Categories
мэдээ нийгэм

Харилцаа холбооны бүх үйлчилгээг нэг дор цогцлоосон үйлчилгээний шинэ төв ашиглалтанд орлоо

Монголын Үүрэн холбооны Скайтел Групп 15 жилийнхээ ойн хүрээнд орчин үеийн харилцаа холбооны стандарт хангасан “Загвар” шинэ үйлчилгээний төвийг ашиглалтад оруулж, өнөөдөр нээлээ.

Харилцаа холбооны бүх үйлчилгээг нэг дор цогцлоосон энэхүү төвд хэрэглэгчид үйлчлүүлснээр дэлхийн шилдэг брэндүүд болох Samsung, LG, Аpple-ийн гар утсуудыг холбогдох сэлбэг, дагалдах хэрэгслийг хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой болж байна.

Шинэ салбарын хувьд үйлчилгээгээ хэрэглэгчийн хүлээлтээс давуулан үзүүлж, Олон улсын түвшинд хүргэх зорилготой Сингапур улсын “Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” төслийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудын нэг бөгөөд Теди төвийн дэргэд байрлах 1300 м2, 2 давхар байгууламжийг орчин үеийн шийдлээр тохижуулж бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлээд байгаа нь энэ юм.


Нээлтийн үйл ажиллагааны үеэр Скайтел группын Гүйцэтгэх Захирал Д.Болор, “Бид энэ жилийг оны эхэнд “Бүтээн байгуулалтын жил” хэмээн зарласан. Юуны түрүүнд бид технологийн томоохон дэвшилттэй ажлуудыг хийж энэ онд дуусч байгаагаа дуулгахад таатай байна. GSM бүлийн гуравдугаар үеийн HSPA+ технологийг Монгол Улсын бүх аймгийн төв, 400 сум сууринд манай инженер техникийн ажилчид хийж дуусгасан нь технологиор тэргүүлэх компани болох үүдийг нээлээ.


Үүний үр дүнд орчин үеийн технологийн чиг хандлага болсон дата үйлчилгээ өөрөөр хэлбэл интернэтэд бүхнийг холбох боломжийг бий болголоо. Хот хөдөөгийн ялгааг арилгах дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудалд бид өөрсдийн хувь нэмрээ ийнхүү оруулж байна. Үүн дээрээ үндэслээд бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн шинэчилж байна. Дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт үйлчилгээ, дата хэрэглээ гээд бүх талаар шинэчлэгдлээ. Үүний хажуугаар бид олон улсын стандартыг нэвтүүлэх чиглэлд ажиллаж байна. ISO-9001:2008 стандартыг бид бүтэн жил гаруйн хугацаанд хэрэгжүүлээд гадны нэр хүндтэй баталгаажуулалтын компаниар аудит хийлгэж олон улсын түвшинд үйл ажиллагаагаа хүргэх чиглэлээр амжилттай ажиллалаа.” гэж ярилаа.


Шинэ салбарын нээлтэд төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодыг төлөөлж олон зочин хүрэлцэн ирсэн бөгөөд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Гүйцэтгэх Захирал С.Тойвгоо, “Үүрэн холбооны үйлчилгээгээр тэргүүлэх, манлайлах талаар сүүлийн хэдхэн жилийн хугацаанд Скайтел маш эрчимтэй ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд энэ тохилог, том үйлчилгээний төв нээгдэж 100 гаруй ажлын байр нэмэгдлээ. 100 гаруй хүний ажлын байр нэмэгдэнэ гэдэг цаанаа 500 гаруй хүний амьдралтай холбогдох ач холбогдолтой зүйл” хэмээв.

Уг салбарын нээлтийн урамшуулал 12-р сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилж, дэлхийн анхны нуман хэлбэртэй ухаалаг утас LG G-FLEX, шинэлэг шийдэл бүхий ухаалаг гар утас LG G2-ийг 50 хувийн хөнгөлөлттэй онцгой үнээр худалдаж авах боломжтой бөгөөд уг салбараас ухаалаг утас худалдаж авбал Монгол Улсын хамгийн өргөн 3G сүлжээ бүхий Скайтелийн дугаар бэлгэнд авах боломжтой юм байна.

