Categories
мэдээ улс-төр

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 10-ААС 14-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

11 дүгээр сарын 10-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: Шаардлагатай тохиолдолд нам, эвслийн бүлгүүд тухайн үед нь хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

Жич: Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан шаардлагатай үед “Б” танхимд хуралдана.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дах хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 14-ний Баасан гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дах хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Пүрэв гарагийн 09.00 цагаас:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дах хэлэлцүүлэг/.

Баасан гарагийн 14.00 цагаас:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/.
Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монгол цусны дархлаа

Буудал дээр унаа хүлээж зогстол мулзан шар толгойтой гадаад залуу, царайлаг ялдамхан монгол бүсгүйтэй хөтлөлцөн ирлээ. Анзаарвал тэнд байгсад бүгд л өнөө хос залууг хүйтэн харцаар ширвэн ширтэцгээх ажээ. Бүсгүй гадаад залуудаа их л сайн бололтой гарыг нь дотноор барьсан харагдана.

Буудал дээр ирж зогсох автобусны зорчигчид хүртэл цонхоор зөвхөн тэр хоёрыг цоргин харна. Дунд сургуулийн ангид маань оросын эрлийз нэг хөвүүн байсан юм. Түүнийг хүн бүхэн том багагүй эрлийз хурлийзаар нь дуудаж ялгаварлан гадуурхдаг байсан. Хэдийгээр тэр жинхэнэ орос жаал шиг торомгор цэнхэр нүдтэй хөөрхөн хүүхэд байсан ч шинжилгээний ангийн орос эрд энгэр хуваасан ээжээс нь өөр хүн түүнийг огтхон ч өхөөрдөж энхрийлдэггүй, харин ч үзэн ядах маягтай байдаг байсныг би сайн мэднэ.

Найзынхаа гадуурхагдсан тавилангаас нэг бодол санаа сэтгэлд хадагдан үлдсэн нь “Монголчууд хэдий цөөхөн хүн амтай ч гэсэн өдий хүртэл харьд уусаагүйн гол дархлаа нь бусад улс үндэстний хүнтэй гэр бүл болдоггүй бичигдээгүй хуультай юм байна” гэсэн үнэмшил байсан.

Энэ цагт ч ялгаагүй монголчууд бид шар толгойтнуудтай хөтлөлцсөн охидооцэрвэнгүй харсан хэвээрээ. Намайг багад оросууд их, тэр хэрээр оросын эрлийз хүүхдүүд олон байсан. Өнөө цагт Улаанбаатарт барууныхан олширсон. Тэглээ гээд шар толгойтой, цэнхэр нүдтэй эрлийз жаалуудыг илүү үзэж монгол цусны дархлаа энэ тэр гэцгээх нь дэмий санагдана. Дэлхийд лав “Энэ англи бүсгүй тэр муу хар арьстантай суучихлаа” гэж нэгнээ адалж байгаа юм алга.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

АН-ын ҮЗХ-ны хурлаар МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг дөнгөж сая гаргасан бол АН-ын Их хурлыг ирэх 12 дугаар сард хуралдуулахаар болсон гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан УИХ-ын найман гишүүнийг намаас хөөх тухай АН-ын хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэхажээ. ҮЗХ-ны хурал үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газарт орж ажиллах эрхийг нээлттэй үлдээжээ

Ардчилсан намын ҮЗХ-ны 43 дугаар хуралдааны талаар генсек Ц.Оюундарь, хурлыг зохион байгуулах нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр өдрийн турш Төрийн ордны Их танхимд хаалттай хуралдсан хуралд ҮЗХ-ны 174 гишүүн оролцсон байна. Тус намын ҮЗХ-д нийт 228 гишүүн байдгаас 31 гишүүн нь Төрийн албан тушаалд очсон тул 194 гишүүн хуралд оролцох ёстой байсан гэнэ.

Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар эхлүүлсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу хурлын дарга, тэргүүлэгчдийн сонгосон байна. Ингэснээр НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлыг удирдан явуулсан гэлээ. Мөн АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу тооллогын комисс, редакцийн комисс байгуулж, хэлэлцэх асуудлуудыг баталсан байна.

Энэ удаагийн хурлаас өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, АН-ын Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг батлах, Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг авч хэлэлцэх зэрэг асуудлуудаар асуулт хариулт өрнүүлж тогтоолын төсөл баталсан гэлээ.

ҮЗХ-ийн хуралдаанаар АН-ын Их хурлын товыг ирэх арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр зарласан байна. Энэ үеэр намын даргын асуудлыг хэлэлцэх бөгөөд ҮЗХ-ны 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна.

Харин Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн дэмжээгүй байна.

Намын даргын сонгуулийг хийхтэй холбоотойгоор дотоод сонгуулийн хороог шинэчлэх шаардлагатай болсон байна. Учир нь дотоод сонгуулийн хорооны долоон гишүүнээс дөрөв нь төрийн албан хаагч болсон учраас гарчээ. Тиймээс дүрэм ёсоор ҮЗХ-ны гишүүдээр бүрдүүлдэг учраас нөхөж ХУД-ийн ҮЗХ-ны н.Гантулга, СХД-ийн ҮЗХ-ны гишүүн н.Болдбаатар, Сүхбаатар аймгийн ҮЗХ-ны гишүүн н.Төмөрхүү, Дундговь аймгийг ҮЗХ-ны гишүүн н.Равдандорж нарыг намын даргын санал болгосноор томилжээ.

Тэгвэл дараагийн Засгийн газрыг байгуулах ажлыг намын дарга Н.Алтанхуяг болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд даалган УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн оруулж ирэхийг үүрэг болгосон аж. Мөн шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал хуулийн хугацаандаа шийдвэрлэх, хамтарсан Засгийн газарт орж ажиллах сайд дарга нарыг томилох асуудлыг УИХ-д суудалтай улс төрийн намуудын дунд нээлттэй үлдээж байгаа гэнэ. Түүнчлэн МАХН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчингүй болгосон гэлээ. Учир нь тус намын дүрэм ёсоор улс төрийн нам эвсэлтэй хийх гэрээг ҮЗХ-ийн хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд дүрмийн дагуу үзэглээгүй тул хүчингүйд тооцсон юм байна.

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ-д хэлэлцэх үеэр шалтгаангүйгээр чуулганд оролцоогүй АН-ын нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага ноогдуулах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь хариулт өгсөн юм. Тэрбээр “Чуулганы хуралдаанд ирээгүй гишүүдийн талаар АН-ын Хяналтын хороонд гомдол ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй. Гэхдээ тэдгээр хүмүүст намын дүрмийн дагуу 2 жилийн хугацаанд ямар нэгэн албан тушаалд томилохгүй, УИХ-д нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд цуцлах зэрэг арга хэмжээ авах боломжтой. Энэ асуудлыг одоогоор хэлэлцээгүй байгаа” гэж хариулсан юм.

Categories
гадаад мэдээ

Бүгд Найрамдах Донецк улс болсноо зарлав

Украины зүүн хязгаарын Донецк болон Луганск мужид энэ сарын эхээр орон нутгийн сонгууль явагдаж, шинэ захирагчаа сонгосон билээ. Донецк мужид “Бүгд Найрамдах Донецк улс” хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко нийт сонгогчдын 81.1 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, албан ёсоор Украинаас салан тусгаарлаж буйгаа зарласан тухай Оросын “Орт 1” телевиз мэдээллээ.

