Categories
гадаад мэдээ

ДЭМБ: “Эбола”-г эмчлэх эмнэлгийн ажилтан хүрэлцэхгүй байна

Өнөөдрийн байдлаар, “Эбола” вирусийн халдвараар нас барсан нийт хүний тоо 4818 болж, 13042 хүн халдвар авсан байна. “Эбола” вирусийн халдварт илүү их өртөөд байгаа Баруун Африкийн гурван орон Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад уг вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн ажилтан хангалттай хүрэлцэхгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Гвинейд “Эбола”-гийн эмчилгээний төвүүдэд дор хаяж таван баг шаардлагатай байгаа боловч одоогийн байдлаар гадаадын эмч нарын хоёр баг ажиллаж байгаа аж. “Либерид гадаадын гурван баг ажиллаж буй бөгөөд нэмж 13 баг шаардлагатай, харин Сьерра-Леонд таван баг ажиллаж буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Найман гишүүн намдаа үлдэнэ

Төрийн ордонд хоёр өдөр хаалттай хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр 01:00 цагийн үед өндөрлөсөн юм. Хоёр өдөр үргэлжилсэн уг хурлаар АН-ын даргыг өөрчлөх тухай, Засгийн газрын эсрэг санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаас хасах тухай Хяналтын зөвлөлийн тогтоолыг хэлэлцэх, Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.

АН-ын даргыг өөрчлөх асуудлыг энэ удаад хэлэлцээгүй бөгөөд Ерөнхий сайдын асуудлыг АН-ын дарга, АН-ын бүлэгт даалгаж, ирэх долоо хоногт энэ асуудлаар ҮЗХ-г дахин хуралдуулж, хэлэлцэхээр болсон байна. Мөн Ардчилсан намын Их хурлыг нэг сарын дараа хуралдуулахаар товложээ.

Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар эсрэг санал өгсөн найман гишүүнийг хөөх тухай Хяналтын зөвлөлийн тогтоолыг дүрмийн бус гэж үзэн ҮЗХ-ны гишүүдийн олонхи дэмжихгүй хэмээн санал өгсөн байна. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн найман гишүүн Ардчилсан намдаа үлдэхээр болжээ.

Түүнчлэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн “Хамтран ажиллах гэрээ” хүчин төгөлдөр бус гэж тооцсон ажээ.

ҮЗХ-ны хурлын тогтоол:

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Эрхүүгийн их сургуулиар овоглосон хуульчид

Төгсөлтийнхөө 25 жилийн ойн баяраар сургуулийнхаа үүдэнд

Монгол Улс дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх гараагаа ОХУ-ын Эрхүүгийн их сургуулиас эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш Монголын үе үеийн залуусын оюутан ахуй цагийн дурсамж Эрхүүтэй холбогддог. Өнөө ч эл сэжим тасраагүй. Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд тохиож байгаа энэ мөчидОросын шинжлэх ухаан, соёлын төвөөс Эрхүүд төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. Тэдний дундаас нэгэн ангийг сонгож, дурсамжийнх нь “хуудсыг” сөхлөө.Эрхүүд оюутан явсан хэн бүхэн тэднээр бахархдаг, өдгөө ч үлгэр дуурайллаа болгоцгоодог гэнэ.Тухайн үед тэднийг сургуулиа төгсөөд нутаг буцахад нь декан Л.П.Шаулина “Эрхүүгийн их сургуулийн түүхэнд ойрын арван жил танайх шиг ийм мундаг анги гарахгүй байх аа” хэмээн хэлж байсан удаатай.Монгол оюутнуудын нэр нүүр болж, орос багш нарт үнэлэгдэж явснаараа бахархдагаа тэд дурслаа. Энэ бол 1984-1989 онд Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөн нэг ангийнхан билээ. Эрхүүгийн их сургуулиар овоглосон хуульчид юм. “Эрхүү гэдэг нэрийг сонсохоорцэл залуу насны минь гэгээн дурсамжууд тодорч,амьдралын турш анд нөхөд болж яваа ангийнхан минь төсөөлөгддөг юм. Аравдугаар ангиа төгсөөд улаан шугамд багтаж, харь нутагт сурах “тийз” авсан бидний 23 хүүхэдЭрхүүд очиж байлаа. Баруун хязгаарын Увс болон Булган, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь гээд хот, хөдөөгөөс цугласан 18-тууд алс хол хүний нутагт эрдэм сурахаар зорьсон юм.