Үйлчилгээний шинэ төвд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн орчин нөхцлийг бүрдүүлж өгснөөр Скайтелийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ, контент нэмэлт үйлчилгээ, олон улсын роуминг, сансрын холбоо, байгууллагын цогц үйлчилгээ зэрэг үндсэн үйлчилгээнүүдээс гадна Скаймедиагийн суурин утас, өндөр хурдны интернэтийн “Гурвалсан үйлчилгээ”-г өрх болон байгууллагын хэрэглэгчдэд нэг цэгээс хүргэх боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэх соёлд сургана

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурлаар тус банкны эрсдлийн удирдлагын байдал, авч хэрэгжүүлж буй ажлын үр дүнг хэлэлцжээ.

Хурлын эхэнд зөвлөлийн гишүүн Я.Эрхэмбаярын сонсголыг хэлэлцэж Олон Улсын төлбөр тооцооны банкнаас гаргасан зөвлөмжийн дагуу зохистой засаглал, дотоод аудит, эрсдлийн удирдлага, нийцлийн чиг үүргийг багтаасан Монголбанкны дотоод хяналтын чиг үүргийг бүрдүүлэх, эрсдлийн удирдлагын албаны үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх боломжийг судлан холбогдох арга хэмжээ авахыг даалгасан байна.

Мөн “Мөнгөн тэмдэгтийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсныг солих, устгах ажлыг зохион байгуулж буй ажлын талаар” Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатарын сонсголыг хэлэлцээд мөнгөн тэмдэгтийг захиалж хэвлүүлэх, хуучин муудсаныг гүйлгээнээс татах , устгах үйл ажиллагааг эрсдэлд суурилсан зарчмаар зохион байгуулахаар тогтжээ.

Улмаар тогтолцоонд шилжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх, мөнгөн тэмдэгтийг зориулалтын дагуу гамтай хэрэглэх соёлд иргэдийг сургах чиглэлээр сурталчилгааны ажил явуулахаар болсон байна.

Мөн үеэр Завхан аймаг Дахь Монголбанкны салбарын ажилтай танилцсан тухай Хяналтын Зөвлөлийн гишүүн Х.Ганбаатарын мэдээллийг сонсон төрийн хяналтад байх объектийн жагсаалтад Монголбанкны салбарыг хамруулах арга хэмжээ авч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Баруун бүсийн уяачид чууллаа

Монгол Улсын алс хязгаар Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг баруун таван аймгийн уяачдын бүсчилсэн “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд, ММСУХ-ны ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, МУ-ын Манлай уяач Ч.Гансүх, Ц.Цэнд-Аюуш болон тэргүүлэгч гишүүн, аймгийн Алдарт уяач С.Ганболд, ММСУХ-ны Ажлын албаны ажилчид, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, аймгийн МСУХ-ны тэргүүн Д.Гомбожав болон тэргүүлэгчид, бусад сумдын уяачдын төлөөлөл, Завхан, Ховд аймгуудын МСУХ-ны удирдлагууд, уяачдын төлөөлөл нийт 150 орчим төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөө уламжлал ёсоор ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын хүргүүлсэн илгээлтээр эхэлж ажлын албаны дарга Ч.Сарангэрэл Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн МСУХолбоодыг батламжилснаар үргэлжлэн, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаарх мэдээллээр дууссан юм. Үүний дараа орон нутгийн уяачдын санал бодол, хүсэлтийг сонсон, Улаанбаатар хотоос хүрэлцэн очсон Монгол Улсын Манлай уяачид морь уях, тэжээх арга барил, үржлийн ажлыг хэрхэн явуулах талаар үнэтэй зөвлөгөө өгч харилцан санал солилцож, ММСУХ-ны бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан баруун бүсийн нэр бүхий уяачдыг Монголын морин спорт, уяачдын холбооны Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.

