Categories
гадаад мэдээ

Барак Обама ирэх долоо хоногт Азид айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Хятад, Бирм, Австрали зэрэг улсуудад болох өндөр дээд хэмжээний хурал чуулганд оролцох төлөвлөгөөтэй байна. Тэрбээр АНУ-ын Конгрессийн дунд шатны сонгууль дууссаны дараа Азид долоо хоногийн айлчлал хийнэ гэдгээ мэдэгджээ.

Обама Даваа гаригт Бээжинд болох Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын Чуулганд оролцох юм. Бээжинд тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзах юм байна. Үүний дараа Обама Зүүн өмнөд Азийн Бирм улсад айлчлах бөгөөд тус улсад зохиогдох Зүүн Азийн Чуулган, АНУ- Зүүн Өмнөд Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хамтарсан дээд хэмжээний хуралд оролцох гэнэ. Ерөнхийлөгч Обамагийн долоо хоногийн айлчлал Австралид болох “Их Хорь”-ийн уулзалтанд оролцсоноор өндөрлөх юм байна.

Эх сурвалжуудын үзэж буйгаар Обама эдгээр чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийхгүй гэнэ. Харин албан бус шугамаар яриа хэлцэл хийгдэж магадгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах нийлүүлэх компаниудын нэр ирэх долоо хоногт тодорно

Жил жилийн нөөцийн мах ямарваа асуудлыг таталсаар байдаг. Монголчууд угийн махсаг түмэн болохоор ч тэр үү, махаа сайн мэддэг, бэлтгэн боловсруулах, худалдах явцад юу болж байгааг нарийн сайн мэдэхийг хичээдэг. Энэ жилийн хувьд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нийт 14 мянган тонн нөөцийн махыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Ингээд нөөцийн мах бэлтгэлийн сонгон шалгаруулалтыг есдүгээр сард зохион байгуулах байсан ч маргаан гарч дахин сонгон шалгаруулалт зарлахаар болсон юм. Тэгвэл энэ жил нийслэлд нөөцийн мах бэлтгэх компаниудын сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр нөөцийн мах бэлтгэх компаниуд тодорхой болох юм.

Харин орон нутагт энэ асуудал шийдэгджээ. Тодруулбал Эрдэнэт, Дархан хотуудад “Дархан мийт фүүдс”, “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэх нь тодорхой болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд ханджээ

Дүүргийн Эрүүгийн хэр­гийн II шүүхэд “Шинэ үе” про­дакшны жүжигчин Ц.Ал­дар­маа, Д.Оюунтуул нарт хол­­богдох хэргийн шүүх ху­рал болж, Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюун­туулд хөдөлмөрийн хөлс­­ний доод хэмжээг 10 да­хин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөн­гөн торгууль оноосон.

Жү­жигчин Ц.Алдармаа анхан шат­ны шүүхийн шийдвэрийг эсэр­гүүцэн давж заалдах шат­ны шүүхэд хандаад байгаа аж. Нийслэлийн давж заалдах шат­ны шүүх тун удахгүй жүжигчин бүс­гүй­чүүдэд холбогдох хэр­гийг хянан хэлэлцэх юм. Ц.Ал­дар­маа өмгөөлөгчдөө хэлэхдээ “Нэг хүн хэргийг минь аргална гээд 10 сая төгрөг авсан.

Тэгээд зүгээр л ёс болгоод шүүх хуралд орчих гэсэн юм. Би ч тэр хүнийг аргалчих байх гээд тоохгүй яваад орсон. Шүүх ху­рал удаан үргэлжилсний эцэст Ц.Ал­дармаад долоон жилийн хо­рих ял оноолоо гэсэн. Би сон­с­оод хамаг бие салгалаад цоч­ролд орсон. Үнэндээ яахаа мэд­дэггүй юм билээ” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүй гэх шалтгаанаар чуулган хуралдсангүй

чуулганУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхэлж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх байлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэж батлах байсан юм.

Тэгвэл ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар хуралдааныг хойшлууллаа. Учир нь АН-ынхан дотоод асуудлаа шийдэхээр хуралдаж байгаа аж. Харин МАН-ынхан чуулганы танхимд хүлээж байгаад буцлаа. Энэ байдлаар үргэлжилбэл маргаашийн чуулган ч хуралдахааргүй байна. Учир нь маргааш АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж намын даргаа сонгох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрх баригчдын тэмцэл намаа устгах нь

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр олон гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороо­ны дарга А.Бакейгийн намынхандаа хэлсэн үг олны анхаарлыг татахад хүргэв. Түүний хэлсэн үгийг бүтнээр нь хүргэе.

“Бид Монгол Улс гэдэг нэг л том хамтын гэртэй. Энэ том айлыг сайн сайхан авч явах эрхийг Улсын Их хуралд ард түмэн өгсөн. Харамсалтай нь 76 гишүүн бид энэ гэрийг сайн авч явж чадахгүй байна. Үүний шалтгаан нь юу гэвэл ердөө эв нэгдэл. Эрх баригчид нь өөр хоорондоо тэмцэлддэг, сөрөг хүчин нь болохоор муу байх тусмаа сайн гэдэг зарчмаар ажилладаг. Үүнээс болоод бидний хамтын гэр болох Монгол Улс маань муухай харагдаж байна. Бид өөрсдийнхөө төрсөн гэрээ муухай харагдуулж байна. Мөн зарим талаар бид ардчиллын үнэт зүйлсээс ухрах зүйлийг маш их хийж байна. Үүнд би маш их харамсч байгаа.

Улс төрчдийг хэн нь хэн бэ, хэр зэрэг ёс жудагтай вэ гэдгийг харуулах ганцхан шалгуур байдаг юм байна. Энэ шалгуур бол ердөө л албан тушаал. Албан тушаалд очих хүртлээ ямар нэг байдлаар од шүүрэх гээд жигтэйхэн их гүйдэг. Албан тушаалд очсоны дараа тэнгэрээс буусан юм шиг дээшээ гарч харайдаг. Албан тушаалаас буусны дараа бас хачин байдалд ордог. Тэгээд дараа нь ямар байдлаар дахиад ямар албан тушаалд очих вэ гээд дараагийн үйлдлээ хийдэг. Ийм л тойргоор энэ улс орноо авч явах гэж, хувиа хичээсэн бэртэгчин зангаар олон жилийг ардаа орхилоо. Мөн ч харамсалтай байна. Тиймээс энэ танхимд сууж байгаа та бид саяын хэлсэн шалгуураар хэн нь хэн бэ гэдгийг өөрсдөөсөө харцгаая гэж уриалмаар байна.

Мөн Ардчилсан намаас нэр дэв­шиж сонгогдоод ард түмний итгэлийг хүлээж энэ танхимд сууж байгаа журмын нөхдөдөө хандаж хэлэхэд, бусдын бид­ний гэр рүү чулуудсан чулууг дагуулж бид бас чулуу нүүл­гээд юу хожих вэ. Монгол Улс гэдэг том гэрийн доторх Ардчилсан нам гэдэг жижиг гэр ч гэсэн энэ улс оронд асар их үүрэгтэй, улс орны хөгжилд том хувь нэмэр оруулах ёстой ийм нам шүү. Ардын нам ч ялгаа байхгүй. Гэтэл бид юу хийгээд байна вэ. Өөрсдийнхөө гэрийг өөрсдөө шатаах гээд байгаа юм биш үү. Ийм байдлаар хандаад байвал улс орон маань хэцүүдэх нь ээ.

