Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын тамгыг Д.Тэрбишдагвад хүлээлгэн өгөв

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан билээ. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагвыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг УИХ даалгасан юм. Энэ дагууЕрөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тамгыг Д.Тэрбишдагва сайдад хүлээлгэн өгсөн байна.

Тамга хүлээлгэн өгснийхөө дараа Н.Алтанхуяг “Монгол төрийн гал голомт үүрд мандан бадраг” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ

Categories
мэдээ улс-төр

Тендерт оролцох хүсэлтэй иргэдэд сэрэмжлүүлж байна

“Тендер авч өгнө”, “тендерт зуучлана” хэмээн иргэд, компаниудыг хууран мэхлэж, их хэмжээний мөнгө залилсан тохиолдол гарсан тул Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас сэрэмжлүүлж байна.
Уг хэргийг шалгуулахаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хүсэлт гаргасаны дагуу Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор 30 гаруй хохирогч гомдол мэдүүлээд байгаа юм. Худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллага зохион байгуулах болсноор тендер нээлттэй, ил тод явагддаг болсныг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дахин сануулж, тендерт оролцогчдыг зальт этгээдийн хохирогч болохгүй байхыг сануулж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Конго, Арабын Бүгд найрамдах Египет, Европын холбоо, Унгар, Бүгд найрамдах Кипр улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барив.

Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Конго улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даниел Овасса Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын эхэнд Конго улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжиллаа. Тэрээр “Монгол, Конго хоёр эртний уламжлалт харилцаатай орнууд. Сүүлийн үед харилцаа удааширсан боловч уламжлалт харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Даниел Овассад ажлын амжилт хүсч хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Арабын Бүгд найрамдах Египет улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Магди Махмоуд Хелмитэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улс нь ардчилалд амжилттай шилжиж үлгэр дуурайлал болсон орон гэдгийг Египетэд сайн мэднэ гээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 51 жил болж буйг тэмдэглэж харилцаагаа цаашид өргөжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх 2015 онд Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой болох гэж байгааг тэмдэглэж, Египет улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Сисид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүслээ.

Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханс Дитмар Швайсгуттэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглэлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс, Европын холбооны хооронд гурав дахь хөршийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг мөн дурдав. Энэ хугацаанд Европын холбоо Монгол Улсын гадаад худалдааны гурав дахь том түнш болсон гэлээ. Өнгөрсөн 2013 онд Монгол Улс, Европын Холбооны Тvншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр талын харилцаанд илүү их түлхэц өгч буйг тэмдэглээд Европын холбооны Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Жан Клауд Жанкерт халуун дотно мэндчилгээ дэвшүүллээ.

Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Цецилиа Силаштай уулзах үеэрээ ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиох гэж буйг тэмдэглэж энэ үеэр Унгарын талаас Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн байгуулах талаар санал дэвшүүлж буйг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саяхан Унгарт хийсэн ажлын айлчлал амжилттай болсон гээд айлчлалын үеэр ярилцсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар хоёр тал хамтран ажиллана гэдгийг тэмдэглэв.

Бүгд найрамдах Кипр улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Агис Лоизутай хийсэн уулзалтын үеэр хоёр тал боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамран ажиллах боломж их байгааг тэмдэглэв. Ялангуяа боловсролын хамтын ажиллагааг ихээхэн үр дүнтэй хөгжүүлэх боломжтой гэлээ.

Categories
мэдээ спорт

Залуучуудын шигшээ Макаогийн багийг хожив

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээн Тайваньд болж байна. Манай улсын сагсчид тэмцээний эхний тоглолтоо Хятадын багтай хийж 52:66 –ын харьцаатай ялагдсан. Харин өчигдөр Тайванийн багийг хожжээ. Ингэснээр манай баг тамирчид нэг хожил, нэг хожигдолтойгоор хэсгийнхээ хоёрдугаар байранд бичигдэж байсан бөгөөд өнөөдөр Макаогийн шигшээ багтай тоглож 86:54 онооны харьцаагаар илүүрхэн ялав.

