Categories
гадаад мэдээ

Брюссельд гарсан үймээнийг хүчээр тараажээ

Бельгийн нийслэл Брюссель хотод 100 гаруй мянган ажилчид Засгийн газрын төсвий мөнгийг танах бодлогыг эсэргүүцэн жагсчээ. Олон мянган ажилчдыг хамарсан тайван жагсаал хурцдаж цагдаагийнхан хүч хэрэглэж эхлэсэн байна.

Эх сурвалжууд гудамжинд жагсаж байсан усан онгоц, төмрийн үйлдвэрийн ажилчид болон оюутнуудыг тараахын тулд цагдаа нар усаар шүршиж, нулимс асгаруулах хий ашигласан хэмээн мэдээлжээ. Түүнчлэн мөргөлдөөний үеэр 14 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Бельгийн Засгийн газар саяханаас тэтгэвэрт гарах насыг нэмсэний зэрэгцээ цалин хөлсийг нэмэхээ больжээ. Мөн Европын холбооны зорилтуудыг хангах үүднээс эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний зардлыг багасгаж эхэлсэн нь ийнхүү нийгэмд эмх замбараагүй байдалд үүсэх шалтгаан болсон гэнэ.

Харин эрх баригчид төсвийн зардлыг багасгаснаар 11 тэрбум еврог хэмнэнэ гэж үзэж байгаа бол тус улсын Үйлдвэрчний эвлэл үүнийг эсэргүүцэж, улмаар олныг хамарсан жагсаал зохион байгуулахад хүрчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Тэнгэрийн хүү” -гээр түүхэн жүжгийн сар нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын түүхэн жүжгийн сар өнөөдөр эхэлнэ. Драмын театрын хамт олон жилийн бүрийн арваннэгдүгээр сарыг түүхэн жүжгийн сар болгож тэмдэглэн өнгөрүүлсээр багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ удаагийн түүхэн жүжгийн сарыг өнөөдөр 18.00 цагаас тайзнаа Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг эхлүүлэх юм.Энэхүү жүжиг энэ сарын 21, 23-нд 18.00 цагт, 22, 29, 30-ны 17.00 цагаас тус тус тоглогдох ажээ.

Categories
мэдээ спорт

Манай циркчид мөнгөн медаль хүртэв

Хятадын Ухань хотод олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөжээ. Тус тэмцээнд Манай улсаас оролцсон Б.Норовсамбуу багштай циркчид амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн байна. Тэд уран нугарлтын төрлөөр оролцож ийнхүү өндөр амжилт гаргажээ.

Categories
мэдээ цаг-үе

Дарь-Эхэд канад технологиор баригдсан модон цэцэрлэг нээлтээ хийлээ

Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй”Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд барьсан 130 дугаар цэцэрлэгийн нээлт өчигдөр боллоо. Дарь-Эхийн 33 дугаар автобусны буудлын ойролцоо орших тус цэцэрлэг нь канад технологиор баригдсанаас гадна үндсэн түүхий эд материал нь мод гэдгээрээ онцлог. Түүнчлэн цахилгаан болон гал тогооны хэрэгсэл, хивс, сандал ширээ, зарим тавилга зэргийг давхар бэлтгэж өгсөн байна. Бага, дунд, ахлах болон бэлтгэл зэрэг дөрвөн бүлэгт нийтдээ 100 хүүхэд сургах хүчин чадалтай бөгөөд хамран сургах тойрогт нь Бэлхийн 1-ээс 31 дүгээр гудамж орж байгаа аж.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор манай яамны зүгээс Дэлхийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд улсын хэмжээнд тус бүр 100 хүүхдийн хүчин чадал бүхий канад технологийн 25 модон цэцэрлэг барихаар төлөвлөснөөс 17 нь нийслэлд байх юм. Ингэхдээ мэдээж огт цэцэрлэггүй эсвэл цэцэрлэгийн хүрэлцээ муу сум, дүүрэг, хороодыг сонгосон. Нийслэлийн хувьд өмнө нь Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг хүн амын нягтаршил их, цэцэрлэгийн хүрэлцээ муу дүүргүүдэд модон цэцэрлэгүүдээ барьж байсан бол энэ удаад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороог сонгосон. Тус хороо нь сургуулийн өмнөх насны 1000 гаруй хүүхэдтэй ч ганцхан цэцэрлэгтэй. Өөрөөр хэлбэл таван хүүхэд тутмын гурав нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг гэсэн үг. Удахгүй 130 дугаар цэцэрлэгтээ хоёр бүлэг нэмж бий болгосноор суралцагсдын тоо 180 хүртэл нэмэгдэнэ. Дээр нь багш, тогооч, цэвэрлэгч, манаач зэрэг шинээр бий болж буй 10 гаруй ажлын байранд тухайн хорооны иргэд ажиллах бололцоог нээж өгсөн” гэсэн юм.

Анги бүр 25 хүүхэдтэй байх ёстой ч бага бүлэгт 38, дунд бүлэгт 34, ахлах бүлэгт 34, бэлтгэл ангид 40 хүүхэдтэйгээр сургалтаа эхлүүлж байна. Стандартын дагуу анги бүрт 25 ширээ сандал, ор цагаан хэрэглэл, хувцасны шүүгээ зэргийг урьдчилан бэлтгэсэн нь хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа учраас эдгээр хэрэгцээт зүйлсийг эцэг эхчүүдээр нь бэлдүүлж байгаа гэдгийг багш нар нь учирлаж байлаа. Эцэг эхчүүд ч “Хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээж, түлэгдэж бэртчих вий, гэр орноо янз бүр болгочих вий гэж сэтгэл эмзэглэж байснаас ор дэр, сандал ширээг нь ч болов бэлтгэж өгөөд цэцэрлэгт оруулах нь хавьгүй дээр. Тэгээд ч цэцэрлэг нь орчин үеийн, тохилог, сайхан юм байна” гэцгээж байлаа.

