Categories
гадаад мэдээ

Б.Обама Хятадад айлчилж байна

Өчигдөр үдээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бээжин хотноо хүрэлцэн очлоо. Ийнхүү түүний БНХАУ-д хийж буй төрийн айлчлал эхэлжээ. Хятадад байх хугацаандаа Б.Обама Си Жиньпинтэй хоёр улсын харилцаа, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Мөн Бээжинд болж буй “APEC”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

АНУ-ын төрийн тэргүүний энэ удаагийн Хятадад хийж буй айлчлал нь долоо хоног үргэлжлэх юм. ОХУ, БНХАУ-ын харилцаа нэлээд сайн байгаа үед Америкийн Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна. Энэ нь АНУ-ын Ази тивийн улс орнуудтай хамтран ажиллахад чухал ач холбогдол өгч байгаа гэдгийн илэрхийлэл болох юм. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Бээжин, Москва хоёр эрчим хүч, эдийн засаг, цэргийн салбарт түншлэлээ улам бүр бэхжүүлж байгаа нь АНУ-ын хувьд тийм ч таатай зүйл биш. Америкийн нэгэн судлаачийн ярьснаар Орос, Хятад хоёрын харилцаа Украины хямрал эхлэхээс өмнө сайжирч эхэлсэн аж. В.Путин, Си Жиньпин хоёр маш сайн ойлголцож байгаа. Тэгээд ч Си Жиньпин БНХАУ-ын даргаар томилогдсоныхоо дараа гадаадад хийсэн айлчлалаа Оросоос эхэлсэн юм. ОХУ Украины хямралаас болж нэлээд дарамтанд орчихоод байгаа бол Хонконгт ардчилсан сонгууль явуулахыг шаардсан цуглаан Хятадын эрх баригчдын толгойны өвчин болчихоод байгаа. Тиймээс эдгээр нь тус хоёр улсыг ямар нэгэн байдлаар нэгтгэж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Оросын төрийн тэргүүн В.Путин нар уг арга хэмжээний хүрээнд албан бус уулзалт хийхээр болжээ. Украины хямралын улмаас баруун болон ОХУ-ын харилцаа нэлээд муудсан бөгөөд түүнийг хэвийн болгоход энэ уулзалт чухал үүрэгтэй гэдгийг ч улс төр судлаачид онцолсон юм. Дашрамд дурдахад, хэдхэн хоногийн дараа Австралид болох “Их 20”-ийн уулзалтаар Б.Обама, В.Путин нар дахин уулзана.

Categories
мэдээ нийгэм

Зэргэлдээх айлынхаа хотыг харлуулсан мянгат малчинд 6.3 жилийн хорих ял оноолоо

Төв аймгийн Угтаалцайдам сумын Сум дундын 23 дугаар шүүхэд сумынхаа малчны малыг хулгайлж нядалсан хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүжээ.

Шүүгдэгчид нь сумынхаа малчны 142 богийг нядалсан юм байна. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц, М, Б нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасныг үндэслэн чанга дэглэмтэй хорих ангид 6.3 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн тэдний портер машиныг улсын орлого болгож, шүүгдэгч тус бүрээс хоёр сая төгрөг гаргуулахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: ОСҮИ-ийг зөвхөн бодлого боловсруулагчид биш энгийн иргэд ч ашиглах боломжтой

Тэнхлэг зууч ХХК-ийн за­хирал Б.Батзоригтой орон сууцны үнийн индексийн талаар ярилцлаа.

-Тэнхлэг зууч ХХК, Монгол­банкны захиалгаар орон сууцны үнийн индек­сийг зарлаж эхлээд багагүй хугацааг үдлээ. Орон сууц­ны үнийн индекс гэж юу бо­лох талаар яриагаа эхэлье?

-Өнгөрсөн оны 10 сараас Улаанбаатар хотын орон сууц­ны үнийн индекс (ОСҮИ)-ийг тоо­цох ажил эхэлсэн. 6 сар үр­гэл­жил­сэн урьдчилсан шал­гаруулалтанд манай ком­пани болон Актив зууч, Мон­голиан пропертис ком­па­ниу­дын хамтарсан консор­циум шалгарч 5-р сараас эхлэн албан ёсоор үнийн индексийг зарладаг болоод байна. Эн­гийн иргэдэд ойлгомж­тойгоор товчхон хэлбэл орон сууцны үнэд шингэсэн байдаг онцлог давуу талуудын өртгийг хасаж үнийн цэвэр өсөлт бууралтыг тооцож гаргаж байгааг орон сууцны үнийн индекс гэж ойлгож болно. Үнэд шингэсэн онцлог давуу талууд гэдэгт ба­рилгын хийц, давхрын бо­лон цонхны байршил, сур­гууль цэцэрлэгээс алслагдсан бай­дал, өрөөний тоо, талбайн хэм­жээ гэх мэт тоон болон ча­­на­рын олон үзүүлэлтүүд ордог.

-Монголбанк энэхүү ин­дек­сийг захиалж тооцуулж буй байгууллага. Тэгэхээр арга аргачлал, тооцоололд оролцдоггүй гэсэн үг үү?

-Үгүй, огт оролцдоггүй. Харин МУИС-ийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээ­лэн хөндлөнгийн хяналт та­вин ажиллаж байна.

-Орон сууцны үнийн ин­дексийг манай улс өмнө нь тооцож байсан уу? ҮСХ-оос ОСҮИ тооцдог гэсэн. Энэ танай компанийн тоо­цож буй индексээс ямар ялгаатай вэ?

-Албан ёсоор гэвэл 2008 оны сүүлээс эхлэн Үндэсний Статистикийн Хороо тооцож эхэлсэн. Судлаачдын хүрээнд бол түүнээс өмнө хийсэн судалгааны ажлууд байдаг юм билээ. ҮСХ-ны индекс, ма­най индекс хоёр хоорондоо хэдэн онцлог ялгаатай. Нэгдү­гээрт, тооцох аргачлал нь өөр. ҮСХ бүлэглэх аргаар, ма­найх хедоник регрессийн аргаар тооцдог. Хоёрдугаарт, тооцох мөчлөг нь өөр. ҮСХ улирал тутам, манайх сар ту­там тооцдог. Гуравдугаарт, орон сууцны мэдээллийн суурь бааз, үнийн мэдээллийн сан бүрдүүлэлт нь хэмжээ, ча­нарын хувьд ялгаатай. Энэ ажилруу далайцтай орсны хувьд одоо хүртэл хийсэн ажлаа хэмжиж үзээд манайх да­вуу болов уу гэж хувьдаа төсөөлж байна.

-Энэхүү индексийг тоо­цох болсон шалтгаан юу вэ?

-Шалтгаан олон байж болно. Юуны түрүүнд эдийн зас­гийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэхэд инфляцийг заа­вал авч үздэг. Инфляцид нөлөөлдөг олон хүчин зүй­лийн нэг нь яах аргагүй орон сууцны үнийн хэлбэлзэл юм. Үндэсний Статистикийн Хо­роо инфляцийг тооцохдоо хэ­рэг­лээний үнийн индексэд суурилдаг. Гэтэл ХҮИ-ийн сагсанд орон сууцны үнэ бие даасан байдлаар ордог­гүй нь манай улсын тухайд учир дутагдалтай са­нагд­даг юм. Магадгүй үү­нээс болж инфляцийн тоо­цоо­лол алдаатай гар­даг байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Монголбанк инфля­цийг онилсон бодлого хэрэг­жүүлэхдээ орон сууцны үнэд онцгой анхаарч эхэл­сэн гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр орон сууцны эрэлт нийлүүлэлтийг дэмжих хүрээнд өөрийн хийж буй ажлын үр нөлөөг бодитоор хэмжиж дүгнэх зайлшгүй шаард­лага тулгарсан учраас нэг төрлийн индикатор болгох гэж Монголбанк энэ ажлыг эх­лүүлсэн байх.

-ОСҮИ-ийг ямар аргач­ла­лын дагуу тооцож байна вэ?

-Орон сууцны үнийн ин­дексийг тооцдог арга, заг­варууд гадаадад аль хэдийн бий болсон болохоор бид энэ ажлыг эхлэхдээ хамгийн түрүүнд ямар аргаар тооцохоо сонгох шаардлагатай болсон. Улс бүр өөрийн хууль эрх­зүйн орчин, эдийн засгийн нөх­цөл байдалд зохицсон аргачлалтай. Өнөөдрийн байд­лаар дэлхийн улс орнууд бү­лэг­лэх, хедоник регрессийн, дахин худалдааны, үнэлгээнд суу­рилсан гэсэн үндсэн 4 аргыг түлхүү ашиглаж байна. Австри, Бразилд бүлэглэх аргыг, Герман, Франц, Итали, Испанид хедоник регрессийн аргыг, АНУ, Канад дахин ху­далдааны аргыг, Швед, Дани үнэлгээнд суурилсан аргыг, Их Британи хедоник болон дахин худалдааны аргыг хослуулж хэрэглэдэг. Дэлхийд хамгийн алдартай Кейс & Шил­лерийн индекс дахин ху­далдааны аргад суурилсан байх жишээ­тэй. Хоёроос дээш удаа худал­дагдсан орон сууцны үнэ хоорондын зөрүүг тооцоололд ашигладаг гэсэн үг. Манайд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн үнэн зөв байдал эргэлзээтэй, хөрөнгийн бодит үнэлгээний нэгдсэн сан бүрдээгүй гэх мэт олон шалт­гааны улмаас сүүлийн хоёр аргыг одоохондоо хэрэглэх боломжгүй байгаа юм. Эхний бүлэглэх аргыг хэрэглэхэд манайх шиг харьцангуй жи­жиг зах зээлтэй улсад мэдээл­лийн хүрэлцээтэй байдал хан­галтгүй гэдэг дүгнэлтийг хийгээд бид хедоник регрес­сийн аргыг сонгосон. Үндсэн­дээ аргын хувьд сонголт хийхэд хүндрэлгүй байсан. Ха­рин арга маань дотроо олон хэлбэр загвартай учраас яг Монголд тохирсон загварыг сон­гож авахад нэлээн хуга­цаа орлоо. Үүнд Эдийн зас­гийн судалгаа, эрдэм шин­жилгээний хүрээлэн бидэнд маш их тусалсан. Хэдхэн хо­ногийн өмнө бид цаашид хедоник регрессийн загварын нэг хэлбэр болох онцлог шин­жийн үнийн аргаар орон сууц­ны үнийн индексийг тооцох, тэр дундаа жигнэсэн хамгийн бага квадратын аргыг ашиг­лахаар эцсийн байдлаар ший­­дээд байж байна. Энэ ар­гаар шинэ, хуучин орон сууц­ны үнийн индексийг одооноос эхлэн тусад нь тооцож гар­гана.

