Categories
мэдээ нийгэм

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн Багануур дүүрэгт

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн “Монгол бахархалын өдөр”-т зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгуулж хэвшсэн. Үзэсгэлэн энэ сарын 17-23-ний өдрүүдэд Монголын уран зургийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэн нийслэлчүүдэд хүрсэн билээ. Шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн 29, 30-ний өдрүүдэд Багануур дүүрэгт дэлгэгдэн, иргэдэд зориулан монгол бичгийн уран бичлэгийн сургалт, лекц зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнд оролцсон шилдэг бүтээлүүдээр уламжлалын дагуу товхимол хэвлүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Монос”-ын эмийн санчдад ял оноожээ

“Монос”-ын эмийн санчдад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх дээр болж өнгөрлөө. Шүүх бүрэлдэхүүн.

Эрүүгийн хуулийн 106.1-д зааснаар өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйл ангиар буруутган яллаж, эмийн санч Э-г гэм бураатайд тооцон хоёр жилийн хорих ялаар шийтгэж, жирэмсэн байгааг нь харгалзаж эдлэх ялыг хоёр жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Харин эмийн санч Ж-д нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож, ажил эрхлэх эрхийг нь нэг жилээр хасжээ.

Хэргийг нэхэн сануулбал, өнгөрөгч наймдугаар сард ЭНЭҮТ-ийн эмнэлэг дотор байрлах “Монос” эмийн сангийн жор баригч нар “фенобарбитал” эмийг жороор олгохдоо хүүхдийн тунг андуурч, том хүний жороор олгосон байдаг. Уг эмийг тус эмийн сангаас 16 нярайд өгсөн бөгөөд 14 хүүхэд эм уусан даруйдаа хордлого авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хууль бус наймаанд өртөхөөс сэрэмжлүүлэв

cironМанай Улсын иргэд сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд янз бүрийн шугамаар зорчих нь ихэссэн. Энэ нь манай иргэдийн соёл, ахуй амьдралд эергээр нөлөөлж байгаа сайн талтай боловч үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа болох хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд санаатай болон санамсаргүй байдлаар оролцож, гэмт хэргийн золиос болох явдал ихсэж байна.

Иймд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд өртөхгүй байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Үүнд:

1. Иргэн та бусдын дайвар ачааг гаалиар тээвэрлэснээр санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч болж болзошгүй тул гадаад улс, ялангуяа БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз, Макао, ОХУ, АНУ, Европын холбооны улс оронд зорчихдоо бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байх. Авсан тохиолдолд доторх зүйлсийг сайтар шалгаж, үзэх.

2. Түр болон удаан хугацаагаар зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийн талаар ойлголттой байх. Тухайлбал, БНХАУ-ын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, хадгалж байсан нь тогтоогдсон тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялтай байдаг.

3. Төрөл садан, найз нөхөд, танил хүмүүс тань хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж үзэхийг сонирхож байвал түүний хор хөнөөлийн талаар ойлгуулж, анхааруулах.
Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг:

Хар тамхи нь төв мэдрэлийн системийг өдөөгч үйлчилгээтэй бөгөөд хэрэглэсэн хүн сэтгэцийн өвөрмөц үйлчлэлд нь татагдан, маш хурдан хугацаанд түүний хамааралд орж, дахин хэрэглэсээр дон тусдаг. Удаан хугацааны хэрэглээний дүнд турж эцэж, арьс шаргалтаж, идээт бижрүүнүүд гарч, судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, нойргүйтэж, ядаргаа, стресст орж, бэлгийн сулралд ордог. Мөн сэтгэхүйн чадвар нь эрүүл хүнийхээс доогуур түвшинд хүрч, эцсийн дүн шууд үхэлд хүргэдэг.

Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одооpro@gia.gov.mn электрон шууданд мэдээллээ үлдээнэ үү.

Categories
гадаад мэдээ

Талархлын баярын цацагт хяруулыг өршөөв

АНУ-д Талархлын өдрийг арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн Талархлын баярын өдрөөр Ерөнхийлөгч Барак Обама уламжлал ёсоор хоёр цацагт хяруулд “өршөөл” үзүүлсэн тухай Цагаан ордны вэб сайтад мэдээлжээ.

Мак, Чийз гэх хоолны нэрээр нэрлэгдсэн эдгээр цацагт хяруулыг Виржиниа мужаас авчирсан байна. Их Британийн амьтны эрхийг хамгаалах байгууллагаас тооцоолсноор жил бүрийн “Талархлын баяр”-аар ойролцоогоор 50-60 сая цацагт хяруул баярын ширээний зоог болдог гэжээ.
Амьтан хамгаалах байгууллагууд энэхүү уламжлалыг зогсоохыг уриалдаг бөгөөд 1989 онд экс Ерөнхийлөгч эцэг Буш Цагаан ордонд анх удаагаа цацагт хяруулд өршөөл үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгаалах цахим хуудас ажиллаж эхэллээ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн салбар (ITU-D)-ын гишүүн байгууллагын хувьд Хүүхдийг цахим орчинд хамгаалах санаачилгыг бусад улс орнуудын адил дэмжин ажилладаг юм. Энэ хүрээнд үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж зөвлөгөө өгч, өөрийн цахим хуудаст хэрэглэгчийн булан нэртэй цэс үүсгэн “Хүүхдийг цахим орчинд хамгаалах” тухай уриалгыг орчуулан нийтэлж, олон нийтэд түгээж буй.

