Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 113 орон сууцны төсөл хэрэгжиж байна

Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа орон сууцны 113 төсөлд судалгаа хийхэд барилгын явц дунджаар 60-95 хувийн гүйцэтгэлтэй байна. Судалгаанд хамрагдсан 113 төслийн 39 нь бүрэн ашиглалтад орсон, 32 нь 80-95 хувийн гүйцэтгэлтэй, 29 нь 60-75 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Мөн барилгын явц өндөр байх тусам борлуулалт сайн байгааг үл хөдлөх хөрөнгийн агентлагууд онцоллоо. Гэхдээ зарим төслүүд олон сарыг борлуулалтдаа зарцуулсан боловч худалдан авалт хангалтгүй байгаа нь тухайн төслийн байршил, маркетингтай холбоотой гэж үзэж байна. Ерөнхийдөө борлуулалтад барилгын явц 19 хувь, байршил 13 хувь, үнэ төлбөрийн нөхцөл есөн хувь, маркетинг есөн хувийн эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Монгол Улсад улирлын онцлогоос хамаарч орон сууцны борлуулалт жилийн дөрвөн улиралд харилцан адилгүй байна.

Сүүлийн зургаан жилийн хандлагаар эдийн засаг хэвийн тохиолдолд 4-6 дугаар сар, 9-12 дугаар сард орон сууцны борлуулалт нэмэгдэж байжээ. Харин жил бүрийн хоёр болон долдугаар сард буурах хандлагатай байгаа аж. Цаашид Улаанбаатар хотод орон сууцны зорилтот төсөл хэрэгжүүлж, нийлүүлэлтийг нэмэгдэхээр байна. Энэ хүрээнд “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг орон сууцны санхүүжилтийн хувилбарыг боловсруулж 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулах үүрэг авчээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын ус хэт бохирдолтой байна

НМХГ-аас Улаанбаатар хотын иргэдийн ундны эх үүсвэр Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг одруулсан байна. Туул голын ус нь эхэн хэсэгтээ гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолттой байгаа аж. Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрнээс ус нь эрс бохирдож, тавдугаар зэргийн буюу их бохирдолттой ангилалд хамрагдаж байна. Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй байдаг гэж НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц ярилаа.

Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг. Уг сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь хамрагддаг гэж тэмдэглэсэн байна. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийг угааж, ундаалж урсаж буй энэ хэсэг хамгийн ихээр бохирджээ. Энэ нь голыг бохирдуулах эх үүсвэрийн тоо хэмжээ нийслэлд жилээс жилд нэмэгдэж буйтай холбоотой.

НМХГ-аас Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгдсэн бохир уснаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1.1-12.6 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.2-9.8 дахин их гарсан байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд умбуур бодисын хэмжээ 1.2-6.84 дахин их, аммиакийн хэмжээ 2-3.75 дахин их гарсан нь усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлагыг /МNS 4943:2011/ хангахгүй байгаа аж. Түүнчлэн бохир усны цэвэрлэгээний түвшин 61-90 хувьтай байгаа нь цэвэрлэх байгууламжуудын ачаалал их, техник, технологийн хоцрогдлоос шалтгаалж байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Хамгийн их орлого олсон дуучдыг тодрууллаа

2014 онд хамгийн их орлого олсон дуучдын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтын нэгдүгээр нэрт дуучин Бейонсе бичигджээ. Тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 115 сая ам.долларын орлого олсон байна. Бейонсе энэ жилй аялан тоглолт хийж нийтдээ 95 удаа тоглолтоо хийсэн гэнэ. Ингэхдээ нэг хотод хийсэн тоглолтоосоо 2.4 сая ам.долларын ашиг олжээ.

Уг жагсаалтын хоёрдугаар Тэйлор Свифт, түүний дараа Пинк, Рианна нар орсон байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Энэ сарыг 16 настнуудад зориулжээ

МЗХ-оос жил бүр уламжлал болгон Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байгаа талаар өчигдөр Монголын залуучуудын холбооноос мэдээлсэн юм.

