Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгийн чулуу

НЭГ. ДОЛЛАР ӨСЛӨӨ ГЭЭД ДОЛЛАР ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХҮМҮҮС БООЖ ҮХЭХ НЬ ЭЭ

Доллар гэдэг ногоон мөнгөний ханш өсөхөд доллар байтугай монгол төгрөг цөөхөнтэй хүмүүс боож үхэх нь ээ. Улстөрч, оюутан, сэтгүүлч, захын архичин, траншейныхан, хөдөөгийн малчин, эмнэлгийн өвчтөнгүүд бүгд л долларын ханш өсч амьдрал сүйрч байна гэж үглэх юм. Үнэндээ Монголын хөдөө тэр аяараа, дээр нь хотын мань мэтэд долларын өсөлт ямар ч хамаагүй. Зүйрлэбэл биеэ үнэлэгч бензиний үнэ нэмэгдсэн болохоор би үнээ нэмлээ гэдэг шиг л юм болоод байна. Тэгвэл иргэд юунд бухимдаад байгаа юм бол оо. Зун, намрын зугаа наадам нь дуусч, бүх хүн хотод орж ирэн түгжрээд ирэхээр л уурсч байгаа нь тэр. Монгол хүн наадаж наргиж амраад л байвал улаан мөнгөгүй ч болоод л, сайхан аашлаад л уухайлаад байдаг. Найр наадам дуусч, сургууль, ажил цуглаж, цаг бүртгэж, бусдын өмнө хариуцлага үүрэх болохоороо зэрэг уур бухимдал нь хөд­лөөд ирдэг юм. Жилийн жилд л ийм. Намар болоод хадлан бордоо, өвөл­жилтийн бэлтгэл болохоор л бухимдсандаа ханш нь өсч байгаа доллар, Засгийн газар хоёрыг барьж идэх гэж байгаа юм даа. Үнэндээ манай эдийн засаг дэлхийгээс ямар ч хамааралгүй. Харин Эрээнээс хамаа­ралтай эдийн засаг бай­даг гэдгийг олон хүн мэднэ. Монголын хөдөө аж ахуй, мал, газар тариа­лан дэлхийтэй хамаа­ралгүй зөвхөн тэнгэрээс хамааралтайг мэдсээр байж худлаа улстөрждөг. Монгол Улсын талаас илүү хувь нь хөдөө, бүүр хөдөө тэнд амьдарч чаддаг бол ямар сайхан байна гээч. Долларын өсөлтийг мэдрэх байтугай монгол мөнгө ч хэрэггүй тийм сайхан газар нутаг чинь бэлэн байна. Нэг үеэ бодвол хөдөөгийнхний амьдрал сайжирчээ. Хөдөөд малчин, саальчин гэрийн багш, ер нь хүн л хэрэгтэй байна. Олон хүн хооллож, хувцаслах мал тал хоёр бэлэн байна. Ухаантай амьдарч чадвал баялаг хөл доор асгаран хэвтэж байна. Хөдөөгийнхөн хонь хургандаа явнаа “хужаа мотоцикль”-оо асаа гэнэ. Аргал усны “Аксент” бэлэн байна. Найр наадамд болон хот орохдоо унах “Ланд” сойгоостой айлууд олон болжээ. Хоёр хүүхэд нь хотод оюутан ноднин томд нь, энэ жил багад нь байр авч өглөө гэх бийлэгжүү малчид олшров. Тэдэнд долларын ханш өсөх байтугай, төгрөгийн хомсдол нүүрлэсэн ч хамаагүй. Бүүр эдийн засгийн утгаар нь ярих юм бол доллар өсөх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ашигтай. Тавин сая малаа ашиглаад бүтээг­дэхүүнийг нь дэлхийн зах дээр гаргахад тас гээд явчихна. Монголын алт, зэс нүүрсийг нь гадаад орнууд нэг, хоёр жил бага үнээр аваа л биз. Энэ чинь малаараа амьдраад өдий хүрсэн Монгол Улс шүү дээ. Юунд нь сүйд болдог юм. Уул уурхайн бүтээгдэхүүн үнэд орох цаг ирнэ. Монгол хүн ялангуяа мань мэт нь тэгээд тун олон хүмүүс уурлан бухимдан заавал Улаанбаатарт амьд­раад байм­гүй байна. Интернэтийн сүлжээтэй, зас­мал замтай 100-150 км газарт л амар амгалан, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүртсэн шиг амьдрах тийм сайхан ахуй харин ч нэг байна даа. Газар доорхи алт эрдэнэс ашигт малтмал нь ухаж төнхөөд барахгүй гэхэд газар дээр ил байгаа эрдэнийн чулууг нь зөө­гөөд барахгүй тийм сайхан газар нутаг минь.

