Categories
мэдээ цаг-үе

Б.Сугаржаргал: Жүдогоор жил барилдаагүй. Гэхдээ холбооноос хассан гэж надад л лав юм хэлээгүй

Монгол Улсын начин Б.Сугаржаргалыг жүдо бөхийн шигшээ багаас хассан гэх мэдээлэл гарах болсон. Учир нь тэрээр улсын баяр наадмаар гурвын даваанд аймгийн арслан Г.Баасандоржтой барилдаж уначихаад хөлийн цэцээр ажиллаж байсан улсын харцага Д.Сэрээтэрийг буруушааж хэл амаар доромжилсон явдал гарсан. Тухайн үед хөлийн цэцээр ажилласан Д.Сэрээтэр ч энэ тухай Монголын үндэсний бөхийн холбоонд гомдол гаргаж байсан удаатай. Тэгвэл түүнийг ёс зүйгүй загнасан хэмээн Монголын жүдо бөхийн холбоо үзэж шигшээ багаасаа хассан гэх. Б.Сугаржаргалын хувьд жүдогийн +100 кг-ын жинд барилддаг тамирчин билээ. Ямартай ч ёс жудаггүй аашилсан түүний үйлдэлд зохих шийтгэл гэж үзэх нэгэн ч байна. Харин Монголын үндэсний бөхийн холбооноос хоёр бөх хоорондоо гомдолгүй гээд учраа олсон гээд орхисон бололтой. Энэ талаар улсын харцага Д.Сэрээтэрээс тодруулахад “Наадмаар Б.Сугаржаргал начин үнэхээр муухай аашилсан. Намайг шанаадаж олны дунд эвгүй байдалд оруулсан. Ах нь гэлүү нэг залуу “Чамайг ална. Чиний амь миний гарт байгаа шүү” гэж хүртэл сүрдүүлж байсан. Гэхдээ би залуу хүн омголон зангаа барьж чадаагүй юм байлгүй гээд гомдолгүй болохоо мэдэгдсэн. Бид хоёрыг тухайн үед цагдаагийн газраас дуудаж нүүрэлдүүлсэн. Сүүлд Сугаржаргал нэг найран дээр таараад надаас “Дүүгээ муухай зан гаргасан бол уучлаарай” гээд уучлал гуйсан. Би тэгэхэд нь залуу хүн буруугаа ухаарч, уучлал гуйж сурах нь зүйтэй хэрэг гэж түүнд хэлсэн. Ядахдаа миний цолыг хүндэлдэггүй юм аа гэхэд насыг минь энэ залуу бөхчүүд хүндлэх хэрэгтэй шүү дээ” гэсэн тайлбар өглөө. Ингээд жүдогийн шигшээ багаас хөөгдсөн гэх улсын начин Б.Сугаржаргалтай ярилцсанаа хүргэе.

-Таныг жүдогийн шигшээ багаас хөөгдсөн гэх яриа байна?

-Би энэ тухай сонсоогүй юм байна.

-Ер нь сүүлийн үед татамид зодоглож харагдсангүй. Тэгэхээр үнэн юм биш үү?

-Одоохондоо надад холбооноос тэгсэн, ингэсэн гэсэн юм хэлээгүй л байна. Би “Женко” дэвжээндээ байгаа ш дээ. Томоохон тэмцээн уралдаанд л оролцохгүй байгаа болохоос биш. Миний хувьд сүүлийн нэг жил жүдогоор барилдсангүй. Тиймээс иймэрхүү хэл ам гарах болсон юм байлгүй.

-Яагаад жил гаруй хугацаанд барилдаагүй юм бэ. Бэлтгэлээ хийж байгаа юм уу?

-Жүдогийнхонтойгоо байнга бэлтгэл хийж байна. Шигшээ баг жил болгон шинээр байгуулагдаж багаа бүрдүүлдэг. Би 2012 онд шинээр байгуулагдсанаас нь хойш шигшээ багт ороогүй. Яагаад гэхээр жүдо бөхийн УАШТ-д 2011, 2012 онд амжилттай барилдаагүй. Шигшээ багт тухайн жилийн аварга орж, тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн оролцдог шүү дээ. Гэхдээ шигшээ багийн тамирчин гэсэн батламж байгаа. Энэ хугацаанд ганц, нэг барилдаанд бол оролцсон юм байна. Олон биш. Тэгээд л хүмүүс тэгж ярьж байгаа байх.

