Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхны тохироо юу болов?

Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг огцруулах бичгийг Ардын нам өргөн барьснаас хойш гурав дахь долоо хоног­тойгоо золголоо. Шударга ёс эвсэл дараа нь АН завсарлага авснаар асуудал хойшилсоор байна. Ардын нам завсарлага авна гэж байхгүй учраас хүссэн хүсээгүй энэ долоо хоногт Ерөнхий сайдыг огцруу­лах эсэх тухай хэлэлцэх нь ойлгомжтой.

Уг нь Засгийн газрын тэргүүнийг татан унагах санаа МАН-ынх байлаа. Гэсэн ч гол бужигнаан АН-д өрнөж байна. Бүлэг дотроосоо гишүүд нь гарын үсэгээ цуглуулж, намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулахаар үгсэж эхэлсэн юм. Р.Бурмаа, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Д.Ганбат, Г.Баярсайхан, Р.Амар­жаргал, М.Зоригт, Ж.Батзандан гээд МоАХ, Шонхор фракцийн голдуу гишүүд тэр бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл бий. Харин тэд эгнээндээ Д.Арвин, М.Батчимэгээс эхлээд хэд хэдэн хүнийг нэгтгэж, тоогоо 15-д хүргэсэн гэдэг нь хэр үнэний ортой юм бол. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бараг худлаа юм шиг байна.

“Эсэргүүнүүд”-ийн тоо нэмэгдэхгүй байлаа ч АН-д асуудал хэвээрээ. Тийм учраас АН-ын томчууд уулзаж, яриа, тохироо хийсээр байна. Энэ тухай элдэв таамаглалууд улс төрийн хүрээнд хөвөрсөөр байгаа юм. Өнгөрсөн лхагва гаригт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ярилцаад Н.Алтанхуягаар АН-ын даргынх нь суудлыг өгүүлж, Ерөнхий сайдаар нь үлдээе. Оронд нь З.Энхболдыг АН-ын дарга болгоё гэдэг тохироонд хүрсэн гэлцэж байлаа. Үнэхээр ч маргааш нь буюу пүрэв гаригт үдээс өмнөх чуулганы хуралдааныг тасалдуулан байж, АН-ын бүлэг ээлжит бус хурал зарласан юм. Энэ үеэр Н.Алтанхуяг мэдэгдэл хийнэ гэсэн хүлээлт АН-ынханд байв. Улс төр ингэж эргэсэн учраас УИХ-ын дарга З.Энхболд ч тэр өдөр харзнасан бололтой. Мэдээж Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэдгээ зарлавал даруй ҮЗХ-г хуралдуулж, намын даргын тамга тэмдэг солилцох ажил ундрах байлаа.

Гэтэл Н.Алтанхуяг дарга тэр өдөр бүлгийнхээ хуралд ямар ч мэдэгдэл хийгээгүй учраас бүр бантан болж хувирсан байна. Тэрээр бүлгийн хурлын эхэнд “2016 оны сонгууль ойртож байхад бүгдээрээ ингэж хагаралдаад яах вэ. Намынхаа эв нэгдлийг хангая” гэх утгатай үгс унага­сан нь зарим гишүүдийн уур ундууцлыг хүргэж, уур амьсгалыг эвдсэн бололтой. Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зурсан гишүүдийн зүгээс “Эдийн засаг элгээрээ хэвтчихээд байхад та улс орныхоо эрх ашгийг бодоод ажлаа өгч чадахгүй байна уу” гээд босоод ирсэн сураг байна.

Н.Алтанхуяг намын даргаа өглөө ч Ерөнхий сайдын суудалд удаан тогтохгүй нь мэдээж. 2016 оны сонгуулийн өмнө намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг дүрэм үйлчилж таарна. Тийм учраас Н.Алтанхуяг юу юуны туханд хүрэлгүй намын даргаа өгье гэж зарлаагүй биз ээ. Алтан гадасынхан ч, өөрийнх нь талд бат зогсоо МҮД-нийхэн ч түүнд энэ эрсдлийг сануулж ятгасан хэрэг. Ингээд бүх зүйл орвонгоороо эргэж. Шал дэмий хэрэлдэж, ямар ч шийдэлд хүрч чадалгүй гацсан учраас бүлгийн хурлыг завсарлуулж, гишүүд нь чуулгандаа орохоор явцгаасан гэнэ. Баасан гаригт ч АН-ын бүлгийнхэн хуралдах гэж яарсангүй чуулгандаа суусаар тарлаа. Тэгэхээр одоо юу болох бол. Янз бүрийн таамаг байна. Н.Алтанхуяг дарга нэгэнт анх тохирсон амандаа хүрээгүй учраас асуудлыг кнопоор шийдэхээс өөр аргагүй болсон тухай АН-ын зарим гишүүд ярьж байна. Тэгвэл МАН-ын 26 дээр МАХН-ын Л.Цог, АН-ын ес нэмэгдэхээр лав 36 санал Н.Алтанхуягийн эсрэг тоологдох нь тодорхой болчихлоо. Дээрээс нь кнопоор шийднэ гэвэл санал хураах өдөр зугтахад бэлэн хэсэг гишүүн байгаа. Мэдээж тэдний кноп эсрэг саналд тоологдоно. Ингээд тооцохоор Н.Алтанхуяг Ерөнхий сайд суудлаасаа уначих магадлал тун өндөр юм байна.

Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ынхан уулзаж, тохироогоо үргэлжлүүлсэн сурагтай. Төрийн гурван өндөрлөг дахин ярилцаад нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед засаг төрөө тогтвортой байлгах нь чухал гэдэг шийдэлд хүрсэн тухай мэдээлэл байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг намын дарга болгох саналтай. УИХ-ын дарга З.Энхболд намын дарга, Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягийг унагаж МАН-тай хамтрах гэх мэтийн ашиг сонирхолтой байсан байж болно. Гэвч үүнийгээ дарах ёстой гэж АН-ын томчууд үзсэн бололтой. Бямба гаригт болсон АН-ын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр өрнөсөн яриа ч энэ чиглэл рүү эргэжээ. Н.Алтанхуяг дарга нь ч амралтын өдрүүдэд өөрийнх нь эсрэг гарын үсэг цуглуулаад яваа гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзаж, тохиролцсон сураг байна. Гэвч АН-ынхан МАН-тай адилгүй, цагаа тулахаар яаж ч мэднэ. Дээр хэлсэнчлэн кнопоор асуудлыг шийднэ гэдэг итгэл үнэмшилтэй яваа гишүүн олон байгаа. Дээрээс нь Н.Алтанхуяг л өөрчлөгдөж байвал энэ намын даргаар өөр хэн ч болсон яахав гэдэг хатуу байр суурьтай гишүүд бий. Н.Энхбаяртай хамтарч гэрээ байгуулсныг эсэргүүцэж, Н.Алтанхуягтай дайн зарлачихаад байгаа бүлэг ч байна. Тэдэнд төрийн гурван өндөрлөгийн байр суурь хамаагүй байж мэднэ. Тэгэхээр асуудал хаашаа эргэхийг таахын аргагүй. Ямар ч байсан өнөөдөр болох АН-ын бүлгийн хурлаар бүх зүйл тодорхой болох нь ээ.

Ер нь ардчилсан хувьс­галыг удирдаж явсан нөхдүүд өнөөдөр АН-ын толгойд ээлжлэн сууж, төрийн өндөр албан тушаалуудад очиж байна. Тэд л зөөлөн суудалд тухалж, бусад нь гудамжинд лааз өшиглөж яваа нь нууцгүй үнэн. Тиймээс АН-ын удирдлагуудыг шинэчлэх цаг болсон гэж улс төр судлаачид үзэх нь бий. Ардчилсан хувьсгалыг манлайлж явсан алтан хараацайнуудаа ч АН-ыг хүнд үед авч гарсан гавьяатнуудаа ч, шинэ залуу үеэ ч албан тушаалд адил тэнцүү томилдог болох хэрэгтэй.

АН ингэж өөрчлөгдөх тохироо нь бүрдсэн гэдэг үнэн. Гэвч улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед засаг төрийг бужигнуулах нь цагаа олоогүй хэрэг. Тиймээс өнөөдөр байгаа төрийн гурван өндөрлөгтэйгээ АН 2016 оны сонгуульд орох ёстой. Ард түмний амьдралыг сайжруулахын тулд нэгийг нь огцруулна гэвэл худлаа. Хэрэв нэгийг нь огцруулах гэж байгаа бол нэгмөсөн гурвууланг нь солих хэрэгтэй. Одоо Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагалаа гэхэд дараа нь гарч ирэх засаг тогтвортой ажиллах баталгаа алга. “Алтан гадас” фракцийг гомдолгүй үлдээж байж л дараагийн засаг тогтвортой ажиллаж чадна. Гэвч АН-ынхнаас “Алтан гадас”-ыг гомдолгүй үлдээх өнгө аяс өнөөдөр харагдахгүй байгаа учраас эцэс төгсгөлгүй амбицаа дарах нь юу юунаас чухал гэдгийг ард түмэн хэлээд байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бат хааны Увек хот

Увек хотын гаднах байдал

Эзэн Чингэс хааны ач Бат хааны байгуулсан Увек хотын туурийг ОХУ-ын Ижил мөрний сав газраас олж илрүүлсэн нь түүхчдийн хувьд ойрд сонсоогүй гайхалтай мэдээ байлаа. Бат хааны байгуулсан Алтан ордны улсын нийслэл нь Сарай-Бат. Сарай-Бат хотын талаар элдэв сонирхолтой мэдээ, сэлт, үүх түүх ном, судруудад олонтаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Сарай-Бат хотыг алтадсан шовх оройтой сүм дуган, барилгууд, цайз, цамхаг, ордон, шилтгээнүүдээр дүүрсэн, холоос алтран шаргалтан харагддаг байсан тухай түүхийн сурвалжуудад дурдсан нь бий.

