Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Уншигч” роман 39 хэлнээ хөрвүүлэгджээ

Германы орчин үеийн романч Бернхард Шлинкийн “Уншигч” хэмээх энэхүү роман 1995 онд гарсан даруйдаа бестселлер болоод гучин есөн хэлнээ хөрвүүлэгдэж, Европ, Америкийн утга зохиолын нэр хүндтэй шагналуудыг авсан бүтээл билээ. Профессорын гэр бүлээс гаралтай 15 настай хөвгүүн, нас бие гүйцсэн эмэгтэй хоёрын дунд гэнэт дүрэлзсэн хайр дурлал, мөнөөх эмэгтэй хотоос гэнэт алга болсноор тасарна. Найман жилийн дараа хуулийн ангийн төгсөх курсийн оюутан залуу, нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүх хурал дээр эмэгтэйчүүдийн хорих лагерийн харгалзагч асан хүмүүсийн дотор мөнөөх эмэгтэйгээ олж харна. Шлинк зохиолч гэхээсээ илүүтэй хуульч шиг бичсэн нь сонирхолтой. Бүсгүй хүний эрхэмсэг бардам, цэвэр ариун хэр нь нууцлаг тийм нэг зан чанар, хүйтэн дайны ширүүн салхи, шоронгийн бүгчим өрөөнд ч гундаагүй тийм нэг гоо үзэсгэлэн бүгдийг Ханнагаас олж харж болно. Баатрууд нь сэтгэл хөдлөлөө хазаарлаж, товч бөгөөд тодорхой хүүрнэнэ. “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 221 нүүртэй энэ романд зохиолч нилээд хэдэн сэдэв хөндөж. Гурван хэсгээс бүрдэх энэхүү зохиолд гол баатар бүлэг бүртээ нэгэн асуултад хариу эрнэ.

Өөрөөсөө эгчмэд Ханнатай бие сэтгэлийн холбоо үүсгэсэн нь анхаарал татахуйц бөгөөд Михаэль үүнээсээ үргэлж ичингүйрнэ. Насны зөрүүтэй хоёрын зовлон ямархан хэцүү билээ. Энэ мэт явдал нь залуу хүмүүний амьдралд сүрхий нөлөөлөхгүй ч үзэл бодлыг нь өөрчилж болох талтай. Өрөөл нэгний нүднээс далдуур уулзаж учрахдаа биесээ жаргаах ч олны нүдэн дээр, трамвай дотор Михаэль гэрэвшиж эмзэглэнэ. Хөндлөнгийн нэгэнд Ханна, Михаэль хоёрын харьцаа хайр сэтгэл гэхээсээ илүүтэй хайр сэтгэлд туршлагажих гэсэн балчир хөвүүний оролдлого мэт харагдана.

Бичиг үсэг тайлагдаагүй Ханнад Михаэльтай байх туйлын сайхан байлаа. Учир нь Михаэль түүний “Уншигч” нь юм. Гомерын “Илиада”-гаас эхлээд “Дайн ба Энх”, Чеховын зоxиолууд гээд түүнд таалагдах болов уу гэсэн ном бүрийг чанга дуугаар уншиж өгсний хариуд жаалхүү биеийн жаргал эдэлнэ. Ном уншуулж байхдаа бүсгүй баярлаж, үзэн ядаж, догдолж, дуу хураах бүрт нь түүнийгээ хайрлаж, өхөөрдөх Михаэльд энэ бүх сайхан зүйл дуусашгүй мэт. Гэтэл нэг өдөр Ханна түүнийг орхин одно. Хаашаа явснаа, яагаад орхисноо хэлсэнгүй. Олон жилийн дараа шүүхийн танхимд түүнийгээ олж харах хүртлээ мартаж чадсангүй. Хүнтэй суусан авч Ханнагаас мэдэрдэг байсан тэр мэдрэмжийг, тэр үнэрийг, тэр бардам занг хайсаар, эцэст нь гэрлэлтээ цуцалдаг.

