Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр, маргааш ямар үзвэр үзэх вэ?

Өнөөдөр, маргааш буюу энэ амралтын өдрүүдэд та ямар тоглолт үзэх вэ? Улсын драмын эрдмийн театрт “Саран хөхөө” үндэсний түүхэн жүжиг, Улсын дуурь бүжгийн эрдмийн тайзнаас Найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн ГАЛА тоглолт болох бол хошин шогийн үзвэрүүд ч тоглогдох юм байна. Мөн хүүхэд багачуудад зориулсан “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгийг тоглох аж.

Арван нэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох үзвэрийн хуваарийг танилцуулъя.

БЯМБА ГАРИГТ (11.15)

Дуурь, бүжгийн эрдмийн театр

  • 17.00 цагаас Найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн ГАЛА тоглолт.

Улсын драмын эрдмийн театрт

  • 11.00 цагаас “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжиг.
  • 17.00 цагаас “Саранхөхөө” үндэсний сонгодог жүжиг.

Хүүхэлдэйн театр

  • 14.00 цагаас “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн жүжиг.

“Улаанбаатар” чуулга

  • “Анхны үнсэлт” мюзикл.

“Блацк росэ” театр

  • 18.00 цагаас С.Кейн “Солиорол 4:48” жүжиг

Соёлын төв өргөө

  • 19.00 цагаас “Х-ТҮЦ” продакшны “Ийм нэгэн явдал” тоглолт.

МҮЭСТО

  • 19.00 цагаас “Шинэүе” продакшны “Жинхэнэ жентельмэн гэртээ байдаг” шоу тоглолт.

НЯМ ГАРИГ (11.16)

Хүүхэлдэйн театр

  • 14.00 цагаас “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн жүжиг.

УДЭТ

  • 17.00 цагаас “Саран хөхөө” үндэсний сонгодог жүжиг.

Соёлынтөвөргөө

  • 19.00 цагаас “Х-ТҮЦ” продакшны “Ийм нэгэн явдал” тоглолт.

МҮЭСТО

  • 19.00 цагаас “Шинэүе” продакшны “Жинхэнэ жентельмэн гэртээ байдаг” шоу тоглолт тус тус тоглогдох юм байна.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

Атлантын нуруу тэнийв

Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” ном нь америкчуудын хувьд бараг л Библийн дараа орохоор алдартай гэгддэг. Айн Рэнд Оросын Санкт Петербургт 1905 оны хоёрдугаар сарын 2-нд төрсөн бөгөөд 1957 онд “Атлантын нуруу тэнийв” романыг хэвлүүлсэн нь түүний хамгийн том амжилт болжээ. Энэ ном бол түүний уран сэтгэмжит зохиолуудынх нь нэг байв. Тэрээр романдаа ёс суртахуун, метафизик, эпистмологи буюу танин мэдэхүйн онол, улс төр, эдийн засгийг нягт холбож, эр эмийн харилцаа болоод нийгэм дэх жендерийн асуудлыг ч хөнджээ. Түүнийг “Хорвоо дээр амьд явах гүн ухаан” гээчийг шинээр томъёолсон гэж хэлэх хүн ч олон таардаг. Ер нь Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” роман төдийгүй бусад бүх зохиол нь уншигчдыг соронздож байгаа шалтгааныг “Айн Рэнд энэ хорвоод 77 жил амьдрахдаа, амьдралын философиороо, бодит хандлагын ёс суртахуунаараа, стандарт бус сэтгэлгээгээ урьд өмнө нь хэний ч хүрч байгаагүй хэмжээний төгс төгөлдөр аргаар тунхаглаж чадсаных”гэж тайлбарлах уншигч судлаачид бий.

