Categories
мэдээ спорт

Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ эхэллээ

Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн V тэмцээн Тайванийн Тайпей хотноо өнөөдөр эхэллээ.

Манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж байна. Тэмцээнд оролцогчид насны хувьд 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид байгаа юм. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр Б.Ганзориг, МҮСБХ-г төлөөлж С.Тулга, Н.Батсуурь нар, багийн ахлагчаар Монгол Улсын Гавьяат багш Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр нар ажиллаж байна.

Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонгконг, Малайз, Филиппин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөж байгаа.Манай оюутны шигшээ баг хэсэгтээ БНХАУ, Тайвань, Макаотой таарчээ. Тэд эхний тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай хийж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” европоор тоглолтоо хийнэ

“Харанга” хамтлагийнхан Европийн улсуудад аялан тоглолт хийхээр болжээ. Тэд өөрсдийн 25 жилийн ойн хүрээнд гадаадад амьдарч байгаа Монголчууддаа ийнхүү бэлэг барихаар болсон байна.

“Харанга” хамтлагийн уран бүтээлчид нөгөөдөр буюу араваннэгдүгээр сарын 5-нд Европыг зорих гэнэ. Эл тоглолтонд “Харанга”-ынхан шилдэг бүтээлүүдээсээ үзэгчиддээ хуваалцах бөгөөд бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болсон бололтой. Тэдний тоглолтыг гадаадад амьдарч буй Монголчууд зохион байгуулж байгаагаараа онцлогтой ажээ.

Дашрамд сонирхуулахад тэд эл аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод зочлон тоглох гэнэ. Ингээд энэ тухай тус хамтлагийн бөмбөрчин Пүүжээгээс тодруулсан юм.

-Хэдийгээр Европыг зорих вэ?

-Нөгөөдөр явах гэж байгаа.

-Уг тоглолтын төлөвлөгөө ер нь хэзээ гарсан бэ?

-Өнгөрсөн зун гэхэд төлөвлөгдчихсөн байсан.

-Монголчууд зохион байгуулж байгаа юу?

-Тийм шүү. Гадаадад амьдарч байгаа Монголчууд маань зохион байгуулж байгаа. Бид мөн энэ аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод очиж тоглохоор болсон.

-“Харанга” хамтлагийн 25 жилийн ойн хүрээнд явагдаж байгаа төслийн нэг хэсэг юм аа даа. Тоглолтынхоо товыг гаргасан уу?

-Тийм. “Харанга” хамтлагийнхан маань 25 жилийн ойн баяраа гадаадад амьдарч байгаа Монголчууддаа хуваалцаж байгаа гэх үү дээ. Тоглолтын тов гарсан. Арваннэгдүгээр сарын 8-нд Швейцар, 14-нд Белги, 15-нд Франц, 16-нд Испани, 21-нд Швед, 24-нд Лондон хот дахь монголчуудтайгаа тоглолтоороо уулзах болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн найрууллаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь боллоо. Шинэчлэгдэн тавигдсан энэхүү дуурийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 1-2-нд тоглолоо.

Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байсан байна. Ийнхүү 3 дахь удаагаа тайзнаа тавигдахдаа шинэчилсэн найруулгаар тавигдаж байна.

Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Энэ удаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамы Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ.

Дуурийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин А.Дашпэлжээ, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, хөгжмийн редактор, ерөнхий удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар ажилласан байна.

Дуурийн гол дүрүүдэд Хөхөө Намжилд М.Даваадорж, Б.Батжаргал, Уянгад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Б.Энхнаран, Алтайн дагинад М.Дариймаа, Ц.Арюна, Галданд Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Э.Анхбаяр, Түшмэлд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Хувилгаанд Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, Их Хатанд Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Дугачад Л.Эрдэнэ-Очир, Г.Шижирболд зэрэг дуучид дуулсан юм.

