Categories
мэдээ улс-төр

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно. Мөн Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болох юм.

Ингээд хэлэлцэх асуудлын хуваарийг танилцуулья.

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд.

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сайхан хүн амьдралыг өнгө оруулдаг

Хүний амьдрал жаргал зовлон, уйтгар гуниг, баяр баясал гээд хар, цагаанаар тогтохгүй түмэн өнгөтэй. Бурхнаас заяасан аж төрлийн гайхамшигт бэлгийг алтан титэм шиг зүлгээд өнгөлөх үү, гуулин зоос шиг зэврүүлж гээх үү гэдэг харин хувь хүний сонголт. Тэнгэрлиг гэгээн хувь тавиланд ивээгдэх, тэнэмэл нохойн гутранги нүдээр орчлонг бүүдийлгэх хоёрын шалгуур нь яах аргагүй хүний төрөлх ааль араншин, хүн чанар хоёр. Ахас ихсээ үл хүндэлж алуурчин талаачин адил загнагчаас хүн бүхэн нүүр буруулж хүрэл зүрхнийх нь хүйтэн цэвдэгт цэцэгс хүртэл өнгөө гундаана. Хүн бол сэтгэлийн амьтан. Дэргэдийн нэгнээ нохойноос дорд үзэгч өчүүхэн үзэлтэн дээд тэнгэрийн нарыг хүртэл зүхэн, олдсон биеийн эрх чөлөөндөө дайсагнана. Тийм ёс бус үзэл, ёр гажийн үйлдэлтнээс хүний нийгэм хууль цаазаар хана цайз босгож харанхуйн ангалд араатан шиг ганцаардуулдаг жамтай. Ийм ааш араншинтнуудыг монголчууд хогийн дэвсгэртэй зүйрлэж “адсага шиг ааштай” хэмээн зайгаа авцгаадаг. Хэлсэн үгэндээ эзэн, хийх үйлдээ итгэлтэй гэгээн нинжин сэтгэлт, авьяас ялгуун билэгтнийг харин бурхдын зиндаанд өргөж үеийн үед дурсан санадаг буюу. Тийм сайхан хүмүүн амьдралын ямар ч гуниг зовлонг сэтгэл оюуны хатамжаар туулж, сэтгэл зүрхээ тэнгэрийн уяхан шат болгодог билээ. Амьдралыг хараар будах дорд үзэлтэн бишгүй ч гунигийг нэвт гэгээлэх сайхан хүмүүс тэднээс ч олон учраас алсын уулын гэрэлт оргилд өлмийлөх чин сэтгэлтэн ойрын довонд бүдэрч өвдөг шорооддоггүй байнам.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
гадаад мэдээ

Путиныг хамгийн хүчирхэг эрхмээр нэрлэв

“Forbes” сэтгүүлээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн №1 эрхмээр нэрлэлээ. Америкийн сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий хүнийг тодруулдаг юм. Тус сэтгүүл 2011 онд Владимир Путиныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дараа дэлхийн нөлөө бүхий хүчирхэг улстөрч гэдгийг тодорхойлж байв. Өдгөө 62 настай Владимир Путин АНУ, Барууныхны хавчлагыг үл хайхран Украины улс төрийн хямралаас Крымын хойгийг эргүүлэн авч чадсан билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр дахь хүчирхэг хүн гэж тодорхойлов. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн улс төрийн бодлого сүүлийн хэдэн жилд суларч, нэр хүнд нь эх орондоо төдийгүй олон улсад нэлээд унажээ. Түүнчлэн эх орондоо авлигын эсрэг “дайн” эхлүүлээд буй Хятадын дарга Си Жинпин “Forbes”-ийн хамгийн нөлөөтэй, хүчирхэг эрхмийн гуравт нэрлэгдсэн байна. Түүний араас Ромын шинэ пап Франсис, Европын холбооны топ эвлэрүүлэн зуучлагч, Германы канцлер Ангела Меркель нар эхний тавд багтжээ.