Ханна түүний амьдралаас гэнэт явсан шигээ гэнэт гарч ирнэ. Бичиг үсэггүй гэдгээ бусдаас нуух бардам сэтгэлээсээ болж бүх ялыг үүрч шоронгийн хаалга татахад шүүх хурлыг дуусан дуустал түүнийг ажиглан ард нь суусан хуульч Михаэль өсвөр насандаа Ханнад ашиглуулж байсан уу гэсэн асуулттай л үлдэнэ. Учир нь шоронгийн харгалзагч байсан Ханна хоригдол бүсгүйчүүдээр ном уншуулдаг байсан тухай шүүх хурлын үеэр яригдав. Михаэль өөрийгөө тэр хоригдол бүсгүйчүүдийн нэгэн адилаар төсөөлж, түүний олон олон “Уншигч”-ийн нэг байсан гэж бодсоор. Гэсэн ч өөрийгөө бас буруутгах шалтгаан гарч ирнэ. Ханнаг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг шүүх танхимд суугаа хэн ч мэдсэнгүй. Шүүхийн шийдвэр гарч Ханна шоронд, Михаэль хуучин амьдралдаа эргэн орно. Гэвч Ханнаг бодохгүй өдөр гэж үгүй. Ханнад туслах ганц арга бол түүнд дахин ном уншиж өгөх явдал сэтгээд сонирхолтой байх болов уу гэж ухаарна. Зохиолын хоёрдугаар хэсэгт Ханна харгалзагчаар ажиллаж байсан хуучин нацистын хорих ангийн харгалзагчдыг шүүх агаад Михаэль тусламж хүсээгүй нэгний нууцыг дэлгэн байж, Ханнаг хамгаалж өмгөөлөх нь зөв эсэх тухай эргэцүүлэх ажээ. Аливаа хууль журмыг мэдэхгүй явж, тухайн үеийнхээ хүнлэг бус дүрэм журмыг аргагүйн эрхэнд дагасан гээд хариуцлагаас мултарч болох уу. Ханнагийн бичиг үсэгт тайлагдаагүй байсан нь энэ зохиолын хоёр дахь томоохон сэдэл болдог. Угтаа Ханнаг бичиг үсэгт тайлагдаагүй гэснээр тухайн үеийн Германы бусдыг үл ойшоосон, дээрэнгүй зан байдлыг илэрхийлсэн нь тодорхой.

“Зандалчин хүн ямар нэгэн тушаалаар бусдыг хөнөөдөггүй шүү дээ. Тэр зөвхөн ажлаа л гүйцэтгэж яваа. Өрөөл нэгнийг үзэн ядаж, өс санасандаа ч бус, тэр тусмаа хэн нэгэн замд нь хөндөлслөө гэсэндээ хороох нь үгүй. Зандалчны золиос болсон тэр улс түүний хувьд огтхон ч холбоо хамааралгүй. Амийг нь авлаа ч яалаа, байлаа ч яалаа гэтлээ холбоо хамааралгүй шүү дээ”. Ханна тухайн үеийн дийлэнх германчууд шиг болж буй бүхэнд сэтгэл хөдөлж, зүрх зориг гаргаагүйдээ л буруутай. Үнэндээ тэр үест Ханна шиг хүн зоныг үй олноор хөнөөж, араатан шиг авирлах нь жир үзэгдэл байсан биз ээ. Хүн хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээх учиртай нь эл романд хөндсөн гуравдахь том асуудал юм. Ханна хэзээ ч айж эмээж яваагүй бөгөөд үүрэг хариуцлагаа бүрнээ ухамсарладаг эмэгтэй. Өөрийгөө ч элдвээр зөвтгөж өмөөрсөнгүй. Зохиолын төгсгөл эмгэнэлтэй ч гэмээр. Амь үрэгдсэн үй олны өмнө ингэлээ гээд гэмээ цайруулахгүй ч Ханнаг өмгөөлж хэдэн үг хэлэх сэн гэх хүслийг уншигчдад өөрийн эрхгүй төрүүлнэ.

