Categories
мэдээ нийгэм

Удаа дараа хууль зөрчиж буй баарны эздэд хариуцлага тооцож байна

Нийслэл болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн архидан согтуурахтай тэмцэх тасгаас сүүлийн үед архидан согтуурахтай холбоотой эрүүгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж цаг хэтрүүлдэг болон зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй баарны эздийг хууль тогтоомжид заасны дагуу захиргааны журмаар албадан баривчилж эхэлсэн байна. Үүний дагуу “Доргио” шөнийн клубын үйл ажиллагааг зогсоож тус баарны захиралд захиргааны журмаар баривчлах арга хэмжээ авчээ. Цаашид иймэрхүү зөрчил дутагдал гаргахгүй байхыг аж ахуйн нэгж иргэдэд анхааруулж байгаа бөгөөд хяналт шалгалтаа улам сайжруулж ажиллана гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ засаг ба нүүрлэсэн хямрал

Засгийн газар онхолдчих­лоо. Хэн зөвтэй буруутайг тоочоод ч яахав. Монголд ард­чилсан тогтолцоо, чөлөөт зах зээл нэвтэрснээс хойшхи 13 дахь Засгийн газар томилогдон ажиллах нь тодорхой боллоо. Хууль тогтоох инстүүц л бужиг­на­чихгүй бол гүйцэтгэх засаглал солигдох нь тийм ч аймаар гамшиг биш. Огцорч буй Засгийн газрыг онхолдуулах олон л шалтаг байсан байх. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь өнөөдөр Монгол Улсыг багалзуурдах гээд байгаа эдийн засгийн хямрал юм. Ганц жилийн дотор төгрөгийн ханш гуравны нэгээр уналаа. Улсын валютын нөөц үндсэндээ дуусч байна. Инфляц суга өсөх нөхцөл бүрдчихлээ. Гадаа­дын хөрөнгө оруулалт гуравны хоёроор хорогдлоо. Гаднаас орж ирэх валютын урсгал бараг л зогсч байна. Экспорт суларснаас болж импорт эрс багаслаа. Улс орныг сүүлийн арван жил мандуулж, экспортын бараг 90 хувийг хангаж байсан уул уурхайн үйлдвэрлэл тэр чигээрээ годройтчихлоо. Үүнийг дагаад хөгжих гэж алж өгч байсан барилгын салбар дагаад онхолдов. Араас нь тэгээд онхолдоогүй ч юм үгүй болох шив дээ. Энгийн нүдээр харахад энэ жилийн дэлгэр сайхан зунд лав л Улаанбаатарт ажиллаж буй кран харагдсангүй. Үнэ нь тэнгэрт хадаж байсан оффи­сын барилгуудын давхрууд тэр чигээрээ хоосорчээ. Гуанз ресторан ч бас үйлчлүүлэгчгүй болж. Харин хаа очиж энэ зун зуу нэлээд гаруй сумдынхаа 90 жилийн ойг элбэг дэлбэг нижгэр сайхан тэмдэглэсэн дээ. Уг нь 1924 онд Монголын засаг захиргааны 125 хошууд ноёныхоо нэрээр нэрлэгддэг байсныг болиулж уул усны нэрээр сольсон юм л даа. Гэхдээ яахав яахав, сайхан л наргиж наадсан.

Ердөө гурван жилийн өмнө дэлхийн хамгийн нэр хүндтэй эдийн засгийн сэтгүүл болох “Экономист” Монголд зориулж тусгай дугаар гаргаж, Монголыг “Азийн тав дахь бар” гэж нэрлэж байв. Сүүлийн 10 жилд ДНБ-ээ 10 дахин өсгөж чадсан ийм орон түүхэнд байгаагүй гэж магтав. ДНБ нь жилд бараг л 20 хувь өсч байгаа хулганыг бар гэхгүй юм бол өөр хэнийг бар гэх юм бэ? Монгол бол дэлхийн хөгжиж байгаа орнуудад алтан жишээ байлаа. Монголыг дуурай гэж том эдийн засагчид энд тэндгүй хичээл зааж байлаа. Харин одоо “Монгол шиг л болчихов доо” гэсэн үлгэр жишээг ядуу буурай орнуудад хичээл заах эрдэмтэд сургамжилна. Гадаадын хөрөнгө оруулагчид монголчуудтай, тэр дундаа засаг төрийн төлөөлөгчидтэй уулзахаас зугтаана. Ямар сайндаа хуралд очсон сайдыг маань огт зовохгүй “Бөлдгөн толгой” гээд сонин дээрээ бичихэв дээ. Манай бизнесмэнүүдийг “аброген” гэж нэрлээд уулзахаас шууд татгалзаж байна. Олон улсын бирж дээр “Монгол” гэсэн үг орсон хувьцаа болгон шалан дээр унажээ.

