Categories
мэдээ нийгэм

Хувийн 79 эмнэлэг иргэдэд даатгалаар үйлчилнэ

Улсын хэмжээнд 158 хувийн эмнэлэг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд нэгджээ.

Тодруулбал нийслэлийн болон орон нутгийн хэмжээнд тус бүр 79 хувийн эмнэлгээр иргэд үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм байна. Үүнд “Улаанбаатар Сонгдо”, “Хатагтай”, “Ачтан”, “Номун” зэрэг хувийн эмнэлэг хамрагджээ. Хувийн эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлгийн нийт төлбөрийн 30 хувийг даатгалаас гаргадаг бөгөөд даатгуулагч иргэн сард нэг сая 328 мянган төгрөгийн өртөгтэй үйлчилгээг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй гэнэ. Харин улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл таны ор хоногийн нийт төлбөрөөс 300 гаруй мянган төгрөгийг, хувийн эмнэлэгт хэвтвэл нийт төлбөрөөс 200 орчим мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлөх юм байна.

Categories
гадаад мэдээ

Викториа шилдгээр тодров

“Elle” сэтгүүлээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй эмэгтэйчүүдээс хамгийн гоё, ганган гутал өмсдөг олны танил 10 эмэгтэйг нэрлэхийг хүсч, фэйсбүүкийн тусламжтай санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулгыг Их Британийн “Spice girls” хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм тэргүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Санал асуулгад оролцсон 20 мянган хүний 87 хувь нь “Викториа Бекхэм үргэлж хамгийн гоё, ганган, стильтэй гутал өмсдөг. Дэлхийн ихэнх эмэгтэй түүнд атаархдаг” гэж хариулжээ.

Викториа Бекхэмийн хувьд намхан ултай гутал тэр бүр өмсдөггүй бөгөөд ихэвчлэн өндөр өсгийтэй гутал өмсдөг билээ. Тэрбээр “Elle”сэтгүүлд “Би өндөр өсгийт өмсөөгүй үедээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Өндөр өсгийт өдөржингөө өмсөхөөр хөл их өвддөг. Үнэнийг хэлэхэд золиос, өвдөлтгүйгээр сайхан харагдах боломжгүй” гэж хэлжээ. Санал асуулгын дараагийн байрт дуучин Женнифер Лoпec, гүнж Кейт Миддлтон, дуучин Гвен Стефани, загвар өмсөгч Миранда Керр нар орсон байна.

Викториа дээрх санал асуулгаас гадна Их Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 11-т жагссан бол нөхөр Дэвид Бекхэм нь гуравдугаар байрт жагсчээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад дотоодын 300 гаруй мэс засалч эмч нар чуулж байна

Гадаад дотоодын 300 гаруй мэс засалч эмч нар чуулж байна Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100 жилийн ой, Монголд дурангийн мэс засал үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монголын мэс засалч эмч нарын Х чуулганд өнөөдөр эхэллээ.

Мэс заслын эмч нар салбарынхаа алдаа оноог дүгнэн, шин технологи, олон улсын чиг хандлагын талаар зөвлөлдөхөөр хоёр жил тутам энэхүү чуулганг зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Н.Баасанжав болон албаны бусад хүмүүс оролцсон. Түүнчлэн мэс заслын дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцохоор АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, нийслэл, орон нутгийн төлөөлөл болох 300 гаруй эмч оролцож байна.

Манай Улсын мэс засалч эмч нар өнөөдрийн байдлаар 10 гаруй орны мэс засалчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байгаа ажээ.
Тэгвэл Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа гишүүнтэй хамтран хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зохион байгуулалтын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсанаа энэ үеэр танилццуулсан байна. Энэ хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалтын тогтолцоог олон улсын нийтлэг чиг хандлагын жишигт нийцүүлэн цогцоор нь өөрчлөх зохицуулалтыг оруулжээ. Бодлогын шинэчлэл хийх зорилгоор зарчмын томоохон өөрчлөлтүүд оруулж байгаад ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс олон улсын хүрээлэнг даргална

Ботсван Улсын нийслэл Габароне хотноо зохион байгуулагдсан Ардчилал сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA)-гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 23 дугаар хуралдаанд ГХЭЗХАЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын дэд захирал Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдаанаар 2016 оны дарга орноор Монгол Улсыг санал нэгтэй сонгов. Байгууллагын дүрмийн дагуу дарга орны бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл Монгол Улс АСТОУХ-гийн орлогч дарга орноор ажиллах юм. Түүнчлэн хуралдаанаар байгууллагын жилийн тайлан, стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж Зөвлөхүүдийн зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо.