“Жон Галт гэж хэн бэ. Тэрээр Атлантидийг олсон гэлцэх юм билээ. Тэгээд тэндээсээ Дэлхийг зогсоох хөдөлгүүрийг олж авсан гэх юм. Жон Галт гэж хэн юм болоо. Жон Галт гэж хэн бэ. Тэрээр нэгэн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд тухайн үйлдвэрийг өөрчлөн шинэчлэх эхний хурал дээр үйлдвэрийн дарга үг хэлж байхад яриаг нь таслан босож ирээд “Та нарыг би үгүй хийх болно” гэж тангараглаад алга болсон гэнэ. Дараа нь сонсох нь ээ түүнийг Жон Галт гэдэг байсан гэнэ лээ. Энэ явдлаас хойш 12 жилийн турш түүнийг хаана ч хараагүй гэх юм билээ. Жон Галт гэж хэн бэ. Энэ үг бараг хэлц үг болоод 12 жил болж байгаа.

Энэ асуулт галт тэргэнд дуулдана, энэ үг цайны газарт дуулдана, энэ үг замаар зөрөх хүмүүсээс дуулдана. Хараал ид гэж ер нь Жон Галт гэж хэн юм бэ”. Романингэж эхэлнэ. Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг уншиж байхад хаа сайгүй л энэ үг гарна.Эхчүүд хүүхдүүдээ айлгахын тулд сонгож авсан үлгэр ч юм билүү. Энэ хорвоо ертөнцөд Жон Галт гэгч байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй гэж үү. Түүний зорилго юу вэ. Зай завсаргүй асуулт.

“Атлантын нуруу тэнийв” зохиолд Америк мөрөөдлийн талаар түлхүү хөндсөн байдаг. Оюунлаг хүмүүсийн шим шүүсийг сорон авагч паразитууд оюун ухаант хүмүүсийг боолчилж, тэдний бүтээснийг өөрсдийн мэт ашиглан хэрэглэж, тэдний хийсэн бүхнийг хянан удирдаж тэдний хүчээр улам илүү баялгийг цуглуулсаар. Ингэж шулж шулчихаад дараа нь ашиглаж дууссан нефтийн цооног шиг мартаж орхидог болохоор номонд дурдагдсан тэмцэл хийгдэх бололтой. Энэхүү шимэгчдийн бүлгэмд хуульч, жирийн ажилчин, энгийн иргэд, улстөрчид, уран илтгэгчид гээд гараараа юм хийж бүтээгээгүй, зохион бүтээгч биш хүмүүс ордог.

“Би сэтгэж байгаа болохоор би үйлдвэрлэж чадна. Би сэтгэж байгаа болохоор бүтээж чадна. Би сэтгэж байгаа болохоор бас сүйрүүлж чадна” ийм хувиа хичээсэн үзэл номын гол шугам нь болж өгдөг.”Үндсэрхэг үзлийг шороонд булж орхи. Ашгаа ол. Баян нь улам баяж. Ядуу нь сүйрээд тэр чигтээ үлд. Баян бүтээгч 999 үе баян амьдарч. Энэ эхлэлд бүтээж чадаагүй нь 999 үе шал шүүрдээд амьдраад байж.

Айн Рэндийн зохиолд дараах зүйлсийг номлодог.

– Оюун ухаан бол юмыг танин мэдэх цорын ганц зэвсэг. Хүний аливаа үйлдэл түүнд захирагдах ёстой. Зүрх сэтгэл гэдэг бол дэвшилтэт хүний дайсан.

– Хүний амьдралын гол зорилго нь өөрийгөө болон өрөөлийг золиослохгүйгээр хувийн аз жаргалыг олж авах.

– Капитализм бол хүн төрөлхтний хамгийн агуу, хамгийн нандин ололт. Чөлөөт бизнес бол бүх нийтийн аз жаргал, хөгжил цэцэглэлтэд хүрэх цорын ганц арга зам.

– Төр засгийн цорын ганц зорилго бол хувийн өмч, хувь хүний эрхийн халдашгүй байдлыг хангах явдал. Бусад нь бүгд засаглалын дарангуйллын хэлбэрүүд.