Азийн хэрэгцээг үндсэндээ хангадаг Австралийн нүүрсний ордууд усанд автсанаас болж нүүрсний үнэ огцом бараг 10 дахин өссөн. Үүнийг гадны нэгэн эксперт “Ийм аз зуу юм уу мянган жилд л нэг удаа тохиолддог юм. Та нар энэ бололцоог ашиглаж чадсангүй дээ. Дахиж ийм үнэд хэзээ ч хүрэхгүй” гэж байсан. Монго­лын нүүрсийг тогтвортой худал­дан авах гэрээ хийсэн Хятадын компанийн захирал “Бид их азтай. Нүүрсний үнэ ингэж унана гэж бид мэдээгүй болохоор Монголтой 70 дол­лараар гэрээ хийчихээд дараа нь амаа бариад сууж байтал тэд өөрснөө гэрээг дан ганц талаасаа хүчингүй болгочихсон. Одоо тэд 30 доллараар гуйж өгч байгаа” гэж ярьсныг сонссон хүн байдаг л юм билээ. Австрали усанд автсаны дараа тэн­дээс дэндүү хамааралтай байсан япон, солонгосчууд сандралдан нэг зах зээлээс хамаарах хамаарлаа багас­гахын тулд Монголтой урт хугацааны гэрээ хийе гэж хэдэн жил гүйлдэн өвдөг сөг­дөж байлаа. Харин одоо тэд Тавантолгойгоос дутахгүй том нөөцтэй Мозамбиктай гэрээ хийсэн тул Австрали сөнөсөн ч алзахгүй болоод авсан. Мозамбикийн нүүрсний орд далайгаас 200 км, гэвч иргэний дайны үед битүү минижүүлчихсэн тул төмөр зам тавьж чадахгүй сандарч байжээ. Минигүйжүүлчихсэн, төмөр замаа барьчихсан. Тэд бололцоог сайн ашиглаж амжсан. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр боссон ганц улс нь ЗХУ юм гэнэ лээ. Гэх­дээ эргээд нурчихсан шүү дээ. Хоригоос болоод дахин зад­рах дээрээ тулчихаад явна.

Оюутолгой бол дэлхийд хамгийн том дагнасан орд. 2008 онд хөрөнгө оруулагчтай гэрээ хийж эргэлтэнд оруулсан. “Бөлдгөн толгойтуудын” шаард­лагаар уурхай ашиглах гадны компанийн 34 хувийг Засгийн газар эзэмшихээр боллоо. Ирээдүйд буй болох ашгаараа дэнчин тавин зээл тавьж бөөн өрөнд орчиж байгаа юм. Үүнийг нь тооцохгүй бол яахав дажгүй л гэрээ болсон. Хамгийн гол нь эргэлтэнд орлоо. 2010 оноос Монголд эргэлдэж бай­гаа мөнгөний гуравны нэгийг ерөөсөө ашиглаж эхлээ­гүй байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын мөнгө эзэлж байлаа. Гэвч нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг Монголын Засгийн газар хариуцаж байгаа учир ашиглалт хийж буй компани юмаа аль болох их үнээр үнэлэх бодлого барих болов. Төрийн хууль тогтоох байгууллага, Засгийн газар, төрийн өндөрлөгүүдээсээ авахуу­лаад ердийн иргэд, жагсаалчин цуглаанчин, рэкэт­чин, хуурамч эх оронсогуудаа хүртэл ордыг дайран давшиж хуулиа өөрчилж, тулган шаар­даж, шалгалт шүүлгээр дарж, жагсаж цуглан, гадны компанийг бүхлээр нь үнэгүй хурааж авна хэмээн тулган шаардах боллоо. Бүгдээрээ л сэгэн дээр цугласан махчин шувууд. Ингэсээр 30 доллар хүрч байсан хувьцааг нь гурван доллар болтол унагав.