Тус хүрээлэн нь сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шведийн Стокгольм хотноо төвтэй олон улсын байгууллага юм. Монгол Улс АСТОУХ-д 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд 2013 онд зохион байгуулагдсан гишүүн орнуудын Зөвлөлийн 22 дугаар хуралдаанаас Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Гоёл 2015” наадам үргэлжилж байна

Монголын загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадам энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин, топ моделийг шалгаруулна. Наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх бөгөөд тус арга хэмжээний үеэр Монголын шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм байна. Харин шилдэгүүдийг тодруулах гала тоглолт нь арванхоёрдугаар сарын 3 –нд Соёлын төв өргөөнд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

”Цусаа бэлэглэе” аянг зохион байгуулна

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн хамт олон өөрийн байгууллагын 10 жилийн ой болон Хүний эрхийн өдрийг угтаж “Цусаа бэлэглэе” аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд энэ сарын 28-ны өдрийн баасан гарагт 09:00-12:30 цагийн хооронд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-д цусаа хандивлах ажлыг зохион байгуулна. Тиймээс сонирхсон хэн боловч цуваа өгч болох юм. Нэг хүн цусаа хандивлахад гурван хүний амийг аварч мянган суварга босгосонтой тэнцдэг ажээ.

Categories
гадаад мэдээ

Америкийн одод хар баасан гарагийн эсэргүүцэл хийхийг уриалав

Африк гаралтай америк хүмүүс зонхилон амьдардаг Фергюсон хотын иргэд алуурчин цагдаад шийтгэл оноохыг шаардаж байна. Гэсэн ч дээд шүүхийн 9 цагаан арьстан, 3 өнгөт арьстай гишүүн түүнд ял шийтгэл оноохгүй гэсэн шийдвэр гаргасан юм.Сэйнт Луис хотын гудамжинд хурцадмал байдал үүсч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр дөрөв хоног өнгөрлөө. Лхагва гарагийн өглөө эрт Сэйнт Луис хотын шүүхийн гадна 200 гаруй иргэн жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Тэднийг хүч хэрэглэж мод чулуу шидэж эхлэхэд цагдаа нар өөдөөс нь нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Лхагва гарагийн орой Фергюсоны цагдаагийн хэлтсийн гадна цөөхөн эсэргүүцэгч жагсаж байлаа. Түүнчлэн АНУ-ын Филадельпи, Нью-Йорк, Kливлэнд, Лос Анжелос, Бостон зэргийн 12 хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Гэсэн ч Талархлын баярын өмнөх орой цас орсноос шалтгаалж, эсэргүүцлийн хөдөлгөөн саарах тийшээ ханджээ. Харин Фергюсон хотод жагсаал хөдөлгөөн үргэлжилсэн хэвээр байлаа. Калифорнийн Оклэнд хотод анхандаа тайван замаар өрнөсөн жагсаал аажимдаа улам хурцдаж гудамж талбайд гал авалцан шатаж эхэлжээ. Түүнчлэн Лос Анжелес хотод цагдаа нар 130 хүнийг баривчилсан байна. Энэ үеэр Америкийн зарим одод талархлын баярын маргааш хар баасан гарагийн эсэргүүцэл хийхийг уриалж байлаа.

Categories
мэдээ нийгэм

9904 ширхэг эм, тарилгыг хууль бусар хил давуулахыг завджээ

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн тагнуулын албаныхан Замын-Үүд боомтын Авто замын шалган нэвтрүүлэх цэгт их хэмжээний эм, тарилга хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон үйлдлийг газар дээр нь таслан зогсоожээ. БНХАУ-ын хилийн талаас 596 хайрцаг бүхий хоёр төрлийн 9904 ширхэг эм, тарилгыг хил давуулахаар завджээ. Хууль бусаар оруулж ирэхийг завдсан эм тарилгын дунд хүнд мэс заслын дараа хэрэглэдэг “Interiped” тарилга болон “Addaemel N”хэмээх Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм, тарилгууд байжээ. Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

BSN_1609Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.28/ үдээс өмнөх хуралдаан 10.25 цагт гишүүдийн 51,3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дарга хуралдаанаар хэлэлцэх дөрвөн асуудлыг танилцуулж, баталлаа. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хүн амын бодлого нь хүн амын ирээдүйн хэв маяг, хандлагын өөрчлөлтийн дүнд хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахыг зорьдог.

