Categories
мэдээ нийгэм

Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна

Нийслэлийн Засаг Дарга ” Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/935 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулж, дахин 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулж байна.
Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл шатахуун болон бусад зардлаар ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж шаардагдах вакцин, эм урвалж, халдвар хамгаалалын хувцас, бусад материалаар ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явцад хяналт тавьж, цаашид ариутгал халдваргүйтгэлийн бодис, бензин шатахуун, вакцины нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр дараахь байнгын хороод хуралдана

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал.

/Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

1.11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН 09.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

2.11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН 15.00 цагаас:

Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг огцруулахыг байнгын хороо дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хороо 89.5 хувийн ирцтэйгээр УИХ-ын 28 гишүүнээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд гишүүд үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр санал хураалт явуулах нь буруу. Гэхдээ заавал санал хураана гэж байгаа бол хураахаар яахав” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа “МАН-ын огцруулах саналаар би огцруулахгүй. Харин Ардчилсан намын удирдлагуудын нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой” гэсэн уриалгыг хүндэтгэн Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар хоёр жилийн хугацаанд ажиллалаа. МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу. Би Ардчиллын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. Бид хэлмэгдүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаглан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан. Тиймээс Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан. Хаянхярваа гишүүнээ тоглоом тогтой нь дээр шүү” гэсэн юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад Байнгын хорооны хуралд суусан 17 гишүүний 11 нь дэмжсэн юм. Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг хамгаалсан үг хэлж байсан ч санал хураах үед эсрэг санал өгч харагдав. Үүнийгээ тэрбээр “Андуураад буруу кноп дарчихлаа” хэмээн хэлсэн юм. Харин Р.Бурмаа гишүүн хэлсэн ёсоор эсрэг санал өгсөн бол Шударга ёс эвслийн бүлгээс Л.Цог, Г.Уянга нар Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэдэг саналыг дэмжсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэн хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан удахгүй эхлэх гэж байна.

Э.ЭНХ

Categories
гадаад мэдээ

Америкчууд эболагийн асуудлаар эсэргүүцлийн жагсаал хийв

Баруун Африкийн орнуудад дэгдэж, 5000 гаруй хүний аминд хүрсэн эбола вирусыг зогсоохын тулд ДЭМБ болон АНУ-ын Эрүүл мэндийн яам хангалтгүй ажиллаж байна хэмээн Америкийн зарим мужийн иргэд эсэргүүлийн жагсаал зохион байгуулсан тухай “wsj.com” мэдээллээ. Жагсагчид “Зогс эбола” гэж бичсэн лоозон барьцгаасан байжээ. Тэд өнөөдрийг хүртэл эбола вирусыг зогсоох бэлдмэл гаргаж чадахгүй байгаа ДЭМБ-ыг буруушаасан байна. Зарим жагсагчид дээрх вирусыг Европын орнууд санаатайгаар тараасан гэжээ. Ийнхүү хэлж буй шалтгаанаа жагсагчид “Эболагаар өвчилсөн европ хүмүүс бүгд эдгэрч, эрүүл болсон. Дэндүү сэжигтэй байна” гэсэн байна. Эбола вирусээр өнөөдрийн байдлаар 5100 хүн амиа алдаж 13500 хүн халдвар авсан гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Сагсчид өнөөдөр Макаогийн шигшээ багтай тоглоно

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээн Тайваний Тайпей хотноо үргэлжилж байна. Манай сагсчид тэмцээний эхний тоглолтоо Хятадын багтай хийж 52:66 –ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Өчигдөр манай сагсны шигшээ баг Тайванийн багийг 73:66 –ийн харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр манай улс нэг хожил, нэг хожигдолтойгоор хэсгийнхээ хоёрдугаар байранд бичигдэж байна. Тэд өнөөдөр Макаогийн шигшээ багтай тоглоно.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Д.Адилхүү: Манай цонхноос дөрвөн метрийн зайд барилга барих гэж байна

Манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулагдсанаас хойш нар харах эрх чөлөөгөө хасуулсан маш олон иргэн бидэнд хандсаар байна. Тэдний нэг нь Д.Адилхүү юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, XI хорооллын тавдугаар байрны 38 тоотод оршин суудаг юм байна.

Та яагаад манай төрийн бус байгууллагад хандах болсон юм бэ?

-Би XI хорооллын тавдугаар байрны оршин суугч. Манай байрны урд талд “Бөмбөлөг” хэмээх хувийн цэцэрлэг барилга барих гээд айлуудын цонхыг хааж, хашаа барин, газраа ухчихаад байна.

“Бөмбөлөг” цэцэрлэг угаас манай байрны гуравдугаар орцонд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Цэцэрлэгийн удирдлага бүр долоон жилийн өмнөөс барилга барина гэж явж эхэлсэн. Тухайн үед оршин суугч биднээс зөвшөөрөл авах гээд л яваад байдаг байсан. Оршин суугчид ч зөвшөөрөхгүй гэдгээ хэлдэг байв. Түүнээс хойш таг чиг больчихсон. Оршин суугчид ч “Больчихсон юм байх” хэмээн хоорондоо ярилцдаг байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн асуудал дахин яригдаж, цэцэрлэгийн удирдлагууд бүр хотын захиргаанаас зөвшөөрлөө авчихсан байна. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл даргын захирамжаар газрынхаа зөвшөөрлийг аваад, зураг төслөө хийлгэчихсэн байгаа юм.Барилгын ажил хэзээ эхэлсэн юм бэ?

-Энэ жилийн есдүгээр сараас эхлэн тойруулж хашаа бариад, газрыг нь ухаж эхэлсэн. Оршин суугчид бид эсэргүүцсэн. Учир нь нэг, хоёр давхрын айлуудын цонхыг бүрэн хаачихсан. Гэтэл цэцэрлэгийн удирдлагууд “Бид бүх холбогдох газрын албан ёсны зөвшөөрлийг авчихсан. Хотын даргын захирамж ч энэ байна” гээд хэдэн арван давхар бичиг цаас үзүүлсэн.

Оршин суугчид төрийн ямар байгууллагуудад хандсан юм бэ?

-Манай гэрийн цонх бүрэн халхлагдсан тул эхэн үед бид ганцаараа энэ талаар хөөцөлдөж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Анх Засгийн газрын иргэдийг сонсох утас “11 11” гэгч рүү утасдаж учир байдлыг хэлсэн. Гэтэл миний асуултын хариуд “Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байна. Гэхдээ та энэ байдлаа оршин суугчдын гарын үсэг болон иргэний үнэмлэхний хуулбарын баримттайгаар дахин хандаж болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь нэг давхрын арав гаруй айлын бүх хүний гарын үсгийг цуглуулаад явуулсан.

Тэгээд ямар хариу өгөв?

-“Албан ёсны зөвшөөрлөө авчихсан тул “Бөмбөлөг” цэцэрлэгийн барилга баригдах нь тодорхой юм байна” гэсэн хариу ирсэн. Энэ үед газар ухах ажил аль хэдийнэ эхэлчихсэн байсан тул оршин суугчид дахин гарын үсгээ зураад Э.Бат-Үүл даргад хандсан. Гэтэл тодорхой хариу өгөхгүй байсаар барилга эхлүүлэх зөвшөөрлийг нь өгчихсөн байсан.

Ингээд барилга бариад эхлэнгүүт зөвхөн нэг, хоёр давхрын арван хэдэн айл төдийгүй хоёр, гуравдугаар орцны 50 гаруй айл бүгд эсэргүүцэж эхэлсэн. Бид дахиад л хотын дарга Э.Бат-Үүл, ИХТ-ийн дарга Д.Баттулга, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарт хүсэлт хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг болтол ямар ч амжилт олохгүй байна.

Шинэ барилга танай байрнаас хэдэн метрийн зайтай юм бэ?

-Айлуудын цонхноос дөрөв хүрэхгүй метрийн зайтай.

Барилга хэдэн давхар, ямар төсөвт өртөгтэйгээр баригдах юм бол?

-Энэ цэцэрлэг хоёр давхар, 835 сая төгрөгөөр баригдах юм гэнэ лээ.

Хэдийгээр хоёр давхар ч гэлээ нэг, хоёр давхрын айлууд бүрэн халхлагдаж байгааг дээр хэлсэн дээ. Гэтэл энэ байдлыг маань доромжилж байгаа мэт “Хотын ерөнхий төлөвлөгөөний газрын албан тушаалтнууд “Хоёр давхар барилга айлын цонх халхална гэж байдаггүй юм” гэж хүртэл хэлж байгаа юм.

