, Дилов хутагт болон Монголын Бурханы шашин, түүх, утга зохиолын талаар илтгэлээ.Тухайлбал, Санта Барбара дахь Калифорнийн Их Сургуулийн судлаач Адам Круг Пагва ламаас Живэг Төмөрт өгсөн зөвлөгөөний тухай, Рутгерсийн Их сургуулийн судлаач Саймон Викхам Смит 1921-1935 оны хувьсгалч уран зохиолд шашныг хэрхэн дүрсэлсэн талаар илтгэлээ.Судлаач Саймон Брауне АНУ дахь халимагуудын оршуулгын газар, хөшөөн дээрх бичээсийг судлан, зан үйлийг нь тодорхойлох оролдлого хийснээ ярив.Америкийн Монголчуудын Соёлын Сангийн тэргүүн Санж Алтан гуай Америкийн халимагуудын дунд дэлгэрсэн Очирдарын нэгэн уншлагыг сэргээн тайлснаа илтгээд өөрөө аялгуулан уншиж өглөө.Веслэений Их Сургуулийн судлаач Жастин Куижада өнөөгийн Буриад дахь бурханы шашны байдал, соёл, итгэл бишрэлийн талаар ярьсан бол Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн тэргүүн Энхбат Тогочаг шашны эрх чөлөө Өвөр Монголд ямархуу байдалтай байгаа талаар илтгэв.

ДИЛОВ ХУТАГТЫН СҮМД

Хуралд оролцогчдыг НҮБ дахь манай Төлөөлөгчийн газрын хамт олон урьж, хүлээн авалт хийв. Төлөөлөгчийн газрыг төлөөлөн Б. Чингүүхэй, зохион байгуулагчдын өм­нөөс Д.Бямбахүү, Бу­риад монголчуудаас түүхч Хамутаев, Өвөр Монголчуудыг төлөөлөн зохиолч Б.Түмэн-Өлзий, халимаг монголчуудаас Санж Алтан гуай үг хэлсэн нь энэхүү хурал улс төрийн улмаас олон салсан монголчууд Дилов хутагтын гэгээн үйлийн доор нэгдсэн сайхан үйл ажиллагаа болсныг илтгэх мэт.

Маргааш нь буюу аравдугаар сарын 12-ны өдөр хурлын төлөөлөгчид Нью-Жерси муж дахь Дилов хутагтын үүсгэн байгуулсан Ницан дацан, анх шавыг нь тавьсан газар, амьдарч байсан байшинд нь зочиллоо.

Ийнхүү Дилов хутагтын ойг АНУ-д тэмдэглэн өнгөрүүлэв.Хурлын өмнө хүнд хагалгаанд орж бие нь тааруу байсан ч нөр их ажлыг амжуулан, сайтар зохион байгуулсан Даринчулууны Бямбахүүд талархал илэрхийлье.Монголын өв соёлыг сурталчлах, Монгол Улсыг АНУ-д таниулах, тархан суурьшсан олон монголчуудаа оюун санаа, соёлын талаар нэгтгэн нийлүүлэх талаар их зүйл хийж буй залуу билээ.

Вашингтон хот дахь манай тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Т.ӨСӨХБААТАР

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод анх удаа бүс нутгийн семинар болно

Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын “Nexus” төслөөс бүс нутгийн дөрөв дэх удаагийн семинарыг 2014 оны 11 сарын 5-наас 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Семинарт “Nexus” төсөлд хамрагдсан Азийн 10 хотын төлөөлөл болох 70 орчим зочид, нийт 100 төлөөлөгч буюу Монгол Улсын Засгийн газрын яам, агентлаг, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлж буй болон түнш “ESCAP”, “GIZ” зэрэг байгууллагуудын төлөөлөл, хотуудын цахим сүлжээний нэгдэл, олон улсын санхүүгийн, судалгааны байгууллага, хувийн хэвшил мөн нөөцийн цогц менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд оролцоно.
Энэ удаагийн семинараар нөөцийн цогц төлөвлөлт, “Nexus” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтөд тусгах, иргэдийн оролцоог хангах талаар ярилцаж хэрэгжилтийн явцад учирч буй хүндрэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хотууд өөр өөрсдийн туршлага ололтоосоо хуваалцах юм.
Ази, Номхон далайн бүсийн хүн амын огцом өсөлт, хотжих үйл явц нь ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг алдагдуулж хотуудын тогтвортой хөгжлийг эрсдэлд оруулж байгаа. Гэтэл Азийн ихэнх хотууд салбарын явцуу хүрээнд, хотынхоо хил хязгаарын хэмжээнд төлөвлөлт, менежментээ хийсээр байна. Тиймээс асуудалд цогц байдлаар, харилцан уялдаатайгаар хандах шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд хоорондоо хамаарал бүхий (ус-эрчим хүч-хүнс) гэсэн гол гурван салбарын харилцан үйлчлэл, нөлөөллийг ашиглах шаардлагатай. Ингэснээр хот ба бүсийн нөөцийн цогц менежмент, төлөвлөлтийн потенциалыг ашиглах боломж бүрдэх юм.
Nexus хандлага нь эрчим хүч, ус болон хүнсний хангамжийн салбарт найдвартай байдлыг хангах цогц төлөвлөлт, менежментийн арга замыг нэвтрүүлэхэд чиглэгддэг. Хот болон харьяа бүс нутгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ утгаараа хот болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн инженерийн хангамжийн байгууллагуудыг Nexus-т хамаарал бүхий салбаруудын цогц төлөвлөлт, менежментэд хамруулах нь чухал байгаа юм.
Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам(BMZ)-ны санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-той хамтран “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: хот байгуулалтын Nexus” төслийг хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд бүс нутгийн 6 орны (Хятад, Индонези, Монгол, Филлипин, Тайланд, Вьетнам) 10 хотод техникийн туслалцаа үзүүлнэ.
Төсөл нь хотуудын захиргаа, төлөвлөлт хариуцсан алба нэгжүүдийн нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхийг бэхжүүлэх, мөн боломжтой нөхцөлд Nexus санаачлагуудыг практикт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн тухайн улс, нутгийн түвшинд хуримтлуулсан ололт, туршлагыг бүс нутгийн мэдлэг түгээх, хэлэлцүүлэг явуулах платформд суулган мэдлэгийн сан үүсгэж Азийн хотуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд бүс нутгийн семинарыг гурван удаа зохион байгуулсан (2013 онд Taйландын Бангкок хотод хоёр удаа, 2014 онд Вьетнамын Да Нанг хотод нэг удаа) ба эдгээр семинарын хүрээнд Nexus-т хамааралтай технологийн өнөөгийн түвшин, хотуудын Nexus төслүүдийн явц, ахиц дэвшлийг танилцуулж хэлэлцүүлсэн. Түүнчлэн хотуудын төлөөлөлд хот байгуулалтын Nexus санаачлагуудыг дэмжих орчин нөхцлийг бий болгох талаар төр засгийн төлөөлөл болон холбогдох бусад талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгосон.
Өмнө нь явагдсан семинаруудын үр дүнд тулгуурлан энэ удаагийн семинар дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
Оролцогч хотуудын nexus төсөл арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцах, тулгамдаж буй асуудал, туршлага, ололтоосоо хуваалцах.
Оролцогч улс орнуудын nexus хандлагыг дэмжих бодлого, хөтөлбөрүүдтэй танилцах, nexus-ийн үүсгэл санаачлагыг хөгжүүлэхэд тустай үндэсний бодлого, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэлцэх.
Хот байгуулалтын nexus –ийн засаглалын цар хүрээ, тэр дундаа хотуудын Nexus Ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг, хот төлөвлөлтийн үйл явцад тусган институтчилахад шаардагдах бусад арга хэрэгслүүдийг хэлэлцэх.
Nexus төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тустай зөвшилцөл, төлөвлөлтийн явцад иргэдийн оролцоог бэхжүүлэх нөхцөл боломжуудыг эрэлхийлж хэлэлцүүлэх.
Хот байгуулалтын nexus–ийн арга хэмжээнүүдийг шинээр гарч ирж буй Habitat III –ын хөтөлбөрт суулгах алхмууд, тэдгээрийг олон улсад өрнөж буй яриа хэлэлцээрт онцгойлон авч үзэх хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлох гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Жайка”-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Японы “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Монгол Улсаас Япон улсад суралцсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчдад сургалтын дараах үнэлгээ хийсэн талаар танилцуулж, орон нутагт сурсан зүйлээ хэрэгжүүлж үр бүтээлтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Өвөрхангай аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ, КНАГ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ургийн зүрхний бичлэг хэрхэн хийх, хянах, үнэлэх талаар хичээл заасан байна.