Эрхүүд хэлний бэлтгэлээ дүүргэчихээд байсан арван хүн бидэн дээрнэмэгдсэн л дээ.Манай ангийнхны33-уулаа болсон түүх ийм” хэмээн хуучлах нэгэн бол Г.Мөнхчимэг. Тэрээр мөрдөн байцаагчаар 20 гаруй жил ажилласан туршлагатай. Сүүлд 2004 онд ОХУ-д бэлтгэгдсэн Монголын анхны полиграфич эмэгтэй. Улсын мөрдөн байцаах газар хvний үнэн худал ярьж байгаа үгүйгполиграф гэдэг аппаратаар тодорхойлдог болсон нь түүний Москвад суралцаад ирсэн цагаас эхтэй. Полиграфийн аппаратыг хүн амины хэрэг илрүүлэхэд ашиглана,цагдаагийн бие бүрэлдэхүүн албандаа хэр үнэнч ажиллаж байгааг шалгана. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхнөхцөлд ч энэ аргыг хэрэглэдэг тухай Г.Мөнхчимэг ярьж байлаа. Тэрээр өдгөө мөрдөн байцаагчийн ажлаас завсарлаж, Газрын тосны газарт ажиллаж байгаа юм байна. Тэр бол энэ ангийн бахархлуудын нэг нь яах аргагүй мөн.

Эрхүүгийн хуулийн ангид орно гэдэг баргийн хүүгийн чаддаг ажил биш байсан гэлцдэг. Аймаг болгонд нэг л хуваарь очно. Гадаадад сурна гэдэг улаан шугамд багтсан, онц сурлагатнуудад олддогболомжбайв. Энэ л жишгээр 1984 оны тэр намар шилдгүүдийг цуглуулсан нэг анги нь эднийх байжээ. Тэд хичээл эхэлсэн цагаас л сургуульдаа манлайлагчид байж. Анхандаа хэлний бэрхшээл тулгарч байсан. Шууд л оросоор дужигнуулах багш нарын лекцийг гүйцэхгүйгээс эхлээд асуудал ундарсан байна. Гэвч орос сургууль төгссөн Б.Ундрах, Д.Нарантуяа хоёрын ачаархоцорсон лекцээ нөхөж авцгаана. Хожмоо хэн нь ч хэнээсээ ялгагдахааргүй жигд сайн суралцаж,ана мана өрсөлддөг болсон байна. Ангийн онц сурлагатан Б.Ундрах өдгөө Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн. Тэр хэзээний л гавал. Дөрвөн улирал дараалан онц сурч 120 рублийн степент авдаг оюутнуудын манлай.

Д.Нарантуяа ч ялгаагүй. Түүнийг ангийнхан нь “Энэ хорвоод мэндлэхдээ дарга байх заяанд төрсөн” хэмээн ярьцгаана. Учир нь тэрээр ангидаа байсан таван эвлэлийн даргын нэг. Сурагч байхдаа ч ангийн дарга, сургуулиа дүүргээд ажилд орохдоо ч дарга болсон хувь заяатай нэгэн хэмээн ангийн нөхөд нь хошигноно.Гэхдээ Д.Нарантуяа үнэхээр манлайлагч оюутан байсан гэдэг. Гитар тоглоод л “Журавли”-г ганган дуулна. Дуунд нь уярч, түүнд дурласан орос залуус олон.Одоо хэр нь Д.Нарантуяаг асууж, сураглацгаадаг гэнэ лээ. Ангийнхны “эгч” хэмээн авгайлдаг Б.Дэнсмаа мөн л онц сурлагатнуудын нэг.Одоо Дорнод аймагтдавах шатны шүүгчээр ажиллаж байгаа юм байна.Тэрээр ангийнхнаасаа насаар эгч байж шалихгүй. Гэхдээ нөхдийнхөө хувьд ээж нь л гэсэн үг. Өвдөж шаналсан нэгнээ асарч, тойлж, асуудлыг нь шийдэж өгдөг ажил хэзээнийДэнсмаагийн үүрэг мэтбайж. Тиймээс ангийнхан нь түүнийг “эгч” хэмээн хүндэлдэг юм байна. Ангийн дарга нь Болдбаатар. Гэвч тэрээр хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзжээ. Мөн л унаган орос хэлтэй, ангийн урдаа барьдаг оюутнуудын нэг байж.