1243 онд Алтан ордны хаант улсын нийслэл гэж дэлхийд зарлагдан шаваа тавьсан уг хот маш богинохон хугацаанд худалдаа, соёл, цэрэг дайны өндөр ач холбогдолтой газар болон хувирсан байдаг. Хотын гайхалтай архитектуртой барилга байгууламж, баян тансаг эрхэмсэг төрх нь өрнө, дорнын худалдаачид, жуулчид, хаад ноёд, хатдыг дуу алдуулдаг байж. Тус хотоос Европ, Азийн соёлын гайхалтай нийлэмж, өгүүлэмжийг олж хардаг байсан гэнэ. Уг хотыг нүдээр үзэж биширсэн олон хүмүүс энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн нь бий. 1333 онд Ижил мөрнөөр аялсан Арабын Ибн-Батутга Сарай-Бат хотын гайхамшгийг бишрээд бишрээд бараагүй байдаг. Тэрээр “Сарай хот бол ертөнц дээрх хамгийн гоёмсог хотын нэг. Тэгшхэн газар байгуулагдсан хотын гудам, зээлээр хүмүүс дүүрэн хөлхөлдөнө. Тэнд янз бүрийн улсын иргэд амьдарна. Монголчууд хотын үндсэн иргэд болох ба зарим нь мусульман шашинтай. Асычууд, кыпшак, черкешүүд орос, византчууд христийг эрхэмлэх аж. Үндэстэн бүр өөрийн хороололтой. Тэндээ мөн өөрсдийн захтай болой. Ирак, Египет, Сириэс ирсэн худалдаачид, гадаад улсын иргэд өөр аймагт орших ба худалдаачдын агуулахын гадуур өндөр хэрэм хүрээлэх амой” хэмээсэн бол 1300-гаад оны үед тус хотод хөл тавьсан Аль-Омари “Алтан хот бол зээлийн газар олонтой, халуун усны газар, эд бараа агуулах олон худалдааны газар бүхий том хот. Хотын төвд голоос татсан сувгаар тунгалаг ус урсана. Хаан эзэн өндөр сүрлэг, тансаг орд харшид байх ба харшийн оройд кынтар (дундад зууны хүндийн хэмжүүр. Таван кг орчим) хэмжээтэй цул алтан шинэхэн cap гялалзана. Хааны ордныг шадар сайдуудын нарын орд гэр, цамхаг хэрэм хүрээлнэ. Энэ ордонд тэд зөвхөн өвөл амьдарна” гэсэн байдаг.

Энэ бүгдээс Бат хааны байгуулсан Сарай-Бат хот ямархуу төрхтэй байсан нь анзаарагдана. Бат хаан зөвхөн Сарай хотыг байгуулаад зогсоогүй, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг хотыг байгуулж, католик шашны нөлөөгөөр хавчигдан мөхөж байсан Оросын үнэн алдартны шашныг аварч үлдээсэн гэдэг. Эдгээр хот нь Сарай хотын дэргэд хэмжээгээр жижиг боловч зарим улсын нийслэлтэй харьцуулбал хөгжил нь дээгүүрт тооцогддог байж.

Бат хааны байгуулсан Увек хот нь түүний зуны сууцтай ойролцоо оршдог байжээ.

Увек хот болон ойр орчимд нь 2005 оноос хойш малтлага, судалгаа хийж байгаа Саратов мужийн Орон нутгийн өвийг хамгаалах музейн ажилтнууд, Археологийн төвийн газрын мэргэжилтнүүд “Бид саяхныг хүртэл жижиг хэмжээний, цөөн тооны эд өлгийн зүйл л олдог байсан. Гэтэл хэд хоногийн өмнө эртний Увекийн буюу Алтан ордны улсын хамгийн том хотын нэгийнх нь туурийг оллоо. Энэ бол том үйл явдал” хэмээгээд байгаа юм.

Увек хотын нутаг дэвсгэрийн гуравны нэг хэсэг нь хувийн өмчид хамаарагдаж байгаа учир малтлагаа гүйцээх боломжгүй байгаа нь археологичдын өмнө тулгарсан хамгийн том саад болоод байгаа аж. “Хэрэв хувийн олон эзэмшилд нэвтэрч, гүнд нь байгаа бүхнийг ил гаргавал олон улсад шагшигдах хосгүй нээлт болно” гэж судалгааны багийн ахлагч Д.А.Кубанкина ярьжээ.

Увек хот нь ислам, христ, бөөгийн шашныг хослуулсан олон соёлын өлгий байсан нь хотын тууриас олдсон эд өлгийн зүйлсээс тодорхой болжээ. Хотын тууринаас Бат хааны ноёрхол дор амьдарч байсан Христийн шашинт хүмүүсийн суурин, хоёр сүм олдсон байна. Эндээс Бат хааны ивээл дор Христийн шашинтнууд элбэг хангалуун амьдарч байсныг гэрчлэх олон зүйлс олджээ. Христийн сууринаас олдсон эд өлгийн зүйлсийн зарим нь хотын элитүүдийн эдэлдэг зүйлс байсан аж. Тухайлбал, Христийн сууринаас үсний хятад хатгуур, луугийн зурагтай хагархай таваг, модон бариул зэрэг олджээ. Архелогичдын үзэж байгаагаар хоёр сүмийн нэг нь 1280 онд баригдаж, 14 дүгээр зууны эхэн үед устгагдсан гэнэ. Христийн сүм нь вааран дээвэртэй, ханыг нь зургаар чимэглэсэн, гадна, дотногүй сийлбэртэй байжээ. Харин хоёр дахь сүмийг 1330 онд байгуулсан нь 1350 он хүртэл оршин тогтносон байна. Христийн сүмийн агуулахад торгоны замын худалдаачдын эд зүйлсийг хадгалдаг байжээ. Агуулахын хэсгээс Византын эзэнт гүрнээс авчирсан таваг, вааран савнууд гээд чамин тансаг эд бараа олдсон байна.

Увек хот нийслэл Сарай болоод Ижил мөрний болгарчуудын нийслэл хот Болгар хоёрын дунд байсан, стратегийн онц ач холбогдолтой, бүс нутгийнхаа худалдааны гол бүс байжээ. Бат хааны зуны өргөөг бараадуулан байгуулсан уг хотыг Доголон Төмөр хааны их цэрэг 1395 онд дахин сэргэхээргүй болтол сүйтгэсэн гэдэг түүхтэй. Судалгааны багийн ахлагч малтлагаа цааш үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа “Хэрвээ малтлагаа үргэлжлүүлбэл яг л Орос нутгийг эзлэн сууж байсан монголчуудын түүх шиг археологийн дундаршгүй баялаг өв олдох юм” гэсэн байна.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шударга байхад ч хэмжээ хязгаар гэж бий

Ж.Батзандан гишүүнийг шударга гэдэг. “Залуу гишүүд нараасаа илүү шударга хүн юм. Нам энэ тэр гэж тоохгүй, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичигт гарын үсэг зурсан” гэж хүмүүс магтаж байна. Энэ талаас нь харахад Ж.Батзандан шударга хүн юм. Хүний ёс жудаг талаас нь харвал шударга зүйлд ч хэмжээ хязгаар байдаг гэж бодогдох. Засгийн газрыг өмөөрөх гэж энэ тухай бичсэнгүй. Хоёрын хооронд ингэж байхаар Засгийн газрын асуудал нэг талдаа гарвал таарна. Н.Алтанхуягийг огцруулах гэлээ гэж цээжээрээ хамгаалах гэсэнгүй. Ж.Батзандан гэх залуугийн үйлдэл бусад залуу хүмүүст нөлөөлөх талаас нь харахад хүнлэг юм гэж энэ дэлхийд байх ёстой гэж хэлмээр санагдлаа. Шударга ёс дангаараа хол явдаггүй. Шударга ёс хүн чанартай хослож байж бүрэн хүчээ авах ёстой.

