Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдаа ашигтай гарсан байна

Манай улс энэ жил 131 оронтой гадаад худалдаа хийжээ. Нийт гадаад худалдааны бараа эргэлтийн тэнцэл 9.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ мөнгөний 4.6 тэрбум ам.доллар нь зэсийн баяжмал, газрын тос зэргээ зарж байж гаднаас оруулж ирсэн мөнгө аж. Харин 4.5 тэрбум ам.доллараар гаднаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авчээ. Машины импорт багасч, зэсийн баяжмал, газрын тосны импорт өссөн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Амаржсан ээжүүдийн тоо хоёр мянгаар нэмэгджээ

Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар гэхэд амаржсан эхчүүдийн то өнгөрсөн оныхоос 2081-ээр нэмэгдсэн байна. Оны эхний арван сарын байдлаар 68.3 мянган эх амаржаад байгаа аж. Төрсөн хүүхдийн тоо 68.7 мянгад хүрчээ. Өнгөрсөн оныхоос 2146 –аар нэмэгдсэн юм байна.

Ц.БИЛИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чанаргүй зээлийн хэмжээ багаслаа

Аравдугаар сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 12.8 их наяд төгрөг байна. Зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 3.7 хувь эзэлж байсан бол аравдугаар сарын байдлаар 0.2 хувиар буурчээ. Чанаргүй зээлийн хувьд есдүгээр сарынхаас буураа ч үгүй, өсөө ч үгүй байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 4.7 байгаа аж. Харин өмнөх оны аравдугаар сартай харьцуулахад 0.6 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ спорт

Шатрын ДАШТ үргэлжилж байна

ОХУ-ын Сочи хотноо шатарын ДАШТ-ий аваргын титмийн төлөө Норвегийн их мастер Магнус Карлсен Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд нар өрсөлдөж байна. Одоогийн байдлаар дэлхийн аварга Карлсен 1,5-0,5 харьцаагаар хоёр өргийн дараа тэргүүлж яваа бөгөөд гурав дахь өргийг Ананд цагаанаар наадаж эхлүүлнэ. Хоёр шатарчин нийтдээ 12 өрөг тоглоод ялагчаа эс тодруулбаас богино өрөг блиц өрөг зэргээр наадаж ялагчаа тодруулах юм байна.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

100 гаруй мянган тонноор илүү үр тариа хураажээ

Манай улс 515.2 мянган тонн үр тариа, 160.7 мянган тонн төмс, 102.6 мянган тонн хүнсний ногоо хурааж аваад байна. Үүнээс гадна 1.1 сая тонн өвс, хадлан, 36.4 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад төмснөөс бусдынх нь хэмжээ өсчээ. Ногоочид түрүү жилийнхээс 30 гаруй мянган тонноор бага хэмжээний төмс хурааж авсан байна. Хамгийн өндөр хэмжээгээр хурааж авсан нь үр тариа юм байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс 130.8 мянган тонн буюу 34 хувиар илүү хэмжээний үр тариа хураан авчээ.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ спорт

Гвардиола “Барса”-гийн дасгалжуулагчаар дахиж ажиллахгүй гэв

Мюнхений “Бавари” багийн ахлах дасгалжуулагч Хосеп Гвардиола өөрийг нь тун удахгүй хуучин багтаа эргэн ирж дасгалжуулах болно хэмээн яригдаад байгаа хов живд хариу өглөө. “Хүний амьдрал хэсэг бүлэг хугацаа,үеэр хэмжигддэг биз дээ. Тэгвэл миний “Барселона” багтай өнгөрүүлсэн гайхамшигт үе эргэлт буцалтгүй дууссан гэдгийг хэлье. Манай эхнэр Барселон хотод ажиллаж амьдарч байгаа, тэнд очоод хөлбөмбөгөөс өөр хийх төлөвлөсөн ажлууд бий гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ ажлуудаа ч гэлээ хэзээ эхлэх вэ гэдгээ одоохондоо тооцоолж амжаагүй л явна шүү дээ” гэжээ. Гвардиола “Барса”-г 2008-2012 онуудад дасгалжуулж байсан бөгөөд энэ үе нь Каталоны багийн сэргэн мандалтын үе байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалын экспорт өсөв

Аравдугаар сарын байдлаар ДНБ долоон хувийн өсөлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Эдийн засаг өсөлттэй гарсны гол шалтгаан нь уул уурхайн салбар аж. ДНБ-ий долоон хувийн өсөлтийн 70 орчим хувийг нь уул уурхайн өсөлт эзэлсэн байна. Харин хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн 27.7 хувийг эзэлжээ. Уул уурхайн хувьд нүүрсний олборлолт экспорт муу байсан ч Оюу толгойн олборлолт, үйлдвэрлэл эхэлсэн гэдэг шалтгаанаар зэс, зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн байна.