Монгол улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол улсын иргэн болдог. Нэг ёсондоо 16 нас хүрч, өөртөө эзэн болох, нийгмийн амьдралд оролцох оролцоо, боломж нь нэмэгдэж, хариуцлага, үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан үе юм.

Энэ сарыг 16 настнуудын сар болгосонтой холбогдуулан Монголын залуучуудын холбооноос орон даяар аян өрнүүлж, олон олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.Тухайлбал, тэдэн зориулан “Миний мөрөөдөл-Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, “Спортлог залуу нас” спортын арга хэмжээ, “Эрүүл, идэвхтэй амьдрал” 16 настнуудын явган аялал, “Эдийн засгийн харилцаа” мэдээлэл сургалт, тэдэн санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Иргэний андгай өргөх ёслол” зэрэг ажлуудыг зохион байгуулна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” хамтлаг өнөөдөр Европыг зорино

“Харанга” хамтлагийнхан Европын улсуудад аялан тоглолт хийхээр болжээ. Тэд өөрсдийн 25 жилийн ойн хүрээнд гадаадад амьдарч байгаа Монголчууддаа ийнхүү бэлэг барихаар болсон байна. Тэд өнөөдөр Европыг зорих юм. Эл тоглолтонд “Харанга”-ынхан шилдэг бүтээлүүдээсээ үзэгчдэдээ хуваалцах бөгөөд тоглолтыг гадаадад амьдарч буй монголчууд зохион байгуулж байгаагаараа онцлог ажээ.

Дашрамд сонирхуулахад тэд эл аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод зочлон тоглох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тавигдана

НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэнэ. Уг бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. Германы зохиолч Е.Т.А.Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн музейд 2000 гаруй үзмэр дэлгэгджээ

ЦЕГ-ын Төв архивын газар, Хэвлэл мэдээллийн төв хамтран тус архивын газарт хадгалагдаж байгаа цагдаагийн байгууллагын хөгжлийн түүхийг харуулсан баримт бичиг, фото зургийг олон нийтэд сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж эхэллээ. Тус музейд үе үеийн цагдаагийн алба хаагчдын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэгсэл, одон медаль, ном товхимол бичиг баримтууд гээд 2000 гаруй үзмэр дэлгэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас Л.Гансүх нарын үйлдсэн гэх хэргийг дэлгэрэнгүй тайлбарлав

-Л.ГАНСҮХ НАРЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА ГЭЛЭЭ-

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ш.Баярбилэг нар өчигдөр “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнтэй хамт шалгагдаж байгаа хүмүүсийн эрхийг зөрчөөгүй гэдгийг тодотгосон юм.

Л.Гансүх нарын 10 холбогдогчтой “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн талаар Э.Амарбат “АТГ уг хэргийг 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогийн байдлаар 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Үүнээс зургаад нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэднээс гурвыг нь батлан даалтад гаргасан байгаа.

Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Багануур” ХХК, “Эм Жи Эл Эс Би” компаниудын хооронд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үүний өмнөх өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулганар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байсан. Энэ санхүүжилтийг 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан. Ингээд “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу нүүрс авахаар болсон. Нүүрс тээвэрлэх асуудлаар 2012 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Л.Эрдэнэбулган “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй гэрээ байгуулсан байна. Нүүрс тээвэрлэснийхээ төлбөрийг төлөхдөө “Багануур” ХХК-аас 27500 төгрөгөөр авсан нүүрсээ “Улаанбаатар төмөр зам”-д 40 мянган төгрөгөөр худалдаад тээврийн хөлснийхөө талыг төлсөн байдаг. Үлдсэн 820 сая төгрөгийн төлбөрийг бэлнээр төлсөн.

Нүүрсээ шигшүүлэх, ангилуулах ажлыг Багануур ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохирсон байсан. Энэ ажилтай холбогдох зардлыг “Багануур” ХХК-д олгоогүй. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХХК нүүрс шигшиж, ангилсны шатахуунд 399.3 сая төгрөг, тоног төхөөрөмж түрээслэхэд 63.9 сая төгрөгийн хохирол хүлээсэн. Эхний гэрээний дагуу нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Энэ гэрээний дагуу ажил явагдсан.