Энэхүү хоёр давхар модон цэцэрлэгийг “Ган харш” компани түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр барьж, ашиглалтанд оруулжээ. Барилгын ажил 2013 оны арваннэгдүгээр сараас энэ оны зургаан сарын хооронд үргэлжилжээ. Өөрөөр хэлбэл канад технологийн модон барилгын ажлыг өвлийн хүйтэн зуны халууны алинд нь ч хэвийн үргэлжлүүлж болдгоороо давуу аж. Дээр нь төмөр карказ, бүрэн цутгамал зэрэг уламжлалт барилгыг бодвол зардлын хувьд бага буюу 800 мянган ам.долларын өртөгтэй гэнэ. Наадмаас өмнө гэхэд барилгын ажил бүрэн дууссан бөгөөд есдүгээр сарын сүүлчээр улсын комисс хүлээн авчээ. Цэвэр усаа төвлөрсөн инженерийн шугам сүлжээнээс авч байгаа бол халаалтаа цахилгаан зуухаар шийдвэрлэжээ. Тодруулбал 40 болон 60 квт-ын хоёр цахилгаан зуухтай бөгөөд уурын зуухыг бодвол ашиглалтын зардал өндөр. Байгаль орчинд ээлтэйгээс гадна хүүхдүүдийн ая тухыг бодсон зөв шийдэл байсныг”Ган харш” компанийн захирал Л.Батаа хэлж байлаа.

Модон барилга учраас галд тэсвэртэй байлгах үүднээс хананых нь дотор талд хоёр давхар гибсэн хавтан байрлуулжээ. Дээр нь өөр танхим бүрт гал гарсан тохиолдолд дээрээс нь шүршиж унтраах төхөөрөмжийг суурилуулжээ.

Канад технологиор баригд­сан модон барилга нь тоосго бетон, палка зэрэг барилгын бусад материал барьсан барилгыг бодвол ашиглалтын хугацаа нь уртаас гадна цэвэр агаарыг дотогш нэвтрүүлэх буюу агаарын солилцоог дэмждэг гэх утгаараа хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа. Зориулалтын хөвөнгөөр дулаалсан учраас дулаан хадгалалт маш сайн буюу манай эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон аж. Нийслэлд 17 Канад технологийн цэцэрлэг барих юм. Өдгөө арвыг ньулсын комисс хүлээж аваад байна. Үлдсэн долоог нь энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Хулгайн эд зүйлсийг удаа дараа авдаг ломбардууд илэрчээ

Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Ломбард” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 532 аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг тогтоож, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 482, зөвшөөрөлгүй 50 аж ахуйн нэгж байгааг тогтоосон байна. Тэднээс 37 барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүй, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф байхгүй, хяналтын камергүй, иргэдээс эд зүйлийг барьцаанд авахдаа гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг бүртгээгүй зэрэг нийтлэл зөрчилтэй байжээ. Шалгалтын хэсэг зөрчлийг арилгуулах талаар тухайн барьцаалан зээлдүүлэх газрын удирдлагад албан мэдэгдэл өгч ажиллажээ. Мөн барьцаанд тавьсан эд зүйлийг гадна талаас нь харагдахгүй битүү уут саванд хийж, битүүмжилсэн тул шалгуулах боломжгүй байх зөрчил ч илэрсэн аж. Ялангуяа хулгайн эд зүйл удаа дараа авч байгаа болон гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй, өөрсдийн ашгийг бодон хурдан зарж борлуулах явдал ломбардны эздэд байна гэж мэдээллээ.

Шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх газарт байгаа эд зүйлээс 664 эд зүйлийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2612 эд зүйлийг эрэн сурвалжлагдаж байгаа эд зүйлүүдтэй тулгалт хийсэн байна. Энэ нь таны хулгайд алдсан эд зүйлс ломбарданд байж болзошгүй байна гэсэн үг юм.

Ломбард иргэдэд мөнгө хэрэгтэй үед тус болдог ч үүнийг дагасан олон хор уршиг байгаад иргэд анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүдийн хэн нь хэн бэ

Өнгөрсөн сонгуу­лийн үр дүнд бай­­гуу­лагдсан Н.Алтан­хуягийн Засгийн газрыг өчигдөр УИХ огцруулсан. Уг чуулганы хурал­даанд 66 гишүүн оролцсоноос сөрөг хүчин МАН-ын 26 гишүүн дээр нэмэг­дээд “Шударга ёс” бүлгийн хоёр, АН-ын найман гишүүн огцруулах саналыг дэмжиж 30:36 харьцаагаар Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэн. Энэ хуралдаанд АН-ын найм, “Шударга ёс” бүлгийн хоёр, бие даагч нэг гишүүн оролцоогүй юм. Өөрөөр хэлбэл, тэд оролцоогүйгээрээ Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дэмжсэн гэж болно. Сөрөг хүчин болсон МАН-ын гишүүдийн хувьд ойлгомжтой, харин энэ Засгийн газрыг байгуулж явсан АН болон “Шударга ёс” бүлгийн гишүүдийн хувьд нэг ёсондоо урвалт гэж харагдаж байгаа юм. Тэгвэл тэд хэн бэ. Огцруулахыг дэмжиж санал өгсөн гишүүд

1. Р.Амаржаргал. Энэ хүн АН-ын дарга, Ерөнхий сайд гээд намаас авч болох бүхий л өрмийг хүртэж явсан хүн. Өнгөрсөн сонгуулийн дараа хуваарилалт хийхэд УИХ-ын дарга болно гэж зүтгэсэн бөгөөд харамсалтай нь өмнүүр нь З.Энхболд орчихсон. Энэ үеэс эхлэн намынхандаа бүгдэд нь өширхөж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүний суудлаа ч өгнө гэж айлгаж ирсэн юм. Уг нь түүнд сайдаас эхлээд олон албан тушаалыг санал болгосон ч Ерөнхий сайд байсан хүн доошоо орохгүй гээд зөвшөөрөөгүй дуулддаг билээ. Энэ УИХ-д Сүхбаатар дүүргээс сонгогдсон бөгөөд МҮДН фракцийн гишүүн.

