Categories
мэдээ улс-төр

“Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Уламжлалт эм, эмийн ургамал компани НӨҮГ-ыг татан буулгах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Батдорж нар оролцлоо.
“Уламжлалт эм эмийн ургамал компани” НӨҮГ нь анх 1974 онд байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны байдлаар 2 үндсэн, 12 гэрээт ажилтантайгаар монгол эмийн ургамлын үйлдвэрлэл явуулж байна. 2014 оны 2 дугаар улирлын балансаар 32 659,1 мянган төгрөгийн орлого олж, 45,681,6 мянган төгрөгийн зардал гарган 13 023,5 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан. 42 712,6 мянган төгрөгийн өрийн төлбөртэй, 80-аад хувь нь татварын байгууллагад төлөх шаардлагатай. Тус байгууллагын удирдлага нь Нийслэлийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулдаггүй 2013, 2014 оны жилийн тайлан балансаа Төрийн сан болон Өмчийн харилцааны газраар баталгаажуулаагшй, 2014 оны бизнес төлөвлөгөө болон зорилтот түвшний талаар санал ирүүлж батлуулаагүй байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/94 дүгээр захирамжаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралуудтай байгуулсан 2013 оны контрактын биелэлтийг дүгнэхээр байгуулагдсан ажлын хэсгээс “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татн буулгах санал гаргажээ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах үндэслэл дутуу байна. Шууд татан буулгахгүйгээр менежментийн багийг өөрчлөх, шинэчлэл хийсний дараа татан буулгах ёстой” гэсэн саналыг гаргасан. Харин Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж “Одоогоор үйл ажиллагаа нь бүрэн зогссон, зуны улиралд хэдэн хүмүүстэй нийлж ургамал түүдгээс өөр ажил байдаггүй. Зорилго, чиглэлгүй ажиллаж байгаа” гэлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга заавал татан буулгах шаардлагатай эсэх, нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулах талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулахаар төлөвлөсөн гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд татан буулгах ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, 2015 оны Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулынхан мессежний эзнийг тогтоосон гэв

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тэдний гар утаснаас зүй бус мессежийг тараасан үйлдэл гарсан. Уг асуудлыг шалгаж, тодруулах үүргийг УИХ-ын дарга болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ТЕГ-т өгсөн юм. ТЕГ-аас энэ асуудлаар шалгалт хийгээд дүнг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Санхүүгийн салбарынхан чуулна

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллага, төрийн байгуулагуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Чуулга уулзалтын гол зорилго нь салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хяналт зохицуулалт, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний боловсролыг дээшлүүлэх талаар болон салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргахад оршиж байгаа аж.

Энэхүү чуулга уулзалт нь салбаруудын бүтээгдэхүүн, үйлчилгээний уялдааг хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарыг өсөлтийг хангах, төрийн болоод төрийн бус байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдол болно гэж салбарынхан үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсөв батлагдлаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцэх асуудлын талаар Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.

Монгол Улсын 2015 оны төсөв өнгөрсөн хавар батлагдсан 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд батлагдахаар байгаа бөгөөд 2015 оны төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр буурч чадаж байгаа аж.

Танилцуулгын дараа Монгол Улсын 2015 төсвийн тухай хуулийн төслөөр зүйл, заалт тус бүрээр санал хураав.

Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,693,487.3сая төгрөгөөр батлах саналыг дэмжигдэв.

Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,603,277.6 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд хөрөнгө оруулалт зардлын хэмжээг 655,615.3 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжлээ.

2015 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34,315.8 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүнээс 52 нь зөвшөөрснөөр төсөв батлагдав.

Categories
гадаад мэдээ

Куба улсын тамирчин оргожээ

Мексикийн Веракрус хотноо эхлэх гэж байгаа Төв Америкийн болон Карибын тэнгисийн улс орнуудын спортын тэмцээн уралдааны өмнөхөн Куба улсаас энэ тэмцээнд ширээний теннисний төрлөөр оролцохоор мэдүүлгээ өгсөн Сандра Мустельер тамирчдын хотхоноос оргожээ. Өдгөө 28 настай тамирчин Куба улс руу буцахгүй гэдгээ өөрийн багийн ахлагчид утсаар мэдэгдсэн байна. Ингэснээр түүний гадаад паспорт нь тэмцээнийг ахалж байгаа төлөөлөгчдөд үлдсэн байна.

Мустельер нь 2006, 2012 онуудад Кубын ширээний теннисний аваргаар тодорч байсан юм байна. Тэрээр өнөөдөр Халапа хотноо эхлэх ширээний теннисний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох ёстой байсан юм. Одоогийн байдлаар Кубын төлөөлөгчид цагдаагийн байгууллагатай хамтран түүнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Маникюр хийлгэснээс болж ДОХ тусчээ

Маникюр буюу хумс заслын хэрэгслээ ариутгалгүйгээр, хоёр хүнд хуваан хэрэглэснээс болж 22 настай эмэгтэй ДОХ тусчээ. Энэ хэрэг эрдэмтдийн санааг ихээр зовоож байгаа бөгөөд тэд ДОХ-ын вирус дамжих шинэ хэлбэр илэрснийг нийтэд зарлав.

