Categories
мэдээ соёл-урлаг

Олон Улсын гар зургийн уралдаанд Манай улсын сурагч Гран при шагнал хүртжээ

Олон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа.
Олон Улсын Эрүүл хотуудын холбооны 6 дугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ний өдрүүдэд Хонг Конг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд 3 ангиллаар гар зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд Хятад, Филиппин, Австрали, Тайвань, Малайз, Япон, Хон Конг, Монгол зэрэг орнуудаас 80 гаруй материал хүлээн авч, эрүүл хотын үзэл санааг өөрийн уран сэтгэмжээр илэрхийлсэн шилдэг зургуудыг шалгаруулсан байна. Энэхүү гар зургийн уралдаанд манай улс идэвхитэй оролцож, мэргэжлийн зураачдын ангилалд Монгени сургуулийн багш Ц.Цэгмид 1 дүгээр байр, сургуулийн хүүхдийн ангилалд Монгени сургуулийн сурагч Т.Нинжбадгар Гран при шагнал, тусгай байранд Монгени сургуулийн сурагч О.Бишрэлмаа, Д.Ариунаа, 60 дугаар сургуулийн сурагч Э.Сарнай нар шалгарч бүтээлүүд нь Эрүүл хотуудын холбооны 2015 оны хуанлид хэвлэгджээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Манай улсын мэргэжлийн зураачид болон зураач хүүхдүүд энэхүү уралдаанд байр эзэлж, амжилттай оролцсонд баяртай байна. Хүүхдүүд маань Улаанбаатар хотоо эрүүл болгох олон өвөрмөц санааг уран сэтгэмжээр илэрхийлж, ур чадвараараа олон улсад шалгарсан нь сайшаалтай юм. Цаашид өөрсдийн зурах авъяасаа улам хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд идэвхитэй оролцоорой” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзориг нарын шүүх хурал хойшиллоо

“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарын 11 хүний хэргийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч энэ сарын 19-ныг хүртэл хойшлуулсан байна. Шүүгчдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул ийнхүү хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.

Д.Ганзориг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэн шүүж байгаа юм. Тодруулбал, Д.Ганзориг нарыг Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг барих тендерт шалгарч 30 барилга барих төсвөөр 19 барилга барьсан. Мөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харъяа “Үндэсний цахим архив”-ын барилга, IV амаржих газрын барилгыг барих мөнгийг төсвөөс авсан ч барилгыг ашиглалтад оруулахгүйгээр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаад байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: АН фракцийн зөрчилгүй шийдвэр гаргасан

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайд, Шинэ Засгийн газрыг байгуулах эрхийг ҮЗХ АН-ын бүлэгт даалгасан. АН-ын шийдвэрээс улс орны хувь заяа хамаарч байгааг бид ойлгож байгаа. АН анх удаа фракцийн зөрчилгүй шийдвэр гаргалаа. Бид 100 хувийн саналаар Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр сонголоо.

Р.Амаржаргалыг нэр дэвшүүлж байгаа нь улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадах хамгийн чадварлаг хүн гэж бид итгэж байгаа юм. Одоо шийдвэрийг АН-ын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-нд уламжилна. Энэ нь шийдвэрийг ҮЗХ-нд танилцуулж буй явдал юм.

Мөн УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөх ажлын хэсгийг АН-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй томиллоо. Энэ ажлын хэсгийг би өөрөө ахална. Бусад намуудтай зөвшилцөх асуудалд УИХ-д суудалтай бүх нам хамаарна.

Өнөөдрийн хуралд 30 гишүүн оролцож 27 нь саналаа өгснөөс 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг дэмжлээ. Нэр дэвшигч Р.Амаржаргал дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөрийг танилцуулсан. Үүнийг бид удахгүй олон нийтэд танилцуулна” гэсэн юм.

Э.БОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Куба улстай спортын салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд биеийн тамир, спорт, соёл, аялал жуулчлалын салбаруудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаар талууд Зөвлөлдөх уулзалтын хүрээнд харилцан тохиролцсон.

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх үүднээс 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Гавана хотноо “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлаг хоорондын хэлэлцээр”-ийг байгууллаа.

Хэлэлцээрт Монголын талаас Элчин сайд О.Даваасамбуу, Кубын талаас Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлагын Ерөнхийлөгч Антонио Бекали Гарридо нар гарын үсэг зурлаа. Манай хоёр орны спортын салбар дахь урт хугацааны, уламжлалт түүхэн, найрсаг харилцаа цаашид улам өргөн хүрээтэй хөгжих боломжоор дүүрэн байгааг талууд онцлов.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах, харилцан айлчлал зохион байгуулах, 2016 оны Зуны Олимпийн наадам Бразил Улсад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан бокс, чөлөөт бөх, жудо, хөнгөн атлетик зэрэг спортын зарим төрлөөр олимпын өмнөх тэмцээнүүдийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, БНКУ-д Монголын бокс, чөлөөт бөх, волейбол, хөнгөн атлетикийн дасгалжуулагчдыг урт болон богино хугацаагаар сургах, бэлтгэх зэрэг олон олон боломжууд бий болж байна.