2. Х.Баттулга. Анх энэ хүн УИХ-д орж ирэхдээ Б.Эрдэнэбатын буюу Эрэлийн намаас орж ирсэн байдаг. Гэхдээ явцын дунд Б.Эрдэнэбатыгаа хаяад АН-д элссэн. Нэг хэсэг Сингапураас Монголдоо ирж чадахгүй болж, хууль цагдаагийнханд баригдах хүртлээ асуудалд орж байхад нь АН ивээлдээ авч хамгаалж үлдсэн гэдэг. Сүүлд орж ирсэн хэдий ч энэ намдаа ихээхэн нөлөөтэй байж, өмнөх хамтарсан болон энэ Засгийн газарт аль алинд нь сайд хийж үзсэн. Давхар дээл тайлах нэрийдлээр сайдын албаа өгч, ажиллаж байсан кабинетынхаа эсрэг ил тэмцэл хийх болсон нэгэн. Баянхонгор аймгаас сонгогдсон. АН-даа нөлөө бүхий МоАХ фракцийг тэргүүлж буй.

3. М.Зоригт. УИХ-д сонгог­дохдоо ИЗНН-ын баталгаатай нэг суудал гэгддэг Дорнодоос анх 2004 онд сонгогдож байв. Өөрөөр хэлбэл, С.Оюун түүнд нэг суудлаа өгч өөрөө хотод өрсөлдөхөд гишүүн болсон азтай эр. Гэвч дараагийн дөрвөн жилд нь дорнодынхон түүнд итгэл хүлээлгэж чадаагүй учраас төр түших мөрөөдөл нь тасалдсан. Харин 2012 оны сонгуульд АН-аас Сүхбаатар аймагт нэр дэвших эрх авснаар УИХ-ын гишүүн болоод байгаа билээ. Тэрбээр анхны нам нь ИЗН хэдий ч АН-д орсноосоо хойш оюутны холбооныхоо шугамаар МоАХ-ны хүн байлаа гэж дурсан ярих дуртай болсон. Сүхбаатар аймгаас сонгогдсон. Мөн л МоАХ-ны гишүүн бөгөөд фракцийнхаа дэд дарга нэгэн.

4. Ж.Батзандан. Анх гудам­жинд иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан хийж олонд танигдсан. Улмаар Иргэний хөдөлгөөний намаа байгуулсан ч удалгүй намаа сольж АН-д орж ирсэн. Түүний орж ирсэн, хамгаалалтад орсон шалтгааныг нь ард түмэн андахгүй сайн мэддэг. Энэ нь долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдож, ял сонсохоосоо айгаад АН-ын нөмөрт орсон явдал. Гэвч хамгаалалт болж орж ирсэн урцаа шатаах эхний алхмыг тавьж, МАН-ынхантай нийлж гарын үсгээ зурсан. Баянзүрх дүүргээс сонгогдсон.

5. Р.Бурмаа. Анх Сонгуу­лийн Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байх үеэсээ АН-ын чигт дуугардаг байсан болохоос биш тус намд сүүлд орж ирсэн нэгэн. Сонгогчдын боловсрол төв хэмээх ТББ-ыг ахалж ирсэн тэрбээр 2008 оны сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байсан ч цэнхэр гэгдэх дүүргийнхэн түүнд итгэл хүлээлгээгүй. Харин 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдийг дэмждэг Ерөнхийлөгчийн дэмжлэгээр АН-ын гишүүдийн жагсаалтад долдугаарт бичигдсэнээр автоматаар УИХ-ын гишүүн болсон. Өөрөөр хэлбэл жагсаалтаар гишүүн болсон МоАХ фракцийн гишүүн юм.

6. Л.Эрдэнэчимэг. 2008 оны сонгуульд эмэгтэйчүүдийг 30 хувийн квотоор оруулна гэсэн дуулианы үед нам дагаж хошуурсан баахан хүүхнүүдийн нэг. Хэдийгээр энэ заалт 2007 оны арванхоёрдугаар сард унасан ч 2008 оны сонгуульд Л.Эрдэнэчимэг Сүхбаатар аймгаас үзээд бараагүй. Улмаар 2012 оны сонгуульд АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийнхөө сонгогдож байсан Сонгинохайрхан дүүргээс түүнийг дэвшүүлэх болсноор их хурлын гишүүн болох мөрөөдлөө биелүүлсэн. Тэрбээр өчигдөр санал хураалтаас хэдхэн цагийн өмнө “Ньюс агентлаг”-т өгсөн ярилцлагадаа “МАН-тай нийлж, засаг унагах тоглолт хийхгүй” гэсэн байсан билээ. Гэвч түүний ам, гар хоёр нь зөрдөг нэгэн болохоо өдрийн хугаст ч хүрэхгүй батлав. Тойргоос гишүүн болсон МоАХ фракцийн төлөөлөл.

7. Д.Батцогт. Намаасаа орж гарч явдаг тогтворгүй нэгэн. АН-ын гишүүн байснаа М.Энхсайханыг дагаж Үндэсний шинэ намын гишүүн болж, дараа нь МҮАН болоход нь дагаж явсаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. “Шударга ёс” бүлгийн гишүүн байснаа бүлгээсээ гарч хэсэг сул явж улмаар АН-ын батлахыг аваад удаагүй байгаа. АН-ын фракциуд дундаас “Шонхор”-т хамаарч байгаа. Түүнийг “Шударга ёс” бүлгээсээ гарахад МАН-ын бүлгийн дарга баз хүргэн С.Бямбацогтоо даган МАН-д элсч магад гэсэн яриа гарч байсан нь түүнийг удтал эргэлзэж намаа сонгосныг баталдаг.

8. Б.Наранхүү. Түүнийг МАН-ын чигтэй гэж олон хүн боддог байсан, МАН-ынхан ч 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг зарлах хүртэл тэгж санаж байсан. Газрын мафийн томоохон төлөөлөл гэсэн яриа ард түмний дунд яригддаг. Улмаар МАН-ынхан газрын хууль бус наймаатай холбоотой олон хүн нэр дэвших гээд байна гэж үзсэн учраас түүнд Дундговь аймгаас нэр дэвших боломж гараагүй. Энэ үед АН руу элсч, үнэ цохин нэр дэвших эрхээ олж авсан. Гэхдээ энэ намын гишүүн төдий нэртэй, үнэт зүйл нь өөр учраас энд тэндхийн дохио зангаагаар хөдөлдөг гэж ярьдаг. Тойргоос сонгогдсон гишүүн.