Баруун бүсийн “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг зохион байгуулагчид буцах замдаа 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутгаар дайрч Дэлгэрийн их талд тус сумын уяачидтай уулзан, санал хүсэлтийг нь сонссон бөгөөд Манлай уяач Ц.Цэнд-Аюуш, Ч.Гансүх нар шинэ үеийн уяа заслын талаар зөвөлгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа. Дашрамд сонирхуулахад Монгол уяач, Монгол адууны их өв соёлыг он цаг тооллын 3000 он хүртэл уламжлан үлдээх утга санааг бэлгэдэн нэрлэсэн Монголын морин спорт, уяачдын холбооны “МОНГОЛ УЯАЧ-3000” аян ийнхүү баруун бүсийн зөвлөгөөнөөр өндөрлөж байгаа юм.

Эх сурвалж:www.todmagnai.mn

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакүход өөрийнхөө дэвжээг байгуулж, сумогийн дээд амжилт тогтоох боломж ирлээ

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын башёг Хакүхо М.Даваажаргал 14 давсан амжилтаар тэргүүллээ. Монголын бөх дээд зиндаанд ийнхүү 32 дахь удаагаа түрүүлж Японы их аварга Тайхогийн амжилттай зэрэгцсэн түүхэн үйл явдал боллоо. Алдарт их аварга Тайхо 43 жилийн өмнө уг амжилтыг тогтоож байсан аж. Энэ нь түүний сумогийн дэвжээнд 10 гаруй жил зодоглож байж олж авсан хүч хөдөлмөр байлаа. Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх аварга ёкозүна Хакүхо М.Даваажаргал найман жилийн дотор сумогийн дээд амжилтад хүрчихлээ. Японы мэргэжлийн сумод хамгийн их түрүүлсэн амжилтыг манай аварга эвдээд зогсохгүй хамгийн олон буюу долоон удаа дараалан түрүүлсэн, 10 удаа уналгүй түрүүлсэн, нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн, жилийн 90 барилдаанд 86 удаа түрүүлсэн гээд хэд хэдэн амжилтын рекордыг мөн л тогтоогоод байна. Энэхүү амжилтуудыг өмнө нь мөн л Монголын бөх, их аварга Асашёорюү Д.Дагвадорж эзэмшиж байсан билээ. Үнэндээ Их Наран улсын мэргэжлийн сумогийн түүхэнд Монголын бөхчүүд өөрсдийн эр бяраа тодоос тод тамгалж байна. Хакүхогийн олон амжилтын тухай Японы төдийгүй гадны хэвлэлүүд шуугиж түүнийг сумогийн “Шинэ хаан” хэмээн өргөмжлөх болжээ. Тухайлбал, “BBC” Хакүхог “Сумогийн ертөнцийн төмөр хүн” хэмээн онцолсон бол “Associated press” агентлаг “Хакүхо Тайхогийн насан дээр маш олон рекордыг шинэчилнэ” гэж бичиж байна. Тийм ээ үнэхээр дөнгөж 30 нас хүрч яваа Хакүход цаашдаа мэргэжлийн сумод олон дээд амжилт тогтоох бүрэн боломж бий. Товчхондоо түүний даваа бүр нь амжилт болно гээд хэлчихэд буруудахгүй. Гэвч түүнийг Сумогийн холбооноос аль хэдийнэ шахаад эхэлсэн гэх. Сумод хамгийн олон түрүүлсэн бөх өөрийн дэвжээг байгуулах эрхтэй болдог. Гэтэл “Японы иргэншилтэй болж дэвжээ байгуул эсвэл зодог тайл” гэсэн бололтой.