– Шашин, хүнлэг зан, нийтэч үзэл, өрөөлийн төлөө өөрийгөө золиослох, үнэнчээр албаа хаах, зөн совин, мэдрэмж ба төсөөлөл гэх мэт нь бүгд чөлөөт нийгэм дэх чөлөөт хүний заналт дайсан бөгөөд гэрэлт ирээдүй, хөгжил дэвшлийг удаашруулан сатааруулагч бартаа саад юм.

– Хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч нь зохиолчид, зураачид, гүн ухаантнууд, яруу найрагчид болон эрдэмтэд биш харин бизнес эрхлэгчид юм. Мөн бизнес эрхлэгчид бол манай өнөө цагийн хамаг хатуу хүтүүг үүрэгчид гэсэн санаануудыг тусгасан байдаг.

Асар өргөн цар хүрээ, гайхалтай сэтгэл түгшээм бичлэгээрээ “Атлантын нуруу тэнийв” зохиол таны урьд өмнө уншиж байсан ямар ч номтой адилгүй. Энэ бол хүний биеийг хөнөөсөн тухай биш, харин түүний оюун санааг алж устгасан, дахин төрүүлсэн тухай нууцлаг хүүрнэл юм. Та алдарт зохиолч Айн Рэндийн энэхүү гайхамшигт номонд гарч буй хачирхалтай эрэгтэй эмэгтэй хүмүүс, тэдний амьдралыг сүйрүүлсэн толгой эргэм үйл явдлуудын цаад учир шалтгааныг олж мэдсэнээр дээр дурдагдсан асуултын хариуг олж авах болно. Эл алдарт бүтээлийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй монгол хэлнээ буулгасан нь эрэлт ихтэй ном болжээ.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН сонгуульд ялахад хэцүү боллоо доо

Өнөөдрийн улс төрчдийн бачимдаж байгаагаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ард түмэн турж үхэх гэж байгаа юм байна. Базарваань хум пад үнэн бол ийм л юм битгий болоосой. Тэдний ингэж ярихтай зэрэгцээд мэдээллийн хэрэгслүүдээр ард түмний тарга тэвээрэг хэтийдсэн тухай, хүн амын олонхийг хамарсан илүүдэл жинг бууруулах эм бэлдмэл, дасгал сургуулилтын талаар зогсоо зайгүй сурталчлах. Турж үхэх гэж байгаа ард түмэн- турахын төлөөх ард түмний аян… үнэн хаана нь байгаа юм бол доо.

