Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 17. Сумъяа гариг. Билгийн тооллын 25. Харцага одтой, хар луу өдөр. Өдрийн наран 08.21 цагт мандан, 17.31 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр лус тахих, хур оруулах, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, хэрүүл, тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд гайхагдах музейтэй болох гарц

Бид шинжлэх ухааны мэдлэгийг үйлдвэрлэдэг: Соёлт хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад эх дэлхийнхээ түүхийг судлан таньж, ойлгохын тулд эртний шим судлал буюу палеонтологи хэмээх шинжлэх ухааны салбарыг бий болгосон юм. Дэлхийн чулуун мандлын тунамал хурдаст хадгалагдан үлдсэн нэн эртний амьдралын ул мөр, чулуужмал эд, эс, бие бүтэц, ор мөр зэргийг нээн илрүүлж, эртний байгал дэлхийг сэргээн тогтоож, шим ертөнцийн эрт цаг, эрин галавын түүхийг бүтээхэд палеонтологийн судлагдахуун оршдог бөгөөд судалгаа нь чулуужсан олдворт тулгуурлан хийгддэг юм. Иймээс чулуужсан олдворыг олж илрүүлэх, малтлага цуглуулгыг хийж бодит баримтыг баяжуулах нь онцгой ач холбогдолтой. Олон зуун сая жилийн хугацаанд дэлхий дээр амьд байгал хэрхэн хувьсчхөгжсөнийг танин мэдэж, хувьслын онолыг баримтжуулахад чулуужсан олдворын ач тус их юм. Орчин үеийн палеонтологийн шинжлэх ухаан судалгаандаа геологи,геохими, биологи, хувьслын онол, биохими, математикийн шинжлэх ухааны арга зүйг өргөн ашиглаж байна. Бусад шинжлэх ухааны салбартай хамтарснаар микропалеонтологи, палеоэкологи, палеогеобиохими, палеобиогеографи, ихнологи, тафономи, молекулын түвшин дэх палеонтологи, бактерийн палеонтологи гэх мэт судалгааны олон шинэ чиглэл бий болжээ. Мөн тооцоолон бодох техник, томографи, бичил биетний анализатор, электрон микроскоп зэргийг ашигласнаар судалгааны аргазүй улам нарийсан хөгжиж байна.

Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр шинжлэх ухааны талбарт ч, танин мэдэхүй, сонирхогчдын хүрээнд ч тэргүүлэх байр суурьтай байдаг юм. Хэдийгээр үлэг гүрвэлийн чулуужсан олдвор бараг бүх тивд олдсон мэдээ байдаг боловч умард Америк (АНУ, Канадыг хамарсан нутаг), төв Ази (Монголын Говь), зүүн өмнөд Ази (БНХАУ-ын нутаг) гэсэн гурван томоохон төв дэлхий дээр ялгарч байна.Сүүлийн арав гаруй жилийн судалгааны үр дүнд Монгол, БНХАУ-ын нутгаас онцгой ховор олдворуудыг олж, дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгийг баяжуулсан нь өвөрмөц шинж байдлаараа шинжлэх ухаанд анх бичигдсэний зэрэгцээ судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн хүрээнд гайхал төрүүлэхүйц, дэлхийн түвшинд хосгүй, нэн ховор олдворт тооцогдож байна. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр эртний амьтан ургамлын олон анги бүлгийн үүслийн төв, хөгжлийн голомт байсныг манай палеонтологичид олон жилийн турш явуулсан судалгаагаараа нотолж, дэлхийн байгалийн түүхийн тухай хүн төрөлхтний шинжлэх ухаан танин мэдэхүйд багагүй хувь нэмэр оруулж ирсэн юм. Монгол оронд үндэсний палеонтологийн салбар үүсч хөгжөөд хагас зуун жил болж байна. Монголын палеонтологийн судалгааны үр дүнг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, палеонтологийн аль ч чиглэлээр ажиллаж байгаа гадны судлаач Монголын олдвор цуглуулга, судалгааны баримт нотолгоог ашиглахгүйгээр үр дүнд хүрэх боломжгүй болжээ.

Эртний амьдралын ор мөр, үлдэгдэл болох амьтан ургамлын чулуужсан олдвор цуглуулга нь ховор олддог, олдсон зарим нь тооны хувьд цөөн, чанарын хувьд хагас дутуу байдгаас урьд өмнө нь тогтоосон олдворыг шинээр олдож байгаатай нь харьцуулан анатоми, морфологийн судалгааг явуулдаг. Иймээс палеонтологийн олдворын судалгаа шинжилгээ дуусаж, дундарна гэсэн ойлголт үгүй юм. Хуучныг нь шинэтэй нь харьцуулах, судалгаа шинжилгээнд шинээр нэвтэрсэн арга, аргачлалаар өмнөхөө дахин шинжлэн нягтлах ажил байнга хийгдэх учиртай. Арга ч үгүй биз, ухаант хүн үүсч бий болохоос олон арван сая жилийн тэртээ оршиж байсан амьтан ургамал, хүрээлэн байсан орчныг таньж мэдэх нь цогц судалгаа, нягт нямбай хандлагыг шаардах нь зүй ёсны юм.