Дуурийн концертместр Б.Алунгоо хэлэхдээ: “Дуучидтайгаа үргэлж тайзан дээр хамт байгаа мэт ажиллалаа. Энэхүү дуурь 3 дахь удаагаа тайзнаа тоглолоо. Тиймээс дандаа шинэ дуучид дуулж, шинэчлэгдсэн найруулагаар тавигдлаа. Дуурийн сургуулилалт энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. “Хөхөө Намжил” дуурь бол домгоос сэдэвлэгдсэн бүтээл. Манай үндэсний уламжлалт хоёр чавхдастай хорвоог уйлуулдаг морин хуур хөгжим маань яаж үүссэн тухай өгүүлдэг. Намжил гэдэг залуугийн унаж байсан далавчтай морийг хайртай эмэгтэй нь хардах сэтгэлээсээ болоод болчимгүй зүйл хийж, түүнийг хорлох гэсэн хүмүүсийн гарт өгдөг. Тэгээд дараа нь буруу зүйл хийснээ мэдэж, түүндээ харамсаж, мориных нь яс, сүүл, арьсаар энэхүү хөгжмийг бүтээж байгаа домогтой юм.” гэв.

Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Дуурь таван үзэгдэлтэй:

Нэгдүгээр үзэгдэл

Хошуу ноён нас нөгцсөн учир агь ноён Галдан тушаал гаргаж ард олны үс гэзгийг нь задлуулж,албадан уй гашуудал хийлгүүлнэ. Дарлан зовоогч ноён үхсэн нь сайн болж гэж ард олон дотроо баярлавч арга буюу гашуудан байх энэ үеэр Хөхөө Намжил ирж “Аав ээж, амраг садангаасаа хагацсан биш, харгис ноёны үхсэнд гашуудах нь байтугай харин ч баярлах хэрэгтэй” хэмээн ард олныг ятгах үед түшмэл ирж “ноёны зарлигийг зөрчив” хэмээн Намжилыг баривчилна.

Галдан ноёны зарлигаар дуучин залуу Хөхөө Намжилыг эх сайхан нутаг, элгэн садан, энхрий хайрт амрагаас нь салгаад өндөр Алтайн хязгаарт цөлөхөөр авч явна.

Хоёрдугаар үзэгдэл

Алтай нутагт Хөхөө Намжил цөлөгдөн ирээд өлгий эх нутаг, энхрий хайрт амрагаа мөрөөдөн дуулж байхад нь түүнийг сонсож бахадсан Алтайн дагина гэнэт гарч ирж эх сайхан Алтай нутгийг магтан дуулахыг хүсэхэд Хөхөө Намжил уран цэцэн үг хэл, уянгат сайхан хоолойгоор Алтай нутгийг магтан дуулав.

Алтайн дагина Намжилыг үнэхээр сайхан дуулсанд баясаж, “Аялгуу дууныхаа тэргүүнд Алтай сайхан нутгийг минь магтаж дуулж бай” гээд энэ нутагт үлдэхийг ятган алт мөнгө, үнэт эрдэнэс, уран гоо охидын бүжгээ түүнд үзүүллээ. Гэвч Хөхөө Намжил хайрт амраг,өссөн төрсөн нутагтаа очихыг мөрөөдөж байгаагаа хэлэхэд Алтайн дагина хун шувуу шиг далавчтай, гуурст хурдан хүлэг бэлэглэж “Нартай өдөр амрагтайгаа уулзаж, сартай шөнө энд ирж бай” хэмээнэ.

Хөхөө Намжил талархлаа илэрхийлэн төрсөн нутгийн зүг одоход Алтайн дагина, эрдэнэсийн охид үднэ.

Гуравдугаар үзэгдэл

Холын холд цөлөн явуулсан Хөхөө Намжил гуурст хурдан хүлэгтэй болж нутагтаа эргэн ирсэнд атаархан хорссон Галдан ноён хайртай хүүхнээр нь түүнийг хорлуулахаар хуйвалдаан зохионо.

Хөхөө Намжил нутагтаа ирж хайрт хүүхэн Уянгатайгаа уулзаад уянгат дуугаа ард түмэндээ өдөртөөсонсгон шөнөдөө буцаж явах болсныг Уянга хүүхэн буруугаар ойлгож сэтгэлдээ хардах ажээ. Уянгын хайр сэтгэлийн энэ хардлагыг муу санаатнууд ашиглан Хөхөө Намжил түүнийг үүрд орхиж байгаа мэтээр ухуулж, гуурст хурдан хүлгийг нь хөнөөвөл Хөхөө Намжил хаашаа ч явж чадахгүй болно хэмээн Хувилгаанаар ятгуулна.

Дөрөвдүгээр үзэгдэл

Уянга хүүхэн хэргийн нарийн учрыг бүрэн тунгаалгүй хайр сэтгэлийн хардлагын улмаас нөхрийнхөө гуурст хурдан хүлгийг хөнөөсөн нь түүнд гэмшиж баршгүй алдаа болжээ.