Харин ангийнхныгаа нэг хүн шиг зангидаж, нийгмийн бүх ажлыг нь зохион байгуулж явдаг нь З.Алтангэрэл. Тэр бол энэ ангиас төрсөн өмгөөлөгчдийн нэг. Одоо ч түүний ажлын хуваарь хэвээрээ, ангийн нөхдөө цуглуулж, ажил зохион байгуулна. Оюутан насны дурсамж, ангийн хүүхдүүдийн онигоо, хөгжилтэй явдлуудыг ч он дарааллаар нь санадаг ой ухаантан гэнэ.Д.Цэндсүрэн ч ангийн манлайлагчдын нэг.Эвлэлийн үүрийн дарга. Дунд сургуулийн найзууд энэ ангид орж ирсэн нь Д.Саранцэцэг, Г.Тунгалаг нар. Сайхан ч дуулна, шүлэг уншина.

Ингээд дурдаад байвал энэ ангид бахархал болсон оюутан их. Уран гимнастикийн мастер, шатрын дэд мастер, хөнгөн атлетикийн тамирчнаас эхлээд авьяастан олонтой. Сургуулийн урлагийн үзлэгийг шуугиулна.Спортын тэмцээн уралдааныг тэд л өнгөлнө.Ямар сайндаа сургуульд анх очсон жилийнхээ урлагийн үзлэгийн эхний гурван байрыг бүгдийг нь хамж, орос оюутнуудыг ангайлгаж байхав. Охидын дөрвөл хамтлаг гаргаж,ардын язгуур урлагийн тоглолт үзүүлж,үлгэрийн баатруудыг “амилуулснаар” шагналын хамаг бялууг нь хамж байсан түүхтэй. Хуулийн сургуулиас гаргасан найрал дууны багийг энэ ангийнхан л бүрдүүлнэ.

Энэ тухай хожим Л.П.Шаулина багш нь “Та нарын дуул­сан дуу одоо хэр нь миний чихэнд хоногшин үлджээ” хэмээн нулимс унаган дурсан ярьдаг гэнэ. Энэ ангийнхан сурлагаараа ч ярих юмгүй. Эрхүүгийн хуулийн факультетад цойлдог байв. Олон нийтийн арга хэмжээнд бусдаас идэвхтэй оролцоно. Хичээл заадаг багш нар нь ч Эрхүүгийн их сургуулийн мундгууд. Л.А.Корчагина, Н.А.Пьянов,А.И.Хаснутдинов, В.В.Онохова, В.С.Абраменкова, О.П.Личичан, С.С.Акманов, О.А.Парягина, Г.А.Фоменко,В.А.Семеусов гээд л олон арван эрдэмтэн багшаа тэд бахархлын дээд гэж хүндэтгэнэ. “Биднийгхуульч хэмээх нэр төртэй мэргэжилд сургаж хүмүүжүүлсэн гавьяат хүмүүсээ бид мартаж болохгүй” хэмээн ярина.

“За тэгээд Эрхүүд оюутан байна гэдэг тэр чигээрээ адал явдал. Эрхүүгийн хаврыг дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жавар тачигнам хүйтэн ч гэлээ үзэсгэл энтэй тэр өвлийг нь мартахын аргагүй. Хичээлдээ ч хамт, байрандаа ч цуг, төмсөө шарж, хар талхаа идэж нэг хамт олон болж явсан тэр он жилүүдийн дурсамж хэзээ ч балрахгүй” гэж тэд хуучилна.Орос оюутнуудтай ахан дүүс мэт нөхөрлөж, баяр бүрийг хамтдаа тэмдэглэж явсан гэгээн дурсамжуудаа нэхэн санах ажээ. Хуулийн ангид сурч байсан тэр жилийн төгсөлтийнхөн цөм нэг анги. Тийм учраас орос, монгол гэлтгүй ойр дотно нөхөрлөцгөөсөн байна.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан 1980-аад оны сүүлчээр монгол оюутнууд ганзагын наймаанд хааяа явна. Олсон мөнгөөрөөхаалттай хот Ангарскаас гангарааны хувцас авч самбаачилна. Тэр л жишгээр явсан оюутнуудын тоонд ордог байлаа. Ангийнх нь хөвгүүдийн зарим нь тарваганы арьс зөөж сэргэлэнд тооцогддог байсан тухай дурсамж бий.

Ямартай ч оюутан насаа үдсэнээс хойш олон жил өнгөрчээ. Гэсэн ч тэд өнөө хэр салаагүй. Өөр хоорондоо холбоотой. Байнга уулзаж, жил бүр шинэ жилээ тэмдэглэнэ. Жилийн өмнө хоёр багшаа Монголдавчирж амраасан байна. Эрхүүгийн хуулийн сургуульд сурч байсан оюутнууд багш нараа ирснийг дуулаад анги ангиараа цугларч, баяр хөөр болцгоож.Энэ бүхнийг эдний ангийнхан зохион байгуулжээ. Тэд төгсөлтийнхөө 25 жилийн ойгоор төрөлх сургуулиа зориод ирснээ ч олзуурхан ярина. 20-иод жилийн дарааЭрхүүгийн их сургуулийн “Уланбаторская” гудамжин дахь оюутны байрандаа очиход нь эрдэмтэн багш нар угтаж, инээд хөөрөөр бялхжээ.