Оршин амьдарч буй эх дэлхий, хүрээлэн байгаа орчноо улам сайн танин мэдэх шаардлага хөгжлийн зайлшгүй хүчин зүйл болохын хирээр шим ертөнцийн түүхийн талаарх мэдлэгийг бодит баримт дээр тулгуурлан олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таниулах зорилгоор палеонтологийн музейг байгуулах болсон байна. Палеонтологийн мэдээ мэдээлэл, бодит баримт хомсхон байсан эрт үед эртний амьтан ургамлын чулуужсан олдворыг байгалийн түүхийн музейн нэгээхэн хэсэгт дэлгэн үзүүлдэг байсан бол одоо төрөлжсөн байдлаар бие даасан музей, үзэсгэлэнгийн хэлбэрээр үзүүлэх болжээ. Эртний амьтан ургамлын олдвор цуглуулга олддоггүй улс орнууд өөр орноос олдсон олдворын хуулбараар палеонтологийн музей байгуулж байгаа нь энэ чиглэлд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.Орчин цагт байгалийн түүхийн цэгцтэй мэдлэгийг ном сурах бичиг зохиох, баримтат болон уран зөгнөлт кино бүтээх, музей үзэсгэлэн зохион байгуулах замаар олон түмэнд хүргэж байна.

Шинжлэх ухаанч мэдлэг оюун ухааныг цэнэглэдэг: Английн эрдэмтэн Дэвид Марри “Музейн түүх” номынхоо эхний хуудсанд: “… Орчин үеийн музей бол шинжлэх ухааны аргазүйн дагуу системчлэгдсэн, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнгээр байнга баяжигдаж байдаг эртний дурсгалт зүйлс ба бусад юмсын цуглуулга юм…” гэсэн байдаг. Орчин үед музейн кунсткамер хэлбэр буюу зөвхөн эд өлгийн зүйл хадгалан үзүүлдэг хэлбэрээс татгалзан “шинжлэх ухааны ордон” гэж үзэх болсноор музейн цуглуулга бүрдүүлэх, үзмэрүүдийг үзүүлэх аргачлал үндсээрээ өөрчлөгдсөн юм. Эрдэм шинжилгээний цуглуулгын үнэ цэнэ зөвхөн ховор байдлаараа биш, басхүү цогц иж бүрдлээрээ үнэ цэнэтэй юм. Иж бүрдэл, системчлэлийн зарчим музейд тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон нь хувьсал хөгжлийн үйл явц, учир шалтгааныг олох гэсэн танин мэдэхүйн үйл явцтай холбоотой. Байгалийн орчин, цаг хугацаа, нөхцөл байдлаар системчлэгдсэн үзүүлбэрүүд хүний танин мэдэх оюуны хэрэгцээнд нийцэх болсноор музей улам бүр төрөлжиж, судалгааны байгууллага болох хандлагыг бий болгосон байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад аливаа нарийн мэргэжлийн музей нь судалгаа шинжилгээний байгууллагынхаа дэргэд байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Тухайлбал, байгалийн түүхийн болон үлэг гүрвэлийн музейнүүд АНУ-ын Симпсоны институт, Калифорнийн ШУА-ийн дэргэд болон ОХУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Польшийн ШУА-ийн Палеобиологийн хүрээлэнгийн дэргэд тус тус байгуулагдан ажиллаж байгааг дурдаж болно.