МАН дараагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал хамгийн түрүүнд сэргээн шалгах хэд хэдэн хэрэг байдаг юм. Тэр хэргүүдийн нэг нь “Долдугаар сарын 1-ний үймээний хэрэг”. Яагаад гэвэл тухайн үед МАН-ыг хамгаалж байсан хурандаа нар шоронд явсан. Тэгвэл иргэдийг өдөөн турхирч, удирдаж, удирдаж дийлэхээ байгаад хаяад зугтсан хүмүүсийг яагаад шийтгэхгүй байгаа юм бэ гэж МАН сануулдаг. Сануулсаар ч байгаа. Шударга байхад ч хэмжээ хязгаар гэж бий. Сонгогчдоос оноо авч, камерын өмнө тэмцэгч, шударга хүний дүр эсгэснээр хүн шударга болчихгүй. “Долдугаар сарын 1-ний үймээн”-ий хэргээс болж шоронд орох гэж байхад нь улаан цагаан АН-ынхан хамгаалж хаацайлж байж авч үлдсэн гэдгийг бараг хүн бүхэн л мэдэж байгаа. Улс төрийн хүнд ёс суртахуун хамаагүй гэж бодож байгаа бол эндүүрэл. Улс төрийн ийм ёс жудаггүй хүмүүсийг намынхан нь дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Шударга чанар хэзээ ч хүн чанараас давж байгаагүй гэдэг.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд: Бид өс өвөрлөж асуудалд хандаагүй

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар өчиг­дөр Сонгинохайрхан дүү­рэгт ажил­лалаа. Тэд Сонгинохайрхан дүүргийн 23, 24 дүгээр хорооны “Тумбааш” худалдааны төв, 127 дугаар цэцэрлэг, шинээр баригдаж буй сургуулийн барилгын ажилтай танилцаж, иргэдтэй уулзсан.

МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүдэд хандан иргэд амьдралын боломж тааруу болсоор байгааг өгүүлж байв. Зам дагуу дэлгүүр, гуанз гээд худалдааны бизнес эрхлэгч иргэд сүүлийн хэдэн сар орлого муу, худалдан авагчгүй болсноо ярьж байлаа. Учир нь зам дээр машинаа орхиод дэлгүүр ороод гарахад ачаад явчихдаг болсноос хойш тэр хавийн худалдааны төвөөр үйлчлүүлэх хүн цөөрсөн гэнэ. Тэгээд ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан, 1500 төгрөгөөр зарагддаг хонины элгийг гурав, дөрөв хуваан авдаг болсныг ч өгүүлж байсан. Бас өөрийгөө элэгний церрозтой хэмээн тодорхойлсон нэгэн эмэгтэй группийн мөнгөө жил бүр зээлээр авч эмчилгээндээ хэрэглэдэг тухайгаа өгүүлж байв. Ингээд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Та Сонгинохайрхан дүүр­гийн иргэдтэй уулзлаа. Иргэдийн амьдралд ямар дүгнэлт өгөв?

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн нэг сарын хугацаанд буюу чуулган эхэлснээс хойш орон нутаг, үндсэн нэгжид ажиллалаа. Иргэдийн амьдрал ямар байгаатай танилцаж аж байдлыг нь сонслоо. Хөдөө орон нутгийн хувьд Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан бол Улаан­баатар хотод Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт явж иргэдийг сонслоо. Хүмүүсийг сонсоход амьдрал хэцүү болж байгааг л ярьж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ядуурал өмнөх жилүү­дээс нэмэгдчихэж. Өмнөх жилүүдтэй харьцуул­бал хүнс­ний захуудад худал­даалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ багасчээ. Бас нэг онцлог нь жижиглэнгээс жижиглэсэн байдлаар худалдан авалт хийж байна. Хонины тал элэг эсвэл хоёр ширхэг хавирга ч юм уу ийм байдлаар худалдан авдаг болчихож. Энэ бүгд цаанаа юуг илэрхийлж байна вэ гэвэл ерөнхийдөө хүмүүсийн амьдрал муудаж, Монгол орны амьжиргаа дордож байгаа­гийн илэрхийлэл гэж ойлгож бай­гаа. Энэ байдлыг засах, өөрч­лөлт хийх талаар засгийн эрх баригчид тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Харамсалтай нь өнөө­гийн засгийн эрх барьж буй нөхдүүд ард иргэдийн амьдралд ямар нөхцөл бий болсныг судалж үзэхээсээ урь­таж өөрсдийнхөө хийж байгааг л сайн, зөв гэсэн байдлаар хүмүүст ойлгуулахаар зүтгэдэг болсон. Тэгээд бусдыг буруу, өмнөх хийгдэж байсан бүх зүйл буруу, алдаатай байсан гэж ойлгуулахаар ажиллаж байна. Газар дээрээ олон түмэн тэгж дүгнэхгүй байгааг бид харлаа. Өнөөгийн Засгийн газрыг муу ажиллаж байна гэдгийг уулзалт хийсэн газар бүрт хэлж байсан. Бас улс орны өр, төсвийн байдалд санаа зовних иргэн ч олон байна.

-Жишээлбэл?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад зогссон объектууд, өнөөдөр 150 хүүхдийн хүчин чадал­тай цэцэрлэгт 250 хүүхэд хүмүүжиж байгаа, цэцэр­­лэг нэмж барих шаард­лага­тай байгаа гэх мэт зүйлүү­дийг ярьж байна. Мөн өр ихэсч байгаад харуусах хүн цөөнгүй таарсан. Монголын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ их хурдацтай өслөө. Үндсэндээ 1990 оноос хойших 20 гаруй жилийн дотор тавьсан зээлтэй тэнцэхүйц өрийг хоёрхон жилийн хугацаанд хийлээ. Тэгээд тавьсан өрийн мөнгөөр үр дүнтэй бүтээн байгуулалт хийгдэж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр “Чингэс” бондын 40 хувийг жил гаруй ашиглаагүй. 100 гаруй тэрбум төгрөгийг Чингэс бондын хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн байх жишээтэй. Энэ мэтээр орж ирж байгаа мөнгийг үр дүнгүй ашиглаж, төсвийн бүр­дүү­­лэлтэд анхаарал тавихгүй бол цаашид эдийн засаг санхүүгийн байдал улам хүндрэх нь. Энэ асуудалд эрх баригчид нэгийг бодож тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Сөрөг хүчний хэлж, ярьж байгааг ажил болгохгүй байгааг иргэд ярьж байна. Бид сүүлийн хоёр жилд 30 гаруй хууль санаачилж өргөн барьснаас хоёр, гурван хуулийг л хэлэлц­сэн байгаа. Ер нь сөрөг хүчний хэлж, ярьсныг анхаарч үздэггүйгээс төр засгийн ажил алдаатай болж байгааг эрх баригчид ойлгоосой. Иргэд ингэж л ойлгож байна.

-Ирэх оны төсвийн чана­рын тухайд ямар ойлголттой байна вэ. Иргэдэд хэр наал­даж, үр өгөөжөө өгөх бол?

-Төсвийн байдал нэлээд хүндхэн байгаа. Орж ирэхдээ л ийм байсан. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж байна гэдэг нэрийдлээр орон нутагт баригдах бүтээн байгуулалтын нэрсийг бичээд шаардагдах хөрөнгийнх нь арван хувьд ч хүрэхгүй мөнгийг тавьчихаж байгаа юм. Ингээд аль ажлаа явуулах вэ гэдгээ өөрсдөө шийд гээд орхиж байна. Орон нутагт эрх мэдлийг өгч байна гэдэг нэрийдлээр төв Засгийн газар хариуцлагаас зайлсхийсэн ийм төсвийг оруулж ирсэн. Үүнд бид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөгөөтэйгүүр анхны буюу аравдугаар сарын 1-нд өргөн барьсан төсөв бол дөрвөн төрлийн татварыг нэмэхээр хуулийн төсөл оруулж ирснийг бид эсэргүүцсэн. Сая төсвийг татаж аваад дахин өргөн барих­даа энэ алдаагаа зассан байна билээ. Хямралтай үед татварыг нэмнэ гэдэг байж боломгүй үйлдэл. Мөн төсвийн эх үүсвэрүүдийг бүрэн дүүрэн дайчлах, зардлаа танах талаар Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байна. 2012 онд 147 мянган төрийн албан хаагчтай байсан Монгол Улс өнөөдөр 180 мянган төрийн албан хаагчтай болчихлоо. Хоёр жилийн дотор 30 гаруй мянгаар төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн. Энэ хэмжээгээр төрийн албаны зардал өсч байна. Төрийн албыг цөөн, хөнгөн шуурхай бүрэлдэхүүнээр хийх тал дээр санал санаачилга гаргаагүй нь 2015 оны төсөв, улс орны аж байдалтай нийцээгүй.

-Ерөнхий сайдыг огцруу­лах асуудлыг МАН өргөн барь­­сан ч хэлэлцээгүй байна?