Хариу нь ирлээ. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан төдийгүй хэн ч ямар ч салбарт гаднаас хөрөнгө оруулалт хийхийг хориглосон хууль батлаад хаядаг байх шүү. Одоо Оюутолгойн хөрөнгө оруулагчид хариугаа авч эхэлж байна. Асуудал иймдээ тулсан тул ерөөс гарч явах, явдаггүй юм гэхэд 2008 онд хийсэн гэрээнээсээ татгалзан өөрчлөх шаардлага тавих болов. Монголд хэзээ нэг цагт орж ирсэн, ирээд гараад явсан, ирэх санаатай байсан 190 орчим компаниас хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нь асуухад 140 нь Оюутолгойг харна гэсэн байна. Оюутолгойд хөрөнгө оруулагчид ч илэрхий давуу талаа ашиглаад одоо тэд хүлээж авахад үнэхээр хэцүү шаардлага тулгаад эхлэв. Наймаа хийж байгаа хэн ч өөрийн давуу талыг ашиглаж таарна даа. Тэр том нөлөөтэй, дэлхийн хамгийн том компани Монголын найд­варгүй тухай Засгийн газрынх нь тэнэглэлийн тухай сур­­талчлагч болж хувирав. Манай дарга нар юу ч тайлбарлаад хэнд ч сонсогдохгүй. Бүх бурууг монголчууд руу чихэж байна. Үүнийг нь нотлох “бөлдгөн толгойтын” хангалттай үг материал, үйлдэл богоон богооноороо бий. Үгүй дээ л дүүргийн татварын байцаагч гүйж очоод 140 сая долларын торгууль тавьчиж байгаа юм. Цаадуул нь басамжлаад хэдэн чингэлэг бичиг баримт авчраад шалга л даа гээд дэлгэчих жишээтэй. Шалгалтынхан компьютерт итгэхгүй, заавал анхан шатны баримт үзнэ гээд байхаар нь тэр шүү дээ. Манайхан болохоор уул шиг овоолсон бичиг дундаас нь “мэргэжилтэн нь нохойгоо эмчлүүлсэн байна”, “дэндүү үнэтэй зочид буудалд хоносон байна”, “гадны тогоочоор хоол хийлгэж” гэх мэтийн юм олжээ. Энэ бүх “зөрчлийн” нийт үнэ нь ганц сая доллар хүрэхгүй. Гэтэл хоёр тэрбум долларын зарга хийгээд яваа юм шүү дээ.

Хамтарч ажиллаад аль аль тал ашиг олъё гэж тохиролц­чихоод хүн муу хэлээд ч яахав. “Монголоос ашиг л олох гэж байгаа юм, түүнээс биднийг харж үзэж туслах гээд байгаа юм биш” гэсэн дээдсийн үг ёстой үнэн, харин гомддог нь буруу байхгүй юу даа. Ашиг олохгүй юм бол энэ хорвоогийн мухарт мөнгөө барьж ирдэг мунхаг хаана байхав. Биднийг ер нь харж үзээд яах юм бэ, бид энэ хорвоогоос авлагатай учир заавал харж үзүүлж байх ёстой юм уу? Аль аль талдаа ашиг гаргаад хамтарна гэдэг бол бизнес. Бизнес л энэ хорвоог хөдөлгөж байгаа гол механизм.

Саяхан гадны экспертүүд ирээд эдийн засгийн судалгаа хийсний дүнд өнөөдөр Мон­голд тохиолдоод байгаа хямрал нь гадны хүчин зүй­лээс болоогүй, зөвхөн өөрсдийнх нь ааш авираас болж байна гэсэн нэгэн утгатай хариу гаргажээ. Өнөөдөр Алтан­хуягийг, шинэчлэлийн Засгийн газрыг нийтээр хараан бүхий л бурууг чихэж байна. Буруутангаа олчихоор л эдийн засаг сайжрах юм шиг. Үнэндээ энэ хямралын буруутан нь бид бүгдээрээ. Бүр гурван саяулаа. 2004 оны сонгуульд хоёр голлох нам бүх төрлийн мөнгө уралдан амлаж эхэлсэн. Хүүхдийн, хуримын, ахмадын, төрсний гэх мэт ердийн биологийн үйл явцууд өндөр шагналтай болсон. Дараа нь ч утгаа алдсан даа. Монголын хүн болгон эхлээд 70 мянга, дараа нь 120 мянга, дараа нь сар бүр 22 мянгыг авч идээд жорлон руу асгасан. Тэгээд цаана нь АН-ын амласан хүний сая, МАН-ы бүлтэрсэн сая хагас… Мөнгө амласан болгонд өвчтэй эрүүл нь хамаагүй төрөө атгуулсан. Нийтдээ сүүлийн 10 жилд дөрвөн тэрбум доллар бэлнээр нь тараасан шүү дээ. Дээр нь ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалтыг ёстой цацаж өгсөн. Зургаан тэрбум долларыг шал хэрэггүй юманд зарцуулсан. Дор хаяж шүү. Цэцэрлэг үнэгүй, сургуулийн хүүхдийг үнэгүй хооллоно, оюутны төлбөрийг төр даана. Ер нь л төрийн бүх үйлчилгээ үнэгүй. Үнэ тогтворжуулах төслүүд бүүр ч аймаар. Монгол улс түүхэндээ ингэж баярхаж үзсэн үү? Улс баяжаад ирэхээр хувийн компаниуд дагаж хөөрөн 10 гаруй тэрбум долларын зээл тавьсан. Төр ч бонд гаргаж түүгээрээ цалин тавиад эхлэх шив дээ. Улс орны эдийн засгийн тулгуур объектуудыг төр атгачихаад бизнесч царайлаад суучихаар авлига замаа алдсан.