9. Г.Уянга. Уг мэргэжил нь сэтгүүлч. АН-ын хэвлэл мэдээллийн албыг хариуцаж явсан угшил гарвал нь энэ чигийнх атлаа бүх цаг үедээ эсрэг ажиллаж явсан. Иргэний хөдөлгөөний гол дүр төрх. Олон жил гудамжинд явсан учраас УИХ-ын гишүүн болсноо ч мартаад хааяа гудамжинд гарч, төр эргүүлэх талаар ярьж явдаг. Үүнийг нь ойлгохгүй зарим иргэд түүнээс “Та өөрөө тэр болохгүй төр засгийн төлөөлөл биш юм уу” гэж асууж байсан удаатай. Түүний хувьд нэг цагт муулж явснаа нийлж, дараа нь нэгдэж явснаа эсрэгээр ярих байдлыг олонтаа гаргаж байснаараа нийгэмд танигдсан. Сонгуульд хэдэнтээ үзэж унаж байсан ч МҮАН нь Н.Энхбаярын МАХН-тай хамтарснаар 2012 онд түүнд Чингэлтэй дүүргээс сонгогдох боломж гарсан. Тойргоос сонгогдсон гишүүн.

10. Л.Цог. Бас л уг гарвал нь АН-ынх. Цагтаа АН-ын Засгийн газарт Хууль зүйн сайд хийж байсан. Гэхдээ тэр үедээ Ерөнхий сайдынхаа эсрэг гарын үсэг цуглуулж, Ж.Наранцацралтаа унагасан, сайд байхдаа намынхаа дөрвөн гишүүнийг (түүнээс гурав нь УИХ-ын гишүүн) шоронд илгээж байсан гэдгээрээ түүхэнд үлдсэн. УИХ-ын гишүүн Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нараас Батчулуун нь шоронд байхдаа амь насаа алдсан юм. Тэрбээр бүх л цаг үед АН-ынхаа эсрэг ажиллаж ирсэн бөгөөд гудамжны жагсагчдын нэг байж байгаад 2012 оны сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Орхон аймгаас гарч ирсэн. Шинээр Засаг бүрдүүлэх үед “Шударга ёс” бүлгийн дэвшүүлснээр УИХ-ын дэд дарга болсон.

Байгуулсан Засгийн газраа унагахад шууд нөлөөлсөн арван гишүүн ийм түүхтэй. Чуулганы хуралдаанд ирээгүй буюу эс үйлдлээрээ Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн мөн арван гишүүн бий. Тэдний тухайд

1. С.Эрдэнэ. 2000 онд АН-аас тойроггүй үлдсэн учраас шинээр нам байгуулан сонгуульд өрсөлдөж байсан. Энэ замнал нь олигтой үр дүн дагуулаагүй учир 2004 онд АН-аасаа Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч тус тойрогт сонгуулийн маргаан үүсч бараг нэг жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг хүлээж суусан нэгэн. Тэрбээр Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллах хугацаандаа хэл аманд өртөж АН-ын нүүрээр ялаас мултарч байсан түүхтэй. 2012 онд Баянгол дүүргээс гурав дахиа УИХ-д сонгогдсон бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад ХАХНХ-ын сайд болсон. Шонхор фракцийн тэргүүлэх гишүүдийн нэг.

2. Д.Ганхуяг. Нэр нь нийгэмд бараг дурдагдахаа больсон Соцдекийн гарвалтай. Түүнийг “Говь” компанийн дарга болох цаад санаа өвөрлөн АН-д элссэн гэдэг. Товчоор тодорхойлоход сул гишүүн буюу албан тушаалгүй үедээ эх оронч дүр эсгэж сайдын албанд очихоороо ус балгасан мэт болж үзэл бодол нь 360 градус өөрчлөгддөг. Мөн л “Шонхор” фракцийн гишүүн бөгөөд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан учраас түүнийг өчигдөр ийм авир гаргана гэж хэн ч төсөөлж байсангүй.

3. С.Одонтуяа. Тэрбээр АН-д сонгуулийн хоёр циклийн өмнө л элссэн шинэхэн төлөөлөл. Олон нийтийн хэвлэлд өөрийн бичсэнээ төлбөр төлөн нийтлүүлэх болсноор С.Одонтуяа гэх нэр дуулдаж эхэлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнийг дагасан нь түүний зол болж энэ Их хуралд орж ирсэн. Улмаар АН-ыг олон суудал авсан энэ үед МАН-ын гишүүн нөхрөө хариуцлагатай албан тушаалд томилуулж чадсан нь шүүмжлэлийн бай болж байлаа. Шонхор фракцийн гишүүнчлэлтэй.

4. Г.Баярсайхан. Улс төрийг бизнесээ болгох том боломж гэж харж нам дагасан залуусын төлөөлөл. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатараар улс төрийн анхны хичээлээ заалгаж байсан гэдэг ч богино хугацаанд “багшаа” орхиж АН-ын нөлөө бүхий хүнийг дагах болсон гэдэг. Өнөө ч АН-ын харъяалалтай л болохоос тэр л хүнийхээ гарын аяар хөдөлдөг гэдгийг улс төрийн хүрээнийхэн өгүүлдэг. Чингэлтэй дүүргээс хоёронтоо сонгогдсон ч тойрогтоо нэр нүүрээ бараад байгаа учир намын жагсаалт руу орох том амбиц өвөрлөж байдаг. Хэдийгээр цаад санаа нь тийм ч АН-даа листэнд багтах нэр хүнд үгүй учир ирэх сонгуулиар шинэ тойрог сонгож азаа үзэх ганц боломж бий. Шонхор фракцийн гишүүн.