Одоо барилгын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Барилга барих гээд газраа ухаж байтал дулааны шугам гараад ирчихсэн. Үүнийг ч бас Дулааны шугам, сүлжээний газраас асуухад “Хоёр жилийн өмнө “Бөмбөлөг” цэцэрлэгийн удирдлагууд зөвшөөрлөө авчихсан. Гэхдээ одоо техникийн нөхцөл нь дууссан. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд хэрэв барилгаа баривал дахин техникийн нөхцөлөө боловсруулж зөвшөөрөл авах ёстой. Ингэхдээ дулааны шугамыг доод тал нь таван метрийн зайд зөөж байрлуулах ёстой” гэсэн хариу өгсөн юм.

Одоо бол барилгын ажил зогсчихсон байгаа. Миний бодлоор аравдугаар сараас тавдугаар сар хүртэл халаалт ирчихдэг учир дулааны шугам, сүлжээний ажил хийдэггүй. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд үүн дээр гацчихаад, барилгаа эхлүүлж чадахгүй байгаа болов уу. Оршин суугчид бидний хувьд энэ хугацаанд амжиж, зөвшөөрлийг нь хүчингүй болгох талаар хөөцөлдөж байна. Яг энэ үед танай сонин “Цонхоо нээцгээе” хөдөлгөөн өрнүүлж байгааг сонсоод танайд хандсан юм. Ийм том хэмжээний сонин, энгийн иргэдийнхээ төлөө тэмцэхээр болсонд танай хамт олонд маш их талархаж байна. Бид яг үнэнийг хэлэхэд одоо хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна.

Та дээр хэлэхдээ оршин суугчид зөвшөөрсөн учир төрийн байгууллага зөвшөөрөл олгосон тухай ярьсан. Үнэхээр зөвшөөрсөн болоод л ийм шийдвэр гаргасан юм биш үү?

-Бид тэр гарын үсэг зурсан бичгийг үзсэн. Оршин суугчидтайгаа ч уулзсан. Тэгэхэд “Бөмбөлөг” цэцэрлэгийнхэн тухайн хаяг дээр байхгүй хүний хуурамч гарын үсэг цуглуулсан байна лээ. Үүнд бид гайхаж байгаа. Яагаад төрийн байгууллага нь үүнийг нягталж болоогүй юм бол. Хорооноос нь утсаар асуухад л тавдугаар байрны тэдэн тоотод, тийм хүн суудаг гээд л хэлнэ шүү дээ. Үүнийг цэцэрлэгийн эрхлэгч н.Отгонжаргалд хэлэхээр “Танайд ийм хүн байсан шүү дээ” гээд улайм цайм худлаа хэлж байна лээ.

Ер нь энэ барилга хотын ерөнхий төлөвлөгөөнд орчихсон, албан ёсны зөвшөөрөлтэй юм биш үү?

-Орчихсон. Гэхдээ айлын цонхноос дөрөв хүрэхгүй метрийн зайд барилга барьж болно гэсэн хууль манайд байдаг юм уу. Барилгын тухай хуульд дөрөв хүртэл давхар барилга хамгийн доод талдаа 15 метрийн зайтай байх ёстой юм билээ.

Тэгвэл анх жижиг газар аваад, барилга барихдаа томруулчихсан болж таарах нь ээ дээ?

-Тийм болж таарч байна. Анх 285 мкв талбай авсан юм билээ. Тэгснээ бид цэцэрлэгийнхээ гадаа ийм зүлэг, ийм мод тарина гээд газар нэмж авсан байгаа юм.

Нөгөө талаас бодоход хүүхдийн цэцэрлэг ховор үед цэцэрлэг барина гэдэг гэгээтэй зүйл биш үү?

-Одоо энэ цэцэрлэгт арав хүрэхгүй хүүхэд сурч байгаа. Цэцэрлэг барьчихвал хорооны хүүхдүүдийг хөнгөлөлттэй суралцуулна гэж байгаа. Гэхдээ ямар төрийн цэцэрлэг биш дээ, хувийн цэцэрлэгт хэдий олон хүүхэд явах билээ. Магадгүй оршин суугчдын таамаглаж буйгаар энэ барилгыг эхлээд цэцэрлэгийн зориулалтаар барьчихаад нэг, хоёр жилийн дараа ямар ч зориулалтаар ашиглахыг хэн мэдлээ.

Цонхыг маань халхалж барилга барьснаар зөвхөн бидний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй эдийн засгийн хувьд ч хүнд байдалд оруулж байгааг хэлмээр байна. Одоо ингэж цонхоо халхлуулсан үл хөдлөх хөрөнгийг цаашид хэн худалдаж авах юм бэ. Энэ талаас нь бодсон ч жирийн иргэд биднийг маш хүнд байдалд оруулж байна.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Шүрхүү: Өнөөдрийн Орос, Хятад хоёр 20 жилийн дараа баталгаатай найзууд байх уу

Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай оронд айлчилсан. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлаад ирлээ. Эдгээр айлчлалаас манай оронд юу үлдэв?

-Монгол Улс уул уурхай гадаад зах зээл дээр сайн байхад хоёр хөршөө үл тоох маягтайгаар бодлогоо тодорхойлж их давилуун явсан цаг үе бий. Гэтэл уул уурхайн экспорт хумигдаад ирэх үед манай орон ямар эмзэг эдийн засагтай вэ гэдгээ мэдэрсэн. Хоёр хөрштэйгээ ойртох болсон нь сүүлийн 10 жилд гуравдагч хөршийн бодлого эдийн засгийн хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрээгүйтэй холбоотой. Улс төрийн бодлого сайн хэдий ч эдийн засаг хүндрээд, хөрөнгө оруулалт буурах үед бид гэнэт сэхээ авсан юм. Бид хоёр хөрштэйгээ ойртох болсон гол шалтгаан нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Сүүлийн хоёр жил шуурхай арга хэмжээ авч Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиа өөрчлөөд гадаад талдаа анхаарч эхэлж байгаа ч үр дүн нь хараахан гараагүй байна. Си Жиньпин дарга манай оронд айлчлахдаа зээл тусламжийг урьд өмнө нь байгаагүйгээр өглөө. В.Путиныг ирэхэд төмөр замыг хос болгох, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, далайн тээвэр, транзитын асуудал яригдсан. Энэ бүхэн ердөө эхлэл. Тодорхой тохиролцоонуудаа бид хийж чадсанаар гадаад орчноо сайжруулах эхлэл тавигдсан. Гэвч бидний хүсэн хүлээж байсан үр дүн хэзээ гарах вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна. Гадаад валют, хөрөнгө оруулалт нэмэгдсэн зүйл алга. Улсын төсөв хүндхэн хэвээрээ байгаа. Тиймээс 2015 онд гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл ямар болох нь тодорхойгүй байна.

Транзит тээвэр, төмөр замын асуудлыг айлчлалуудаар ярьсан. Ази Европыг холбосон төмөр зам Монголоор дамжина гэсэн. Эдгээр нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх бол. Хоёр хөршөөс манай руу чиглэх валютын урсгал бий болох уу?

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаар шийдэгдсэн хамгийн чухал зүйл нь төмөр зам, транзит тээврийн асуудал байсан. Хятадын тал анх удаа транзит тээвэрт 40 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлнэ. Мөн далайн боомтууд руу хүрэх боломжийг нээхээр болсон. Харин хариуд нь “Та нар төмөр замын асуудлаа нарийн царигаар шийдвэл боломжийг та нарт олгоно” гэсэн.

