Categories
мэдээ нийгэм

Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт болно

Эрүүл мэндийн хөгжлийн төв, МЯТХН, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлөөс “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт”-ыг энэ сард зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах ажээ.

Аймаг, дүүрэг тус бүрээс яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нарыг, төв эмнэлгүүдээс чанарын албаны дарга, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нар хамрагдах бөгөөд тухайн байгууллагууд мэргэжилтнүүдээ идэвхитэй хамруулах хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байна.

Тус чуулган зохион байгуулагдсанаар Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар “БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн үлгэрчилсэн журам”, мөн 2013 оны 469 дугаар тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм.

Энэхүү “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт” 2014 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Эрүүл мэндийн Яамнаа зохион байгуулагдна.


Categories
гадаад мэдээ

Туркийн ерөнхийлөгч дэлхийн хамгийн том ордонд амьдардаг

Туркийн ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоганыг Султан шиг аашилж байна хэмээн олон нийт шүүмжлэв. Тэрээр саяхан Анкара хотын ойн бүсэд орших 614 сая ам.долларын өртөгтэй ордондоо нүүж оржээ. 1000 өрөөтэй, 3,1 сая фут квадрат талбайтай энэ харш нь Францын эзэн хааны ордноос дөрөв дахин том юм. Туркийн сангийн сайд Мехмет Симсек энэхүү ордон анх төлөвлөж байснаасаа хоёр дахин их зардлаар бүтсэн гэж мэдэгджээ. Ерөнхий сайдын албыг 11 жил хашиж байгаад ерөнхийлөгч болсон Эрдоган 184 сая ам.доллараар хувийн онгоц худалдаж авсан гэнэ.

Ak_Saray_WHITE_pal_3096362cAk_Saray_White_pal_3096363cSnapshot_2014-11-06_110512

Categories
мэдээ нийгэм

Гэмтлийн эмнэлэг ослын бүртгэлтэй болно

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхэнд осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын эзлэх хувь өсөн нэмэгдсээр байна.

Тиймээс Гэмтэл, согог судалын үндэсний төв гэмтэл ослын бүртгэл тандалтын албыг байгуулахаар болжээ.

Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон анхны тусламжийн чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хангалтыг аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн түвшинд цогцоор нь шинэчлэх, сайжруулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал сануулж, уг албыг байгуулах тушаал гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Конго, Арабын Бүгд найрамдах Египет, Европын холбоо, Унгар, Бүгд найрамдах Кипр улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барилаа.

Жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Бүгд найрамдах Конго улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даниел Овасса Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалтын эхэнд Конго улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан бол Арабын Бүгд найрамдах Египет улсын Элчин сайд Магди Махмоуд Хелмит хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 51 жил болж буйг тэмдэглэж харилцаагаа цаашид өргөжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ханс Дитмар Швайсгуттэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч энэ жил хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглэлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс, Европын холбооны хооронд гурав дахь хөршийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг мөн дурдав. Энэ хугацаанд Европын холбоо Монгол Улсын гадаад худалдааны гурав дахь том түнш болсон гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Автозамын хальтиргаа, гулгаа арилгах бодисын нөөцийг хангалттай бүрдүүлжээ

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед ажиллах бодис цацах Камаз долоон ширхэг, Бонго таван ширхэг, Зил 130 гурван ширхэг, цас мөс хусах, түрэх Ковш хоёр ширхэг, Автогрейдер нэг ширхэг, Универсиал трактор хоёр ширхэг, bobcat хоёр ширхэг зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн болоод байна. Эдгээр бригад нь төвийн гудамж талбайгаас гадна их хэмжээний хунгар тогтож, хөдөлгөөнд саад учруулдаг хотын гаднах автозамууд болох Айц, Морин, Баруун турууны даваа, 22, Баянзүрх, Яармагийн товчоо, Найрамдал зуслан, Дамбадаржаа, Бэлх, Сэлх болон Санзай хүртэлх зуслангийн замуудыг хариуцан ажиллана. Одоогийн байдлаар тус нэгтгэл 400 м3 элс, 560,3 тонн бодисын нөөцтэй байгаагаас гадна явган замын цас үлээх 11 ширхэг шинэ тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгээд байна.
Мөн Баруун, Зүүн салбарууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ногоон байгууламжийн цэцэрлэгч, шугам сүлжээний засварчин, шуурхай засварын бригадын 70 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Өндөр ширээт, Ар хустай сумын нутгаас дэрс түүж, шүүр хийх ажлыг зохион байгууллаа. Түүсэн дэрсээ хуучин шүүрний ишинд бэхлэн, нийт 6000 гаруй дэрсэн шүүр үйлдвэрлэж, 2015 оны 06 сар хүртэл ашиглахаар нөөцөлсөн байна. Дэрсэн шүүрний ашиглах хугацаа нь хотын төвийн зам талбайг цэвэрлэхэд долоо, гэр хорооллын зам цэвэрлэхэд гурав хоног байдаг. Дээрхи ажил хийгдсэнээр төсөв хөрөнгө хэмнээд зогсохгүй чанар сайтай дэрсэн шүүрээр байгууллагын хэрэгцээг бүрэн хангаж, цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон үргэлжлүүлэхээр Булган аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулахаар хэлэлцэж байна гэж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сумо бөхийн УАШТ бямба гаригт эхэлнэ