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хийсэн дүн шинжилгээгээр энэхүү бодлогын зорилго, хүрэх үр дүн, хэмжих хэмжүүрүүд тодорхой бус гэсэн дүгнэлт гарсан байна. Учир нь бодлогод туссан асуудлуудын салбар дундын зохицуулалтыг зааж өгөөгүй, бодлогын зорилго, зорилтууд нь хэт ерөнхий туссанаас бодлогыг бодитойгоор үнэлж, дүгнэх боломжгүй байгаа аж.

Үүний үндсэн учир шалтгаан нь тус бодлого үндэслэлгүй, нөхцөл байдлын дүн шинжилгээгүйгээр боловсруулагдсанаас үүдэлтэй гэж төсөл санаачлагч үзсэн байна . 2004 оны бодлогын зорилтыг Монгол Улсын хүн амын одоо, ирээдүйн чиг хандлага, хэтийн тооцоололд нөхцөл байдлын шинжилгээ хийлгүйгээр тодорхойлсон нь бодлого дөнгөж батлагдсаны дараахнаас эхэлсэн хүн ам зүйн шилжилтийн асар том үйл явдал болох хүн ам зүйн цонх үеийг тусгаагүй байгаа тул бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Г.Уянга, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг нарын тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ хариулт өгөв. Гишүүдийн зүгээс өнөөдөр хүн амын гуравны нэг нь нийслэлд амьдарч байгаа нь сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээнд хүрснийг онцолж, нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг багасгах асуудлыг хүн ам зүйн бодлогын хүрээнд хэрхэн шийдэх асуудлыг хөндсөн. Мөн нөхөн үржихүйн бодлого, түүний дотор олон хүүхэд гаргасан ээжүүдийг урамшуулах болон бүтэн өнчин хүүхдийг дэмжихийн тулд төрөөс ямар бодлого барих, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг яаж дэмжих зэрэг асуудлыг тодотгож байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ өгсөн хариултдаа, Хүн амын бодлогын баримт бичгийг 2004 онд боловсруулсан бөгөөд энэхүү баримт бичгийг судалж үзэхэд тунхагын шинжтэй байдаг. Иймд төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулахдаа хүн амын хөгжлийн эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлэх зорилтыг тусгасан бөгөөд энэ бүхэнд суурилсан эдийн засгийн бодлого явах ёстой. Мөн хөдөө орон нутаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанар адил байх, цаашлаад хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал хотын иргэдийн амьдралаас давуу байх асуудал нийгмийн зөв тогтолцоог бүрдүүлснээр бий болно гэж харж байгаа. Бодлогын хүрээнд 50 гаруй зорилтыг тусгасан. Энэ нь салбар дундын түвшинд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хүн амын хөгжлийн суурь цогц бодлого юм. Өмнө нь материаллаг тал руу хэт анхаарч, хүн амын хөгжлийн бодлогыг орхигдуулж ирсэн. Үүнийг яаж богино хугацаанд нөхөх, хүн амын цонх үед хэрхэн оновчтой хэрэгжүүлэх нь чухал гээд, хүн амын цонх үед бодлогоо зөв боловсруулах юм бол хөгжлийг хурдасгах боломжийг бий болгодог практикийг бусад улс орны жишээн дээрээс харж болно. Ялангуяа бүсчилсэн хэлбэрээр хүн амын амьжиргааны чанарын асуудлыг тавих ёстой гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал нар төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68,6 хувийн саналаар дэмжив. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол шагайн харвааг соёлын биет бус өвөөр бүртгэлээ

Франц Улсын нийслэл Парис хотноо болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 9 дүгээр хуралдаанаас Монгол шагайн харвааг Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэхээр шийдвэр гаргалаа.

Чингэснээр Монгол Улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 12 өв бүртгүүлээд байна.

Дээрх хорооны энэ удаагийн ээлжит хуралдаанд Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсоноос гадна Монгол шагайн харвааны холбоо болон Европ дах монгол шагайн харвааны холбооны гишүүд шагайн харвааг сонирхуулав.

Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 24 гишүүний нэгээр 2014 оны 6 дугаар сарын 4-нд сонгогдсон бөгөөд 2018 оныг хүртэл 4 жил ажиллана.

Тус хороо нь гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн соёлын биет бус өвийг бүртгэх, хамгаалах, хадгалах зорилгоор улс орнуудад олон улсын санхүүгийн тусламж үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэргээр Соёлын биет бус өвийн конвенцийн зорилго, үзэл санааг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага билээ.