Э.Амарбат “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компанийн тухайд ярихдаа “Л.Гансүхийн найз 2010 онд “Эм Жи Эл Эс Би” компанийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Компани байгуулахдаа Л.Гансүхийн том охинтой хамтарсан байдаг. Улмаар 2012 оны аравдугаар сард нүүрсний жижиглэн худалдаа явуулахаар үйл ажиллагааныхаа чиглэлд нэмэлт оруулсан. Тэр үеэс Л.Эрдэнэбулган гэдэг хүнийг компанийнхаа захирлаар томилуулсан. Л.Эрдэнэбулган бол Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан нэгэн. Явцын дунд “Эм Жи Эл Эс Би” компанийг анх байгуулсан захирал нь Л.Гансүхтэйгээ санхүүгийн асуудлаас болж цаашид үйл ажиллагаа явуулахад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Ингээд 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Эм Жи Эл Эс Би Ди” компанийг шинээр байгуулсан. Энэ компанийнхаа захирлаар Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүүг томилсон. Улмаар “Эм Жи Эл Эс Би Ди” компани “Багануур” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Ингэхдээ нэг тонн нүүрсийг өмнөхтэйгээ адил 27500 төгрөгөөр авахаар болсон байна. Гэтэл үүнээс өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Багануур” ХХК-ийн ТУЗ хуралдаад нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах нь ашиггүй байна, тиймээс үнээ 39000 төгрөг болгоё гэдэг шийдвэрийг гаргасан. Ийм шийдвэр байсаар байтал Л.Гансүх нар “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга нарт нөлөөлж дахин ТУЗ-ийг хуралдуулж өмнөх шийдвэрийг нь өөрчлүүлсэн. “Эм Жи Эл Эс” болон “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөх М.Тулга ажиллаж байсан. Санхүүг нь хариуцсан ерөнхий нягтлангаар Л.Гансүхийн хадам дүүгийн охин ажиллаж байж. “Багануур” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012, 2013 онд нийт 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Эргүүлээд 2012-2014 онд иргэдэд 80 мянган төгрөгөөр зарахдаа 19.9 тэрбум төгрөг олсон байдаг” гэв.

4.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН АТЛАА ЗАСГИЙН ГАЗРААС 854 САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛСАН ГЭВ

Э.Амарбат цааш нь ярихдаа, “Эм Жи Эл Эс Би” компани анхнаасаа төлбөрийн чадваргүй байсан учраас “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас авсан 1.5 тэрбум төгрөгөөр ажлаа эхэлсэн байна. Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрийг дэмжих ажилтнуудын цалин хөлс, бусад зардалд зориулж нөөц сангаас 854 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ энэ мөнгө гараагүй байхад буюу 2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр “Эм Жи Эл Эс Би” компаниас Л.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар Л.Гансүхийн гарын үсэгтэй хуурамч тайлан гаргаж ЗГХЭГ, Эрчим хүчний яам болон холбогдох газруудад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны улмаас компани алдагдал хүлээж байна. Тиймээс тусламж үзүүлээч гэж хандсан байна. Ингэж хуурамч тайлан гаргаж, хандсанаар 2013 оны ес, арваннэгдүгээр сард нийт 854 сая төгрөгийг гаргуулж авсан. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг мөнгийг зориулалтын бус, шаардлагагүй зүйлд зарцуулсан. “Эм Жи Эл Эс Би”, “Эм Жи Эл Эс Би Ди” компаниуд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 4.915 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан нь тогтоогдсон. Ашгийг нь ангилж үзвэл “Эм Жи Эл Эс Би” компани 3.2 тэрбум, “Эм Жи Эл Эс Би Ди” компани 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг Үндэсний аудитын газар болон шинжээчид тогтоосон. Харин “Багануур” ХХК шигших ангилах ажлын зардал болон нүүрсний жингийн зөрүүнээс алдагдал хүлээсэн. Одоогоор 2.8 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн гэдэг дүгнэлт гарчээ. Хэрэгт холбогдсон хүмүүс дээрх аж ахуйн нэгжүүдийн касс, харилцах данснаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл шалгалтын явцад тогтоогдож байна. Одоогоор хэн, хэдэн төгрөг авч ашигласныг хэлэх боломжгүй” гэв.