-Өнгөрсөн наадмаар таныг хөлийн цэц Д.Сэрээтэрийг цохиж, доромжилсон гэсэн учраас шигшээгээс хассан гэх юм?

-Энэ болоод өнгөрсөн асуудал. Тухайн үед Сэрээтэр гуай бид хоёр учраа ололцсон шүү дээ.

-Та уучлал гуйсан юм уу?

-Гуйсан. Сэрээтэр гуай ч хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа надад гомдолгүй гэдгээ хэлсэн байгаа ш дээ.

-Тухайн үед түүнийг цохисон юм уу. Яагаад хөлийн цэц рүүгээ уурлах болов оо?

-Цохисон юм байхгүй. Үл ойлголцож маргалдсан нь үнэн. Хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Аймгийн арслан Баасандорж бид хоёр барилдах үеэр барьц сонгох болж эхлээд би барьц сонгосон боловч алдсан. Ингээд өрсөлдөгч бөх барьц сонгох болсон. Барьц сонгоход тухайн бөх надтай цээжээ зөрүүлээд барьцаа аваад барилдах ёстой шүү дээ. Ингэсний дараа би барьцаа авах ёстой. Гэтэл Баасандорж миний суган доогуур орчихоод барьц авч ч болохгүй байхад хөлийн цэц буруу хараад алхчихсан. Тэгэхээр барьцаа зөв аваагүй хэрнээ намайг барилдаагүй байхад гэнэт хаячихаар надад гомдолтой биз дээ.

-Ер нь сүүлийн үеийн залуу бөхчүүд барилдахаасаа таахалзах нь их боллоо гэж шүүмжлэх хүмүүс ч байна…

-Бөхчүүд бүтэн жил наадмын барилдааны төлөө бэлтгэл хийдэг. Тийм хариуцлагатай барилдаанд хөлийн цэц хариуцлагагүй хандаж болохгүй шүү дээ. Бөхчүүд ч гэсэн нэгнийгээ луйвардах шахан байж давж болохгүй. Ийм явдлаас л болж бөхчүүд хэл аманд орж, бидний буруу болж үлддэг. Тухайн үед ямар ч бөх байсан ийм нөхцөл байдалд бухимдах байсан гэж би бодож байна. Уураа бариагүй нь миний буруу л да а. Гэхдээ би зүгээр зогсч байсан хөлийн цэцтэй очоод муудалцаад байсан юм биш. Хөлийн цэцээс өөр тэнд маргалдах хүн байхгүй л дээ. Үнэн мөнийг тогтоох хүн. Гэтэл Сэрээтэр гуай тухайн үед шударга биш байдлыг хэлэхэд “Чи унасан, чамтай юу ч ярихгүй. Монгол бөх чамаар дутахгүй” гэсэн утгатай юм хэлсэн. Тэгээд л би цэнгэлдэхээс гараад явсан. Яг барилдааныг харсан хүмүүс бол хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг мэдэж байгаа.

-Та чинь аймгийн заанаас шууд улсын цолонд хүрсэн бөх. Начин болохдоо сэргээш хэрэглэсэн гэж бас нэлээдгүй баалуулсан. Цаашдаа үндэсний бөхөөр барилдах уу?

-Нэгэнт өнгөрсөн явдлыг энд сөхмөөргүй байна. Үндэсний бөхөөр ч тэр, жүдогоор ч тэр барилдана. Он дөнгөж гаргаад жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

-Таны жинд саяхан залуучуудын дэлхийн аварга болсон Ө.Дүүрэнбаяраас эхлээд олон хүчтэй жүдочид гарч ирж байна шүү?

-Тийм ээ. Ө.Дүүрэнбаяраас гадна Тэмүүлэн гээд сайн бөх байна. Өрсөлдөгч бол их бий. Тиймээс бэлтгэл, сургуулилтаа сайн хангах нь чухал.