Энэхүү уриалга, санаачилгыг илүү өргөжүүлэн www.cybersafety.mn цахим хуудсыг тусгайлан үүсгэн хөгжүүлж байна. Уг хуудсаар дамжуулан хүүхэд багачууд, өсвөр насныхан, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд цахим орчны аюулгүй байдал, цахим тоглоом, интернэтийн зүй зохистой хэрэглээний тухай энгийн ойлгомжтой мэдээ мэдээллийг түгээх юм. www.cybersafety.mn цахим хуудсанд байршуулсан мэдээ мэдээлэл, олон улсын байгууллагаас гаргасан санал санаачилгуудын орчуулга, бусад орны энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын тухай туршлага солилцох мэдээллүүд болон судалгааны зарим материал нь та бүхэнд цахим орчны аюулгүй байдал, тэр дундаа хүүхдийг энэ орчинд хэрхэн хамгаалах талаар мэдлэгт нэмэр болно гэдэгт найдаж байна. Мөн хүүхдийг цахим орчинд хамгаалах талаар иргэд, байгууллага, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч хүн бүрийн санал сэтгэгдлийг хүлээн авах юм байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас 2008 оны 11 дүгээр сард Дэлхийн кибер аюулгүй байдлын хөтөлбөр (Global Cybersecurity Agenda)-ийн хүрээнд Хүүхдийг цахим орчинд хамгаалах (Child Online Protection – GOP) санаачилгыг дэвшүүлсэн байдаг. Энэхүү санаачилга нь мөн 2008 онд Нэгдсэн үндэсний байгууллага, түүний гишүүн орнууд болон салбар байгууллагуудын удирдлага, олон улсын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгджээ.

Categories
мэдээ нийгэм

50 метр хүртэлх талбайн халтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 61, 63 дугаар тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажилд хяналт тавих хариуцлагатай жижүүрийн хуваарийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс тус бүр дээр гаргалаа. Харин нийслэлийн хэмжээнд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагуудаас автозам дээр хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж төлөвлөгөөний дагуу 716.6 тн бодис, 1137.7 тн давс, 160.3 тн элс дайргыг бэлтгэн нөөцлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Вьетнам авто засварын газрууд бүгд шалгалтад бүдэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөний дагуу хэд хэдэн газарт томоохон шалгалт хийсэн байна. Тухайлбал, Вьетнам авто засварын газар, Туул голын сав газраас элс, хайрга олборлож байгаа компаниуд, тусгай зөвшөөрөл бүхий элс, хайрга, дайрга олборлож байгаа компаниудад хяналт шалгалт хийжээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дотоодын эмийн үйлдвэрүүдээс ноцтой хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Авто тээврийн улсын байцаагч нар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 150 гаруй Вьетнам авто засварын газраас 55 газарт нь шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад 904 зөрчил илрүүлжээ. Вьетнам авто засварын газрууд Монгол Улсын хууль журам, тогтоолыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал,”Вьетнам кузов засвар”-ын газрын үйл ажиллагаанд авто үйлчилгээ эрхлэх талаар харьяа дүүргийнхээ Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-тэй гэрээ байгуулж, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлээгүй зөрчил зэрэг олон илэрчээ. Өөрөөр хэлбэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн авто үйлчилгээний бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоож батлаагүй, хийсэн засвар, үйлчилгээндээ баталгаат хугацаа олгодоггүй, эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгоогүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналт шалгалт хийх журмыг боловсруулаагүй байна. Мөн ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй ажиллагааг огт хангаж ажилладаггүй болох нь тогтоогджээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл байхгүйгээс гадна ажлын байрандаа галын аюулгүй байдлын талаар дүгнэлт огт гаргуулаагүй, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй нийтлэг зөрчил илэрчээ. Мөн ажилчид нь ажлынхаа байран дээр байрлаж, хоол унд хийж иддэг, хийн баллоныг журмын дагуу ажиллуулаагүй, орон сууцны доод хонгилд үйл ажиллагаа явуулж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Осолд орсон автомашиныг засахдаа кузовыг нь залгадаг хүртэл ноцтой зөрчил гарсныг Мэргэжлийн хяналтын байцаагч хэлж байсан юм.