-ОСҮИ тооцохын ач хол­богдол юу вэ?

-ОСҮИ бол эдийн засгийн өсөлтийг илэрхийлдэг нэг үзүү­лэлт юм. Аливаа улс орны хуримтлал, баялгийн дий­лэнх нь үл хөдлөх хөрөнгө байдаг учраас хөрөнгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг зөвхөн баялгийн эзэд төдийгүй бод­лого боловсруулагчид үргэлж анхаарч байдаг. Хөрөнгийн зах зээл сул хөгжсөн тул иргэд үл хөдлөх хөрөнгө, орон сууцанд хөрөнгө оруулах нь түгээмэл байна. Орон сууцны үнэ өсвөл барилгын салбар өргөжиж, сан­хүүгийн байгууллагууд зээл идэвхтэй олгож, энэ сал­барт ажиллагсдын цалин ор­лого нэмэгдэн, хэрэглээг дэмж­дэг. Дээр нь татвар ху­раамжийн орлого нэмэгдэн, төс­вийн зардал өснө. Бүгд гинжин холбоотой. Хэрэв орон сууцны үнэ буувал бүх юм эс­рэгээрээ эргэж тал талдаа эрс­дэлд орох аюултай. Үл хөдлөх хөрөнгийн үнэ хэ­зээ өсөж, хэзээ буурах нь тодорхойгүй байдаг учраас үнийн индексийг хянаж шийд­вэр гаргахад ашиглах чухал ач холбогдолтой юм.

-Орон сууцны үнийн ин­декст нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?

-Сонголтонд нөлөө үзүүл­дэг бүх шинж чанарууд үнэд нөлөөлдөг. Эдгээрээс хэмжиж ялгах боломжтой, мэдээлэл бүрэн хэмжээнд цуглуулж бо­лох шинж чанаруудыг онцол­сон. Манайх хуучин орон сууцны мэдээллийг 31, шинэ орон сууцны мэдээллийг 34 тоон болон чанарын үзүү­лэл­тээр цуглуулж байна. Дүүрэг, хороолол, хотхон, барьсан ком­панийн нэр, барилгын хийц, өрөөний тоо, талбайн хэм­жээ, ойр орчмын нийгмийн дэд бүтэц, лифт, зэрэглэл, агаарын бохирдол, хотын тө­вөөс алслагдсан байдал гэх мэт. Цаашдаа чанарын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх зорилготой.

-Танай компанийн тооц­сон индекст Эдийн зас­гийн судалгаа, эрдэм шин­жилгээний хүрээлэн хяналт тавьж ажилладаг талаар та дээр дурдсан. Энэ талаар дэл­гэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Анх орон сууцны үнийн индек­сийг тооцож эхлэхэд л Монголбанк өөрөө хөнд­лөнгөөс оролцохгүй гэ­дэг байр суурь барьж Эдийн засгийн судалгаа, эр­дэм шинжилгээний хүрээ­­лэнг хөндлөнгийн шин­жээч, хя­нал­­тын багаар ажиллуу­ла­хаар болсон юм билээ. Хүрээлэнгийнхэн урьдчилсан шалгаруулалтанд орсон ком­паниудад бүгдэд нь зөвлөгөө өгч, хяналт тавьж, эцсийн үнэлгээг өгч шалгаруулсан. Ма­най компани шалгарсны да­раа ч энэ ажлаа үргэлж­лүүлж цуглуулсан мэдээллийн үнэн бодит байдал, программ хангамж, тооцооллын арга аргач­лалыг байнга хянаж, шаард­лагатай зөвлөгөө, дүг­нэл­түүдийг өгч ажиллаж байна.

-Орон сууцны үнийн ин­декс гэхээр олон нийт дундаж үнэ гэж ойлгоод байдаг. Энэ хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

-Үнийн индекс нь орон сууцны үнэд шингэсэн онцлог давуу талуудын өртгийг ха­саж үнийн цэвэр өсөлт бууралтыг тодорхой нэг суурь үетэй харьцуулан, үр дүнг нь хувиар илэрхийлдэг нарийв­чилсан тооцоолол юм. Манай тохиолдолд суурь үе маань 2013 оны 1 сар. Үү­нээс хойшхи цаг хугацааны мөчлөгүүдэд харьцуулан шинж­лэх боломжтой гэсэн үг. Харин дундаж үнийг тооцоход манайд ихэвчлэн үнэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг хасалгүйгээр хялбаршуулан тооцдог учраас алдаатай байх магадлал өндөр. Утга нь мөнгөн дүнгээр илэр­хийлэгддэг болохоор иргэдэд илүү ойлгомжтой байдаг байх. Индекстэй харьцуулбал ойролцоо утгатай энгийн мэдээлэл гэж ойлгож болно.

-ОСҮИ-ийг 2014 оны 3 сарааас олон нийтэд зар­лаж эхэлсэн. Цаашид энэ­хүү индексийг хэр удаан хугацаанд тооцох вэ?

-Манай тооцож байгаа индексийн тухайд бол Мон­гол­банк захиалагч учраас тэдний хүсэл зорилгоос л хамаарна. Одоогоор энэ оныг дуустал тооцох гэрээтэй. Ирэх онд үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй, удахгүй энэ та­лаар ярилцаж эхэлнэ. Ер нь бол бүх л улс орнуудад заавал хийдэг судалгаануудын нэг нь яах аргагүй мөн. Манайд бараг л хамгийн сүүлд тооцож эхэллээ. Нэгэнт эхэлсэн том ажил юм чинь цаашид тас­ралтгүй үргэлжлүүлбэл ач холбогдол нь жил ирэх тусам өндөрсөнө.

-Индексийг тооцож зар­лахаас гадна тоо мэдээлэл дээр шинжилгээ хийх бү­рэн боломжтой гэж харж байна л даа. Тухайлбал, орон сууцны одоогийн үнэ хөөс шүү, бодит үнэ үү гэх мэт. Цаашид тооцож буй индексээ ашиглаад ямар төрлийн шинжилгээ хийх боломжтой вэ?

-Анзаарагддаг нэг зүйл бол манай удирдах түвшний хүмүүс аль ч шатандаа ихэвч­лэн хоосон таамагт суурилсан мэдээллийг бодит факт мэтээр иш үндэс болгож ярьдаг нь мэдээллийн хэрэгслүүдээр ямар нэг шүүлтүүргүйгээр иргэ­дэд хүрч төөрөгдөлд оруул­даг явдал юм. Үнийн өсөлт бууралтанд нөлөөлж бай­гаа хүчин зүйлүүдийг тодор­хойлох зайлшгүй шаард­лага байгааг жишээ нь үүн­тэй холбон тайлбарлаж болно. Хэрэв орон сууцны үнийн индексийг тасралтгүй үргэлжлүүлэн тооцвол мэдээ­лэл хуримтлагдахын хэрээр дүн шинжилгээ хийх талбар нь өргөсөн, гарах үр дүн нь илүү бодитой болж, элдэв таамгийг батлах, эсвэл сарниулах, болж өнгөрсөнд дүгнэлт хийж ирээдүйг илүү ханатай тө­сөөлөхөд нөлөөлөх чухал ач холбогдолтой. Тиймээс хуримт­луулсан мэдээллийн хүрээнд цаашдаа ямар ч шинжилгээг хийх боломжтой болох юм.

-Олон нийт ОСҮИ-ийг хэрхэн ашиглах вэ? Индек­сийн хэрэглээний талаар тайлбарлахгүй юу? Зөвхөн бодлого боловсруулагчид шинжилгээндээ ашиглах ёс­той юм уу?

-Аль ч түвшинд хэрэг­лээтэй. Энгийн иргэдийн хувьд орон сууц худалдаж авах, зарах нь санхүүгийн маш том шийдвэр байдаг. Хэрэгцээ юу, хөрөнгө оруулалт уу, богино хугацааны төлбөр тооцоо юу, урт хугацааны өгөөж ашиг харах уу, өнөөдөр авах уу, маргааш болтол азнах уу гэхч­лэн шийдвэр гаргахад шууд ашиглах боломжтой.

Нэг сэтгүүлч надаас асууж байсан юм. Би байраа зарах гээд удаж байна, хүмүүс үнээ буулга гээд байхаар нь буулгаж байгаа. Гэтэл танай үнийн индекс өсөлттэй гарсан байх юм, худлаа юм биш үү гэж. Нийт зах зээлийг ганц өөрөөрөө юмуу ойр дотныхоо таньдаг мэддэг хүмүүсийн яриа, эсвэл баттай эх сур­валжгүй сонин хэвлэлийн мэдээ төдийгөөр төсөөлөх нь дэндүү учир дутагдалтай. Жишээ нь, Улаанбаатар хо­тын орон сууцны хоёрдогч зах зээл дээр сар тутам дунджаар 1000 орчим орон сууц зарагдаж байна. Зах зээл дээр нийт зарлагдаж байгаа орон сууцны 20 хүрэхгүй хувь нь тухайн сардаа зарагддаг гэж үзвэл таны нэг сарын дотор байраа зарах магадлал 5/1 байна. Байршил, өрөөний тоо, талбайн хэмжээ, цонхны байршил, төлбөрийн нөхцөл гэх мэт эрэлтэд шууд нө­лөөлөх хүчин зүйлүүдийг тоо­цохгүйгээр шүү. Нөгөө талаас таны зарах гэж байгаа, эсвэл авахаар сонирхож байгаа байр 5000 орчим орон сууцны ердөө л нэг нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь зах зээлийн 0,02 хувь төдийхнөөр нийт зах зээлийг төлөөлүүлж болохгүй л гэсэн санаа. Худалдагч бүр өөрийн хэрэгцээ шаардлага, боломж бололцоо, цаг хуга­цаанд тулгуурлаж үнээ тог­тоож шийдвэрээ гаргана, худалдан авагч мөн адил. Эцсийн тохироо энэ хоёрын хүсэл сонирхлын давхцал дээр л бүрдэнэ шүү дээ. Бид­ний сар тутам тооцож, зарлаж байгаа үнийн индекс танд дүгнэлт хийх боломжийг олгохын зэрэгцээ ерөнхий чиг баримжаа, төсөөлөл, анхааруулга дохио өгөх юм. Үүнийг та зөв ойлгож, амьдрал ахуйдаа хэрэглэх нь чухал.

