Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Бактери хүртэл шинэ үеэ 20 минут тутамд төрүүлж байна

Олон улс, дэлхийн хэмжээнд судалгаа явуулж, сонирхолтой дүгнэлт гаргадаг хүмүүс байх юм. Саяхны нэгэн жишээг дурдахад дэлхий дээрх амьд организмуудын хөгжлийг авч үзжээ. Дэлхийн сээр нуруутан хийгээд хөхтөн, өвсөн тэжээлтэн болоод махан идэштэн амьтад байгалийнхаа хуулиар шинэ үеэ төрүүлж хувьсч байдаг гэсэн судалгаа гарч. Товчхондоо эдгээр амьтад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт явагдах бүрт дасан зохицсон шинэ үеэ байнга төрүүлдэг гэжээ.

Мөн нян бактериудыг устгахын тулд хүн төрөлхтөн жил, хагас жилд нэг нээлт хийдэг бол нян бактер нь 20 минут тутамд шинэ үеэ төрүүлэн гаргадаг байна. Энэ нь хүний биеийг идэгч, эд эрхтэнг устгагч бактертай тэмцэхээр бид хагас жилийн турш ажиллаж нэг эм гарган авлаа гэхэд 20 минутын дараа үр дүнгүй болж тэр эмэнд дасалтай бактерийн шинэ үе төрдөг гэсэн үг юм.

Харин улс орны буюу угсаатны шинэ үе, хөгжлийг судлахад харьцангуй өөр өөр хугацаа гарсан байна. Сонгуулиас сонгуулийн хооронд хөгжин өөрчлөгдөж байдаг улс орон энэ цагт бий болсон бол мянган жилийн турш өөрчлөгдөөгүй угсаатан ч байгаа гэнэ. Бас нэг зуун, нэг жаран гээд өөр өөр хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгддөг тухай ч сонстож байна. Манай улсын хувьд “хувьсан өөрчлөгдөх, шинэ үе төрж хөгжлийн дараагийн шатанд гарах үйл явц хэт удаан өрнөдөг” орнуудын жагсаалтад орсон бололтой. Гвинейн хүний махан идэштэн, төв Азийн малын махан идэштэн гээд урагшилж өөдөлдөггүй орнууд нэг мянганд шинэ үеэ төрүүлдэг гэж тодотгосон бололтой.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 5. Буд гариг. Билгийн тооллын 14. Дэлгэрүүлэгч одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 08.04 цагт мандан, 17.48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.

Categories
гадаад мэдээ

Хятадын аж үйлдвэрийн салбар уналтад оров

Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт аравдугаар сард буурч тус улсын эдийн засагт хүндрэл учирсныг албан ёсны судалгаа харуулжээ. Хятадын худалдан авалтийн менежерийн индекс өмнөх сард 51.1 байсан бол аравдугаар сард 50.8 болж буурсан байна. Саяхан гаргасан судалгаагаар долоогоос есдүгээр сарын хооронд тус улсын эдийн засгийн өсөлт өмнөх улиралтай харьцуулхад 7.3 хувь болтлоо буурж, сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа аж. Бээжингийн удирдлагууд хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд орон сууц худалдан авалтад тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлж,томоохон банкуудад олон тэрбүм долларын санхүүжилт зээл олгохоо мэдэгдсэн байна. Мөн Хятадын төв банк зарим банк хоорондын зээлийн хүүг бууруулсан байна.

Энэ жил Хятадын засгийн газар эдийн засгаа 7.5 хувь болгон өсгөх зориллтой ажиллаж байгаа хэдий ч олон арван шинжээчид үүнийг биелүүлхэд хүндрэлтэй гэж үзэж байгаа аж.

Б.Анужин

Categories
гадаад мэдээ

Гар бөмбөгийн тэмцээн үзэх гэж байгаад хоригдсон Иран бүсгүй өлсгөлөн зарлав

Иранд эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээн үзэх гэснээс болж хоригдсон Иран бүсгүй хоёр дахь удаагаа өлсгөлөн зарлажээ. Тэрээр өнгөрөгч зургадугаар сарын 20-нд хэдэн бүсгүйчүүдийн хамт Иран,Италийн гар бөмбөгийн эрэгтэй багийн тэмцээн үзэх гэж байгаад баривчлагдан өлсөглөн зарлаж байжээ. Гончех Гхавами өөрийг нь хууль бусаар цагдан хорьж, хэргийг нь авч хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байгаа талаар түүний ээж “ББС” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Харин түүний өмгөөлөгчийн мэдээлснээр шүүхээс Гончех Гхавамиг төрийн эсрэг ухуулга суртал тараасан хэмээн буруутгасан баримт нотолгоог үзүүлсэн аж. Гэсэн хэдий ч төв шүүхээс түүнд оноосон ялыг баталгаажуулаагүй бөгөөд хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Гончех Гхавами нь Иран,Их Британи хоёр иргэншилтэй бөгөөд Их Британийн тал энэ хэрэгт ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Хэдийгээр Иран хоёр улсын иргэншлийг зөвшөөрдөггүй ч Их Британид зөвшөөрдөг байна.