-УИХ-ын 28 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулъя гэдэг тогтоолын төслийг өргөн бариад 17-18 хонож байна. Уг нь Монголд мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал 14 хоногийн дотор шийдэгддэг. Гэтэл байнгын хороогоороо ч хэлэлцээгүй байх жишээтэй. Хоёр удаагийн байнгын хорооны хурал дээр завсарлага авсан, хойш нь тавьсан. Энэ нь ямар нэгэн сайн зүйлийг авчрахгүй. Өнөө­дөр улс орны эдийн засгийг ийм нөхцөлд оруулсан хүмүүс өөрсдөө засч чадахгүй. Заавал чадалтай, чадвартай улс орныг илүү томоор харж чадах хүн гарч ирж байж л асууд­лыг урагшлуулна. Ингэж цаг хугацаа хожиж байгаа явдал бол улсын эдийн засгийг, улсын сан хөрөнгийг улам доройтоход нэрмээс болж байгаа үйлдэл. Эрх баригчид өөртөө дүгнэлт хийж ойрын хугацаанд асуудлыг шийдэх ёстой. Бид байнгын хороо, УИХ-ын даргын зөвлөлийн хурал бүр дээр энэ асуудлыг ярьсаар байгаа.

-МАН засагт хамтрах сонир­­холтой байгаа гэдэг үнэн үү?

-Бид Засгийн газарт орох гээд ч юм уу эсвэл Засгийн газарт оруулаагүй учраас өс өвөрлөж асуудалд хандаж байгаа юм биш. Монгол Улсын нийт сонгогчдын 40 орчим хувь МАН-д саналаа өгсөн. Бид Засгийн эрх бариагүй ч хяналт тавьж ажилла гэдэг үүд­нээс сонгогчид ийм хэмжээний санал өгсөн байх. Бид хяналтын үүргээ бүр илүү гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сэтгэл хангалуун бодол шиг агуу их эд баялаг гэж байхгүй

Ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг өөрөөсөө биш бусдаас хайдаг, бүр тэгж амьдраад сурчихсан хүмүүс байх юм. Мөнгөгүй байгаа нь түүний буруу биш. Нөхрийнх нь буруу. Ажлынх нь хүүхэн нүдэн дээр нь баяжаад байна гэнэ. Төрийн албан хаагч нөхөр нь авлига авсных байх гэж таамаглана. Хүүхэд нь хичээлээ хийхгүй байна гэнэ. Багшийнх нь буруу юм байх. Сонсоод байвал тэр хүн юу ярьж буйгаа өөрөө ойлгож байгаа болов уу гэмээр. Далын талыг насалсан хүн энэ хорвоод юу туулахаараа ингэж ярьдаг юм бол гэж нүд бүлтиймээр.

Асуудалгүй хүнд бол асуудал л байх. Иймэрхүү жижиг зүйлийг зугаа болгож ярилаа гээд өөрийнх нь асуудал шийдэгдэх биш. Харин ингэж ярьснаараа бусдад өөрийнхөө үнэлэмжийг буруулж байгаагаа мэддэг болов уу. Ийм л үед хүнд нэрэлхүү зан, ичих булчирхай баймаар юм шиг санагддаг. Ер нь тэгээд сэтгэл хангалуун бодол шиг агуу их эд баялаг гэж байхгүй гэсэн сайхан үг бий. Өөрөө хөдөлмөрлөж, бүхнийг хийж, бүтээж яваа хүн бусадтай өөрийгөө жишдэггүй. Учир нь бусадтай жиших аргагүй ололт амжилт, алдаа тэр хүнд бий. Тийм ч болохоор хэн ч хаана ч давтагдахгүй амьдрал туулж яваа. Үйл явдал давтагдана гэж байхаас хүн өөрөө давтагдашгүй. Хэр ухаан зарсан нь л сэтгэл хангалуун амьдардаг орчлон.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Мөнгө өгч газрыг нь авсаар нар харах эрхгүй болгожээ

Олон улс судлалын сургууль баригдаж буй барилга хоорондын зай ийм байна

Манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус бай­гууллагын “Цонхоо нээе” булан­гийн энэ удаагийн онцлох сурвалжлагаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу Олон улс судлалын дээд сургууль болон “Бага тойруу”-гийн 47 дугаар байрны орон сууцны айл өрхүүд цонхоо таглуулан, нар харах эрх чөлөөгөө хязгаарлуулаад байгаа тухай сурвалжиллаа.

Эдгээр хоёр барилгын цонхыг таглан барилга барь­сан компани бол “Гацуурт” компани юм.

Л.ЧИНБАТ МӨНГӨ ӨГЧ ГАЗРЫНХАА ХЭМЖЭЭГ ТОМСГОСООР БАЙЖЭЭ

Иргэдийн эрхийг зөрчиж цонхыг нь хааж барьсан энэхүү барилгыг 2008 оноос барьж эхэлжээ. Тухайн үед уг газарт ус, дулааны төв шугам буюу ЦТП барих гэж байсан аж. Уг ЦТП нь анх тус газрын хажууд буюу 47 дугаар байрны дор байсан бөгөөд нэг, хоёр давхрын айлууд өвөлдөө нэлэнхүйдээ цанд цохиулдаг зэрэг сөрөг зүйл гардаг байжээ. Тиймээс тус байрны оршин суугчид Мэргэжлийн хяналтын ерөн­хий газарт хандахад тус бай­гуул­лагаас барилгад суулт үүссэн зэрэг сөрөг үзэгдэл бий болж байгаа тул ЦТП-г барилгын гадна байрлуулах ёстой гэсэн дүгнэлт ирүүлсэн байна. Ийнхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлт нэгэнт гарсан тул ЦТП-г байрны доороос гаргаж, урд талд нь, тусгай байр барьж байр­луулахаар болсон байна.

Үүнтэй зэрэгцэн Олон улс судлалын сургууль болон 47 дугаар байр хоёрын хооронд байсан нэг давхар, хуучны барилгыг “Опен хаус” компанийн захирал Д.Дорждагва гэгч “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад 55 сая төгрөгөөр худалдсан байна. Үүнээс өмнө буюу 2002 онд тус нэг давхар барилгын баруун талын 222 мкв сул газрыг Л.Чинбат дуудлага худалдаанаас худалдан авсан байсан бөгөөд уг газар нь барилга барихад хангалттай биш байсан учир ийнхүү Д.Дорждагваас нэмж газар авсан байгаа юм. Ингэж Л.Чинбат нийт 974 мкв газрыг эзэмших болсон бөгөөд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяраар 256 тоот захирамж хүртэл гаргуулж бүрмөсөн өөрийн болгон авчээ.

Ингэж ойр орчмынх нь газрыг бүхэлд нь авсныг тэр хавийн долоон байрны 199 өрхийн 1500 гаруй иргэн эсэргүүцэж, ус дулааны төв байгуулах газар хэмээн заргалдахад нь 67.4 мкв-ыг ЦТП барих зориулалтаар буцаан өгөхөөр 2010 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэсэн байдаг байна. Ингэхдээ бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий ЦТП-ын барилга барих тухай төсөв нь хүртэл батлагдсан байдаг.

Уг маргаан үүгээр дуусаагүй бөгөөд Л.Чинбат нь дахин газраа томсгох тухай хүсэлт гаргаснаар 2011 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 295 тоот захирамж гаргаж, газрын хэмжээг нь 0.043 га газар болгосон байх юм.

Ийнхүү төрийн бүх тогтоол шийдвэр мөнгөний хүчээр өөрийнх нь талд гарсан тул “Гацуурт”-ын Л.Чинбат нөгөө иргэдийн тэмцэн байж бариулахаар болсон ЦТП-ын газар дээр өдгөө 13 давхар барилга барьж байгаа бөгөөд ЦТП нь тус барилгын дор орсон байгаа юм. Энд нэг зүйл тодорхой бус байгаа ажээ. Учир нь зургаан давхар барилгын дор ЦТП-г байлгаж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байтал “Гацуурт”-ын 13 давхар байрны дор бол болдог байдал анхаарал татаж байгаа тухай “Эрдэм СӨХ”-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар хэлж байна. Тэрээр дээрх 13 давхар барилга барихаас өмнө ЦТП-г бариулахаар 2007 оноос эхлэн тэмцэж ирсэн хүн ажээ.

Н.Бумбар болоод тус байрны оршин суугчид өдрийн турш аль ч талаасаа нар үзэж чаддаггүй бөгөөд байрны орчимд тоглоомын талбай бүү хэл суух ч газар байхгүйг хэлж байлаа.

Н.Бумбар 2008 оноос эхлэн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт таван удаа, С.Батболдод зургаан удаа тус тус өргөдөл өгч байсан ч тодорхой хариу авч байсан удаагүй гэнэ. Оршин суугчдын хувьд “Нар харах эрх ч дүүрсэн хэрэг. Гагцхүү ус, дулаанаа л тасалдуулахгүй байх” юмсан гэж байлаа. Учир нь уг ЦТП-ээс тус хорооны долоон байр, таван дамжин хэрэглэгч байгууллага, 63 аж ахуй нэгж ус дулаанаар хангуулдаг юм байна.