За энэ ч яахав, гол юм руугаа оръё. Өнөөдөр АН-ын өөрөө өөрийгөө устгах механизм ажиллаад эхэллээ. Байгальд өөрөө өөрийгөө устгах үзэгдэл түгээмэл байдаг. Жишээ нь Африкийн нэг зэрлэг үхэр байдаг. Зүв зүгээр сайхан өсч үржиж байснаа гэнэт юу болов хэмээн бужигналдаж хэдэн мянгаараа бөөгнөрөн нийлж мөөрөлддөг. Дуу чимээнд нь байж суухын аргагүй гэлцдэг юм. Ингэж байгаад гэнэт цувж давхилдаад усгүй цөлд очоод сүргээрээ хатаж үхдэг юм. Тэгж явалгүй үлдсэн ганц нэг ард нь өсч үржээд эхэлдэг. Үүнийг эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс өнөөдрийг хүртэл тайлж чадаагүй байна. Гэхдээ үхэр сүрэгт ингэтэл нь үймүүлдэг, бусниулдаг, дагуулж цөл рүү давхидаг толгойлогчид байдгийг харин анзаарсан байдаг юм. Тэдгээр нь сэмхэн сугараад үлдчихдэгийг. Харин шашин талынхан болохоор энэ үзэгдлийг хилэнц нь ихдээд эрлэг номын орондоо очлоо, байгаль өөрийгөө цэвэрлэлээ гэдэг. Аль нь ч бай хамаагүй ерөөсөө Монголын улс төрд ийм үзэгдэл давтагдаад байдаг нь дээрх үхэр сүргийн хувь заяаг санагдуулах юм. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийнхэн төрийн эрхэнд гарч зүв зүгээр ажлаа явуулж байснаа гэнэт бужигналдаад тухайн үеийн МАХН-ынхантай сүлбэлдээд байгуулсан Засгийн газраа цувуулаад устгаж эхэлсэн. Ёстой нэг айл гэр болж тоглохыг үзүүлсэн дээ. Үр дүнд нь тэд бүгдээрээ сэнтийгүй тавиулж 2000 онд УИХ-д ганц суудалтай үлдсэн. Сугарч үлдсэнүүд нь гадагшаа явцгаасан. Дийлэнх нь замаа алдаж, архинд орж, өөрийгөө буудсан нь ч бий. Картын барааны өлсгөлөн сэтгэхүйтэй хүүхдүүдийг ойр тойрондоо шавуулсан нь Н.Алтанхуягийн алдаа байлаа гэж саяхан нэг архаг улстөрч ярьсан шиг яг эсрэгээрээ 2000 оны сүйрлээ мартсан нөхөд өнөөдөр айл гэр болж тоглож эхэлсэн нь харамсалтай. Мууг мартахгүй байх хэцүү, мартах нь бас аюултай хорвоогийн бас нэг зовлон энэ. Ийм үзэгдэл ганц АН-д ч тохиодог юм биш. 2012 оны сонгуулийн өмнө зүв зүгээр байсан МАХН гэнэт юу болов гэмээр бужигналдаж 90 жил гай болсон энэ нэрээ сольж хаяна хэмээн орилолдсон. Тэр үед энэ намд байдаг ганц нэг тулхтай хүмүүс “Сонгуулийн өмнө нэрээ сольдог нь зөв үү” гэсэн ч тоогоогүй яг л өнөө үхэр сүрэг шиг мөөрөлдсөн. Хэн ч намын нэрээ соль, улс төрийн үйл ажиллагаанд саад болж байна гэж хэлээгүй, нотлоогүй байхад шүү. Ийм тохиолдолд ашиглагсад, завшигсад заавал гарч ирдэг жамаар ганц нэг хүн хожсон, МАН хоёр хуваагдан сонгуульд ялагдсан.

Өнөөдөр улс төрийн орчинд болж байгаа үйл явдлыг эрүүл ухаантай хэн ч ойлгоход бэрх боллоо. Мэдрэл муутай хүмүүс л ойлгодог юм уу гэхээс. Засгийн эрх барьж байсан АН-ын удирдлагыг их бүтээн байгуулалтыг хийсэн гэж хэлэх хүн байхгүй байж болно. Харин хамгийн ажилсаг Засгийн газар байсан гэдэгтэй санал нийлэх хүн олон. Энэ Засгийн газрын тэргүүнийг ааг омгоо багтаасан, гадаад дотоодод тэнэсэн, ажил алба, ая тухаа зэрэгцүүлсэн Ерөнхий сайд байсан гэж хэлэхгүй. Хагас бүтэн сайнгүй ажилласан, ажилсаг шоргоолж шиг зүтгэлтэй нөхөр байсан гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Ийм Засгаа газраа АН дотроосоо “МАН-ынхан та нараар огцруулахгүй бид өөрсдийн гараар огцруулж хаяна” гэж хэлээд огцруулж байгаа нь “Би өөрийнхөө гараар алаад хаячихъя” гэж хэлээд эхнэр хүүхдээ гэртэй нь шатаасан Дарханы нөхөртэй мөн чанараараа агаар нэг юм гэж зүйрлэж бичсэн улс төр судлаач байгаа юм. Энэхүү огцорсон Засгийн газрын рейтинг 40 хувьтай байсныг анзаарсан УИХ-ын гишүүн ер нь байгаа болов уу. Ийм рейтингтэй Засгийн газар сүүлийн 25 жил байгаагүй. Өрсөлдөгч МАН-ын рейтинг 20 хувь дөнгөж гарч байв.