-ОСҮИ тооцох мэдээл­лийн эх үүсвэрийг хаанаас цуглуулдаг вэ? Ямар хүрээг хамарч байна вэ?

-Мэдээллийг нээлттэй бо­лон нээлттэй бус эх сур­валжуудаас цуглуулж байна. Нээлттэй гэдэг нь мэдээл­лийн хэрэгслүүд дээрх зарууд, нээлттэй бус гэдэг нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниуд, нота­риатууд гэх мэт холбоотой ажилладаг бусад эх сур­валжууд юм. Эдгээрээс 10-р сард гэхэд 3500 орчим хуу­чин орон сууцны дуудах болон хэлцлийн бодит үнэ, бусад тоон болон чанарын үзүүлэлтүүдийг цуглуулсан байна. Шинэ орон сууцны хувьд Нийслэлд нээлттэй захиалга авч буй орон сууцууд 99 хувь хамрагдсан. Хувь хүний мэдээллүүд энд огт ордоггүйг онцолж хэлэх нь зүйтэй.

-Танайд нийслэл хотод байгаа шинэ болон хуучин нийт хэдэн орон сууцны мэдээлэл байдаг вэ?

-10 сарын байдлаар Нийслэлийн 9 дүүргийн 130 мянга орчим айлын хуучин орон сууц, шинээр баригдаж захиалга авч байгаа 49,4 мянга орчим айлын орон сууцны мэдээллийн сантай болсон байна.

-Орон сууц худалдан авахаар зэхэж буй иргэдэд танай компанийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? Иргэд юунд анхаарах шаард­лагатай вэ?

Орон сууц нь хүний чухал хэрэгцээ гэдгээс гад­на ерөөсөө үл хөдлөх хөрөнгө бол эдийн засгийн суурь, хөрөнгө оруулалтын найд­вартай хэлбэр гэдэг талаас нь бодож зөвхөн шаард­лага гарсан үедээ биш, байнга зах зээлийг мэдэрч, судалгаа шинжилгээ тогтмол хийдэг компаниудаас бодит мэдээлэл авч амьдрал ахуй, ажил бизнестээ ашиглаарай гэж зөвлөе.

-Ярилцсанд баярлалаа.

Э.ҮҮЛЭН

Categories
мэдээ нийгэм

Хүйтэрч, цас орно

12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 14-нд төв, говийн нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13,14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ дахь намын бүлгүүд АН-ын саналыг хүлээж байна

Дараагийн Засгийн газрыг байгуулах тохироо улс төрийн аль намуудын хооронд өрнөх талаар УИХ-д суудалтай намын гишүүдийн байр суурийг сонирхов.

М.СОНОМПИЛ: ЯМАР Ч ТОХИОЛДОЛД БИД ХАМТРАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА

-Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал олны анхааралд байна. Асуудал ямар шатанд байгаа бол. Танай нам, эвсэлд эрх баригчдын зүгээс саналаа ирүүлэв үү?

-Өнгөрсөн сонгуулийн дүнгээр УИХ байгуулагдаж хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэхэд “Шударга ёс” эвсэл орж ажилласан. Тэгэхэд байгуулсан гэрээ Засгийн газар унаснаар дуусгавал болсон гэж ойлгож болохгүй. Гэрээний хугацааг 2012-2016 он дуустал гэж заасан. Хоёрдугаарт олонхийг бүрдүүлж буй АН УИХ-д бүлэгтэй бүх намуудтай хамтран Засгийн газар байгуулна гэсэн мэдээлэл гарч байна. ҮЗХ нь ч ийм шийдвэрийг гаргажээ гэж ойлгосон. Тэгэхээр энэ долоо хоногт МАН хийгээд “Шударга ёс” эвслийн бүлэгт санал тавих байх. Ер нь МАН ч гэлээ засагт орох ёстой гэж би үзэж байгаа. Улс төрийн, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад хэрэлдээд суух нь зохимжгүй. Энэ засгаа хамтран байгуулаад, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулбал бялуу хуваахад хүндрэлтэй байх юм биш үү. Танай эвсэл л гэхэд шинээр байгуулагдах Засгийн газраас хэдэн суудал авна гэж тооцож байгаа юм?

-Ер нь сайдын суудал, бялуу хуваах буюу Засгийн газрын бүтцийн асуудал нэлээд далайцтай яригдана. Сая Засгийн газрыг цомхон болгосон байгаа. Үүнийг задалж дахиад ярих байх. Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлт оновчгүй болсон тал бий. Ер нь бүтцийг өөрчилж яамдыг олон болгохоос өөр аргагүй. УИХ-ын гишүүд ч ярьж байна. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа энэ үед эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт, зам тээврийн салбарыг нийлүүлдэг нь буруу гэх олон гишүүн бий. Эдгээр салбарыг салгах тухай асуудал яригдах нь дамжиггүй. Тэгээд ч хэвлэлийнхэн шинэ Засгийн газарт АН зургаа, МАН тав, “Шударга ёс” эвсэл гурван суудалтай байна гээд бичээд эхэлж. Уг нь 2012 онд байгуулагдсан Засгийн газрын бүтэц оновчтой байсан.

-Ямар ч тохиолдолд “Шударга ёс” эвсэл хамтрах саналтай байгаа гэсэн үг үү?

-Эрх баригчидтайгаа хамт­рахад бэлэн байгаа. Ингэж л гацаад байгаа бүх асуудлын ард гарах боломжтой.

-Сөрөг хүчингүй байх нь бас л муу талтай?

-Тийм нэг сул тал гарах гээд байна. Гэхдээ хоорондоо хэрэлдэж суухаар нэгдэж нийлээд хөгжлийн гарц болох ажлуудаа явуулж л байх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн АН Ерөнхий сайдаа сонгосны дараа яригдана. Тэр болтол бид хүлээж суухаас аргагүй.

О.БААСАНХҮҮ: МАН ЗАСАГТ ОРВОЛ МАХН ОРООГҮЙ НЬ ДЭЭР

-Шударга ёс эвсэл эрх баригчдын эгнээнд ажиллаж байсан. Нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. Асуудал цаашид яаж яригдах бол?

-Бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг ярьж байхад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг тавьж олонхийн саналаар огцруулсан. Нэгэнт Ерөнхий сайдаа огцруулсан учраас Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон гэсэн үг. Тэгэхээр хуулийн дагуу олон суудал авсан нам бусад намдаа санал тавина. Энэ нь зөвшилцөлд хүрч ажил хэрэг болохгүй бол нийт намын төлөөлөл ширээний ард хамт суух ёстой. Ингээд ч үр дүнд хүрэхгүй бол Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намын төлөө­лөлтэй зөвшилцөнө гэсэн дараал­лаар явдаг. Бүлэг дээр энэ тухай асуудал хөндөгдсөн. АН шинэ Засгийг байгуулах ажлын хэсгийг бүлгээсээ томилж “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах тухай ярья гэж байх шиг бай­на. Ямар санал тавихыг нь бид тэвчээртэй хүлээж байна.

-Одоохондоо дараагийн Засгийн тухай яригдаагүй байна гэсэн үг үү?

-Хэвлэлд гарсан мэдээл­лээс харж байгаагаас биш албан ёсоор ажил эхлээгүй. Би МАХН-ын гишүүнийхээ хувьд саналаа хэлэхэд МАН засагт орвол МАХН ороогүй нь дээр. Гэхдээ энэ бол МАХН-ын шийдвэр биш миний үзэл бодол. Яагаад гэвэл 2008-2012 онд сөрөг хүчингүй МАНАН ажилласан. Энэ жилүүдэд Монголын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт их өндөр байхад сөрөг хүчингүй байснаас төсвийн зарцуулалт хэтэрсэн. Хоёр мянган хүний хоолны заалтай төрөх эмнэлэг, царцаасан объектууд, Батлан хамгаалах яам хүртэл дур мэдэн хөдөө хээрт байшин босгосон нь ямар ч талаар ашиглах боломжгүй болж хувирсан. Энэ бүхэн сөрөг хүчингүй байсны үр дагавар. Тэгэхээр би хэн нэгэн заавал сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой гэж бодож байгаа.

-Н.Энхбаяр, Н.Алтан­хуягийн гарын үсгээр батал­гааж­сан 2024 он хүртэл хамт­ран ажиллах гэрээг ҮЗХ хүчингүйд тооцлоо. Тэгэхээр Шударга ёс эвсэл­тэй хамтран ажиллах санал тавих болов уу?

-Би гайхаж байгаа. АН дотор хуульч баймаар юм. Хуулиар тайлбарлагдах нөх­цөл байдлаа харж асуудлыг дүгнэх хэрэгтэй. Энэ гэрээг нэг өдрийн дотор байгуулчихсан юм биш. Аравдугаар сард Н.Энхбаяр дарга гэнэт ирээд Н.Алтанхуягтай сууж байгаад гарын үсэг зурчихаагүй. Шууд хэлбэл энэ тухай хоёр жилийн өмнөөс яригдсан. Төслийн анхны хувилбар алдагдахад Р.Гончигдорж гишүүн засч, янзалсан гэх мэтээр АН-ынхан хангалттай мэдээлэл авах боломжтой нөхцөлд гэрээг байгуулсан юм. Хоёр дахь асуудал нь гэрээний нөхцөлд хүчингүй болгох заалтууд бий. Хүчингүй болгох заалтуудыг үндэслэж байвал бид ойлгоно. Гэтэл өөрсдийнхөө алдааг нөгөө намд тулгаж байгаа нь утгагүй. Бид Бага чуулганаараа оруулж, үг үсгийг нь хүртэл өөрчилж цэгцэлсэн. Тэгээд АН-д аваачиж өгөхөд тэд судлаад эцсийн байдлаар бэлэн боллоо гэхэд нь Н.Энхбаяр дарга гарын үсгээ үлдээсэн. Ийм асуудлаар улстөржих хэрэггүй. Шууд хэлбэл би АН-ынхныг гэрээг дагах сонирхолгүй байна гэж харж байгаа болохоос биш хүчингүй болгосон, цуцалсан гэж харахгүй байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН, МАН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГА Н.НОМТОЙБАЯР: ЗАСГИЙН ГАЗАРТ ОРОХ ТАЛААР БИД ТҮРҮҮЛЖ ЯРИВАЛ ИЧГЭВТЭР ЮМ БОЛНО

-Дараагийн шинэ Засгийн газарт Ардын нам орох уу. Танай намынхан ямар байр суурьтай байгаа вэ. Бүлгийн дэд даргын хувьд та юу хэлэх вэ?