5. Д.Ганбат. Техник импортын гэх тодотголтой. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дагаж АН-д шургалсан нь түүний УИХ-д орох боломжийг олгожээ. 2008 оны сонгуулиар нэр дэвшиж унасан ч өнгөрсөн удаа даагаа нэхэн УИХ-д орсон шинэ гишүүн. Өнгөрсөн сонгуулиар “Танай сумыг шинэчилнэ, хөгжүүлнэ” гэх гээд “Танай сумыг орвонгоор нь эргүүлнэ” гэж байсан удаатай. Үүнээс хойш “орвон” хочийг зүүх болсон бөгөөд үнэхээр аливааг орвонгоор нь эргүүлж мэдэх нэгэн. МоАХ фракциас Шонхор руу урвасан гэгддэг ч одоо Х.Баттулга даргынхаа ажилд тусалсаар байгаа. Бас өнгөрсөн хавар Хууль зүйн байнгын хорооны даргын суудал сулрахад өөрийгөө томилуулахын тулд Х.Баттулгыгаа гомдоож явсан туйлбаргүй нэгэн хэмээгддэг. Өнгөрсөн зун Шонхор фракцид албан ёсоор элссэн гэж байсан ч МоАХ-ны харьяаллаа өөрчлөөгүй байгаа.

6. Д.Арвин. Тэрээр МАН-ын улаан хамгаалагч байсан нь саяхны үйл явдал бөгөөд түүх болжээ. Д.Арвин МАН-аас Хэнтий аймагт өрсөлдөн хэдэнтээ ялалт байгуулсан ч 2012 он гэхэд тэрээр аймгийнхандаа нүүргүй болоод байв. Өөрийн хүслээр тойргоо сольж нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Хэдий тийм ч дахин сонгуулиар УИХ-д орсон даруйдаа МАН-аа орхин ялалт байгуулаад буй АН-ыг дагасан түүх түүний хэн бэ гэдгийг бэлхнээ харуулна. Өнөөдөр Шонхор фракцийн гишүүнчлэлтэй.

7. М.Батчимэг. АН-д хахь хамаагүй нэгэн байсан агаад саяхан л Стратеги судлалын хүрээлэнгийн энгийн л шинжээч байв. Тэрбээр 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийн PR-т хэрэг болохуйц нийтлэл туурвиснаар улс төрийн хүрээнийхэнд ихээхэн тоогдсон. Улмаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн нь түүний улс төрийн эхлэл. Улмаар 2012 оны сонгуулиар Ерөнхийлөгч санал гарган АН-ын жагсаалтын 11 дүгээрт нэрийг нь бичүүлж УИХ-ын гишүүн болгосон байдаг. Хэдийгээр Ерөнхийлөгчийн хүн гэгдэж болох ч УИХ-д орсон даруйдаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан нартай хамтран Нэг ардчилал фракцийг үүсгэн байгуулж байв. Энэ фракциас Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар сайдын суудал авсан бол Ж.Батзандан нь МоАХ руу урваж М.Батчимэг гишүүн өнөөдөр нам руугаа буу шагайсан хэрэгт унаад буй.

8. Ч.Улаан. Энэ Засгийн газрын мөнгөний авдрыг нь барих буюу Сангийн яамыг тэргүүлж байв. Тэрээр МАН-аас олон удаа УИХ-д сонгогдон Сангийн сайдаар хэдэнтээ томилогдон ажиллаж байсан хашир туршлагатай. Улс төр, төрийн ажил албаны асар их туршлагатай шигээ урвах боломж байвал алддаггүй гэдгээ ч энэ удаа дахин баталлаа. Тэрбээр өнгөрсөн парламентад байхдаа МАН-аа орхин Н.Энхбаярыг дагасан нь мөн л шүүмжлэлийн бай болж байсан удаатай. Энэ удаа ч ийм авир гаргана гэж хэн ч таамагласангүй. Тэгээд ч МАХН, МАН-ыг дахин нэгдэх ёстой гэж ярьдаг хүмүүсийн нэг.

9. Ц.Оюунбаатар. Мөн л МАН-аас төрийн алба хашиж явсан түүхтэй. Хэдий тийм ч нам нь төрийн албанаас буулгасан даруйд төрийн бус байгууллага тэргүүлэн ажиллаж хэсэг замнасан. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Н.Энхбаяртай хэл амаа ололцож “Шударга ёс” эвслийн жагсаалтад нэрээ бичүүлсэн нь хууль боловсруулах дээд байгууллагын гишүүн болгоод буй.

10. С.Ганбаатар. Түүнийг анх “Фэнг шүй”-гийн Ганбаа гэхэд монголчууд андахаа байсан байв. Удалгүй илтгэгч болон дэвшиж тухайн үеийн төр засгийн эсрэг тууштай тэмцэж нэг хэсэгтээ гудамжинд манаргаж явсан. Төд удалгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн дарга болсон нь төрийн алба, улс төр рүү түүний замыг хөтөлсөн гэхэд болно. Сүхбаатарын талбайд байнга шахам жагсаж эрх баригчдаас цалин, тэтгэвэр нэмэхийг шаарддаг байсан нь Монголын нийгэмд түүний нэрийг тодоор цуурайтуулж эхэлсэн. Тэрээр “Улс төрд хэзээ ч орохгүй” гэж хоёр жилийн өмнө өгүүлж байсан бол төд удалгүй Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн түүхтэй. Мөн л энэ Засгийн газарт хамтрагчдын нэг бөгөөд ИНЕГ-ыг өнөөдөр бие даагчид шууд мэдэлдээ байлгадаг билээ.

Ийнхүү өчигдөр Засгийн газрыг унагахад шууд болон эс үйлдлээрээ нөлөөлсөн 20 эрхмийн товч түүх ийм байна. АН, “Шударга ёс” эвсэл, бие даагчид бүгд 2016 онд хамтран ажиллана гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулан баталж, ажлаа эхлүүлсэн байдаг. Гэтэл дээрх нэр бүхий эрхмүүд замын дундаас буцлаа. “Шударга ёс” эвсэл, бие даагчдын хувьд хариуцлагын асуудлыг ярих боломж үнэндээ алга. Улс төрд, УИХ-д хэн ч биш хүмүүсийг АН сонгосон нь өөрийнх нь алдаа. Харин АН-ын 15 гишүүнийг хэрхэх вэ гэдэг асуулт бий. Намынх нь дүрэмд байгуулсан Засгийн газраа унагасан нь нотлогдвол намаас хөөх арга хэмжээ авна гэсэн заалттай. Тэгэхээр тойргоос сонгогдсон 13 гишүүнээ намаасаа хөөх, жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа нарыг эргүүлэн татах асуудлыг Н.Алтанхуяг намын даргын албаа өгчихөөгүй байгаа дээрээ шийдэх хэрэгтэй болжээ. Ингэж л АН-ыг сүүлд шургалсан, эргэж буцсан туйлбаргүй хүмүүсээс цэвэрлэхээс өөр сонголт алга бололтой. Үр дүнд нь АН-д намдаа элэгтэй, шигшигдсэн улстөрчид үлдэж “Шонхор”, “МоАХ” гэсэн парламентад суудалтай жижиг нам байгуулагдах биз ээ.