Монгол улсад орчин цагийн музейн үндэс суурь тавигдсан үеэс палеонтологийн үзмэрийг музейд тавьж, олон нийтэд үзүүлж эхэлсэн байдаг. Шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдаж, Монгол улсын Засгийн газраас музейн ажлыг үүсгэн хөгжүүлэхийг тус хүрээлэнд хариуцуулсан байдаг ба тухайн үед Монгол улсын нутаг дэвсгэрт төрөл бүрийн судалгааны ажил хийж байсан орос, америкийн хайгуул шинжилгээний ангиудын судалгааны үр дүн, олдворууд музейн эх санг бүрдүүлэх чухал эх сурвалж болсон байдаг. Тухайлбал, палеонтологийн чиглэлээр Р.Ч.Эндрюсээр удирдуулсан Америкийн байгалийн түүхийн музейн экспедицийн Монголын говь нутгаас илрүүлсэн олдворууд музейн сан хөмрөгт оржээ. Улмаар 1930 он гэхэд музей геологи, палеонтологи, хөрс шороо, ургамал амьтан, археологи-түүх, этнографи, ардын аж байдал гэсэн 8 үндсэн танхимдаа 2000 гаруй үзмэрийг дэлгэн харуулж, сан хөмрөгтөө 5000 гаруй үзмэртэй болсон байв. 1940 он гэхэд Шинжлэх ухааны хүрээлэн, музейн ажилтнуудын хайгуул шинжилгээ, орон нутгаас хийсэн цуглуулгын үр дүнд түүх угсаатны зүйн холбогдолтой үзмэр нилээд цугларч, харин байгалийн тасгийн үзмэрүүд хоцрогдонгуй байдалтай болжээ. Тиймээс 1940 оноос хойш ШУ-ны хүрээлэнгийн зүгээс байгалийн үзмэр цуглуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарсан байдаг. Монголын говьд 1946 – 1949 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.А.Ефремовын шинжилгээний ангийн хийсэн хайгуул судалгааны үр дүнд музейн эртний амьтдын хэсэгт ховор сонин олдворууд нэмэгдсэн юм. Орон нутаг судлах музейг 1956 онд шинэ байранд нүүлгэн шилжүүлж, үзмэр зүйлсийг шинэчлэн дэглэж “Улсын төв музей” гэж нэрлэн түүхийн ба байгалийн гэсэн үндсэн 2 танхим, мөн урлаг, палеонтологийн бие даасан үзмэрийн хэсэгтэйгээр зохион байгуулжээ. Палеонтологийн бие даасан үзмэрийн хэсэгт монгол нутгаас олдсон эртний сөнөсөн амьтдын олдвор, түүний дотор аварга махан идэшт үлэг гүрвэл-тарбозаврын олдвор анх тавигджээ. Эдгээр олдворуудыг музейн үзмэрт байрлуулан тавих нарийн чимхлүүр ажлыг ЗХУ-ын эрдэмтэн A.К.Рождественскийн удирдлагаар мэргэжилтэн Я.М.Эглон, А.Г.Фонин нар монгол ажилчдын хамт гүйцэтгэсэн байдаг. Хожим нь 1960-1970 онд музейг шинжлэх ухааны байгууллагаас нь салган Соёлын яаманд харъяалуулснаар музейн оршин тогтнох тулгын 3 чулуу Захиргаа- Судалгаа-Үйл ажиллагаа (administration-curation-operation ) – ны нэг судалгааны ажил орхигдон Монголын музейн хөгжил зогсонги байдалд орж, үзмэр баяжуулалт, шинэчлэлт, судалгаа шинжилгээний ажил суларч, үзмэрийн танин мэдэхүйн ач холбогдол бууран, зөвхөн гадна дотны зочдын нүүр тахалдаг, оюутан сурагчдыг хүчээр үзүүлдэг газар болсон байдаг. Зөвхөн орлогын төлөвлөгөөний хойноос хөөцөлддөг ийм хандлага одоо ч манай ихэнх музейд амь бөхтэй байсаар байгаа нь орчин цагийн музейд тавигдаж буй шинжлэх ухаанч хандлагыг үл ойлгох, үндэсний шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг үл тоомсорлох, дур зоргоор авирлах явдалтай холбоотой юм.Харин 1981 онд ШУА-д өгсөн Монгол улсын Засгийн газрын 15 тоот албан даалгаврын дагуу тэр үеийн Геологийн хүрээлэнгийн Стратиграф-палеонтологийн секторын эрдэмтэн судлаачид Улсын төв музейн палеонтологийн тасгийг өргөтгөснөөр Палеонтологийн музейн үндэс суурь тавигдсан юм. Бид Улсын төв музейн том танхимын голд 50-иад оны дунд үед “ах нар”-ын босгож өгсөн тарбозаврын хэлхээ ясны зарим хэсэг нь алдагдаж, сүүлний үзүүрийг нь утасны модон дамраар орлуулан хийсэн, хаяг тайлбар нь алдаатай, сэргээн засварлалт хийгдээгүй цөөн тооны үзмэрийг хүлээн авч, том танхим дээр өргөтгөл хэсгийн 400 орчим ам метр талбайг нэмж, нийт 700 гаруй ам метр талбайд Монгол орноос шинээр олдсон эртний далай тэнгисийн сээр нуруугүй амьтдын чулуужсан олдвор, эртний ургамлын үлдэгдлээс эхлээд аварга хөхтөн болон үлэг гүрвэлийн олдвор хүртэл одоогоос 500 гаруй сая жилээс нааш тоологдох эртний амьтан ургамлын үзмэрийг геологийн цаг тооллын дэс дарааллын дагуу анх удаа дэлгэн үзүүлсэн юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид Төв музей, 1991 оноос Байгалийн түүхийн музейн палеонтологийн хэсгийн эрдэм шинжилгээ судалгааны менежментийг хариуцан 30 гаруй жил нягт хамтран ажиллаж, томоохон үзмэр шинэчлэлтийг 5 удаа хийж, 1985 оноос эхлэн үлэг гүрвэлийн 2 том үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан юм. Харин Байгалийн түүхийн музейн хамт олон хадгалалт хамгаалалт, үзвэр үйлчилгээ, үзэгч орлогын төлөвлөгөөг хариуцан ажиллаж ирсэн байдаг. Шинжлэх ухаан-соёлын үйлдвэрлэл хоёрыг холбосон энэ хоёр байгууллагын хамтын ажиллагааны туршлага олон жилийн туршид шалгагдан сайжирч ирсэн бөгөөд Монголын нөхцөлд зохистой хөгжиж ирснийг сүүлийн 30 жилийн түүх нотолдог юм.

