Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд осолд өртөх нь ихэсчээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2014 он гарснаас хойш есөн сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 01-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 95 бүртгэгдсэнээс 48 тохиолдол буюу 50.52 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна.

Эндэгдэлийн 77.08 хувь нь түлэгдэлт , 18.75 хувь нь зам тээврийн ослоор, 2.08 хувь нь хахсан, 2.08 хувь нь өндрөөс унаж нас барсан байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ өнгөрсөн сард буурчээ

Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниудын консерциум хамтран сар бүр “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцуулж байгаа. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцдог юм.
Өнгөрсөн сарын судалгаагаар өмнөх сараас -2.68 хувь буурсан үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ өнгөрсөн сард өмнөх сараас 2.68 хувь буурчээ. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 0.076 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.86 хувийн өсөлттэй байна.
Энэ удаа Орон сууцны үнийн индексийг нийслэлийн орон сууцны зах зээлийн онцлогт хамгийн сайн тохирсон гэж үзсэн шинэ загвараар тооцож, өмнөх саруудын тооцооллыг урагш нөхөж шинээр тооцжээ.

Өөрчлөлтийн хувь

Өмнөх сартай харьцуулахад

-2.68

Оны эхэнтэй харьцуулахад

0.076

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

1.86

Categories
мэдээ нийгэм

Угсармал орон сууцанд дулааны шинэчлэл хийнэ

Нийслэлийн угсармал орон сууцнуудад дулаан, техникийн шинэчлэл хийснээр III, IV хорооллыг дулааны эрчим хүчээр хангахуйц эх үүсвэр бүхий нөөц бий болох боломжтой юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1965-2000 онд баригдсан 1077 угсармал орон сууц байдаг аж. Эдгээр орон сууцанд 45.4 мянган өрх амьдарч байна. Хуучны гэх тодотголтой тус барилга нь дулаан алдагдал өндөртэй тул гадна талыг нь дулаалах замаар дулааны алдагдлыг арилгах боломжтой гэж хөтөлбөрт тусгажээ. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт 30 хувьд хүрэхээс гадна халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар хэмнэлт 50 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж “Хас” банкны зүгээс үзэж байгаа аж. Мөн санхүүжилтийг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг гаргасан байна. Тиймээс угсармал орон сууцанд дулаан, техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрөлт 3.2 хувиар өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 10 сарын мэдээллийг Үндэсний статитикийн хорооноос гаргажээ. Тоон үзүүлэлтүүдээс харахад улсын хэмжээнд эхний арван сард төрсөн хүүхдүүдийн тоо өмнөх оноос 3.2 хувиар өссөн байна. Түүнчлэн ажилгүйдлийн хэмжээ болоод өрхийн орлого, зарлага хэр өөрчлөгдснийг зурган файлаар дэлгэрэнгүй үзүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засагчдын уулзалт болно

УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Үндэсний Стратегийн Хүрээлэн, Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл хамтран “Гарц” сэдэвт эдийн засагчдын уулзалтыг ирэх баасан гарагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус уулзалтын гол зорилго нь Монгол улсын эдийн засаг, өнөөгийн байдалд бодитой үнэлэлт дүгнэл өгөх, эдийн засгийн сул болон давуу талуудыг тодорхой болгох, боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах, хөгжлийн урт хугацааны стратеги алсын харааг хэрхэн тодорхойлж бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлт хөгжлийг бий болгох төрийн болоод зах зээлийн бүтэц, зохион байгуулалт ямар байх зэрэг асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцон шинээр байгуулагдах Засгийн газарт бодлогын санал, зөвлөмж хүргүүлэх явдал юм гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн валютын ханш /2014.11.12/

Өнөөдрийн байдлаар валютын ханш Монголбанк, арилжааны банкууд болон валютын захууд дээр ямар байгааг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

МЗХ, МОХ нэгдэж ажиллахаар боллоо

Монголын Залуучуудын Холбоо сүүлийн хоёр жилд эрчимтэй ажиллаж, олон залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, нэгтгэж, мөн төрийн болоод төрийн бус, албан байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах цар хүрээгээ улам өргөжүүлэн тэлж байгаа юм. Монгол орны хаана ч очсон МЗХ-ны залуучууд ажиллаж байна, үйл ажиллагаа нь сэргэж, цар хүрээ нь өргөжиж, залуучууд одоо л нэг нам гэж хуваагдахгүйгээр эх орон, нутаг усныхаа төлөө хийе гэсэн чин эрмэлзэлтэй болж байна гэсэн яриа дуулдах боллоо. Энэ бүхэн яалт ч үгүй МЗХ-ны сүүлийн 2 жилд хийсэн ажлын үр дүн юм.

МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, МОХ-ны шинэ Ерөнхийлөгч Д.Батбаярыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэрээ бодитой ажиллууд дээр хамтарч ажиллах талаараа ярилцсан байна. Оюутан залуучуудыг нам болгож хуваахгүйгээр нэгтгэж, тэдэн рүү чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хамтран зохион байгуулах, “Авлига би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү спорт уу” аянд 218000 оюутныг уриалан оролцуулах, 2016 оны сонгуульд шинэ залуу үеийг гарч ирэхэд нь хамтарч дэмжихээр тохирчээ.