Ард түмний амьжиргаа хэцүүдэх нь ээ. Төрд итгэсэн ард түмний итгэл ямар байдалд хүрэх нь тодорхой болох нь ээ. Тийм учраас журмын нөхөд минь хэдийгээр та бүхэн албан тушаал горьдож байгаа ч гэсэн улс орноо бодоод ухаан­тай асуудалд хандаачээ. Би фракцгүй Ардчилсан намыг бий болгох ёстой гэж үзэж бай­на. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ийм байдлаар ард олны итгэл найдварыг 2016 онд хүлээж чадах уу үгүй юу. Тиймээс өнөөдрөөс эхлэн намын­хаа бүх гишүүдэд фракцгүй Ардчилсан намын төлөө, улс орондоо том хувь нэмэр оруулахын төлөө, хөгжлийн төлөө бүгдээрээ нэгдэцгээе гэж уриалмаар байна” хэмээн эрх баригчдын тэмцэл намаа устгах аюултайг анхааруулсан юм.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүд ийм байр суурьтай байна

Засгийн газрыг огцруул­санд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Ц.ОЮУНГЭРЭЛ: ХАМТРАН ЗҮТГЭГЧИД МААНЬ НАМЫН ДҮРЭМ ХАТУУ ШҮҮ ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ИЙМ АЛХАМ ХИЙЛЭЭ

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руул­чихлаа. Одоо юу болох бол?

-Улс төрийн нөхцөл байд­лаас болж төрийн ажлыг гацаах­гүй гэдэг үүднээс сая Шадар сайд Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэт­гэгчээр томиллоо. Одоо ид төсөв хэлэлцэж байна. Ийм үед эдийн засгаа самар­чил­гүй­гээр төрийн ажлаа үргэлж­лүүлэх л шаард­лагатай. Миний хувьд төрийн ажлыг тасалдуулалгүйгээр ажлаа үргэлжлүүлэхийг хичээнэ.

-АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах кноп дарлаа. Зарим нь санал өгөхөөс зугтлаа. Энэ хүмүү­сийг намаас хөөх тухай асуу­дал яригдаж байх шиг байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би үнэхээр харамсч байна. Хамтран зүтгэгч найз нөхөд маань намын дүрэм хатуу шүү гэдгийг мэдсээр байж ийм алхам хийлээ. Манай намын 15 хүн Ерөнхий сайдыг огцруулахад нөлөө үзүүллээ. Мөн “Шударга ёс” эвслээс хамааралтай тав, нэг бие даагч гишүүний санал Ерөнхий сайдыг огцруулахад нөлөөлчихлөө. Энэ 20 хүн улс төрийн ухамсартай сонголт хийсэн гэж өөрсдөө үзэж байгаа байх. Үүнийх нь үр дүнд Ерөнхий сайд огцорч байна. АН өнгөрсөн он жилүүдэд хаширсан шүү дээ. Энэ гашуун туршлагыг давтуулахгүйн тулд “Ерөнхий сайд, намын даргаа огцруулахад хүргэсэн гишүүдийг намаас хасна” гэдэг заалттай дүрэм бий болгосон. Тиймээс намын дүрмийн энэ заалт үйлчлэх нөхцөл байдал үүсчихлээ.

-Гэхдээ энэ олон гишүүнийг хөөвөл АН юу болж хувирах юм бэ?

-Хөөх биш намаас хасна. Олон хүнд дүрэм үйлчлэхгүй, цөөн хүнд үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт намын дүрэмд ингээд заачихсан учраас хэрэгжүүлэхийг манай намынхан шаардах болов уу. Хөдөө орон нутгийн гишүүд ч сая болсон зөвлөгөөнөөр энэ тухай сануулсан.

-Одоо намын даргын асуудал юу болох бол?

– Гүйцэтгэх зөвлөлөөс ҮЗХ-ны хурлын товыг зарлах байх. Үүгээр л асуудал шийдэгдэх болов уу.

Г.УЯНГА: БИД ЗАСАГТ ОРОХ БИТГИЙ ХЭЛ ХУУЛИА БАТЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Эдийн засгийн нөх­цөл байдал хүнд энэ үед УИХ Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг огцруулчихлаа. Одоо юу болох бол?

– Ер нь хөдөлгөөн хийхэд буруу юм байхгүй. Өнөөдрийг хүр­тэл явж ирсэн улс төрийн тог­­лоо­мыг таслан зогсоох цаг бол­­­сон. Одоо Үндсэн хуулийн өөрч­лөлт рүү яаралтай орох ёстой.

-Яаж өөрчлөх ёстой гэж?

-Юуны өмнө засаглалын хэлбэрийг ярилцах ёстой. Засаглал нь илүү тогтвортой, хэн нь ямар эрх мэдэлтэй байхав гэдэг нь тодорхой байдаг тогтолцоо руу шилжих ёстой. Бие биеэ элдэв муу муухай­гаар дуудалцдаг, хэн хэнийгээ хүлээн зөв­шөөр­­дөггүй, хоорондоо дайсаг­налцдаг нь эцэстээ төрөө ямар ч үнэ хүндгүй болгож байна. Манай Үндсэн хууль биднийг ийм л зүйл рүү түлхчихлээ. Энэ байдлаасаа бид гарах ёстой. Ийм байр сууринаас хандаж сая саналаа өгсөн.

-Дараагийн Засгийн газ­рын асуудал одоо яригдаж таар­на. Асуудал яаж өрнөх бол?

-АН-ынхан дотооддоо ярьж шийдэх байх. Ер нь УИХ-д шинээр орж ирсэн гишүүдийн хувьд өнөөдөр ямар ч хууль санаачлаад нэмэргүй. Энд бидний ажиллах орчин биш, хууль батлуулдаг парламент биш юм байна гэдгийг сайн ойлгосон. Гэтэл хэн нэгний лоббигоор юм уу олон жил пар­ламентад байсан гишүүдийн өргөн барьсан хууль маш хурдан батлагдаад явдгийг харлаа. Тиймээс өөрчлөлт хийх ёстой.

-Өнөөдөр (өчигдөр) Н.Алтан­хуяг сайдын эсрэг кноп дарсан гишүүд дараа­гийн ээлжинд сайд болно гэх хардлага байна л даа…

-Бид засагт орох битгий хэл хуулиа батлуулж чадахгүй байна. Энд өөр үеийнхний өөр эрх ашиг явдаг гэдгийг мэдрээд байна.

-Н.Алтанхуягийг сольж, өөр баг гарч ирснээр энэ бүхэн өөрчлөгдөх үү?

-Хэнийг ч хэнээр ч солиод өөрчлөлт гарахгүй. Гэхдээ энэ үйл явдалд үндэслээд том зөвшилцөл хийх ёстой. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй.

-Саяын тохиолдолд АН гишүүдээ зангидсангүй, “Шударга ёс” эвсэл ч тэгж чад­сан­гүй. Бүлгийнхээ шийд­вэрийг дагаагүй гишүү­дийн нэг нь та болчихлоо. Яагаад ингэв?

-“Шударга ёс” эвсэл асууд­лаа явуулахгүй байна. Хэдхэн хүнийг дарга, сайд бол­гохын төлөөх эвсэл болчих гээд байна. “Шударга ёс” эвсэл аялдан дагалдсан маягтай байна. Аялдан дагалдсан бай­лаа ч асуудлаа шийдүүлж байвал яая гэхэв. Гэвч тийм зүйл алга. Эрх баригчийн байр суурин дээр зогсч, ард түмэнд хэрэгтэй хууль батал­сангүй, өнөөдрийг хүртэл харагдсангүй. Энэ хэвээрээ байвал сонгогчдодоо хэлэх үгтэй байхын тулд би сонголт хийж болно. Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй эвслээсээ гарна гэж хэлэхгүй л дээ.