Яг л олон жил очоогүй нутагтаа харьсан мэт, ахан дүүстэйгээ учран золгосонтой адил сэтгэл хангалуун байснаа дурсацгаав. Төрөлх сургуулиа зориод очих үед нь А.И.Хаснутдинов багш нь ОХУ-ын Хууль зүйн яамны харьяа Эрх зүйн академийн Хууль зүйн салбар дээд сургуулийн захирал болсон байлаа. Харин орлогч захирлаар нь В.В.Онохова, хүмүүжил эрхэлсэн захирлаар нь Л.А.Корчагина багш нь болсон байжээ. Удаан уулзаагүй орос найз нар нь “Хаана явна, та нарыг тосч авахаар ресторан бэлтчихээд байна” гэж утасдаад л , одоо манайхаар зочилно шүү гэдэг захиалгад дарагдаад л дэндүү сайхан өдрүүдийг өнгөрүүлжээ.

“Ленинградын их сургуулийг дөнгөж төгсөж ирээд орос хэл зааж байсан О.В.Сокольникова багш маань Дэнсмаа, Цэндсүрэн нарыг нэгдүгээр курст байхад нь хамтавахуулсан зургаа бариад ирчихсэн.Яг тэр үед нь манай Г.Батмөнх дуугаа дууллаа.Гэтэл Лена тэндээс “Хөөе Батмөнх өө чи ээжийн тухай Милая мама, как я тебя люблю гэдэг дуугаа дуулаач” гэж захиалаад л сайхан байсан” хэмээн хөөрөлдөнө. Олон арван өмгөөлөгч, шүүгч төрсөн энэ ангийнхан өнөөдөр онгоцноос буух Костя Якубовичбагшаа тосохоорхөл хөөрцөг болонявцгаав.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Азийн загварын шилдэг гэрэл зурагчин БАТСАЙХАН

Хятадын Чонкин хотноо “Fashion Asia” наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслол болж өнгөрлөө. Тус наадмаас Монголын гэрэл зурагчин Ж.Батсайхан “Шилдэг загварын гэрэл зурагчин” номинацид нэр дэвшиж, шилдгээр шалгарсан байна. Энэхүү наадам нь Азийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй наадам гэгддэг бөгөөд нэг номинацид олон мянган хүн өрсөлддөг аж. Ийм л өрсөлдөөн дундаас манай зурагчин цойлж гарч ирсэн нь монголчуудыг төдийгүй Азийн орнуудын мэргэжилтнүүдийг гайхшруулсан явдал боллоо. “Fashion Asia” наадам 13 төрлөөр шилдгээ шалгаруулсан бөгөөд энэ жил манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон зургаан оролцогч шилдэг тавд үлдээд байсан юм. Гэрэл зурагчин Ж.Батсайханаас гадна стилист Б.Золжаргал, дизайнер Ч.Янжиндулам, загвар өмсөгч О.Амгаланбаатар, хөтлөгч Х.Болорбат, дуучин Ч.Уранхолбоо буюу Ану нар финалд шалгарсан байжээ. Эдгээр номинациудын хувьд бүгд загварлаг гэсэн тодотголтой юм. Загварын салбарт тивдээ хэн нь шилдэг вэ гэсэн наадам учраас тэр.

Хорвоо ертөнц дэх үйл явдал хийгээд өөрийн үзэл бодлыг камерынхаа тусламжтайгаар бусадтай хуваалцдаг хүмүүс бол гэрэл зурагчин. Зүгээр нэг кадр үрээд болчихдог юм биш. Хальсанд юуг, хэрхэн, яаж өнгө будаг, гэрэл, сүүдрийг нь тааруулж өөрийн санаагаа дүрслэдэг нь мэргэжлийн гэрэл зурагчдын онцлог. Тэгвэл Азийн шилдэг гэрэл зурагчнаар шалгарсан Ж.Батсайханы хувьд хүний нүцгэн биеийн гоо сайхныг урлаг талаас нь харуулахыг зорьдог өвөрмөц шийдэлтэй зурагчин гэнэ. Тэрээр 1988 онд төрсөн бөгөөд эцэг, эх нь урлагийн салбарын мундаг жүжигчид. Түүний аав “Хасар” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Жаргалсайхан бол ээж нь гавьяат жүжигчин Урнаа юм. Урлагийн салбарт тэд өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зайтай чадварлаг жүжигчид. Тэгвэл хүү нь мөн л гэрэл зургийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө дүрслэл, илэрхийлэлтэй яваа уран бүтээлч болжээ. Батсайханыг “Big Bro Baagii” гэсэн автороор нь мэргэжил нэгт нөхөд нь төдийгүй, уран бүтээлийг нь сонирхогчид андахгүй аж. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь “Манай Баагий их даруухан. Дотогшоо хүн. Гэхдээ сүүлийн үед уран бүтээлээс нь их задарч, нээгдэж байгаа нь илт байгаа. Үнэхээр сайн зурагчин” гэв.