“ДАБЛЬМӨНХ” ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН ГЭВ

Туул голын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн байдалд НМХГ болон бусад холбогдох байгууллагаас хяналт шалгалт хийжээ. Шалгалтад үйл ажиллагаа явуулж буй 37 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Тэднээс цуцлагдсан тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөлгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан “Баясгалант Өргөө” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн дагуу нэг сая 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Олборлолтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоожээ. Харин баримт бичгийн бүрдүүлэлтийг гүйцээж, нөхөн сэргээлт хийн зөрчлөө арилгасан “Монстрой” ХХК, “Тэсийн хурд” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээж, зөрчлөө арилгаагүй “Дабльмөнх” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ажлын хэсэг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн аж. Мөн “Бүти” , “Цагаан ташаа” , “Илчит металл” , “Монстрой” , “Тэсийн хурд” , “Намобридж” компаниуд нь уурхай дээр байх бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, уулын ажлын тайлан төлөвлөгөөгүй зэрэг зөрчилтэй байна. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулаагүй зөрчил илэрсэн нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг зөрчсөн байна. “Гравел Стоун”, “Сигма бетта”, “Баялаг бийлд” ХХК-иудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг үндэслэн зургаан сая 250 мянган төгрөгийн, ажлын байрны ариун цэвэр эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй зөрчилд нь “Мон-элс” , “Мерсү” компаниудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу нийт 400 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

“ШИЖИР ХАЙРГА” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх элс, хайрга, тоосгоны шавар олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд НМХГ-ын байцаагчид холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хяналт, шалгалт хийжээ.Шалгалтад тоосгоны шавар олборлогч 21, хайрга олборлогч 22, элс олборлогч таван аж ахуйн нэгж буюу нийт 48 тусгай зөвшөөрөл эзэмшигч хамрагдсан байна. Хяналт шалгалтын явцад удаа дараа зөрчил гаргасан “Шижир хайрга” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчлийн газраас зугтаасан улсын дугаар бүхий долоон автомашины жолооч нарыг саатуулж арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газарт хүргүүлсэн тухай мэдээлэв.”Ашигт малтмалын тухай” хууль зөрчсөн 16 аж ахуй нэгжид 11 сая 364 мянган төгрөгийн, нэг албан тушаалтанд 400 мянган төгрөгийн торгууль оноосон бол “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль зөрчсөн нэг аж ахуйн нэгжид дөрвөн сая 800 мянган төгрөгийн, “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль зөрчигчдийг мөн дөрвөн сая 800 мянган төгрөгөөр торгожээ. Түүнчлэн “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хууль зөрчсөн таван аж ахуйн нэгж, 58 иргэнд 29 сая 688 мянган төгрөгийн, Барилгын материалын тусгай зөвшөөрлийн эрх аваагүй, бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажуулалтад хамруулаагүй, технологийн заавар боловсруулж мөрдөөгүй есөн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 13 сая 384 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

27 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 838 НЭРИЙН ЭМ

УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙСАН ГЭНЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71.3 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан зөрчил илэрчээ. Эмийн үйлдвэрүүдийн 2.,6 хувь нь эмийн түүхий эдийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 24 хувь нь тухайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө эмийн түүхий эд, эмийн туслах бодисыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулдаггүй. Долоон эмийн үйлдвэрийн 33 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж аван шалгахад таван нэрийн эм чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогджээ.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан хувьсгалыг түүчээлэгчид

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан “Түүчээ цаг…” нэртэй үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд Зана­базарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарах гэж байна. Уг үзэсгэлэнд зураач Л.Хадбаатарын бүтээлүүд тавигдах юм. Тэрээр өөрийн бүтээлээрээ Монгол Улсыг социалист нийгмээс ардчилал руу тайван замаар шилжсэн үеийг харуулсан юм. Тодруулбал, 1989-1990 онд Сүхбаатарын талбайд өрнөсөн түүхэн үйл явдлууд болон уг тэмцэлд манлайлан оролцсон түүхэн хүмүүсийг дүрсэлжээ. Зураач Л.Хадбаатар өөрөө Ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг. Тиймээс Ардчилсан хувьсгалд оролцсон гэрч, мөн уран бүтээлчийн хувьд уг үйл явдлуудыг харуулсан бүтээл туурвисан байна. Л.Хадбаатарын дөрвөн жилийн хугацаанд туурвин бүтээсэн уран зургууд нь бидний хойч үедээ үлдээж буй бас нэгэн үнэтэй түүхэн баримт юм. Түүний бүтээлүүдийн талаар Монгол улсын гавьяат багш, зураач Ч.Бизьяа гуайтай ярилцсаныг сонирхуулья. Ч.Бизьяа гуай өдгөө Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны “Анима” сургуульд багшилж байгаа юм.

-Та зураач Л.Хадбаатарын бүтээлүүдийг сайн мэднэ. Түүний “Түүчээ цаг…” үзэсгэлэнд тавигдах бүтээлийн талаар зураач, багш хүний хувьд ямар бодолтой байна?