Д.ЗОРИГТ: ӨЧИГДӨРХӨН ЗАСГАА АВЧ ҮЛДЭНЭ ГЭЖ БАЙСАН ГИШҮҮД ИРСЭНГҮЙ

-Засгийн газрыг унагасан АН-аас хөөх асуудал яриг­даж эхэллээ?

-Тийм заалт бий. Олонхийн бүлгийн гишүүд гарын үсэг зурж эсрэг санал гаргаж, эс үйлдэх буюу ирцээ бүрдүүлж ирээгүй тохиолдолд намаас хасах дүрмийн заалттай. Гэх­дээ намын Хяналтын ерөнхий хороо энэ асуудлыг шийднэ.

-Хуралдаанд ирээгүй гишүүдийн тухайд асуудал яаж яригдах бол?

-Өнөөдөр манай бүлгийн долоон хүн ирсэнгүй. Тэд өчигдөр л гэхэд энэ хүмүүсийн нэлээд хэд нь Засгийн газраа авч үлдэнэ гэж байсан. Гэтэл өнөөдөр бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар ирсэнгүй.

-Дараагийн Засгийн газар хуу­лийн хугацаанд бай­­гуу­­лагдах боломж байна уу?

-14 хоногийн хугацаанд шинэ Засгийн газар байгуу­лагдах хуультай.

-Дараагийн Засгийн газ­рыг байгуулахын тулд зөв­шилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэж МАН мэдэгдсэн. Ямар зөвшилцөл байж болох вэ?

-Энэ улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Ийм цаг үед энэ парла­ментад сууж байгаа намууд зөвшилцөж таарах байх. Яриа хөөрөө гарах байх.

Ж.БАТЗАНДАН: НЭГ ДАРГЫН ХЭЛСНЭЭР НАМААС ХӨӨГДӨХГҮЙ

-Ерөнхий сайдыг огц­руул­лаа. Эндээс АН-ын хагарал эхэллээ гэж дүгнэх нь ч байна. Улс төр хэзээ цэгцрэх бол?

-Дараагийн Засгийн газар бай­гуулагдана. Шинэ Засгийн газар, шинэ сорилтуудыг шийдвэрлээд явна. Монголын төрийн бод­­ло­го үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ бол жирийн үзэгдэл.

-Дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ. Засгийн газарт аль нам хамтрах бол гээд асуулт бий?

-Засгийн газрыг байгуулах эрх нь парламентын олонхид байгаа. Олон суудалтай намын гишүүд хэнээр тэргүүлүүлсэн ямар хэлбэрийн Засгийн газар байх вэ гэдгийг шийднэ. Богино хугацаанд дараагийн Зас­гийн газрыг байгуулаад ажил­луулах ёстой гэж харж байна.

-Чуулганд ирээгүй, Ерөн­хий сайдыг огцруу­лахыг дэмж­сэн 15 хүн намын­хаа дай­­сан болж тодотгогдож байна?

-Д.Эрдэнэбатын хэлснээр ажил, амьдрал явахгүй. Бүх асуудал Үндсэн хуулийн дагуу явна. Үндсэн хуульд УИХ-ын 19-өөс дээш гишүүн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьж болно гэсэн заалт бий. Энэ дагуу асуудал явж байгаа. Хэн нэгэн даргын үгээр бус хуулийн дагуу явна.

-Та нарыг АН-аас хөөнө гэдэг асуудал яригдаж эхэллээ?

-Намаас хөөнө гэдэг ойл­голт зөвхөн коммунист намд бай­даг. АН, МАН бол орчин үеийн нам болж төлөв­ших ёстой. Гишүүнээ намаасаа хөөдөг хоцрогдсон заалтуудаа авч хаях ёстой. Нэг даргын хэлснээр намаас хөөгддөг юм байхгүй.

-Энэ засгийг унагалцсан хүмүүст одоо байгуулагдах Засгийн газарт суудал өгөх тохироо хийгдсэн үү?

-Энэ тухай ярихад эрт байна.

-Та Засгийн газарт ажил­лах хүсэлтээ өгөх үү?

-Одоогоор надад тийм санал ирээгүй. Би тийм санал тавиагүй байна.

Я.МӨНГӨН

Л.ТӨР

Categories
мэдээ нийгэм

Хорооны цогцолбор барих газрыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/936 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг түр суурьшуулах орон сууц, хорооны цогцолборын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт 1629 м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг шинээр баталгаажууллаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгалаа.

Энэ захирамж гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 22 дугаар захирамжийн 8 дугаар хороонд хамаарах заалтыг хүчингүй болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол 30-50 мянган төгрөг нэмж төлнө

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хяналтын камераар баталгаажсан болон хөдөлгөөн зохицуулагч нарт бэлэн бусаар торгуулсан жолооч нараас 6 сая орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг болжээ. Гэсэн хэдий ч зөрчил гаргаад бэлэн бус торгуулийн хуудас авсан хэрнээ 14 хоногийн хугацаа нь хэтэрсэн 500 орчим иргэн өдөртөө Авто тээврийн үндэсний төвөөс үйлчилгээ авахаар ханддаг байна. Тодруулбал, дээрх зөрчил гаргасан жолооч нар шилжилт хөдөлгөөн хийлгэх авто машин эзэмшигчийн нэрийг өөрчлөх зэрэг байдлаар ханддаг гэнэ.

Тиймээс энэ мэт хугацаанд нь торгуулиа төлөөгүй иргэдэд хүлээлгэх хариуцлага өндөржиж байгаа аж. Торгуулиа хугацаанд нь буюу 14 хоногт төлөөгүй бол тухайн жолооч 30-50 мянган төгрөг нэмж төлөх юм байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хоногтоо 700 орчим тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд гаргасан зөрчилд торгуулийн мэдэгдэх хуудас илгээж байгаагийн 20 гаруй хувь нь үзлэг оношилгоонд хамрагдах хугацаа нь хэтэрсэн байдаг гэнэ.

Сүүлийн үед нийслэлийн замын цадаагийн газарт бэлэн бус торгуультай холбоотой өргөдөл гомдол их ирэх болсон гэж байна. Өөрөөр хэлбэл торгуулиа төлж барагдуулахгүйгээр машин тэргээ бусдад зарж борлуулах зэрэг гомдлууд тасрахгүй байгааг албаныхан онцоллоо.

Энэ мэт зөрчилтэй жолооч нар хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хүлээх хариуцлага чангарч байгааг холбогдох албаныхан онцлоод хэрэв зөрчилтэй бол зөрчлөө арилгах боломжтойг сануулж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мах хямдарчихлаа. Одоо хуушуурынхаа үнийг буулгаач ээ