Тус байгууллагаас сургалтад ашигласан Ургийн зүрхний бичлэгийн аппарат, чагнах зөөврийн болон халаасны аппарат тус бүр нэгийг бэлэглэхээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“ITB Asia” үзэсгэлэн яармагт Монгол улс оролцлоо

“ITB Asia” үзэсгэлэн яармаг 2014 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд 7 дахь жилдээ Сингапур Улсын Marina Bay Sand-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн яармагт 73 улсын 825 төлөөлөгчид оролцож түүнчлэн 110 улсын 9100 орчим хүн тус үзэсгэлэн яармагт бүртгүүлсэн бөгөөд өмнөх жилээс үзэгчдийн тоо 7 хувиар нэмэгдсэн байгаа аж.

Монгол Улсаас анх удаа Монголын булан нээгдсэн бөгөөд Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тус булангаар 10 дугаар сарын 31-ний өдөр зочиллоо. Энэхүү үзэсгэлэн яармагт Монгол Улсаас “Аялал Жуучлал-Ирээдүй” ТББ албан ёсны түншийн хувьд “ITB-Berlin”-тэй хамтран анх удаа оролцсон бөгөөд уг байгууллага нь “ITB-Berlin 2015” үзэсгэлэн яармагт Монгол Улсыг өөрийн түнш улс болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд урьдчилан таниулах өндөр ач холбогдолтой ажээ.

Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа “ITB Berlin”-ны Захирал ноён David Ruetz болон Түнш орнуудыг хариуцсан газрын захирал Rika Jean Francoise нартай ажил хэргийн уулзалт хийв.

David Ruetz “ITB Berlin”-ы талаар товч танилцуулахдаа Монгол Улс “ITB-Berlin”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж түнш орон болсноор жилийн турш Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэх 8 шат бүхий төсөлд хамрагдах бөгөөд үүгээр дэлхийн 44,797,162 хэрэглэгч бүхий цахим болон өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр Монгол Улсыг дэлхийн жуулчдад сурталчлан таниулах арга хэмжээ авах тухай онцлов.

“ITB Asia” үзэсгэлэн яармагт Монгол Улсаас аялал жуулчлалын салбарт олон жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа манай ууган компаниудын нэг болох “New Juulchin World Tours” болон “Zendmen Travel” зэрэг компани оролцож байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш өсч байна

Арилжааны банкуудад төгрөгтэй тэнцэх ам.долларын авах ханш яг одоогийн байдлаар дунджаар 1860 төгрөгтэй тэнцэж байна. Харин ам.доллар зарах ханш 1868-1872 төгрөгтэй тэнцэж буй. Харин юанийг банкууд дунджаар 304 төгрөгөөр авч, 307 төгрөгөөр зарж байна. Өмнөх оны мөн үед төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш 1720 төгрөг, юань 280 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Гамшгаас хамгаалах албадыг шинэчиллээ

Нийслэлийн Засаг Дарга “Нийслэлийн Гамшгаас хамгаалах албадыг шинэчлэн байгуулах тухай” А/913 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар шинээр томилогдсон албадын удирдлага болон нийт бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган бэлэн байдлыг дээшлүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.