-Л. Хадбаатарын уг үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд нь Ардчилсан хувьсгалыг харуулсан зургууд юм. Би энэ бүтээлүүдийг нь Ардын хувьсгалын эхэн үед Шарав гуайн зурж байсан бүтээлүүдтэй адилтгаж үздэг. Нэрт зураач Шарав бурхан зурдаг байсан . Тэгсэн хэдий ч Ардын хувьсгалд оролцож хувьсгалын агуулгатай бүтээлүүд туурвисныг бүгд сайн мэднэ. Харин Л.Хадбаатар Ардчилсан хувьсгалын үйл явдлаар хэн ч бүтээл туурвиагүй сэдвээр Шарав гуайтай энэ зэрэгцэн зурсан гэж би боддог.

-Үзэсгэлэнд түүний олон бүтээл тавигдана. Түүнээс Та алийг нь онцлох вэ?

-“Ардчилсан хувьсгалыг түүчээлэгчид ” нэртэй бүтээлийг онцолмоор байна. 400 гаруй хүнийг дүрслэн харуулахдаа уг эзэдтэй яг адилхан зурж, дандаа бодит дүр төрхийг бүтээсэн. 400 гаруй хүний дүрсийг өөр өөр, хувь хүний онцлогийг нь гаргаж чадсан. Ийм л зураг. Тэрээр олон үйл явдлыг харуулсан бүтээлүүдийг туурвисан. Энэ бүтээлд 1989-1990 онд Сүхбаатарын талбайд өрнөсөн 40-өөд үйл явдлуудыг харуулсан. Хамгийн гол нь эдгээр зургуудад хоорондоо ижил дүр гэж үгүй. Ийм зохиомжоор хийсэн бүтээл одоогоор Монголд байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ардчилсан хувьсгалын үйл явдлаар дээр үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Чүлтэм гуай тухайн үед нэг зураг зурсан юм. Тэр зураг одоо хаана байгаа нь мэдэгддэггүй.

-Та “Онцгой шийдвэр” нэртэй зургийг мөн л онцлоод байсан?

-Өлсгөлөн зарлахын өмнөх орой МоАХ-ын Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан түүхэн бодит үйл явдлыг харуулсан бүтээл юм. “Өргөх бичиг” гэж зураг байна. Энэ үйл явдлаас өмнө “Өргөх бичиг” гэдэг хэллэг байгаагүй. Үүнээс хойш шинэ хэллэг бий болж байна. Мөн “Хүнд өдрүүд” хэмээх өлсгөлөнд оролцож байгаа бөгөөд дэмжиж байгаа хүмүүсийг дүрслэн харуулсан бүтээл. “Тэнгэрийн хүүхдүүд” гэдэг зураг байна. Тэнгэрээс энэ хүүхдүүдийг элч болгон илгээж, тэд Монголд Ардчилсан хувьсгалыг хийлгүүлсэн гэсэн утгатай бүтээл юм. Манай Л.Хадбаатар бол өөрийнхөө байгалиас заяасан унаган авьяасаараа гарч ирсэн зураач. Бас нэгэн онцлог нь гайхалтай дүрслэх чадвартай. Хийж байгаа бүтээлээ ургуулан боддог, бодсон бодол нь оновчтой гэдгийг хэлмээр байна. Ардчилсан хувьсгалын тухай баримт материалаар баялаг урын сантай. Тиймээс ч эдгээр бүтээлүүдийг туурвисан. Ардчилсан хувьсгал ялаад 25 жил өнгөрсөн боловч энэ үйл явдлуудыг харуулсан том бүтээл байхгүй. Яахав дээ хөрөг зэрэг бол байгаа. Үйл явдал харуулсан зураг бол үгүй.

Математикчид математик бол шинжлэх ухааны хаан гэдэг. Матетматик хаан юм бол түүнийг төрүүлсэн эх, эцэг байх ёстой доо. Тэгвэл шинжлэх ухааныг төрүүлсэн эх нь дүрслэх урлаг юм. Яагаад гэвэл эрдэмтэд энэ тэнд очиж судалгаа хийхээрээ дандаа тэнд тийм хадны зураг байна гэж ярьдаг. Хэдэн мянган жилийн өмнө хүн амьдарч байжээ гэдэг. Түүнийх нь баталгаа бол зураг болдог. Бичиг үсэг ч зурагнаас гаралтай. Хүн хэлгүй байхдаа хоорондоо зургаар ойлголцдог байсан. Дүрслэх урлаг гэдэг агуу юм. Тиймээс Л.Хадбаатар энэ зургуудаараа Ардчилсан хувьсгалын түүхийг үлдээж байгаа юм. “Уран зураг бол харах яруу найраг. Яруу найраг бол унших уран зураг” гэж алдарт зураач Леонардо да Винчи хэлсэн байдаг юм.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Танаж тартагт нь тулгахаар шийджээ

Төр улс оршин тогтнохын тулд дархлаатай байх хэрэгтэй. Харин тэр дархлаа нь цаг үе бүхэнд өөр, өөрөөр тодорхойлогдож ирсэн. Дундад зуунд зэр зэвсэг, хожим нь шашин шүтлэг, харин өдгөө мэдээлэл, түүний аюулгүй байдлыг хангах нь төрийн дархлааны нэг хэсэг болоод байна.