“Шонхор” худалдааны төв дээр хонины гулууз мах нэг кг нь 4300 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол бөөнийх буюу өглөө эртийн үнэ. Лангуу руу оруулаад жижиглэнгээр худалдаалахдаа нэг кг-ыг нь 5000-6000 төгрөгөөр зарж байгаа ажээ. Харин үхрийн мах 4500-5200 төгрөгийн үнэтэй. Өглөө эрт очоод сайн мах авъя гэвэл 5200-аар, тааруухан шиг махыг 4500 төгрөгөөр авч болно. Адууны мах 3500, ямааны мах 3700, тэмээнийх 3000 төгрөгийн үнэтэй байв. Бөөндөх юм бол бүр хямдаар авч болно. Махны үнэ ийн хямдарсан нь нийлүүлэлт их байгаатай холбоотой. Намрын эхэн сараас хойш махны үнэ ерөнхийдөө хямд, тогтвортой байгаа гэж худалдагчид ярьж байв. Үдийн алдад “Шонхор” худалдааны төв дээр очиход үйлчлүүлэгч багатай байсан. Харин захын гадна талд орон нутгийн дугаартай “Портер” голдуу машинууд эгнэчихэж. Өвөрхангай, Архангай, Дорнод, Хэнтий, Булган, Төв аймгийн дугаартай машинууд байна. Үүрээр нийслэлд орж ирэн махаа борлуулчихаад хэсэг хугацаанд нойроо авч байгаа ажээ. Өвөрхангайгаас ирсэн жолоочтой уулзав. Тэрээр “Би хоёр найзтайгаа нийлэн мах оруулж ирдэг юм. Хөдөөгүүр мал сайн олдож байна. Энд ирээд мах элбэг учраас хямдхан өгчихөөд буцаж байгаа. Өглөө гучин хонь, арван үхэртэй ирсэн. Бүгдийг нь бөөндөөд өгчихлөө. Үдээс хойш нутаг буцаад тав дахиас эргээд ирнэ” гэв. Ер нь малчид малаа зарах дуртай байгаа ажээ. Эр хонь 100-120 мянга, төлөг 30-50 мянгаар авч байгаа гэнэ. Харин зах дотор лангууны ард зогсоо худалдагчид “Сайхан шинэ мах байна. Үнийг нь буулгаад ав” л гэх юм. Жижиглэнгээр мах авах бол тарган сайхан хонины мах нэг кг-ыг нь 5000 төгрөгөөр аваарай гэж байлаа.

Махны үнэ ингэж хямдарсан болохоор дотор мах буюу дайвар бүтээгдэхүүн гүйлгээ багатай байгаа ажээ. “Кг мах 10 мянга хүрэхээр дайвар бүтээгдэхүүн олдохоо больдог юм. Одоо харин үнэ хямд байгаа болохоор дотор мах зарагдахгүй байна” гэж байна. Эндээс өглөө эрт ирж мах авдаг хүмүүс нь томоохон зах, худалдааны төвд мах зардаг худалдагчид. “Хүчит шонхор”-оос бөөндөж авсан үнэ дээрээ 1000-1500 төгрөг нэмээд жижиглэнгээр борлуулдаг. Бас гуанз, рестораныхан хамгийн түрүүнд ирдэг гэсэн. Тэд хөдөөнөөс оруулж ирсэн махыг ченжийн гар дамжуулалгүй хямд үнээр авдаг. Ихэнх нь аваад сурчихсан байнгын нийлүүлэгчтэй болчихсон байдаг ажээ. Ялангуяа хоолны сүлжээ ресторан, нийтийн хоолны газрууд өдөр бүр ирж мах авдаг гэсэн. Харин олон жил үйл ажиллагаа явуулж буй зарим газарт махыг нь захиалгаар хүргэж өгдөг гэж байлаа.

Ресторан, гуанзууд иймэрхүү үнээр махаа авч байна. Гэтэл хуушуур хамгийн хямддаа 800 төгрөгийн үнэтэй байгаа. Хэдэн жилийн өмнө 350-500 төгрөгөөр боломжийн сайхан махтай хуушуур аваад идчихдэг байсан. Харин тэр үед нэг кг хонины махны үнэ 10 мянга давж байв. Хоолны газрууд болохоо байлаа, ашиг орлого олох нь битгий хэл дампуурах нь гэсээр үнээ нэмчихсэн билээ. Кг хонины мах 10 мянга байхад нэг ширхэг хуушуурыг 800 төгрөгөөр зарвал ашигтай ажиллана гэж тооцоолсон хэрэг. Гэтэл өнөөдөр хонины мах 4300 төгрөг болчихлоо. Үхрийн махаа 5200 төгрөөр авч байна. Харин хуушуур ямар үнэтэй байгааг сонирхов.

ТАВАН ШИРХЭГ ХУУШУУР 15300 ТӨГРӨГ

Сүлжээ хоолны газрууд буюу “Broadway”, “Modern nomads”-аар орлоо. Эдгээр газар европ хоолноос гадна монгол хоолны сонголттой гэдгийг хүмүүс андахгүй. Захиалга өгч байгаа хүмүүсийг анзаараад байхад монгол хоолоо голдуу идэж байгаа харагдсан. Хуушуур, бууз, банштай цай, үхрийн чанасан толгой, хонины өвчүү, хавирга, битүү шөл зэрэг үндэсний хоолтой. Харин хуушуур, бууз зэргийг ширхэглэн зардаггүй. “Broadway”-д л гэхэд хуушуураа таван ширхгийг нэг порц болгон зардаг. Холимог ногооны салаттай, гараар татсан үхрийн махтай таван ширхэг гэрийн хуушуур 15300 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нэг хуушуур 3000 орчим төгрөгийн үнэтэй байгаа юм. Өнөөх нь гарын алганы дайтай хэмжээтэй. Хажууд нь өргөст хэмх, лууван, салатны навчаар хийсэн багахаан салат тавьчихна. Ингээд болоо. Дан хуушуураас гадна хуушууртай хар шөл байгаа. Хоёр ширхэг хуушууртай шөл 14200 төгрөгийн үнэтэй байх юм. Бас монгол хоолны цуглуулга цэсэн дээр нь бий. Банш, хуушуур, бууз, хонины шарсан хавиргатай уг хоолыг 36200 төгрөгөөр авч иднэ. Эднийхээс гарч “Modern nomads”-аар оров. Хуушуурыг үхэр, хонины махаар төрөлжүүлэн хийдэг. Үхэр хонины махтай “Номадс” хачиртай хуушуур нь 12900 төгрөг. Хонины зүрх, бөөр, уушги, гүзээ, элэгтэй таван цулын хуушуур 10900, үхрийн махтай, бор гурилан хуушуур 9900, дан ногоотой нь 8900, Хөвсгөлийн цагаан загасны махтай нь 13900 төгрөгийн үнэтэй. Дээрх төрлийн хуушуур бүгд дөрвөн ширхэгтэй. Бас бүгдээрээ хажуудаа ногооны салат дагалдуулдаг ажээ.

Ресторануудад зарж байгаа хуушуурын үнэ иймэрхүү байна. Харин дундаж хоолны газраас таван ширхэг хуушуурыг 8500 төгрөгөөр авч иднэ. Таван ширхэг хуушуур хоёр кг махны үнэтэй байна гэсэн үг. Гуанз, цайны газруудад нэг ширхэг хуушуур хамгийн хямддаа 800 төгрөгийн үнэтэй байгаа. Зарим газарт мянга ч хүрч байгаа байх. МУИС-ийн хажуу талын цайны газрууд, СУИС-ийн ойролцоох гуанзуудаар нэг ширхэг хуушуур 800, бууз 600, пирожки 800, мантуун бууз 700 төгрөг гэж байлаа. Хуушуурын гуанзнууд үйлчлүүлэгч ч ихтэй юм. Зааланд сууж байгаа хүмүүсийн олонх нь дундаа салат тавиад хуушуур идчихсэн сууж байна. “Нэг ширхэг хуушуурыг бараг мянган төгрөгөөр авч идэж байна. Үнэ нэмэгдэхийн хэрээр хэмжээ нэмэгддэг бол өөр хэрэг. Гэтэл алга дарамхан жижигхэн хуушуурыг 800 төгрөгөөр авч идэж байна. Өнөөх нь мах гэхээр юм бага даа” гэж байлаа. Махны тухайд нэг үеэ бодвол нар сар нь гэрэлтсэн хуушуур хийж байгаа газар цөөхөн. Гэхдээ гэрийн хуушуур шиг чимхчихдэг болохоор махны их бага харагдахгүй. Голдоо зузаахан шиг мах хийгээд, зах руугаа махгүй байсан ч хүмүүс юм хэлэлгүй идчихдэг ажээ.