ӨМГӨӨЛӨГЧИЙГ ШАЛГУУЛНА ГЭВ

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн зургаан холбогдогчийг цагдан хорихдоо хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжилсэн гэж АТГ-аас мэдээллээ. Цагдан хорих хугацаанд эргэлт, уулзалт оруулж байсан гэлээ. Мөн цагдан хоригдсон хүмүүсийг тухай бүрт нь эмчлүүлж байсан гэдгийг тодотгосон юм.

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргийн мөрдөн шалгалтыг хуулийн дагуу хийж байгаа гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тодотгоод Л.Гансүх нарын зарим өмгөөлөгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан гэдгийг мэдээллээ. Мөрдөн байцаагчийг хууль бус ажиллагаа явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулсан гэх үндэслэлээр өмгөөлөгчийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ хэллээ. Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь Урьдчилан хорих байранд Л.Гансүхийн өмгөөлөгчийн үлдээсэн баримтыг үндэслээд төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж цагдаад хандсан байна. Ө.Энхтөр энэ талаар “Л.Гансүхэд “Тулга өчигдөр эмнэлэгт гарсан. А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан. Миний хувьд нэлээд удах байх”, “Нэг дэх өдрийн орой Е.сайдтай уулзана. Өлсгөлөн зарлуулж байгаад эмнэлэгт гаргуулж авъя гэж яригдсан. Өчигдөр, өнөөдөр хоёр маш их мэдээлэл цацагдсан. Өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаа юу” гэсэн бичиг орсон. Цаасны ар талд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн албан бичиг байсан. Е.Сайд нь ямар сайд гэдгийг мэдэхгүй. Сайд гэдэг нь Төрийн өндөр албан тушаал учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад болох юм биш биз гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад хандсан” гэв.

*** *** ***

АТГ-аас ийм мэдээлэл хийсний дараа өчигдөр олон нийтийн сүлжээгээр багагүй хэлэлцүүлэг өрнөлөө. Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонхи нь АТГ-ыг хүний эрхийг зөрчиж байгааг онцолж, шүүх хэргийг шийдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлж байгаа нь буруу гэж байсан юм. Мөн “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байгаа нь арга ядсан хэрэг гэцгээж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл twitter хуудастаа “АТГ сэжигтнийхээ эсрэг нотлох баримт олохгүй болохоор өмгөөлөгчийнх нь эсрэг эрүүгийн хэрэг санаачилж яваа нь энэ байгууллага хүний эрхийг нэгмөсөн уландаа гишгэсний гутамшигт тохиолдол боллоо” гэж жиргэсэн байв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Элэгний хорт хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэллээ

Хавдар судлалын үндэсний төв

Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хавдрын судалгааны агентлагийн мэдээгээр 2012 онд дэлхийд 14,1 сая хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсон ба 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Глобакан 2012 судалгаагаар 2025 он гэхэд дэлхийд жилд 19,3 сая хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолжээ.

Монгол улсын хүн амын нас баралтын шалтгааны дунд хорт хавдар нь зүрх судасны тогтолцооны өвчний дараа хоёрдугаарт орж, нас барж буй 5 хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Ийнхүү хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож буйтай холбоотой. Түүнчлэн манай хүн амын дунд архи, тамхины хэрэглээ өндөр, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт гэх мэт хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өндөр хэвээр байна. ДЭМБ-ын судалгаагаар орчны хортой нөлөө, хүний амьдралын буруу дадал заншил, зохисгүй хооллолт, архи, тамхи зэрэг эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлснээр хорт хавдрын гуравны нэгээс сэргийлэх боломжтой гэдэг нь батлагдсан.

Иймээс хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжийн талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын дадал, хандлага төлөвшүүлэх нь хорт хавдраас сэргийлэх арга замын нэг билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 10 сарын 3-ны өдрийн 224 тоот тогтоолын дагуу жил бүрийн 11 сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх” 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн .

Энэ жил Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриан дор энэхүү аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд өсвар үе, залууст зориулсан хорт хавдар болон түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн талаар Facebook group, twitter ажиллуулж санал солилцож зөвлөгөө мэдээлэл өгөх, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх халдварын бус гаралтай хүчин зүйлийн нэг болох зөв зохистой хооллолтын талаар цахим өдөрлөг зохион байгуулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон санамж, зөвлөмж, зурагт хуудас бэлтгэн олон нийтэд түгээх мөн өдөрлөг, уулзалт зохион байгуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн хотуудын нөөцийн цогц менежментийг хэлэлцэнэ

“Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS бүс нутгийн дөрөв дэх удаагийн олон улсын бага хурал Туушин зочид буудалд эхэллээ. Энэ нь ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос 2013-2015 онд Ази, Номхон Далайн бүсийн 6 орны (Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол) 10 хотод хэрэгжүүлэх төсөл юм. Тус төсөлд Улаанбаатар хот 2013 оноос хамрагдаж эхэлжээ.
Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан эрчим хүч – ус – хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатай, цогцоор нь төлөвлөж, удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаар хотуудын тогтвортой хөгжлийг хангахад төслийн зорилго чиглэгдэж байгаа юм. Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурлын хөтөлбөрийг танилцуулъя.

Хөтөлбөр

Эхний өдөр: 2014.11.05, Лхагва гариг

08.00 – 08.30

Бүртгэл

8.30 – 9.30

Нээлтийн ажиллагаа

  • Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ноён Э.Бат-Үүл үг хэлнэ (10 min),
  • Хурлыг нээж ХБНГУ-ын Элчин сайд ноён Герхард Тийдэман үг хэлнэ (10 min),
  • Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Сайд хатагтай С.Оюун мэндчилгээ дэвшүүлнэ (10 min),
  • Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Дэд сайд хатагтай Г.Байгалмаа мэндчилгээ дэвшүүлнэ (10 min),
  • Уул Уурхай, Эрчим Хүчний Яамны мэндчилгээ дэвшүүлнэ (10 min)
  • Хурлыг нээж UN ESCAP-ийн Байгаль орчин, Хөгжлийн газрын Хот байгуулалт, тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга ноён Донован Сторэй үг хэлнэ (5 min)

09.30 – 10.00

Цайны завсарлага

10.00 – 12.30

Хуралдааны 1-р хэсэг: Танилцуулга

  • Nexus арга зам, Улаанбаатар хотод үзүүлэх үр нөлөө, Б.Бадрал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер (20 min),
  • Хот байгуулалтын Nexus концепцийн танилцуулга, ноён Донован Сторэй , UN ESCAP-ийн Байгаль орчин, Хөгжлийн газрын Хот байгуулалт, тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга (15 min),
  • Төслийн тойм танилцуулга, 2014 оны 6 дугаар сард болсон гуравдах удаагийн семинараас хойши гарсан ахиц дэвшил, хатагтай Рут Эрлбек, GIZ-ийн Хот байгуулалтын Nexus төслийн захирал (15 min),
  • Ногоон барилга, танилцуулга, ноён Андреас Кауфман, Германы Фраунховэрийн Барилгын физикийн институт (IBP), Барилгын дэвшилтэд технологийн төвийн дарга (20 min),
  • Ногоон барилга, танилцуулга, ноён Ёахим Лониен, Германы Стандартчилалын DIN институт (20 min),
  • Хэлэлцүүлэг

12.30-12.45

Хамтдаа зураг даруулах

12.45 – 13.45

Үдийн зоог

13.45 – 18.00

13.45 – 14.45

Хуралдааны 2-р хэсэг: Хот байгуулалтын Nexus аргачлалыг нэвтрүүлэхэд хуримтлуулсан Улаанбаатар хотын туршлага
Энэхүү хэлэлцүүлгээр Монголд хэрэгжиж буй төсөл арга хэмжээнүүдтэй уялдуулан Nexus санаачлагуудыг бэхжүүлэх боломжуудыг эрэлхийлж “Ухаалаг бөгөөд тогтвортой хот”-ын концепцийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг жишээ болгон харуулна.