Иргэдийн дунд энэ бүх маргааныг тухайн үед Нийслэлийн Захирагчийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Бат, Газрын албаны дарга Ц.Сандуй, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар үгсэн хуйвалдаж газар зарснаар эхлэлтэй гэх нэгэн ч байна лээ.

Учир нь үүнийг Захиргааны хэргийн шүүхээс гурван ч удаа тогтоосон бөгөөд барилгын ажлыг албадан зогсоох захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдаас зогсоох тухай акт, дүгнэлтүүд удаа дараа гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэн нь үгүй юм.

Үүнийг одоогийн хотын дарга Э.Бат-Үүлд уламжилж, тэрээр газар дээр нь ирж танилцан “Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах жагсаалтын эхний тавд энэхүү “Гацуурт”-ын барилгыг багтаасан байна. Энэхүү захирамжийг нь хотын даргад сануулж, өнгөрөгч аравдугаар сарын 6-нд Н.Бумбар гуай Э.Бат-Үүл даргатай уулзсан байна. Гэтэл тэрээр байдлыг үзсэн даруйдаа буюу 2013 оны эхээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилж, уг барилгыг нураах асуудлыг даалгасан байна. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Б.Алтансүх, А.Алтанцэцэг, Д.Хан-Уул нар нь Хотын дарга болон мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн шийдвэрийг үл хайхран “Гацуурт” компани хууль зөрчөөгүй” хэмээн мэдээлсээр байгаа гэнэ. Энэ байдлыг Э.Бат-Үүл дарга мэдсэн тул “Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг бүгдийг сольё. Миний танилцсан асуудлаас эсрэг зүйл ярьсныг олж тогтоон, эргүүлэн хариуг өг. Дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг санал болгоно уу” хэмээн Хууль эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэлдээ даалгасан байжээ. Гэтэл нөгөө С.Отгонгэрэл нь “Энэ байдлыг хянаж үзээд хариу өг” хэмээн Газрын албаны дарга Д.Нацагдоржид хариуцуулжээ. Өөрөөр хэлбэл, асуудал эргэн эргэсээр нөгөө л хууль бусаар газар олгосон газрын албандаа очсон байгаа юм. Өргөдлийнхөө араас ийнхүү уйгагүй хөөцөлдөж, хаана ямар албан тушаалтан дээр очоод гацчихсаныг хөөцөлдөж мэдсэн хүн бол дээр хэлсэнчлэн Н.Бумбар гуай юм. Түүний хэлснээр Э.Бат-Үүл дарга хэдийгээр асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа ч, түүний доод албан тушаалтнууд хууль хэрэгжүүлэхийн төлөө огт ажилладаггүй ажээ.

“Хүүхдүүдийн дээрээс кран унах аюул хэлж ирэхгүй шүү дээ”

Тус барилгын урд талд байрлах Олон улс судлалын дээд сургууль руу орлоо. Сургуулийн хойд талын хэсэг ямар ч гэрэл гэгээ алга. Цонхоор юм харах боломж огт байхгүйгээс гадна нарны гэрэл өдрийн турш үздэггүй гэсэн. Тус сургуулийн сургалтын албаны дарга Д.Нарангэрэлийн хэлж буйгаар “Гацуурт”-ын энэхүү барилга нь сургуулиас дөрвөн метрийн зайтай гэнэ. Энэ нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын тухай хуульд заасан барилга хоорондын зай 15-45 метрийн зайд байна гэсэн заалтыг илтэд зөрчиж байгаа юм байна.

Түүнчлэн 13 давхар барилгатай өндрөөрөө тэнцэхүйц кран угсраатайгаа байна. Тэрээр үүнийг “Өнгөрсөн онд манайд барилгын кран унаж, эрдэнэт хүмүүсийн амь нас хохирсон тохиолдол олонтаа гарсан. Энэ удаа ч гэсэн тийм байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Энд чинь олон мянган хүүхдүүд байна” гэж байлаа.

Тус сургуулийн удирдлагын хувьд барилга барихаар нүх ухаж эхэлсэн цагаас буюу 2008 оноос эхлэн тэмцэж байгаа. Гэсэн ч шат шатны байгууллага нь асуудлыг судалж байна хэмээн хугацаа хожсоор ийнхүү 13 давхар болтлоо өндөр болчихжээ.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн бизнесээ “толгойлдог” Ц.Баатарбилэгийнд өнжлөө

“Танайд өнжье” булан­гийн­хаа энэ удаагийн дугаа­раар “НВЦ” компанийн ерөн­хий захирал Ц.Баатар­билэгийнд өнжлөө.

Тус компани нь өнгөрөгч долоо хоногт болж өнгөр­сөн Улаанбаатар хот бай­гуулагдсаны 375 жилийн ойгоор нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт хийсэн компанийн нэг нь болсон, нөгөө талаас тэрээр Мон­голын бизнесийн салбарт амжилттай яваа шинэ залуу бизнесмэн учир өнгөрөгч баасан гаригт ийнхүү тэдний­хийг зорьсон юм.

Ажлын өдөр байсан учир Ц.Баатарбилэгтэй ком­панийнх нь байранд уулзахаар боллоо. Хан-Уул дүүрэгт байрлах тус компанийн байр хэдэн давхар өндөр, шил толь болсон сүрлэг том биш юм. Нэг давхар ч хуучны барилгыг орчин үеийн засалтаар засч, тохижуулжээ. Ком­панийн үүдээр ормогц шилэн хоргонд шилэн, болор, шавар, сүрэл гэх мэт бүхий л материалаар хийсэн тахиа, өндөгний сувинерүүдийг байрлуулсан нь содон харагдаж байв.

Ц.Баатарбилэг захир­лын өрөө ч бас нэг их том­гүй, буйдан гэх мэт элдэв тавил­гагүй юм. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр байсан болоод ч тэр үү, салбар компаниудынхаа долоо хоногийн ажлын тайланг сонсоод зав муутайхан сууж байна. Эдгээр уулзалтаа дуусахад гадны зочинтой уулзах ажил мөн үлджээ. Гэхдээ товлосон цаг нь хараахан болоогүй байсан тул бид хэсэгхэн хугацаанд яриа өрнүүлээд авлаа. Тус компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд өдгөө “Монэгг”, “НВЦ трейдинг”, “Эггмарт” сүлжээ дэлгүүр гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Өнөө жилээс эхлэн газар тариалангийн салбар буюу тэжээлийн тариа­лангийн чиглэлээр хүч үзэхээр шийдэж, эхний тариалалт, туршилтуудаа хийж үзжээ.

“НВЦ”-гийн шилдэг бүтээн байгуулагч компаниар шалгарсан гол хүчин зүйл бол өнгө­рөгч есдүгээр сард нэг сая өндөглөгч тахиатай “Баян шувуу” аж ахуйг нээсэн явдал билээ. Герман улсын дэв­шилтэт техник, технологиор тоноглогдсон уг үйлдвэр нь Төв аймгийн Баянчандмань суманд байрладаг юм.

Тэрээр ийн компанийнхаа тухай товч танилцуулаад “Биз­­нест амжилттай хөл тавьж буй маань JCI Монгол байгууллагатай салшгүй холбоотой юм” гэлээ. Учир нь Ц.Баатарбилэг 2003 онд олон найзтай болох, танил талын хүрээгээ өргөтгөх зорилгоор тус байгууллагын гишүүнээр элсч байжээ. Ингэхдээ жирийн гишүүнээс авахуулаад салбарын хорооны дарга, салбарын ерөнхийлөгчийн албыг хашиж, хамгийн сүүлд 2013 онд тухайн жилийнхээ дээд албан тушаал буюу Үндэсний ерөнхийлөгчөөр ажил­ласан байна. Энэ хуга­цаанд мэдээж түүний олон найзтай болох зорилго нь зөв­хөн монгол залуус төдийгүй дэлхийн олон орны найзуудтай болж биелсэн ажээ.

JCI олон улсын залуучуу­дын байгууллага нь дэл­хийн 120 гаруй оронд 5000 гаруй салбартай, манлай­лагч залуучуудыг төрүүлэн гаргадаг, залуусын нөхөр­лөлийн байгууллага бөгөөд Монгол Улс дахь салбар 1992 онд байгуулагдсан, өдгөө 600 гаруй гишүүнтэй, бизнес, улс төр, нийгэмд амжилттай яваа 40 хүр­тэлх насны залуучууд тус бай­гууллагын гишүүн гэнэ.

Ц.Баатарбилэгийн ажлын өрөөний хананд нэлээд том хэмжээтэй алтан шаргал өнгийн хүзүүний зүүлт шиг тэмдэг өлгөөтэй байна. Үндэс­ний олимпийн хорооны алтан од хэмээх шагнал байдаг даа, яг түүн шиг сүртэй том тэмдэг юм. Учрыг лавлабал, өнгөрсөн жил зүүсэн JCI Монгол бай­гуул­лагын Үндэсний ерөнхий­лөгчийн зүүсгэл гэнэ. Их чамин, сүртэй эд ажээ.