Гуанзууд нэг кг махаар 30-35 ширхэг хуушуур хийдэг гэсэн. Тэгэхээр хамгийн хямдхан хуушуур зарж байгаа гуанз нэг кг махаа 4300 төгрөгөөр худалдаж аваад 28 мянган төгрөг болгож байна. Дөрөв, таван ширхэг хуушуурыг арван хэдэн мянган төгрөгөөр зарж байгаа рестораны тооцоог бүр ярилтгүй. Уг нь бизнес эрхэлж байгаа хүмүүс үнээ хоёр дахин нугалж чадвал хангалттай ашигтай ажиллана гэж ярьдаг. Гэтэл хоол үйлдвэрлэлийн компаниуд ямар ч жудаггүйгээр үнээ тогтоож байна. Тэдэнд хяналт тавьж байгаа мэргэжлийн байгууллага алга. Махны үнэ өндөр байхад хуушуурынхаа үнийг нэмж болсон юм чинь хямдарсан үед нь яагаад үнээ буулгаж болохгүй гэж.

С.АЛТАН

Д.ДОРЖДЭРЭМ

Гэрэл зургуулыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

ХИС-ийн эрдэмтэд, судлаачид олон улсын түвшинд судалгаа хийж байна

ХИС-ийн үүсгэн байгуу­лагд­саны 35 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ. Анх Орос хэлний багшийн дээд сургууль нэртэй бай­гуулагдаж, улмаар ГХДС болж, 1999 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль болж өргө­жиж ирсэн тус сургуулийн төгсөгчид салбар бүртээ амжилт дагуулсаар өдийг хүрсэн. Бас энэ сургуульд үе, үеийн чадварлаг багш нар, эрдэмтэд ажилласаар ир­сэн байдаг. Боловсролын сал­бар дахь дэлхий нийтийн чиг хандлага нь их дээд сургуу­лиуд зөвхөн оюутанд хичээл заах бус харин сургалт судал­гааны төв болж байна. Манайд ч их дээд сургуулиуд энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллах болоод байгаа би­лээ. Өдгөө ХИС-д багшилж буй эрдэмтэн багш нар, суд­лаач­дын тухай болон тэд­ний эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны талаар танил­цуулж байна.

ХИС-ИЙН ЭРДЭМТЭН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, УСНЫ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн Экологи, аялал жуулчлалын менежментийн тэнхмийн эрхлэгч профессор Т.Навчаа Нидер­лан­дын UNESCO-IHE Усны Бо­ловс­­ролын Институтэд байгаль орчны бодлого төлөвлөлт, ме­неж­­ментийн чиглэлээр магист­рын зэрэг хамгаалсан, боловсрол судлалын ухааны докторын зэ­рэг­тэй. Аялал жуулчлалын бо­ловс­ролын чиглэлээр доктор хам­гаалсан анхны эрдэмтэн билээ.

Профессор Т.Навчаагийн “Ая­лал жуулчлал судлалын онол, арга зүй”, “Эко туризмын менеж­мент”, “Тусгай хамгаалалттай газар нутагт эко туризм хөг­жүүлэх арга” зэрэг ном сурах бичиг нь их, дээд сургуулийн сургалтанд тогтмол хэрэглэгдэж байна. Мөн 2006 оноос ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн газарзүйн сурах бичиг зохиох багийн гишүүнээр ажил­лаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын нө­лөөл­лийн нэгдсэн судалгааг про­фессор Д.Гансүх, профессор С.Эрдэнэтуул нартай хамтран хийж “ТХГН-т аялал жуулчлалын үзүүлэх нөлөөллийн суурь судал­гааны үр дүнгээс” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн нь Томсон Ройтерсийн индекс бүхий аялал жуулчлалын судалгааны сэтгүүлд хэвлэгджээ.

Профессор Т.Навчаа нь сүү­лийн жилүүдэд уур амьсга­лын өөрчлөлт, уур амьсгалын өөрч­­лөл­тийн боловсрол, усны боловсролын чиглэлээр судал­­гаа­ны ажлууд түлхүү хийж байна. Жишээлбэл, Мон­гол ор­ны уур амьсгалын өөрч­лөл­төд өндөр эрсдэлтэй гол мөр­нүү­дийн сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийг экосистемд түшиглэсэн дасан зохицохуйн зарчимтай уялдуу­лан боловсруулах ажлын үр дүнгээс 2014 онд Европын Гео шинжлэх ухааны холбооны (EGU) ерөнхий чуулганд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэхүү судалгаа нь Copernicus индекс бүхий Европын Геофизикийн судалгааны сэтгүүлд хэвлэгджээ. Түүнчлэн бусад судалгааны ажлын үр дүнгүүд нь ОХУ, Япон, Герман, Австри зэрэг оронд зохиогдсон олон улсын хуралд хэлэлцэгдэж хэвлэгдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд, ХИС-ийн сэтгүүл зүйн багш, доктор Л.Ариунтай хамтран “Эко системд түшиглэсэн да­сан зохицохуй” телевизийн нэвт­­рүүлэг бэлтгэж теле сувгуу­даар түгээжээ. ХИС-ийн профес­сор Т.Навчаа НҮБХХ-ийн болон ЮНЕСКО-гийн төсөл хөтөл­бөрүүдэд байгаль орчны менеж­мент, усны нөөцийн менежмент, эко туризмын менеж­мент, тогт­вортой хөгжлийн болов­сролын чиг­лэлээр үндэсний зөвлө­хөөр 2010 оноос хойш ажил­лаж байна. Мөн 2014 оноос Европын Гео шинжлэх ухааны холбооны (EGU) гишүүнээр элс­сэн. 2004 оноос Европын Аялал жуулчлал чөлөөт цагийн боловсролын холбооны гишүүн, 2010 оноос Даян дэлхийн усны түншлэлийн байгууллагын ХИС-ийн төлөөлөгч болсон аж.

ДОКТОР С.ЭРДЭНЭТУУЛ: СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ТҮҮНИЙХЭЭ ҮР ДҮНГ ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛНЭ ГЭДЭГ ИХ СУРГУУЛИЙН БАГШ ХҮНИЙ ҮҮРЭГ ЮМ

ХИС-ийн Бизнесийн удирд­ла­гын тэнхмийн эрхлэгч, док­тор (PhD), проффессор С.Эрдэнэ­туул нь “Монголын эдийн засгийн хөгжил дэх ажиллах хүч, хүн ам зүйн нөлөөллийн судалгаа” сэдвээр Японы Рейтаку их сур­гуульд эдийн засгийн ухаа­ны докторын зэргийг 2006 онд хамгаалжээ. Тэрээр хүний нөө­цийн менежмент, хүрээлэн буй орчны эдийн засаг, нөөцийн бодлого, төлөвлөлтийн асуудал зэрэг чиглэлээр судалгаа хийдэг. 2006 – 2008 онд Японд докторын дараах сургалтад хамрагдсаны зэрэгцээ Японы Нийгмийн хам­гаа­лал, хүн ам зүйн бодлого суд­лалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан юм.