Тэрчлэн дараагийн Ерөнхий сайд, АН-ын даргын албан тушаалын төлөөх уралдаан эхэллээ. Одоогийн байдлаар Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав нарын нэр дуулдаж байна. Өөр олон хүн байгаагаас өндөр магадлалтай нь нэр дурдагдсан эрхмүүд юм. Тэгээд ч АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөртөө хуралдаж арваннэгдүгээр сарын 7-ны баасан гаригийн 15 цагт Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хуралдуулахаар товложээ. Энэ хурлаар дээрх бүх асуудал нэг тийш болох юм.

Т.НАМНАН

Н.БАЯНШААРАВ

Categories
мэдээ цаг-үе

Чимхийн төдий ч инээдгүй инээдмийн киногоор яах юм бэ

Аравдугаар сард кино театруудаар үзүүлсэн монгол кинонуудаас “Тусгай ажиллагаа” нэртэй кино ашиг орлогоороо тэргүүлжээ. Нийтэд үзүүлсэнкиноноосорлогоороо хол түрүүлсэн энэ кино 94.7 сая төгрөгийн орлого олсон байна. Үүний араас 24.3 сая төгрөгийн орлогоор “Сүүлчийн шөнө”, 22.4 саяын орлогоор “Давхар цохилт” зэрэг кино удаалжээ. “Тусгай ажиллагаа” нь инээдмийн кино юм байна. “Go adventure” студи, найруулагч Д.Галбаярын бүтээл ажээ.

Инээдмийн төрөл жанр нь дотроо адал явдалт, романтик, эмгэнэлт, аймшгийн, сэтгэлзүйн гэхчлэн бараг хорь орчим төрөлтэй. “Тусгай ажиллагаа” нь адал явдалт инээдэм бололтой. Уг киноны үйл явдлыг эхлээд ярья. Нэгэн томоохон архины үйлдвэрийн захирал Тамирынэхнэр Сайханаа гэх бүсгүй бааранд орж архи ууж байгаагаар кино эхэлж байна. Тэрбээр бааранд Баярцэнгэл, Жаргал, Наадам гэх гурван эрэгтэйтэй тааралдана. Шөнийн арван хоёр цаг болж, баар хаахад мөнөөх гурван залуу үргэлжлүүлэн архидахаар гарахад Сайханаа мөн дагаж гарчээ. Эрчүүдийг нэгэн дэлгүүрийн цонхыг нүдэж нүдэж арга тасран байхад Сайханаа тэр гурвыг нөхрийнхөө архины үйлдвэр дээр дагуулан ирнэ. Тэднийг ирэх үеэр үйлдвэрийн харуул бэлэн гоймон, хиам, өндөг авахаар дэлгүүр рүү гарсан байна. Энэ хойгуур согтуу залуус үйлдвэрт орж ирэн ус цас шиг элбэг дэлбэг архи хараад”Архийг шанагаар уухыг мөрөөддөг байлаа. Мөрөөдөл ингэж биелдэг байжээ” хэмээн хувинтай архинаас шанагаар утган залгилах юм. Улмаар захирлын өрөөнд орцгоож, тэнд байсан ангийн бууг нэг нь авч шанага дамжуулан архи уух бусдадаа буу тулган тоглож байна. Харуулын байрандаа эргэж ирсэн харуулхянах камерын бичлэг харж захирлын эхнэрт буу тулгаж байгааг харж сандран захирал руугаа утсаар мэдэгдэнэ. Хариу зааврын дагуу харуул үйлдвэрийн хамгаалалтын кодыг идэвхжүүлээд цагдаа дуудахаар гарч гүйхдээ захирлын нууц амрагийн машинд мөргүүлэн эмнэлэгт хүргэгдэнэ. Сэрэхдээ тэр ой санамжаа алджээ. Хамгаалалтын кодыг идэвхжүүлсэн тул үйлдвэрт гаднаас ч дотроос ч нэвтрэх боломжгүй болжээ. Үйлдвэрийн захирлын мэдээллээр цагдаагийнхан түүний эхнэрийг үйлдвэртэй нь хэсэг залуус барьцаалжээ гэж үзэн үйлдвэр ба эхнэрийг аврах тусгай ажиллагаа явуулахаар хөдлөв. Цагдаагийн тусгай баг үйлдвэрт арайхийн нэвтрэхэд багийн ахлагч нь мөнөөх гурван залуугийн нэг Жаргалын багын найз болж таарлаа. Ингээд хамт архи уун цагдаагийнхан “барьцаалагч” нарын хамт “тасарцгаалаа”. Тасартлаа согтсон Цагдаагийн ажилтан үйлдвэрийн захирлаас барьцааны мөнгө нэхнэ. Зуун мянган доллар өгч авалцахаар тохиролцоно. Одоо кино төгсөх гэж байна. Захирал өмнө нь мөрийтэй тоглож үйлдвэрээ алдсан байжээ. Мөрөө баллахын тулд дээрх согтуу залуус үйлдвэрийг нь барьцаалсан болгож зохион байгуулсныг цагдаагийн ажилтан Сонор илрүүллээ. Ингээд кино төгсч байна. Киногоо үзээд гарлаа. Сэтгэлд юу үлдэв. Амьдарч буй нийгэм маань тэр чигээрээ архинд живчихсэн юм байна гэдэг л өнгөцхөн мэдрэмж үлджээ. Харин эргэн тойрон амьдралаа харахад тэгтлээ архинд донтоод байгаа хүн алга л байна. Кинонд итгэх үү, өөртөө итгэх үү? Монголдоо амьдарч байгаа бид бол өөрсдийгөө архинд живээгүйг харж байна. Харин Монголоос гадна амьдарч байгаа хэн ч энэ киног үзвэл Монголыг архинд живж дээ гэж төсөөлөхөөр. Гэхдээ энэ нь уг киноны асуудлын гол нь бас биш юм. Асуудлын гол нь чимхийн төдий ч инээд энэ кинонд байхгүйд байна.