ОХУ-ын талаас Алтанбулагаас Замын-Үүд хүртэл төмөр замын гол шугамыг 2020 он гэхэд хос болгон цахилгаанжуулах бол Арц суурь, Эрдэнэт, Хөвсгөлийн зам барихаар тохиролцсон. Уг тохиролцоонуудыг харж байж бид дараагийн алхмуудаа хийнэ. Төмөр замын царигийг бид явцуу хүрээнд шийдээд байгаа юм. Монгол Улс төмөр замаа ямар үндэслэлээр байгуулах вэ гэдгээ нарийн тооцоолж чадахгүй байгаа. Манайхан төмөр замаар зөвхөн нүүрс зөөнө гэсэн бодолтойгоор царигийн асуудлыг ярьсан. Төмөр замаа барьж чадаагүй байтал үндэслэл муутай гэдэг нь харагдсан. БНХАУ импортын нүүрсээ хязгаарлаж эхэлсэн. Түүнчлэн нүүрсний үнэ унасан. Хятадын тал коксжих нүүрсэндээ гурав, бусад нүүрсэндээ зургаан хувийн татвар бий болгосон. Нүүрсээ авахдаа хүртэл өндөр шалгуур тавьсан. Тэгэхээр манай нүүрс маш хямд гарах нэг зам байна. Эсхүл ямар ч экспорт байхгүй. Ийм тохиолдолд бидэнд өргөн, нарийн аль ч цариг байсан нүүрсээ борлуулж чадахгүй. Бараг л төмөр зам барих шаардлага байна уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Би 2010 онд царигийн асуудлыг ярьж эхлэхэд “Бид Ази Европыг холбосон транзит тээврийн бүс зангилаа болж хөгжих ёстой” гэдгийг хэлж байсан. Царигийн асуудал дээр бид хаанаас шилжүүлэн ачих вэ гэдэг зүйл бодогдож байлаа. Бидний ирээдүйн гол зорилго нүүрсээ зөөх биш Монгол Улс Ази Европыг холбосон эх газрын дамжин өнгөрөх зангилаа цэг болох ёстой. Аль аль айлчлалын хүрээнд төмөр замыг далайн боомттой холбох тухай ярьсан нь хамгийн том ололт болсон.

Та урд хөршид очиж боомтын талаар судалгаа хийчихээд ирсэн гэв үү?

-Би Си Жиньпин даргын айлчлалын дараа Хятадад очиж манайхан далайн боомтыг ашиглах боломж хэр байгаа талаар судалгаа хийсэн. Бид хоёр боомтоор яваад ирэхэд хоёр сонин зүйл ажиглагдсан. Тэр нь юу гэхээр Тяньжин боомтод очиход нурмаг бүтээгдэхүүний бирж гэж ажилладаг юм байна. Бирж дээр ажиллах нөхцөл боломж хангалттай байна лээ. Энд Монголын нүүрс ирдэг юм уу гээд сонирхтол ирдэггүй юм байна. Манайхаас гарсан нүүрс Ухаагийн нүүрс нэрээр ирдэг юм билээ. Монголын говиос авсан нүүрсийг Өмнөд Монголын талд угааж цэвэрлээд “Ухаагийн нүүрс” гэдэг нэр өгөөд автомашинаар зөөдөг юм байна. Түүнээс биш бидэн шиг Чалкод гэрээний нөхцөлөөр нэг сая тонн нүүрс өгнө гэж тохиролцоод хэрүүл ам хийгээд явдаггүй юм байна. Бид нүүрсээ тэнд өгвөл ашигтай ажиллаж болохоор санагдсан. Нүүрсээ яаж зөөж байгаа талаар нь судлахад тэнд очиж буй нүүрсний 70-80 хувь нь автомашинаар тээвэрлэгддэг юм байна лээ. Төмөр замаар Шинхуа гэх мэт том компаниуд өөрсдийн замаар зөөдөг.

Тяньжиний хажууд Дунжанд манайхан газар түрээслэх гэж байгаа. Хятадын талаас бидэнд амлалтаа өгсөн. Үүнийг түргэвчлэх шаардага бий гэдэг нь анзаарагдлаа.

Дараагийн боомт нь Зиньжоу юм. Уг боомт нь газарзүйн хувьд Монголын хилээс 800 гаруй км зайтай. Тэр боомтын бүтээн байгуулалт өнөөдөр явагдаж байгаа. Тус боомт нь нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт нунтаг бүтээгдэхүүн, үр тариа, газрын тос, байгалийн хий ачиж буулгадаг боомт газрыг бүтээн байгуулж байна. Энэ нь Сибирь, Монголын зах зээл рүү чиглэсэн гэдэг нь шууд харагдаж байгаа юм. Тяньжин боомт улсынх бол Зиньжоу нь анхны хувьцаат компани юм билээ. Үүнээс үзэхэд Монголын дорнод хэсгээр эдийн засаг, зам тээврийн хоёр дахь зүүн талын хонгил үүсгэх боломжтой. Төмрийн хүдэр, нүүрс, үр тариаг ч гэсэн цаашид зөөж болохоор байна.

Тэгвэл Оросын зах зээл ямархуу байдалтай байгаа бол?

-ОХУ, БНХАУ хоёр 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларын бараа бүрээгдэхүүний эргэлт хийнэ. Тэгэхээр хоёр хөршийн хоорондох бараа бүтээгдэхүүний урсгал нэмэгдэнэ. Дорнод бүсээр эдийн засгийн талын тээврийн хонгил үүсэх бүрэн боломж байна. Оросын Алс Дорнодоор явж байгаа хэсэг нь ачаалал ихтэй.

Хөөт-Чойбалсан-Бичигтийн хооронд 300-400 км төмөр зам барихад л бараг холбогдчихож байгаа юм. Азиас Европыг холбох тээврийн коридор хоёр урсгалтай байна. Төмөр замын бодлогоор Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цариг гээд тусгачихсан. Нарийвчлан судлаад үзэхэд Монголын хилээс 800 км төмөр зам тавьчихбал Зиньжоу боомтоос Европ хүртэл ямар ч асуудалгүй ажил явж байх том урсгал бий болно.

Таны энэ мөрөөдөл биелэх юм уу?

-Хэдэн жилийн өмнө байсан бол биелэхгүй байх байсан. Монгол Хятад хоёр улс иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрлээ. ОХУ, БНХАУ хоёр эдийн засгийн тал дээр ч гэсэн бүр нягт уялдаатай болсон. Хоёр хөрш худалдаагаа хөгжүүлье гэж байгаа бол энэ зурвас газрыг нээх ёстой. Өмнө нь Хятадын нутаг руу өргөн төмөр зам олон орсон. Нөгөө талаас Монгол Улс Тавантолгойгоосоо Гашуун сухайт хүртэл нарийн цариг тавьчихсан. Ингэж чадвал Монголын хоёр дахь том коридор үүснэ. Талын зам, Шинэ торгон зам, ОХУ дорно зүгт эдийн засгаа тэлэх гурван бодлого нийлж байгаа юм. Эдийн засгийн энэ коридор гурван оронд аль алинд нь ашигтай. Хятад үр тариа, газрын тос, нүүрсээр маш их дутагдаж байгаа орон. Мөн эрчим хүч, авто зам тэдэнд хэрэгтэй байна. Хятадын Шинэ торгон замын эдийн засгийн бүс XXI зууны далайн торгон зам гэдэг бодлого нь бодитоор хэрэгжих боломжтой. Хятад хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах сонирхолтой байгаа. Замын-Үүд Эрээн, Цагаан хад-Гашуун сухайт, Бичигт хавьд эдийн засгийн бүс үүсэх боломж байна. Ингэснээр Монголын дорнод бүс хөгжинө. Дорнод бүсэд бид үр тариа, тутрага, мал аж ахуйг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Бид ингэж зурвас бүс байгуулах хэрэгтэй. Бид мөн гурав дахь эдийн засгийн хонгил үүсэх боломжтой. Тувагаас орж ирж буй Арц суурь, Хөвсгөл, Эрдэнэт чиглэл урагшаа холбогдчихоор босоо тэнхлэг ороод ирнэ. Бид зөвхөн Тавантолгойн нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт зүйлсийг зөөнө гэж байхаар гурван улсыг холбосон энэ чиглэлээр төмөр замаа баривал ирээдүйтэй. Үүнээс харахад зургаан жил маргасан нарийн царигийн асуудал тийм ч чухал биш.

Алдаа нь юундаа байна вэ?

-Х.Баттулга, А.Гансүх сайд нар Монголын аюулгүй байдал, транзитын тал дээр анхаарсан бодлого нь зөв боловч хэрэгжүүлж байгаа арга нь буруу байсан. Тэд мэргэжлийн хүмүүсийг холдуулсан. Төмөр замчдын холбоо гэх мэт мэргэжлийн хүмүүс нь Засгийн газрынхаа эсрэг тэмцээд эхэлсэн. Үүнд хамгийн том асуудал нь бий. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоод ажлаа явуулж байсан бол зөв байсан. Манайхан цариг гэж их ярилаа. Монгол Улсын аюулгүй байдал царигтаа байгаа юм биш. Нарийн цариг бол мухар зам. Хятад Монголыг холбосон зам. Харин манай орны аюулгүй байдал нь транзит тээвэр. Талын зам бодлогоо манайхан эхэнд тавьсан бол царигийн асуудал ингэж газар авахгүй байлаа. Хятадад аялалаар явахад авто зам хамгийн чухал гэдгийг мэдлээ. Бид цариг шийдэж чаддаггүй юм бол өмнө зүгтээ маш сайн авто зам тавих хэрэгтэй.