ХОЁР. НУТГИЙН ЧУЛУУ

Төв аймгийн Баян сум. Манай суманд нэг үеэ бодвол алт, төмрийн хүдэр, нүүрс, бетум зэрэг ашигт малтмалын хайгуул хийгдэж зарим нь олборлож эхэлжээ. Төмрийн хүдрийг машин машинаар нь зөөж байна. Хуучин сумын төв байсан Хамар усанд геологийн анги барилга байшин бариад төвхнөчихөж. Баян-Эрхэтийн бетумын орд, Төгрөгийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа явуулж гурван ч газар алтны шороон орд ухаж бас нөөцөөрөө Монголд томдоо орох алтны шинэ орд Цантад илэрчээ. Одоо яаж ашиглахаа сумын ард түмэнтэйгээ хамтарч ярих хэрэгтэй болоод байна. Элэгний рашааны уулнаас үзмэн мана гэдэг чулуу олдож хууль бус хулгайн чулууч­дын шуналыг хөдөлгөөд удлаа. Атгын чинээ үзмэн мана олсон хүн 60-70 сая төгрөгөөр зардаг гэнэ. Мана чулууны олбор­логчдыг нутгийнхан “Манын хулгайчууд” гэдэг юм. Элгэний уул тэр аяараа үзмэн хүрэн чулуутай, уулын ар, өвөр судгийг ухна. Мана чулууг ухаж гаргаад Өмнөговь аймгаар дамжуулаад хил гар­гаж зардаг гэнэ. Суманд байгаа ганц цагдаа бензиний мөнгөгүй, Засаг дарга “Ланд” унасан чулууны хулгайчуудыг яаж гүйцэх вэ. Өмнөговиос чулууны мэргэжилтэн гэж нэг хятад чулууг дуранбайгаар хараад л худалдан авах үнээ хэлдэг гэнэ. Аз нь дайрсан манын хулгайч нэг чулуу олоод л шууд “Ланд-105”-ын үнээр өгч, авч байхыг харсан гэж байгаа хүмүүс байх л юм. Манын хулгайчид чулууг ухаж олборлоод таван жил болж байгаа боловч манай сумын энэ хонхроос нэг ч айл мана зарж баяжаагүй л байх юм. Тал нутгийн өөр нэг эрдэнийн чулууны баялаг бол манай нутагт хаа сайгүй асгарсан байдаг алаг чулуу буюу өнгийн чулуу. Элгэн, Наран, Ботгон, Төгрөгийн говьд эрдэнийн чулуу өнгө алаглан дэвсээстэй бай­даг. Ёстой есөн өнгийн солон­го шиг өнгийн чулуу бий. Миний нутгийн чулуу маань үнэд оржээ. Микро автобус хөлөглөсөн чулуучингууд ирээд л ундааны лааз барьчихаад л өдөржин мөлхөж чулуу түүгээд явах юм. Нэг кг чулууг 70 мянган төгрөгөөр Хятадад зардаг гэнэ. Чулуу түүж байгаа хүмүүстэй уулзлаа. Өнгийн чулууг түүхэд мэргэжил, мэдээ­лэл туршлага хэрэгтэй. Хэдэн монгол дагуулсан нэг хятад, бас нэг өвөр монгол явах. Түүсэн чулуу нь засч ажил болголгүй шууд өнгөлөөд ээмэг, бөгж зүүлт болж байвал өндөр үнэтэй. Харин цав цагаан чулуу бол бүүр өндөр үнэтэй гэх. Чулуугаар юм хийдэг чулуучингуудын дарга хятад (инжаан) дархан, өвөрмонгол орчуулагчтай уулзлаа. Хятадад ердөө таван зоосны үнэтэй, хямдхан ээмэг, бөгж, зүүлт зүүхээс өөр хөрөнгөгүй 500 сая охид бүсгүйчүүд байна шүү. Тэднийг гоёх эрдэнийн чулуунууд танай тал нутагт хэвтэж байна шүү. Манай нутагт танай чулуу шиг олон охид бүсгүйчүүд байна шүү. Гоёлыг бидний инжаанууд хийж өгөхөд баяжина ваа гэх. Хятадын ядуу охид бүсгүйчүүдэд тал нутагийн чулуу хуванцар шил шаазангаас хамаагүй илүү үнэд хүрдэг гэнээ. Үнэхээр тэд нэг лааз чулууг 70 мянган төгрөгөөр авах нь юу ч биш, сайн өгч чадвал ширхэг чулууг нэг хоёр \юань\ зоосоор авна гэдэг юм билээ. Би багадаа эрдэнийн чулуугаар тоглож хонь мал шидэж явж дээ. Тэр чулуу маань үнэд орж. Чулуугаа зарсан ч улс орон минь хөгжинө гэж бодсон ч сум орон нутагт ямар ч татвар төлөхгүй хятад дугуулсан монголчууд авч хил давуулаад байна гэхээр хармын сэтгэл төрөөд явчихна. Үзмэн мана илрээд таван жил, алаг чулуу үнэд ороод гурван ч жил болж байгаа боловч түүсэн олсон, авсан зарсандаа өлзийгөө өгсөнгүй ярина. Манын хоёр ч хулгайч гэр бүлээрээ том осолд оржээ. Нутгийнхаа чулууг зааж өгдөг нэг нөхөр машинаас хөмөрч бэртээд хүнд гэнэ. Манай нутгийн Мааньт. Баянхангай. Ёлхорсүрэн, Дэлгэрцогт хангай чулуу, ан амьтандаа даан ч их харамч даа. Болгоомжтой л оролдоорой доо.