Тэрээр гэрэл зургаар амьсгалж, амьдарч яваа нэгэн. Гурван жилийн өмнө багийн андууд болох Б.Соронзонболд, М.Бат-Очир, Б.Болдбаатар нартай хамтарч “IC CREATIVE DIVISION” студиэ байгуулсан байна. Хүүхэд байхын л гэрэл зураг сонирхдог байсан гэнэ. Студиэ байгуулахаас өмнө урд хөршид хуримын гэрэл зургийн студид ажиллаж багагүй туршлага хуримтлуулжээ. Одоо түүний студиэр “Гоёо”, “Cosmo”, “MCS”, “Таванбогд” зэрэг Монголын томоохон байгууллагууд реклам, сурталчилгааныхаа зураг авалтыг гүйцэтгүүлдэг болсон байна. Ихэнхдээ манай урдаа барьдаг загварын агентлагууд, моделиудын зургийг авдаг гэсэн үг. Студийн залуусын гол зорилго нь гэрэл зургийн энтертаймент чиглэлийг гадны улс орнуудын дайтай хөгжүүлж, гадагш таниулахад оршдог байна. Ж.Батсайхан 2013 оны “Шилдэг гэрэл зурагчин”-аар тодорч байснаас гадна олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байжээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

”Дистрибьютер Монгол-2014” үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусна

“Дистрибьютер Монгол-2014” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өчигдөр эхэллээ. Цахилгаан бараа, техник, тоног төхөөрөмж, гоо сайхан, бэлэн хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн зэргийг Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд баталгаатай, найдвартайгаар иргэдийн гарт чингэлгээс нь шууд нийлүүлдэг гэдгээрээ онцлог. Үзэсгэлэн худалдаа эхлэхээс өмнө “Мишээл экспо” төвийн үүдэнд иргэд олноороо цугласан байснаас харвал жил бүрийн өдийд тус худалдаа уламжлал болон зохион байгуулагдаад заншчихсан учраас худалдан авагчид ч чих тавин хүлээдэг болсон нь илт байлаа.

Өвлийн улирал хаяанд ирсэн учраас Оросын ноосон малгай, Польшийн нэхий дээл зэргийг иргэд ихээр сонирхож байлаа. Польш нэхий дээл дунджаар нэг сая төгрөг бол ноосон малгай өнгө загвараасаа шалтгаалаад 30-аас 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Өнгө, загварын өргөн сонголттой байсанд хүүхнүүд “Энийг нь ч авдаг юм уу, эсвэл тэр бор нь ч зүгээр юм уу, урт болохоор нэлмэгэр харагдаж байна уу, богино загвартай нь хэтэрхий оодойчих юм болов уу” гэх зэргээр сонголтондоо эргэлзсэн хүүхнүүд толины өмнө эргэлдэнэ. Хужаа бараа гэхээрээ л хямдхан, чанар муутай гэх ойлголт аль хэдийн арилжээ. Иргэд ч аль болох чанартай бас боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэх болж. Тийм ч учраас өмнөд хөршийн “Toread”, “Antа” брэндийн өвлийн куртка, чөлөөт болон спорт загварын өвлийн дотортой өмд цамцнууд эрэлт ихтэй байлаа. Дээр нь хавар намрын зарим бараагаа тал үнээр нь борлуулсан юм. Ихэнх худалдан авагчид “Би “Toread”-ийн яг ийм материалтай өвлийн дотортой өмдийг өнгөрсөн жил худалдаж авсан юм. Дулаахан бас чанартай. Хүйтэн сэрүүний улиралд хөдөө гадаа удаан хугацаагаар явдаг над шиг хүнд ийм сэлгээний өмдтэй байхад илүүдэхгүй болов уу гэж бодоод л дахиад хоёр өмд авдаг юм билүү”, ” Antа брэндийн пүүз чийг татахгүй, бас хөнгөн. Би хоёр жил хөлдөө чирээд лав элээсэнгүй. Тэгээд ч боломжийн үнэтэй. Өнөөдөр (өчигдөр) хавар намрын пүүзээ тал үнээр нь борлуулж байгаа гэж дуулаад дахиад нэгийг авдаг юм билүү” хэмээн өөр хоорондоо ярилцаж байлаа. Солонгосын “Nain girl” брэндийн бэлэн хувцас нь дунджаар 70-аас 200 мянган төгрөгийн үнэтэйгээс гадна хээнцэр, дэгжин загвартай учраас охидын анхаарлыг эрхгүй татаж байлаа.