Б.Анужин

Categories
мэдээ спорт

Өнөө шөнө Аваргуудын лигийн дараахь тоглолтууд болно

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн дөрөв дэх тоглолтууд манай цагаар шөнийн 01.00 цагаас “Зенит”, “Байер Ливеркүзэн” багуудын тулаанаар эхлэх гэж байна. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тулаанаар өнгөрсөн жилийн аварга “Реал” болон Английн алдарт “Ливерпүүл” клубуудын тулаан нэрлэгдэж байна.

Өнгөрсөн тойрогт “Ливерпүүл” өөрсдийн “Энфилд” цэнгэлдэхдээ эзэн хааны багийг хүлээн авч тоглосон ч 3-1 харьцаатай ялагдал хүлээсэн билээ. Ингэснээр тэд хэсэгтээ гурван тойргийн дараах байдлаар 1 хожил, 2 хожигдолтой гуравдугаар байрт явж байгаа бол “Реал”-ын хувьд 100 хувийн амжилттай В хэсгийг итгэл төгс тэргүүлж байгаа билээ.

Мөн уг тоглолтод “Реал”-ын супер од Криштиану Роналду Аваргуудын лигийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Раул Гонсалесын (71) гоолын рекордыг эвдэх боломжтой байгаа юм. Тэрбээр нийт 70 гоолыг эсрэг багынхаа хаалганд шигтгэсэн бөгөөд хэрэв өнөөдөр гоолдвол Раулын амжилттай зэрэгцэж ирэх юм. Ингээд өнөө шөнө явагдах тоглолтын хуваариудтай танилцацгаая.

Зенит – Байер
Бенфика – Монако
Мальме – Атлетико
Ювентус – Олимпиакос
Реал Мадрид – Ливерпүүл
Базель – Лудогорец
Арсенал – Андерлехт
Боруссия Д – Галатасарай

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс- Таван толгой”-оос олон ноцтой зөрчил илэрчээ

МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж “Эрдэнэс-Таван толгой” компанид хийсэн ажлын хэсгийн шалгалтын талаар танилцууллаа. Өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Таван толгой” компанид шалгалт явуулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахлан шалгалт явуулсан байна. Шалгалтаар төрийн өмчийн тус компанид олон ноцтой зөрчил илэрчээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа “Төрийн өмчийн оролцоотой компаниудад хууль, хяналт хэрэгжихээ байсан үйлдлүүд их байгааг энэ шалгалтаар нотоллоо. Ялангуяа санхүүгийн тайлан нь маш будлиантай байдаг юм байна. Ер нь төрийн өмчийн компаниуд их үрэлгэн байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Улаанбаатар дахь оффист л гэхэд нийт 123 хүн ажиллаж байна. Тэд нар нь бүгд сонгуулийн дараа хэн нэгний шахаасаар орсон хүмүүс. Тэр хэрээр үргүй зардал их гарч байгаа нь санхүүгийн аудитын шалгалтаар нотлогдсон” гэлээ.

Мөн тус компани нь Төрийн өмчийнх мөртлөө Төрийн өмчийн хорооны хяналтад байдаггүй аж. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэнд “Говь повер” компанийн тендерийг хүчингүй болгосонтой холбоотойгоор тус компаниас хөрөнгө оруулалт хийсэн хэмээн долоон тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж, үүнийг нь шүүхийн явцад хоёр тал харилцан тохиролцоод 4.7 тэрбумыг “Эрдэнэс Таван толгой” компаниас “Говь повер” компанид шилжүүлж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн хөгжлийг хэлэлцэв

Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилт хоёр жилийн хугацаанд ямар үр дүнд хүрч байгаа болон ямар бэрхшээл үүсч байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс аймгуудын Засаг дарга нар оролцлоо. Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш орон нутгийн хөгжлийн бодлого орхигдоод байсан бол сүүлийн хоёр жилийн дотор аймгийн төвүүд өнгө төрхөө өөрчилж, гудамж замууд шинэчлэгдэж, орон сууцны хорооллууд босч байна. Хөдөөд гол бэрхшээл болж ирсэн дулаан, цахилгааны хангамж эрс сайжирснаар үйлдвэрлэл, бизнес тэлэх таатай нөхцөл бүрдэж байна гэж дээрх аймгуудын удирдлагууд хэллээ. Зөвхөн аймгийн төвүүд биш сумд ч орчин үеийн хот суурингийн жишгээр хөгжиж эхэлсэн нь Монгол Улсын түүхэн дэх том дэвшил юм. Улсын хэмжээнд 19 сумыг жишиг болгон шинэчилж байгаа бол өөр олон сум өөрсдийн санаачилгаар орчноо өөрчилж байна. Орон нутагтаа иргэд тав тухтай, ажил орлоготой амьдрах боломж ийнхүү бүрдсэнээр хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдэл эргэж эхэлсэн гэж Засаг дарга нар онцоллоо. Алслагдсан аймгуудаас өнгөрсөн 20 жилд хамгийн олон иргэн нийслэлд шилжиж ирсэн бол энэ оны эхний 9 сарын байдлаар Увс аймагт 2000, Ховд аймагт 1000 гаруй хүн, Сүхбаатар аймагт 130 гэр бүл төрөлх нутагтаа буцан нүүж очжээ.