“Мөнгө төгрөг хэрэггүй тийм сайхан газар нутаг” тэмдэглэлийн үргэлжлэл, 2013 оны есдүгээр сар

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Улз голын гүүр ашиглалтад орлоо

Улзын голын шинэ гүүр ашиглалтад оржээ. “Дун Эрдэнэ” ХХК-ийн хамт олон Улзын гол дээр төмөр тулгууртай, модон араг бүтэцтэй шинэ гүүр барьж суманд хүлээлгэн өгсөн байна. 1974 онд анх ашиглалтад орж 2001 онд дээд хэсгийг шинэчилж засварласан хуучин модон гүүр зорчих аргагүй болж өнгөрсөн жил буулгаад байсан юм. Ийнхүү 40 жилийн дараа Улз голын Тээгийн гүүр бүрэн шинэчлэгдлээ. Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатарын багцаас 40 сая, Түргэн багийн ОНХСангийн бэлчээрийн менежментийн багцын 19 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хандивын 13 сая, ОНХСангаас сумын ИТХ-ын баталсан хөрөнгө нийт 130 гаруй сая төгрөгний төсөвт өртөгтэйгөөр энэхүү гүүр боссон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн гарна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол ирэх даваа гарагийн 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ.
Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
“Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-24-нд үзэх боломжтой юм.