Монголын Оюутны Холбоо оюутнуудыг хамгаалдаг байгууллага байсан бол одоо төлөвшил тал руу нь илүү анхаарсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага болно гэдгээ уулзалтын үеэр МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр онцлон хэлсэн юм.
Өнөөдрийн залуучууд ирээдүйд эх орноо авч явах, үр хүүхдээ зөв замруу чиглүүлж, төлөвшүүлэх хүмүүс юм. Тиймээс өнөөдрөөс хамтарч, нэгдэж, хийж бүтээх цаг ирснийг энэхүү хоёр байгууллагын уулзалт харууллаа.

Categories
мэдээ спорт

“Дорноговь CUP-2014” зохион байгуулагдлаа

Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Сайншанд хотод шинээр баригдсан хөлбөмбөгийн талбайн албан ёсны нээлтэд зориулан “DORNOGOBI CUP-2014” хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр аймаг, Багануур ХХК, Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах сум, Зүүнбаян баг (ЗХ-ны 336-р анги), Аймгийн ЗДТГазар, Сайншанд Татах хэсэг 1, 2-р баг, УБТЗ-ын Замын 4-р анги, Онцгой байдлын хэлтэс, “Чандмань-Илч” ОНӨХХК, Шунхлай говь, ЕБ-ийн 2-р сургуулийн 1,2-р баг, Анагаах ухааны их сургуулийн багуудын мэдүүлгийн дагуу нийт 18 багийн 176 тамирчин хөлбөмбөгийн ногоон талбайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Дорноговь аймагтаа анх удаа стандарт талбай дээр бүсийн хэмжээний томоохон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан Аймгийн ИТХ, ЗДТГазар, ССАЖГазар, ЕБ-ийн 1-р сургуулийн хамт олон болон Дорноговь аймгийн уугуул Багануур ХХК-ны менежер Р.Сугиржав, Дорноговь багийн менежер н.Бямбажав, МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга н.Түмэнбаяр, МХБХолбооны Дорноговь аймгийн Зөвлөлийн НБДарга н.Батзангиа мөн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, зохион байгуулалтад оролцсон Д.Буянбат захиралтай Худалдаа Хөгжлийн банкны хамт олонд аймгийнхаа нийт залуусын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Тэмцээний “Шилдэг хаалгач”-аар Дорноговь багийн хаалгач Т.Адъяаням (Тэмцээний турш хоёр гоол алдсан үзүүлэлтээр), “Шилдэг мэргэн бууч”-аар Замын-Үүд багийн довтлогч А.Цолмон (Тэмцээний турш есөн гоол оруулсан үзүүлэлтээр) нар шалгарч цом, 50 мянган төгрөг, ерөнхий ивээн тэтгэч ХХБанкны гарын бэлгээр шагнагдлаа.

“DORNOGOBI CUP-2014” нээлттэй тэмцээний Аварга багаар Г.Дуурсах ахлагчтай Дорнод аймгийн баг тамирчид шалгарч Цом, өргөмжлөл, алтан медаль, 500 мянган төгрөг, 2-р байранд Б.Баяржаргал ахлагчтай Замын-Үүд сумын баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, 300 мянган төгрөг, 3-р байранд Б.Лхагва ахлагчтай Дорноговь аймгийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, 200 мянган төгрөгийн шагналын эзэд боллоо.

Тэмцээний хаалтын үеэр Орон нутагтаа хүүхэд залуусыг хөлбөмбөгийн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах, иргэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж хөлбөмбөгийн талбайг санаачилсан, хөрөнгө санхүүг шийдвэрлэсэн, гүйцэтгэсэн, дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын удирдлагад анхны тэмцээний дурсгалын медаль гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Барилгын туслах ажилтан амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өчигдөр барилгын осол гарч хүний амь нас хохирсон байна. БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Арвин-Очир” компанийн захиалгаар баригдаж буй барилгын дөрөвдүгээр давхарт төмөр тулгуур буулгаж байсан туслах ажилтан унаж хүнд гэмтжээ. Хохирогч Хөвсгөл аймгийн харьяат 23 настай, эрэгтэй Б-г ГССҮТ-д хүргэсэн боловч нас барсан аж. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Иймд барилгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журмыг баримтлан ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өрхийн орлого нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 962.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 93.9 мянган төгрөг буюу 10.8 хувиар нэмэгджээ. Үүнд цалин хөлсний орлого 63.9 мянган төгрөг буюу 14.1 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 21.9 мянган төгрөг буюу 30.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн статистикчид үзсэн байна. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) энэ оны III улиралд 851.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.8 мянган төгрөг буюу 1.9 хувиар буурчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага мөн цаг хугацаанд 962.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 126.2 мянган төгрөг буюу 15.1 хувиар өссөн байна.