Хэсэг A: Хот байгуулалт, төлөвлөлтийн үйл явц, тэр дундаа Монгол улсын Засгийн газраас сүүлийн үед баталсан төсөл арга хэмжээнүүдэд Nexus санаачлагуудыг нэгтгэн оруулах боломж, ач холбогдлыг харуулах презентаци хийгдэнэ, үүнд:

• MoMo төслийн хүрээнд Дархан хотын “Модульчлагдсан усны менежментийн концепци” төсөл, доктор Б.Шарав, Advanced System Technology (AST), Branch of Fraunhofer IOSB (20 min)
• “Гэр хорооллын хөгжил, дахин төлөвлөлт, үр дүн”, хатагтай Ц.Энхбаяр (20 min)
• ECO санхүүжилт, XAC банкны Гүйцэтгэх захирал М.Болд (20 min)

14.45-15.45

Хэсэг B: “Nexus санаачлагуудыг хөрөнгө оруулалтын шинэ төсөл арга хэмжээнүүдтэй нэгтгэх нь – санхүүгийн хамтын ажиллагаа нь энэ үйл явцыг боломжтой болгох чухал хүчин зүйл” сэдэвт дугуй ширээний ярилцлага (panel discussion)

Олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагчдыг урьж Nexus арга зам, хандлагын ач холбогдол, өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хот байгуулалтын Nexus төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцана.

Оролцогчид: ADB, Asia Foundation, European Development Bank, JICA, KfW, KOICA, TIKA, UNDP, World Bank зэрэг байгууллагын төлөөлөгчид

15.45-16.15

Цайны завсарлага

16.15 – 17.00

Хэсэг C: Nexus санаачлагуудыг нутагшуулах, институтчилахад дөхөм үзүүлэх сэдвээр дунд түвшний байгууллага, холбоод презентаци хийнэ

  • Сэргээгдэх эрчим хүчний төв (10 min)
  • Ногоон барилгын консорциум (10 min)

17.00-18.00

Хэсэг D: “Ногоон барилга – хуримтлуулсан туршлага, тэргүүн туршлага, сургамж” сэдэвт дугуй ширээний ярилцлага

Хотжилт болон хүн амын огцом өсөлтийн эрин үед “Ногоон барилга” нь анхаарал хандуулах нэг чухал сэдэв бөгөөд ногоон бөгөөд нөөцөнд хэмнэлттэй технологийг ашигласнаар барилгын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах боложтой. Энэ хуралдаан нь тэргүүн туршлагыг харуулах, тулгамдсан асуудал, гарах үр дүн, сургамжийг танилцуулах зорилготой юм.

18.30

Буудлаас Улаанбаатар зочид буудал руу хөдлөх

Хоёрдах өдөр: 2014.11.06, Пүрэв гариг

09.00-11.00

Хуралдааны 3-р хэсэг: Хотуудын Nexus төслүүдийн ахиц дэвшил

Энэ хуралдаанаар төсөлд хамрагдсан хотууд өөрсдийн тулгамдсан асуудал, байгаа боломж, хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцана. Энэ зорилгоор хот болгон 7 мин. презентаци хийх ба төгсгөл бүрт нь хэлэлцүүлэг хийнэ.
(Презентациийн удирдамжийг хүргүүлнэ)

11.00-11.30

Цайны завсарлага

11.30-13.00

Хуралдааны 3-р хэсэг: (үргэлжлэл)

Энэ хуралдаанаар хотуудын төлөөлөгчид хот байгуулалтын Nexus хандлагыг хот төлөвлөлтийн үйл явцад тусгах боломж, сорилтын талаар харилцан ярилцах бөгөөд дараах асуултуудыг чиглэл болгоно. Үүнд:

  • Хот байгуулалтын Nexus хандлагыг нэвтрүүлэхийн ач тус юу байх вэ?
  • Хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал юу вэ? Бэрхшээлүүд нь хаана байна вэ?
  • Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдэд Nexus арга замыг тусгахад тулгамдаж буй асуудал, байгаа боломжууд юу вэ?
  • Nexus-ийн хандлагаар хот төлөвлөлтийн үйл явцад иргэдийн оролцоог хэрхэн бэхжүүлэх вэ?