Нэг их удсангүй Ц.Баатар­билэг захирлын ажил дууслаа. Ер нь түүний ажил шөнө дунд дуусдаг гэнэ. Гэхдээ энэ удаа хүндэтгэх шалтгаантай тул нэлээд эрт гэртээ харьж байгаа нь энэ хэмээн тэрээр инээмсэглэн өгүүлэв.

ЯНЗ БҮРИЙН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛГҮЙ Ц.БААТАРБИЛЭГИЙНХ

“Japan town”-д байх тэдний гэрт орвол нүдээрээ инээмсэглэсэн бүсгүй хаалга тайлж өглөө. Мэнд мэдэлцэн, хоол унд, цай цүй болцгоов.

Эднийх тус байранд амьд­раад хоёр жил шахам болж байгаа гэнэ. Уг нь энэ байрыг анх ашиглалтад ороход нь Ц.Баатарбилэгийн аавынх авч байсан юм байна. Тэгээд гурван жил шахам амьдарч байгаад хүүдээ өгөөд, аав, ээж хоёр нь Зайсанд өөр байр худалдаж авч нүүжээ.

Ц.Баатарбилэг хараахан албан ёсоор хуримаа хийж, эхнэрээ аваагүй байгаа. Гэхдээ бидэнд хаалга тайлж өгсөн М.Пүрэвсүрэн хэмээх бүсгүйтэй үерхээд нэлээд хэдэн жил болж байгаа гэнэ. “Бид хоёрт ч төлөвлөсөн олон “ажил” байна даа” хэмээн инээцгээнэ.

Өнгөрсөн хугацаанд Ц.Баатарбилэг аав, ээжийн эрх хүү байжээ. Үүнийгээ тэрээр “Би чинь 30 хүртлээ аав, ээжтэйгээ амьдарсан. Ээжээрээ хувцсаа угаалгаад л, орой ирэхэд халуун хоол, цайтай угтдаг байлаа. Хүний эцэг, эх л болсон хойно шөнө дундалж орж ирэх үед “Дэмий сэлгүүцэж гадуур яваад байна уу даа” гэх үгсийг ч сонсож байлаа” хэмээн ярьж байсан юм.

Эднийх дөрвөн өрөө юм. Гэхдээ хэн ч орж ирсэн нүүж ирээд удаагүй юм болов уу гэсэн бодол төрүүлэхээр. Энэ талаар түүнээс лавлахад “Бид чинь гэртээ байхаасаа байхгүй нь их. Өглөө эрт гараад л шөнө дунд орж ирдэг юм. Нөгөө талаас гэхэд бид энгийн байх дуртай. Тийм болохоор өрөөний энд тэндээ зураг өлгөх ч юм уу, аль эсвэл янз бүрийн чимэглэл хийхийг тийм ч таатай зүйл биш гэж боддог” гэлээ.

Үнэхээр ч түүний хэлснээр найз бүсгүйтэйгээ явж байхдаа авсан улбар шар, цагаан цэцэг бүхий зурагнаас өөр энэ гэрийн хананд хадсан зүйл ховор аж. Зочны өрөө нь л гэхэд дугуй хэлбэртэй буйдан, телевизор гээд, бусад өрөө­нүүд ч гэсэн элдвийн тавилга бага, энгийн тохижилттой юм.

Харин телевизорын хажууд байх хоёр гитар нүднээ тусч байлаа. Ц.Баатарбилэг багадаа орцонд “дуулдаг” байснаас гадна “хойно” сур­гуульд сурч байхдаа гитар тоглох дуртай байсан гэнэ. Хоёр гитарын нэгийг өөрөө худалдаж авсан бол нөгөөхийг найзууд нь бэлэглэж байжээ.

НИСЭХИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭЙ Ч БИЗНЕСМЭН БОЛОВ

Ц.Баатарбилэгийг дээд сургуульд сурч байхад нь “Шувууны хүүхэд” гэж шоолдог байжээ. Учир нь эднийх Шувуун фабрикийн айл. Түүний аавыг Б.Цэрэндаваа гэдэг бөгөөд Завхан аймгийн уугуул. Тэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийн зоотехникчийн ангийг төгссөнөөсөө хойш Шувуун фабрикт ажиллаж, суурьшжээ. Түүнээс хойш 20 гаруй жил ажиллаж, орлогч захирлын албыг хүртэл хашиж байсан бөгөөд хожим хувьчлагдахад нь хувийн ажил эрхлэхээр албаа өгчээ.

Харин түүний ээж В.Пүрэв­жаргалыг Шувуунфабрикийн 26 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн төгсөгчид андахгүй мэдэх ажээ. Тэрээр улсад 40 гаруй жил ажиллахдаа 20 жилд нь дээрх хоёр сургуулийн захирлын албан тушаалыг хашсан хүн гэнэ. Боловсролын байгууллагад насаараа ажилласан В.Пүрэвжаргал гуайг энэ жил төрөөс Монгол Улсын гавьяат багш хэмээх цолоор шагнажээ.

Төрж, өссөн гэр бүлийнх нь түүх ийм учир Ц.Баатарбилэг багаасаа л шувууны аж ахуйтай холбогдсон гэхэд болно. Тэрээр Шувуун фабрикт өссөн хүүхэд насаа хэзээ ч мартагдахгүй сайхан үе хэмээв. 2000 гаруйхан хүнтэй энэ жижиг сууринд сургуулийнхаа бүхий л дугуйлан, дамжаанд явахаас гадна, зунжин усанд сэлж, загасчилж, Туулын голыг өөд уруугүй тэшүүрээр гулгаж өссөн багын найзуудтайгаа одоо хүртэл дотно нөхөрлөж явдгаа дурссан юм.

Бага ангид байхаасаа л эхлэн Шувуун фабрик хэмээх үйлдвэрийн бараг шат дамжлага бүрээр орж гарч өнгөрүүлсэн гэдэг. 1990-ээд оны юм ховорхон байсан үедбуюу долоо, наймдугаар ангид байхдаа байрныхаа найзуудын хамт ааваасаа авсан хэдэн төгрөгөөрөөөндөг авч, хот руу оруулж ирэн зардаг байсан гэнэ. Хоёр, гурван сетка өндөг аваад автобусанд суугаад хот руу явна даа. Хэдхэн төгрөгөөр авсан өндгөө шар дэлгүүр, хорооллын зах гэх мэт тоотой хэдэн газарт хоёр нугалаад зарчихаад буцаад явна. Амжвал тэр өдөртөө дахиад нэг орж ирнэ. Ингэж наймаа хийх тусам сүүлдээ туршлагажиж, найзынхаа танилын байрны нэг өрөөг түрээсэлж, халаалтыг нь салгаж байгаад агуулах маягийн өрөө ч хийжээ. Дүү Ц.Мөнхбаатарын хамт шинэ жилийн өмнө тэр жижиг агуулахдаа өндөг худалдан авч цуглуулаад гүйлгээтэй үед нь зарж байсан тохиолдол ч бий. Тиймээс Ц.Баатарбилэг арван жилийн хүүхэд гэхэд хэрдээ баян хүү байсан гэдэг. “Бизнес” хийсэн тэр мөнгөөрөө өрөөнийхөө ханыг дүүртэл загасны аквариум, гутал хувцас худалдан авдаг байв. Бүр ээж нь нэг өдөр “Миний хүү чинь ээжийнхээ сарын цалингаас л их мөнгөөр гутал аваад өмчихсөн байна шүү дээ” гээд бөөн инээд болж байсан удаа бий.

Ц.Баатарбилэг Латвийн нийслэл Ригад Нисэхийн сургуулийг 1998 онд төгсчээ. Тухайн үеийн Зөвлөлтөд нисэхийн инженер бэлтгэдэг хоёр том сургуулийн нэг нь энэ сургууль байсан аж. Ээжийнхээ зөвлөснөөр тус сургуульд бүртгүүлэхээр очиход ердөө 12 хуваарь дээр 100 гаруй хүүхэд өрсөлдөж байв. “Яаж ийм олон хүүхдээс би орж чадахав дээ. Сурлагаараа орчихдог юм аа гэхэд хэн нэгэн танил талынх нь хүүхэд өмнүүр орчих биз дээ” гэж бодсоор эрүүл мэндийн шалгалтад нь орсон гэж байгаа. Нисэхийн сургууль учир эрүүл мэндийн шалгалт хамгийн чухал байлаа. Өөрөөр хэлбэл, нүд, сонсгол, дотор эрхтэн гэх мэт цоо эрүүл хүүхдийг л авах учиртай. Энэ шалгалтын дараа 30 гаруйхан хүүхэд шалгалт өгөхөөр тэнцжээ. Ц.Баатарбилэг ч “Одоо бол харин хичээнэ шүү” гэж өөртөө хэлсэн гэдэг. Тиймээс ч эрүүл мэнд болон сурлагаараа тэнцэж, Нисэхийн их сургуулийн инженерийн ангид орж, авионика мэргэжлээр улсын зардлаар суралцан төгсчээ.