АСАШЁОРЮҮГ СУМОГООС ШАХАЖ ГАРГАСАН ШИГ ХАКҮХОГ ДАРАМТЛАХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН

Асашёорюү Д.Дагвадорж хэдхэн жилийн өмнө мэргэжлийн сумод ид хаваа гайхуулж Монголын төдийгүй Японы ард түмнийг баясгаж байлаа. Хэрвээ өнөөдөр Асашёорюү зодог тайлаагүй бол Хакүхогийн энэ амжилтад аль хэдийнэ хүрч, илүү олон амжилтын эзэн болсон байх нь яриангүй. Харин үүнийг нь япончууд таамаглаж байсан учраас сумогоос түлхэн гаргах оролдлогыг шат дараалан хийсээр санасандаа хүрсэн. Сумогоос түлхэн гаргахын тулд түүний алхам бүрийг хянаж байсан. Их аварга Асашёорюү ч зодоон цохион хийж, хэл ам дагуулан ерөнхийдөө өөрийнхөө замыг засчихсан. Тэрээр харин энэ удаагийн Хакүход тохиолдоод буй явдалд өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Асашёорюү твитер хуудсандаа “20-иос дээш түрүүлбэл ичидайтошюри буюу шууд дэвжээ байгуулах эрх өгдөг. Надад ч бас иргэншлийн асуудал ирж байсан юм. “Үгүй” гэж шууд хэлсэн” хэмээн бичжээ.

Ер нь япончууд Монголын бөхчүүдийг амжилт гаргах тутамд их эмзэг хүлээж авдаг ард түмэн. Арга ч үгүй биз. Олон зууны турш уламжлагдаж ирсэн үндэсний спортод нь гадны бөх ноёлоод ирэхээр хэн л дуртай байв гэж. Манайхан монгол туургатан хэмээн их л өмгөөлж, хамгаалдаг хэрнээ наад зах нь Тувагаас нэг бөх ирээд томоохон барилдаанд амжилт гаргахаар яаж байж яддаг билээ. Гадуурхаж, хөөж туух нь холгүй сүйд болдог улс. Сумогийн дэвжээг нэгэн хэсэг эзэгнэж явсан Асашёорюүг шахаж гарсан бол одоо Хакүхог, магадгүй дараа нь Ичиножо зэрэг шил шилээ даран гарч ирж буй Монголын сумочдод дээрх шахалт давтагдах нь тодорхой л байх болов уу.

ХАКҮХО АЛДАА ГАРГАЖ ЯПОНЧУУДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ЭХЭЛЖ ХҮРГЭВ

Хакүхо башёгийн сүүлийн өдөр Эзэн хааны цомыг хүртэхдээ эх хэлээрээ “Би Тайхо аваргынхаа захиснаар 32 удаа түрүүлж, багштайгаа эн зэрэгцлээ. Тайхо аваргын захиасыг биелүүлсэндээ баяртай байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг харууллаа” гэж хэлж монгол хүний “жудаггүй” зан гаргачихсан. Уг нь түүнийг Японы ард түмэн хүндэлдэг. Япон гэргийтэй болоод ч тэр үү Хакүход ихэд элгэмсэг ханддаг гэж ярьдаг. Хакүхогийн гаргасан энэ омголон байдал олон зуун жил дээдэлж ирсэн ёс жаягийг нь доромжилж, уландаа гишгэсэн хэмээн япончуудын үзэх ядах сэтгэлийг өдөөчихсөн бололтой. Тиймээс түүнд холбооны зүгээс дарамт үзүүлж шийдвэрээ даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах шахаанд оруулсан болохыг сумо сонирхогчид ярьж байна. Хакүхо зүгээр л өмнөх шигээ сайхан японоор мэндчилчих байлаа. Энэ бол өөрийнхөө амжилтыг өөрийнхөө гараар үгүй хийсэнтэй ялгаагүй явдал ч гэх. Тэртэй тэргүй Хакүхо М.Даваажаргалыг ийм өндөр амжилтад хүрнэ, цаашдаа олон ч удаа түүхэнд бичигдэхийг Японы их аварга Тайхо амьд сэрүүн үедээ хэлж байсан гэдэг. Бүр эмнэлэгт хэвтэж байхдаа Хакүхог зориуд дуудаж ирээд “Чи миний амжилтыг эвдэх нь тодорхой. Сумогийн ноён оргилд гараарай, хүү минь” гэж захисан тухай аварга нэг бус удаа ярьж байсан. Түүний хүндэлж, хайрлаж явдаг аваргуудын нэг учраас амжилттай нь эн зэрэгцэхдээ “Тайхо аварга намайг тэнгэрээс харж байгаа” гээд Хакүхо мэхийн ёсолж, нулимс унагасан нь ч учиртай. Харин одоо Хакүхо М.Даваажаргал хэрхэн сонголт хийх нь чухал үлдлээ.