– Ерөнхий сайд хэн болох бол, дараагийн Засгийн газарт орчих юм сан гэдэг ашиг сонирх­лоос илүү өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Хүний албан тушаал, сандал суудлаас өмнө төсөв, эдийн засгийн асуудлуудаа ярих хэрэгтэй байна л даа.

-Гэхдээ Засгийн газраа томилж байж энэ ажлуудыг урагшлуулах юм биш үү?

-Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг яаж даван туулах гарц байна, үүнийг даван туулахын тулд ямар засаг байхав, хэн толгойлбол эрсдлээс гарч чадах вэ гэдгээ УИХ-ынхаа хэмжээнд, намуудтай ярих хэрэгтэй. Тэгж байж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийхээ нэрийг тодорхой болгомоор байгаа юм.

-Танай нам Засгийн газарт орохыг та хувьдаа дэмжих үү?

– Ер нь бол хоёр хөрштэйгээ улс төрийн болоод эдийн засгийн асуудлаар хэл амаа ололцоод ирсэн түүх манай намд бий шүү дээ. Үүнийг хүн бүхэн мэднэ. Сая манайд хоёр хөршийн дарга айлчиллаа. Тэдний яриа хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгож чадвал манай эдийн засагт өгөөжөө өгөх байх. Гэхдээ АН-ын зүгээс манай намд ирүүлсэн санал алга. Тийм байхад Засгийн газарт орох талаар бид түрүүлж яривал ичгэвтэр юм болно. Тийм саналаа ирлээ гэхэд Ардын намаас УИХ-д суугаа 26 гишүүн асуудлыг шийдэх эрхгүй. Эсвэл намын дарга нь ганцаараа шийдвэр гаргачихдаг юм биш. Намынхаа зохих ёсны байгууллагуудаар хэлэлцэж байж олонхийн саналаар шийдвэр гаргана даа.

Я.МӨНГӨН

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

Долларын ханш бууж, төгрөг чангарах нөхцөл бүрджээ

Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдрүүдэд “Найман шарга” дээрх ам.долларын ханш арав орчим төгрөгөөр өссөн нь засаг бужигнаснаас болж валютын ханш савлаж эхэллээ гэх болгоомжлолыг олон нийтэд төрүүлсэн. Ам.доллар өсөх эрсдэл бий юу гэсэн асуултад хариу хайлаа. Эдийн засгийн суурь балансаараа болж ам.доллар өсөх ямар ч үндэслэл байхгүй гэж шинжээчид хэлж байна. Эдийн засагт эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр том баланс бий. Ам.доллараар гаднаас авдаг барааг эрэлт, ам.доллар авч гадагш нь зардаг маань нийлүүлэлт. Ер нь жил бүр л бид олдог доллараасаа илүү хэмжээний доллар зарж гаднаас юм авдаг байсан. Өнгөрсөн жил гэхэд л монголчууд олсон доллараасаа нэг тэрбум 400 сая ам.доллар илүү зарж гаднаас юм худалдан авч зориулж байв. Ам.долларын ханш 1800 хүртэл өндрөө авсны гол шалтгаан нь энэ. Харин энэ жилийн эхний гурван сарын байдлаас харахад манай улсын худалдааны балансын алдагдал өмнөх жилийнхтэй харьцуулахад нэг тэрбум 400 сая ам.доллараар буучихаад байна. Өөрөөр хэлбэл бараа эргэлтийн баланс маань 335 сая ам.долларын ашигтай гарчихаж. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд гарч байгаагүй статистик. Өмнө нь бид олсноосоо илүү долларыг гадагш нь бараа худалдаж авдаг байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ болсон гэсэн үг. Ийм үед ханш өсөх боломжгүй гэж шинжээчид хэлж байна. Харин ч эсрэгээрээ төгрөг чангарах нөхцөл үүсчихээд байгаа аж. Хэрвээ энэ үед доллар өсвөл ханшийн зөрүүнээс ашиг хийх зорилготой хүмүүсийн үйл хөдлөл гэж тайлбарлахаас аргагүй гэнэ. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Долларын ханшийг өсгөх сонирхолтой, ханш өсөхөөр доллар худалдаж авч, ханшийн өсөлтийн үнийн зөрүүн дээрээс ашиг хийдэг хүмүүс байдаг. Банкууд, ченжүүд гэгддэг валютын цэгийнхэн, тодорхой хэмжээний мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс валютын ханшин дээр тоглох хандлага байдаг” гэж ярилаа.

Банкуудын хувьд худалдааны балансын алдагдал буурч хасахтай биш нэмэхтэй гарсан ийм үед валютын ханшин дээр тоглолт хийх үндэс байхгүй аж. Учир нь тэнд эдийн засагчид ажилладаг. Бараа эргэлтийн баланс ашигтай гарсан энэ үед доллар өсөх боломжгүй гэдгийг тэд мэднэ. Харилцагчдаасаа төгрөгөөр хадгаламж авсан үед том зээлдэгч нь доллараар зээл авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд долларын авлагатай болно гэсэн үг. Үүнийгээ банкныхан доллараар урт гэж ярьдаг юм билээ. Доллараар урт гэдэг нь мэргэжлийн жаргон маягийн үг бололтой. Энэ тохиолдолд долларын ханш өсвөл банкинд ашигтай, ханш нь уначихвал алдагдалтай гэдэг нь тодорхой. Эсрэгээр нь тухайн банкинд хадгаламж доллараар ороод ирчихсэн байлаа гэж төсөөлье. Ийм үед төгрөгөөр зээл гаргавал банкны авлага төгрөг болж хувирна. Харилцагчийнхаа хадгалуулсан долларыг төгрөг болгосон энэ байдлаа банкныхан доллараар богино гэдэг юм билээ. Ам.долларын ханш чангарвал алдагдал нь банкны нуруун дээр ирнэ гэсэн үг. Валютын ханш савлагаатай үед балансаа барьж чадахгүй байгаа учраас банкуудын доллар авах, өгөх ханшийн зөрүү нь өндөр байдаг гэж эдийн засагчид ярьдаг. Савлагаа ихтэй үед банкууд аль талд нь гарахаа мэдэхээ байчихдаг гээд тайлбарлачихаж болно. Гэхдээ аль ч улсын банкууд тэглэх бодлого барихыг илүүд үздэг юм байна. Урт ч биш, богино ч биш байхыг чухалчилдаг гэсэн үг. Төгрөгөөр авсан хадгаламжаа төгрөгийн зээл, доллараар авсан хадгаламжаа долларын зээл болгох маягаар харьцааг нь тэнцүүлдэг гэсэн үг л дээ. Манай арилжааны банкуудын хувьд заримдаа доллараар урт, заримдаа богино болчихдог гэнэ. Бүгд нэг талдаа ханарсан буюу бүгдээрээ урт болох үе ч байдаг аж. Долларын ханш өсөх үү, буурах уу гэсэн хүлээлттэй болсон үед ийм тал анзаарагддаг байна. Долларын ханш өснө гэсэн хүлээлт үүсвэл доллараар урт болохыг эрмэлздэг гэсэн үг. Яг өнөөдрийн хувьд манай арилжааны банкуудад тэглэх хандлага давамгайлж байгаа аж. Шалтгаан нь өмнө дурдсан бараа эргэлтийн балансаас үүдэлтэй.

Ийм үед Оюу толгой гацаанаас гарч гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд эхэлбэл төгрөг чангарах бүрэн боломжтой гэсэн өөдрөг таамгийг зарим шинжээч хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл банкууд тэглэх чиглэл рүү орох гэнэ. Доллар, төгрөгийн харилцаагаа тэнцүүлнэ гэсэн үг. Заримынх нь хувьд доллараар богино болохыг ч эрмэлзэнэ гэж эдийн засагчид онцолж байна. Ингээд бодохоор мөнгөний илүүдэл хуримтлалтай хүмүүс ч юм уу, валютын цэгүүдэд л ханш өсгөх тоглолт өрнөхгүй бол өөр бодитой эрсдэл алга.

Засаг бужигнасан үед гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрч, хөрөнгөө оруулахаа азнана, ийм шалтгаанаар долларын ханш өсөх эрсдэл бий гэсэн болгоомжлолыг шинжээчид үгүйсгэж байна. Харин ч засгийг унагана, унагахгүй гэсэн тодорхой биш яриа, хэлээнд цэг тавьсан нь сайн хэрэг гэнэ. Шинэ засаг гарч ирээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн чигийг идэвхтэй барьж ажиллаад эхэлбэл найдвар байгаа аж. Олон улсын зах зээл засаг унасныг эрсдэл гэж харахгүй байгаа ч үгүйсгэх аргагүй өөр нэг эрсдэл бий. Одоогоор Ерөнхий сайдад хэн нэр дэвших нь тодорхой биш байна. АН-ын ҮЗХ хуралдаад ч дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг цаг алдалгүй тодорхой болгочихвол гадаадад хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрөх вий гэсэн айдасгүйгээр амьдрах бүрэн бололцоотой. Удахгүй байгуулагдах шинэ засгийн хувьд эдийн засагт хамаатай өөр нэг болгоомжлол байгаа. Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч “Өмнөх Засгийн газрууд шиг урьдах засгийн хийсэн бүхнийг харлуулаад бүхнийг шинээр эхэлнэ гэвэл эхний хохирогч нь бизнесмэнүүд болно. Бизнес эрхлэгчид хохирно гэдэг нь тэдэнд ажиллаж буй ажилтнууд хохирно гэсэн үг. Өргөн утгаараа иргэд хохирч байгаа хэрэг. Замын тендер зарлаж нэг компанийг сонгон шалгаруулчихсан байлаа гэж бодъё. Нөгөө компани нь эхний хөрөнгө оруулалтаа хийж, ажилчдаа сургаж, тоног төхөөрөмжөө худалдаж авчихаад байтал засаг солигдоод ажлыг нь зогсоочихвол хэцүү. Зам гүүр, онгоцны буудал барих, сургууль эмнэлэг засах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх гэдэг бол засаг төрийн тасралтгүй үргэлжлэх бодлогын хүрээнд хийгддэг ажлууд. Ийм онцлогтой бодлогоо үгүйсгээд байвал гадаадын хөрөнгө оруулагчид болон олон улсын зах зээл, дотоодын бизнес эрхлэгчид төрд итгэхээ байчихдаг” гэж ярилаа.