-Өөрийг тань хүмүүс үндэсний бөхөөс илүүтэйгээр жүдогийн тамирчин гэдгээр илүү мэдэх байх. Ер нь их спортод анх хөл тавьсан үеэсээ дурсахгүй юу?

-Би анх 2005 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Ахтайгаа хамт. Тэр цагаас эхэлж жүдогоор хичээллэсэн дээ. Жүдогоор анхны “Чингис хаан” цомын тэмцээнээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамлахааргүй амжилт гаргасан. Харин үндэсний бөхөөр 2008 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Тэрэндээ урамшаад л 2009 оноос үндэсний бөхөөр хичээллэсэн.

-Аавыг тань сайн бөх байсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Ах дүү хоёрт ааваас өвлөж үлдсэн сайхан дурсамжууд олон биз?

-Тэгэлгүй яахав. Миний аав Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Болдпүрэв гэж сайхан хүн байсан. Ах бид хоёрыг битүүхэндээ удам залгасан бөх болоосой гэж боддог байсан байх. Бага байхад хүч тамир сууна гээд түлээ хагалахаас эхлээд гэрийн хар бор ажил их хийлгэдэг байсан санагддаг. Намайг ухаан орох үед аав 40 гаруй настай дэвжээнд зодоглохоо больсон болохоор тэр болгон барилдааныг нь мэддэггүй. Хааяа аавын үеийн бөхчүүдээс барилдааных нь талаар сонсдог. Аавын дархан мэх нь даацтай сайн хавирах гэж нутгийн бөхчүүд ярьдаг. 1988 онд манай аавтай Өвөрхангай аймгийн баяр наадмаар үзүүр түрүүнд үлдэж аавыг давж аймгийн арслан болсон Мөнхнасан ахтай нэг барилдаан үзэж байсан чинь “Танай аав яг энэ барьцнаас даацтай хавирдаг бөхдөө. Хавираанд нь орвол гарч чадахгүй бүтэн эргэж унадаг” гэж хэлж билээ.

-Ээжийн тань удамд бас бөх байдаг гэж сонссон?

-Яг бөх хүн бол байхгүй. Манай ээжийг Нарангэрэл гэдэг. Ээжийн аав Гимнайсүрэн гээд том биетэй хүн бий. Залуудаа тээврийн жолооч байсан гэсэн. Ер нь ээжийн талынхан биерхүү. Харин аавын талд Даншигийн заан хүн байсан гэдэг. Нэрийг нь сайн санахгүй байна. Аав маань байсан бол тэр хүний тухай сайн юм ярих байх. Өлзийт, Хужирт сумын хавиар байсан хүрээний лам бөх байсан гэж ярьдаг.

-Ах чинь бас бөх байх аа?

-Тийм ээ. Аймгийн харцага Б.Өнөржаргал. Аймгийн 80 жилийн ойн наадмаар ах харцага, би заан цол хүртэж байсан. Ах маань надаас нэг ах. Бид хоёрын барилдаан төстэй ч өөрсдийн гэсэн онцлогтой. Ах баруун талдаа хашиж мордох мэхэндээ сайн. Би тэр мэхийг нь хийж чаддаггүй. Намайг дөрөв, ахыг тавдугаар ангид байхад манай аав бид хоёрыг дагуулаад Энхболд гэдэг ах дээр очиж адилхан зодог шуудаг урлуулж өгсөн. Ааваас минь үлдсэн хамгийн үнэтэй цэнэтэй бэлэг дээ. Аав найзууддаа “Миний хөвгүүд улсын цол хүртэж, аварга болно” гэж ярьж бахархдаг байсан. Тиймээс ах бид хоёр аавынхаа хүслийг биелүүлж, түмэн олондоо хүндлэгдсэн сайхан бөх болохын төлөө хичээх болно. Тэр жил улсын начин болчихоод есөн хөлт цагаан тугаа тойроод алхаж байхад битүүхэн гуниг төрж аавыгаа үгүйлсэн.

-Олимпийн аварга Н.Түвшинбаярыг танай хүргэн гэдэг. Та эхээс хэдүүлээ юм бэ?