Одоо цаашид яах вэ?! Бүтээн байгуулалтын бүх ажил зогсоно. 1996-2000 оны байдал давтагдана. Монголын эдийн засгийн гол үзүүлэлт болсон уул уурхай дахь чанаргүй зээл 2008 оны хямралаас хол давчихсан байгаа. 1996 онд хоёр метрийн өндрөөс унасан бол одоо 200 метрийн өндрөөс унаж байгаа тийм эдийн засгийн орчин нөхцөлтэй байна. Тэр үетэй харьцуулшгүй аймаар хохирлыг ард түмэн амсана гэсэн үг. Ерөнхийдөө бол Түр Засгийн газар байгуулагдах юм шиг байна. Багцаагаар арваад хоногийн дараа Ерөнхий сайд тодрох юм болов уу даа. Түүнээс арав хоногийн дараа намын дарга нь тодорно гэх. Намын дарга тодроод их сайндаа хагас жил болоход дараагийн Ерөнхий сайд яригдах байлгүй. Энэ тооцоог би хийгээд байгаа юм биш МАН-ынхны хийж буй далд тооцоо. Тэд дөрөв дэх Ерөнхий сайдтай 2016 оны сонгуульд ороход бид ялахгүй яах юм гэсэн тооцоотой, тэгээд 2024 он хүртэл бууж харагдаач гэж ярьж байгаа юм шүү. Тэдний ийм л тоглолтонд нь АН-ын эрээвэр хурааврууд оролцчихсон, түүнийгээ ч мэдэж байгаа юмгүй улс орны эрх ашиг гэсэн юм яриад сүүлэрч явна. Р.Амаржаргалын Засгийн газрыг унагах шиг амархан юм даанч нэг байхгүй юм байх аа. МАН-Алтан гадас хоёр машиндаад хаячихна. Дараагийн засгийн сайдуудаа томилох гэж сар жилийн юм болно. Одооны эрх баригчдын давилуун яриагаар бол 2016 онд ялах гэнэ. Ялахад мөн ч хэцүү дээ.

Тэгэхээр ирэх сонгуулиар АН-д ялах хоёр л арга байна. Нэг дэх нь дарангуйлал тогтоож ялах. Эмх цэгц тогтооно, шударга ёсыг сэргээнэ, өлсгөлөн ард түмнээ хоолтой болгоно гэсэн цуурай хадааж, сөрөг хүчнээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж байгаад сонгууль явуулсан нэр зүүж ялалт байгууллаа гэж зарлах. Эсвэл сөрөг хүчнийхний байнга хардаад байдаг өнөө санал авдаг хар машин гээчээрээ санал луйвардах юм байлгүй дээ. Энэ хоёроос өөрөөр ирэх сонгуульд ялах арга одоо АН-д байхгүй. Яг л 2000 он шиг ялагдана. Ингэж хэлэхээр инээд нь хүрэх нөхөд Их хуралд сууж байгаа АН-ын гишүүд дунд байгаа. Тэд дээрээс бүгдийг харж байгаа учраас их бардам байгаа. Яагаад гэвэл могой гурав хуваагдсан ч гүрвэлийн дайтай гэгчээр АН яаж ч ялагдсан жагсаалтын 10-н суудлаа авах чадалтай үлдэнэ, түүнд нь бид орно гэсэн бардамнал.