“Мандал даатгал”-ын шинжээчид оны эхээр ам.долларын ханшийг 1900 хүртэл өсөх эрсдэлтэй хэмээн таамаглаж байсан. Гэхдээ гадаад худалдааны нөхцөл байдал сайжрахгүй бол гэсэн тодотголтойгоор. Гэтэл өнөөдөр худалдааны баланс 335 сая ам.долларын ашигтай гарч байна. Долларын ханш өнөөдрийнхөөс ч уруудах нөхцөл аль хэдийнэ бүрдчихсэн гэсэн үг. Гэхдээ шинэ засаг байгуулагдаж хэрэгжүүлэх бодлогоо зарлахаас нааш долларын ханш тэгж ингэж буурна гэсэн таамаг хэлэх боломжгүй гэж эдийн засагчид хэлж байна. Шинэ Засгийн газар цаг алдалгүй байгуулагдаж, “Рио”-той учраа олчихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, тэр үед долларт 1700 төгрөг хүртэл буух боломжтой гэсэн урьдчилсан таамаг бий. Сая дурдсан төсөөлөл ажил болвол ам.долларын өнөөдрийн ханш хамгийн дээд ханш болох гэнэ. Шинэ Засгийн газар өмнө засгийн ололттой ажлыг нь үргэлжлүүлээд алдааг нь засаад явбал жилийн дараа ам.долларын ханш 1600 хүрч буух таамаг ч шинжээчдийн дунд яригдаж байна.

Бас нэг таатай мэдээ гэвэл эдийн засаг өнөөдрийнхөөс муудах ямар ч үндэслэл байхгүй гэнэ. Эдийн засаг өсөлт, уналт, тогтворжилтын гэсэн циклиүдээр үргэлжилдэг. Циклээр нь харвал бид бүсээ чангалаад аль хэдийнэ хоёр жил болсон гэнэ. Уруудах цикл маань ерөнхийдөө дуусч байгаа бололтой. Тодруулж хэлбэл хэрэглээний таналт хоёр жил үргэлжилжээ. ДНБ энэ оны эхний гурван улирлаар долоон хувийн өсөлттэй гарсан. Энэ тоо эдийн засгийн онолын үүднээс л өсөлт гэж харагдаж байгаа гэсэн тайлбарыг шинжээчид өгч байна. ДНБ-ий өсөлтийг бүрдүүлсэн салбар нь зөвхөн уул уурхай, барилга хоёр. Хэрэглээний салбар энд огт дурдагдахгүй гэсэн үг. ДНБ-ий 50 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт өсөлт явагдаагүй аж. Хэрэглээний зах зээл унасан гэх гээд байна л даа. Бүр тодруулбал иргэдийн хэрэглээ, бизнесмэнүүдийн бизнесээ тэлэх шийдвэр дээр аль хэдийнэ уналт явагджээ. Энэ цикл жам ёсоороо тодорхой хугацаанд хадгалагдана. Тэгээд эрэлт эргэж сэргэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэлээ л бол бүсээ чангалсан хүмүүсийн эрэлт сэргэнэ, худалдан авалтаа хийж эхэлнэ, бизнесмэнүүд ажилчдаа халах биш, харин ч шинээр ажилчид авч эхэлнэ гэсэн өөдрөг таамаг байна. Хоёр жилийн турш бүсээ чангалсан ийм нөхцөлд Монголын эдийн засагт одоогийнхоос дор байдал үүсэхгүй, эдийн засгийн уналт, хямрал цааш үргэлжлэхгүй гэдэг бол олзуурхмаар мэдээ. Хоёр жилийн турш таналт явагдсан, иргэд, бизнес эрхлэгчид нь ийм удаан хугацаанд бүсээ чангалсан тохиолдолд шинээр байгуулагдах Засгийн газар хэрэглээг дэмжих бодлого явуулах учиртай гэнэ. Хэрвээ хэрэглээг танах бодлого явуулбал эдийн засаг жинхэнэ утгаараа хямарна гэсэн таамаг байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Тамир: Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг С.Эрдэнэ гишүүний хүсэлтээр олон улсын тэмцээнээс хасагдлаа

-ТАМИРЧИД АЛЬ НЭГ ХОЛБООНООС БИШ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС АЗИЙН ЭЛСНИЙ НААДАМД ОРОЛЦОХ БАЙЛАА-

Тайландын Пукет хотноо энэ сарын 14-23-ны өдрүүдэд болох Азийн элсний IV наадамд манай улсын сагсчид оролцох боломжгүй болжээ. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны ерөнхийлөгч Б.Тамиртай ярилцлаа.

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ)-ноос Монголын сагсчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх талаар Монголын үндэсний олимпийн хороонд ханджээ. Үүнээс болж сагсчдыг тэм­цээнд явуулахгүй байх шийдвэрийг Монголын үндэсний олимпийн хороо гаргасан юм байна. Сагсан бөмбөгийн холбоод хэзээнээс зөрчилдөх болсон юм бэ?

-Олон улсын сагсан бөм­бөгийн холбоо, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, тавин жилийн түүхтэй холбоо нь ерөөсөө Монголын сагсан бөмбөгийн холбоо шүү дээ. Сагсан бөмбөгийн холбоо гэж өөрсдийгөө нэрлээд байгаа бусад нь Монголын сагсан бөмбөгийн холбооныхоо доор буюу салбар зөвлөл нь болж ажиллах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нарийн бичгийн дарга Н.Тулга гэдэг залуу гурван жилийн өмнө Үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэдэг төрийн бус байгууллага байгууллаа гээд намайг удирдах зөвлөлдөө орохыг гуйж байлаа. Тэр холбоо гээч нь одоо будлиан хутгаад байна.

Уг нь МСБХ нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд баг тамирчдаа оролцуулах албан ёсны эрхтэй.

-Тийм бол одоо яагаад Азийн элсний наадамд оролцуулахгүй гээд байгаа юм бэ?

-Ерөөсөө л Инчоны наадамд Монголын сагсчид амжилттай оролцоод ирэхэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, түүний нарийн бичгийн дарга Н.Тулга нарын уур нь хүрсэн. Монгол Улсын сагсчид багаараа амжилт гаргаад ирж байхад МСБХ-ны нэр хүнд өсчихлөө гээд байж ядаад байгаа юм. МСБХ тамирчдыг авч яваад амжилтын эзэн болчихлоо гэж уурлаад байгаа нь инээдтэй. Тэднийхээр МҮСБХ гэдэг төрийн бус байгууллага тэр амжилтын эзэн болох ёстой байж. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Азийн Элсний наадамд манай тамирчид мөнгө, хүрэл медаль авч байсан. Одоо дахиад медаль аваад ирэх магадлалтай. Тэгэхээр дахиад МСБХ-ны нэр гарахаас тэд айж байна. Нэр хүндийн төлөө бүхнээ зориулдаг хүмүүс бусдын нэр гарахаас үхтлээ айдаг юм байна. Тиймээс тамирчдыг явуулахгүй гэж Монголын үндэсний олимпийн хороо руу бичиг бариад гүйж байна шүү дээ.

-МҮСБХ тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй байхыг шаардах эрхтэй гэж үү?

-Эрх байхгүй. Монгол Улсыг төлөөлж явах гэж байгаа найман тамирчин ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Шүүхээс тэднийг гадаадад гарахыг хориглоогүй. Энэ нь ерөөсөө л С.Эрдэнэ гэдэг хүний хувийн амбицаас эхтэй. МСБХ-ны ээлжит бус чуулган 2014 оны гуравдугаар сарын 23-нд болсон юм. Тэр чуулганд С.Эрдэнэ, Н.Тулга нар ирсэн. Тэр үеэр МСБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль нууцаар явагдсан. С.Эрдэнэ гишүүн надтай өрсөлдсөн юм. Нууцаар санал өгсөн хүмүүсийн 68 хувь нь намайг сонгосон. Би 17 жилийн турш улсын чанартай тэм­цээнд оролцсон сагсчин хүн. Сагсчид сагсчнаа дэмжсэн. Энэ нь С.Эрдэнэд таалагдаагүй учраас чуулган хууль бус боллоо гээд шүүхэд өгчихсөн. Маргаашнаас нь эхлээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Хурал хууль бус болсон. Би сонирхож байгаад гараад явчихсан” гэж ярьж эхэлсэн. С.Эрдэнэ гишүүн сонгуульд оролцсоныг тэнд байсан хүн бүр мэдэж байгаа. Шүүх нь С.Эрдэнийн гомдлыг хүлээж авч л байдаг.

-Шүүх хоёр холбоо байж болно гэж шийдвэр гаргасан юм биш үү?

-Тэгсэн. Үүнд С.Эрдэнэ гишүүн ханаагүй. Тэр хүн өөрөө МСБХ-г авах гээд үзээд байгаа хэрэг. Дараагийн сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглах л гэж тэр байх. Сонгуулийн насныхны талаас илүү хувь нь сагсан бөмбөгт дуртай. Тэгэхээр сонгогчдын дурладаг сагсны төлөө юм хийж байгаа гэж харагдах нь л тэр хүнд чухал. Түүнээс тэр хүн сагсан бөмбөг гэж юу байдгийг мэдэхгүй.

-С.Эрдэнэ гишүүн холбоог нь дэмжээд та мэргэжлийн хүний хувьд сагсчдынхаа бэлтгэлд анхаараад хамтарч ажиллаж болохгүй гэж үү?

-С.Эрдэнэ гишүүний аав Монголын сагсан бөмбөгийн холбооны ахмад үе шүү дээ. Содномзундуй агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах хүсэлт МСБХ-нд ирсэн юм билээ. Тэр үед би холбооны ерөнхийлөгч биш тамирчин байсан. Өөр тэмцээн давхцаад Содномзундуй агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж амжаагүй гэсэн. Ингээд л Н.Тулга нь С.Эрдэнэд энэ талаар буруу ойлгуулаад зөрчилдүүлээд эхэлсэн. Бидэнд ч санхүүгийн дэмжлэгээс эхлээд тус хэрэг­тэй. Хамтраад ажиллахад болохгүй юм байхгүй. Дэмжээд өгвөл бид PR-ийг нь хангалттай хийгээд өгнө. Гэтэл тэр хүн өөрөө МСБХ-ны үйл ажиллагаанд саад хийгээд эхэлсэн. Улсын бүртгэлийн газарт хүртэл манай холбоог бүртгүүлэхгүй гэсэн. Бид жил гаруй хөөцөлдөж, шүүхийн шийдвэрээр холбоогоо Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байгаа юм. Үүний дараа ээлжит бус чуул­­ган болоход С.Эрдэнэ гишүүн “Би сонгогд­сон ч, сонгог­доогүй ч та бүхэн­тэйгээ хамтарч ажиллана” гэж орж ирчихээд ялагда­хаараа бидний эсрэг дахиад мэдээлэл хийгээд, шүүх­дээд эхэлсэн. Ингээд ажил хийлгэхгүй байхаар яаж хамтарч ажиллах юм бэ.