Хөлд эвтэйхэн, эдэлгээ даах чанартай гэдгээрээ “Ecco”, “Tomaris” брэндийн өвлийн гутал худалдан авагч ихтэй харагдав. Үйлчлүүлэгч нар нь “Түрүү жилийн хагас түрийтэй, шөвгөр хоншоортой, чөлөөт загварын “Tomaris”-ийн эмэгтэй өвлийн гуталнаас чинь бий юу”, “Манай хүүхдүүд ихэр. Саяхан ахад нь дагуулж яваад “Метромалл” дэлгүүр дэх “Ecco”-ийн салбараас гутал аваад өгчихсөн чинь дүү нь яг ижилхэнг авахуулна гэнэ ээ. Илгэндүү материалтай, хүүхдийн гуталнаас чинь 20 размер бий юу” гэсээр орж ирцгээж байлаа. “Ecco” брэнд өвлийн гутал өнгө загвараасаа хамаараад 250-аас 700 мянган төгрөг бол “Tomaris” 300-аас 800 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. “Ecco” брэндийн гутал худалдан авсан иргэд тус брэндийн дагалдах гутал арчилгааны тос, өнгөлөгч, алчуур зэргийг мөн авч харагдлаа. Тэд “Нэгэнт л чамгүй үнээр худалдаж авч байгаа учраас муу тосоор тослоод түлчихвэл, ширүүн үстэй сойтгоор үрээд өнгө алдуулчихвал хайран шүү дээ. Болж өгвөл дагалдах тос, өнгөлөгчийг нь авчихвал гуталны эдэлгээг уртасгадаг юм билээ” гэцгээж байлаа.

Америкт сурч, амьдардаг Ариун загварыг нь гаргаж, хилийн чанадад захиалгаар хийлгүүлсэн өөрийн “Ariuns” брэндийн урт түрийтэй гутлаа дэлгэн тавьжээ. Эмэгтэйчүүдэд зориулсан энэ гуталнууд нь бүгд цайвар шаргал өнгэтэйгөөс гадна намхан ултай бөгөөд зарим хэсэгтээ бор хилэн оруулга шигтгэж өгсөн нь бусад брэндүүдээс ялгарах онцлог нь болж байв. Мөн монгол эмэгтэйчүүдийн биеийн онцлог, эрүүл мэнд талаас нь сайтар бодолцож хийсэн болохыг борлуулагч эмэгтэй онцолж байлаа. “Ariuns” брэндийн урт түрийтэй элгэн гутлыг зөвхөн Монгол гэлтгүй Европын олон оронд нийлүүлдэг ажээ. Америкт захиалгаар хийлгүүлж, тэр холоос тээвэрлэж ирдэг ч 250 мянган төгрөгийн үнэтэй.

Тайвань улсад үйлдвэрлэсэн “Com-Pro” үйлдвэрийн зургаагаас 18 насны сурагчдад зориулсан эргономик ширээ, сандал олны анхаарлыг татаж байлаа. Эргономик ширээг хүүхдийн биеийн онцлогт тохируулан тавцангийн өндөр, налуу, өргөнийг тохируулж болдгоороо давуу. Өөрөөр хэлбэл та хүүхдэдээ сургуульд ороход нь буюу зургаан настайд нь эргономик ширээ худалдаад аваад өгчихсөн байхад 12 дугаар ангиа төгсөн төгөстлөө хэрэглэнэ гэсэн үг. Сандал ширээний хөл, тулгуур зэргийг ган төмрөөр, тавцанг модоор хийж, дээр нь үхрийн арьсаар өнгөлсөн учраас эдэлгээ даана гэдгийг борлуулагч эмэгтэй онцолж байлаа. Эргономик сандал 550-аас 900 мянган бол ширээ нь нэг сая 500 мянгаас хоёр сая 400 мянган төгрөгийн үнэтэй.