Кубын талаас Олимпын хоёр алт, нийт 24 медальтай Монгол Улсын медалийн тоо болон чанарыг сайжруулахад хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ албан ёсоор уламжиллаа.

Түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнд Кубын Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга Мигел Анхел Рамирез, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид болон Олимп, дэлхийн аваргын тэмцээнүүдэд домог болсон хөнгөн атлетикийн тамирчин Хавиер Сотомаяор, боксчин Феликс Савон зэрэг тамирчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

800 ажлын байр нээлттэй байна

Өнгөрсөн долоо хоногт МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан байнгын ажлын байранд 25 залуу, цагийн ажилд 149 оюутан залуучууд зуучлагдсан байна. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хөдөлмөр зуучлалын шинэ системийг нэвтрүүлж, залуучуудыг ажилтай орлоготой болгох тал дээр маш олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Цагийн ажил хөдөлмөрийн яармагийг монголд анх удаа зохион байгуулсан, мөн явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж ажил хайж ирдэг байсан залуучууд дээр очиж ажлын байрыг нь санал болгодог болсон юм. Одоогоор залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр 4000 оюутан залуучууд цагийн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн байгаа бөгөөд нээлттэй ажлын байрууд эрх зүйч, эдийн засагч, архитектор, барилгын ерөнхий инженер, марктингийн менежер, гадаад аялал жуулчлалын менежер, цахилгааны хяналтын инженер, Үйлдвэрийн менежер, нярав, борлуулалтын менежер, зөөгч, барилгын туслах ажилтан, үйлчлэгч, борлуулагч, худалдагч гэх мэт ажлын байрууд элбэг байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжлээ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилохоор дэмжсэн байна. Энэ удаагийн бүлгийн хурал фракц, бүлэглэл гэлгүй ил тод нээлттэй болсон гэнэ. Р.Амаржаргал өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ. Бүлгийн хуралдаан эхнээсээ фракц гэж талцалгүй нийгмийн сайн сайхны төлөө ажиллах хүнийг сонгоно гэж байсан аж. Намын бүлэг Р.Амаржаргалыг 100 хувь дэмжсэн гэнэ.

Харин нэр дэвшээд байсан Д.Ганбат гишүүн нэрээ татсан аж.

Р.Амаржаргал 1978 онд нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Магистрын зэрэгтэй.

Тэрбээр 1982-1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч,1983-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд, 1990-1991 онд Техникийн Их Сургуульд багш, 1991-1996 онд Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2000-2004 онд *Амаржаргал* сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Улмаар 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр дараалан 3 дах удаагаа сонгогдоод байна.

Р.Амаржаргал 1994 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнагдсан. Орос, англи хэлтэй.

Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн тариурыг дахин ашигладаг байжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод шүдний өвчний эмчилгээ оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 241 эмнэлгээс 84 хувийн эмнэлэгт шалгалт хийжээ. Шалгалтаар ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн тариур, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Мөн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад хийгдэх үйл ажиллагаануудыг зохих журам, зааврын дагуу хэрэгжүүлдэггүй нь илэрчээ. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг бий болгож байгаа аж.

Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгалтын явцад илэрсэн зарим зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан зарим эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоож ,тусгай зөвшөөрөлийг цуцлахаар болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулна

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тушаал гаргаж, аймаг сумандаа амины орон сууц барих иргэдэд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болжээ. Ингэхдээ тухайн аймгийнхаа ерөнхий төлөвлөгөөний дагуу, төвлөрсөн инженерийн байгууламжид холбогдох боломжтой амины орон сууцыг 8 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд 86 орон тоо нэмлээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10-р сарын 08-ны өдрийн № 643 тоот тушаалаар Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор орон тоог нь 86-н алба хаагчаар нэмэгдүүллээ. Энэ ажлын хүрээнд 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилогдсон алба хаагчдад албан тушаалын цагдаагийн “ДЭСЛЭГЧ” цол олголоо. Хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтэц орон тоог цөөлж, ийнхүү дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд нийт 86 орон тоог нэмэгдүүлснээр иргэдэд хүрч үйлчлэх хүртээмж сайжрах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ спорт

Супер лиг 19-нд эхэлнэ

МҮСБХ-ны “Үндэсний супер лиг” 2014-2015 оны улирлын тоглолт энэ сарын 14-нд эхлэх тов гараад байсан. Тэгвэл шинэ улирлын лигийн тоглолтод оролцох багуудын легионер тоглогчдын нислэгийн хуваарьт тааруулан түр хойшлуулах хүсэлт гаргасныг МҮСБХ хүлээн авч лигийн тоглолтын нээлтийг энэ сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Ингэснээр үндэсний супер лигийн нээлтийн ажиллагаа 19-ний лхагва гаригийн 18.00 цагт Спортын төв ордонд болох юм. Одоогийн байдлаар найман баг бүртгүүлээд байгаа аж.