Тэрээр сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эдийн засаг, нөөцийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийж байгаа бөгөөд аялал жуулчлалын бай­галь орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцох аргачлал боловсруулах ажлыг профессор Д.Гансүх, профессор Т.Навчаа нартай хамтран гүйцэтгэж, судал­­гааны үр дүнгээр бичсэн хамтарсан өгүүлэл нь “Том­сон Ройтерс”-ийн индекс бүхий “Journal of Tourism Research and Hospitality” аялал жууч­лалын судалгааны сэтгүүлд хэв­лэгджээ. Түүнчлэн ХИС-ийн про­фес­сор Т.Навчаатай хамт­ран сав газрын нийгэм, эдийн засгийн судалгааны суурь мате­риалууд дээр тулгуурлан Улз голын сав газрын усны нөө­цийн нэгдсэн менежментийн төлөв­лөгөөг боловсруулан, усны нөө­цийн хэрэглээ, зарцуулалт, салба­руудын усны хэрэглээ, нөө­цийг хамгаалах арга замууд бо­лон үйл ажиллагааны оновч­той төлөвлөлтийг гаргасан бү­тээл нь “Copernicus” индекс бүхий сэтгүүлд хэвлэгдэж, уг судал­гааны ажлын үр дүнгийн талаар олон улсын эрдэм шин­жилгээний хуралд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. Профессор С.Эрдэнэтуул нь Японы менеж­ментийн холбоо, хүн ам зүй су­далгааны хүрээлэнгийн гишүүн. Тэрээр сүүлийн таван жилд НҮБ, АХБ, ДБХС, ОУХБ зэ­рэг ОУ-ын байгууллагуудын 30 гаруй судалгааны төслүүдэд богино хугацааны экспертээр ажил­лахаас гадна төрийн байгуул­лага, яамдуудтай ч хамтран ажиллажээ.

ДОКТОР Б.БУЯНДЭЛГЭР: ЦАХИМ СУРГАЛТ НЬ СУРАЛЦАГЧДАД ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙН ХАМААРАЛ БАГАТАЙГААР МЭДЛЭГ ЭЗЭМШҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

ХИС-ийн Мэдээлэл, харил­цаа­­ны менежментийн сургуу­­лийн захирал доктор (Ph.D) Б.Буян­­дэлгэр. 2003 онд Москва хотын Лениний нэрэмжит Ул­сын Багшийн Их Сургуульд мате­матик заах арга зүйн чиг­лэлээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тестийн хэлбэрээр сурагчдын мэдлэг чадварыг шал­гах онол, арга зүйг судалсан энэхүү судалгааны ажил Мон­голын боловролын системд тестийн аргыг нэвтрүүлэх эх­лэл болсноороо онцлог юм. Математикийн хичээлийн сурал­цагсдын мэдлэг чадварыг сорих тестийн аргын талаар судалгаа хийдэг олон эрдэмтэн байдаг ч Б.Буяндэлгэр докторын ажил ерөнхий боловсролын сургуу­лийн математикийн мэдлэг, чад­ва­рыг шалгах тестийн аргыг нэвт­рүүлэхэд анхдагч болсон гэж хэлж болох юм. Тэрээр сүүлийн та­ван жилд цахим сургалтын онол арга зүйг боловсруулж, практикт хэрэглэх судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Дэлхийн ихэнх улс орнуу­дад өрнөж буй даяаршлын эри­ний хөдөлмөрийн зах зээл нь боловсролоос шинэ ур чадварыг суралцагчдад цаг хугацаа, орон зайн хамаарал багатайгаар эзэм­шүүлэхийг шаардах боллоо. Цахим сургалтын цар хүрээ өр­гөн, өөрөөр хэлбэл хамрагдах сурал­цагсдын тоо хязгааргүй, сурал­цагчид хүссэн газартаа, тохи­ромжтой үедээ суралцах бо­ломж­той, бие даан суралцах чадвар эзэмших боломж олгодог гээд олон давуу тал байдаг. Гэхдээ цахим сургалт явуулахад эрх зүйн орчин, сургалтын орчин, боловсронгуй програм хангамж, мэдээллийн технологийн өндөр чадвартай багшлах боловсон хүчин, электрон хичээлүүдийн хө­төлбөр төлөвлөгөө, интернэ­тийн хурд зэрэг олно хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс Б.Буяндэлгэр доктор цахим сургалтын боловс­ролын чанарыг хангах үзүүлэл­түүдийг судалгааны ажлаараа тодорхойлж, цахим сургалтанд нөлөө­лөх хүчин зүйлүүд тэдгээ­рийн харилцан уялдааг гар­гаж, цахим сургалтын мөн чана­рыг илэр­хийлдэг үндсэн үзүүлэл­түү­дийг тооцоолох арга зүйг бо­ло­всруулаад байна. Мөн вэб технологид суурилсан программ хангамжийг боловсруулах төс­лийн ажлыг удирдаж, зарим тодор­хой хэсгийг нутагшуулж, зүгш­рүүлж байгаа.

ҮНДЭСТЭН ДАМНАСАН СУДАЛГААНЫ БАГИЙН ЭРДЭМТЭН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БУЙГ СУДАЛНА

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн захирал доктор (PhD), профессор А.Амаржаргал нь Японы Кобэгийн их сургуульд магистр, докторын зэрэг хам­гаалж, 2012-2013 онд Америкийн Их Сургуульд докторын дараах хөтөлбөрт хамрагдсан байна. Тэрээр сүүлийн үед ядуурал, орлогын хуваарилалт, уул уур­хайн секторын орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөө, хүний хүчин зүйл зүйл уур амьсгалын өөрч­лөлтөд хэрхэн нөлөөлж бай­гааг судалж байгаа юм. Бүтээлүүд нь гадаад, дотоо­дын сэтгүүлүүдэд олонтаа нийтлэгддэг. Тухайлбал АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэм­тэдтэй хамтран “Divergences of Two Coupled Human and Natural Systems on the Mongolia Plateau” судалгааны ажлыг “BioScience” сэтгүүлд хэвлүүлжээ. Доктор А.Амаржаргал өнгөрсөн сарын 16-18-ны өдрүүдэд АНУ-ын Мичи­ганы Их Сургууль болон Италийн Альдо Морагийн их сургуулиас хамтран зохион байгуулсан уур амьсгалын глобаль өөрчлөлтийн асуудлаар эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьжээ. Энд “Уур амьсгалын өөрчлөлтөд хүн болон Экосистемийн үзүүлэх хариу үйлдэл” гэсэн нэгдсэн сэдвээр 100 га­руй эрдэмтэн чуулжээ. Тэрээр “Монгол улсын уул уур­хайн салбарын хөгжил орон нут­гийн шилжилт хөдөлгөөнд хэр­хэн нөлөөлж байна вэ?” сэ­дэвт илтгэлдээ манай орны уул уурхайн салбарын орон нутаг дахь шилжилт хөдөлгөөнд үзүүлж буй нөлөөллийг тооцохдоо PROBIT загварыг ашиглан 2008-2010 оны манай улсын ажиллах хүчний судалгаа, хүн амын шил­жилт хөдөлгөөний мэдээнд тул­гуурлан судалсан байна. Мөн орон нутгийн шилжилт хөдөл­гөөнд уул уурхайн салбар хүчтэй нөлөө үзүүлж байгааг харуулсан үр дүнгийн талаар хуралд орол­цогчидтой санал бодлоо солилц­жээ. Судлаач А.Амар­жар­гал 2013-2014 онд Дэлхийн Банк­ны санхүүжилтээр Орон нут­гийн эрүүл мэндийн анхан шат­ны тусламж үйлчилгээний сан­хүү­­жил­тийг боловсронгуй болгох арга замыг судалсан юм. Тэрээр үндэстэн дамнасан судалгааны багт ажиллаж байна. Мичиганы их сургуулийн профес­сорын баг Зүүн өмнөд Ази, Зүүн Ази, Хойт Азийн эрдэмтдийн хам­тарсан судалгааны баг бай­гуу­­лан ажиллаж байгаа ба түү­ний Монгол талын судлаач юм. Дээрх эрдэмтэд Америкийн тэр­­­гүүлэх сансар судлалын бай­­­гуул­­лага болох НАСА-ийн сан­­­­хүү­­жилтээр 2015-2018 онд шил­­жил­тийн эдийн засгийн ор­нуу­дын хотжих үйл явц болон глобал өөрчлөлтөд эдгээр орны да­сан зохицох асуудлыг судлах юм.