Хорон муу санаатнууд Уянгын хийсэн бузар хэргийг үнэлж түүнд шан хүртээнэ.Хөхөө Намжил амраг Уянгадаа гомдон “Хайртай хүлэг минь амилаагүй цагт ханиа гэж үзэхгүй” гээд дахин цөлөгдөн одно.

Уянга хүүхэн муу санаатнуудад мэхлэгдсэнээ сая ухааран мэдэж үнэнч сайн нөхөртөө хор хүргэсэн өөдгүй эм гэж өөрийнхөө амийг хорлох гэхэд Алтайн дагина гэнэт ирж хайрт нөхөртөө үнэнч байж, хүлэг сайн морьтой нь тэнцэх уянгат сайхан дуутай хөгжим урлаж, гуурст хүлгийн нь толгойгоор хуурын толгойг хийхийг зааж сургаад, захиад явжээ.

Тавдугаар үзэгдэл

Нутгаа санасан Хөхөө Намжил уйтгарлан сууж байтал Уянга хүүхэн хүрч ирэн морины сүүлний хялгасаар утасласан уян сайхан дуутай, хайрт хүлгийг нь дүрсэлсэн уран гоё хийцтэй, хуур хийгээд түүнд бэлэглэв. Хайрт хүлгийг нь орлох энэ морин хуур ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжихийн билэгдэл болон мөнхрөв өө.

Дашрамд дуулгахад, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8-ны 17.00 цагаас Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балет, 9-ны 17.00 цагаас “Найрал хөгжмийн шинэ одод” залуу хөгжимчдийн концертыг тоглох юм.

Categories
мэдээ спорт

Бүртгүүлээгүй үлдсэн багуудад боломж олголоо

“Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлагаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр “Нэг сэтгэл” уриатай хандивын заалны хөлбөмбөгийн спорт өдөрлөг тун удахгүй болох гэж байгаа билээ. Тус өдөрлөгийн ивээн тэтгэгч байгууллагаар “Tiger” брэнд ажиллах нь ээ. “Tiger” брэнд нь энэ жил хоёр дахь удаагаа “Tiger Street Football” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд хөлбөмбөгийн спортыг идэвхитэй дэмждэг гэдгээр нь хөлбөмбөг сонирхогч залуус андахгүй сайн мэдэх биз ээ. Хоёр дахь удаагаа “Tiger” брэндээс зохион байгуулсан тус тэмцээнд Монголчууд амжилттай оролцож Сингапур улсад болсон тоглолтноос хоёрдугаар байрыг эх орондоо авчирч чадсан юм. Мөн өнгөрсөн жил буюу 2013 онд эл компанийхан Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчийг Монголд авчирсан бол энэ жил Португалийн шигшээ багийн алдарт тамирчин Деког авчирсан юм. Тиймээс энэ удаад ч мөн энэ жилийн хамгийн анхны заалны хөлбөмбөгийн тэмцээний дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.

2012 оны Үндэсний лигийн мэргэн бууч, “Сэлэнгэ пресс” багийн ахлагч, спортын мастер Ц.Түмэнжаргал аавынхаа эмчилгээнд зориулсан хандивын спорт өдөрлөг зохион байгуулахаар ийнхүү зэхжээ. Энэ намрын анхны заалны хөлбөмбөгийн тэмцээн гэдгээрээ онцлогтой уг өдөрлөгт шигшээ багийн 20 тамирчнаас оролцож буй багууд сугалааны дагуу драфтлаж багтаа авах боломжтой аж. Ц.Түмэнжаргалын хувьд, 2013 онд Лаос улсад болсон “Challenge cup” тэмцээний үеэр зохион байгуулагч орны багийн эсрэг тэнцээний гоолыг/1:1/ оруулсан юм. Түүний хувьд энэхүү гоол нь олон улсын тэмцээн дэх анхны гоол юм.