Өвлийн улирал хаяанд ирсэн тул ангийн хорхойтой эрчүүд Америкийн “Celestron” брэндийн одон орон болон энгийн зориулалт бүхий дуранг ихээр сонирхож харагдлаа. Одон орны дуранг зориулалтаар нь сар, од эрхсийн, галактикийн гэж хоёр ангилна. Галактикийн дуран нь сар, од эрхсийг хардаг дуранг бодвол бүдүүн бас урт. Үнийн хувьд ч ялгаатай. Галактикийн дуран нь 550 мянга бол нөгөөх нь 350 мянган төгрөг. Харин ангийн зориулалттай дуран нь хүчин чадлаасаа хамаараад 80 мянгаас нэг сая 500 мянган төгрөгөөр зарагдаж байсан юм.

Солонгосын “Aquapick” брэндийн амны хөндийн арчилгааны цогц бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд хүүхдүүддээ худалдан авч өгөхөөр ихээхэн сонирхож байлаа. Энэхүү бүтээгдэхүүн нь сойз бус сойз хэлбэрийн нам даралтаар шахагдан нарийн цоргоор гарах усны тусламжтайгаар амны хөндийгөө цэвэрлэх учраас хүүхдүүд хэрэглэхэд энгийн бөгөөд тохиромжтой гэнэ. Энэхүү бүтээгдэхүүнийг Солонгосын шүдний холбоо албан ёсоор итгэмжилсэн бөгөөд Монголын шүдний холбооноос сайшаагджээ.

“Балт инвест” компанийн импортолдог Бельгийн “Delafaille”, “Starbrook”, “Gumi” цэвэр шоколад, “Свийт рөүд” компанийн оруулж ирдэг “Wawel”, “Farmasi” нэрийн чихэр шоколад, “Алекс” импексийн импортолдог Алейка нэрийн гурил, гоймон, овъёосны няцалбар, ургамлын тос зэргийг үйлдвэрийн үнээр иргэдэд борлуулж байлаа.

Энэ мэтчилэн олон брэндүүдийн чанартай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос албан ёсны гэрээт борлуулагчаас нь авах бололцоог олгосон энэхүү үзэсгэлэн худалдаа маргааш буюу ням гаригт өндөрлөх юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Г.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийг хөглөсөн “KAWAI” төгөлдөр хуур Монголд албан ёсны нээлтээ хийлээ

Японд төдийгүй дэлхий даяар алдартай “KAWAI” брэндийн төгөлдөр хуурыг Монгол Улсад албан ёсоор худалдаалах салбарын нээлтийн ёслол “Blue sky” цамхгийн байранд өчигдөр боллоо. Манай орны хөгжмийн зах зээлд шинэ уур амьсгалыг бий болгож, нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болж байна гэж мэргэжилтнүүд үнэлж байсан. Тэрчлэн төгөлдөр хуур тоглоочдод мэргэжлийн хөгжмөөр уран бүтээлээ туурвих, Монголын ирээдүй хойч үед дэлхийн шилдэг төгөлдөр хуураар хичээллэх боломжийг нээж өглөө гэх хүмүүс ч байсан. “KAWAI” брэндийн нээлтэд “KAWAI” компанийн ерөнхийлөгч Хиротака Кавай, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Монголын урлаг спортын алдартнууд оролцсон юм. Нээлтийн ёслолд ОХУ-ын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар урилгаар хүрэлцэн ирж хоёр тивийн төгөлдөр хуурчид нэг тайзан дээрээс тоглолтоо хүргэсэн нь гайхалтай сайхан сэтгэгдлийг төрүүлж байсан.

Япон улсын “KAWAI” компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг 88 жилийн түүхтэй. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэл­зэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс төгөлдөр, цоо шинэ гэсэн утга агуулгад дүй­цүү­лэхийг чармайж иржээ. Тийм ч учраас үргэл­жид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн “KAWAI” компанийн мастерууд төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх “ABS” болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байгаа аж.

Тус компанийн үйлдвэр­лэлийн технологи, материалыг бусад хөгжмийн брэндүүд болон “Toyota”, “Lexus” зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь тэдний бүхний түрүүнд алхдагийн жишээ гэнэ. Эл брэндийн төгөлдөр хуур нь дэлхийд нэр хүндтэй театрууд, урлагийн их дээд сургуулиуд, дэлхийн шилдэг төгөлдөр хуурчдын сонголт болж яруу тансаг дуугаралтаараа хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөн эгшиглэсээр байгаа юм байна. “KAWAI”-г борлуулалтын салбарын нээлттэй давхцуулан 50 жилийн туршлагатай, дэлхий даяар 5700 салбартай “KAWAI” хөгжмийн сургуулийн салбарыг Монголд нээсэн нь бас нэг бэлгэшээлтэй үйл явдал байсан. Энэхүү төгөлдөр хуурын сургалтын стандартыг нэвтрүүлснээр хүүхдийг зургаан сартайгаас нь эхлэн хөгжмийн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх төгөлдөр хуурчдыг сургаж хөгжүүлэх боломж бүрджээ.