Мөнгөтэй болохоороо хуримтлалыг огоорон байдгаа цацаж тансагладаг монгол заншил оргилдоо хүрлээ. Хүмүүс худалдаж аваад байгаа учраас л өргөн хэрэглээний барааны үнэ дэлхийн хамгийн баян улс Америкийнхаас 2-3 дахин их болжээ. Хүнээсээ олон гар утастай, өрхөөсөө олон автомашинтай боллоо. Нөөцийн мах, хямд архийг хэн ч тоохоо болив. Хөөрөг, хурдан морины ханш тэнгэрт туллаа. Биеийн хүчний ажил хийх хүн олдохоо болив. Зарлагдаж байгаа 10 ажлын байрт хоёр хүн олдвол их юм. Нийт хүн амын гуравны нэг, 35-аас дээш насныхны гуравны хоёр нь жингийн хэтрэлттэй, хэт таргалалттай гэсэн оноштой болжээ. Тэгсэн мөртөө л бүхий л мэдээллийн хэрэгслээр монголчууд ядуураад турж үхэж байгаа тухай чих хууртал ярина. Шинэ баян цээж өвчтэй гэж ярьдаг л даа, гэхдээ баяжлаа гээд амиа хорлож болохгүй шүү дээ.

Одоо засгаа огцруул­чих­лаа. Шинийг томилж таарна. Энэ орон дан галзуучуудаас бүрдээгүй. Улс төрийн бүх намууд нийлж аль шилдгээ нийлүүлэн Засгийн газар байгуулж хямралаас гарах хэрэгтэй байна. Нэгэнт хямрал гаднаас биш зөвхөн биднээс өөрсдөөс маань болж байгаа юм бол хамтраад л засах хэрэгтэй мэт. Яагаад гэвэл энэ алдаа эндэгдлийг шударга ба шударга бишүүдтэйгээ, эх оронч ба урвагчидтайгаа, шар хадныхан ба ердийн эрүү­лүүдтэйгээ, засаг төртэйгээ нийт ард түмэн маань нийлж байгаад хийсэн шүү дээ. Өнөө­гийн ертөнцөд улс төрийн намгүй төрийн тогтолцоо гэж байхгүй. Нам бол төрийн, тэр дундаа ардчилсан төрийн тулгуур багана. Намгүй болоод нэг үзье гэж эх орноо дахин нэг аймаар туршилт руу түлхээд яахав. Байгаагаа тордох, болохгүй бол шинийг байгуулаад л явахаас. Улс төрийн нам төлөвшихгүйгээр төр төвхнөхгүй. Нам бол орчин үеийн төрийг бүтээх гол инстүүц. Намаар дамжиж төрийн инстүүц бүрддэг. Намыг ард түмэн өөрснөө л бий болгодог. Хошногоо өмхий гэж тайрдаггүй.

2014.11.8

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эх оронч үзлээ хаанаас хайх вэ?