Эрх баригчдын хувьд, АН-ын хувьд нөхцөл байдал ийм шившигтэй болсон үед шинэ үеийнхэндээ намаа шилжүүлснээр намаа шинэ өнгө төрхтэй болгох боломж бүрдэх бий. Өөрсдийгөө залуу гэж боддог, залуу үеэ дээш нь гаргадаггүй дардаг өвгөчүүл одоо насандаа сууцгаамаар байна. Одоо л карданаа татахгүй бол удахгүй та бүхэн залуу үедээ буг чөтгөр мэт харагдаж эхэлнэ шүү. Өнөөдөртөө ч арай тийм босоо ороолон мэт харагдахгүй байгаа ч наагуур нь байдаг амьтан жигүүртний нэрээр нэрлээд эхэллээ шүү дээ. Тэгж их найдаад байгаа жагсаалтын эхэндээ цоо шинэ залуу үеэ оруулаад олонд танигдсанууд нь тойрогтоо өрсөлдөцгөөмөөр байна. Ингэвэл үнэхээр гоё харагдаж, унаж сарниж буй нэр хүндээ дээш нь өргөөд сонгуульд орж явчихна. Тэгэхгүйгээр жагсаалтын дээгүүр өнөө өвөө эмээ нар сууцгааж байвал улам л муухай харагдсаар жагсаалтын санал ч үгүй үлдэх биз ээ. Үнэндээ ийм л дүр зураг харагдаж байна. Үнэнтэй эвлэр. Үнэнийг хэлсэн хүмүүсийг битгий зүх.

Дахин хэлье. Хэрэвзээ дарангуйллаар гарахгүй юм бол ардчилсан сонгуулиар ялах нь өнгөрлөө. Дарангуйллаар яллаа гэхэд урьдчилаад залбиран захих ганцхан л зүйл байна, сэхээтнүүдээ л түрүүлээд битгий хядчихаарай. Ядаж баруунд гарах боломжийг нь нээлттэй байлгаарай. АН-ынхнаас хүсэх зүйл энэ л үлдлээ дээ.

Categories
мэдээ улс-төр

АН-аас мэдээлэл хийнэ

АН-ын удирдлагууд өнөөдөр 14:00 цагаас намын байрандаа мэдээлэл хийхээр боллоо. Хэвлэлийн хуралд өчигдөр Ардчилсан намын даргаар сонгогдсон З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар болон бусад гишүүд оролцож, өчигдөр болсон ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг намын даргын ажлаа хүлээлгэн өглөө

Өчигдөр орой 19 цагт эхэлсэн ҮЗХ-ны хуралдаан эхэлмэгц Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгөх болсоноо мэдэгдэж, өргөдлөө ҮЗХ-нд өгсөн юм. Уг өргөдөлд “Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа наймдугаар сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт дөрвөн жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гаруйн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн зургаан жилд Ардчилсан намаас нэр дэвшигч хоёр удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм. Өнгөрсөн сонгуулийн ялалтын дараа МАНАН байгуулаад ажиллах нь хамгийн амаршийдэл байсан. Гэвч Монгол төр нэг намаас хэт удаан хараат байж, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн ялзарсан системд зоримог шинэчлэл хийж, ардчилалын салхийг оруулахын тулд эрсдэлээс үл шантран амаргүй замыг сонгон хоёр жил ажиллалаа.

Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг үзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан. Ардчилсан намын түүх бол Ардчилсан Монгол Улсын түүх. Ардчилсан намын гишүүд хэцүү бэрхийг сөрж, хөр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сүрдүүлгийн доор өөрсдийн бахдам түүхээ бичсэн, цаашид ч бичнэ. Түүхэн цаг хугацааны мөчлөг доор Ардчилалын төлөө 25 жил зүтгэж, улс төрийн томоохон хүчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

25 жил гэдэг богинохон хугацаа юм. Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа Элбэгээ, Үүл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэн нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрүүд өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Түүнийхээ төлөө хамтдаа зүтгэнэ ээ.

Мөн хүнд цаг үед хийж бүтээх үйлсийн төлөө зорилгоо нэгтгэн зүтгэсэн бүхий л хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ах дүү болж сэтгэл нэгтэй ажилласан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон, зөвлөхүүд болон намын ар талыг хатан ухаанаар гал цогтой хариуцсан генсек Ц.Оюундариар ахлуулсан намынхаа бүх хамт олонд онцгойлон талархаснаа илэрхийлж байна. Эх орныхоо хувь заяаг нуруундаа үүрсэн журмын андуудын маань хараа хурц, ухаан саруул, зорилго зөв, үйлс ариун, эв эе нь улам батжих болтугай. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд АН-ын дарга болов

Өчигдөр орой хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар намынхаа шинэ даргыгтомиллоо. Н.Алтанхуяг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, шинэ даргыг томилсон юм. Ингэхдээ тус намын гишүүн З.Энхболдыг АН-ын даргаар томиллоо.