Тэмцээнд БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонконг, Малайз, Филиппин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачлан 2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Иргэний танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар болон ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд оролцлоо.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэлцүүлгийг нээхдээ “Төсөв хэлэлцэж буй энэ чухал үед энэхүү хэлэлцүүлэг давхцаж байгаагаараа онцлог юм. Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэх асуудлыг төсөвт суулгах нь хэлэлцүүлгийн зорилго юм. Гуравдугаар ээлж орой тарж байгаатай холбоотойгоор хүүхдүүд гэртээ харих замдаа зам тээврийн осолд орох болон гэмт халдлагад өртөх явдал их байна. Хотын захын гэр хороололд амьдарч буй хүүхдүүд гэр хүртлээ 2-6 км газар ахлах тохиолдол ч байгаа юм. Ийм учраас гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” гэв.

Мөн Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын талаарх мэдээллийг танилцууллаа. Нийслэлд өнөөдрийн байдлаар 213 ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй мянган сурагч суралцаж байгаагаас 21 сургуулийн 5200 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа аж.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ “Сургуулиудын ачаалал нэмэгдэж буй олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнуудын тоо эрс нэмэгдэж байна. 2011-2012 оны хичээлийн жилд Нийслэлд 26870 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд даруй 1,5 дахин нэмэгдсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд хамгийн их ачаалалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад давхрын өргөтгөл хийх шаардлагатай байна. Бид энэ талаар судалж 17 сургуульд давхрын өргөтгөл хийх боломжтойг тогтоосон. Сургуулиудын барилгын хийц, даацын дүгнэлт хийх, зураг төсөв боловсруулах болоод барилга угсралтын ажилд 17.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан” гэв.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал нэмэгдэж байгаа нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хэмээн нэмж хэлэв. Боловсрол, шинжлэх ухааны яамны судалгаагаар хөдөө орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж буй их нүүдлийг дагаад жилдээ 5000 орчим хүүхэд шилжин ирж суралцдаг байна. Хэлэлцүүлгийн үеэр сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаагаас шалтгаалж хичээлийн дараах нэмэлт сургалт, дугуйлан хичээллүүлэх боломж бүрдэхгүй байгаа талаар багш нар хэллээ. Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх үндсэн бодлого хэрэгжиж чадахгүйд хүрээд байгааг тэд онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг “Миний сэтгэл хоёр жил шахуу эмзэглэж яваа” гэв

Н.АлтанхуягЕрөнхий сайдын хувиар УИХ-ын чуулган дээр сүүлийн удаа үг хэлэхдээ МАН-аас санаачилсан дөрвөн үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг хүссэн юм. Тэрбээр өөрийг нь ёс зүйн хувьд Ерөнхий сайд байх боломжгүй гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч өөрийг нь гүтгэсэн, доромжилсон хэмээн үзэж байлаа. “Миний сэтгэл хоёр жил шахуу эмзэглэж яваа. Аавынх нь албан тушаалыг авахын тулдохиныг нь хэрэгтэн болгож байна. Хоёр жил хүлцлээ, тэвчлээ” гэж тэр хэлэв. Тэрбээр өөрийнх нь эсрэг кноп дарах нь тодорхой МАН-ын гишүүдийг ширвээд авахаа мартсангүй. “МАН улс төрийн тэмцэл нэрийдлээр улсаа хорлодог байж болохгүй” гэж байв. Мөн бүх юм сайхан байхад муухай болгочихсон мэтээр ярьж болохгүй гэв. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд2 их наяд 600 тэрбум төгрөгийн өр төлсөн.Үүний багагүй хэсэг нь Монгол Улсын Засгийн газар Оюутолгойгоос 250 сая доллар зээлээд, ард түмэндээ 21 мянган төгрөг, нэг сая төгрөг тараасан болон Чалкод төлөх өр эзэлж байгааг санууллаа. “Шинэчлэлийн Засгийн газаршүүмжлэл, доромжлолыншуурган дундуур сүүлийн 25 жилд хийгээгүй их ажил хийсэн” гэдгээ онцлов.