“Миний оронд та нар байсан бол чухам яах байсан бэ” гэх Ханнагийн асуултад хэн ч хариулж чадахгүй нь ойлгомжтой. Михаэль Ханнад хүүхэд байхдаа уншиж өгсөн гэж бодсон олон номыг чанга дуугаар уншиж хуурцагт буулгаад шорон руу илгээдэг боллоо. Хичнээн ном уншсанаа мартахгүйн тулд тэмдэглэл хөтөлж, Ханнад бас ойлгомжтой байх болов уу гэж хуурцагнуудыг дугаарлана. Хийж байгаа зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Гэтэл нэг өдөр Ханнагаас зурвас ирэв. Ханна уншиж бичиж сурчээ. Үүнээс илүү сайхан мэдээ гэж юу байхав. Яг л жаахан хүүхэд шиг үзгээ чанга дараад хичээнгүйлэн бичсэн хэдхэн үгтэй тэр зурвас Михаэлын хичээл зүтгэл талаар болоогүйг батална. Ханнаг шоронгоос гарч, амьдралд хөлөө олоход нь багынх нь хайрт тусалсаар эцэст шарил дээр нь очиж буйгаар роман өндөрлөдөг. Хүн хүнээ хайрлахын гайхалтай жишээ бол орчуулагч Ч.Баатарын дуун хөрвүүлсэн эл роман юм. Энэ романаас сэдэвлэн найруулагч Стивен Дэлдри “Уншигч” киногоо бүтээсэн бөгөөд 2009 оны “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагналыг хүртсэн билээ.

Л.ЦЭНГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 29. Санчир гариг. Билгийн тооллын 8. Чөдөр одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 08.35 цагт мандан, 17.17 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Categories
гадаад мэдээ

Супер модель эболатай тэмцэхэд зориулж дэлгүүр нээжээ


Британийн загвар өмсөгч Наоми Кэмпбелл эбола вирустэй тэмцэхэд зориулж дэлгүүр нээжээ. Тус дэлгүүр нэг долоо хоногийн турш ажиллах бөгөөд тэндээс олсон орлогыг эбола тахалтай тэмцэхэд зориулах юм байна. Дэлгүүрийн бараан дунд даашинз, гутал гэх мэт алдартай загвар зохион бүтээгчдийн бүтээлүүд тавигдахаас гадна загвар өмсөгчийн өөрийн хувцаснууд байгаа аж. Мөн загвар өмсөгч Кейт Мосс, загвар өмсөгч Стелла Маккартни нар хувцас хандивласан байна.

“Эбола тахал болон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын тухай хүмүүсийн ойлголт мэдэгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүмүүс тодорхой ойлголттой болсноор энэхүү аюултай вирусыг тархахаас урьдчилан сэргийлж чадна” хэмээн Наоми Кэмпбелл дэлгүүрээ нээхийн өмнө мэдэгджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Гоёлын даашинзны загварын шоу ирэх сарын 5-нд болно

Дэлхийн загварын нийслэл Нью-Йорк хотноо бослон “Couture fashion week Fall 2014” загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” цувралаараа оролцож, дэлхийд монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулжээ. Урлах эрдэм дээд сургуулийг багш, дизайнер мэргэжлээр дүүргэн, зэгварын салбарт 10 гаруй жил ажиллахадаа хамтарсан 1200 гаруй, бие даасан 650 гаруй загваруудаа гаргаж, 2004-2009 онд нийт зургаан удаа өөрийн бие даасан загварын шоугаа хийсэн байна.

Тэрээр оюутан ахуйдаа буюу “Гоёл” наадмын гран при шагналын эзэн болж байжээ. Өнгөрөгч онд телевизийн “Модарт” загварын шоуны ялагч болж дэлхийн загварын нийслэлд өөрийн коллекцоо гайхуулсан юм.

Дизайнер Отгоо өөрийн загварын шоугаа хийх товоо зарлажээ. 2014 оны “Хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу” хэмээн тодорхойлогдож буй “O COUTURE Fashion Show Fall 2015” шоу ирэх сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Энэхүү шоуныхаа тухай дизайнер бүсгүй “Миний урланд яг одоо шинэ бүтээлүүд маань мэндэлж байна. Энэ оны трэнд болохоор 52 ширхэг дахин давтагдашгүй гоёлын даашинзууд төрж, тэр үдэш ирсэн бүсгүйчүүдийн нүдийг хужирлах болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн их хуурч Г.Жамъян агсныг хүндэтгэнэ

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсны 95 насны ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Г.Жамъян агсны үр хүүхдүүд болон Жамъян сан, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран өнөөдөр 17:00 цагаас Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна. Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын “Морин хуур”-ын чуулга, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд уран бүтээлээ толилуулахаас гадна Жамъян багшийн үр хүүхдүүд ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүлнэ.