ХАКҮХО ИРГЭНШЛЭЭ СОЛИХ УУ, ЭСВЭЛ…

Японы мэргэжлийн сумог сонирхолтой болгож буй том хүчин зүйл бол гадаадын бөхчүүд. Гэсэн хэдий ч олон даваад амжилт үзүүлээд ирэхээр яалт ч үгүй иргэншлийн тухай асуудал сөхөгдөх нь тодорхой хэрэг. Тухайн бөхийг өөрийн орны иргэншилтэй болгож хамаг амжилтыг улсынхаа нэр дээр авч үлдэх гэж япончууд мэрийж байна. Харин Хакүхо ямар шийдвэр гаргахыг Монголын ард түмэн гэлтгүй дэлхий нийт хүлээж байна. Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн есдүгээр сарын башёд түрүүлчихээд эх орондоо ирэх зуур хэвлэлийнхэнд өнөөдрийн сонголттой удахгүй тулгарна гэдгээ ярьж байсан. Ёкозүна М.Даваажаргал нэгэн хэвлэлд “Эрт, орой хэзээ нэгэн цагт намайг зодог тайлах болоход япончууд зүгээр л Монгол руу хариулчихгүй байх. Ямар нэгэн байдлаар авч үлдэхийг л хүснэ. Зөвхөн Сүмогийн холбоо ч биш, намайг дагадаг дэвжээний бөхчүүд, сүмог шимтэн үздэг мянга мянган хүн үүнийг хүсч байгаа. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн юм гэж боддог. Энэ сайхан Монгол орныхоо хүү нь болж төрөөд, Их Наран улсад сүмогийн ач тусаар амжилттай явж байгаадаа хязгааргүй баярладаг. Тиймээс энэ боломжоо ашиглаад Япон, Монгол хоёр улсын хооронд өөрийнхөө чадах зүйлээр гүүр болъё л гэж боддог. Тэр нь сумо. Сумог надаас салгахын аргагүй. Тиймээс сүмогоороо багшилдаг байна уу, ямар ч гэсэн энэ спортдоо хүчин зүтгэнэ” гэснээс харахад тэр аль хэдийнэ шийдвэрээ гаргачихсан гэж хэлмээр. Тэгвэл яг үүнтэй адилхан таамаглалыг Асашёорюү аварга цахим хуудсандаа бичсэн байв. “Гадны бөх дэвжээ өвлөж, худалдаж авах эрх байхгүй. Удирдах зөвлөлийн сонгуульд ч оролцох эрх байхгүй. Хакухо намайг бодвол хэт их үндсэрхэг биш. Зөөлөн талдаа, арай өөр сэтгэлгээтэй хүн. Гайгүй байх. Ер нь Хакүхо дэвжээ нээсэн нь дээр байх. Магадгүй сумогийн холбооны ирээдүйн бодлого тодорхойлогч болж магад” гэж түүнд зөвлөгөө өгсөн байх юм. Хэрвээ дэвжээ байгуулах сонголт хийвэл өөрт нь л хэрэгтэй. Иргэншлээ сольсон ч түүний судсаар Монгол цус урсаж л байна шүү дээ. Харин ч Монголын хүү Японы дэвжээнд илүү олон амжилт гаргаж ирээдүйд сумод хөл тавих монгол залуусын түүчээг таслахгүй байх нь чухал. Үүнийг л Монголын ард түмэн хүсч байгаа. Ер нь тэгээд ч ёкозүна цолтой бөх жилдээ гурван тэрбум орчим төгрөгийн цалинтай гэсэн. Нөр их хөдөлмөр гаргаж олдог энэ мөнгийг зодог тайлаад эх орондоо ирэхэд хэн ч түүнд өгөхгүй шүү дээ. Тэгээд ч Сумогийн холбооны дүрэмд л “Гадаад бөх Японы иргэншилтэй болж байж сүмогийн холбоонд үлдэнэ” гэсэн байдгаас биш Япон улсын хууль дүрэм биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь Японд арван жил амьдрахаар байнга оршин суух эрх олгодог. Мөн дээрээс нь 20 жилийн турш, эсвэл дээд зиндаанд 60 башё барилдсан тохиолдолд заавал иргэншил солихгүйгээр Сумогийн холбоонд үлдэж болно гэдгийг ч бөхчүүд хэлж байсан. Гэхдээ өмнө нь Хакухо хэзээ ч “Японы иргэншилтэй болохгүй. Аав ч зөвшөөрөхгүй” гэж ярьсан удаатай.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ спорт