Улс орны өрийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх тоонуудыгН.Алтанхуяг тайлбарлав. “ОУВС-гаасөрийн шалгуур үзүүлэлтийг тооцохдоо Монгол Улсын өрийн үлдэгдлийн ДНБ-дногдох хувийг дундаж гэсэн ангилалд багтаасан”-ыг Н.Алтанхуяг тэмдэглэв. “Улс орноо өрөнд оруулъя гэдэг ширхэгхүн байхгүй” гэж тэр хэлээд харин ч “Улс орноо овойлгочих юм сан, оцойлгочих юм сан, шовойлгочих юм сан” гэж хүсч явсан гэнэ.

Түүний үгийн дараа санал хураалт болж УИХ”Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргалаа. Чуулганд оролцогчдын 54 хувийн саналаар Н.Алтанхуяг огцорсон юм.

Шинэ Ерөнхий сайд томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдыг орлох агаад Засгийн газрын гишүүд үүрэгт ажлаа хийж байхыг УИХ даалгав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо

Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах шийдвэрийг УИХ гаргалаа. Чуулганд оролцогчдын 54 хувийн саналаар Н.Алтанхуяг огцорсон юм. Санал хураалтанд66 гишүүн оролцов. Шинэ Ерөнхий сайд томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдыг орлох агаад Засгийн газрын гишүүд үүрэгт ажлаа хийж байхыг УИХ даалгасан юм.

Ц.БУЛГАН

Categories
гадаад мэдээ

Ким Ен А өвлийн олимпийн элчээр томилогдлоо

Уран гулгалтын аварга Ким Ен Аныг 2018 онд Өмнөд Солонгосын Пхенчхан хотод боло өвлийн олимпийн элч томилжээ. Энэ тухай өнөөдөр Олимпийн хоорооны зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна. Олимпийн аварга Ким Ен А үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ “Би энэ ажилд өөрийн эрч хүчээ зарцуулахдаа зөвхөн баяртай байх болно” хэмээн мэдэгдэв.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Дэлхийн худалдааны төвийн шинэ байр нээлтээ хийв

Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагт 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр террористууд халдаж байлдааны онгоцоор мөргөсний улмаас нурсан билээ. Энэ явдлаас хойш 13 жилийн дараа буюу уржигдар Дэлхийн худалдааны төвийн шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Уг байшинг найман жил барьж, 3.8 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Ихэр барилгын оронд барьсан цамхаг нь 104 давхар, 541 метр өндөр аж. Зураг төслийг нь архитекторч Ти Жей Готтесдайнер гаргасан бөгөөд Америкийн хамгийн өндөр байшингаас гадна хамгийн аюулгүй нь гэнэ. Одоогийн байдлаар тус байрны 60 хувийг түрээслүүлэхээр гэрээгээ байгуулчихаад байгаа аж.

Нью-Йорк хотыг дээрээс нь харах зориулалтаар дээврийг нь засч тохижуулах юм. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх бөгөөд хөрөнгө оруулагчид үүгээр зарлагаа нөхөх гэнэ. Дээврийг тохижуулах ажлыг “Legends Hospi­tality” компани гүйцэтгэх бөгөөд хотыг дээрээс харах гэсэн хүмүүс нь ойролцоогоор 23 ам.доллараар тасалбар худалдан авах гэнэ. 2019 он гэхэд тус байрны 95 хувийг түрээслүүлж чадвал нэг жилд зөвхөн түрээсийн мөнгө нь 144 сая ам.доллар болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гүүр гарам хаагдаагүй байна

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, хур тунадасгүй байсан учраас орон нутаг болон улсын чанартай автозам, гүүр гармаар тээврийн хэрэгслүүд саадгүй зорчиж байна. Гэхдээ ихэнх голын зах мөстөж, зайр гүйж байгааг анхаарахыг сануулж байна. Харин Чулуут-Өндөр-Улаан, Хойттамир-Ихтамир, Урдтамир-Цэцэрлэг, Туул-Алтанбулаг, Туул-Лүн, Туул-Заамар, Зүүнтүрүү-Булган, Завхан-Тайшир, Таац-Нарийнтээл орчимд тогтвортой мөсний үзэгдэл ажиглагдаагүй аж.