Нэгэн сэтгэл хандивын хөлбөмбөгийн сугалаа аравдугаар сарын 31-нд буюу өнгөрөгч баасан гаригт болж өнгөрлөө. Уг сугалаагаар таван хэсгийн тоглолтууд тодорсон бөгөөд “B” хэсгийн баг хараахан бүрдээгүй байгаа ажээ. Бүртгэлээс хоцорсон багуудад дахин зохион байгуулагчид боломж олгож бүртгэлд оролцох боломжыг өгөх нь ээ. Харин шинээр бүтгүүлсэн баг тамирчид “A,B,C,D” гэсэн дөрвөн хэсэгт хуваагдан орох бөгөөд Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдаас драфтлагдаагүй үлдсэн З.Баттулга, Ю.Сайнхүү, Г.Анар, Ц.Түмэнжаргал, Б.Очирбаяр, М.Төгөлдөр Г.Эрхэмбаяр зэрэг тамирчдаас сонгон өөрийн багтаа тоглуулах боломжтой юм байна.

Доорхи хүснэгтэнд Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн драфтлагдсан тоглогчид болон “A,B,C,D” гэх дөрвөн хэсэгт тоглох багуудыг жагсаасныг хамтдаа сонирхоё.

Хандивын спорт өдөрлөг арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны спорт зааланд 09.00 цагт болно.

Сонирхсон оролцогчид доорхи заавартай танилцана уу.

“НЭГ СЭТГЭЛ” футзалын аварга шалгаруулах тэмцээний заавар

Нэг: Тэмцээний зорилго

Хөлбөмбөг сонирхогч залуус болон тамирчдыг сайн үйлсийн төлөө нэг сэтгэлээр нэгдүүлж, Монгол улсын шигшээ багын тамирчин Түмэнжаргалын аав Цэдэнбал гуайн (нойр булчирхайн хорт хавдарын дөрөвдүгээр шатанд байгаа) хүнд өвчний эмчилгээнд өчүүхэн тус хүргэхэд оршино.

Хоёр. Тэмцээний журам, хугацаа:

Тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны спорт зааланд 09.00 цагт явагдана.

Багт 10 тамирчин 1 дасгалжуулагч байна. Багын бүрэлдэхүүнд нэмэгдэж Монгол улсын шигшээ багийн нэг тоглогч сугалаагаар орж тоглоно. Жич: Багт 2014 оны Нийслэл лигт тоглосон болон мэдүүлэгт орсон тамирчин тоглохгүй.

Тоглолт 12+12 минутын хугацаатай явагдана. Шигшээ тоглолтонд 2 баг үндсэн цагтаа тэнцсэн тохиолдолд баг бүрээс 5 тамирчин 6 метрийн торгуулийн цэгээс цохилт гүйцэтгэж ялагчийг тодруулна.

Тэмцээнд оролцох эрхийн төлбөр 300,000.00 (гурван зуун мянга) төгрөг байна. Төлбөрөө төлсөн баг сугалаанд оролцоно. Баг бүр төлбөрөөс гадна эмчилгээний төлбөрт 100,000.00 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш хандив өгнө.

Жич: Багийн аль нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн болон ёс зүйн ноцтой дутагдал гаргасан тохиолдолд тус багийг тэмцээнээс шууд хасна.

Гурав. Тэмцээний техникийн зөвлөгөөн:

Тэмцээнд оролцох багийн мэдүүлэг, эрхийн төлбөрийг аравдугаар сарын 31-ны 19.00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Мэдүүлэг хүлээн авах e-mail: e_ganzo@yahoo.com

Эрхийн төлбөр авах данс: 450007823 ( Түмэнжаргал, Худалдаа хөгжлийн банк)

Тэмцээний техникийн зөвлөгөөн, багуудын оноолтын сугалаа 2014 оны 11 дугаар сарын 1-нд 17.00 цагт Тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбоон дээр болно.

Дөрөв. Шагнал:

Тэмцээний эхний 3 байранд орсон тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, багт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.

Тав. Бусад:

Энэ зааварт тусгагдаагүй бусад асуудлыг ТЗБКомисс шийдвэрлэнэ.

Харилцах утас: 91107010,

Categories
мэдээ нийгэм

Хилээр сум нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн хяналтын улсын байцаагчид Монголд их хэмжээний галт зэвсгийн сум оруулж ирэх гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагч нар аравдугаар сарын 28-нд АНУ-аас илгээсэн чингэлэг бүхий түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалт хийсэн байна.

Шалгалтаар “Remington”, “Winchester”, “Federal” маркын галт зэвсгийн нийт 220 ширхэг сум илрүүлсэн бөгөөд гаалийн хяналт шалгалтаас нууцаар АНУ-аас Монголд оруулж ирэх гэж байжээ. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай байж болзошгүй тул гаалийн байгууллагынхан нарийвчлан шалгуулахаар Тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна.