-Би нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Энэ талаар би тэр бүр ярьж байгаагүй юм байна. Түвшинбаяр аваргын эхнэр манай аавын өмнөх эхнэрийн охин. Бид нэг эцгийн хүүхдүүд. Эцэг маань бага байхад нэг нэгэндээ хань болж яваг гээд их ойр дотно өсгөсөн. Бараг л нэг гэрт өссөн. Сайхан эгч дүүс. Анх “Аварга” дээд сургуулийн дотуур байранд ахтай хамт амьдардаг байсан юм. Тэгэхэд манай байранд Түвшинбаяр ах, улсын начин Энхбат гээд ах нар байлаа. Хамт бэлтгэл хийнэ. Тухайн үед манай эгч бид хоёрыг байнга эргэж тойрдог байсан юм. Тэр үед л аваргатай танилцсан байхгүй юу.

-Хүргэн ах бэлтгэлд чинь их санаа тавина биз?

-Бэлтгэл байнга шахаастай шүү дээ. Их анхаарч бэлтгэлийг маань шахна гэдэг илүү санаа тавьж байна гэсэн үг биз дээ (инээв).

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

“Ану хатан” уран сайхны кино Америкт худалдаанд гарчээ

“Ану хатан” уран сайхны кино Америкийн зах зээлд өнгөрсөн есдүгээр сарын 16-аас зарагдаж эхэлжээ. Уг киноны зохиолыг Б.Шүүдэрцэцэг бичэж, найруулагчаар Т.Алтантуяа ажилласан билээ. “Ану хатан” хоёр цаг 48 минут үргэлжлэдэг бүрэн хэмжээний кино. “Ану хатан” кино өнгөрөгч 2013 оны нэгдүгээр сард нээлтээ хийж байсан билээ. Энэхүү киног бүтээхдээ Мэргэжлийн C-300 камер ашиглан агаараас болон усан доогуур зураг авч, Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь монголын кино урлагт ахиц дэвшил авчирсан үзэгдэл боллоо гэж мэргэжилтнүүд тухайн үедээ үнэлж байсан юм. “Ану хатан” МУСК “Дайчин хатан” нэртэйгээр АНУ-д борлуулагдаж эхэлжээ. АНУ-д “Lionsgate” компани борлуулах эрхийг нь эзэмшиж байгаа юм байна. Хонгконгийн кино маркетад очиход Монгол Улсаас “Аравт” киног малайзын дистрибьютер авч, “Ану хатан” киног АНУ-ын “Lionsgate” телевизэд худалдсан байна. Уг киног АНУ-д төлбөртэй телевиз, dvd-ээр худалдаалж байгаа аж. DVD-г АНУ-ын дистрибьютер нь дуу оруулалт, зар сурталчилгааг өөрсдөө хийсэн байна. Манай орны хувьд одоогоор “Аравт”, “Ану хатан” уран сайхны кинонууд олон улсын кино худалдаанд гарсан байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сүрчигний өдөрлөг болно

Үнэртэй усанд дурлагсдын өдөр тун удахгүй болох нь ээ. Үнэртэй ус цуглуулагч Н.Орчлон 2013 онд хоббигоо бусадтай хуваалцах зорилгоор фейсбүүк групп байгуулжээ. Мэдээж хүн бүр үнэртэй ус сонгох мэдрэмж өөр өөр шүү дээ. Тийм ч учраас тус групп нэг жилийн хугацаанд 10 мянган гишүүнтэй болж чадсан аж. Үнэртэй усанд дурлагсдын группын гишүүд хамтран эл өдөрлөгийг “Blue moon” арт галерейд арваннэгдүгээр сарын 7-нд 19.00 цагт зохион байгуулах юм байна.

“Сүрчигний өдөр” гэх өдөрлөгийн үеэр үнэртэй ус сонирхогчид хүссэн сүрчигээ худалдан авах боломжтой бөгөөд одоогийн байдлаар үнэ нь тодорхойгүй байгаа аж. Уг өдөрлөгт оролцох хүсэлтэй үнэртэй усанд дурлагсдад анхааруулахад уг өдөрлөгийн тасалбар 10 мянган төгрөг гэнэ.

Сонирхуулахад уг өдөрлөгийн үеэр “Наран” их дэлгүүрийн хамт олон өөрсдийн үнэртэй уснуудаа танилцуулах бөгөөд урамшуулалтай худалдаагаа хүрэлцэн ирсэн зочдын дунд зохион байгуулах аж.