Ер нь инээдмийн төрлийн урлагийг юунд зорьж юуны тулд хийдэг вэ. Хүн өөрийгөө шоолохын тулд. Үр дүнд нь өөрсдийгөө эмчилж гажуудлаа засаж залруулдаг. Энэ төрлийн урлагт эмгэнэлт инээдэм хамгийн жинтэй нь байдаг. Сэдвийн хувьд хувь хүний амьдралаар дамжуулан нийгэм цаг үеэ элэглэн шоолох, нийгмийн системийг элэглэн шоолох, бүр өргөн хүрээнд бол нийгмийн амьдралаараа дамжуулан хүн төрөлхтнийг элэглэн шоолсон байдаг. Хамгийн сонирхолтой нь эмгэнэлт инээдмийн урлагт зохиогчид өөрийн болон аль нэг үндэстнийг элэглэн шоолсон нь үгүй. Энэ төрөл нь голдуу сэтгэл зүйд хандсан байх нь элбэг. Ийм кино манайд одоохондоо байхгүй юм. Ахуйн хөнгөхөөн адал явдлаар ч инээдмийг илэрхийлж нийгмээ, системээ элэглэн шоолсон байдаг. Ийм төрлийн бүтээл жишээ нь манай хуучны кинонд бий. Яагаав, “Ховор хүмүүс” гээд нэрт найруулагч Р.Доржпалам гуайн кино. Р.Доржпалам найруулагч “Ховор хүмүүс” хэмээх инээдмийн киногоороо социалист системд хүмүүс оюун сэтгэхүйгээрээ хэрхэн хайрцаглагдаж, ийм цаг үед амьдрал хэрхэн үзэл суртлын нэгэн сувгаар урсан өнгөрдгийг элэглэн шоолсон байдаг. Үзэгчид уг киног эхлэхээс дуустал нь савж унатлаа инээлдээд, дараа нь өөрсдийн амьдрал руу гунигтайгаар ширтэн харах сэхээ ордог шүү дээ. “Зэрэг нэмэхийн өмнө” гэж бас л гоё инээдмийн кино бий. Мөн Р.Доржпалам гуайн бүтээл. Наяад онд дэлгэцнээ гарсан энэ кино үйл явдал нь Богд хаант засгийн үе гарах боловч аль ч цаг үед үнэ цэнээ алдахгүй бүтээл. Өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр. Ямар ч цаг нийгэм байлаа гэсэн хүнд л байх төрөлхийн амбицийг, хэмжээ нь хэтрэхээрээ хэрхэн амьтан болж хувирдгийг хэлсэн санаа нь үнэтэй юм. Энэ киноны хийцийг бол бүр яриад яахав. Гайхалтай гэж хэн ч санаа нийлэх биз ээ. Мэргэжлийн өндөр мэдрэмжтэй, боломжийн стандарт хийцтэй бүтээл хэзээд “харж байгаагийнхаа цаадахыг харах, сонсч байгаагийнхаа цаанахыг сонсох” боломжийг хүмүүст өгч байдаг ажээ. Энэ бол урлаг хүмүүст өөрсдөд нь сэтгэлгээний орон зайг бий болгож өгч байгаа хэрэг юм. Инээдмийн жанрын жишээ болсон дээрх хоёр кино бол тийм л бүтээлүүд. Урлагийн аль ч төрлийн бүтээлд сэтгэлгээний дотоод орон зай гэж байдаг. Үүний хажуугаар ялангуяа кинонд дүрслэлийн орон зай гэж нэг гол судас нь бий. Энэ дүрслэлийн орон зайгаар дамжуулж үзэгч үйл явдлыг өргөн хүрээнд харж чаддаг. Энэ орон зайг найруулагч киноныхоо зураачид, зургийн дарга, зохиолч, зураглаач зэрэг хамтран зүтгэгчдийнхээ тусламжтайгаар бүтээдэг. Харин өнөөдөр кино хийж байгаа хүмүүсийн тогтсон жишиг болох найруулагч жүжигчин хоёрын “бүтээл” нь дээрх орон зайг хэзээ ч бүтээх боломжгүй юм. Тиймээс өнөөдрийн кинонууд аль ч төрөл жанрынх бай хүмүүсийн сэтгэлд хүрэхгүйгээр барахгүй огт ойлгомжгүй хэдэн дүрсний эвлүүлэг болж хувирч байна. Ийм шалтгаанаар өнөөдрийн инээдмийн кинонд чимх ч инээд алга. Чимхийн төдий ч инээдгүй инээдмийн киногоор яах юм бэ.

Кино үйлдвэрийг хувьчилснаас хойш кино урлаг уналтад орлоо гэх болсон. Энэ чинь зуун хувь шалтгаан болж чадахгүй шүү дээ. Мөнгөгүйдээ муу кино хийж байна гэж кино хийж буй залуус хэлдэг. Ахмад киночид ч энэ талыг нь хөөрөгдөж өмөөрч тал өгсөөр байгаад залуу найруулагч нар кино хийж сурахгүй байх шиг. Муу ч гэсэн кино хийх мөнгө олоод хийгээд л байна шүү дээ. Уг нь мөнгөний хэмжээ уран бүтээлчийн сэтгэх цар хэмжээнд шууд хамааралгүй л харагдаад байдаг юм. Хэр тааруухан санхүүжилтээр хичнээн сайхан бүтээл хийчихсэн театрынхны жишээ байна. Киног театртай харьцуулах нь өрөөсгөл ч гэлээ сайн бүтээл хийхэд тайз дэлгэц ялгаагүй л нэлээн их мөнгө шаарддаг. Тэгэхээр гараад байгаа кинонуудыг яагаад авах юмгүй муу болоод байгаа шалтгааныг харцгаая.Урлагийг бүтээх чин сэтгэл, мэдлэг, боловсрол, хийж байгаа бүтээлийнхээ орон зайг урьдчилан харах оюуны цар бяр, тэр орон зайдаа багтааж үйл явдал, гол санаа, тэдгээрийн чимэглэл деталиудаа базаж нэг цул болгон үзэгч рүү шидэх тийм чадал чансаа өнөөгийн киночдод байхгүй нь илт харагдаж байна. Үйл явдал, өгүүлэмжийн жижигхээн деталиар ч хэлэх гэсэн санаагаа сэтгэж байгаа орон зайдаа зөв байршуулаад гаргачихсан бүтээл томроод л ирдэг.