Хятад руу эрчим хүч экспортлох асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Бид эрчим хүч экспортлохдоо хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Эхнийх нь З.Энхболд даргын хэлснээр ерөнхий хэлэлцээр хийж, зарчмаа тохиролцох ёстой. Оюутолгойгоос 10 центээр авдаг хэрнээ экспортлохдоо хоёр центээр экспортолж болохгүй биз дээ. Эхний ээлжинд үнээ зөв тохирох. Өөр нэг зүйл нь технологийн асуудал. Монгол Улс хөгжлийн чанарын шинэ түвшинд очих ёстой. Хятадууд хоцрогдсон цахилгаан станцуудаа хааж байгаа. Тэрийг нь бид авч ирж хэрэглэж болохгүй. Монгол Улс үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих хэрэгтэй. Бид Монголын хангай, говио сүйтгэж болохгүй. Нар, салхины том хөшгөн цахилгаан станцыг барих ёстой. Орчин үеийн томоохон цахилгаан станцуудыг томоохон хэдэн газраа байгуулах шаардлагатай.

Хийн хоолойн асуудлыг гадагшаа явж ирсэн хүн бүр манайх тавина гэж байна. Гэтэл хоёр хөрш олон сая ам.доллараар зургаа гаргуулж хэдүйн гарын үсэг зурсан нь тодорхой боллоо. Хийн хоолой Монголоор дамжих юм уу. Хоолой тавилаа гэхэд хойноосоо Орос, урдаасаа Хятадуудын нөлөө онцгой ихсэх юм биш үү?

-Энгийн утгаараа хийн хоолой тавих нь транзит тээврийн орон гэдэг утгаараа хоёр гурван ашигтай тал бий. Талын замын давуу тал нь баялагаа ухахгүйгээр дамжин өнгөрөхөд нь төлбөр авах юм. Бодит байдал дээр Оросын тал дорно зүг рүү хандаж буй хандлагаа алсын бодлоготой хийж байна. Энэ нь газрын тосны хоолойноос тодорхой харагдсан. Оросын бодлого нэг зах зээлээс хараат байхгүйн төлөө явж байна. Тэд дорно зүг рүү хараагаа тэлэхдээ хэд хэдэн чиглэл рүү явж байгаа. Газрын тосны хоолойг Номхон далайн эрэг, Хятад гэсэн хоёр салаа замаар тавьж байна. Хятадтай харилцаа муудах үед далайгаар газрын тосоо гаргана. Өнөөдрийн ОХУ, БНХАУ хоёр 20 жилийн дараа баталгаатай найз байна гэсэн үг биш. Тиймээс стратегийн бодлогоороо Алс Дорнодын бүс далайн боомт руугаа чиглэж байна. Хийн хоолойгоо ч гэсэн тэгж тавих гэж байгаа юм. Алс Дорнодын эрэг рүүгээ нэг тавиад нөгөө салааг нь хятад руу дамжуулна. Том гүрнүүд 20-30 жилийн цаадахыг харж байна. Харин монголчууд 2-3 жилийн цаадахаа бодож байна. Зөвхөн ганц Хятад руу чиглүүлж хийн хоолойныхоо чиглэлийг өөрчлөхгүй. Энэ бол баталгаатай. Ирээдүйд манай орныг дайруулан том оврын биш юм аа гэхэд бага оврын хоолой явж магадгүй. Монгол Улс Орос, Хятадын өрсөлдөөнийг ашиглах ёстой. Хятадууд манайд хайртайдаа далайн боомт руу төмөр зам тавих гээд байгаа юм биш. Оросын нөлөөг ядаж Улаанбаатараас хойш нь гаргах гэсэн санаа. Энэ бүхнийг бид ойлгох шаардлагатай.

Олон улс судлалын хүрээлэн цаашид ямар асуудалд анхааран ажиллах вэ?

-Өмнө нь хүмүүс манай хүрээлэнг төдий л сайн анзаардаггүй байсан. Харин хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын дараагаас энэ байдал эрс өөрчлөгдсөн. Бид ч гэсэн олон улсыг нээх цонх болж ажиллах хэрэгтэй байна. Хүмүүс Стратегийн хүрээлэн байхад танайх байх шаардлага байгаа юм уу гэдэг. Эд бүгдээрээ чиг үүрэг нь өөр. Стратегийн хүрээлэн хагас албан шинжтэй. ҮАБ-ын ажлын албаны дэргэдэх байгууллага. Зөвхөн орос хятадаас гадна дотоод, гадаад аюулгүй байдлыг давхар хариуцдаг. МУИС дээр олон улсын харилцааны сургууль гэж байна. Тэд сургалтаа хийж, бага зэргийн судалгаа хийдэг. Харин манай хүрээлэн Орос, Хятад болон бусад орны эрдэмтэд ирж ном хаялцдаг, бүх зүйлийг нээлттэй судалдаг байгууллага. 2008 онд манай хүрээлэнгээс санаачилан Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн форум гэж байгуулсан. Уг форумаараа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэж таван удаагийн форумыг хийсэн. Тэр болгон дээр гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярьдаг байсан. Тухайн үед Оросны эрдэмтэд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярих болоогүй гэдэг байлаа. Гэтэл Душанбед анхны уулзалт боллоо. Гадаад харилцааны дэд сайд нар уулзлаа. Ирэх жил Шанхайн хамтын ажиллагаан дээр уулзахаар болсон.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярболд: Нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдтой цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-“Алтангадас трейд” компанийн БНСУ-аас оруулж ирсэн таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “ESSE” тамхийг улсын орлого болгож, битүүмжлээд буй. Юуны учир ийм арга хэмжээ аваад байна вэ?

-Тамхины бизнес эрхлэгчдийн холбооноос МХЕГ-т хаяг, шошгын зөрчилтэй, Монгол Улсын нэгдэж орсон ДЭМБ-гаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенц, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн хаяг шошго бүхий тамхи худалдаалагдаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн мөрөөр хяналт, шалгалтыг тус компани дээр удирдамжийн дагуу хийсэн. Шалгалтаар “ЕSSE Lights”, “ЕSSE Change” нэрийн тамхинууд дээрх конвенц, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлээд, уг тамхинуудыг худалдан борлуулахыг нь зогсоож, битүүмжилсэн байгаа. Тус компанийн агуулахад байсан хуучин стандартын үед оруулж ирж худалдаж байсан тамхины үлдэгдлүүдийг нийлүүлээд нийт таван тэрбум төгрөгийн тамхи битүүмжилсэн.

Нэг компани таван тэрбумын үнэтэй бараагаа улсын орлого болгуулж, битүүмжлүүлнэ гэдэг маш том цохилт. Үүний нөгөө талд нэг компани ийм их хохирол амсч байгаа нь танай байгууллага энэ чиглэлийн сургалт, сурталчилгаа бага хийж, тухайн компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгдөггүй байх гэж ойлгож болох юм?

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаран болчихоод байна. Мөн янжуур тамхины стандартад өөрчлөлт орсон. Хууль хэрэгжиж эхлэх болон шинэ стандартыг мөрдөж эхлэхээс өмнө тамхины бизнес эрхлэгчдэд хугацаа өгсөн нь тэдний бизнесийг хамгаалж, бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг зарж борлуулж дуусгах, энэ хооронд дараагийн бүтээг­дэхүүнээ хэвлүүлэх зэрэг боломжуудыг олгосон. Шинэ стандартыг батлагдсан өд­рөөс нь бус тодорхой хуга­цааны дараа хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийг ч мөн адил тэгсэн шүү дээ. “Алтангадас трейд” компани нь хууль, стандартын өөрчлөлтүүдийг мэдэж байсан.