Нөгөө талаар, эх дэлхийнхээ шим мандлын түүхийг сонирхох хүн төрөлхтөний оюуны хэрэгцээ эрс нэмэгдэж, танин мэдэхүйн сэтгэлгээний чиг хандлагаөөрчлөгдөж байна. Хүрээлэн буй орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах арга замыг эрэлхийлж байна. Энэ эрмэлзлэл судлаачдын хүрээнээс хальж, хүүхэд багачуудаас эхлээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс хүртэл хүн амын дийлэнх хэсэг хамрагдах болсон нь гадаадын олон улс оронд зохион байгуулагдаж байгаа музей, үзэсгэлэн,хурал зөвлөгөөн, симпозиумаас харагдаж байна. Энэ нийтлэг шаардлагыг хангах зөв гарц бол шинжлэх ухааны музей байгуулах явдал гэдэг нь ойлгомжтой болжээ.

Цэнэглэгдсэн оюун ухаан хөгжлийн хөдөлгөгч хүч мөн: Монгол орон эртний амьтан ургамлын чулуужсан олдвор, ялангуяа үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд дээгүүрт ордог нь нэгэнт батлагдсан бөгөөд цаашид хууль бус малтлага, хил дамжуулан худалдах үзэгдлийг таслан зогсоож, энэ чиглэлийн судалгааны үр шимийг хүртэх ирээдүйтэй улс болох нь баараггүй юм. Энэхүү бодит боломжийг ажил хэрэг болгох нь өнөөгийн монголчуудын хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг бөгөөд ирээдүй хойч үеийнхээ оюун ухааныг цэнэглэж, улс орныхоо хөгжлийн хөдөлгөгч хүч болгоход эерэгээр нөлөөлөх баялаг билээ.

Монгол улс палеонтологийн болон үлэг гүрвэлийн музейг оновчтой хэлбэрээр байгуулж, эртний шим судлалыг эрчимтэй хөгжүүлэх оновчтой бодлого явуулбал өндөр хөгжилтэй орны судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, дэвшилтэт судалгааны арга зүйг бий болгон дэлхийн шинжлэх ухаанд монголын нэрийг мөнхлөхийн зэрэгцээ гадаад дотоодын аялагчид, жуулчдыг татах түшиц газартай болох юм.

Үүний тулд,

Гарц-1. Үндэсний мэргэж­лийн эрдэм шинжилгээний бай­гууллагыг түшиглэн Монголын палеонтологи, үлэг гүрвэлийн музейг байгуулах нь зүйтэй юм. Мон­го­лын онцлог бол нарийн мэргэж­лийн хүний нөөц дутаг­далтай бөгөөд палеонтологийн музейг цоо шинээр байгуулна гэж үзэхэд тэнд ажиллагсад мэрэгшин дадлагажихад наандаж 20 жил шаардлагатай болно. Энэ хугацаанд маш их туршилт явагдаж, алдаа гаргах магадлал өндөр бөгөөд энэ чиглэлийн олдвор эмзэг, хосгүй байдгийг тооцвол бидэнд улсын баялагаар тэгэж тоглох эрх байхгүй болохыг тэмдэглэх нь илүүц юм. Өнөөдрийг хүртэл бий болгосон хүний нөөцийн боломж чадварт тулгуурлан палеонтологи, үлэг гүрвэлийн музейг зорилго зорилт, үзмэрийн чиг хандлага, үзүүлэх арга, үйл ажиллагааны менежментээрээ бусад орны музейгээс өвөрмөц онцлогтойгоор байгуулах боломжтой бөгөөд онол практикийн туршилт-хэлэлцүүлгийн тулгуур төв болж, үргэлж хөгжин шинэчлэгдэж байдаг музейг зөвхөн мэргэжлийн эрдэм шинжилгээ судалгааны байгууллага удирдан чиглүүлж чадна.