Александр Захарченко “Өнөөдрөөс эхэлж Донецк муж Бүгд Найрамдах Донецк улс боллоо. Ардчиллын төлөө тууштай тэмцсэн ард түмэн болон армидаа баярлалаа” гэж хэлжээ. Дээрх тангараг өргөх ёслолыг Украин болон АНУ-ын Засаг захиргаа буруутгаж, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Донецк муж хэзээ ч тусгаар улс болохгүй. Донецк муж Украины газар нутаг байсаар байх болно. Би Украины Ерөнхийлөгч байсан цагт хэзээ ч газар нутгаа бусдад алдахгүй” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэд Антарктидыг судална

Одоогоос 42 жилийн өмнө манай улсын эрдэмтэн судлаачид ОХУ-ын эрдэмтэдтэй хамтраад Антарктид тивд анхны судалгааныхаа ажил хийсэн юм. Өнгөрсөн хугацаанд манай улсын долоон эрдэмтэн судалгаа хийсэн бол энэ удаад Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Х.Пүрэвдагва Болгар улсын эрдэмтэдтэй хамтраад цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийхээр явах гэж байна. Тэрээр тус тивд хоёр сар ажиллах, тэнд байрлах, хоол хүнсний зардлыг Болгарын талаас гаргах бол замын зардал болох 14 сая төгрөгийг БОНХЯ-наас гаргах аж.

Тус тив нь цэвэр усны нөөцөөр дэлхийд тэргүүлэхээс гадна, их хэмжээний байгалийн баялагтай. Тиймээс тус тивийн байгалийн баялагийн төрөл зүйл болон нөөцийг судлахаар 50 орон судалгааны ажлын гэрээ хийж, өөрсдийн баазыг байгуулсан. Өөрсдийн гэсэн баазтай улс орнууд нэг дор олон эрдэмтэд судлаачдаа явуулж, олон төрлийн судалгааг нэг зэрэг хийдэг бол манай улсын хувьд өөрийн гэсэн баазгүй учраас Болгарын улсын эрдэмтэдтэй хамтраад нэг удаад нэг л эрдэмтэн судалгааны ажил хийж байна.

Тиймээс манай улсын эрдэмтэн судлаачид ойрын хугацаанд тус тивд бааз байгуулахыг зорьж байгаа аж. Бусад улс орны туршлагаас үзэхэд бааз байгуулахад нэг тэрбум ам.доллар шаардлагатай юм. Энэ хэмжээний төсөв хөрөнгө гаргаад бааз байгуулснаар тус тивийн байгалийн баялгийн нөөцийг судалж тогтооход гар бие оролцож, ирээдүйд олборлосон түүхий эдээс нь хувь хүртэх боломжтой гэдгийг судлаач Х.Пүрэвдагва онцоллоо.

Categories
гадаад мэдээ

Ирак руу дахин 1500 цэргээ илгээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэхийн тулд тус улс руу дахин 1500 тусгай цэрэг илгээхээ мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлсэнээр “Цэргүүд байлдааны бус зөвхөн цэргийн зөвлөх, сургуулилтыг хариуцна. Нэг үгээр Иракийн Батлан хамгаалах яаманд зөвлөгөө өгч, хэт даврагчидтай тулалдах байлдааны төлөвлөгөө гаргах зэрэг чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ. “Нэмэлт цэргүүдийг хаана төвлөрч ажиллахыг Иракийн Засгийн газар шийднэ” гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл мэдэгдсэн байна.

Чак Хейглийн хэлж буйгаар удахгүй илгээх 1500 цэрэг Иракийн есөн арми, курдын гурван бригадын цэргийн сургууль бэлтгэлийг хариуцах юм байна. Мөн Ерөнхийлөгч Барак Обама Конгрессоос “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэхийн тулд дахин 5.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүсэлт гаргаад байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Хатан хааныг хороохоор төлөвлөж байжээ

Их Британийн хатан хааны амь насанд халдахаар төлөвлөж байсан лалын шашинтан дөрвөн хүнийг цагдаагийнхан саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өнгөрсөн баасан гаригт Лондон хотноо зохион байгууллагдсан “Дайнд болон зэвсэгт мөргөлдөөнүүдийн үеэр амь алдсан Британи цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх” арга хэмжээнд хатан хааныг оролцох үеэр амь насанд халдахаар төлөвлөж байсан гэж цагдаагийханд ярьжээ.