Categories
гадаад мэдээ

В.Путин Карлсенд шагналыг нь гардуулав

Дэлхийн шатрын хаан титмээ хадгалсан Норвегийн залуу их мастер Магнус Карлсены шагналыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гардуулав. Өнгөрөгч лхагва гаригт(11.26) Сочи хотноо болсон энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ноён Кирсан Николаевич Илюмжинов нарын хүндэт зочид байлцсан юм.

Өдгөө 23 настай гроссмейстер өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард өмнөх аварга Анандыг 6.5-3.5 онооны харьцаагаар хожин дэлхийн аварга болсон билээ. Энэ жилийн гуравдугаар сард цол горилогчдын тэмцээнд 44 настай Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд хожин дэлхийн аваргатай өрсөлдөх эрхээ авсан юм.

Дэлхийн аваргын цолны төлөөх шигшээ тоглолтод өнгөрөгч даваа гаригт(11.24) өндөрлөсөн. Хэдийгээр 12 өрөгт өрсөлдөхөөр журамд заасан ч Карлсен 11 дэх өрөгт хожил авснаар 6.5 оноо авснаар дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан юм. 100 сая еврогийн шагналын сантай тус тэмцээний ялагч нь 600 мянган еврог, ялагдагч нь 400 мянган еврог хүртсэн юм.

Карлсен энэхүү өрсөлдөөнд ороход тусалсан олон шатарчныг нэрийг дурдаад тэр дундаа Гарри Каспаровыг онцгойлон магтсан байна.

Categories
гадаад мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийг хориглох тухай хуулийг боловсруулжээ

Гэр бүлийн хүчирхийллийг хориглох тухай хуулийг боловруулжээ БНХАУ гэр бүлийн хүчир­хийл­лийг хориглох тухай анх­­ны хуулийн төслийг бо­ловс­руулжээ. Гэр бүлийн хүчир­хийллийн талаархи асуудал тус улсын хувьд олон жилийн турш орхигдож ирсэн бөгөөд холбогдох албаны хүмүүс энэ шинэ хуулийн төслийг нааштай хүлээн авч байгаа аж. Гэхдээ батлагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Шинэ хуульд анх удаагаа албан ёсоор гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтыг тодорхой тусгасан байна.

Ингэхдээ таслан зогсооход чиглэсэн дүрэм журмыг хялбаршуулах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагуудын урт удаан хугацааны турш шаардаж ирсэн саналуудыг хуулийн агуулгад тусган өгөх аж. Бээжингийн эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвийн захирал Хоу Зимин “Эцсийн эцэст энэ хууль журам руу чиглэсэн хөдөлгөөн эхэллээ” хэмээн дүгнэн хэлсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн хууль тогтоомжийн асуудал эрхлэх алба хуулийн төслийн агуулгад зарим нэг учир дутагдалтай заалт байгааг олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.

Хятад улс арваад жилийн өмнө хүртэл бие махбодийн хүчирхийллийг салах шалтгаан гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Харин 2001 онд шинэчлэн баталсан гэр бүлийн тухай хуульд анх удаагаа гэр бүлийн хүчирхийллийг хориглох заалт оруулж байжээ. Гэхдээ уг хууль нь гэр бүл хүчирхийллийн хууль эрх зүйн тодорхойлолт байхгүй байсан учир хохирогчдын олонхи нь шүүхэд ханддаг ч, цагдаагийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага болон орон нутгийн байгуулагад хэргийг нь шилжүүлдэг байж.

Учир нь хохирогч ноцтой гэмтэл аваагүй л бол олон нийтийн байгууллагууд гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй байна. Хятадад 2005 онд явуулсан судалгаагаар нийт гэр бүлийн бараг 30 хувьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэсэн дүн гарчээ.

