Categories
мэдээ нийгэм

Аймгууд мал арилжих сонирхлоо илэрхийлсээр байна

Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан анх удаа амьд малын арилжааг амжилттай зохион байгуулсан бөгөөд цаашдаа даваа, лхагва, баасан гараг бүр арилжаа хийж байхаар болсон. Одоогийн байдлаар тус аймагт амьд малын арилжаа хийх техникийн бэлтгэл ажил бүрэн жигдэрсэн ч мал худалдан авах захиалга ирэхгүй, үнийн хэлцэл тохирохгүй байгаа учраас дахин арилжаа хийгээгүйг Хөдөө аж ахуйн биржийн захирал Ж.Эрдэнэбат хэллээ. Тодруулбал, малчид малын амьдын жингийн нэг кг-ыг 3000 төгрөгөөр худалдана гэж байгаа нь худалдан авах хэлцэл хийх боломжгүйд хүргэж буй ажээ.

Ойрын хугацаанд ХАА-н биржээр дамжуулан Завхан аймагт амьд малын арилжаа хийх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашдаа Хөвсгөл, Увс, Хэнтий аймгууд амьд малын арилжаа зохион байгуулах хүсэлтээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ХАА-н биржид мэдэгджээ.

Сануулахад, Баянхонгор аймагт энэ сарын 6-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн биржийнхэн очиж амьд малын арилжааг зохион байгуулсан юм. Ингэхдээ аймгийн төвөөс Улаанбаатар хотод байрлах Хөдөө аж ахуйн биржтэй цахимаар холбогдон амьд мал арилжих саналыг хүлээн авч, малын амьдын жингийн нэг кг-ыг 1850 төгрөгөөр тооцон 12 хонь арилжих хэлцэл хийсэн. Амьд малыг тус аймгийн иргэд худалдсан бол, худалдан авах саналыг Улаанбаатар хот, Дархан-Уул аймгаас ирүүлж байсан юм.

Categories
мэдээ спорт

Ц.Баярсайхан жюү-жицү бөхийн дэлхийн аварга боллоо

АНУ-ын Лонг-Бийч хотод энэ сарын 01,02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон байна. Тус тэмцээний +100 кг-ын жинд барилдаж аваргын алтан медаль хүртсэн ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа, Монгол улсын заан Ц.Баярсайханыг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэсэн байна.

Монголын баг тамирчид уг тэмцэээд долоон хүний бүрэлдэхүүнтэй оролцож, алт, хүрэл медаль хүртжээ. Харин Монгол улсын заан Ц.Баярсайханы хувьд тэмцээний эхний өдөр тэрээр цэнхэр бүсийн “В-5″ 50-55 насны ангиллын +100 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн аж. Мөн тэрээр Япон улсын Нагаёо хотод болсон Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний +100 кг, үнэмлэхүй жинд барилдаж, алтан медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан зээр хамгаалах аян эхэллээ

Монголын цагаан зээр устаж байгаатай холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас арван нэгдүгээр сарыг цагаан зээрийг хамгаалах аяны сар болгон зарлалаа. Тус аяны хүрээнд цагаан зээр ихээр бэлчдэг Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд сүргийн нүүдлийн нутгийг тодорхойлж, зам дагуух аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой эргүүл хяналт гаргах юм. Мөн Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Баян-Овоо, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд цагаан зээрийн ач холбогдол, үнэ цэнийг таниулах сургалт зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх семинар болно

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх асуудал” сургалт семинарыг 2014 оны 11 сарын 14, 15-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус семинарт Нийслэлийн ИТХ-ын дарга, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл болон Улаанбаатарын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцоно. Мөн Монгол Улсын Их Сургууль, Монголын оюутны холбоо, Сурагчдын холбоо, Олон Улсын Аялал жуулчлалын төвийн төлөөлөл оролцох юм. Семинараар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын эрхзүйн чадамж, түүнийг нэмэгдүүлэх асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу, “Аюулгүй Улаанбаатар”-ыг бүрдүүлэх чиглэл, зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Student police”, ” School police” төслийн үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцоно. Энэ үеэр нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргүүдийн зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Завханд хүн боомоор өвчилжээ

Завхан аймгийн Тэс суманд хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Тус төвийн мэдээлэлд боомоор өвчилсөн байж болзошгүй өвчтөн нь 54 настай, эрэгтэй гэдгийг дурджээ. Өвчтөнөөс авсан эхний сорьцоос хүний боом өвчний төстэй нян илэрсэн байгаа бөгөөд лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хятад иргэнд 11 жилийн ял оноожээ

Хүний аминд хүрсэн БНХАУ-ын иргэн Шуаншид /SHUANGXI/ холбогдох хэргийг Сум дундын 16 дугаар шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхээс шүүгдэгч Шуаншид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар 2014 оны 06 дугаар 27-ны орой БНХАУ-ын иргэн SHUANGXI /Шуанши/ гэгч нь согтуугаар БНХАУ-ын иргэн WULIJITAOGETAO /Өлзийтогтох/-той маргалдаж түүний зүрхэн тус газар нь хутгалан амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ.