Урилгаар ирж тоглосон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Куритагийн тухайд гэвэл Токиогийн Урлагийн их сургуулийн хөгжмийн сургуулийн магистрант, туслах багшаар ажилладаг нэгэн аж. Тэрээр Японы хөгжмийн 77 дугаар их наадмын тэргүүн байр, “АВС” шинэ шилдгүүдийн концертын гран при, төгөлдөр хуурын олон улсын “Tbilisi-5” уралдааны тусгай шагнал, “Yomiuri” төгөлдөр хуурын наадмын тэргүүн байрын шагналыг тус тус хүртсэн, Arvid Gast зэрэг дэлхийн шилдэг хөгжимчидтэй хамтран тоглолт зохион байгуулж байсан Японы нэрт төгөлдөр хуурч юм.

Л.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна

АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордноо хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралд оролцогч гишүүдийн нэрсийг тулгаж танхимд оруулсан байна. Үүнээс гадна олон нийтийн сүлжээгээр мэдээлэл дамжаад байна гэсэн шалтгаанаар хуралдааны танхимын ойр орчимд нь сүлжээ унагагч байршуулжээ. Хурлаар АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний талаар ярилцаж байгаа юм байна.

Хаалттай хуралдаж буй Ардчилсан намын ҮЗХ-аар “Өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал” гэсэн асуудлаар хэлэлцэнэ мэдээлэл бий. Тус асуудалд АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ, мөн бүрэн эрх нь дуусаад хоёр жил болж буй Н.Алтанхуягийн бүрэн эрхийн асуудал зэрэг багтсан аж. Гэхдээ намын даргын асуудал энэ удаад их хурал хүртэл хойшиллоо. Хурлын хэлэлцэх хоёр дахь асуудал АН-ын Их хурлын тов гаргах юм байна. Их хурлыг ирэх сард зарлахаар товлож байгаа бололтой.

Categories
мэдээ соёл-урлаг

“Interstellar” нээлтээ хийв

“Warner bros” компанийн шинэ бүтээл “Interstellar” буюу “Оддын хооронд” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийсэн байна. Энэ киноны гол дүрүүдийг өнгөрсөн жил “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн жүжигчин Мэтью Макконахи болон жүжигчин Энн Хэтэуэйн нар бүтээсэн юм. 110 минутын турш үргэлжлэх энэхүү киног Британийн найруулагч Кристопхер Нолан найруулжээ. Уг кино 152 сая ам.доллароор бүтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс түлдэггүй айлуудын цахилгааны тарифыг дахин хөнгөлнө

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос цахилгаан халаалт хэрэглэдэг айл өрхийн тарифыг 90 хүртэл хувиар хөнгөлөх саналтай байгаа аж. Гурван жилийн өмнөөс агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаалт хэрэглэдэг айл өрхөд үнийн урамшуулал олгож эхэлсэн юм. Өнөөдөр цахилгаан халаагуур хэрэглэдэг айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаанын үнэнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх журам хэрэгжиж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Турqуойсэ Хилл Рэсоурцэс” компани Гүйцэтгэх захирлаараа Жефф Тигесенийг томилов

Турqуойсэ Хилл Рэсоурцэс компани ТУЗ-ийн дарга Давьд Клингнэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, гүйцэтгэх захирал Каү Приэстлү 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээлгэж өгч буйгаа мэдэгдлээ. Одоогийн удирдлагын багийн гишүүд болох Жилл Гардинэр ТУЗ-н дарга, Жэфф Түгэсэн Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгогдож ажиллахаар болсон байна. Хатагтай Приэстлү 2014 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл ТУЗ-ийн зөвлөлд үргэлжлүүлэн ажиллах юм.
Клингнэр хэлэхдээ “Компанийн чухал ач холбогдолтой шилжилтийн шатан дээрээ байгаа энэ үед хариуцлагатай албан тушаалд ажилласан нь нэр хүндийн хэрэг хэмээгээд Жилл Гардинэр компанийн болон Оюу Толгойн дараагийн шатны хөгжилд ТУЗ-г амжилттай удирдаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.