Хэн сайн мэдээлэлтэй байна, тэр бүхнийг захирдаг, дарамталдаг, өөрийн хүссэнээ хийдэг болсон. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй байя гэвэл мэдээллийг өөрийн болгох ёстой гэдгийг ч хүн бүхэн цаашилбал улс гүрэн бүхэн мэддэг үүний төлөө өрсөлддөг болсон. Тиймээс ч улс орон бүхэн өөрийн мэдээллийн хэрэгсэлтэй, түүнийхээ аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад анхаардаг болсон цаг үед бид амьдарч байна.

Гэтэл саяхан Монгол Улс өөрийн мэдээллийн хэрэгсэл буюу МҮОНРТ-ийн төсвийг танав. Танахдаа бүр тартагт нь тултал танав. Нэг ёсондоо төсвийг нь танаж, та нар хөгжим захиалсан хүний мэдээллийг нийтэд түгээж, мэдээллийг хэн нэгэн өөрийн үйл хэрэгт нийцүүлэн ашиглаж болно гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Заримдаа байж боломгүй тэнэглэл үйлддэг, шийдвэр гаргадаг төртэй, тэр нь амиа хорлох үйлдлээ санаатай буюу санамсаргүйгээр үйлдэж байгааг нь харахаар өр өвдөнө. Энэ бүхэн нь зүгээр л хэдхэн хүний амин хувиа хичээсэн үйлдлээс улбаатай гэхээр нөгөө монгол төрийн дархлаа хаана байна гэж асуухад хүрнэ.

ХАМТ ОЛНЫ ҮНЭЛЭМЖ БУЮУ АТААРХАЛ

Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Дорж гэж нэгэн сайхан эрхэм байх. Тэр яагаад ч юм бэ, МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатартай байсгээд үзэлцдэг. Үүний цаад шалтгааныг яагаад ч юм бэ олмоор санагдана. Учир нь М.Наранбаатар бол МҮОНРТ-ийн “хаан” биш бүр “бирд” нь гэгдэх боловч түүнийг энэ том байгууллагын хамт олон яагаад гурван удаа даргаараа сонгох болов гэдэг нь чамлахааргүй үнэлгээ юм.

МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар гурван удаа даргаар сонгогдон энэ гал тогоонд оюутан байхаасаа эхлээд 20 жил чанагдсан. Тэр таван Засгийн газартай ажиллаж найман жил тус газрын даргаар ажилласан. Тэр тусмаа төсвийг нь “хасч өгсөн” Ч.Хүрэлбаатар гишүүн түүнтэй тун ойр он удаан жил ажилласан. Дээрх таван Засгийн газрыг дамжин ажиллаж байхад нь Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын даргаар гурван жил ажиллажээ. ЗГХЭГ-ын дарга л Засгийн газраа хамгаалуулах, гоё сайхан мэдээ гаргуулахын тулд МҮОНРТ-ийн даргатай “халз тулдаг”. Мэдээж МҮОНРТ-ийн дарга нам бус хүний хувьд зарчмаа баримталж таарна. Тиймдээ ч ам муруйх үе бишгүй байсан гэдэг. Энэ учиг шалтгаанаас үүдэн тэрбээр МҮОНТ-д хуваарилагдахаар төсөвлөсөн 7.2 тэрбум төгрөгийг өргөн нэвтрүүлгийн эрх авсан бусад телевизүүдэд хувааж өгөх тухай санал МАН-ын бүлгээс гарсан байдаг. Тэр тусмаа Ч.Хүрэлбаатар гишүүн бүр “чанга” дуугарсан.

НАДАД Л АШИГТАЙ БОЛ ТӨРГҮЙ АМЬДАРСАН Ч ЯАХАВ

МҮОНРТ-ийн төсвийг тануулах гэж улайрагсадын үйлдлээс надад ашигтай бол монгол төр оршин тогтнох эсэх нь хамаагүй гэсэн увайгүйтэл үнэртдэг. Мэдээлэл гэдэг төрийн нэг дархлаа гэдгийг дээрх эрхмүүд бүгд мэднэ, мэдээлэлд ойр байхын ач тусыг ч тэд чамгүй хүртэгсэд. Тиймээс МҮОНРТ хэмээх том айлыг нурааж, сульдааж, төрийн мэдээллийн хэрэгсэлтэй байх эрхийг хумьж, хоосон үлдэх орон зайд нь өөрсдийн ноёрхолыг тогтоохыг эрмэлзэгсэд. Төрийн мэдээллийн хэрэгсэлийн төсвийг танан байж илүүчилсэн мөнгө нь иргэдийн сайн сайхны төлөө зарцуулагдахгүй харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй эрх мэдэлтэнүүд хувааж авахаар хуйвалдснаа өнгөрсөн лхагва гаригт “Монгол контентыг дэмжих таван тэрбум төгрөг”-ийн төсөв батлахадаа зарлав. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ журмыг баталж байгаа ч цаана нь TV-5 сувгаа төлөөлж УИХ-ын гишүүн Г.Сарангэрэл “Таван тэрбум төгрөг бага байна” гэж чамласан гэдэг. “TV-9”-ийн ард Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан, “Ийгл”-ийн христээс бусад контент болон “Боловсрол” сувгийн ард М.Зоригт, NTV-ийн ард Г.Батхүү гишүүн, “Эх орон” телевизийн ард Д.Бат-Эрдэнэ гишүүн гээд хардаад байвал бараг бүгд улстөрч эзэнтэй. Тэд мэтийн “акул”-ууд л дээрх долоон тэрбум төгрөгөөс хүртэнэ үү гэхээс “шинэ тутам, жижиг” гэсэн тодотголтой жараахайнуудад хүртээх нь юу л бол. Гэтэл сонин, мэдээллийн сайтууд гэж хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгслүүд яах болж байна. Тэд монгол контент хийхгүй байгаа юм уу гээд бас заргалдаж таарна.