“Forbes” сэтгүүлээс 22# “Facebook”-ийн Марк Цукерберг8 49# Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар дэлхийн хамгийн хүчирхэг залуу хүнээр тодорсон байна. Харин 11# Саудын Арабын Гадаад хэргийн дэд сайд /90 настай/ Абудулазиз бин Абдуллах, 28# Азийн хамгийн баян хүн болох Хонгконгийн тэрбумтан Ли Кашин /86 настай/ нар нөлөө бүхий 100 хүнд багтсан хамгийн хөгшин хүн аж. Эх сурвалж: Forbes

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаагийн давж заалдах гомдлыг хүлээж авчээ

Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсоод буй “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хүлээн авсан байна. Ингэснээр шүүгчид түүний гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Ц.Алдармаа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцон тоглох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт болно

Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. МУГЖ Д.Алтанхуяг Бостон хотоос холбогдож арванхоёрдугаар сарын 24-нөөс 29-ны хооронд тоглогдох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн талаар товч мэдээлэл өглөө.

Тоглолтонд ОХУ, Япон улсын бүжигчдээс гадна ДБЭТеатрын балет анги бүрэн бүрэлдэхүүнээрээ, ХБКоллеж болон СУИС-ийн Бүжгийн сургуулийн оюутан сурагчид оролцон тоглоно. Мөн тоглолтын нэг онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагийн сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн симфони найрал хөгжимтэй бүжих болно. Бүртгэлийн ажил энэ сарын 10-ны өдрөөс 19-ны хооронд явагдах ажээ. Оролцох хүүхдүүд бүжиглэх жүжиглэх, дур сонрхолтой, тайзан дээр гарах чин хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын 22, 23-ний 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Хүүхдүүдээс мэргэжлийн ур чадвар шаардахгүй учраас эцэг эхчүүдийг хүүхдүүдээ идэвхтэй оролцуулан шинэ жилийг сонирхолтой шинэлэг байдлаар гэр бүлээрээ өнгөрүүлэхийг урьж байна.

“Цөмөөхэй” балетын жүжгийг Монголчууддаа жил бүр уламжлал болгон сонирхуулах, хүчилж биш хүслээр нь хүүхдээ дагуулж, сонгодог урлагийн сайхныг мэдрэх боломжийг олгохын тулд энэ удаагийн тоглолтын онцлог оршино. ДБЭТеатрт 1983 онд анх “Шелкунчик” бүжгэн жүжиг тавигдаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолтоороо шинэчилсэн найруулага, хореграфтай “Цөмөөхэй балет”-г Монголын балетын хөгжил сан, НЗДТГ Соёл Урлагийн газартай хамтран үзүүлэхээр бэлдэж байна. Оролцох хүсэлтэй хүүхдүүд Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн Хөгжим Бүжгийн Коллеж болон тус сангийн хаягаар 11 сарын 19-ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт арваннэгдүгээр сарын 22, 23-нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

1. НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХС болон ХБКоллежийн байранд хүлээлгэн өгөх.
2. МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
3. ХБКоллеж

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг тодрууллаа

Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхийхүмүүсийг тодруулсан байна. Энэ жилийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүллээ.

Тэрээр өнгөрсөн жил мөн хамгийн нөлөө бүхий хүнээртодорсон юм. “Forbes” сэтгүүл дөрвөн шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр жагсаалтыг гаргадаг юм байна. Үүнд: аль зэрэг олон хүнийг эрх мэдэлдээ байлгадаг, засгийн эрхэнд өөрөө гарсан уу эсвэл гаргаж ирсэн үү, эдийн засгийн нөөц бололцоо зэрэг орно. Дээр дурдсан дөрвөн заалтаар В.Путин хамгийн өндөр оноо авсан тул нэгдүгээртт бичигдсэн байна. Тэрээр байгалийн баялагихтэй, гадна цөмийн зэвсэгтэй орны тэргүүн. Түүнээс гадна саяхан Крымийг өөртөө нэгтгэж, Украины зүүн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гаргахад хүргэсэн гэдгийг ч “Forbes” сэтгүүл дурдсан байна. Үүний өмнөх жилүүдэд тэрээр үзүүлэлтүүдээрээ АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг гүйцэхгүй байлаа. 2009 онд гэхэд Оросын Ерөнхийлөгч уг жагсаалтын гуравдугаарт орсон юм.

Энэ жилийнхамгийн нөлөө бүхийн хүмүүсийн жагсаалтад улс төр, эдийн засаг, нийгмийн 72 зүтгэлтэн оржээ. Тодруулбал дэлхийн хүн амын 100 сая хүн тутмаас нэг хүн гэсэн орсон гэсэн үг.