Ц.БИЛИГ

Categories
гадаад мэдээ

36 жилийн ял оноов

Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоцны ахмад 69 настай Ли Жун Сокт 36 жилийн хорих ял оноосон байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 462 зорчигч тээвэрлэж яваад осолдсон уг хөлөг онгоцонд сууж явсан хүмүүсийн дийлэнх нь дунд сургуулийн сурагчид байсан юм. Үүний улмаас 295 хүн амь үрэгдэж есөн хүн одоо болтол олдоогүй байгаа. Усан онгоцны ахмадыг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хэмээн буруутгасан бөгөөд прокурорууд түүнд ялын дээд хэмжээний оноохыг шаардсан байна. Гэвч шүүх ялыг нь хөнгөрүүлж 36 жил хорих ял оноожээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Б.Ганзориг нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ

“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр эхэлсэн. Гэвч шүүх хурлыг энэ сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Учир нь шүүгчдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул шүүх бүрэлдэхүүн ийм шийдвэр гаргажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АПЕК-ын эргэн тойронд юу болов

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн гишүүн орнуудын уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

1989 онд Австрали, Шинэ Зеландын Ерөнхий сайд нарын санаачилгаар анхлан байгуулагдаж байсан АПЕК-ийн үндсэн зорилго нь эдийн засгийг нээлттэй болгож хөрөнгө оруулалтыг либеральчлах хэмээн тунхагласан байх юм. Нийт 21 гишүүн оронтой, 13 ажиглагчтай энэ байгууллагад хамгийн сүүлд 1998 онд ОХУ, Вьетнам, Перу зэрэг улсууд гишүүнчлэлээр элссэн. Түүнээс хойш шинээр аль нэг улсыг өөрийн эгнээнд багтаах асуудлыг царцааж хориг тавиад байгаа. Манай улс АПЕК-ийн уулзалтад ажиглагчийн статусаар тогтмол оролцдог. Эхний өдрийн уулзалтуудаас хамгийн их анхаарал татсан сэдвүүд нь эдийн засагтай огт холбоогүй өөрөөр хэлбэл улс төрийн талаар хурцадмал байгаа зарим нэг улсын лидерүүдийн нүүр тулсан учрал хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлтүүд байлаа.

Украйны асуудлаас шалтгаалан бие биесээ сүүлийн хэдэн сар хангалттай шүүмжилсэн В.Путин, Б.Обама нар хүссэн ч эс хүссэн ч энд яах аргагүй нүүр тулан таарав. В.Путин эхлээд гар сунган инээмсэглэн мэндчилэхэд Б.Обама хариу барьж уулзсан энэ яриа таван хормоос илүү удаагүй хэмээн бичиж байна. В.Путины хэвлэлийн албаны дарга С.Песковын хэлснээр энэ богино уулзалтын үеэр ямар ч асуудал шийдээгүй энгийн, дипломат харьцаанд байдаг асуулт, хариултаар дууссан гэнэ. Гэхдээ энэ хоёр лидер өнөөдөр дахин уулзах боломжийг үгүйсгэсэнгүй.

Газар нутгийн маргаантай байгаа Япон, Хятад улсуудын тэргүүнүүд ч мөн хүйтэн хөндий байдалтай хэсэг уулзаж ярилцлаа. Өчигдөр орой улс орнуудын төрийн тэргүүнүүдийн бие даасан уулзалтын дараа хамтарсан “патиар татах” ажиллагаа эхэлсэн. Анх 1991 онд БНСУ-д зохиогдсон АПЕК-ийн уулзалтын үеэр солонгосчууд уригдаж ирсэн “өндөр” зочдоо үндэсний хувцсаараа гангалж зургийг нь авч байсан бол хожим нь америкчууд савхин хүрмээр, индонезичүүд торгон цамцаар хувцаслан мөн л нутаг орныхоо онцлогийг дэлхий нийтэд таниулаад амжиж байж билээ. Гэхдээ энэ уламжлал тэгэсхийгээд зогссон байсныг хятадууд дахин сэргээж байгаа бололтой.

Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин нарын ганцаарчилсан уулзалт болж өнгөрсөн байна. Уулзалтын үеэр Хятадын Төрийн тэргүүн Си Жиньпин хэлэхдээ “Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагууд төр засаг, зэвсэгт хүчин болон энгийн ард түмний хоорондох харьцаа холбоо улам идэвхжиж хөгжөөсэй гэж би хувьдаа боддог” хэмээснийг Хятадын төв хэвлэл онцолжээ.

Б.ХУЛАН