Уг нь дээрх мөнгийг үнэхээр төр өөрийн мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд зарцуулж байгаа бол МҮОНТ-д хуваарилж хөндлөнгийн ажлын хэсгээр хянуулаад “хөгжмөө захиалчихаж” болмоор байгаа биз. Тэгэхээр өөр ашиг сонирхол байжээ. Юу гээч. МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар өнгөрсөн мягмар гаригтУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад МҮОНТ-ийн захирлаар томилогдож ирсэн Д.Энхтуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны даргаар ажиллаж байгаад МҮОНРТ-ийн дэд даргаар ирсэн Ё.Батбаяр, С.Эрдэнэ сайдын “шахалт”-аар ирсэн МҮОНР-ийн дарга Л.Цэрэн-Очир нарыг халахаар шийдсэнээ хэлжээ. Бүр “Зайлцгаа” гэж хөөсөн байгаа юм.

ӨШИРХӨГСӨД БУЮУ ГАНЦААРДСАН “ДАЙчИН”

Эндээс МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатарын эсрэг “галлах” ээлжит гал эхэлсэн байна. Түүний оронд томилох хүмүүсийг ч Ч.Даваабаяр, Д.Энхтуяа, Ж.Соёл-Эрдэнэ нарын нэр дуулдаж эхлэв. Ирэх оны төсвийн тухай хуулийг батлахад МҮОНРТ-ийн нийт төсөв хасагдсан. Улсын хэмжээнд байдаг бүх байгууллагын нийт урсгал төсвөөс 118 тэрбум төгрөг хассан. Гэтэл зөвхөн МҮОНРТ гэдэг ганцхан байгууллагаас дөрвөн тэрбум төгрөгийг хасчихаж. Яагаад энэ байгууллагыг онцолж үзэв гэдэг сонин байгаа биз. Магадгүй дарга нь хэн бэ гэдгээс хамаатай шийдвэр биш биз гэсэн бодол эрхгүй төрүүлж байна. Тэгэхээр зарим улстөрчдийн “М.Наранбаатар МҮОНРТ-ийн даргаар ажиллаж байгаа цагт энэ байгууллагыг нар өөд харуулахгүй” гэсэн өс зангидагдаж үндэсний хэмжээний онцгой байгууллагын төсвөөр “шантааж” хийчихсэн юм биш үү. Тэр танагдсан дөрвөн тэрбум дээрээ нэг тэрбумыг нэмээд бусад телевизтэй найзлах юм гэнэ. Хаалтын гэрээнээс ч дор хувилбар биш гэж үү. Өнөөх хүүхэд, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн олон сайхан нэвтрүүлэг “Баяртай” болох нь. Үүрэг, функцийг нь олигархиудад “зарчихсан” гэсэн үг. Яагаад ингэх болов?

Эхлээд М.Наранбаатарыг “Энхбаярын хүн” гэдэг байсан ч түүнээс хойш дахиад хоёр удаа сонгогдчихож. Түүнийг лав “Ц.Элбэгдоржийн хүн болчихсон” гэхгүй байх. Тэгвэл тэр тийм мундаг “хорчин” уу. Ямар ч байсан энэ байгууллага түүнийг хүлээн зөвшөөрөөд сонгоод байх юм. Гэтэл одоо төсвөө тануулсан М.Наранбаатар хугацаагаа дуустал ажиллая гэвэл эхний ээлжинд өөрийнх нь эд, эс мэт болсон хамт олноосоо хүмүүсээ халж таарна. Эсвэл хууль зөрчиж МҮОНТ-ээр сурталчилгаа явуулахаас аргагүй болж байна. Дээр нь энэхүү онцгой объектын хамгаалалтыг татан буулгаж өөрсдөө хамгаалалтын албатай гэрээ байгуулж хамгаалуул гэсэн байдаг. Энэ бүхэн дотоодын цэргийн албыг татан буулгасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийсэн ажил. Ингээд хамгаалалт авахад асар их мөнгө зарцуулчихлаа гэдэг. Улсын энэ онцгой объектыг хамгаалахгүй, тэгээд яах байсан юм бол.