Даамчид “US Open 2014”-т оролцож байна

АНУ-ын Флорида мужийн Санни-Айлс-Бич хотноо зуун буудалт даамын “US Open 2014” тэмцээн үргэлжилж байна. Тус нээлттэй тэмцээнд Доминакан, Мали, Монгол, АНУ, ОХУ, Суринам, Гайти зэрэг долоон орны 22 даамчин өрсөлдөж байгаагийн дотор манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, Монгол Улсын зургаан удаагийн аварга ОУИМ Ганбаатарын Ганжаргал, 2000 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, улсын долоон удаагийн аварга ДДХМ Насанбаярын Мөнхтуяа нар ухаанаа уралдуулж байна.

Одоогоор швейцарь системээр долоон өрөг тоглосноос Г.Ганжаргал 9 оноогоор (хоёр хожиж, тав тэнцсэн) гуравдугаар, Н.Мөнхтуяа 7 оноогоор (гурав хожиж, нэг тэнцэн, гурав хожигдсон) аравдугаар байрт явна. Тэмцээний төгсгөлийн наймдугаар тавилд Г.Ганжаргал Эдди Азимулла (Суринам)-тай, Н.Мөнхтуяа Руди Азимулла (Суринам)-тай тус тус оноолт таарчээ.

Тэмцээн ирэх ням гариг буюу энэ сарын 30-ны өдөр өндөрлөх юм. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал 92,6 хувийн саналаар дэмжигдсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үүний дараа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 3 гишүүн 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай тогтоолын төсөл, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл болон Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Одоо эдгээр хуулиудыг байнгын хорооны хурлаар хэлэлцэж анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлдэх юм.

Categories
мэдээ спорт

Эхний өдөр хоёр хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өчигдөр БНСУ-ын Чэжү хотноо эхэллээ. Тус тэмцээнд 42 орны 276 жүдоч (эрэгтэй 152, эмэгтэй 124) оролцож байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр(11.27) эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор эрэгтэй 11, эмэгтэй 5 жүдоч хүч үзэхээр Чэжүг зорьсон юм.

Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон V байрт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Батгэрэл VII байр эзэллээ.

Эхний өдрийн дараах байдлаар 12 орноос ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Франц 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон (1+2+0), БНСУ (1+1+1) улсууд удаалж байна. Манай улс хоёр хүрэл (V, VII) хүртсэн амжилтаар VII байрт бичигдэж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болно.

Өнөөдөр манай таван жүдоч зодоглох юм.