Тэдний бараг 70 хувь нь нөхөр нь эхнэрээ дарамталдаг байсан бол үлдсэн 30 хувь нь эсрэгээрээ эхнэр нь нөхрөө дарамталдаг болох нь тодорхой болсон байна. Мөн үүсэх шалтгааныг хөдөө тосгонд нөхрөө ямагт дээдлэх ёстой гэсэн уламжлалт ойлголттой холбоотой гэж үздэг аж. Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амиа хорлох хамгийн том шалтгаан болдог байна.

Categories
гадаад мэдээ

Эболагаар нас барагсдын тоо 5689 болж нэмэгдлээ

Эболагаар нас барагсдын тоо 5689 болж нэмэгдлээ Баруун Африкт хурдацтайгаар тархаж буй эбола цусархаг халууралт өвчнөөр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, /арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар/ дэлхийн найман оронд уг өвчний халдвар авч нас барсан хүний тоо 5689 болж нэмэгджээ. Харин энэ онд Гвиней улсад эбола вирус дэгдсэнээс хойш 15935 хүн үхлийн аюултай вирусын халдвар авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт “Эбола”-гийн халдвар авсан 600 шинэ тохиолдол бүртгэгджээ. Статистикийн мэдээллээс үзвэл, хамгийн олон хүн нас барсан болон халдвар авсан тохиолдол Либерид бүртгэгдсэн байна. Тус улсад 3016 хүн нас барж, 7168 хүн халдвар авчээ. Харин Либери улсын дараа Сьерра-Леон /1398,6599/ Гвиней /1260,2134/ улс орж байгаа юм. Гвиней улсын нөхцөл байдал “тогтвортой” гэж ДЭМБ дүгнэж байна. Нөгөөтэйгүүр, Сьерра-Леонд халдвар авах хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ирэх оны төсвийг 12 дугаар сарын 4-нд эцэслэн батлана

niislel

НИТХ-ын ээлжит 21-р хуралдаан өчигдөр нийслэлийн Хангарьд ордоны Их танхимд боллоо. Тус хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Үүнээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын танилцуулсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах” талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг төлөөлөгчдийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр тогтжээ.

“Нийслэлийн 2014 оны нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилт”, “2015 оны зорилтыг батлах” тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн, “Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт” батлах тухай, “Концессын зүйлийн жагсаалт” батлах тухай, “Нийслэлийн 2015 оны төсөв батлах” тухай Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн, “Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах” тухай Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарын танилцуулсан асуудлуудтай холбогдуулан 28 төлөөлөгч асуулт асуун хариулт авч, 23 төлөөлөгч саналаа хэлсэн байна.

Эдгээр асуудлуудыг НИТХ-ын дэгийн 20 дугаар зүйлд заасны хоёр үе шаттайгаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд дараагийн ирэх сарын 4-ний өдрийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтжээ. Энэ хугацаанд НИТХ-ын хороод болон нам, эвслийн бүлгүүд хурлаараа дээрх асуудлуудыг авч хэлэлцэн санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулах дэгтэй юм байна. НИТХ-ын хороодын болон нам, эвслийн бүлгийн хурлын тов гарсан ба хуваарийн дагуу “Хууль зүй, төрийн байгуулалтын хороо”, “Өргөдөл гомдлын хороо”-ны хамтарсан хурал 11 дүгээр сарын 28-нд, “Байгаль орчин, экологийн хороо”-ны хурал, “Хот байгуулалт, дэд бүтцийн хороо”, “Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо”-ны хамтарсан хурал, “Нийгмийн бодлогын хороо”-ны хурал тус бүр 12 дугаар сарын 01-нд, Нам эвслийн, бүлгийн хурал 12 дугаар сарын 02-нд, “Төсөв, санхүү, эдийн засгийн хороо”-ны хурал 12 дугаар сарын 3-нд тус тус хуралдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд Шинжлэх Ухааны Академийн Дээд шагнал олгов

Нийслэлийн 375 жилийн ой, Монголын Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн Ё.Гэрэлчулуунд олгосон байна. Тус хүндтэй шагналыг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулжээ. “Хубилай хаан” шагнал нь Шинжлэх ухааны Академийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын судлаач, эрдэмтэн болон төрийн зүтгэлтэн нарт олгодог журамтай юм байна гэж Шинжлэх Ухааны Академиас мэдээллээ.