Жижиг засвар, тохижуулалтыг хүртэл “төвийн” зөвшөөрлөөр хийдэг байсан санхүүгийн механизмыг халж, 2012 оноос төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн. Орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлуудыг иргэдийнхээ оролцоотой эрэмбэлж, шуурхай хэрэгжүүлж чаддаг болсны үр дүнд ард иргэдийн амьдрах орчин эрс сайжирч байгаа гэнэ.

Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж байгаа ч орон нутагт эдийн засгийн нөхцөл эерэг үзүүлэлттэй байгаа. Орон сууцны борлуулалт, иргэдийн хадгаламж тогтмол өсч байгаа нь үүний илрэл юм гэж зарим аймгийн Засаг дарга тодотголоо. Увс аймагт энэ оны эхний 9 сарын байдлаар иргэдийн хадгаламж 6 тэрбумаар нэмэгдсэн. Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 2 жил дараалан 30 гаруй хувиар өссөн, бусад аймгийнх ч тогтмол өсч байгааг статистикийн мэдээнээс харж болно гэлээ.

Аймгийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл бий болж байгаатай уялдуулан зарим аймаг шинэ төлөвлөлт хийж байна. Энэ төлөвлөлтдөө гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж, хувийн хэвшлээ идэвхтэй оролцуулахыг эрмэлзсэнээр зарим аймаг хуваарилагдсан төсвөөсөө давсан бүтээн байгуулалт хийж чадсан. Эрчтэй урагшилж байгаа энэ мэт ажлууд тасалдалгүй үргэлжлэх нь чухал байна гэж аймгийн Засаг дарга нар хэлэлцүүлгийн үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балетад тоглох хүүхдүүдийг шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ.

Германы зохиолч Е.Т.А. Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 06-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.
Харин монголчууд 1982 оны тавдугаар сарын 08-нд “Цөмөөхэй”- тэй танилцаж байсан бөгөөд хүүхэд, багачуудын хайрыг татсан энэ бүтээлийг дэлхийн олон театрууд шинэ жилийн баяраар тоглодог уламжлалтай. Манайх ч энэ уламжлалын дагуу тоглодог.

Тэгвэл тус жүжигт тоглох хүүхдүүдийг шалгаруулж авах гэж байгаа бөгөөд энэ талаар Балетын хөгжлийн сангаас маргааш 11.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд мэдээлэл хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

СЕХ Олон улсын сонгуулийн байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн болжээ

Сонгуулийн ерөнхий хороо Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Энэхүү шийдвэрийг 2014 оны өнгөрөгч 29-30-ны өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны хурлаас гаргажээ.

Тус хурлаар холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, мөн ОХУ, Малдив, Узбекистан улсуудыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргасан байна.

Энэ байгууллагын дүрмийн дагуу Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, таван гишүүн бүхий удирдах зөвлөлд нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороог сонгосон байна.Энэ нэр хүндтэй үүргийг манай байгууллага 2016 онд болох Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны Ерөнхий Ассамблейн чуулган хүртэл гүйцэтгэх ажээ.

Энэтхэгийн нийслэлд болсон дээрх арга хэмжээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн байгууллагуудын төсвийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх бодлого баримталжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор тус байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Мөн гишүүдийн асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулж байлаа. Монгол Улсын 2015 оны төсөв хэмнэлтийн горимд шилжсэн ч хууль зүйн байгууллагуудын төсвийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх бодлого баримталсан байна. Энэ нь хуулийн салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотой бөгөөд шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор зарим орон нутагт шинээр байшин барих гэх зэрэг зардлуудыг тусгажээ. Мөн хуралдааны үеэр шүүгчид өөрсдийнхөө цалинг тогтоодог буруу жишиг тогтлоо гэдгийг гишүүд эрс шүүмжилсэн. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр энэ онд шүүгчдийн цалин хамгийн багадаа 3.6 сая төгрөг болж нэмэгдсэн юм. Уг нь үүнийг УИХ баталгаажуулах байсан ч өнөөг хүртэл асуудлыг хэлэлцэж амжаагүй байгаагаас хуулийн салбарын бусад байгууллагууд шүүхийнхэнтэй барьцах дүр зураг үзэгдэх болсныг гишүүд шүүмжиллээ.