Эрэгтэй:

73 кг:

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар

ОУХМ Г.Одбаяр

81 кг:

Н.Дагвасүрэн

Эмэгтэй:

63 кг:

ОУХМ Б.Мөнгөнчимэг

ОУХМ Ц.Цэрэнчимэд нар тус тус зодоглох юм.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 09.00 цагт эхлээд байна. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Болд өвөөгийнхөө 95 насны ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулжээ

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ардын Жүжигчин,Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Гомбодоржын Жамъян агсны 95 насны ой тохиосон байна. Тэгвэл энэ хүрээнд Г.Жамъян агсаны ач, Төрийн соёрхолт дуучин Д.Болд өвөөгийнхөө 95 насны хүндэтгэлийн тоглолтыг Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулжээ.

Тоглолтод МУДБЭТеатрын симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин Хуурын чуулга, МУСУИС, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим Бүжгийн коллеж, Арга билэг хамтлаг, Улаанбаатар чуулга, Никитон, Kамертон зэрэг хамтлаг дуучид хамтлаг оролцсон байна.


Ах Дүү нартайгаа..


Д.Болд гэргийн хамтаар


Өвөөгийн 95 насны ойн хүндэтгэлийн тоглолт сайхан болж байна. Хайрт хамтлагтайгаа тайзны ард.


Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Дулмаа танаар бахархаж явдаг билээ. Өвөөгийн 95 насны ойн тоглолтын тайзны ард.


Миний өвөөгийн хайртай шавь нарын нэг монголын алдарт хуурч Ардын Жүжигчин Ч.Батсайхан ахтай тайзны ард

Categories
мэдээ нийгэм

102 зочид буудал зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын дагуу стандартын шаардлага хангасан зочид буудал, дэн буудлуудад зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй зочид буудал, дэн буудлуудад үйлчилгээгээ сайжруулах зөвлөмж, шаардах хуудас өгчээ. Гэвч зөвлөмж, шаардлагыг үл тоож ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын энгийн нөхцөлийг бүрдүүлээгүй тул 99 зочид буудал, дэн буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байна. Эдгээр газрууд нь орчин, нөхцөлөө сайжруулаагүйгээс гадна насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зэрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан юм.

Тиймээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудад авах арга хэмжээний тухай” захирамж гаргаж, үүний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад энэ оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хангамж үйлчилгээ /цахилгаан, дулаан, ус, хог тээвэрлэлт/ үзүүлэхгүй байхыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл аваагүй 102 зочид буудал, дэн буудлын судалгаа ирүүснээс 7 дүүргийн 18 зочид буудал, 63 дэн буудал буюу

• Баянгол дүүргийн-17,
• Баянзүрх дүүргийн -16,
• Хан-Уул дүүргийн -1,
• Сонгинохайрхан дүүргийн -16,
• Сүхбаатар дүүргийн -14,
• Чингэлтэй дүүргийн-15,
• Налайх дүүргийн -2 нийт 81 газар буюу 79.4% нь шалгалтад хамрагджээ.

Шалгалтанд хамрагдсан газруудын 10 нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зөвшөөрөлтэй, 7 нь засвартай, 8 нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн байв.

Мөн Баянзүрх дүүргийн “Браво” ХХК-ийн “Болор”, “Намуун талст” ХХК-ийн 6:45, “Эгэлмон” ХХК-ийн “Сэлэнгэ”, “Эм Жи Юу” ХХК-ийн “MJ”, “Санни” ХХК-ийн “Санни” зэрэг 5 дэн буудал нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож засварт орсон байна.

Шалгалтын явцад 199 зөрчил илрүүлэн 46-г нь газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг үндэслэн 16 газарт 89 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

Цаашид зочид буудал болон дэн буудлуудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс дүүрэг тус бүр нутаг дэвсгэртээ зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад олон нийтийн хяналтыг бий болгох, зөвшөөрөлгүйгээр, хууль дүрэм, журам зөрчин ажиллаж буй газруудын талаар тухай бүрд нь холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.