Насанд хүрэгчид, залуучуудын сумо бөхийн 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно. Монголын сумо бөхийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Кёкүшю групп” ажиллаж байгаа аж. Монгол улсад Сүмо бөхийг сурталчлан дэлгэрүүлэх, Сүмо бөхөөр хичээллэгчдийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой УАШТ-д аймаг, дүүргийн Спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харъяалалгүй тамирчид оролцох юм.

Насны ангилал:

1. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-с дээш нас. /1995.12.31-нээс өмнө төрсөн/

2. Залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15-18 нас. /1996.01.01-1999.12.31/

Жингийн ангилал:

1. Насанд хүрэгчдийн эрэгтэй: -85кг, -115кг, +115кг, Үнэмлэхүй

2. Насанд хүрэгчдийн эмэгтэй: -65кг, -80кг, +80кг, Үнэмлэхүй

3. Залуучуудын эрэгтэй: -85кг, -100кг, +100кг, Үнэмлэхүй

4. Залуучуудын эмэгтэй: -60кг, -75кг, +75кг, Үнэмлэхүй

Тэмцээний дүрэм:

1. УАШТ нь Олон улсын Сумо бөхийн холбооны дүрмийн дагуу зохион байгуулагдана.

2. Тэмцээний оноолтыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний кодексийн дагуу сугалаагаар хийнэ. УАШТ олон жил тасарсан учир групп хэсэг толгойлох тамирчдыг тив дэлхийд үзүүлсэн амжилтаар эрэмбэлж хэсэгт хуваана. /Хэрэв залуучуудын ангилалд тив дэлхийд амжилт үзүүлсэн тамирчин насанд хүрэгчдийн ангилалд барилдах бол амжилтыг тооцохгүйг анхаарна уу./

3. Тэмцээнд оролцогчид нь сүмо бөхийн өмсгөл мавашиг өөрсдөө бэлтгэн оролцоно. Мавашигүй тамирчид нь МСБХ-оос мавашиг худалдан авч болно.

4. Тамирчид нь мавашиний дотуур зөвхөн хар өнгийн иртүүз өмсөж болно.

Тэмцээний бүртгэл:

Тэмцээнд оролцох баг, тамирчид нь МСБХ-оос албан ёсны бүртгэлийн хуудсыг авч бөглөн 2014 оны 11-р сарын 1-аас өмнө өөрийн биеэр МСБХ-ны оффист хүлээлгэн өгөх буюу электрон шуудангаар /mongoliansumo@gmail.com/ илгээнэ. Хөдөө орон нутгийн баг, тамирчид тэмцээний албан ёсны бүртгэлийн хуудсыг ССАЖЯ-ны веб сайтаас татан авах буюу холбооны и-мэйл хаягт хүсэлтээ илгээн хүлээн авч болно.

Хуваарь:

2014.11.06:

Жин үзэх: 10:00-16:00

Сугалаа: 17:00-19:00

2014.11.08:

ЗУАШТ: 09:00-13:00

УАШТ: 14:00-19:00

Categories
мэдээ нийгэм

Ахуйн хүрээний гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хүйтний улирал эхэлж иргэд галлагаа хийх, цахилгаан халаагуур хэрэглэх нь ихсэж, үүнийгээ даган ахуйн хүрээний болон объектын гал түймрийн тоо эрс нэмэгддэг.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Дэнжийн 1000”-д байрлах “Оч бүрд” караокены газарт гал гарчээ. Иргэд гал гарсан даруйд Нийслэлийн Онцгой байдлын газарт мэдэгдэж, аврах, гал унтраах10-р анги шуурхай ажиллан галыг унтраасан байна. Нийтийн караоке ажилладаг уг барилгад юуны улмаас гал гарсан дүгнэлт нь одоогоор гараагүй байна.

Урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэн гал гарсан байж магадгүй гэж шинжээчид таамаглажээ. Онцгой байдлын алба хаагч хэлэхдээ “Манай иргэд өөрсдийн болгоомжгүй байдлаасаа үүдэн гал түймэрт амь нас, эд хөрөнгөө хохироох явдал зогсохгүй байна. Холбогдох байгууллагууд тогтмол үзлэг хийж, галын аюулаас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгдөг ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа нь гал гарах шалтгаан болж байна” гэсэн юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь:

  • цахилгааны утасны хүчдэл авах оруулгын цахилгаан дамжуулагч нь полиэтилен давхар бүрээстэй, уян бүрээс гэмтэлгүй, аль болохоор залгаасгүй нэг маркийн байж пускаталь буюу гал хамгаалагч дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх,
  • зуух пийшингийн яндан байшингийн дээврээс 60 см өндөр, 20-25 см радиус бүхий төмрөөр тааз, тоононд бэхлэгдсэн байх,
  • залгууруудад гурав ба түүнээс дээш цахилгаан хэрэгслийг зэрэг залгаж ашиглахгүй байх,
  • зуухны доод өр нь шалнаас 20 см өндөр байж, тавцанг төмрөөр бүрсэн байх,
  • зуух пийшингийн хананд түлээ бусад шатах материалыг хураахаас зайлсхийхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн оюутнууд Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой болжээ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургууль Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эдийн засгийн танхим, Дюмонс Ферм ХХК-тай гурван талт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн 10-15 оюутан хөдөө аж ахуй өндөр хөгжсөн Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Өнгөрсөн долооддугаар сард Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр манай оронд айлчилсан бөгөөд энэ үеэрээ фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ ажлынхаа хүрээнд дээрх байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, эхний ээлжинд Төв аймгийн Сүмбэр болон хэд хэдэн сумдад Голланд загварын ферм байгуулахаар төлөвлөжээ.

Уг төслийн хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллахаар манай сургуультай дээрх санамж бичгийг үзэглэсэн юм. Тодорхой шаардлагын дагуу дадлага хийх оюутныг сонгон шалгаруулж, хоёр долоо хоног Монголд, зургаан долоо хоног Голландад мэргэшүүлсэн дадлага хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд эболагаас сэргийлэх сургалт боллоо

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах нь иргэн таны заавал хэвшүүлэх дадал” сэдэвт зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулав. Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын ЗДТГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран эбола вируст халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, бэлэн байдлын үзүүлэх сургуулилтыг зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд эрүүл мэндийн 12 байгууллагын төлөөлөл болсон 45 оролцогч оролцож, тус сумын НЭМСЗ-ийн халдварт өвчнийг бууруулах чиглэлээр хийж буй үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

”Хүннү Эйр” санхүүгийн хямралаас болж Хонконгийн нислэгээ зогсоолоо

“Хүннү Эйр” компанийн Хонконг-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэг энэ сарын 3-нд саатсан билээ. Үүнээс үүдэж тус компанийг онгоцныхоо түрээсийг олон сараар төлөөгүй, санхүүгийн хүндрэлд орсон гэх мэт мэдээлэл цацагдсан юм. Хонконгоос Улаанбаатар руу явах байсан зорчигчид нисэх онгоцны буудал дээр хүлээлтийн байдалд байгаа талаар сайтууд мэдээлж байсан. Энэ талаар тус компаниас “2014 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Хонконг-Улаанбаатарын чиглэлийн нислэг саатсанд компанийн зүгээс зорчигчдоосоо хүлцэл өчиж байна. Саатсан зорчигчдыг зочид буудалд байрлуулж, арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн МИАТ ХК нислэгээр Улаанбаатар хотод авч ирсэн болно” гэсэн юм. Мөн хүмүүсийн таамаглаад байгаа өр төлбөрийн талаар “Агаарын хөлгийн түрээслүүлэгч, түрээслэгч компанийн хооронд давхар түрээслэх болон бусад асуудлаар үүссэн үл ойлголцол, маргаанаас шалтгаалан агаарын хөлөг саатсан. Агаарын хөлгийн түрээслэгч, түрээслүүлэгч хоёр талын хэлэлцээр явагдаж байгаа тул уг хэлэлцээр дуусмагц дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл тус компани Хонконгийн чиглэлийн нислэгээ зогсоож байгаагаа өчигдөр олон нийтэд мэдэгдлээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа аж.