“Тусгай ажиллагаа” хэмээх сүржин нэртэй инээдмийн гэх энэ кинонд киноны үндсэн шалгуур болох дээрх элементүүд ер үзэгдэхгүй юм. Киноны цагдаагийн тасгийн ахлагч Сэрэмжбаатар хэмээгчид хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай тоглосон бол бусад дүрд жүжигчин С.Баттулга, Т.Хулан, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтөр, Э.Батхүү, ардын жүжигчин С.Сарантуяа, телевизийн хөтлөгч, жүжигчин Э.Гантулга нар тогложээ. Өнөөгийн залуучуудын киногоо өөд татахын тулд хэрэглэдэг нэг арга нь хуучны нэртэй жүжигчдээс ганц нэгийг нь авч тоглуулах. Бараг бүх киноноос энэ харагддаг. “Тусгай ажиллагаа”-нд ардын жүжигчин С.Сарантуяа өнгө нэмээд л ороод ирж байна. Үнэхээр ч нүдийг нь хараад үзэгчийн сэтгэл сэрхийх юм. Сайн жүжигчин нүдээрээ тоглодог гэж нэг алдартай найруулагч хэлснийг сануулах ч шиг. “Тусгай ажиллагаа” киног уг нь инээдмийн кино болгочихъё гэсэн бол найруулагч өлгөөд аваад явахаар нэг сэжүүр уг нь байна лээ. Архины үйлдвэрт нэвтэрсэн цагдаа нарыг ахалж яваацагдаа “Та нарыг барьцаалчихлаа” гэдэг ч билүү сүртэйхэн дуугарахад нь нөгөөдүүл нь итгэчих юм. Архи уух гэж өөрсдөө орж ирсэн хүмүүсийн толгойг ганцхан үгээр эргүүлчихэж байгаа тэр хэсэг л ердөө дангаар нь бариад явах шугам байж дээ гэж харагдана. Туйлын итгэмтгий, гэнэн цагаан чанарыг хүнд байгалиас заяасан байдаг.Тэрэн дээр нь тоглолт хийх замаар сэтгэлзүйн төрөл жанрыг бүтээж болдог. Ийм сонгодог жишээ гэвэл, Сервантесийн “Дон Кихот” байна. Нэг муу халтар монгол хошин шогтой агуу сонгодгийг харьцууллаа гэж битгий бодоорой. Сонгодог ч бай, арилжааны ч бай урлагийн бүтээл хийж байгаа хэн боловч сэтгэж байгаагаараа нийтлэг болохоор иймэрхүү том жишээнүүдийг татахад хүрлээ. Эцэст нь бас нэг харамсмаар зүйл нь өнөөдөр кино хийж чадах найруулагч төлөвшихгүй байгаагаас хичнээн авьяас байгаад ч сайн жүжигчид төрөхгүй, дээрээс нь байгаа сайн жүжигчид нь золиослогдож байна. Жишээ нь, энэ киноны гол баатруудын нэгд тоглосон Баярмагнай ямар гоё нюанстай жүжигчин билээ. Үнэнийг хэлэхэд, нөгөө л хошин шогийнхоо байдаг л алиа салбадайн хэрээс хэтэрч чадахгүй л байна. Ямар их авьяастай олон залуус жүжигчин болж чадахгүй унтарч байгааг бүгд харж байна “Тусгай ажиллагаа” бол зүгээр л өнөөгийн гудамжаар дүүрэн новширч байгаа арилжааны “урлаг”-ийн нэг жишээ. Үүнд зорьсон үзэгчид нь ч байгаа. Буруутгах ямар ч шаардлага байхгүй. Хэн юу чаддагаараа мөнгө олж биеэ тэжээдэг нь амьдралын л жам. Арилжааны урлаг ийм л жамаар явдаг. Үзэгчид нь мөн адил сэтгэлээ ийм л юмаар дүүргэж цадаж байгаа хэсэг ганц манайд биш ямар ч өндөр хөгжилтэй оронд, хаана ч байдаг. Харин цөөхөн хүн амтай манайд үүний нэг сүүдэртэй тал нь нэг ийм халтар “соёл”-ыг нийгэмд бүтээж байгаа нь л хэцүү. Ямар ч театр цаг үе, орчин тойрондоо соёлыг бүтээж байдаг

Н.ПАГМА

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр 15:00 цагт Төрийн ордонд болно. Хуралдаанаар улс төрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргах асуудлыг хэлэлцэх юм. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт огцорсны дараа тус намын Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурлын товыг зарласан билээ. Хуралдаанаар мөн Засгийн газрынхаа эсрэг кноп дарж, унагаасан гишүүдэд хариуцлага тооцох гэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

2.Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал;

-Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГтанилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯР танилцуулна.

3.Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнМ.БАТЧИМЭГ танилцуулна.

4.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөхР.БОЛД танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

14.00 цагаас:

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

Categories
мэдээ улс-төр

АН найман гишүүнээ намаас хасах шийдвэр гаргажээ

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж, намын даргынхаа эсрэг санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцох асуудлаар тус намын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралджээ. Хурлаас МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг дэмжиж, санал өгсөн найман гишүүнийг намаасаа хасах тогтоол гаргасан байна.