2013 онд “Forbes”хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргасны дараа В.Путин тус сэтгүүлийн судлаачдад талархалаа илэрхийлэн. Харин энэ удаад ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама бичигджээ. Америкийн төрийн тэргүүн нэлээд хэдэн удаа уг жагсаалтыг тэргүүлсэн билээ. Харин сүүлийн хоёр жилд хоёрдугаар оржээ.

Гуравдугаарт БНХАУ-ын дарга Си Жиньпин бичигдэж түүний дараа Ромын пап Франциска , тавдугаарт ХБНГУ-ын канцлер Ангела Меркел бичигджээ.

Жагсаалтын эхний аравт АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Жанет Йеллен, “Майкрософт” компанийг үндэслэн байгуулсан тэрбумтан Билл Гейтс, Европын төв банкны тэргүүн Марио Драги, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон нар оржээ.

Эбола вирустэй тэмцэхэд 6.2 тэрбум ам.доллар гаргах хүсэлт тавина

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Конгресст хандан эбола вирустай тэмцэхэд 6.2 тэрбум ам.доллар гаргах хүсэлт тавьжээ. Энэ мөнгийг баруун Африкт гарсан уг өвчинтэй тэмцэхэд зарцуулах бөгөөд ингэснээр АНУ-д халдвар гарахас урьдчилан сэргийлэх юм байна. ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр одоогийн байдлаар 13042 хүн уг өвчний халдвар авсан. Дээр дурдсан мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас,2.4 тэрбум ам. долларыг Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас үлдсэн хэсгийг нь тус улсын нөөцийн сангаас гаргуулахаар төлөвлөжээ.Төлөөлөгчдийн танхмын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга хэлэхдээ Ерөнхийлөгч Б.Обамагийн энэ хүсэлтийг авч хэлэлцэнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Билетийн касс хайх шаардлагагүй болжээ

Ма­най улс билет захиалгын ши­нэ системийг нэвтрүүлэгч улс болжээ. Тодруулбал, өчиг­­дөр “Z24” би­лет захиалгын ши­нэ системийг хэрэглэгчдээ хүр­гэж буйгаа дуулгалаа. “Airbоок” ХХК нь www.Z24.mn аялал жуулчлалын ухаалаг вэбсайтыг ажиллуулж эхэлжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус компани дэлхий нийтэд аль хэдийнэ нэвтрээд байгаа аялал жуулчлалын салбарын салшгүй нэгэн хэсэг болсон монголын долоо, гадаадын 150 гаруй авиа компанийн нислэгийн тийзийн онлайн захиалга, гадаадын 44 мянган зочид буудал болон аяллын захиалгын системийг мон­голдоо бүрэн утгаар нь нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, монголдоо анхдагч онлайн захиалгын нэгдсэн системийг нэвтрүүлсэн гэсэн үг. “Z24” брэнд нь онгоцны тийз, аялал, зочид буудал, үзвэр тасалбарын онлайн захиалгын систем юм байна. Энэхүү онлайн захиалгын систем нь гадаадад зорчих хэрэглэгчдэд онлайн хэлбэрээр маш хямд үнээр өргөн сонголт хийх, хялбар аргаар онгоцны билет, үзвэр үйлчилгээний тасалбарыг захиалан худалдан авахад туслах зорилготой ажээ. Нэг үгээр хэлбэл, эх орондоо болон гадаадад ажиллаж, амьдарч бай­гаа монголчууддаа хамгийн хямд, өргөн сонголттой он­гоц­ны билет болон аяллын бү­тээгдэхүүн, зочид буудлын за­хиалга хийх цахим үйлчилгээг хүр­гэж буй юм байна. Энэ системийн давуу тал нь захиалга хийх хуучирсан хэв маягийг халж өөрийн хүссэнээр билет болон зочид буудал, аялал, мон­голд болон олон улсад болж буй үзвэр, үйлчилгээ шоу хө­төлбөрийн билетийг хэрэглэгч өөрөө сонгох боломжтой болж буй юм. Онлайн хайлтын сис­тем нь авиа компаниудын нис­лэгийн цагийн хуваарийг ха­рахаас гадна таны дотны хүн олон улсын нислэгээр зорчиж байгаа тохиолдолд онгоц нь хэзээ хөөрсөн хэзээ буух зэрэг мэдээллийг авах боломжтой ажээ. Сүүлийн үед цахимаар ир­гэд ихээр онлайн худалдааг хийх болсон ч эсэргээрээ сэтгэл дун­дуур байх тал ажиглагдах болсон. Тэгвэл тус компанийн хувьд энэ байдлыг халж, олон улсын стандартад нийцсэн, шинэ системийг нэвтрүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч та аль нэг авиа компанийн би­летийн касс хайж гадуур явах­гүйгээр гэрээсээ, ажил, хаа бай­гаа газраасаа онлайнаар өөрийн зорчих улсын онгоцны би­летийг захиалах боломж бүр­дээд байна.