Одоогийн бизнес хийж буйгаа тэрээр “Инженерийн сэтгэхүйгээр л бизнесээ хийж, үйлдвэрээ барьж байна даа” гэх. Өдгөө түүний нисэхийн инженер найзууд нь ч эрхэлж буй бизнест нь санаа оноогоо хэлдэг гэсэн. Түүнтэй хамт сурч байсан нөхдүүд нь өдгөө ИНЕГ-ын даргаас авхуулаад салбарынхаа удирдах албуудыг манлайлан авч явж байгаад баяртай явдгаа ярьж суусан юм.

Тэрээр багаасаа л өндөг зарж, наймаа хийж сурсан тул Орост сурч байхдаа ч машин зөөж, өөрийн хэрэгцээний мөнгөө олчихдог байжээ. Тэрээр суралцах дөрвөн жилийн хугацаандаа 21 ширхэг “Волга 24″маркийн авто машин Монголд оруулж ирсэн гэсэн.

Тэрээр 1998 онд төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллахаар МИАТ компанид хандсан боловч орон тоо байхгүй байсан учир ажилгүй хоцорчээ. Энэ үед аавынх нь ажиллаж байсан үйлдвэр ч хувьчлагдан, орос найз нар нь хувийн бизнес эрхлэхийг санал болгосон үе байв. Тиймээс аав, хүү хоёр хамтран сарын 30 хувийн хүүтэй мөнгө зээлж, “НВЦ” компаниа байгуулжээ. Ингэж аавынхаа орос танилуудыг “ашиглан” Оросын Белореченское компаниас өндөг оруулж ирдэг болов. Тэр үед дотоодын шувууны аж ахуй нэгжүүд уналтад орчихсон, монгол өндөг бараг байгаагүй бөгөөд Оросоос импортоор оруулж ирвэл харьцангуй ашигтай гэдгийг аав, хүү хоёр олж харсан нь тэр байжээ. Ингээд аавынхаа Оросоос авчирсан өндгийг ачиж аваад дэлгүүрүүдээр явна. Аажимдаа дэлгүүрүүдээс захиалга өгч, шууд хүргэлт хийдэг болжээ. Ингэхийн хэрээр туслах хүмүүс хэрэгтэй болж эхэлсэн тул нэг жолооч, туслах ажилчин авч байсан гэдэг.

Яваандаа зөвхөн импортлогч компани бус томоохон аж ахуй байгуулъя гэсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 2003 онд аж ахуй байгуулах ажилдаа оржээ. 20 мянган шувуутай аж ахуйгаа анх байгуулж, аажимдаа 60,80 мянган шувуутай болж ахин дэвшсээр байсан гэнэ. Улмаар 2006 оноос эхлэн АНУ-ын Пилгрим Прайд компаниас тахианы мах импортолдог болжээ. Ингэсээр 2011 он гэхэд сайн багтай болчихсон, аж ахуй эрхлэх ч туршлагатай, борлуулалтын сүлжээ нь ч бүрдсэн учир сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулъя хэмээн 55 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Баян шувуу” аж ахуйгаа байгуулж эхэлжээ. Дэлхийд бол 500 мянган тахиатайгаас дээш аж ахуй нь томд тооцогддог байна. Нэг үгээр хэлбэл, том улсын жижиг хотуудад бол ийм хэмжээний үйлдвэр байхгүй гэхэд болох аж.

Ийнхүү өөрөө өндгөө ачаад эхэлж байсан бизнес нь өдгөө 300 гаруй ажилтантай Монголын шувууны аж ахуйн салбарын тэргүүлэгч үйлдвэр болтлоо өсөн дэвжжээ. Түүний ийн амжилттай яваа нь компанийн хамт олны хүчин зүтгэл хэмээн тэрээр хэлж байв.

Байгуулагдсан цаг үе буюу 1998, 1999 онд жилдээ тус компани нэг сая шахам өндөг борлуулдаг байсан бол өдгөө жилдээ 100 гаруй сая ширхэг өндөг худалдаж байгаа ажээ.

АЙЛЫН ТОМ ХҮҮД ХАРИУЦЛАГА ИХ

Ц.Баатарбилэг таван хүүхэдтэй айлын том нь учир багагүй хариуцлага үүрдэг ажээ. Тэрээр компаниа ерөнхийд нь удирддаг бол аав нь ТУЗ-ийн даргаар ажиллаж, орос өндөгний борлуулалтаа хариуцдаг байна. Харин дүү Ц.Мөнхбаатар нь “Монэгг” компанийг удирдаж байгаа бол нөгөө дүү Ц.Мөнхцэцэг нь удахгүй зах зээлд нэвтрүүлэх шингэн өндөгний үйлдвэрийг хариуцан ажиллаж байгаа юм байна. Бусад дүү нар нь мөн л компанидаа хариуцлагатай албыг авч явдаг гэв. Өөрөөр хэлбэл, “НВЦ” нь гэр бүлийн бизнес юм байна. “НВЦ” нэрийн тухайд анх байгуулахыг зөвлөж байсан Орос найз болоод аав Цэрэндаваагийн нэр, овгийнэхний үсгийн нийлбэр гэнэ лээ.

Шингэн өндөгний үйлд­вэрийн тухайд Италийн тех­ник технологийг ашигланулсын стандартын савла­гаатай, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд зориулан шингэн байдлаар худалдаанд гарга­хаар төлөвлөөд байгаа аж. Ингэх­­дээ өндөгний шар, цагааныг тус тусад нь ялгаж, өндөр градуст ариутгасан 10, 20 кг-ын тусгай савлагаатайгаар худалдах юм байна. Түүнчлэн өндөгний хальс кальци ихтэй байдаг учир нунтаглаж, үйрүүлсэн байдлаар ч худалдахаар төлөвлөж буй. Уг үйлдвэрийг цагаан сараас өмнө ашиглалтад оруулах гэнэ.

Эдгээрээс гадна тэжээлийн үйлд­вэр байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь газар тариалан эрхэлдэг бусад аж ахуй нэгжээ дэмжих сайн талтай аж. Өөрөөр хэлбэл, гурилд тэнцэхгүй буудайг тэжээл болгож ашиглах юм. Ирэх жилд л гэхэд тус компани 7-8 тэрбум төгрөгөөр будаа худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс энэ мөнгө нь дотоодын үйлдвэрүүдээ давхар дэмжих өртөг болж байгаа ажээ.

Ц.Баатарбилэгийн гэр бүлийнхний төлөвлөж буйгаар 2015 онд мөн тахианы мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ярилцаж, бэлтгэлээ хангаж байгаа гэсэн. Тодруулбал, ирэх оны намар гэхэд тахиа төхөө­рөх хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг оруулж ирэ­хээр гэрээ хэлцлээ аль хэдийнэ хийчихсэн гэсэн.

Энэ мэтчилэнгээр зургаан жил дараалан зургаан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж цаашдаа ч бизнесээ өргө­жүү­лэх, экспортын бүтээг­дэхүүн­тэй болох гээд олон төлөв­лөгөө, зорилт бий гэнэ лээ. Ингэхийн тулд өмнөх эхлүүлсэн төслүүдээ амжилттай хийж байж дараагийн үйлдвэрээ нээхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчилж байгаа тухайгаа Ц.Баатарбилэг ярив. Тэр багадаа өндөг худал­даж байхдаа дүү Ц.Мөнхбаатартайгаа нийлж суугаад “Шувуун фабрик” шиг үйлд­вэртэй болчихволүүнээс илүү олон өндөгтөй болно доо” гэж ярилцдаг байсан гэдэг. Түүний хүсэл эхнээсээ биелж байгаа нь энэ биз ээ.

ӨНДГИЙГ ЗӨВХӨН АШИГ ОЛОХ ГЭЖ БУС ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ УЧИР ХУДАЛДДАГ

Ц.Баатарбилэг зөвхөн ашиг олохыг урьтал болгохоос илүүтэйгээр өндөг гэгч зүйл нь хүний биед ямар хэрэгтэй талаар судалгаа, шинжилгээ хийдэг нэгэн аж. Энэ ч утгаараа 2008 онд “Өдөр бүр өндөг хэрэглэе 1” номоо гаргаж байсан бол хоёр дахийг нь 2012 онд гаргаж байсан тухайгаа тэрээр мөн хуучилсан юм.

Өөрийн бүтээсэн номоо танилцуулангаа хэд хэдэн сонирхолтой тоон баримтыг дурдав. Манай улс дэлхийн бусад орныг бодвол өндөгний хэрэглээгээрээ хамгийн бага гэсэн жагсаалтад багтдаг. 70, 80-аад оны үе буюу Шувуун фабрик улсын үйлдвэр байх үед нэг хүнд жилдээ найман ширхэг өндөг ногддог байсан бол өдгөө 70 ширхэг ногдож байгаа ч энэ нь чамлахаар үзүүлэлт гэнэ.