Э.ТЭКҮ

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс хөгжлийн индексээр Орос-Хятадыг ардаа орхижээ

Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй “Legatum” хүрээлэнгээс жил бүр гаргадаг Дэлхийн хөгжлийн индексийн судалгаанд 142 орноос 52-т жагсчээ. Хойд хөрш ОХУ Европын орнуудаас хамгийн муу үзүүлэлттэй буюу 68-д, өмнөд хөрш Хятад 54-т бичигдсэн байна.

Уг жагсаалтыг төр засгийн тогтвортой байдал, эдийн засаг, боловсрол, иргэний эрх чөлөө, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн бизнес эрхлэх боломж, нийгмийн капитал зэрэг найман шалгуураар тогтоодог. Эдгээр үзүүлэлтээс манай улс эрүүл мэндийн салбараар хамгийн тааруу оноо авч, 91-т жагссан бол нийгмийн капитал үзүүлэлтээр 25-д оржээ. Эхний 30 байрт Европын орнууд бичигдсэн бол Төв Африк сүүл мушгижээ.

Categories
мэдээ нийгэм

Цас цэвэрлэх 23 бригад ажиллана

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед ажиллах бодис цацах Камаз долоон ширхэг, Бонго таван ширхэг, Зил 130 гурван ширхэг зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн болоод байна. Эдгээр бригадууд нь төвийн гудамж талбайгаас гадна их хэмжээний хунгар тогтож, хөдөлгөөнд саад учруулдаг хотын гаднах автозамууд болох Айц, Морин, Баруун турууны даваа, 22, Баянзүрх, Яармагийн товчоо, Найрамдал зуслан, Дамбадаржаа, Бэлх, Сэлх болон Санзай хүртэлх зуслангийн замуудыг хариуцан ажиллана.

Одоогийн байдлаар тус нэгтгэл 400 м3 элс, 560,3 тонн бодисын нөөцтэй байгаагаас гадна явган замын цас үлээх 11 ширхэг шинэ тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгээд байна.

Мөн Баруун, Зүүн салбарууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ногоон байгууламжийн цэцэрлэгч, шугам сүлжээний засварчин, шуурхай засварын бригадын 70 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Өндөр ширээт, Ар хустай сумын нутгаас дэрс түүж, шүүр хийх ажлыг зохион байгууллаа. Түүсэн дэрсээ хуучин шүүрний ишинд бэхлэн, нийт 6000 гаруй дэрсэн шүүр үйлдвэрлэж, 2015 оны 06 сар хүртэл ашиглахаар нөөцөлсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг шүүхэд ханджээ

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы Лхагва гараг(2014.11.05)-ийн чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын нэр бүхий 28 гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь нь дэмжсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлэхдээ, энэ Засгийн газар бүрдсэнээс хойшхи хугацаанд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс хоёр дахь удаагаа тавьж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын тухайд бидэнд ярилцаж ойлголцох асуудал байгаа. Харин ардчилсан Үндсэн хуультай орны тухайд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хүнийг буруутгаж гүтгэдэг, тэр дундаа бусдын буруутай үйлдлийг хэн нэгэнд халдааж тохох гэдэг хууль бус үйлдэл байж таарахгүй. Иймээс би иргэн хүний хувьд нэр төрөө сэргээлгэхээр дүүргийн шүүхэд хандаад байгаа гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чойбалсан

Баабар ингэж өгүүлэв

Нэпко хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Дамдинсүрэн, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.

БАРГА

Хүрээ хийдээр ирж буцаж байсан барга хүмүүсийн нэгнийх нь хүүхэд маршал Чойбалсан юм. Чойбалсан 1950 онд өөрийн намтраа бичихдээ өөрийнхөө төрсөн эцгийн тухай огт мэдэхгүй гэж их зугтсан байдаг. Тэрээр:

Би эцгийг мэдэхгүй бөгөөд таних ч үгүй. Орос ёсоор хэлбэл би эмэгтэй ард Хорлоогоос хууль бус төрсөн хүү мөн болой. Миний эх бол өөрийн ах, дүү хоёрын хамт амьдарч, ханилсан эргүй, миний бие ба мөн бас гурван хүүхдийн хамт байсан нь миний санаанд байна.