-Инчоны наадамд явахад ийм маргаан гараагүй юм уу?

-Гаралгүй яах вэ. МСБХ тамирчдыг авч явах ёсгүй гээд бөөн хэрүүл, зарга хийсэн. Уг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай холбоог ир гээд байдаг. Гэтэл бөөн бичиг баримт, хэрүүл болж байж С.Эрдэнийн холбоо, Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны дөрвөн хүн бидэнтэй хамт явсан. Манайхаас хоёр хүн явсан.

-Тамирчдаа бас булаацалддаг уу?

-Тамирчид аль нэг хол­боонд харъяалагдахгүй. Тэдний эрх ашиг ч зөрчигдөх ёсгүй. Бүртгэлтэй гэж яри­вал Т.Санчираас эхлээд МСБХ-нд бүртгэлтэй. Т.Сан­чир хэдэн настай билээ, хэдэн жил сагс тоглож байгаа билээ энэ утгаар нь бодвол гурван жилийн түүхтэй МҮСБХ-нд ямар ч хамаагүй. Гэхдээ тамирчид амжилт гаргаад ирэхэд С.Эрдэнэ гишүүн тусалсан, дэмжсэн гэж өөрийнхөө PR-ийг хийсэн л гэсэн. Үнэндээ нэг төгрөг ч өгөөгүй, бэлтгэл хийж байхад нь нэг удаа ч ирээ­гүй. МСБХ 17 жилийн турш Лигээ зохион байгуулж ирсэн. 18 дахь жилээ зохиох гэтэл С.Эрдэнийн холбоо Спортын төв ордны заалыг авчихсан. Спортын төв ордон манайд заал өгдөггүй байсан. Үүнээс болж тамирчид хохирох ёсгүй. Бид заалгүй боллоо гээд тамирчдыг лигт нь битгий ор гэж хэлэх ёсгүй. Та нар “Үндэсний лиг”-т нь ороо. Харин бэлтгэлээ өөр заал түрээслэж хийе л гэсэн. Тамирчид тэр лигт нь хоёр жил оролцсон. Энэ жил Спортын төв ордны заалаа авах байх гэж бид найдаж байна. Хүсэлтээ өгсөн, хувиараа ч уулзсан. Заал шийдэж өгнө гэж найдаж байна. МҮСБХ даваа, лхагва, баасан гаригт заал авчихсан гэсэн. Бид үлдсэн мягмар, пүрэв, бямбад нь авъя гэж хандахад бодолцъё л гэсэн.

Энэ сард С.Эрдэнийн хол­бооноос зохион байгуулдаг “Үндэсний лиг”-т оролцох баг алга. Гол таван баг нь оролцохгүй гээд гарын үсэг зураад явж байна. Тамирчидтайгаа хамтарч ажилладаггүй холбооны тэмцээнд оролцохгүй гэсэн бичиг өгсөн байна лээ.

-МҮСБХ нь гадаадаас тоглогчид авчирснаар тамирч­дын амжилтад нөлөөлснийг үгүйсгэх аргагүй байх.

-Тэгж өөрсдөө ярьдаг юм. Үнэндээ тухайн баг нь өөрсдөө гадаадаас тамирчдаа авчирдаг. Аль нэг холбоо авчирдаггүй. Лигт оролцож байгаа тав, зургаан багийн ахлагч өөрсдөө тамирчдаа сонгож, урьдаг юм шүү дээ.

-Багийн спортоор амжилт гаргаад эхлэ­хээр эндээ ирээд хэрүүл хийгээд тэмцээн уралдаанд явуулахгүй гээд байхаар олон улсад муухай харагдаад эхлэх юм биш үү?

-Тэр хүмүүст наадахаа хэлээд ичмээр байна шүү гээч. Тамирчдыг явуул л даа. Тэр бүү хэл С.Эрдэнийн холбооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бичиг явуулчихсан байна. Эндэх хэрүүлийнхээ тухай бичээд МСБХ-г холбооноосоо хасаач гэж хүссэн байна. Ийм ичмээр. Тийм уйваагүй. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бидэнд “Юу болоод байна вэ. Бид албан ёсны холбоогоо дэмжиж ажиллана” гэсэн хариу ирсэн.

Монголын үндэсний олимпийн хороонд өгсөн бичгийг нь харахад Инчоны наадамд Монголын тамирчид оролцохгүй байсан гэж байна шүү дээ. Одоо Азийн элсний наадамд оролцуулбал Монголын үндэсний олимпийн хороог шүүхэд өгнө гэж байна шүү дээ. Шүүхэд өгнө гэсэн болохоор Монголын Үндэсний олимпийн хороо тамирчдыг явуулахгүй гэдэг шийдвэр гаргачихсан. Уг нь тамирчид манай холбооны биш Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээд оролцох гэж байгаа юм шүү дээ. Тийм учраас салбарын сайд нь байна уу, Ерөнхийлөгч нь байна уу “Тамирчдыг явуул” гэдэг шийдвэрээ гаргаасай гэж хүсч байна.

Монголын сагсан бөм­бөгийн шигшээ баг таван жилийн турш гадаадын тэмцээн уралдаанд оролц­сон. Олон улсын тэмцээнд оролцож эхлэхээсээ өмнө МСБХ-ны удирдлага дор маш олон жил бэлтгэл сургуулилт хийсэн. Тэр үед МҮСБХ гэгч төрийн бус бай­гууллага хаана байсан юм бэ.

-Олон улсын тэмцээнд тамирчдаа оролцохгүй гэж хүртэл маргалдаж байгааг харахад сагсан бөмбөгийн холбоог удирдах нь тийм ашигтай байдаг юм болов уу гэж бодогдлоо.

-Би энэ холбоог удирд­санаас хойш хувиасаа 70, 80 сая төгрөг гаргасан. Найз нөхдийн минь дэмжлэгийг нэмэхээр 150. 160 сая төгрөг гарсан. Надад нэг ч төгрөгийн ашиг байхгүй. Харин ашиг нь тамирчдын минь амжилт. Энэ ажлыг тогоонд нь байдаг, сэтгэлтэй хүн хийдэг юм. Одоо Мон­голын сагсан бөмбөгийн шигшээ багийн залгамж болох багийг бэлтгэж байна. Монголыг төлөөлөх брэнд бүтээгдэхүүн бэлтгэх нь л бидний ажлын үр дүн шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Хурдлах дуртай залуусын уралдах газар нээгджээ

Улаанбаатараас Цонжин болдог явах замд “Скай фрэндс” хувийн аэродром бий. Тэнд хувийн онгоцнууд хөөрч, буудгийг хүмүүс мэдэх байх. Харин саяхнаас нисэх онгоцныхоо буудлын дэргэд уралдааны машины зам байгуулжээ. Тэндээ “Go kart raceway” төрлийн арав гаруй уралдааны машин оруулж иржээ. Харахад газартай наалдчихаа юу гэмээр намхан, “Формула-1”-д уралддаг машинтай төстэй ажээ. Кузовгүй учраас дотор нь суусан хүн ил харагдана. Машинууд нь улаан, улбар шар, саарал өнгөтэй. Дөрвөн талдаа зөөлөвч маягийн резинтэй. Хоорондоо, эсвэл хашлага мөргөвөл доргилт бараг мэдрэгдэхгүй гэсэн. Уралдааны замын тухайд дэлхийн стандарт 400-1600 метрийн урттай байдаг. Манайд анх удаа байгуулагдсан болохоор эхний ээлжинд хамгийн богино зам буюу 400 метртэйг сонгожээ. Гэхдээ шув шулуун биш. Жолоочийн ур чадварыг шалгасан тойрог ихтэй. Өргөн нь харилцан адилгүй. Яг уралдааны зам дээрээ шулуунд зургаа, тойрогт долоон метрийн өргөнтэй. Харин гараа, барианы хэсэг 10 метрийн өргөн. Машинаа Шанхайн урд хэсгээс “Go kart raceway” төрлийн уралдааны машины үйлдвэрээс очиж авчээ.