Гарц-2. Үндэсний мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага буюу ШУА-ын Палеонтологийн төвийн хүчин чадлыг өргөтгөж, эртний амьтан ургамлын чулуужсан олдвор цуглуулгаас хэв авч хуулбар хийн музейн үзмэр бэлтгэх лабораторийг нэн яаралтай байгуулах нь зүйтэй. Монгол улсын нутаг дэвсгэрээс палеонтологийн олдвор харьцангуй олноор олдож байгаа хэдий ч энэ бол дуусашгүй, нөхөн сэргээгддэг баялаг биш юм. Ховор олдворыг боловсруулж, судалгаанд бэлтгэсний дараа эх материалаас хэвийг нь авч хуулбар хийн музейн үзмэрт тавьдаг аргазүй палеонтологийн салбарт нэгэнт нэвтэрсэн. Энэ нь хосгүй болон үнэт, дахин давтагдашгүйолдворыг найдвартай орчинд хадгалах боломж олгодог. Дэлхий нийтийн хандлага биет эх олдвор (оригнал)-ыг музейн үзмэрт дэлгэн үзүүлэхээс зайлсхийж, хуулбар загварыг үзмэрт тавьж, эх олдворыг сан хөмрөгт найдвартай орчинд хадгалах болсон. Эх олдвороос нь хуулбарласан хэв гаднах байдлаараа жинхэнэ олдвороос ялгагдахгүй байдаг шинэ технологийг Монголд нутаг­шуулах бүрэн боломж байна.

Палеонтологийн олон салбарын судалгаа шинжилгээ болон танин мэдэхүйн сурталчилгааны ажлын 50 жилийн түүхтэй,олон улсын хэмжээнд танигдсан эрдэмтэн судлаачидтай, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод Монголын палеонтологи – Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг гардан зохион байгуулсан туршлагатай ШУА-ийн Палеонтологийн төвийн хамт олныМонголын төр засаг, түмэн олондоо хүргэх үг энэ буюу.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Хөхөрсөн бугуй

Ажил тарахад хэдийнээ бүрий болжээ. Гудамжаар цуврах машинуудын уртаас урт гэрлэн хэлхээ эцэс төгсгөлгүй мэт хөвөрнө. Гадаа нэлээн жихүүн тул таксинд суухыг ихэд хүсэн яарч бас даарч, гараа өргөөд хүлээж ядаж байтал, ашгүй нэг машин зогслоо. Баярласан гэж яана, гэтэл миний хажууд дөнгөж ирээд зогссон улаан хүрэмтэй хүүхэн шуудхан дайрч суугаад машины хаалгыг тас хийтэл хаав. Такси ч ухасхийн хөдөлж, бохь зажилсан бүсгүй шижим ч үгүй хажуугаар давхин өнгөрлөө. Сүүлдэж ирсэн хүмүүст таксигаа дандаа булаалгачихдаг хүн дээ би, энэ удаа ч мөн ялгаагүй. Урамгүйхэн гараа дахин өргөлөө. Миний энэхүү байдлыг хараад өрөвдсөн бололтой таксины ард явж байсан машины цонх гэнэтхэн онгойж “Дүү минь суучих, жаахан ч гэсэн дөхүүлээд өгье” гэв. Би гайхаж баярласан харцаар найрсаг эрийн зүг хараад, машинд нь суулаа. Түгжирсэн машинууд хаа нэгтээ зугуухан гэлдэрсхийнэ, төдөлгүй л таг зогсоно. Яриа хөөрөө сайтай дунд эргэм насны эр, гадаадад нэлээн олон жил амьдарч байгаад эх нутгаа санан санан, мөрөөдсөөр ирсэн нэгэн аж. Ухаалаг, боловсон, сайхан хүнтэй элдвийг хөөрөлдөн байхад сэтгэлд нэг л ойр дотно байдаг. Яагаад ч юм бид бие биеэ хэзээний мэддэг, миний нэгэн сайн танил мэт санагдах аж. Тэрээр “Ах нь аавындаа очиж явна. Одоо эргээд л нүхэн гарцаар ороод л “Баян Монгол” хороолол орчихно. Танайх чинь эсрэг замынхаа нөгөө талд юм байна” гээд машинаа зогсоов. Тэгээд намайг анхааралтай харснаа “Зам хөндлөн гарахдаа болгоомжтой байгаарай” хэмээн дахин, дахин хэлээд миний сарвайсан хэдэн төгрөгийг авах нь байтугай, харах ч үгүй яваад өгөв. Огт танихгүй, замын нэгэн хүн намайг анхаарч, үгээр ч гэсэн халамжлах юутай сайхан хэмээн бодсоор таг зогссон машинуудын урдуур, хойгуур сүлжин шогшсоор явган хүний зам дээр гарлаа. Гэтэл яг улаан халз миний өөдөөс томоос том цагаан уутаар дүүрэн ундааны сав цуглуулан үүрсэн өндөр туранхай эр, зам халхлан зогсох нь тэр. Айхгүй ч аягүй тул хажуугаар нь хурдхан зөрөх гэтэл, нөгөөдөх чинь бүх биеэрээ хөндөлдөн зам хааж надтай үзэлцэх шинжтэй зогслоо. Дотор палхийж, би жаахан ухарч харин мань эр урагшлав. Шонгийн гэрэл, замд түгжрэн зогссон үй олон машины гялбасан хурц гэрэлд, бид хоёр нүүр нүүрээ ажин, нэгийнхээ бодлыг тааж ядан уншина. Яг л халз тулсан амьтад, гэнэтийн дайралтанд бэлдэн бүхий л биеэ хурааж, үйл хөдлөлөө хянан, өөрийнхөө хамаг л хүч чадал, анхаарал ухаанаа шавхаж сонор соргог болсон мэт. Айж балмагдсандаа, миний дуу хоолой таг болчихож. “Зөрөх гэсэн юм, намайг явуулчих” гээд бараг л шивнэх төдий хэллээ. Нөгөө эр надаар даажигнаж буй бололтой “Үгүй ээ, явуулахгүй ээ” гэж өөдөөс минь бас л шивнэв.