М.Наранбаатарыг өнөөдөр ч МҮОНРТ-ийн даргын суудлаас “үдэж” болно. Харин МҮОНТ-ийн үйл ажиллагаа санхүүгийн хямралаас болж доголдох ёстой юу. Эсвэл түүнийг хууль зөрчөөд хямралаа дав гэсэн “буланд шахах” бодлого уу. Нөгөөтэйгүүр төр долоон тэрбум төгрөгөөр телевизүүдийг гуйж контент бэлтгүүлэх нь хуулийн дагуу үйл ажиллагаа мөн үү гэдэг нь өнөөдөр асуудал үүсгээд байна. Энэ мэтчлэн “найрал хөгжмийн” цаана удирдаач нь тэрбум, тэрбумын зарцуулалтын ашиг хонжоо л харж байгаад харамсахгүй байх аргагүй.

Л.ЛХА-ОЧИР

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд монгол бүсгүй монгол хүүгийн төлөө 6.4 сая төгрөг цуглуулжээ

-ТҮҮНИЙГ МОНГОЛДОО СУРЧ БАЙХАД НЬ АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЖ АЛБАДАН БУЦААСАН БИЛЭЭ-

Бээжингийн Цэргийн 304 дүгээр эмнэлгийн Түлэнхийн төвд эмчлүүлж буй Билгүүдэй хүүд элэг нэгт монголчууд нь хандив цуглуулж, тусалж дэмжиж буй. Өмнөд монголчууд минь долоо хоногийн дотор 40 гаруй сая төгрөгийн хандив цуглуулснаа хүүгийн ээж Ц.Булганд өгсөн. Хятадын цахим сүлжээгээр монгол хүүд туслах аян өрнөж, Шинжааны Баянмонголын малчин өвгөн, Эрээнд ажиллаж буй өмнөд монгол залуу гээд элэг нэгтэн түмэн харамгүй тусаллаа. Мөнгөний их, багадаа бус элэг нэгт монголчууд нэгнийхээ төлөө цохилох зүрхтэй байгаа нь монголчуудад сайхан санагдлаа.

Хүүд тусалсан элэг нэгтнүүдийн минь дотор Өмнөд Монголын иргэн Ө.Оюунчимэг 20 гаруй мянган юанийн хандив цуглуулжээ. Шинжааны өөлд монгол гэж өөрийгөө танилцуулсан энэ бүсгүй монгол хүүгийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж 20805 юань буюу зургаан сая 405 мянган төгрөг цуглуулж чаджээ. Ө.Оюунчимэгээс ярилцлага авахыг хүсэхэд “Монгол хүний хийх л байсан зүйлийг хийлээ. Монгол л бол би ч, өөр хэн нэгэн ч элэг нэгтэндээ туслах л болно. Би Монголдоо очих эрхээ хасуулсан. Хол байсан ч сайн үйлсийн аянд нэгдэж, хийж л байх болно” гэлээ.

“БИ ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч ЯВСАН МОНГОЛ ГЭСЭН БҮХ ЗҮЙЛД ХАЙРТАЙ”

Ө.Оюунчимэг Өмнөд Монголын Их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд сурахаар Монголд ирсэн аж. Сургуульд сурч байхдаа байр, хоолныхоо мөнгөнд нэмэр болох гэж нэгэн компанид ажиллах болжээ. Гэтэл ГИХАЭГ-аас түүнийг оюутны визээр ажил хийсэн гэж 2013 оны наймдугаар сарын 30-нд албадан гаргах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ түүнийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад нэвтрэх эрхгүй болгож, паспорт дээр нь хар тамга даржээ.

Ө.Оюунчимэг одоо Эрээнд амьдарч байгаа. Жуулчны компанид ажилладаг түүнд дарамт их байдгийг ойр дотнынхон нь ярьсан. Монгол Улстай хил залгаа хотод амьдарч байгаа гэдэг утгаар Монгол руу явж магадгүй гэдэг үүднээс байнга шахам шалгадаг аж. Бас гадаад паспорт дээрээ хар тамга даруулснаас болж жуулчид авч Хятадын хот хооронд явахад хүртэл хүндрэлтэй болжээ.

Монголоо гэж ирээд хөөгдөөд буцсан ч тэрбээр Монголын талаар нэг ч муу үг унагадаггүй юм билээ. Боломж л гарвал монгол дээлээр гоёдгийг нь найзууд нь ярив. “Монгол хувцас минь бидний брэнд” гэж бахархдаг нэгэн. Бас “Би хэзээ ч, хаана ч явсан Монгол гэсэн бүх зүйлд хайртай” гэж ярина. “Монголоороо бай, сэтгэлээрээ бай. Бүх зүйл сайхан болох болно” гэж бусдадаа зөвлөнө. Хамгийн хайртай хотоо Улаанбаатар гээд Монгол Улсыг харамгүй магтана. Түүний facebook хуудсаар дүүрэн Монголын байгалийн зураг бий. Камертон хамтлагийн дууг сонсч, Чойномын шүлэг уншиж, Монголын түүх судалдаг бүсгүй.