АНУ болон Европын улс орноос импортолсон автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн жилүүдэд байнга гарах болсон байна. Тиймээс хилээр нэвтэрч буй иргэд бусдын дайвар ачаа, тээшийг өөрийн нэр дээр авч гаралгүй, анхаарал болгоомжтой байхыг гаалийн байгууллагынхан анхааруулав.

Categories
гадаад мэдээ

Пакистан-Энэтхэгийн хилийн ойролцоо дэлбэрэлт болжээ

Пакистан, Энэтхэгийн хил дээр орших шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 50 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.Уг халдлага нь Лахоре хотын ойролцоох Вагах хилийн боомт дээр төрийн далбаа буулгах ёслолын ажиллагаа дууссаны дараа болжээ. Пакистаны цагдаа нарын мэдэгдсэнээр биедээ тэсрэх бөмбөг авч явсан этгээд зоогийн газрын гадаа бөмбөг дэлбэлжээ.Амь үрэгдэж, гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь уг ёслолыг үзэж байсан аж. Пакистаны тал уг халдлагыг талибанчууд үйлдсэн хэмээн буруутгаж байгаа хэдий ч өөр зэвсэгт бүлэглэлүүд холбоотой байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уг халдлагыг хулчгар үйлдэл хэмээн мэдэгдсэн ба энэ терорист халдлагын цаана Пакистаны сөрөг хүчний улс төрч Имран Хан байгаа хэмээн үзсэн.Энэтхэгийн аюулгүй албаны мэдээлснээр Энэтхэгийн хилийн боомт тус дэлбэрэлтэд өртөөгүй гэжээ.

Б.Анужин

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлж байна

Өнгөрсөн аравдугаар сард Цагдаа болон хууль хяналтын байгууллагад “Бусдад хүчиндүүлсэн” гэх нийт 13 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна.

Хүйтний улирал эхэлж гадаа эрт харанхуй болж буйтай холбогдуулан оюутан, сурагчид харанхуй гудамж талбайгаар явах нь ихэсдэг тул танихгүй хүмүүстэй уулзахгүй байх, гэрэлтүүлэгтэй гудамж талбайг сонгож явах, шаардлагатай тохиолдолд ар гэрийхнээрээ тосуулах зэргээр болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ 1000-1200 төгрөгөөр буурчээ

“Хүчит шонхор” шонхор зах дээр амралтын өдрүүдэд үхрийн гуяны цул мах кг нь 9000, үхрийн ястай махны үнэ 6800-7000, цул нь 7200-7500 төгрөгийн үнэтэй байв. Мөн адууны ястай мах 5000, цул нь 5300-5500 төгрөгийн үнэтэй байлаа. Хонины ястай махны үнэ кг нь 4000-5500, цул нь 6200, ямааны ястай мах 3800-4000, цул нь 5500-5800 төгрөгийн үнэтэй байв. Тус захын худалдаачид махны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад 1000-1200 төгрөгөөр буурсан гэж байв. Түүнчлэн махны үнэ цаашдаа ч буурах магадлалтай гэж буй аж.

Categories
мэдээ спорт

Сүмо бөхийн УАШТ болно

Насанд хүрэгчдийн сумо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэхүү тэмцээнийг Монголын сумо бөхийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр нь “Кёкүшю групп” ажиллах юм.

Сумогийн УАШТ-д аймаг, дүүргийн Спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн уүмо бөхийн баг тамирчид, сумо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харьяалалгүй тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-ээс дээш нас, залуучуудын эрэгтэй, эмэгтэй буюу 15-18 нас гэсэн ангиллаар болох юм. Мөн сумочид жингийн ангиллаар өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Соргог бөхөнгийн эвэр хууль бусаар борлуулах гэж байжээ

Өнгөрсөн сарын 24-нд Б,Г,Ц гэгч этгээдүүд Дэлхий байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн, нэн ховор зүйлийн амьтан болох соргог бөхөнгийн эврийг хууль бусаар оруулж иржээ. Тодруулба, 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг ОХУ-аас хууль бусаар оруулж ирж, худалдаалах гэж байсан аж. Гэмт этгээдүүдийг БГД-ийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлжээ. Тэдэнд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтаны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээ аван цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж.

Дээрх гэмт хэргийн улмаас Байгаль экологид нийт 162.000.000 төгрөгийн хохирол учруулжээ.