Ийм машинаар уралдахад янз бүрийн эрсдэл байхгүй. Маш намхан буюу газраас дээш тавхан см-ийн өндөртэй учраас онхолдох асуудал гардаггүй юм байна. Зам нь ч бас элдэв саад байхгүй толигор. Жаахан ч гэсэн цуурсан бол аюулгүй байдал алдагдана. Тиймээс толь шиг гөлгөр замтай байх ёстой ажээ. Машины тухай ерөнхий мэдээлэл ийн аваад жолоодож үзэхээр болов. Алхаж ороод суучихлаа. Суудал нь газар байгаа гэсэн үг. Хоёр хөлөө урагш жийгээд суудаг ажээ. Суудлын бүс, хамгаалалт гэж байхгүй. Уралдааны зориулалттай учраас автомашины суудлаас арай өөр юм. Автомашинд хэрэглэх зориулалттай хүүхдийн суудал гэж байдаг даа. Яг л тиймэрхүү. Хоёр тийшээ найгахад суудал нь цаанаасаа хүний биеийг барьж өгөх зориулалттай. Тайлбарлагчийн зөвлөсний дагуу нуруугаа сандалдаа наагаад суучихлаа. Харин хоёр хөл хааз, тоормосон дээр яг очиж байна шүү. Тоормос хэрэглэх шаардлага бараг гарахгүй. Хаазаа гишгэхээ болихоор машин өөрөө хурдаа саадаг гэнэ. Ингээд хамгаалалтын дуулга өмсөөд хөдөллөө дөө. Асаахдаа түлхүүр хэрэглэхгүй юм. Суудлын ард байх моторыг асаах ажээ. Машины жин 120-130 кг. Бензин хөдөлгүүртэй. 45 км/цаг хурдалдаг гэсэн. Машин асангуут “За хаазлаад байгаарай” гэв. Уралдааны машин учраас хэт хурдалж болохгүй байх, хэрэв явж байгаад хажуу тийш онхолдвол, эсвэл юм мөргөвөл шууд гэмтэл авах юм байна гэж бодоод зугуухан хаазлав. Хөл хаазан дээр хүрэв үү, үгүй юу машин хурдаа авдаг ажээ. Мотор нь яг хажууханд учраас сүртэй гэгч нь хүнгэнэж байна. Уралдааны зам руу орохын өмнөх хоёр гурван метр зайд хаазаа яаж гишгэх вэ, жолоогоо хэрхэн мушгих вэ, зогсоох бол яах билээ гэдгийг туршиж үзэв. Ерөнхийдөө тэгтлээ айж сандраад байх зүйлгүй ажээ. Заавар хэнд ч ойлгомжтой болохоор уралдааны зам руу дөнгөж ороод л хаазаа гишгэж гарав. Хурдаа богинохон хугацаанд авдаг юм байна. Шулуун замд давхиад баймаар санагдаж байлаа. Харин тойрог дээр эхний удаад тун болгоомжтой эргэв. Жолоо нь бага зэрэг хатуу ч гэлээ гарын хөдөлгөөнийг маш сайн мэдэрнэ. Бага зэрэг залах төдийд эргэж байв. Эхний тойргийг машинтай танилцах, хөдөлгөөнөө хянах маягаар дуусгалаа. Харин дараа, дараагийн тойргууд дээр давхиад л баймаар юм билээ. Жирийн машинаар тойрог дээр хурдтай, огцом эргэвэл онхолдох аюултай. Уралдааны машин тиймгүй. Хурдтай орж ирээд жолоогоо мушгихад бага зэрэг сандарсан ч огтхон ч ажрахааргүй юм. Машиныхаа “аашийг” мэддэг болчихоор 400 метр замыг минут ч хүрэхгүй хугацаанд тойрчихов. Улам хурдалмаар санагдаад хэд хэдэн удаа тойроодхов. Ингэж уралдаж үзэхэд нэг тойрог нь 5000 төгрөгийн үнэтэй.

Эднийх машинуудаа өнгөрсөн наймдугаар сард оруулж иржээ. Удаагүй байгаа ч гэлээ залуучууд аль хэдийнэ мэддэг болчихож. Амралтын өдрүүдээр үйлчлүүлэгч ихтэй болдог гэнэ. Ирсэн залуус хоорондоо бооцоо тавьж уралдахаас гадна өөрсдийнхөө машин дээр хийх боломжгүй үйлдлээ оролдож үздэг ажээ. Уралдааны бооцоо янз бүр. Залуучууд дуртай зүйлээрээ бооцоо тавина. Тойргийн мөнгө даахаас эхлүүлээд тав, арав, хорин мянган төгрөгийн бооцоотой уралддаг гэнэ. Түүнээс өндөр бооцоо ч бий. Сарын өмнө хоёр залуу хүрч ирээд 250 мянган төгрөгийн бооцоотой уралдаад явжээ. Уралдаж байгаа залуус бие биетэйгээ өрсөлдөхөөс гадна цаг харж давхидаг. Тэдгээр залуусын нэг нь 400 метр замыг 23 секундэд туулжээ. Одоогоор түүний амжилтыг эвдсэн хүн байхгүй байгаа гэсэн. Харин ихэнхдээ уг замыг дунджаар 40 секундэд туулдаг юм байна. Эрчүүдтэй зэрэгцээд хүүхнүүд ч уралдах дуртай. Байнга ирж уралддаг эмэгтэйчүүд ч бий гэнэ. Хүүхнүүд өдрийн хоолонд даахаас эхлээд түрүүлсэн нэгэндээ шинэ цүнх, гутал авч өгөх бооцоо тавьж уралддаг юм байна. Ер нь 15-аас дээш настай хэн ч уг машинаар уралдаж үзэх боломжтой гэсэн. Тус газрын зохион байгуулагч Д.Баянжаргал “Залуусын ухамсар, биеэ авч яваа байдал жилээс жилд дээшилж байгаа. Уралдааны машин оруулж ирснээс хойш залуучууд их ирдэг болсон. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүсэлтэй байгаа нь анзаарагддаг. Саяхан л гэхэд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хэдэн залуу ирээд явлаа. Архи дарс сэнгэнүүлсэн нэг ч хүн манайд ирж байгаагүй. Тийм болохоор залуучуудаараа бахархаж байна” гэв. Эднийд ирж байгаа хүмүүс өндөр сэтгэгдэлтэй буцдаг ажээ. Өмнө нь агаарт гарахыг хүссэн ч очоод хийх зүйл байдаггүй байсан, танайх цэвэр агаарт сайхан үйл ажиллагаа явуулж байна гэх талархлын үг тасардаггүй гэсэн. Тиймээс үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг зорих болжээ. Уралдааны машины дугуй хээгүй, гөлгөр учраас цас орсон үед унах боломжгүй. Харин өвөл унаж болох цасны мотоцикль, цасны машин оруулж ирэх талаар судалгаа явуулж байгаа юм байна.

“Go kart raceway” машиныг манайхан өмнө нь оруулж ирж байгаагүй учраас шинэ төрөлд тооцогдож байгаа. Тиймээс урлаг, спортынхон эднийд хүрч ирж кино, клипнийхээ зургийг авч байгаа гэсэн. МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” тоглолтдоо зориулсан гурван дууныхаа нэгийг энд ирж дүрсжүүлжээ. Сүүлд харин “Омарын эрэлд” уран сайхны киноны хамт олон уралдааны машинтай зураг авсан гэнэ.

“Скай фрэндс” хувийн аэродром дээр “Go kart raceway” уралдааны машин байхаас гадна “Томас эйр” ХХК-ийн онгоцнууд бий. “JU-1919”, “JU 1911” гэсэн гурван төрлийн онгоцтой. Дөрөв, зургаан хүний суудалтай эдгээр онгоц “Томас эйр” компанийнх. Эднийх хувийн компаниуд болон хувь хүмүүсийн онгоцыг буулгаж, хөөргөх аэродромыг 2010 онд байгуулжээ. Аэродром ямар байх ёстой, бүх л шаардлагыг хангаж ажилладаг юм байна. Хүлээлгийн танхим, нисгэгчийн өрөө, зорчигчийн өрөө, нисгэгчийн сургалтын төв, нислэгийн удирдлагын өрөөтэй. Онгоц буух, хөөрөх шороон зурвастай ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр өдөр хуралдаад ч Ерөнхий сайдаа тодруулсангүй

Сүүлийн хэдэн өдөр АН-ынхан анхаарлын төвд байлаа. Гэхдээ тэдний хийгээд яваа улс төр, өрнүүлээд байгаа үйл явдлаас ард түмэн хоёр зүйлийг ойлгосонгүй, мэл гайхаж хоцорлоо.

Нэгдүгээрт зүв зүгээр ажлаа хийж байсан Засгийн газраа ордны хуйвалдаанаар огцруулсны учрыг олохгүй байна. Ард түмэн “Н.Алтанхуягийн Засгийн газар яалаа, ямар нэгэн буруу юм хийл үү” хэмээн өөр хоорондоо асууж сураглаж сууна. Үнэндээ улс төрийн судалгаануудыг үзвэл АН-ын рейтинг лав сүүлийн хоёр жил 37 хувиас унаагүй. Дэргэд нь сөрөг хүчин МАН-ын үнэ цэнэ шалдаа бууж, рейтинг нь 25 хувиас хэтрэхгүй байна. Энэ үзүүлэлтүүд монгол түмний дунд эрх баригч хүчний нэр хүнд өндөр байгаагийн баталгаа. Засгийн газар нь сайн ажилласны гавьяа. Шууд хэлэхэд дараагийн сонгуулиар монголчууд АН-ыг дахиад сонгохын нотолгоо юм.

Ийм үед засгаа огцруулсны учир юу вэ. Бодоод байх нь ээ өөрсдийгөө ард түмний бүрэн төлөөлөл гээд итгэчихсэн жиргээчдээс бүх зүйл болох шиг боллоо. Мэдээж тэд ард түмнийг бүрэн төлөөлж чадахгүй. Учир нь өдөрт идэвхтэй жиргэдэг 50 хүн л сошиал ертөнцөд байдаг гэлцдэг. Тэдний дийлэнх нь Ардын намын нэр сүрийг хамгаалж явдаг, тэр зүгийн угшилтай хүмүүс байдаг юм гэсэн. Эрх баригчдыг үзэн ядсан, хийсэн бүтээснийг нь үгүйсгэсэн, Ерөнхий сайдыг нь муу муухайгаар цоллосон доромж жиргээнүүдийг “нисгэдэг”-ээс нь харвал эргэлзээд байх ч юм алга. Угаасаа улс орон сүйрч, ард түмэн өлбөрч үхэх нь хэмээн ухуулж улаан дарцаг дэрвүүлдэг хүмүүс.

Харамсалтай нь ордны хуйвалдагчид тэднийг ард түмэн гэж эндүүрээд хэлсэн ярьсан ёсоор нь Засгийн газраа түлхэн унагав. Жинхэнэдээ ард түмэн тэр твиттерийг чинь мэдэхгүй. Тийм завтай хүн ч байхгүй. Муу ч, сайн ч сонин уншиж, зурагт үздэг болохоор тэндээс твиттер гээчийн тухай олж сонсдог нь дамжиггүй. Ийм байхад 50 жиргээчийн үгэнд орж засгаараа тоглосон учраас ард түмэн эрх баригчдыг барьж идэхийн наагуур юм болж байна. Төсвөө баталж, эдийн засгаа сэргээхээс эхлээд уул овоо шиг их ажил байхад Засгийн газраа огцруулж, албан тушаал ярьж суугааг нь буруутгаж байна.