Нутаг усаараа, олон бүгдээрээ мэдэж байсан эцгийгээ Чойбалсан мэдэхгүй байгаа нь худал болов уу. Асуудлын гол нь юундаа гэхээр ялангуяа гучаад оны эхнээс БНМАУ-нутаг дэвсгэрээс гадуур амьдардаг монголчууд төдийгүй хил даван ирж суурьшсан бусад монголчуудыг элдвээр хардан дайсанд тооцож эхэлсэн. Хилийн наана цаана буй буриадуудын эсрэг 1934 оны их хядлага үүний нэг жишээ юм. 1937-38 оны хядлагын үеэр хил даван нүүж ирсэн хасаг, буриад, үзэмчин, барга, цахар нарын эсрэг гаажтай явуулга хийн Японы тагнуулаар зарлаж байлаа.

Тэр дундаа баргуудыг онцгойлон үзэх хэдэн шалтгаан байв. 1911 оны хувьсгал, тусгаар тогтнолын төлөөх их тэмцлийн оройлогчид нь Барга ба Халх байсан. Хайсан гүн, Манлай баатар Дамдинсүрэн нар Баргаас Хүрээнд ирж энэ тэмцлийг голлон толгойлж байв. Богдоос баргуудад газар заан өгсөн нь өнөөгийн Төв аймгийн урд сумд. Тэд “Ээж хад” гэх шүтээнээ авчирч хүртэл байрлуулсан байдаг. Барга нь 1947 онд Маогийн коммунистуудын шийдвэрээр Өвөр Монголтой нэгдсэн болохоос өмнө нь тусдаа нэгж байжээ.

Цаг өөр болж Үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд баргуудын байгуулсан гавьяа дайсагнал болж хувирлаа. 1934 онд буриадуудын эсрэг хядлага үйлдээд ирэхээр тэдний нэлээд нь зүүн тийш хил даван Барга руу дүрвэжээ. Гурван улсын хил дамнасан тагнуулын том сүлжээ үүсч хэмээн Лхүмбийн гэх хэргийг томъёолсон билээ. Зүүн Хойд Хятадад япончууд Манж Го хэмээх тоглоомын улс буй болгосноор асуудал бүр хурцадлаа. Япончуудын энэ улсад хятадуудыг ихэд гадуурхан тэдний эсрэг бараг л геноцит явуулж байсан боловч манж угсаатан ба, монгол угсаатныг онцгойлон дэмжих бодлого явуулав. Баргуудад тусгай автоном эрх олгож боловсролын арга хэмжээ явуулсны зэрэгцээ малчдын бэлчээрийг хамгаалах, татварын хөнгөлөлт үзүүлэх, Японы цэрэгт ижил зиндаагаар алба хаалгах зэргээр харж үзэж байв. Манж Гогийн тухайн үеийн олон нийтэд хандсан зарлал, зурагт хуудас зэргийг харах юм бол япон, хятад, монгол хэлээр бичсэн байдаг. Буриадаас дүрвэж очсон Үржин Гармаев Японы армийн генерал хүртэл давшиж байжээ. Ер нь Японы армид цэргийн том тушаалд очсон барга хүн нэг биш бий.

1939 оны Халхын голын тулалдаан нь наанаа өнгөц албан ёсны тайлбараар Барга ба Халхын газар нутгийн маргаанаас үүдэлтэй юм. 1915 оны Хиагтын гэрээнээс эхлэн гадаад монголчууд өөрийн хилийг Халх найман сүм хүртэл гэж үзсээр иржээ. Харин баргууд хилийг Халх голоор гэж Манж Го улс буй болсноос хойш үзэх болсон аж. Манж Гогийн төрийн эрхийг үнэн чанартаа гартаа авсан япончууд хилийн асуудлыг шийдэхээр удтал маргасан юм. Хилийн асуудал шийдэх гурван улсын хэлэлцээ 1934 оноос эхлэн хэд хэдэн удаа уулзсаар шийдэлд хүрсэнгүй, явсаар 1939 онд хилийн зөрчил томоохон тулалдаанд хүрчээ.