Та бүхэн хяналт шалгалт явуулахдаа торгож, битүүмжлэхийг энэ тэргүүнд тавьдаг юм уу. Тухайн бизнесийн байгууллагын эрх ашгийг хэр анхаарч үздэг юм бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын зарчим бол хууль, тогтоомж, стандартуудыг албадан хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, эдийн засгийн байдалд дэмжлэг үзүүлсэн, аль болохоор эдийн засаг болоод үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг тусгадаг. Гэхдээ үнэхээр хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн байвал энэ хэвээр нь үргэлжлүүлээд байх боломжгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар алдаа дутагдлыг нь засуулах арга хэмжээ авдаг. Тухайн тамхинуудын хувьд яалт ч үгүй Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэж орсон олон улсын конвенцийг зөрчсөн байгаа нь дээрх арга хэмжээг авахад хүргэсэн. Шууд устгах юм уу, дараагийн арга хэмжээг аваагүй байна. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас тодруулга авч, Стандартчилал хэмжилзүйн төвөөс шошгын стандартыг зөрчсөн байна гэдэг мэдээлэл авсан. Нэг байгууллагын өнцгөөс бид энэ асуудалд хандаагүй.

Тамхины бизнес эрх­­­лэгчдийн холбоо “Алтан­гадас трейд” компанийн талаар мэдээлжээ. Үүнээс харахад нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесменүүд нэгнийхээ эсрэг ажил зохиогоод байгаа юм шиг. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж анзаарч болох нь?

-Манай байгууллагад хэн ч өргөдөл, гомдол гаргаж хандаж болно. Гаргасан өргөдөл гомдол нь эрхзүйн үндэслэлтэй бол хууль тогтоомжийн дагуу л хяналтаа явуулна. Түүнээс биш тухайн байгууллагын цаана ямар ашиг сонирхол байсныг бид мэдэхгүй. Илэрч байгаа зөрчил нь хууль тогтоомж зөрчсөн байвал хуулийн дагуу л хариуцлага тооцоод явна. Тамхи гэдэг энэ зүйл эрүүл мэндэд хортой. Нийт өвчлөлийн дотроос зүрх судас, амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи. Тэгэхээр тамхин дээрх зурган анхааруулга, шошгын асуудал чухал юм. Тамхины дотор агуулагдаж байгаа бохь, никотиноос илүүтэй шошгон дээрх анхааруулга, зөвлөмж нь нийгмийн эрүүл мэндийн ач холбогдлоо өгч байдаг нь нотлогдсон. Никотин нь 1.5, 1.6 байх нь ялгаагүй. Аль аль нь хортой. МХЕГ, тамхины хяналтад оролцогч байгууллагууд шошгон дээрх анхааруулгад ач холбогдол өгөөд байдаг нь ийм учиртай юм. Дээрх тамхинуудын хайрцган дээр “Зөөлөн амттай”, “Lithts”, “Зөөлөн амт нь сэнгэнэсэн амтаар солигдоно” гэх мэтээр бичсэн нь Тамхины хяналтын суурь конвенцийн 11-гийн “А”-г илт зөрчсөн. Бусад тамхинаас хор хөнөөл багатай, зөөлөн гэх мэтээр бичсэн нь тамхи үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн л нэг арга болж байгаа. Бүх тамхи л никотин агуулж байгаа учир хүний эрүүл мэндэд хортой.

Хэрвээ “Алтан гадас трейд” компани танайхаас тавьсан шаардлагуудыг биелүүлээд, бараагаа үйлдвэрлэгчид нь буцааж шошгыг нь стандартад нийцүүлэн дахин оруулж ирж болох уу. Ер нь тамхины чиглэлийн гэлт­гүй ийм байдалд орсон компаниудад гарах гарц байдаг уу. Хуулинд ингэж харж үзсэн, бизнес эрхлэгчдээ анхаарсан зүйл заалт бий юу?

-Бид хууль тогтоомжийнхоо дагуу л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Нийслэлийн Прокурорын газарт хандаад, энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн шинж байна уу, үгүй юу гэдэг асуудал тавьсан. Тус газраас энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байж болзошгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуул гэсэн. Үүний дагуу бид Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хэлтэст энэ асуудлыг шалгуулахаар шилжүүлчихсэн. Үүний дараа ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд захиргааны журмаар шийдэхээр болбол манай байгууллагад ирэх ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага яаж шийдэхээс шалтгаална. Монголд мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн баримтаас харахад эргэж буцаана, реэкспорт хийгээд тэнд нь зөрчлийг арилгуулах гэсэн ямар нэгэн заалт байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийн дагуу Засгийн газрын 197 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд ерөөсөө хурааж устгана л гэсэн заалт байгаа.

Таван тэрбумын хөрөнгө шүү дээ, нэг компанийн. Хэдий нэг компани ч гэлээ цаана нь олон хүний эрх ашиг, амьдрал бий?

-Гэхдээ энэ асуудлыг хяналт шалгалт хийсэн байцаагч нар нь шийдэхгүй. Удирдлага, ерөнхий байцаагч нарын Зөвлөлийн хурлаар оруулж эцсийн шийдвэр гаргана. Гэхдээ одоо тэгж шийднэ, ингэж шийднэ гэж хэлж болохгүй.

Монгол Улсын хуулийн гаргалаа нь өөрөө шошгын стандартын зөрчилтэй байвал хураана, улсын орлого болгоно, олсон орлогыг нь улсын орлого болгоно, зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгана гэсэн л заалттай.

Сургуулийн бага ангийнхан, цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хордох нь ихэслээ. Сүүлийн хоёр сард ийм тохиолдол нэлээд гарлаа?

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийтдээ хордлого, халдварын таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гарсан. Хордлого халдварын гол шалтгаан нь юутай холбоотой байна вэ гэхээр үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл ахуйн зохистой дадлын мэдлэг хангалтгүй байна. Мэргэжлийн бус хүмүүс энэ ажлыг эрхэлдэгтэй холбоотой. Хүнсний бүтээгдэхүүнээ яаж тээвэрлэх вэ гэдгээ ч мэдэхгүй хүмүүс хүнс зөөж байна. Мэргэшсэн байдлыг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед тогооч, хүнсний чиглэлийн худалдагч нарыг түр сургалтаар бэлтгэж байгаа нь сургалтын чанар хангалтгүйг харуулж байна. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоодын хяналт сул байна. Цэцэрлэг байлаа гэхэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийнхээ эрүүл ахуйн зохистой дадал, хандлага ямар байгааг үнэлдэггүй, дотоод хяналт тавьдаггүй. Ийм байдлаас болоод энэ хордлого халдварууд гараад байна л даа. Эрүүл мэндийн зарим байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай ч холбоотой. Бид яагаад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсээс эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг нь шалгаад үзээд байдаг вэ гэхээр энэ маш чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Өмнөговь болон бусад газруудад гарсан зарим хордлогын хувьд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс нь өөрсдөө нян тээгч байгаа учир хоол хүнс бохирдуулах эх уурхай нь болж байна. Үүнийг үзэж шинжилж байгаа байгууллагууд нь үнэн бодит ажиллахгүй, шинжлэхгүйгээр шууд дэвтэрт нь бичиж өгдөг. Ийм байдлаас болоод хордлого, халдвар үүсээд байна. Гуравдугаарт, сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын хүчин чадал ихэссэн, ачаалал ихтэй ажилладагтай холбоотой.

Баян-Өлгий аймагт хоёр ч удаа хүүхдүүд хордсон тохиолдол гарлаа. Сүүлд Улаанхус суманд гарсан хордлогын шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-“Улаанхус суманд өнгөрсөн сарын 29-ний өдөр цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор өвдлөө” гэсэн мэдээлэл ирж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт шалгалт хийсэн. Анх ирүүлсэн мэдээлэлд 47 хүүхэд өвдсөн гэж байсан боловч нийт 74 хүүхдээс хоолноос хордсон гэх шинж тэмдэг илэрсэн. Үүнээс 51 хүүхдийн биеийн байдал дунд зэрэг, 19 хүүхэд нь гэрээр эмчийн хяналтад байна гэсэн мэдээ ирсэн. Эдгээр хүүхдүүдэд халуурсан, бөөлжсөн, биеийн байдал нь суларсан гэсэн шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Холбогдох шинжилгээнүүдийг авсан. Нян судлалын шинжилгээний хариу нь өнөөдөр гарна. Эхний шинжилгээгээр цусан суулгын нян илэрч байна гэсэн.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын тань хувьд нэг зүйл тодруулъя. Манай сонины байрны цонхнуудыг таглаж “Астра интернэшнл” компанийн “Астра буйлдинг” барилга баригдаж байгаа. Уг барилга баригдаж эхэлснээс хойш олон хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Ажлын байранд гэлтгүй ер нь хүнд байгалийн гэрэлтүүлэг шиг хэрэгтэй зүйл үгүй. Уг барилга баригдсанаас хойш манай сонины сэтгүүлч сурвалжлагч, ажилтнууд нар, салхи үзэхээ байж, хүнд нөхцөлд ажлаа явуулж байна. Та үүнд мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?

-2010 оноос өмнө бүх барилгын зураг төсөлд эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийгдэж, зураг төслийг нь эрүүл ахуйн байгууллагаас зөвшөөрсний дагуу барилга угсралтын ажил эхэлдэг байсан. 2010 оноос хойш яасан бэ гэхээр, тус онд Засгийн газрын 325 дугаар тогтоол болон Ариун цэврийн хуулинд өөрчлөлт оруулах замаар урьдчилан хяналтын энэ асуудлыг байхгүй болгосноос сүүлийн үед баригдаж байгаа барилга байгууламжийн барилга хоорондын зай, барилгын дотоод технологийн зохион байгуулалт нь хянагдахгүй явж байна. Үүнээс болж сүүлийн үед хоорондоо наалдсан, байгалийн гэрэлтүүлгийг нь хаасан барилгууд олширч байна.

Байгалийн гэрэлтүүлгийн ач холбогдол маш их л дээ. Нарны гэрэл нян, ашиггүй бичил биетнийг устгадаг бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Харин нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг гэж ойлгож болно. Нарны гэрэл нь хаагдсанаар тухайн барилгад хөгц, мөөгөнцөр үүсэх асуудал үүсдэг. Яагаад хөгц мөөгөнцөр үүсдэг вэ гэхээр байгалийн гэрэлтүүлэг дутсанаас болдог. Нарны гэрэлтүүлэг нь хүний биед нөлөөлж, бодисын солилцоонуудыг эрчимжүүлдэг. Хүмүүс нарны гэрэлд биеэ ээж, D витаминыг нийлэгжүүлнэ гэдэг шүү дээ. Энэ асуудлууд байхгүй болсноор ажлын байр, гэр орон, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа бид сургалтын боловсролын байгууллагад энэ асуудлыг тавьдаг. Байгалийн гэрэлтүүлэг ямар байх ёстой юм. Цонх, шалны харьцаа хэд байж гэрэлтүүлгийн норм хангагдах ёстой юм гэдэг шаардлагуудыг тавьдаг. Гэтэл өнөөдөр бизнес эрхлэгчдийн юм уу, эсвэл цаана нь ямар нэг эрх ашгийн үүднээс хуулинд өөрчлөлт оруулсан нь ийм нөхцөл байдлуудыг бий болгож байна. Одоо эрүүл ахуйн талаасаа болохгүй байна гээд бид очиж, хяналт тавьж, барилгын ажлыг нь зогсоох эрхзүйн үндэсгүй болсон гэж хэлж болно.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах гутлын үйлдвэр ашиглалтад орлоо

Өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэр ашиглалтад орлоо. Гэхдээ энэ бол үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын тоо. Хүчин чадлаа бүрэн ашиглавал ийм тооны гутал өдөр бүр үйлдвэрлэж чадна гэсэн үг. Одоохондоо олон нийтийг хамарсан захиалга орж ирэх­гүй, зах зээл бага байгаагаас хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа ажээ. Нээлтээ хийгээд гурав хонож буй “Best shoes” гутлын үйлдвэр дээр очив. Үүдэндээ эрэгтэй хүний аварга том гутал урлаад тавьчихаж. 220 см-ийн урттай, 342 размерийн уг гутал Монголын хамгийн том ботинк гэсэн. Шинэ үйлдвэрийнхээ нээлтэд зориулан тус компанийн авьяаслаг залуус аварга гутлыг урлажээ. Тус үйлдвэрт 40 гаруй залуус ажиллаж байна. Дизайн, эсгүүр, оёдол, уллагаа гээд дамжлага бүрт мэргэжлийн боловсон хүчин бий. Эднийд ажиллаж буй залуусын олонх нь их, дээд сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс. Шинэхэн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд, захиалга ихтэй болохоор ажлын байрны тоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

“Best shoes” гутлын үйлдвэр 2001 онд байгуулагджээ. Захирлыг нь Б.Түвдэнням гэдэг. Тэрээр “Урлах эрдэм” дээд сургуулийг гутлын дизай­нер, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсчээ. 24 дэх жилдээ гутал хийж байгаа юм байна. Гутлын үйлдвэр хаагдахаас өмнө сүүлийн хоёр жилд нь ажиллачихсан. Үйлдвэр ямар байдгийг мэдэх учраас өнөөдрийнх шиг хэмжээний үйлдвэртэй болох юмсан гэж мөрөөдөж явсаар шинэхэн үйлдвэрээ нээжээ. Ингэхдээ Засгийн газраас зарласан 888 төслийн хүрээнд Чингэс бондоос хоёр тэрбум төгрөгийн зээл авсан байна. Түүгээрээ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж зэргийг худалдан авчээ. Тоног төхөөөрөмжөө бүр Италиас оруулж ирсэн гэнэ. Одоо тэдэнд зөвхөн үйлдвэрлээд байх л үүрэг үлджээ. Энэ тухайгаа Б.Түвдэнням захирал “Өнгөрсөн бямба гаригт үйлдвэрийн нээлт болсон. Цахим хуудсуудаар манай үйлдвэрийн тухай мэдээлэл гарсан байна лээ. Уншигчид ч нэлээн сэтгэгдэл бичсэн байсан. Ерөнхий сайдтай ах дүү мэт л бичиж. Зээл авчихаар ингэдэг бололтой юм. Ингэж юм хийх гээд ядаж яваа нэгнээ хий хардаж байхаар ганц ч гэсэн урмын үг хэлж болдоггүй юм болов уу гэж бодогддог юм байна” гэв.

“Best shoes”-ийнхэн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, цэрэг, цагдаагийн, малчны гээд төрөл бүрийн гутал хийж байна. Эрэгтэй гутал дотроо бас л олон янз. Өвлийн, хавар намрын, богино түрүүтэй, урт түрийтэй гээд явж өгнө. Материал нь ч бас харилцан адилгүй. Гоёлын арьсан гутал хийнэ. Бас жинхэнэ матрын арьсаар ч гутал хийж байгаа ажээ. Ингэхдээ зүгээр нэг олдсон матрын арьсаар нь хийчихгүй. Хэвлий хэсгийн арьс хамгийн зузаан байдаг болохоор тэр арьсыг нь л хэрэглэдэг гэсэн. Ийм гутал 700 мянган төгрөгийн үнэтэй. “Best shoes”-ийн хамгийн үнэтэй гутал ажээ. Учир нь матрын арьс үнэтэй байдаг гэнэ. Нэг гутал хийх арьсыг 500 мянган төгрөгөөр авдаг юм байна. Бас цэрэг, цагдаагийн гутал хийдэг. Дотор гадаргүй арьсан гутал чийг татахгүй. Цэрэг, цагдаагийн байгууллагын захиалгаар хэд л бол хэдийг үйлдвэрлэж өгөх бүрэн боломжтой гэсэн. Харин малчдад зориулан оломцогтой гутал үйлдвэрлэж байгаа ажээ. Эмэгтэй гутал ч бас төрөл бүрээрээ байна. Гоёлын өндөр өсгийтөөс эхлээд урт, богино түрийтэй, хавар намрын, өвлийн, өсгийтэй, өсгийгүй гээд эмэгтэйчүүд ямар л гутал өмсөхийг хүсдэг тэр бүхийг “Best shoes” үйлдвэрлэж буй. Бас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загварын тундр гутал үйлдвэрлэж эхэлжээ. Уг гутал цаа бугын гутал шиг битүү үстэй. Гэхдээ үс нь үхрийнх. Үхрийн үсийг янз бүрийн будганд оруулалгүй, байгалийн өнгөөр нь ашиглаж байгаа юм байна. Эдний гутлын үнэ 360-395 мянган төгрөгийн ханштай ажээ. Дээрх үнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа гэнэ. Эх орондоо үйлдвэрлэж байж яасан үнэтэй зардаг юм, баячуудын гутал хийлээ гэж зэмлэх нь ч бий. Тиймээс арай хямд арьс авч өртөг багатай гутал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүнийхээ зэрэгцээ сайн чанарын гутлаа ч үйлдвэрлэнэ гэж байв. “Бид Засгийн газраасаа зээл аван ажиллаж байгаа. Монголчуудынхаа итгэлийг алдаж болохгүй. Тиймээс хамгийн сайн гэсэн бүхнээр л гутлаа хийдэг. Муу арьстай ганцхан гутал худалдаанд гаргалаа гэхэд миний 24 жилийн хөдөлмөрийг үгүй хийчихнэ. Алдах эрхгүйгээр ажиллаж байгаа” гэж Б.Түвдэнням захирал ярьж байв. Эднийх гутлынхаа материал, түүхий эдийг голдуу гаднаас оруулж ирдэг ажээ. Уг нь дотоодынхоо арьс, шир, нэхийг ашиглая гэж бодоод хэдэн жилийн өмнө Дарханаас нэхий, арьс худалдан авчээ. Түүгээрээ 200 гутал хийгээд худалдаанд гаргачихсан чинь худалдан авагчид нь эргэж ирээд бөөн хэл ам болж. Учир нь боловсруулалт муутай нэхийгээр доторлочихоор чийг татаад, өмсөхийн аргагүй болж байсан гашуун туршлага эднийд бий. Тиймээс одоо худалдан авагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд сайн чанарын арьс, нэхий гаднаас оруулж ирж байгаа юм байна. Харин олонд танигдаад, худалдан авалт ихтэй болчихоор түүхий эд үйлдвэрлэгчид ч гэсэн эднийд зориулан арьс, нэхийгээ боловсруулдаг болох байх гэж тооцоолж буй ажээ. Ер нь тус гутлын үйлдвэр борлуулалт сайтай болчихвол дагаад хөнгөн үйлдвэрийн салбарт олон ажлын байр нэмэгдэх юм билээ. Жишээ нь, аль нэг цех эдний гутлын зөвхөн өсгийг л хийхэд хэд хэдэн ажлын байр нэмэгдэх боломжтой юм байна.

“Best shoes”-ийн үйлдвэр гурван давхар байртай. Доод давхар тэр чигтээ үйлдвэрийн байр. Нэгэн жигд хувцсаар ижилссэн гуч гаруй залуус ажиллаж байна. Хоёр давхарт загвар зохион бүтээгчид сууна. Шинэ загвар зохиохоос гадна орж ирсэн хүн бүртэй уулзаж захиалгыг нь авдаг. Эднийхийг зориод ирсэн хүн зөвхөн өөртөө зориулан цорын ганц гутал хийлгэх боломжтой. Ингэвэл гутлын үндсэн үнэ дээр 10-15 хувийн нэмэгдэл төлөөд л болоо. Тэр нь 15-30 мянган төгрөг болно. Өөрийнхөө дуртай хээ, оруулгыг хийлгэж болно. Бас өөрийн хүссэн өнгө, материалаа сонгох эрхтэй. Ер нь хүн юу хүснэ, тэр бүхнийг эдний хамт олон хийж өгч чадна.

Загвар зохион бүтээгчдийн өрөөтэй залгаад захиалгын хэсэг бий. Эхнэр, нөхөр хоёр ирчихсэн өвлийнхөө гутлын захиалгыг өгч байна. Хосууд “Best shoes”-ээр олон жил үйлчлүүлж байгаа ажээ. “Бөөр их өвддөг. Эдний гутлыг өмсөхөөр чийг татахгүй болохоор амар байдаг юм. Дөрвөн улиралд өмсөх бүх гутлаа эндээс авдаг. Гэрийн шаахай хүртэл “Best shoes”-ийнх” гэв. Харин дээд давхарт захирал, санхүүгийн албаныхан суудаг юм байна. Байрны давхар бүрт гутлын сувинер, гуталтай холбоотой сонин содон эдлэл байх ажээ. Харин гутлуудаа “Улаанбаатар” их дэлгүүр, Улсын их дэлгүүр, Маршалын гүүрний “Оргил” худалдааны төвд борлуулдаг юм байна.

Тус компанийнхан байгуулагдсан цагаасаа хойш захиалгаар гутал хийж эхэлжээ. Янз бүрийн л хүн захиалга өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гутлыг ч урладаг юм байна. Бас УИХ-ын гишүүдээс эхлээд олны танил эрхмүүд “Best shoes”-ийн гутлыг өмсөж байгаа гэсэн. Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол поп урсгалаа гаргаж ирэхдээ хувцаслалтдаа ч мөн үндэсний хэв маягийг шингээсэн. Тэр үедээ эднийхээр гутал хийлгэж байжээ. Мөн төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, МУГЖ Т.Ариунаа, “Увертура” хамтлаг гэхчлэн “Best shoes”-ийн гутлаар гоёдог олон хүн бий. Гутлаас гадна арьсан цүнх, хэтэвч үйлдвэрлэдэг. Гутал захиалж буй хэрэглэгч цүнхээ хослуулан хийлгэх дуртай байдаг гэнэ.

Тус үйлдвэр дотоодын зах зээлээ төвөггүй хангах боломжтой. Бүр хоёр хөрш рүүгээ ч экспортлох боломжийг эрэлхийлж байгаа ажээ. Жилийн өмнө Оросын томоохон сүлжээ дэлгүүртэй холбогдоход “Өдөрт 250 гутал хийдэг болчих. Тэгвэл манайх танай гутлыг зарж болно. Манайх Хятадаас гутал авч байхаар танайхаас авдаг болчихвол бидэнд ашигтай байна” гэсэн хариу өгчээ. Тухайн үед өдөрт 40 гутал хийдэг байсан болохоор тэгсгээд чимээгүй болчихсон аж. Одоо харин үйлдвэртэй болчихсон болохоор оросуудтай нүүр бардам харьцаж болохоор болжээ.

Б.Түвдэнням захирал үйлдвэрээ танилцуулах явцдаа “Ийм гоё үйлдвэртэй болчихлоо. Монголчууд маань дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд манай гутлыг худалдаж аваарай гэж уриалмаар байна. Ямар ч байсан чийг татахгүй гэдгийг бүрэн амлаж чадна. Загварын хувьд хэнд ч гологдохгүй болов уу. Манайхан чинь үнэтэй зүйл эдэлж хэрэглэж сурсан улс. Материал танихдаа маш сайн. Аль л сайн гэсэн материалаар гутлаа үйлдвэрлэж байна” гэв. Тэрээр эх орныхоо онцлог, цаг уурын байдлыг хэнээс ч илүүтэй мэдэрч гутлаа үйлдвэрлэдэг. Өвөл цас мөс ихтэй болохоор халтирахгүй ултай гутал хийхээ мэднэ. Бас хэр баргийн хүйтэнд хөл дааруулахгүй гутал үйлдвэрлэж байгаа ажээ.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН шинэ үеэ байг гэхэд дунд үеэ гаргаж ирэх цаг болжээ

Сүүлийн үед АН-д шинэчлэл явагдахгүй байна гэж нийгэм даяар шүүмжилж байна. Ортой л шүүмжлэл. АН-ын өрсөлдөгч бол МАН. Өрсөлдөгч хүчинтэй нь харьцуулаад үзэхээрАН шинэчлэгдэхгүй байна гэх шүүмжлэлд толгой дохихоос өөр арга алга. Энэ хоёр нам ерээд оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. МАН-ын хувьд ерээд оноос өмнөх түүх нь энд хамаагүй. Монгол Улс ардчиллыг сонгосон тэр үеэс энэ хоёр намын түүх эхэлсэн.

1990 онд МАН-ынерөнхий нарийн бичгийн дарга нь Ж.Батмөнх байв. Ж.Батмөнхөөс Г.Очирбат, Г.Очирбатаас Б.Даш-Ёндон ерөнхий нарийн бичгийн даргын албыг авч байлаа. Түүний дараа энэ намыг толгойлсон хүн нь Н.Багабанди. Энэ эрхэм намын даргын албаа Н.Энхбаярт өгсөн. Н.Энхбаяр М.Энхболдод, М.ЭнхболдС.Баярт, С.Баяр Сү.Батболдод, Сү.Батболд Ө.Энхтүвшиндсуудлаа шилжүүлсэн. МАН-ын одоогийн дарга нь М.Энхболд. Ийм олон дарга солигджээ, өнгөрсөн хориод жилд. Тэр тоолонгоор энэ намд шинэчлэл явагдсан.

Гарч ирсэн намын дарга бүр өөрийн гэсэн залуу, дунд үеэ улс төрийн ертөнцөд авчирсан, тунхагласан. Ахмад үеийнхнийхээ үгийг сонсч, хүндэтгэл үзүүлж, асарч тойлох бодлогоо ч гээгээгүй. Товчхондоо энэ нам ерээд оноос хойш төрөл арилжсан гэмээр шинэчлэгдэж чадсан.

Гэтэл АН өнөөг хүртэл ерээд оны хувьсгалчидтайгаа.Тэр үеийн хувьсгалчид ээлж дарааланнамаа удирдацгаасаар өнөөг хүрлээ. Сүүлдээ ч бүр дархлагдаж орхисон.Хувьсгалчид л энэ намыг төрийн өндөр албанд ээлж дараалан гарах шат болгон ашигласаар ирсэн. Одоо ч тийм.Шуудхан хэлэхэд хувьсгалчид зайгаа тавьж өгөхгүй байгаа учраас АН хөгжихгүй байгаа юм. Хатуухнаар хэлбэл энэ нам хувьсгалын удирдагчдынгарын шүүс болсоор энэ цагтай золголоо.

АН-д өнөөдөр дунд үе гэж алга. Дунд үегүй учраас залуу үеийн тухай яриад ч нэмэргүй нь тодорхой. Хамгийн харамсалтай нь ингэсний гороор Монголд ардчиллыг авчирсан АН бэхжиж өгөхгүй байна. Сүүлдээ энэ намын үйл ажиллагааг хэдхэн хүн өөр зуураа ярьж байгаад зохицуулдаг болж. Энэ хэдхэн хүн тойрч суугаад намын дарга гэдэг албыг бие биедээ дамжуулдаг болчихсон нь нуух шаардлагагүй үнэн.

Зүй нь намын дарга гэдэг албан тушаалтныгнамын их хурлаар ярилцаж хэлэлцэж байжсонгох учиртай. Гэтэл өнөөдөр юун Намын Их хурал. Намын Их хурлыг намын Үндэсний зөвлөлдөх хороогоор ярилцаж байж товлох ёстой. Гэтэл өнөөдөр юун Үндэсний зөвлөлдөх хороо. Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах үнэр ч алга.Номдүрмээрээ явах учиртай процедур өрнөх шинжгүй байна. Тэгээд ч фракц болгон өөрийн гэсэн ҮЗХ-ны гишүүдтэй. Тэр гишүүдээ анх сонгогдохоос нь эхлээд л фракцийн мөнгөөр гаргаж ирсэн байдаг. Ийм шалтгаантай учраас бүлэг фракцийн үгнээс гарна гэсэн ном байхгүй. Бүлэг фракцийг түрүүний ярьсан удирдагчид толгойлдог.

Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Дур зоргоороо авирлал, тэнэглэл гээд юунд ч халих ёсгүй хязгаар, даварч цаашлахгүй хүрээ гэж байх учиртай. Зүй, жамаас гажилгүй өрнөсөн үйл явдал бүхэн хөгжил дагуулсан байдгийг хүн төрөлхтний түүхээс харж болно. Тэнэглэл, дур зоргоороо авирлал хэтрэхээрээ мөхөл, сүйрэл авчирдгийг нотолсон өчнөөн үйл явдал ч хүн төрөлхтний түүхэнд бий.

Тэгэхээр энэ намын түүхийм маягаарөрнөх учиргүй. Учир нь АН Монголын энэ цагийн түүхэнд өндөр нөлөө үзүүлсэн улс төрийн том хүчин. Тэр хэрээрээ шинэчлэгдэж, хөгжиж, жам ёсоороо урагшлах үүргийг монголчуудын өмнө хүлээсэн нам.Хувьсгалчид нь ээлжлэн намаа удирддагөнөөгийн төрхөө өөрчлөх ёстой. Бүр тодруулж хэлбэл ҮЗХ-гоо шинэчилж, их хурлаа дахин шинээр байгуулах хэрэгтэй. ҮЗХ-гоо хуралдуулж, намын их хурлаа зарлаж байж даргаа сонгодог алтан зарчмаас гажих эрх хэнд ч байхгүй.Фракц удирдагчдын хоорондын яриагаар энэ намын хувь заяаг шийддэг жишигт цэг тавих цаг болсон. Намын тухай шинжлэх ухаанднам гэдгийг тухайн удирдагчаасаа үл хамааран амьдраад явах учиртай амьд механизм гэж үздэг юм билээ.

ҮЗХ, Их хурлын шинэчлэлтэй зэрэгцүүлж тавих нэг том асуудал бий. Өмнө дурдсанчлан дунд үеийнхнээ гаргаж ирмээр байна. Хувьсгал эхлүүлэх,эхлүүлсэн хувьсгалаа үргэлжлүүлж авч явах нь хувьсгалчдын түүхэн үүрэг байсан. Гэвч манай хувьсгалчид эхлүүлээд л хаясан гэдгийг бид бүгд мэднэ. Тэд гурван цуглаан, нэг өлсгөлөн л удирдсан. Харин одоо тэдэндзалуу, дунд үедээ зайгаа тавьж өгөхтүүхэн үүрэгирчихээд байна. Энэ намыг хувьсгалчид биш дунд үеийнхэн, бүтээн байгуулагчид, эдийн засгийн удирдагчид чиглүүлж залах үе ирсэн.

Их хурлаа товлож энэ намынхны дунд үеийнхэн болох Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр, А.Мөнхбат нарыг гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэд, тэдний дайны дунд үеийнхэн АН-ындаргаар ажиллаж, намаа удирдах эрэлт аль хэдийнэүүсчихсэн. Дунд үеийнхэннамаа авч явж, сонгуульд орох тохироо нь бүрдсэн гэх гээд байна л даа.

Засгийн газар одоогийн Ерөнхий сайдтайгаа ирэх сонгууль хүртэл ажиллах хэрэгтэй байна. Ирэх жил сонгуулийн өмнөх он учраас бужигнасаар байтал 2016 онтой нүүр тулна. Тэгэхээр АН-ын Засгийн газарт эрчимтэйажиллах жил гаруйхны хугацаа үлдсэн гэсэн үг. Засаг солигдлоо гэж бодъё. Шинэ Засгийн газар байгуулагдана, сайдууд нь яамдынхаа ажилд дасна, дадна, халаа сэлгээ хийгдэнэ гэсээр лав л хагас жил шаардагдана. Үлдсэн жил гаруйхны хугацаанд шинэ Ерөнхий сайдад даацтай, том ажил хийж бүтээх цаг, боломж гарахгүй.

Ардчиллын түүхэнд АН-ын гишүүд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг зэрэг хашсан түүх үгүй. Эрчтэйхэн ажиллаж, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ урагшлуулж, эдийн засгаа аятайхан шиг аваад явчих боломж бүрдсэн түүхэн үе анх удаа тохиож байгаа нь энэ. Гэтэл өнөөдөр АН боломжоо ашиглаж урагшлахын оронд хувьсгалчид ньөөр зуураа эвдрэлцэж, сандал ширээгээ булаалдаж, дунд, залуу үеэ гаргах сэхээгүй бужигналдаж байна. Ийм учраас л АН шинэчлэгдэхгүй байна гэж шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа юм.

Дахиад хэлэхэд АНдунд үеийнхнээ намын удирдлагад гаргаж ирж байж урагшилна. Ингэж зүй жамаараа хөгжиж байж нам шиг нам болно.Нам шиг нам байх зайлшгүй шалтгаан, үүрэгАН-д бий. Учир нь АНМонголын ард түмэн, тусгаар тогтнолд хэрэгтэй нам. Монгол ардчиллын загвараараа Азидаа тэргүүлдэг улс. Дэлхийд жишээболж яригддаг энэ ардчиллыг үндэслүүлж ургуулсаннам нь АН. Тэгэхээр намаа шинэчилж хөгжүүлэх цаг нь ирсэн гэх үг АН-д зөөлдөж байна. Харин намаа шинэчлэх, залуу, дунд үеэ гаргаж ирэхзайлшгүй түүхэн үүрэг хувьсгалчдын өмнө ирчихээд байна. Бараг л дахиад хувсгал эхлүүлэхтэй адил түүхэн үүрэг ирчихээд байна.

Ц.БААСАНСҮРЭН