Цагдаагийнхан 19-27 насны дөрвөн этгээдийг саатуулсан байна. Тэдний нэг 19 настай Юсуф Саидыг Хай-Уиком дэх гэрээс баривчилсан аж. Дээрх хэргээс болж Букингемийн ордныхон хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцох хуваарийг өөрчилжээ.

“ВВС” агентлаг “Хатан хааны аминд халдахын завдсан гэмт этгээдүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй. Тэгэхдээ энэхүү мэдээллийг батлаагүй ч баригдсан дөрвөн этгээдийн хоёр нь Иракийн иргэд байсан” гэж бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна

Улаанбаатар хотын хэмжээнд 74100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4650 буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна. Харин 10000 хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 3.0 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 1.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 91.6 хувийг 15 хүртэлх, 73.0 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 29.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 8.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус багассан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн залуучуудын уриалга гаргалаа

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган аж ахуйн нэгж, компани хаалгаа барьж, ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж, ард иргэдийн амьжиргаа дордон, худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаатай холбогдуулан Нийслэлийн НАМЗХ-ны Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс дараах уриалгыг төр засаг,одоогийн эрх баригчид болон ард түмэндээ хандан гаргажээ. Тэд уриалгадаа

  • 1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтдээр улс төрийн намууд байр сууриа яаралтай нэгтгэн зөвшилцөж, засаглалын хямралыг даван туулах;
  • 2.Шинээр эмхлэн байгуулах Засгийн газрыг цомхон чадварлаг бүтэцтэй байгуулж, төр засгийн үр ашиггүй зардлыг багасгах, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн олон орлогч, зөвлөхүүдээс татгалзах;
  • 3.Ам.долларын ханш 2012 онд 1349 төгрөг байсан бол 2014 оны 11-р сарын эхнийн 7 хоногийн байдлаар 1872 төгрөг болж 523 төгрөгөөр өсөж эдийн засагтдарамт учруулж байна. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төр, засгийн байгууллагууд улсын болон аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгчдийн гадаад, дотоод өрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагад даатгуулах, ханшийн эрсдэлийг хязгаарлах арга замыг нээх;
  • 4.Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд нийт 54 мянга 800 гаруй ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон байна.Төр, засгаас ААН-үүд, бизнес эрхлэгчдэд тавьсан татварын акт /татварын нөхөн төлбөр, хүү, торгууль, алданги/-ын нөхөн төлөх хугацааг сунгах, эсвэл хүү, торгууль, алдангийг хүчингүй болгох, хаасан дансыг нь нээх зэрэг замаар ААН-үүд, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих;
  • 5.Гадаадад ажиллаж, амьдарч байсан, гадаадын их, дээд сургууль төгссөн, техник технологийн өндөр боловсрол эзэмшсэн залуучуудын боловсруулсан үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрийг төр, засгаас урт хугацааны зээл, зээлийн батлан даалт, хөрөнгө санхүүгийн бодлогоор дэмжих;
  • 6.Төрийн албанд шинээр орж ирсэн, томилогдсон албан тушаалтан, албан хаагчдаа төрийн ажилд нэн тэргүүнд сургаж дадлагажуулж,тэдний мэдлэг, чадвар, туршлагаас шууд шалтгаалан эдийн засгийн салбарт учирч буй хүнд суртал, хүндрэлийг арилгах;
  • 7.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс олгож байгаа болон банкны зээлийн бодлого, үйл ажиллагааг шинэ итгэлцлийн түвшинд хүргэх
  • 8.Эдийн засгийн хямралыг давах гол арга замнь ард иргэд, аж ахуйн нэгжээсээ эхлэн төр, засгийн байгууллагууд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэх явдал мөн гэж НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУД бид үзэж, үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжихийг уриалж байна гэжээ.