Санал хураалтад ҮЗХ-ны 168 гишүүн оролцсоноос 147 дэмжиж, 87 хувийн саналаар тэрээр АН-ыг удирдах болсон юм.

АН-ын дүрэм ёсоор ирэх сарын 8-нд АН их хурлаа хийнэ. Тэр үед намын даргыг батламжилна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв

Өчигдөр үдээс хойш эхэлсэн АН-ын ҮЗХ үдшийн 00:30 цаг өндөрлөлөө. Хурлын төгсгөлдсанал хураахад гишүүдийн олонхи нь буюу 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Тус хуралдааны өмнөхөн АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан бөгөөд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлсэн юм. Тиймээс ҮЗХ-ны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, нууцаар санал хураасан нь ийм үр дүнд хүрлээ.

Хоёр нэр дэвшигчдийн хувьд тус тусдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ. Ингэхэд Ч.Сайханбилэг хийх ажлынхаа талаар нэгд нэгэнгүй танилцуулсан бол Р.Амаржаргал “Эдийн засгийн хүндрэлийн эсрэг төр итгэл буй болгох хэрэгтэй” хэмээж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Дулааны станцын барилгын ажил эхэлжээ

Сайншанд, Замын-Үүд сумдад Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх ажлын гүйцэтгэл 68 хувийн биелэлттэй байгаа ажээ.

Мөн Сайншанд-2 шинэ суурьшлын бүсийг дулаанаар хангах 8.4 МВт-ын Дулааны станцын барилгын ажил эхэлжээ. Уг ажлын хүрээнд зуух, тоног төхөөрөмжийг суурилуулахад бэлэн болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан замаскны анхны үйлдвэр үүдээ нээлээ

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох 888 төслийг Хөгжлийн банкнаас шалгаруулан чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж эхлээд буй. Тэгвэл өнөөдөр эдгээр төслийн нэгээр шалгарсан “Монгол ташуур констракшн” ХХК-ийн Цагаан замаскны үйлдвэрийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү ажиллагаанд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Хөгжлийн банкны орлогч захирал бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Буянмөнх, “Монгол ташуур констракшн” ХХК-ийн захирал Д.Батмөнх нарын албаны хүмүүс оролцов.

Энэхүү компани нь үндэсний хөрөнгө оруулалттай анхны цагаан замаскын үйлдвэрийг нээж, дэлхийн стандартад нийцсэн чанартай буюу “921” цагаан замаскаар эх орны бүтээн байгууллагчдадаа бэлэг барьж буй юм байна. Манай барилгын салбарынхан одоогийн байдлаар “821” цагаан замаскыг импортоор оруулж ирж ашигладаг байна. Өдөрт 80 мянган тн цагаан замаск үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр монголын барилгын салбарын цагаан замаскын хэрэглээний 30 хувийг хангаж чадна гэж үйлдвэрийн захирал ярьсан. “Монгол ташуур констракшн”-ынхан цагаан замаскын үйлдвэрийг босгохдоо 30 хувийн өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж, үндсэн хөрөнгө буюу 250 сая төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан зээлээр авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ажилтан хүүхэд дайрсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх сум дундын Цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Ц.Ууганбаатар нь албаны “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын автомашин жолоодож Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах гэр хороололын 5 буудлын замд явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал зөрчихийг хориглоно”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс насанд хүрээгүй явган зорчигч С-ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлджээ. Энэ хэргийг Тээврийн прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 336 тоот яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.