2013 онд манай хүн ам жилдээ 200 сая өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Үүний тал хувийг импортоор, талыг нь дотооддоо үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 200 саяын тал хувийг “НВЦ” үйлдвэрлэсэн болж таарч байна. Үүн дотроо 70 хувийг нь импортын өндөг борлуулсан бол үлдсэн 30 хувийг дотоодын үйлдвэрээсээ хангажээ. Тиймээс ирэх жилд энэ байдлыг эсрэгээр нь болгож 80-иад саяыг дотооддоо үйлдвэрлэж, 20 гаруй саяыг нь импортоор оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн.

Монголд жилдээ 350 сая ширхэг өндөг зарагдах боломжтой гэсэн судалгаа байдаг. Энэ бол эрүүл мэндийн талаас нь гаргасан судалгаа. Үүнийг хүн амдаа харьцуулаад үзвэл нэг хүн жилдээ 120 өндөг хэрэглэнэ. Хэрэв ийм хэмжээний өндөг үнэхээр хэрэглэж чадах юм бол уургийн хангамж талаасаа үлэмж ач холбогдолтой. Гэхдээ энэ бол дээр хэлсэнчлэн бага үзүүлэлт. Учир нь Японд нэг хүн жилдээ 400 өндөг хэрэглэдэг бол Орост 250, Европын орнуудад сард нэг хүнд 43 ногддог гэх мэт нэлээд өндөр тоон үзүүлэлттэй.

“НВЦ” компани Дэлхийн өндөгний холбооны гишүүн юм байна. Тиймээс ч жилдээ хоёр удаа тус холбооны шугамаар Ерөнхий захирлуудын хуралд суудаг. Тус хуралд 70 гаруй орны өндөгний аж ахуй эрхлэгчид хуран цугладаг бөгөөд өндөгний хэрэглээний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээ солилцдог аж. Энэ шугамаар дээрх тоон үзүүлэлт бүхий мэдээллүүдийг авсан тухайгаа Ц.Баатарбилэг ярьж байлаа.

Түүний хэлснээр Канад, Австрали, АНУ, Европын холбооны зарим улсуудад Засгийн газрын дэргэд нь Өндөг судлалын агентлаг хүртэл байдаг гэнэ. Тэд эхийн сүүний дараа орох уураг, амин дэм бүхий өндөгний судлагдаагүй үлдсэн амин дэмийг судлахаас гадна хүнсний бус зориулалтаар хэрхэн ашиглаж болохыг ч нарийвчлан судалдаг байна. Түүгээр ч зогсохгүй ямар үйл ажиллагаа явуулбал хүн ам өндгийг илүү ихээр хэрэглэх талаар Засгийн газартаа зөвлөмж өгдөг байгууллага хүртэл бий гэнэ лээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2050 онд гэхэд дэлхийн хүн амын хамгийн их хэрэглэх хүнсний жагсаалтын нэгдүгээрт сүү, сүүн бүтээгдэ­хүүн, хоёрдугаарт өндөг орсон байдаг аж.

Тус компанийн хувьд 2012 онд Дэлхийн өндөгний холбооны “Golden egg” шаг­на­лыг хүртэж байсан. “Эх орны­хоо нэрийг гаргаж, шаг­нал авах мөч үнэхээр супер байсан” хэмээн тэрээр бахар­хангуй өгүүлж байсан юм.

Хэдийгээр “Баян шувуу” хэмээх дотоодын өндөгний үйлдвэр ашиглалтад орсон ч орос өндөг хэрэглэдэг хүмүүсийн тоо буураагүй. Тиймээс тус компани өндөр өртөг зардалтай ч импортоор өндөг оруулж ирэх ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм билээ. Үүнийг тэрээр “Хэрэг­лэгч юу хүсч байна. Түүнийг л хий” гэсэн зарчмын дагуу хийдэг гэдгээ хэлж байв.

“НВЦ” улсын төсөвт ч багагүй хувь нэмэр оруулж байгаа. Учир нь өндөг, тахиан махыг импортоор оруулж ирснээр гааль, татварт жилдээ 5-6 тэрбум төгрөг өгдөг гэсэн.

Манай Засгийн газ­рын зүгээс жижиг дунд үйлдвэ­рүүдийг тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь гаалийн татвараас чөлөөлж байгаа нь бодитой дэмжлэг бол­дог гэдгийг тэрээр мөн хэлж байв. Учир нь “Баян шувуу” үйлдвэрийн тоног төхөө­рөмжийг ямар ч татваргүйгээр оруулж ирсэн ажээ.

Түүний гаргасан “Өдөр бүр өндөг хэрэглэе” хэмээх номуудын тухайд өндөгний бизнес эрхэлж эхэлсэн 20 жилийн өмнөөс эхлэн цуглуулсан материалуудаа нэгтгэжээ. Ингэхдээ өндөгний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар болон шувууны аж ахуйн хөгжил, хэрхэн шувууны аж ахуй байгуулах, шувууг гэрийн нөхцөлд ашиг­лах тухай, түүгээр ч зогсохгүй тахиа, өндгөөр хоол хийх жор гэх мэт тодорхой бүлэг сэдвүүдийг хамарсан ажээ.

Тиймээс Ц.Баатар­билэг “Бид өнөө­дөр ашиг олох гэхээсээ илүү­тэй­гээр хүний биед үлэмж ашигтай хамгийн бага өртгөөр хамгийн их уургийг биедээ авч болох энэхүү бүтээг­дэхүүнийг монгол хүн өдөр бүр хэрэглээсэй гэж л хүсэх, зорих болсон” хэмээж байлаа.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Охид, бүсгүйчүүдэд сэрэмжтэй явахыг анхааруулав

Өнгөрсөн аравдугаар сард цагдаа болон хууль хяналтын байгууллагад “Бусдад хүчиндүүлсэн” гэх нийт 13 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Хүйтний улирал эхэлж, эрт харанхуй болж, оюутан, сурагчид харанхуй гудамж талбайгаар явах тохиолдол гардаг. Иймд танихгүй хүмүүстэй уулзахгүй байх, мөн гэрэлтүүлэгтэй гудамж талбайг сонгож явах, шаардлагатай тохиолдолд ар гэрийхнээрээ тосуулах зэргээр болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн яамнаа “Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр тус яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс зохион байгууллаа.

Зайлшгүй шаардлагатай эм гэдгийг ДЭМБ-аас “Зонхилох хүн амын эрүүл мэндийг хамгаалах хэрэгцээнд нийцсэн, үнийн хувьд боломжтой, хэрэгцээний хэрээр олдоцтой эмийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг байна. Зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжиж буй орнуудын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэй байдаг. Зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бол эмийг хямд үнээр хүн амд хүргэх явдал юм.

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалтын асуудлаар хэлэлцсэн уг нээлттэй хэлэлцүүлэгт эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс 50 орчим хүн оролцлоо.

Categories
мэдээ улс-төр

“Хотын захирагч-2014” хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын захирагч-2014” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Монголын хотуудын холбооны дэд ерөнхийлөгч С.Очирбат нар болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Баруун-Урт хотын захирагч М.Идэрбат, Бэрх хотын захирагч Х.Баасанжав, Дархан хотын орлогч дарга Б.Азжаргал, Даланзадгад хотын захирагч Ц.Баттулга нарын хотын удирдлагууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, Монгол Улсын Үндсэн хуульд “хот” гэсэн нэгжийг бий болгох, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулах зэрэг олон асуудлыг холбогдох байгууллага, хууль санаачлагчдаас шийдвэрлэхээр санал тавьж, ажил хэрэг болгохоор ажиллаж буйг онцоллоо.

Мөн Тэрбээр “Улсын Их Хурлын даргын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн захиалгаар “Ардчилсан засаглалын институцийн хөгжил 1992-2012 сургамж ба шинэтгэлийн санал” судалгаа хийгдсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсан. Тодруулбал Нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийг хот гэж хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд “хот”-ын ангилал нэмж тусгах шаардлагатай байна гэсэн зөвлөмж гарсан. Үүнээс гадна хот тосгоны эрх зүйн байдлыг боловсронгуй болгож, хот, тосгонд зэрэглэл тогтоох, удирдлагыг томилох, чөлөөлөх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, оршин суугчдаас хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зэрэг олон чухал асуудлыг хуульчлах хэрэгтэй байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр хотын захирагч нараас хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичигт хотын зэрэглэл тогтоох, статусыг тодорхой болгох, Төсвийн тухай хуульд “хотын төсөв” гэсэн ойлголтыг бий болгох, аймаг, сумын засаг дарга болон хотын захирагчийн эрхлэх ажил, үүргийг зааглан, ялгааг нь гаргаж хуульчлах зэрэг олон чухал санал гарлаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан хотуудын бие даан хөгжих, бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх талаар хотын захирагч нар хамтран ажиллахаар болов.