13.00-14.00

Үдийн зоог

14.00 – 15.30

Хуралдааны 4-р хэсэг: Nexus хандлагыг хот төлөвлөлтөнд тусгах, институтчилах, тэргүүлэх чиглэл болгох нь

Энэ хуралдаанаар Nexus хандлагын засаглалын цар хүрээ, Nexus санаачлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах бүтэц зохион байгуулалтыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн төлөвлөлтийн үйл явцад Nexus хандлагыг институтчилахад тустай бусад арга хэрэгслүүдийг авч үзнэ.

  • ICLEI SEAS-ийн презентаци (20 min)
  • Nexus –ийн Gender-ийн цар хүрээ , GIZ-ийн презентаци (20 min)
  • Дугуй ширээний ярилцлага нь хот төлөвлөлтөнд Nexus хандлагыг тэргүүлэх чиглэл болгох боломжид төвлөрөх бөгөөд ингэхдээ:
    • Nexus Ажлын хэсэг (Nexus Task Forces)
    • Хот төлөвлөлтөнд Nexus-ийг институтчилахад тус болох хяналтын хуудас (Checklists) болон бусад арга хэрэгслүүд
    • Gender-ийн ач холбогдол зэргийг авч үзнэ.

15.30-16.00

Цайны завсарлага

16.00-17.30

Хуралдааны 5-р хэсэг: Хот байгуулалтын Nexus-ийг тэргүүлэх чиглэл болгох нь: Үндэсний хэмжээнд шаардлагатай бодлогын орчин

Төсөлд хамрагдсан бүх улсад Nexus-ийн гол салбаруудад хамааралтай, дэмжлэг болохуйц салбарын тусгай хууль тогтоомж байдаг. Гэхдээ эдгээрийг үр дүнтэй нэвтрүүлэх, мөрдлөгө болгох мөн түүнчлэн бодлогын зохицуулалт хийхэд дутагдал байсаар байна. Иймд орон нутгийн түвшинд шийдвэр гаргах орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь чухал. Энэ хуралдаан нь үндэсний бодлогын үүрэг роль, түүнчлэн хотуудын төлөөлөл үндэсний хэмжээний шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх, хот байгуулалтын Nexus санаачлагуудыг дэмжих, нутагшуулах орчин нөхцлийг хэлэлцэх боломж олгоно.

17.30
18.00-19.00

  • Буудлаас хөдлөх
  • Говь үйлдвэрийн дэлгүүр орох

Гуравдах өдөр: 2014.11.07, Баасан гариг

09.00 – 11.00

Хуралдааны 6-р хэсэг: Бүс нутгийн хэмжээнд Nexus хандлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь

Энэ хуралдаанаар бүс нутгийн түвшинд Nexus санал санаачлагуудын үзүүлэх үр нөлөө, потенциалыг танилцуулах боломж олгоно. Түүнчлэн хот байгуулалтын Nexus-ийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүддээ тусгах, өөрсдийн сүлжээгээрээ дамжуулан энэхүү концепцийг түүгээн дэлгэрүүлэх үйлсэд бүс нутгийн болон бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, санхүүгийн нэгдлүүдийн гүйцэтгэх үүрэг ролийг гаргаж ирэх, боломжуудыг эрэлхийлэх болно.

  • “Хот байгуулалтын Nexus-ийн загвар төсөл, Нашик, Энэтхэг улс”, ноён Кумар Эмани, Ерөнхий нарийн бичгийн орлогч ба Гүйэтгэх захирал, ICLEI –South Asia (20 min)
  • “Төвлөрсөн бус ариутгах татуургын системийн удирдамж”, GIZ Nexus, (20 min)
  • “Монгол дах сургуулийн барилгын дулаан-техникийн шинэчлэлт”, ноён Бьёрн Вальштэдт, GIZ-ийн Эрчим хүчний үр ашгийн төслийн захирал (20 min)
  • Хэлэлцүүлэг

11.00-12.00

Дүгнэлт, хурлын хаалт