Categories
мэдээ нийгэм

Замын түгжрэлийг шийдвэрлэхээр эрдэмтэн судлаачид хэлэлцэнэ

JCI Монгол байгууллага жил бүр олон нийтийн өмнө тулгарч байгаа асуудлуудаас онцолж, тухайн асуудлыг шийдвэрлэхийг зорьдог. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн автомашинтай иргэдэд тулгамдаж буй замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа юм. 2014 онд нийслэлд баригдаж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд 2,5 дахин нэмэгдэж, 40,94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байна.

Тиймээс энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлохоор JCI Монгол байгууллага Хотын захиргаатай хамтарч “Хотын шийдэл” форумыг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хамтарсан форумд төрийн ба төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцож бодитой судалгаа, дүн мэдээн дээр тулгуурлан асуудлыг хэлэлцэнэ.

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэнэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэнэ. Энэ талаар тус улсын сөрөг хүчний Нэгдсэн ардчилсан намын гишүүний ярианд тулгуурлан “Синхуа” агентлаг дамжууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг таван жилд нэг удаа шинэчлэн сонгодог бөгөөд Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болох билээ. Харин ирэх жилийн арванхоёрдугаар сард Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль болох юм. Долоо хоногийн өмнө явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзвэл 40 гаруй хувийн дэмжлэгийг авах нь тодорхой харагдаж байжээ.
Сөрөг хүчний Нэгдсэн ардчилал намын зөвлөх парламентын хуралдааны үеэр “Бан Ги Мүний найз түүнийг сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэж байгаа талаар ярьсан. Хэрвээ Бан Ги Мүн сонгуульд өрсөлдөхөөр болвол түүний шийдвэрийг хүндэтгэн үзэх болно” гэсэн байна. Гэхдээ хэн гэдэг найз нь энэ тухай ярьсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос харилцан визгүй зорчдог болно

Оросын холбооны улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр энэ сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн есдүгээр сарын 03-нд байгуулсан уг хэлэлцээрийн дагуу дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ-ын иргэд болон Монгол улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар зорчих, орох, гарах, транзитээр нөгөө улсынхаа нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх эрхтэй болж байна. Ингэхдээ иргэдийн визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Энэхүү визийн журам хэрэгжиж эхэлснээр хоёр орны хооронд аялал жуулчлалын болон хувийн зорилгоор зорчигчид нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд хамтран “ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” ажил хэргийн уулзалтыг маргааш нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт хурлын танхимд 10 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтаар Оросын жуулчдыг хүлээн авах сонирхолтой тур оператор, зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний төв, эмчилгээ,сувиллын газрууд, соёл урлаг, үзвэрийн газрууд оролцох уг уулзалтаар ОХУ-ын жуулчдын онцлог, үйлчилгээний сонголт,мөнгөн зарцуулалт зэрэг зах зээлийн дэлгэрэнгүй судалгааг танилцуулж, ОХУ-ын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлууд, анхаарах асуудлуудын талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө өгнө. Нийслэлийн зүгээс оросын жуулчдад зориулсан цахим хуудас, аяллын хөтөлбөр бүхий товхимол, үйлчилгээний ажилтнуудад зориулсан орос-монгол ярианы дэвтэр гаргаж, орос хэлтэй хөтчүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх ажлуудыг эхлээд байна. Мөн ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан танилцах аялал, Улаанбаатар хотын онцлогийг харуулсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэж ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Читын телевизүүдээр цацахаар төлөвлөж байна.