Categories
мэдээ спорт

Д.Отгонцэцэг, Э.Нарангэрэл нар медаль хүртэж чадсангүй

ОХУ-ын Спортын яам, Чуваш улсын Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа “Кубок России по женской борьбе” тэмцээний эхний өдөр 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Даваасүхийн Отгонцэцэг /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/, Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/ нар барилдсан ч медальд хүрч чадсангүй.
48 кг

1. Валентина Исламова (Брик) /Санкт-Петербург хот/
2. Алиса Лампе /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Анжелика Ветошкина /Санкт-Петербург хот/
3. Дарья Лексина /Москва-Краснодар/
55 кг

1. Хелен Марулис /АНУ, ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Ирина Ологонова /Москва-Буриад улс, ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Вероника Чумикова /Чуваш улс/
3. Ирина Кисель /Кемерово муж/
60 кг

1. Наталья Гольц /Москва-Чуваш улс, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн 5 удаагийн аварга/
2. Жаргалма Цыренова /Москва-Буриад улс/
3. Светлана Липатова /Татар улс/
3. Юлия Аборова /Москва хот/
69 кг

1. Анастасия Братчикова /Москва муж/
2. Дариймаа Санжеева /Москва-Буриад улс/
3. Анастасия Щавлинская /Буриад улс/
3. Вероника Карлсон /АНУ/

Categories
гадаад мэдээ спорт

Польш тэргүүлж, Герман нэхэж байна

2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө гурван хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд боллоо. D хэсэгт цахиур хагалж яваа Польшийн шигшээ баг энэ тойрогт Гүржийн талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авсанаар 10 дахь оноогоо авч, тэргүүн байраа хадгалж үлдлээ.
Тоглолтын 51 дэх минутад Глик тооны харьцааг нээсэн. Улмаар Крыховяк 71 дэх минутад нэгийг нэмсэн бол 73 дахь минутад Миля тооны харьцааг холдуулжээ. Харин 90 дэх минутад Милик гүйцээснээр өрсөлдөгчөө буулгаж авсан юм.
Тэгвэл хүснэгтийн тэргүүн байрын төлөө идэвхтэй өрсөлдөж байгаа Германы шигшээ баг талбай дээрээ Гибралтарын шигшээг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа.
Ингэснээр 7 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдэв. Тоглолтын 12, 29 дэх минутад Томас Мюллер хоёрыг оруулсан бол 38 дахь минутад Гётце нэгийг нэмжээ. Харин 67 дахь минутад зочдоос Сантос өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Германд тусалсан юм. Германд шүүрдүүлсэн Гибралтар дөрвөн тойргийн дараах байдлаар ганц ч оноо авч чадаагүй байна.
Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Шотланд талбай дээрээ Ирландыг хүлээж авсан тулаан байлаа. Энэ тоглолтод Шотланд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсанаар 7 оноотой болж, хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. Ирланд хожигдсон ч гэсэн 7 оноотой байгаа учраас боломжоо хараахан алдчихаагүй байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 75 дахь минутад Мэлоуни оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэнэ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран “Зам тээврийн ослоор хохирогчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг маргааш зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, НЗЦГ-ын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан, НЗЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ц.Ариунболд, Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга Б.Батболд, МБШТөв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар болон зам тээврийн ослын хохирогчид, тэдний ар гэрийнхэн оролцоно.
Үйл ажиллагааны үеэр МБШТөв Гандантэгчилэн хийдийн лам хуваргууд ном уншиж, ерөөл айлтгахаас гадна зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэж бүрээ үлээн зул өргөх юм байна.
Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн нас барж байгаа нь 100.000 хүнд ногдох үзүүлэлтээрээ дэлхий дээр хамгийн өндөр түвшинд буюу гамшгийн хэмжээнд хүрээд байгаа гэж мэргэжилтнүүд мэдээллээ.
Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудалд бүх шатандаа онцгой анхаарал хандуулахаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсын Засгийн газарт хандан уриалга гаргажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үл тайлагдах зангилаа”-г тайлахуй

Залуу уран бүтээлч Б.Бадралын “Үл тайлагдах зангилаа” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Монголын Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” арт галлерейд дэлгэгдлээ. Уран бүтээлч энэхүү бүтээл дээрээ гурван жилийн турш ажиллажээ.