Түүний үйлдэлд Сум дундын нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр анх удаа солир дээр робот буулгана

Өнөөдөр энэ жилийн хамгийн том сансрын аялалын үр дүн гарна. Учир нь, Росетта нэртэй сансрын хөлөг хөргөгчний хэмжээтэй роботыг (Филай) нэгэн аварга солир дээр буулгах юм. Солир нь дэлхийгээс 6.4 тэрбум километрийн зайд байгаа.

Хэрвээ амжилттай болвол хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа солир дээр робот буулгасан үйл явдал болох ажээ.

67P/Чурюмов-Герасименко нэртэй солир нь хад чулуунаас бүрдсэн гадаргатай, Ангараг, Бархасбадь гаригуудын хооронд оршдог гэнэ.Росетта хөлгийн 10 жилийн аялалын гол зорилго ердөө л уг солир дээр робот буулгах аж.

Европын Сансрын агентлагийн удирдаж байгаа уг аялал амжилттай болох магадлал 70 хувь байгаа гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Хэрвээ ажиллагаа буух цэгээсээ нэг миллиметр л зөрвөл бүтэлгүйтэх юм байна. Робот газардуулах ажиллагаа орон нутгийн цагаар 16.35 эхэлж долоон цаг орчим үргэлжилнэ.

Энэхүү үйл явдлын дүрсийг Европын сансрын агентлаг шууд дамжуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Оюутны виза картын захиалгад алдаа гарчээ

Нэгдүгээр курсийн оюутнууд нийтийн тээврээр зорчих виза картаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн авсан. Гэвч оюутнуудын виза картны зураг солигдож, зураг нь бүдэг гарчээ. Энэ талаар МОХ-ны нийтийн тээвэр хариуцсан хэлтсийн дарга Г.Ууганбаяр “Өмнөх жилүүдэд Төрийн банк оюутнуудын мэдээллийг скайнердаж оруулснаар виза картыг удаашралтай гаргадаг байсан. Тиймээс энэ жил тухайн сургуулийн оюутны зөвлөлөөр дамжуулан захиалгыг авсан нь хурдан гэж үзсэн юм.МОХ нь тухайн сургуулиас ирсэн мэдээллийн дагуу Төрийн банк руу шилжүүлсэн гэсэн үг. Энэ асуудал бүх сургуулийн оюутнуудад гараагүй. Тухайн сургуулийн өгсөн мэдээллээс шалтгаалж, харилцан адилгүй байгаа” гэв.

Сургууль тус бүр дээр карт нь алдаатай гарсан хүүхдүүдийн мэдээлэл, зургийг дахин авч, алдаагаа засч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Авто худалдааны цогцолбор” хагас сайнд нээлтээ хийнэ

Хот доторх авто машин, сэлбэгийн худалдааны есөн зах, 34 цэгийг нэгтгэн “Авто Худалдааны Цогцолбор” руу нүүлгэн шилжүүлэхээр болсон.

Уг цогцолбор ашиглалтад орсноор агаарын болон хөрсний бохирдлыг багасгаж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулна гэж үзэж байгаа.
“Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14000 авто машины зогсоолтой. Эхний ээлжинд дөрвөн блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай явж байна. Гэнэтийн хүндрэл гарахгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Одоогоор нийт 20.4 га талбайд далангийн дүүргэлт хийж, асфальтаар хучжээ. Мөн автомашины зогсоол, хэрэглэгчдийн зогсоол, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, банк, даатгал, цайны газар, нийтийн бие засах газрын хэмжээг нэмээд 30 га талбайг ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч компанийхан хэлж байна. Цаашид тус цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэг, оношлогооны төв, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох юм.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой гэр бүл” өдөрлөг зохион байгуулна

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн дэмжих хороо нь залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор “Тогтвортой гэр бүл” өдөрлөгийг 11 сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт Нийслэлийн зургаан дүүрэг тус бүрээс 15 гэр бүл оролцох бөгөөд “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Амаржихуйн гайхамшиг” сэдвээр сургалтад хамрагдаж, мэргэжлийн багш нараас зөвлөгөө авах боломжтой аж. Түүнчлэн оролцсон хосууддаа “Даймонд” гэрэл зургийн студи, “Мишка” орос өлгийн дэлгүүр, нярайн асаргааны зөвлөмж DVD, Хүүхдийн угаадаг даавуун живх зэргийг хөнгөлөлтэй үнээр худалдан авах эрхийн бичгүүдийг гардуулан өгөх юм байна. Анхныхаа үрээ тэврэх гэж буй залуу ээж аавууд тус өдөрлөгт идэвхитэй хамрагдахыг Монголын залуучуудын холбооноос уриаллаа.