Айж байсан хэдий ч элдвийн бодол тархинд харван орж ирнэ. Цүнхэнд хамаг баримт бичиг, ажил, гэрийн түлхүүр, утас бас мөнгө байгаа… өсгийтэй гуталтай хурдан гүйж чадахгүй… их туранхай юм, түлхээд хаявал би дийлэх байх, энэ хүмүүс надад туслаасай… нөхрийгөө л дууддаг байж ….гээд л яг яахаа мэдэхгүй ядаж байтал, ганц гялс хийгээд баруун гарын маань бугуйнаас бахь шиг базаад авав. Зүрх минь учиргүй цохилж амьсгаа дээрдэн хашгирах гэсэн авиа ч гаргадаггүй, бүр таг.

Өлөн хиртэй нимгэрч элэгдээд энгэр нь сунасан, хэлхгэр ноосон саарал цамцных нь цаанаас эгмийнх нь яс хэрзийн харагдах доройхон эрээс, яаж ч хүчлээд гараа салгаж чадахгүйгээ мэдмэгц, түүнд бушуухан цүнхээ өгөв. Түгжрэн зогссон машинуудын цонх энд, тэндгүй онгойж улсууд шуугилдаж … “туслаарай… болиоч ээ, чи…” гэх сонсогдож, айж сандарсан хүмүүсийн царай, нүдний буланд бүдэг бадаг харагдана. Миний зориг орж “Май энийг ав, гарыг минь тавь” гээд цүнхээ өглөө. Гэтэл нөгөө эр ихэд дургүйцэн цүнхийг минь өөдөөс түлхэв. Би бүр гайхаж, яах гээд байгаа учрыг нь огт ойлгосонгүй. Тэр миний өөдөөс их сонин харцаар харан зогссоноо гарыг минь зөөлхөн тавилаа. Тэгээд хоолойгоо зассанаа ” Чи намайг ганцхан л үнсчих” гэх нь тэр. Би чихэндээ итгэж ядан өөрийн эрхгүй дуу алдаж ” Юу уу?… чамайг үнсэх ээ…” гээд энэ удаа айж балмагдсандаа биш, гайхаж цочирдсондоо юу хэлэхээ мэдэхгүй ээрэн мэгдэв. Нөгөө хүн “Чи миний эхнэртэй их төстөй юмаа. Би үнсүүлдэг ээжтэй, эгчтэй бас чамтай яг адилхан эхнэртэй байлаа, даанч…тэр маань … намайг арай л… дэндүүлсэн дээ…” гээд хахаж, цацан түүний хоолой нь сааралтав. Зэврүүн хүйтэнд сэмэрч элэгдээд, унжиж хэлхийсэн дан ноосон цамцтай, толбо хир болсон нимгэн даавуун өмд өмссөн, өлсөж ядарсан царайнаас гуч хол гарч яваа болов уу гэмээр, энэхүү эрийг анх удаа тогтон сайтар хармагц миний сэтгэлд сэрүү татаж, уймран эвгүйцэв. Хэзээ нэгэн цагт, хэн нэгний хайрлаж энхрийлдэг өхөөрдөм хүү, надтай адилхан гээд байгаа тэр эхнэрийн хайрлаж дурласан залуу, эр нөхөр нь байсан л байж таараа. Ямар гээчийн гай зовлонд унаж, сэтгэлийн гуниг гутралаа үүрч, ганцаардан зүдэрч яваа юм бол гэж бодовч, үнэн хэлж байгаа болов уу даа гэж тээнэглзэн эргэлзэв. Цүнх мөнгө авахгүй байгааг бодоход үнэн байх, яаж хийж байгаад аятайхан салчих арга хайж ядан мухардалаа. Гэтэл ашгүй нилээн том сүртэй биетэй, бахь байрын хоёр залуу машинаасаа буун, замын хашлага даван үсрэн гарч ирээд, яах ийхийн зуургүй нөгөө шуудай чирсэн чөргөр эрийг нам цохиод унагачихлаа. Нэг мэдсэн, би өөрийн мэдэлгүй “Битгий өшиглөөрэй яс нь хугарчихна, одоо болноо, наад хүн чинь их зовж байгаа юм байна” хэмээн чангаар дуу алдан хашгирав. Нөгөө хоёр залуу гайхсан харцаар над руу зэрэг харлаа. Нэг залуу нь “Өө, энэ чинь ямар сонин хүүхэн бэ? Яваач чи” гэж зандрав. Би талархсанаа илэрхийлээд сандарч бүдэчсээр гэрийнхээ зүг хурдлан гүйх шахам явахдаа байн байн эргэн харж, хөөрхийг ахиж битгий цохиосой гэж сэтгэл хөндүүрлэж байв. Зогссон машинууд ч хөдөлж тусч хоёр залуугийн гүйлдэн машиндаа сууцгаах, шуудайтай эрийн сүйтийн босон зогсож байх нь бүдэг бадагхан харагдав.Орой нь усанд орж байгаад хартал бугуйн дээр минь томоос том хүрэнтэн, хөхөрчээ. Миний хөхөрсөн бугуй ч яахав дээ, хэдхэн хоноод л зүгээр болно. Нөгөө өрөвдөлт эрийн сэтгэл зүрхний хөх няц л арилаасай хэмээн шимшрэн бодсоор гараа усаар булхаж угаав.