ДОХ-ын вирус бэлгэвчгүй секс хийснээс болж халдварладаг гэдгийг хүн бүр мэддэг ч зүү, тариур, хөхний сүү, бүр маникюрын хэрэгслээр дамждаг нь тогтоогдлоо. Гэхдээ “ДОХ-той хүмүүстэй ойр дотно харилцлаа гээд айх хэрэггүй. Вирус нэг саваас хооллох, эсвэл нэг аяганаас ус уух тохиолдолд халдварлахгүй. Багаж хэрэгслээр дамжих нь ховор байдаг” гэж Лос Аламос дахь Үндэсний лабораторийн доктор Бриан Фолей ярив. Харин цус дамжуулж болох бүх төрлийн хэрэгсэлтэй тун болгоомжтой харилцах ёстой гэнэ. Жишээ нь, хэрэглэсэн тариур, шивээс, зүүний эмчилгээ С гепатит, ДОХ-ыг халдварлуулах эрсдэлтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Астра буйлдинг” компанийн барилгыг 17 хоногт багтаан нураах үүрэг өгчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 0203-3532 тоот албан бичиг ирлээ. Уг албан бичигт дурдахдаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин баригдаж байгаа “Астра буйлдинг” интернэйшнл компанийн “Астра буйлданг” барилгын зураг төслийг дахин хянаж, арваннэгдүгээр сарын 31-ий дотор тухайн зөрчлийг арилгуулахыг үүрэгдсэн байна. Уг шийдвэрт дурдахдаа хоёр барилгын хоорондын зай 2-4 давхар бол 14 метр зайд байна гэсэн Барилгын тухай хуулийн заалтыг зөрчин 8 метр барьсныг ноцтой зөрчил гэж үзсэн байна. Энэ зөрчлийг заасан хугацаанд арилгаж хариу мэдэгдэхийг үүрэгджээ. Үүнээс үзэхэд дараахь ажлууд хийгдэх бололтой. Барилгын зургийг дахин хийх. Барилгын зургийг дахин хийнэ гэдэг нь барилгыг зогсоож таарна. Ингэж зөрчлийг нь арилгуулж дахин барина. Тэгэхээр “Астра буйлдинг” барилгыг 17 хоногийн дотор нураана гэсэн үг юм.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

55 мянган иргэн экологийн боловсрол авчээ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын хүүхэд, залуучууд нийт ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэшлийг хөгжүүлэх зорилготой Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв байгуулагдаад хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд нийт 55 мянга гаруй иргэнд үйлчилж, анхан шатны болон ахисан түвшний экологийн сургалтыг явуулсан байна.

Тус төвд хүрэлцэн ирснээр байгалийн бичил музей үзэж, цэнгэг усны загас жараахай ажиглан, ус, агаар, ургамал, амьтан, хог хаягдал, ээлтэй технологи гэх мэт сэдэвчилсэн гэрэл зургийн цуврал үзэсгэлэнг үзэж сонирхох, химийн лаборторид туршилт хийх, экологийн өртөөчилсөн болон танхимын сургалт авах, байгалийн сэдэвт кино үзэх бүрэн боломжтой юм байна.

Categories
мэдээ спорт

Сагсчид элсний наадамд оролцохоор болжээ

Тайланд улсын Пукет хотноо энэ сарын 14-21-нд зохион байгуулагдаж буй Азийн IV наадамд Монголын сагсчид оролцохоор боллоо. Тодорхой шалтгааны улмаас Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс тус наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн багт хориг тавьж, спорт сонирхогчдыг багагүй бухимдуулсан юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө Монголын Үндэсний олимпийн хорооноос хоригоо цуцалжээ. Ингэснээр манай эрэгтэй, эмэгтэй сагсчид Азийн элсний IV наадамд оролцохоор болж байна. Тэд өнөөдөр Тайландын Пукет хотыг зорих аж.

Categories
мэдээ нийгэм

Зөвхөн өвлийн улиралд нийслэлээс өдөрт 1237.2 тонн хог хаягдал гаргадаг

Монгол Улсын хэмжээнд нийт 11 мянга 798 га талбайг хамарсан зөвшөөрөлтэй 426 төвлөрсөн хогийн цэг байдаг байна. 2012 оны байдлаар жилд дунджаар 1.1 сая тонн хог хаягдал гарсны тэн хагас буюу 500-550 мянган тонн нь Улаанбаатар хотоос гарчээ. Нийслэлд өдөрт 246 тонн, жилд 90 шахам мянган тонн хог хаягдал зөвшөөрөлгүй газарт хаягддаг гэсэн тооцоо байдаг. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны тооцоолсноор Улаанбаатарт өвлийн улиралд өдөрт дунджаар 1237.2 тонн хог хаягдал гаргадаг.

Үүнээс гэр хороолол 690.8 тонн, орон сууцнуудаас 145.7 тонн, аж ахуйн нэгж байгууллага 159.9 тонн, Нарангийн энгэр, Улаан чулуут, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тонн ахуйн хаягдлыг хүлээн авч ландфил технологиор дарж устгадаг аж. Ер нь байгаль дээр хог хаягдал задрахдаа тун удаан байдаг.

Тухайлбал, шилэн лонх нэг сая жил, хөнгөн цагаан лааз 200-300 жил, хуванцар сав бараг задралд ордоггүй байна. Мөн гялгар уут 20 жил, жүрж, гадил жимсний хальс хагас жил, олс, уяа 1.5 болон түүнээс дээш жил, ноосон эдлэл таван жил хүртэл, нийлэг даавуу 40 жил хүртэл задардаггүй байна.