БИЗНЕСИЙН МАТЕМАТИК ЗАГ­ВАРЧЛАЛЫН СУДАЛГААНЫ ТӨВ /Р.ЭНХБАТ, Б.ЧИМЭД-ОЧИР, Ч.БАТ­ТҮВШИН/ ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮР АШИГТАЙ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

МУИС-ийн Математикийн хү­рээ­лэнгийн захирал, мате­мати­кийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Р.Энх­бат, ХИС-ийн КТХС-ний тэнхмийн багш, доктор /Ph.D/, профессор Б.Чимэд-Очир, ХИС-ийн Гадаад харилцааны албаны дарга, суд­лаач Ч.Баттүвшин нар Бизне­сийн математик загвар­члалын судалгааны төвийн эрдэм­тэн, судлаачид юм. Шинж­лэх ухаа­ны судалгааны бүтээл, ном хэвлэ­лүүдэд дэлхийн эрдэмтэд хамтран ажиллахыг илүүд үзэж байгааг тэмдэглэжээ. Энэ жишгээр манай эрдэмтэн, судлаачид ч мөн хамтран олон судалгааны ажил хийж байна. Тухайлбал, тэд хамтарсан “Solving Traveling Salesman Problem by Dynamic Programming” сэдэвт судалгааны ажлаа “International Journal of Research in Computer Application & Management” сэтгүүлд хэвлүүлжээ.

Төвийн судлаач Ч.Баттүвшин МУИС-ийн Математик, компью­терийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Батбилэгтэй хамтран “Global Optimization Approach to Game Theory” илтгэлийг БНХАУ-д болсон “The 2013 World Congress on Global Optimization” олон улсын хуралд хэлэлцүүлжээ. Энэ ажилд хоёр тоглогчтой тэг-биш нийлбэртэй тоглоомыг D.C програмчлал болон хувиргаж түүнийг глобал оновчлолын бодло­год шилжүүлэн тооцоол­лыг хийсэн байна. Судлаач Ч.Баттүв­шин 2013 онд “The Fourth International Conference on Optimization, Simulation and Control” олон улсын хуралд “Application of Dynamic Programming to Cash Flow Process” сэдэвт илтгэл, мөн доктор Б.Чимэд-Очиртой хамтран “Application of Game Theory to Investment Decisions” судалгааны илтгэл тавьж, олон орны эрдэмтэн судлаачид уул­зан ярилцаж, өөрсдийн судал­­гааны үр дүнгийн талаар санал солилцжээ. Ч.Баттүвшин, Б.Чимэд-Очир нар 2013 оны арван­ хоёрдугаар сард Тайваны Шинжлэх ухаан, технологийн Үндэсний их сургуулиас зохион байгуулсан “The 9th International Conference on Optimization: Techniques and Applications /ICOTA 9/ олон улсын хуралд “Profit Maximization in Oligopoly Market with Uncertain Cost” илтгэлийг олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлжээ. Мөн ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Т.Баяртөгс, судлаач Ч.Бат­түвшин, профессор Р.Энхбат нар “Quadratic Optimization over a Polyhedral Set” илтгэлийг 2014 онд Олон улсын математикийн форумд танилцуулжээ.

Сүүлийн үед хэрэглээний ма­те­матикийн зарим чиглэлүү­дээр судалгааны ажлаа амжилттай хийж байна. Тухайлбал, суд­лаач Ч.Баттүвшин, Б.Чимэд-Очир, О.Цэрэнбат (МУИС-ийн Магад­лалын онолын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор) нар хамтран “Тодорхой бус зардалтай пүүсүүдийн ашигт ажиллагааны математик загвар” сэдэвт судалгааны ажил хийжээ. Энэхүү ажлаа олигополь зах зээл дээр авч судлан үзсэн байна. Эрэлтийн болон зардлын функцууд шугаман байх тохиол­долд Нэшийн тэнцвэрийг олох аргыг дэвшүүлжээ. Энэхүү үр дүн нь практикт нэвтрэх бүрэн боломжтой юм. Дээрх төвийн гурван судлаач мөн хамтран “Валютын ханшид нөлөөлөгч макро эдийн засгийн хүчин зүйлүүдийг тодорхойлох нь” сэдэвт судалгаа хийсэн юм. Энэхүү ажилд валютын ханшид шууд ба дам байдлаар нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон байна.

ДОКТОР С.БАТЧИМЭГ ХҮНИЙ БИЕИЙН ЭРХТНИЙГ ГУРВАН ХЭМЖЭЭСТ ОРЧИНД ШИНЖЛЭХ АППАРАТ ХЭРЭГСЭЛД ЗОРИУЛСАН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙДЭГ

ХИС-ийн КТХС-ийн тэнхмийн эрхлэгч багш С.Батчи­мэг. 1997 оноос мэдээл­лийн технологийн компанид прог­рам хангамжийн инженер, сис­те­мийн шинжээч болон төс­лийн удирдагчаар 10 гаруй ажил ажилласан бөгөөд 2010 он Япон улсын Ивате их сургуулийг “Цэгэн үүлийг хурдасгасан аргаар дүрслэх алгоритмыг хялбарчлах аргачлал” сэдвээр докторын зэ­рэг хамгаалсан. Мэдээллийн тех­нологийн салбарт гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан хуруу дарам цөөхөн эрдэмтний нэг юм.

Тэрээр мэдээллийн техно­логи, компьютер график, түүн дотроо цэгэн олонлогийг оновчтой аргаар дүрслэх болон байгалийн үзэгдлийн загварчлалын асууд­луудын талаар судалгааны ажил хийсэн. Японы Засгийн газрын захиалга, санхүүжилтээр олон янзын төслүүдэд ажиллаж байсан бөгөөд энэхүү ажлын үр дүн болох “Evaluation of Important Points in Point Set Surfaces and Its Applications”, “Bilateral filtering for large scale point clouds”, “Simplification of Point Set Surfaces using Bilateral Filter and Multi-Sized Splats” зэрэг судалгааны ажлуудаараа Япон, Сингапур зэрэг гадны олон орны эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлж, гадны эрдэмтэн судлаачдын хүртээл болгож байв. Мөн олон тооны өгүүлэл нь дотоод, гадаадын хэвлэлүүдэд нийтлэгдэж байв.

Энэхүү судалгааны ажлууд нь компьютер графикт дүрсийг гурван хэмжээст өгөгдлөөр хэрхэн хурдан дүрслэх аргыг математик томъёололыг тодор­хойлж гаргасан бөгөөд энэхүү аргыг ашиглан кино, компьютер тоглоом түүнчлэн эрүүл мэндийн салбарт ашиглах боломжтой юм. Жишээлбэл хүний биеийн эрхтнийг 3D орчинд дүрсэлж харуулах скайнерийг эрдэмтэд бүтээж байгаа бөгөөд түүнд зориулсан програм хангамжийг боловсруулахад энэхүү аргыг ашиглах бүрэн боломжтой юм. Энэхүү шинэ чиглэлээр Монголдоо судалгаа хийж буй ганц нь гэж хэлж болохоор эрдэмтэн ажээ. Сүүлийн үед зайн сургалтын технологийг сургал­танд ашиглах талаар судалгааны ажил хийж байгаа бөгөөд энэхүү технологийг нэвтрүүлснээр их дээд сургуулиудын сургалтын процест шинэчлэл гарч, үүнтэй уялдан суралцагчдад цаг хугацаа орон зайнаас үл хамааран цаашид суралцах боломжууд бүрдэх боломжтой болох юм.