Д. АЗЗАЯА

Categories
мэдээ нийгэм

500 гаруй иргэн ОХУ-ыг зорьжээ

ОХУ, Монгол хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр өнгөрсөн баасан гарагт албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Ингэснээр арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн иргэд харилцан визгүй зорчих боломж бүрэн нээгдсэн юм. Тэгвэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас мэдээлснээр хоёр улс хооронд визгүй зорчих болсон эхний өдөр Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарсан байна. Харин ОХУ-ын 300 орчим иргэн Монгол Улс руу нэвтэрчээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд харилцан 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахын тулд бусдад шаардлага тавьж байхыг анхаарууллаа

Бусдын үгэнд итгэж эрүүл мэнд, эд хөрөн­гөөрөө хохирохгүй байхыг албаныхан анхааруулж байна. Нийслэлийн Эрүүл мэн­дийн газраас хувиараа үйл ажиллагаа явуул­даг шүдний эмнэл­­гүү­­дэд шалгалт хий­хэд цөөнгүй нь нэг удаагийн зүүг давтан хэрэг­лэж байсан нь илэрчээ. Хэдийгээр нэг зүүг олон үйлчлүүлэгчид ашиглаагүй, тухайн хүнийг эмчлэхдээ олон хатгалтыг нэг зүүгээр хийсэн гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас тайлбарласан ч халдварт өвчин дамжих нөхцөлийг бүрдүүлж байгааг хэлсэн. Тэгэхээр эмчлүүлэхээр ороод халдварт өвчин авах магадлал байна гэсэн үг. Тиймээс үйлч­лүүлж буй эмнэлэгтээ шаардлага тавьж, зүү тариур, эм тариаг нь нэг бүрчлэн үзэж байхыг анхааруулсан.

Японоос машин хямд авахад зуучилна гэж 120 гаруй хүнээс нийтдээ 1.1 тэрбум төгрөг залилсан гэх хэргийг энэ долоо хоногт Цагдаагийн бай­гууллага шалгаж эхэлсэн. Баян­зүрх дүүргийн цаг­даагийн II хэлтэст өдөр бүр энэ хэргийн хохирогч гэх арав, хорин хүн ирж байгаа гэнэ. “Гүн бэйс”, “Алтан самурай”, “Дэлхийн тамга” нэртэй гурван компанийнхан www.negtugrug.mn сай­таар дамжуулан иргэдтэй холбогдон захиалсан машиных нь урьдчилгаа болох 6-35 сая төгрөг залилсан хэрэгт шал­гаг­даж байгаа юм. Хохи­рогчид хохирлыг нь бараг­дуулахгүй бол нийлээд өлсгөлөн зарлана гэж ярьж буй. Гэхдээ хохирогчид бус­дад мөнгөө өгөхдөө зүй ёсны шаардлага тавиа­гүй бичиг баримттай нь сайн танилцаагүй гэдэг асуудал гарч буй. Машин захиалах гэрээ байгуулсан гэх боловч тухайн компани дуудлага худалдаагаар олон машин авах санхүүгийн боломжтой эсэх, гадаа­даас гүйлгээ хийсэн гэх бичиг баримт нь үнэн эсэхийг нягтлаагүйгээс эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл бүрджээ. Дээрх гурван компанийн үйл ажиллагаа нэг, санхүүгийн хувьд тогтвортой биш, нэг хүнээс мөнгө аваад нөгөөд нь өгөх байдлаар ажил­ладаг байсан нь илэрчээ.