Агуулга, хэлбэрийн зөрчил бидний үндэсний үзэл дээр жинхэнэ илэрч байна даа.Хэлбэрийг нь авч үзвэл бид дэндүү үндсэрхэг үзэлтэй. Эх орон гэж цээжээ дэлдэгсэд зурагтын дэлгэцээр дүүрэн. Төрийн түшээд, удирдлагууддаа “Хужаагийн эрлийз”, “Урвагч” хэмээх шошгыгядах юмгүй зүүчихдэг. Хятадуудыгүзэн ядагсад, хийрхэгсэдхаа сайгүй. Агуулгаар нь авч үзвэл бид үнэндээ үндсэрхэг ард түмэн гэж үү. “Солонгосчууд зөвхөн үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг” гэж харь оронд хүнд хөдөлмөрт нухлагдаад ирсэн олон хүн ярьдаг. Хангүгчүүд үндсэрхэг ард түмэн юм байна. Харин бид дэлгүүрт ороод Үндэсний үйлдвэрлэлдээ “За” гэдэггүй. Эх оронд маань гэтэл бидний хуурамч хайр, нялуун үг нэмэргүй. Эх оронч үзэлэнгийн зүйлээс эхэлдэг юм байна. Монголдоо хөрөнгө оруулах, эх орондоо үйлдвэрлэсэн бүхнийг илүүд үзэхээсэхэлдэг.Эх орны үйлдвэрийнх гэхээрээ л итгэл сэтгэл мааньдундраад явчихдаг байж таарахгүй. Эх орны үйлдвэрийн сүү, тараг байвал гадаадын йогуртыг сонгож магадгүй. Эх орны үйлдвэрийн архи дарснаасхэл үсэг нь танигдахгүй харийнхыгилүүд үзэх вий.Харийн гэсэн бүхэн илүү мундаг санагддаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг тахих шахдаг.Дотоодын хөрөнгө оруулагчиддоохнуур үнэлэгдэнэ.Харийг шүтэх үзэл хэдийнээс бидний тархинд гүн гүнзгий суучихаа вэ. Ах нарын амыг харсан социализмын дал, наян жил биднийг дорд сэтгэлгээтэй болгочихсон юм болов уу. Эх оронч үзлээ хаанаас хайх вэ?

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин Р.Амаржаргалын Засгийн газарт ажиллахгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулсан. Бүлгийн хуралдаанд оролцсон 28 хүн 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон ч “Алтангадас”-ын долоон гишүүн бүлгийн хуралдаанд оролцоогүй, харин Х.Тэмүүжин гишүүн хуралдааныг хаяж гарсан байна. Тэр бүлгийн хуралдаан дээр нэр дэвшигчид хандаж,

-Амаржаргал гэдэг хувь хүнийхээ хувьд танд Засгийн газар толгойлох, эдийн засгийн хямралтай энэ нөхцөл байдлыг давах чадвар байгаа гэдэгт би итгэж байна. Гэвч Х.Тэмүүжин гэдэг хувь хүний хувьд намаа нулимаад, засгаа унагаагаад явсан хүмүүс намын нэрээр засаг толгойлох нь зөв зарчим биш гэж би үзэж байна. Ардчилсан нам энэ албан тушаалын төлөө бие биенээ барьдаг чөтгөрийн тойргоосоо гарах ёстой гэж би боддог. Тиймээс би таны асуудал дээр санал өгч чадахгүй” гээд гарчээ.

Үүнээс гадна Х.Тэмүүжин гишүүн шинэ Ерөнхий сайдын кабинетэд орж ажиллахгүй гэдгээ хэлээд харин хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал дээр Засгийн газрыг УИХ дотор дэмжиж ажиллана, харин шинээр томилогдох Ерөнхий сайд хуулийн байгууллагын толгойд улстөрчдийг тавьдаг муу жишгээс аль болох хурдан салж, мэргэжлийн хүмүүсээр нь удирдуулаарай гэдгийг нэр дэвшигчид захисан байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хаягийг солонгосоор бичжээ

Нийслэл Улаанбаатарт тулгамдаж буй томоохон асуудалд хаягжилт зүй ёсоор багтана. Баар, ресторан, дэлгүүр хоршоо, томоохон худалдааны төв, компаниудын гадна байрласан хаягийг уншихад харийн оронд амьдраад байгаа мэт сэтгэгдэл төрдөг нь нууц биш.

Тэгвэл улсад бүртгэлтэй албан байгууллага тэр дундаа хүүхдийн цэцэрлэг гаднах хаягаа солонгосоор бичсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Улсын тэргүүний гэгдэх тодотголтой нийслэлийн нэгдүгээр цэцэрлэгийн гаднах хаягийг ийнхүү солонгосоор бичсэн нь цахимд ихээхэн шүүмжлэл өрнүүлж байна.