ӨДӨРЖИН ГУДАМЖИНД ЗОГСЧ ХАНДИВ ЦУГЛУУЛЖЭЭ

Монгол хүү түлэгдэж, Бээжинд эмчлүүлэхээр ирсэн талаар Ө.Оюунчимэг Бээжинд амьдардаг өмнөд монголчуудаасаа сонсчээ. Хүүд туслах аян өрнөхөд тэрбээр Эрээнээс хандив цуглуулахаар шийджээ. Ингээд Эрээнд амьдардаг өмнөд монгол дүү нартайгаа шөнөжин сууж хандивын хайрцаг хийж. Бас гудамжинд тавих том самбар бэлдсэн байна. Самбар дээрээ Билгүүдэй хүүгийн тухай мэдээлэл бичиж, сайхан сэтгэлт хүмүүсээс хандив хүсч байгаагаа монгол бичиг, криллээр болон хятад ханзаар бичсэн байв. Ийн бэлтгэлээ хийж дуусаад “Монгол бахархлын өдөр” буюу өнгөрсөн ням гаригт Эрээн хотын Их дэлгүүрийн үүдэнд өглөөний 9.00 цагаас эхлэн зогсчээ. Зөрж өнгөрсөн хүн бүрээс мөнгө гуйсан гэнэ. “10, 20 юаниар ганцхан удаа таксинд сууна.

KFC-ийн нэг бургер авч иднэ. Ганц удаа явган алхаад, хоол идэхгүй тэвчихэд зүгээр шүү дээ. Нэг удаагийн хоолны мөнгөөрөө ч гэсэн тусална уу”, “10 юань тань 100 болог, 100 юань тань 10000 болог” гэж хүмүүсээс мөнгө гуйсаар байж. Бас цахим хуудсаар “Эрээнд ажлаар ирсэн, жуулчилж яваа хүмүүс туслалцаа үзүүлээч. Монголчууд бид хамтдаа нэг хүүд тус болъё” гэдэг зар түгээсээр байжээ. Хүмүүс арав нь арав, зуу нь зуун юаниа хандивын хайрцаг руу хийсээр л байж. Ө.Оюунчимэг Эрээнд байгаа нутаг нэгтнүүдтэйгээ хамт шөнө дунд болтол зогсч хандив цуглуулжээ. Үүр цайх үед хандивын хайрцгаа нээгээд цугласан мөнгөө тоолоход яг 20805 юань болсон байж. Цугласан мөнгөө хүүгийн ээжийн дансанд хийснийхээ дараа нэг том ажлын ард гарсан мэт сайхан санагдсан гэсэн. Тэрбээр “Эрээнд байгаа хүмүүс Монгол хүүхдэд хандив өргөх ёстой гэж бодсон. Эрээний эдийн засаг, аж ахуйн хөгжил Монголтой маш их холбоотой” гэж ярьсан.

Ө.Оюунчимэг монгол хүүд туслахын тулд арваннэгдүгээр сарын 21-нээс өдрөөс 24-нийг хүртэл өдөр, шөнөгүй ажиллаж, 6.4 сая төгрөгийн хандив цуглуулсан нь энэ. Түүнтэй ижил элэг нэгтэн олон залуус хүүд туслахын тулд өдөр, шөнөгүй ажилласан. Бээжин, Хөх хот, Хайлаар, Авга, Шулуунцагаан, Хөвөөт шар, Урудын дунд хошуу, Баруун үзэмчин, Ордос, Шинжааны Үрэмч хотод Наянбат тэргүүтэй өмнөд монголчууд “Амьддаа бие биенээ хайрлая” хандивын тоглолт зохион байгуулжээ. Тэд Хөвөөт шараас 16000, Авгаас 37900, Өрөмчөөс 37000 юань босгож чадсанаа мэдээлсэн. Билгүүдэй хүүгийн эмчилгээнд нийт 60 сая төгрөгийн хандив цугласны 40 саяыг нь өмнөд монголчууд өгчээ.

Билгүүдэй хүүд арьс нөхөх мэс засал хийсэн нь амжилттай болсон. Нөхсөн арьсных нь 90 хувь нь төлжиж эхэлсэн гэнэ. Одоо хүүгийн биеийн байдлаас шалтгаалж хоёр дахь мэс заслаар хөлийг нь тайрах эсэхийг шийдэх аж. Бээжингийн эмнэлэгт өмнөд монгол оюутнууд ээлжээр хүүгийн ээжид орчуулга хийж байгаа. Тэд хандивын аянаа зогсоосон ч ээж хүү хоёрт тусалсаар байгаа нь энэ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Ц.ӨРНӨХ