ДОКТОР Г.БОЛДБААТАР МОНГОЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖЭЭ

ХИС-ийн Бизнесийн удирдла­гын тэнхмийн багш, доктор, про­фес­сор Г.Болдбаатар 2003 онд “Дээд боловсролын сургал­тын байгууллагын стате­гийн болон бизнес төлөвлөгөөг бо­ловс­­руулах арга зүйн зарим асуудал” сэдвээр боловсрол суд­­лалын ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ. “Маrketing today” мэргэжлийн сэтгүү­лийн ерөнхий редактороор ажилладаг.

Тэрбээр сүүлийн таван жилд 10 гаруй судалгааны төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд судалгааны чиглэл нь маркетинг менежмент (нейромаркетинг, брэнд менежмент), хүний нөөцийн төлөвлөлт, эдийн засаг, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа ажээ. Г.Болдбаатар багшийн сүүлийн таван жилийн хугацаанд туурвисан номын тоо арваас давах бөгөөд цөөнгүй ном, сурах бичиг, гарын авлага редакторложээ. Мөн олон тооны бүтээл дээрээ зохиогчийн эрхийн патент авчээ.

2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүсэлт, санхүү­жил­тээр Тамгын газрын стратеги төлөвлөгөөг боловсруул­сан нь хэрэгжиж байна. Төлөвлө­гөөг боловсруулахдаа Ерөнхий­лөг­­чийн тамгын газрын үйл ажиллагаа, бодлогыг хэрэгжүүлэх төрийн маркетингийн стратеги хөтөлбөрийг голчилж анхаарсан байна. Мөн Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Боловс­рол, соёл шинжлэх ухаа­ны яамнаас Монгол улсын боловс­ролын 2010-2020 оны стра­теги төлөвлөгөөг боловс­руулах­­даа судлаачаар ажиллажээ.

ПРОФЕССОР Э.ЭРДЭНЭЧИМЭГ ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн Бизнесийн удирдлагын тэнхмийн маркетинг менежмен­тийн багш профессор Э.Эрдэнэ­чимэг нь 2004 онд ХИС-д “Монго­лын их, дээд сургуулиудын мар­ке­тингийн төлөвлөгөөг бо­ловс­руулах аргазүйн зарим асуудал” сэдвээр боловсролын марке­тингийн чиглэлээр док­торын зэрэг хамгаалжээ. Про­фессор Э.Эрдэнэчимэг нь 2005 онд ОХУ-ын Хаборовск хотын Эдийн засгийн хүрээлэнд докторын судалгааны ажлаараа илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Улмаар 2006 онд Монголын Залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэл тогоот 2006” эрдэм шинжилгээий бага хуралд илтгэл тавьж дэд байр эзэлж байсан. Профессор Э.Эрдэнэчимэг нь 2009-2013 онд Австри улсын Венийн Их сургуульд маркетинг менежментийн чиглэ­лээр мэргэжил дээшлүүлж, төслийн судалгааны ажлын статистик боловсруулалтын багт төслийн гэрээт ажилтнаар ажиллаж байжээ. Түүний “Маркетингийн үндэс”, “Марке­тингийн менежмент”, “Бор­луулалтын маркетинг”зэрэг ном, сурах бичгүүд нь их, дээд сургуулийн сургалтанд тогтмол хэрэглэгдэж байна. Профессор Э.Эрдэнэчимэг нь “Уур амьсгалын өөрчлөлт ба экосистемийн үнэлгээ” сэдэвт олон улсын төсөл дээр Австри Улсын “BOKU” их сургуулийн профессор Klaus Hacklander, профессор Boris Scheftel, ХИС-ийн багш Австри Улсын “BOKU” их сургуулийн докторант П.Цэрэндаваа нартай хамтран судалгаа хийж байна.

Энэхүү төслийн судалгааны ажлын үр дүнгээрээ 2014 оны есдүгээр сарын 1-5-нд Германы Giessen хотноо болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Экосистемийн үнэлгээ ба нягтшлын судалгааны загварчлал”сэдвээр илтгэлээ хэлэлцүүлж ХБНГУ-ын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байна.

СУДЛААЧ БАГШ П.ЦЭРЭНДАВАА ХОВОР АМЬТАН БОЛООД ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОЛБОГДОЛ БҮХИЙ МЭРЭГЧ АМЬТДЫН ПОПУЛЯЦИЙН ЭКОЛОГИЙН СУДАЛГАА ГОЛЛОН ХИЙДЭГ

ХИС-ийн Бизнесийн сургуу­лийн Экологи-Аялал жуулчлалын менежментийн тэнхмийн суд­лаач багш П.Цэрэндаваа 2000-2004 онд МУИС болон ХБНГУ-ын Гөттингэн хотын Георг Августын их сургуулийн бай­галь хамгаалах төвд экологи байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийж магистрын зэргээ хамгаалсан. Тэрээр байгаль хамгааллын биологи, экологи, ховор амьтан болоод хөдөө аж ахуйн холбогдол бүхий мэрэгч амьтдын популяцийн экологийн судалгаа голлон хийдэг бөгөөд энэ чиглэлээрээ Австри Улсын Венна хотын “BOKU-Байгалийн Ухааны” сургуульд докторын судалгаагаа хийж байна. П.Цэрэндаваа нь ХБНГУ-ын Гөттингэн хотын Георг Августын их сургуулийн байгаль хамгаалах төвийн захирал профессор М. Мюленберг, МУИС-ийн профессор Р.Самъяа, Австри Улсын Венна хотын “BOKU-Байгалийн Ухааны” сургуулийн профессор Клаус Хакландер нартай хамтран Баруун Хэнтийн ой, ойт хээрийн бүсэд 1999 оноос судалгааны “Хонин нуга” сууринд амьтны экологийн олон жилийн суурин судалгаа хийж байгаа юм. Энэхүү олон жилийн судалгааны ажлын үр дүнгээрээ судлаач нийт гурван бие даасан эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын сэтгүүлд, хамтарсан өгүүлэл нийтлэл нийт 5 тав, арав гаруй олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлж хэвлүүлсэн байна. Судлаач нь 2009-2013 онд Австри Улсын Венна хотын “BOKU-Байгалийн Ухааны” сургуулийн профессор Клаус Хакландер болон ХИС-ийн профессор Э.Эрдэнэчимэг нартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба экосистемийн үнэлгээ” сэдэвт олон улсын төс­лийн судалгааны багт судалгааны ажлын статистик боловсруулалт хийж төслийн гэрээт ажилтнаар ажиллаж байжээ. Төслийн судалгааны ажлын үр дүнгээрээ 2013 оны есдүгээр сард Чех улсын Прага хотод мөн 2014 оны есдүгээр сарын 1-5-нд Германы Giessen хотноо болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Экосистемийн үнэлгээ ба нягтшлын судалгааны загварчлал” сэдвээр илт­гэлээ хэлэлцүүлж ХБНГУ-ын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүл­­жээ.

Д.ДАГИЙМАА

Л.АРИУН