Хоёрдугаарт сая болсон АН-ын ҮЗХ-ны хурлыг ард түмэн ерөөсөө ойлгосонгүй. Төрийн эрх барьж, засаг авч яваа мундагууд намынхаа гол байгууллагын хурлыг хийнэ гэлээ. Намын даргаа сольж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж, найман гишүүнээ хөөчих ч юм шиг болоод явчихав. Гэтэл эхний өдрөө юу ч хэлэлцсэнгүй. Хэн энэ хурлыг удирдах юм гэж таван цагийн турш хэрэлдэв. Ардчилсан холбооны анхны цуглаанууд дээр дарга болж индэрт суухын дон туссан гэлтэй залуучууд ийм тэмцэл өрнүүлдэг байсан гэдэг. Аргагүй тэр үеийг санагдуулам хөл толгойгүй бужигнаан ҮЗХ-ны хуралд биелэлээ олжээ. Э.Бат-Үүл дарга “Н.Алтанхуягийн намын дарга байх бүрэн эрхийн хугацаа дууссан учраас хурал даргалах ёсгүй” гэж заргалдаад болоогүй тул санал хураалтаар асуудлыг шийджээ. Ингээд өөртэй нь хамт нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нараар хурлыг удирдуулж, санааг нь амраагаад эхний өдөр өнгөрчээ.

Бэлээхэн намын дарга, генсек хоёр нь байсаар атал тэгтлээ үзэлцэн байж, хурал даргалсныхаа үр ашгийг харамсалтай нь Э.Бат-Үүл баатар дараагийн өдөр нь гаргасангүй. Тэрээр ҮЗХ-ны хурлын шийдвэрт нөлөөлж чадсангүй. Учир нь хуралд суусан 170 гаруй гишүүний 70 хувь нь намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг намын даргаараа үлдлээ. Угаасаа ч намын даргын албыг өгөх, үгүйг Их хурлаараа л шийддэг. Тэгэхээр Э.Бат-Үүл дарга ҮЗХ-ны хурлыг бүтэн таван цагийн хэрүүл болгон хувиргасан нь ердөө Н.Энхбаяртай хийсэн гэрээг хүчингүй болгохын төлөө байсан юм гэж үү. Ингэж л ойлгогдохоор зүйл болжээ.

Ямартай ч удаан хуралдаагүй гэдэг шүүмжлэлд өртөөд байсан ҮЗХ-ны хурлыг хийсэн нь олзуурхууштай хэмээн намынхан нь ярьж байна. Хүлээлт үүсгэсэн шигээ үр дүнтэй байсан уу гэдэг дээр шүүмжлэлтэй хандах хүмүүс байгаа юм. Н.Энхбаяртай байгуулсан Н.Алтанхуяг даргынхаа гэрээг хүчингүй болголоо. Ингэснээр дараагийн шинэ Засгийн газрыг заавал МАХН-тай биш, МАН-тай ч байгуулж болох үүд хаалга нээгдлээ. Чухам аль намтай хамтрахыг УИХ дахь АН-ын бүлэг шийдэх нь шиг байна. Мөн намын Их хурлаа арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр товлов. Энэ хурлаар намын даргын асуудлыг ярихаар боллоо гэдгээс өөр дорвитой шийдэл гаргасангүй. Хоёр өдөр суугаад ч шинэ Ерөнхий сайдынхаа нэрийг тодруулсангүй. Найман гишүүний асуудлаа ч шийдсэнгүй, дахин цуглахаар болоод тарав. Тиймээс яах гэж хоёр өдөр хуралдаж, хэрүүл хийцгээснийг нь ард түмэн ойлгосонгүй үлдлээ.

Хурал ч яахав болдгоороо болсон гэнэ. АН-ынхан хэзээний ширүүн хуралддаг. Тэр шинжээрээ Ардын намаас ялгардаг ардчилалтай хэмээн гайхуулдаг. Энэ л жишгээр үргэлжилсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би энэ Н.Алтанхуягтай өмнөх Засгийн газрын үед хамт ажиллаж байлаа. Сая энэ Засгийн газарт ч хамтарч ажиллалаа. Үнэхээр ажил урагшаа яваагүй. Энэ хүнийг засаг барьж байгаа хугацаанд Монгол Улс хөгжихгүй. Ийм л учраас түүнийг огцруулах кноп дарсан” гэдэг үгийг улаан нүүрэн дээр нь хэлсэн сурагтай. Харин М.Батчимэг гишүүн “Ерөнхий сайдыг огцруулах эсэх дээр ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байсан учраас хаяж гарсан юм биш. Угаасаа Н.Алтанхуяг даргын нүүр рүү нь харж байгаад огцруулах кноп дарна гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Залуу шинэ үеэ дэмждэггүй, дээш нь гаргадаггүй гэсэн шүүмжлэл ч хурлын үеэр хүчтэй өрнөсөн дуулдана. Жишээ нь ҮЗХ-ны гишүүн н.Дарханцэцэг Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдэд хандаж “Та нар хэзээ залуучуудаа дэмжиж байсан юм. Өөрсдөө албан тушаалд гарахыг урьтал болгодог. Тиймдээ л өөрийнхөө Засгийн газрыг татаж унагалаа” гэх утгатай үгс чулууджээ. Хариуд нь С.Эрдэнэ гишүүн “Та нар шиг юмнуудыг танихгүй юм байна, хэн юм та нар битгий хуц” хэмээн хэлсэн ч дуулдана. С.Баярцогт гишүүн “Өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг унасан, том компаниуд өрийн сүлжээнд орсон, гадны хөрөнгө оруулалт тасарсан нь Ерөнхий сайдын буруугаас болсон” гэх утгатай үг хэлсэн сурагтай. Энэ мэт эцэс төгсгөлгүй хэрүүлээр дүүрэн хурал болжээ.

Заалнаас УИХ-ын дарга З.Энхболд дараагийн Ерөнхий сайдад 33 гишүүний нэр дэвшүүлж, задгай ярилцъя гэдэг санал гаргаж. Гэвч дэмжлэг аваагүй юм байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын дараагийн тэргүүнээр Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан нарыг нэр дэвшүүлье гэдэг саналууд ч цувсан сурагтай. Хэрэв тэднийг нэр дэвшүүллээ гэхэд Р.Амаржаргалыг МоАХ, Шонхор фракц дэмжинэ. Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж нарын хэн нь ч байсан Алтан гадасынхан дэмжих хандлагатай байжээ. Л.Гантөмөрийг Алтан гадасынхан дэмжих болсноос үүдэлтэй юү ямар ч гэсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нэг ардчиллынханд хандаж “Та нарт дараагийн Засгийн газраас хоёр ч суудал олдохгүй шүү” хэмээн дайрсан гэх яриа байна.

Мөн МҮДН фракц хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Н.Батбаяр, Д.Эрдэнэбат нарыг дагаж, Ц.Баярсайханыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр болсон. Нөгөө хэсэг нь МоАХ, Шонхортой хүч хавсрах нууц тохироонууд ч байсан гэлцэнэ. Гэвч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар шийдэхгүй гэсэн учраас энэ тохироонууд УИХ дахь АН-ын бүлэг дээр нээлттэй сэдэв болон үлджээ.

Харин АН-ын хяналтын хорооныхон “Р.Бурмаа, Ж.Батзандан нарын гишүүдийн нэр дээр маш их гомдол ирсэн. Тиймээс Хяналтын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан гишүүдийг намаас хөөх шийдвэр гаргасан” гэдгээ танилцуулсан байна. Үүнийг нь сонссон Р.Бурмаа гишүүн “Намайг хөөгөөд өгөөч” хэмээн гуйсан гэх мэдээлэл бий. Эцэст нь АН-ын Хяналтын хорооны найман гишүүнийг хөөсөн шийдвэр процедурын алдаатай байсан учраас хүчингүй болгож, энэ асуудлыг дараагийн ҮЗХ-ны хурлаар нэг тийш нь болгохоор тогтжээ.

Ер нь ҮЗХ-ны хуралд ирсэн 170-аад төлөөлөгчийг фракциар нь хуваавал Алтан гадас, МҮДН-ийнхэн нийлээд 90 гаруй хүн байж. Шонхор, МоАХ фракцийнхан ч нэлээд жин дарж байсан бол нэг ардчиллынхан 20, гучуулаа байсан сурагтай. Харин хуралдаанд ҮЗХ-ны гишүүн бүү хэл намын гишүүнчлэлгүй нөхдүүд олноороо ирсэн учраас фракциудын зүгээс гомдол гаргаж, зарим нэг хүнийг хөөсөн тухай мэдээ бий. Хаалттай хийсэн хурлаа жиргээч гишүүд нь нийтэд дэлгээд, задгай хэрэлдсэн АН-ын ҮЗХ-ны хурлаар ийм л сонинтой байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ийм нэг зүйр үг

“Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэсэн ардын мэргэн үг бий. Бараг хүн бүр үүнийг мэддэг. Захын хүнээс асуухад л “Аа тийм, нэг ийм үг байдаг л юм. За яахав дээ, худлаа гэхэд хаашаа юм. Нэг их тэгээд л нэр төр нь хугараад л, сайн нэр олдохгүй байдаг гэсэн юм орчин үед үгүй ш дээ. Юм өөр болсон гэж байгаа” хэмээн өөдөөс цэцэрхэнэ. Нэгэнт ингэж үздэг болсон хүмүүс нэр төрийг хайрлах үзэл огт байхгүй гэхэд хилсдэхгүй. Нэг удаагийн ашгийн төлөө яаж ч чадах, бүр түүнээ хөөрөлхөн гайхуулах нь жирийн харилцааны соёл болсон нь харамсалтай. Гэвч хүн гэдэг амьтан бүтээгдсэн тэр цагаасаа хойш яг хэвээрээ байгаа. Тэр pad хэрэглэдэг л болсон болохоос чулуу хэрэглэж байснаасаа юу нь өөрчлөгдсөн гэж. За яахав нойтон арьс нөмрөхөө байж нийлэг эдлэл өмссөн л байх. Өөр юу ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр ёс суртахууны тэмдэг огтхон ч өөрчлөгдөөгүй гэсэн үг. Өнгөцхөн харахад чи сайн нэрээ хөөдчихөөд араас нь мөнгө төгрөгөөр баллуурдаад мартуулсан гэж бодож байгаа. Хүмүүс яг өөртөө тулсан зүйл дээр таны нэр ба ашгийн төлөө хүнээ байсныг чинь санадаг л байхгүй юу. “Тэгэхэд яаж аллаа, ямар араншин гаргаж байлаа” гэсэн үгийг та мартаагүй байна уу. Тэгвэл энэ үгийг бусад хүн ч санаж байгаа. Нэрээ баастаж сэтгэлээ хөөдөх нь тийм ч хүсмээр зүйл биш дээ, уул нь. Хусах нь байтугай дэлбэлээд ч арилдаггүй юм.

Ж.САНДАГДОРЖ