Энэ байдлыг жиргээчдийн зарим нь БСШУ-ны яамнаас баримтлаж буй бодлого, Мүүний шашинтан гэгддэг тус яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай холбон тайлбарлах нь ч бас байна.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан бүртгүүлж болно

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг өнгөрөгч 10 дугаар сард үйлчилгээнд нэвтрүүлж, албан ёсны нээлтээ хийсэн билээ. Тэгвэл зорчигчид өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газарт урьдчилан бүртгүүлж, энэ сарын 17-ны өдрөөс эхлэн цахим гарцаар улсын хил нэвтрэх боломжтой болжээ.

Уг гарцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Оюутнуудын амьдралыг харуулсан кино бүтээнэ

Монголын үндэсний кино урлагийн академи, Монголын оюутны холбоо хамтран оюутны амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөжээ.

1974 онд бүтээгдсэн “Мартагдашгүй намар” уран сайхны киноноос өөр оюутны амьдралыг харуулсан томоохон бүтээл өдгөө хүртэл гараагүй юм байна. Тус кино хийх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их, дээд сургуулийн оюутан залуусын дунд кино зохиолын уралдааныг зарлаж байгаа аж. Зохиол нь сэдэвт баригдахгүй оюутны амьдралыг аль ч талаас нь харуулсан байж болох гэнэ. Харин нэгдүгээр байрын шагнал нь нэг жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх ба зохиолоор нь кино хийх, хоёр, гуравдугаар байрт шалгарсан оюутныг сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө. Мөн шилдэг зохиолуудаар эмхэтгэн ном болгон хэвлэн гаргах аж. Зохиолыг ирэх сарын нэгний 17:00 цаг хүртэл МОХ байранд хүлээн авах бөгөөд файл хэлбэрээр batjargal@student,org.mn хаягаар авч, жүжигчдийн сонгон шалгаруулалтыг ирэх сарын долооноос 14-ний хооронд явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэнэ

Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын Сайтуудын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо, Радио телевизийн академи зэрэг байгууллагууд сэтгүүлчдийн шинэ жилийн баярыг хамтран зохион байгуулахаар болжээ. Сэтгүүлчдийн шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ улстөрийн хүчин, бизнесийнхэнээс хараат бусаар тэмдэглэх бөгөөд урлаг соёлын оддыг урин зардал гаргахгүй гэдгээр онцлог юм байна.

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлзүйн салбарт олон төрийн бус байгууллагууд байгаа. Шинэ жилээ хамтдаа тэмдэглэж байгаа нь эдгээр холбоодыг нэгтгэж буй чухал алхам юм. Шинэ жилийн тасалбараас цугласан мөнгөөр хуримтлал үүсгэж сэтгүүлчдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шар хантаазтанууд Хонгконг Сингапураас туршлага судална

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдааныг зохион багуулсан. Тус уралдаанд шалгарсан 11 талбайн үйлчлэгч, гурван жолооч, хоёр хог тээврийн машины ачигч, нэг цэцэрлэгжүүлэгч гээд нийт 17 ажилтныг Хонгконг Сингапур руу аялах эрхийн бичгээр шагналаа. Шилдэг ажилтнууд 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 2-ныг хүртэл таван шөнө зургаан өдрийн аялалд оролцож туршлага судлахаас гадна Хонгконг Сингапуртай танилцах аж.

Categories
мэдээ улс-төр

Хөвсгөлийнхөн Р.Амаржаргалыг эсэргүүцжээ

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл аймгийн АН-ын гишүүд дэмжигчид УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “АН 2009 оноос хойш 4 удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж Шинэчлэлийн Засгийн газар байгуулан урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалтын ажил хийж ирсэн нь жирийн гишүүд, нийт ард иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Гэвч МАН-ын бүлгээс гаргасан турхиралтыг дэмжин өөрийн намаас байгуулсан Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахад УИХ дахь манай намын бүлгийн зарим гишүүд урваж эсрэг кноп дарсан нь намын бодлогын дүрмээсээ урвасан увайгүй үйлдэл болсон. Гэтэл албан тушаалд хэт дурлан намаасаа урвасан нөхөд дараагийн Засгийн газрыг байгуулахад Ерөнхий сайд, бусад сайдын суудал горьдож байгааг бид эрс буруушааж байна. Намаасаа урвасан Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг эсэргүүцэж, бүлгийн шийдвэрийг эргэн харах шаардлага хүргүүлж байгааг хүлээн авна уу. Цаашид намын дүрэм журмыг чандлан дагаж, намын бодлогыг зөрчих, урваж шарвах асуудлыг хатуу хориглож, зөрчсөн этгээдүүдэд дүрмийн дагуу хариуцлага оноож байхыг шаардаж байна ” гэсэн байна.