Түүний бүтээлүүд өнгөрсөн 20 жилд манай нийгмийн өсч өндийж, ухарч бас сөхөрсөн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, хэлээгүй үг, бүтээгүй түүх, харагдахгүй сүүдэр, мэдрээгүй шаналлын зангилаа. Мөн тэр зангилаанд өөрөө өөрийгөө анагаах, ухаарах, өсч өндийх нуугдмал эрчим, гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн шүтэн барилдлага тод мэдрэгддэгээрээ онцлог.

Та бүхэн “Үл тайлагдах зангилаа”-г тольдож зураач Бу.Бадралын юунаас ч үл хамаарах, содон бөгөөд зожиг байр суурь, уран бөгөөд ил тод хэллэг бидний өдөр тутмын амьдралд зангирсан олон зангилааны талаар бодох, дотроо тунгаагаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

Оюутны амьдралаар кино бүтээнэ

Монголын үндэсний кино урлагийн академи, Монголын оюутны холбоо хамтран оюутны амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ. 1974 онд бүтээгдсэн “Мартагдашгүй намар” уран сайхны киноноос өөр оюутны амьдралыг харуулсан томоохон бүтээл өдгөө хүртэл гараагүй юм байна.

Кино хийх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их, дээд сургуулийн оюутан залуусын дунд кино зохиолын уралдааныг зарлаж байгаа аж. Зохиол нь сэдэвт баригдахгүй оюутны амьдралыг аль ч талаас нь харуулсан байж болох гэнэ. Уралдаанд нэгдүгээр байрын эзэлсэн оюутныг нэг жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх ба зохиолоор нь кино хийх, хоёр, гуравдугаар байрт шалгарсан оюутныг сургалтын төлбөрөөс 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мөн шилдэг зохиолуудыг эмхэтгэн ном болгон хэвлүүлэх аж. Уралдаанд ирүүлэх бүтээлийг ирэх 12 дугаар сарын нэгний 17:00 цаг хүртэл МОХ-ны байранд хүлээн авах бөгөөд файл хэлбэрээр batjargal@student,org.mn хаягаар хүлээн авах гэнэ. Харин жүжигчдийн сонгон шалгаруулалт ирэх сарын долооноос 14-ний хооронд явуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны урдуурх замыг хаалаа

Чингэлтэй дүүрэг, Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаалаа.

Энэ хэсгийн замыг арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болж байна.

Жич: Байгалийн чулуугаар энэ онд 9 байршилд нийт 1.83 км зам барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Categories
мэдээ спорт

Сагсчид эхний тоглолтоо хийлээ

Азийн элсний спортын 4-р наадам Тайландын Пукет аралд үргэлжилж байна. “Пукет-2014” элсний наадмын найман төрөлд 34 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монголын шигшээ баг дөрвөн өдрийн дараах байдлаар 6 алтан медальтай /Самбо, жюү жицү бөхийн төрөлд 6 алт, 2 хүрэл медаль хүртсэн/ наадмыг тэргүүлсэн хэвээр байна.

Өнөөдөр сагсан бөмбөг /3×3/ кураш, элсний бөхийн тэмцээнд Монголын тамирчид өрсөлдөж байна. Эрэгтэй сагсчдын хувьд Тайланд, Бутан, БНХАУ, Энэтхэг, Лоасын багтай нэг хэсэгт таарсан бол эмэгтэйчүүд БНХАУ, Филппин, Энэтхэгтэй өрсөлдөх юм.

Өнөөдөр манай сагсан бөмбөгийн эрэгтэй баг Тайландын сагсчидтай өрсөлдөж, 12:14 харьцаагаар ялагдлаа. Харин эмэгтэйчүүдийн хувьд БНХАУ-ын багтай тоглож, 13:18 харьцаагаар тэмцээнийг дуусгажээ. Сагсчиддаа дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

“Пукет-2014” элсний наадамд Азийн 45 орны тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөж байна.