Халх голын тулалдаанд үнэндээ БНМАУ-ын хувьсгалт арми Баргын армитай байлдсан. Орчин үеийн техник зэвсгээр ЗХУ, Япон хоёр байлдсан бол эдгээр армийн хоёр жигүүрт нэг талаас Монголын морьт зургаа ба наймдугаар морьт хороо, нөгөө талаас Баргын нийт зургаан морьт хороо хоорондоо хүчээ үзжээ. Ийм л учраас Барга бол БНМАУ-ын үзэшгүй муу дайсан. Ингэхээр БНМАУ-ын удирдагч нөхөр Чойбалсан яагаад ч барга хүний хүүхэд байж болохгүй нь ойлгомжтой. Чойбалсан өөрийгөө эцгээ огт мэдэхгүй гэж ярьж бичин будилсан нь ийм л учиртай болов уу даа.

ДУГАР

Чойбалсангийн эцэг нь Жамц гэж барга хүн байсныг түүхч эрдэмтэн Бат-Очир хожим хөтөлбөргүй нотолжээ. Гэхдээ тухайн үедээ үүнийг нутгийнхан бүгдээрээ мэдэж байсан. Хожим Чойбалсан алдаршсан хойно ч Хүрээнийхний сайн мэддэг байсан хов живийн нэг.

Чойбалсан эхээс дөрвүүлээ. Дөрвүүлээ эцэг өөртэй. Мэдээж хэрэг Санбэйсийн хүрээн дээр ирж очиж байсан хүмүүсийн хүүхдүүд. Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголоос Суваргачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байдаг. Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаанаас хэн нь тодорхойгүй тэнүүлчин нутаг оронд шингээлээ хэмээн хэл ам хийн хавчин гадуурхсаар нутаг уснаасаа үнэн хэрэгтээ хөөж явуулжээ. Хорлоо үрээ төрүүлэх цагт тулах түших хүнгүй ядранги байсныг Жамц эргэж ирсэн гэдэг. Хорлоогийн хөдөө гэр нь Санбэйсийн хүрээнээс зүүн урагш 50 орчим км-т Хэрлэнгийн хөвөөнд байх. Хорлоог өргөж тойлж хүүгээ төрүүлжээ. Хэд хоногийн дараа лам залж ариутгал үйлдэн хүүдээ нэр гуйхад өнөөх лам хоймор байсан хэдэн номноос тус бүр нэгийг авч бариулаад ямар нэр өгөхийг асуухад Жамцын зүгээс “Дугар гэсэн нэр байж болох уу” гэжээ. Тэнд байсан хүмүүс ч тус тусын нэрийг хэлжээ. Лам болохоор Төмөржин, Хорлоо болохоор бямба гаригт төрснийг нь бодож Бямба гэсэн гэнэ. Ингээд эцгийнх нь хүссэн Дугар хэмээх нэрийг лам хайрлажээ.

Тэгэсгээд Жамц мөн л нутаг буцсан байдаг. Хүмүүсийн яриагаар Хорлоо авгай онцгой муухай ааштай нэгэн байж. Гэнэт ааш нь хөдөлдөг, удахгүй тайвширч сайхан зантай болох авч эргээд л ааш нь адсага болно. Жамц яваад өгсөн нь Хорлоогийн аашнаас болсон болов уу. Жамц удалгүй нас барсан бололтой. Юу гэвэл эхнэр Гүндэгмаадаа хожим ярихдаа “Намайг багад миний эх нэгэн оршуулгын газар дагуулж очин ихэд уйлж билээ. Тэр миний эцэг байсан бизээ”. Тэр үед оршуулгын газар гэж байсангүй, тэгэхээр хөдөөлүүлсэн газар нь л болов уу даа. Зарим нэгний нотолж буйгаар Хорлоо нэг удаа Дугарыг дагуулан Хонхор хужирт гэдэг газар очин хүүгээрээ хадаг дэвсүүлэн арц хүж уугиулж зул асаан ёслол үйлдсэн гэх. Ингэхээр Чойбалсан төрсөн эцгийгээ юутай ч мэддэг байжээ. Хот хүрээгээр нэг хов жив явж байхад тэрийг дуулаагүй байна гэж үгүй л дээ. Үгүйдээ л нутагт нь: Дагуур гаралтай Жамц чинь/ Дагуулах ханьтай болсон шүү/ Даамай амраг Хорлоо минь/ Сэтгэлээ татах болсон шүү гэсэн дуу гарсан байдаг. Монголчуудын дунд хэн нэгнээ шоолох даажигнах болохоороо дуу зохиодог тархсан уламжлал элбэг бий. Чойбалсан энэ дууг сонсоо ч үгүй, огт мэдэхгүй байв гэж үү? Хожим Чойбалсантай өөртэй нь холбоотой дуу ч хэд хэд зохиогдсон байдаг.

Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд үрчлүүлсэн боловч гурван нас хүрмэгц нь буцаан авч төрсөн дүү Нэрэндээ өргүүлжээ. Магадгүй Дэлгэрэх чавганц нас барсан ч юм уу, эсвэл хүүхэд харах тэнхэлгүй болсон байх. Дугар хар нялхаасаа ийнхүү гурван эхийн гар дамжиж хүн болсон юм. Ээжүүд нь түүнийг 12 настайд нь Санбэйсийн хүрээнд шавилан суулгаж сахил санваар хүртээн “Чойбалсан” хэмээх сахилын нэр хүртээжээ. Дугарын хүүхэд насны амьдралын зам ийнхүү Хорлоогийн Чойбалсан болсон түүх ийм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хулгайлагдсан картыг ашиглах боломж олгох ёсгүй

Хэрэв карт олбол дэлгүүрт ороод баахан бараа аваад төлбөрөө хийчих хэрэгтэй гэж хэн нэгэн зөвлөж байна. Танил эмэгтэй маань “Нөхөртөө картаа өгөөд явуулсан дэлгүүрээс зөндөө бараа аваад л ирсэн. Картын эзэн мөн үү биш үү гэж анхаардаггүй юм билээ” хэмээн хуучиллаа. Хүүхдүүд эцэг эхийнхээ картаар дэлгүүрээс баахан юм авсан л гэнэ. Үнэхээр манай ихэнх дэлгүүр худалдааны газрууд картаар төлбөр хийхэд картын жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шалгахаас залхуурдаг. Хааяахан зарим дэлгүүр картаар худалдан авалт хийхээр нууц дугаар эсвэл иргэний үнэмлэх шаардана. Эхэндээ энэ нь түвэгтэй санагддаг байлаа. Одоо бол хэрэглэгчийг хамгаалах алхам гэж мэддэг болсноос хойш энэ мэтээс түвэгшээхээ больсон. Хэрэв ийм шаардлага тавихгүй бол жинхэнэ карт эзэмшигч мөн эсэхийг яаж таних билээ. Картаар худалдан авалт хийх нь хулгайч нарыг өөгшүүлэх боломж байж таарахгүй. Нэг үеэ бодвол картын хэрэглээ нэмэгдэж байгаа. Гэтэл картын хэрэглээнд ч бас өө сэв байсаар байна.

Хэзээ энэ бүхэн цэгцлэгдэх вэ. Эсвэл хууль журмаар зохицуулах шаардлагатай юм болов уу?

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

10 мянган морины жагсаал Гиннесийн амжилтын тусгай номонд бичигдэнэ

Монголд “Адууны яам” байгуулагдсаны 750 жилийн ойг тэмдэглэх, монголчуудын адууг эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, монгол унаач хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд таниулах үүднээс Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос 3000 монгол морийг нэгэн зэрэг гараанаас уралдуулж, 10 мянган морьтон монголчуудын их жагсаалыг зохион байгуулсан юм. Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннест бүртгэж авсан билээ. Тэгвэл энэхүү үйл явдлыг энэ жил тохиож буй Гиннесийн амжилтын түүхт 60 жилийн ойд зориулан хэвлэгдэх тусгай номонд оруулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ нөгөөдөр хуралдахаар болжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэр гарсны дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөл Төрийн ордонд хуралдав. Гүйцэтгэх зөвлөлөөс энэ сарын 7-ны баасан гаригийн 15:00 цагт ҮЗХ-г хуралдуулахаар товлосон байна. Энэ тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэв.