Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай тээврийн хэрэгсэл жолоодно

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолоо барих эрх хаалттай байдаг байсан билээ. Гэхдээ тэд хууль бусаар жолоо барин хөдөлгөөнд оролцдог нь нууц биш. Тэгвэл энэ хавраас хойш Цагдаагийн байгууллага ХБИ-ийг тусгайлан жолооны сургалтанд хамруулж үнэмлэх олгож, тусгай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн.

Ингэхдээ эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн жолооны сургуульд сургах бөгөөд үнэмлэх олгох ажээ. Гэхдээ бусад жолоочийн адил ангилал хамаарч тээврийн хэрэгслийг жолоодох бус автомат ажиллагаатай, буруу талдаа үрүүлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй юм. Түүнчлэн жолооны үнэмлэх нь “ХБИ” гэсэн тэмдэглэгээтэй байх ажээ. Одоогоор эдгээр иргэдэд чиглэсэн тусгай жолооны сургууль Улаанбаатар хотод нэг, Дархан, Сэлэнгэ аймгуудад тус бүр нэг байдаг юм.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун дахин нэг шадар туслахаа цаазалжээ

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өөрийн хамгийн ойрын шадар туслахуудын нэгийг цаазалсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын агентлагууд мэдээлжээ.Тодруулбал, Умард Солонгосын эрх баригч намын зохион байгуулалт, удирдлагын газрын орлогч даргын албыг хашиж байсан Ким Хён Укыг энэ сарын эхээр цаазалсан байна.

Намын зохион байгуулалт, удирдлагын газар нь Умард Солонгос дахь хамгийн эрх бүхий байгууллага хэдий ч үнэн хэрэгтээ Ким Чен Унаас шууд хамааралтай оршдог гэж судлаачид тайлбарладаг. Цаазын ялыг Ким Чен Уны нөлөө бүхий туслахуудын нэг Чүэ Рионг Хэ тэргүүлэн гүйцэтгэсэн байна. Чүэ Рионг Хэгийн хувьд саяхан болж өнгөрсөн Инчоны наадмын үеэр улсаа төлөөлөн Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй дээд хэмжээний уулзалт хийсэн хүмүүсийн нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын дагуух талд “Цасангоо” нэртэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү цэцэрлэг нь хотын төвөөс 18 км-ын зайд орших бөгөөд 232 хүүхдийн багтаамжтай юм. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар хувийн хэвшлийг дэмжин ажилласнаар тус хорооны 400 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн тодорхой хувь нь ийнхүү цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тус цэцэрлэг нь тоглоомын талбай, спорт заал, танхим, унтлагын өрөө, гал зуух, угаалгын өрөө зэргээс цогцлон бүрдсэн бөгөөд хүүхдүүдийн хүмүүжилд онцгой нөлөө үзүүлэх бүжиг, дуу хөгжмийн хичээлийг явуулах, оюуны боловсролд нь анхаарах бүрэн боломжтой юм. Тус цэцэрлэгийг барихдаа эрүүл ахуйн болон олон улсын стандартыг хангасан байхаар шинэ технологит суурилж барьсан байна. Мөн хорооныхоо ажлын албатай хамтран амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 4 өрхийн хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүдлийн рентген машин ажиллаж байна

ДЭМБ, “Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй сүрьеэгийн тандалт судалгааны нээлт Дархан-Уул аймгийн “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Эхний ээлжинд Дархан сумын II, IV, X багийн зорилтот бүлгийн 2000 гаруй хүнийг судалгаанд хамруулсан байна. ХӨСҮТ-өөс есөн хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж байгаа юм. Энэ үеэр “Нүүдлийн рентген” машиныг ажиллуулж байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын дарга хонконг оюутнуудын шаардлагаас татгалзав

Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин Хонконгийн захирагч Лин Чун-Иентэй уулзаж, тус улсад өрнөж буй оюутан, залуусын эсэргүүцлийн жагсаалын тухай ярилцсаныг БНХАУ-ын Комминуст намын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Хонконгийн захирагч эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд оюутнуудын шаардлагыг хүлээн авахыг Си Зиньпинээс хүссэн боловч татгалзсан хариу сонсчээ. Оюутнууд 2017 оны сонгуулийг нээлттэй явуулахыг Бээжингийн удирдлагуудаас шаардаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Авто ослоор 275 хүн нас баржээ

Төв аймгийн нутгийг дайран өнгөрдөг засмал зам дагуу сүүлийн таван жилийн байдлаар 275 хүн авто ослын улмаас амь насаа алдсан байна. Автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомжгүйгээс болж ихэнх хэрэггарсан гэсэн судалгаа гарчээ. Төв аймгийн Прокурорын газраас ийм шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор жолооч нарт хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт “Жолооч нараа, хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, огцом эргэх зэрэг нь осол гарах шалтгаан болдогийг анхаар. Таны өмнө замын саад, өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг ямагт санаж замын турш хөдөлгөөний хурдаа тохируулж эгнээгээ барьж анхаарал болгоомжтой яв. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өвчтэй, ядарсан үедээ замын хөдөлгөөнд бүү оролц. Зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээнээс бусад газарт урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхгүй байж дүрмээ баримтал. Замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг заавал шалга. Зорчигчид оо, таны сууж яваа автомашин техникийн хувьд бүрэн бус, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн тээвэрлэсэн, жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал цагдаагийн байгууллагад хандан иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдал, амь насыг хамгаалъя” гэж онцолжээ.

Categories
гадаад мэдээ

“Севол”-ын зорчигчдын эрлийг зогсоожээ

Энэ оны дөрөвдүгээр сард живсэн Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоцноос сураггүй алга болсон есөн зорчигчийг хайх ажлыг зогсоосон талаар “Чусон ильбо” сонин мэдээлжээ. Сураггүй болсон зорчигчдыг хайх ажилд тэнгисийн цэрэг болон эргийн хамгаалалтаас гадна хувийн компаниудыг оролцуулж байсан юм. Хувийн компаниуд эрлийн ажлыг цааш үргэлжлүүлэхээс татгалзсанаа мэдэгдсэн нь хүн хүч дутах шалтгаан болжээ. Эрх баригчид эрлийг зогсоох шийдвэрээ сураггүй байгаа зорчигчдын ар гэрийнхэнд дуулгасан аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин О.Баянмөнх тусгаар тогтнолоо магтан дуулна

Дуучин О.Баянмөнх энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд “Тусгаар тогтнол” хэмээх зургаа дахь бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтдоо эзэн Чингис хааны үеэс олон зуун жилийн турш гайхамшигт түүхэн замналыг туулж, Тусгаар тогтнолоо олсоныг магтсан дууны уран бүтээлүүдээс бүрдүүлэх нь. Өөрөөр хэлбэл, хүчирхэг урлагийн баг хамт олонтойгоор энэхүү тоглолтоо театарчилсан шоу хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцон тоглох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ

НЗДТГазраас толилуулж буй “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн УДБЭТеатрт 2014 оны 12-р сарын 24-нөөс 28-ны хооронд тавих гэж байна.

Цөмөөхэй балет нь шинэ жилийн уур амьсгалыг нэмэгдүүлж, гэр бүлээрээ хамт сонгодог орчинд баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгох, мөн хүүхэд залуусын сонгодог урлагын боловсролд өчүүхэн бага боловч хувь нэмэр оруулах олон сайн талтай хэмээн Монголын Балетын Хөгжил Сан зорин ажиллаж байна. Мөн тоглолтын нэгэн онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагын сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм.

Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн УДБЭТеатрын касс болон жижүүр дээр 11 сарын 19 ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн синфоний найрал хөгжимтэй бүжих болноо.
Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

1. НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХСангийн байранд хүлээлгэн өгөх.
2. МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
3. УДБЭТеатрын веб хуудас болон касс

Утас: 99136741 , 99047043

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд гахайн мялзан өвчин гарчээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Түмэнбут” ХХК-ийн гахайн фермийн 30 гаруй гахай өнгөрсөн аравдугаар сарын 30-нд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилжээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр 28 гахай “Гахайн мялзан” өвчин туссан болох нь тогтоогдсон байна. Ийм учраас тус суманд 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Шинж тэмдэг илэрсэн 28 гахайг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.