Дээрх хоёр хэрэг нь эрүүл мэнд, эд хөрөнгөө бусдад даатгахдаа зүй ёсны шаардлага тавьж, анхааралтай байхыг сануулж буй юм.

“ДОРГИО” БААРЫГ ХААЖ, ЗАХИРЛЫГ НЬ БАРИВЧЛАВ

Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” цэн­гээ­ний газрын үйл ажил­лагааг Нийслэлийн цаг­даагийн газраас хаа­жээ. Тус цэнгээний газар нь удаа дараа цаг хэтрүүлэн ажиллаж, цаг­даагийн алба хааг­чийн шаард­лагыг биелүүлээгүй нь ийн хаалгаа бариула­хад хүргэсэн аж. Үйл ажил­лагааг нь зогсоосноос гадна тус баарны захирал Д-д долоо хоног баривчлах захиргааны шийтгэл оногдуулжээ.

ОХИДЫГ ХӨНӨӨСӨН ГЭХ Б.ИДЭРЗАЯАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт буюу Шар хадны эцэс, “Хар хошуу” уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос өнгөрсөн тавдугаар сарын 8-нд олдсон. Овоо­ны хажууд цогцос байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгуул­лагаас хэрэг үүсгэн шалгахад Б.Идэрзаяа, Э.Золбоо гэх хоёр залуу­тай хамт байсан 19, 20 настай хоёр эмэгтэйнх мөн болох нь тогтоогдсон. Улмаар уг хэрэгт Б.Идэр­заяа, Э.Золбоо нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс уг хэргийг шалгаж дуусаад хавтаст хэргийг Дүүргийн нэгдүгээр проку­рорын газар шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчидтой хамт байсан Э.Золбоог энэ хэрэгт холбогдолгүйг тогтоожээ. Харин Б.Идэр­заяаг хоёр буюу түүнээс дээш хүнийг санаатайгаар алсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91.2.16-д зааснаар ял­лах санал­тайгаар про­курорт шилжүүлсэн бай­на. Б.Идэрзаяа энэ хэргийг үйлдэхээсээ өмнө танхайн хэргээр ял эдэлж байсан юм. Тодруулбал, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сонгино­хайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байх “Цом” караокед үйлчлүүлж байсан Э-г зодож гэмтээсэн хэргээр нэг сар баривчлах ял эдэлсэн нэгэн.

БАРИЛГЫН ОСЛООР ДАХИН НЭГ ХҮН АМИА АЛДАВ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хорооны нутагт “Арвин-Очир” компанийн захиалгаар барьж байсан барилгын дөрөвдүгээр давхраас төмөр тулгуур буулгаж байсан ажилчин унаж хүнд гэмтсэн. Хохирогч Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай. Түүнийг Гэм­тэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн ч нас барсан аж. Үүнээс гадна Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 12-нд “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртжээ. Биеийн байдал хүнд байсан тул гэмтсэн ажилчныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд авчран эмчилж байгаа аж. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн барилгын компаниудаас болж олон хүн хохирсоор байна. “Өдрийн сонин”-ы дэргэд “Астра бьюлдинг” компанийн барьж буй барилгаас өнгөрсөн лхагва гаригт хавтан унаж замаар явж байсан машины шил хагалсан. Хэрвээ тэр үед явган хүн явж байсан, эсвэл хавтангаас өөр зүйл уна­сан бол хүний амь эрсдэж мэдэхээр байлаа. Хууль бусаар барилга барьж буй компанийнхан иргэдийн амь насанд занал­хийлсээр байхад хяналт тавьдаг байгууллагууд мэдээгүй мэт байгаа нь харамсалтай.

“МОНОС”-ЫН ЭМИЙН САНЧИД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

Люминал буюу “Фено­барбитал” эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сан­гийн ажилт­нуудад хол­богдох хэргийг шүүхэд шил­жүүлжээ. Тодруулбал, “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг өнгөрсөн наймдугаар сарын 8-9-нд “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж 16 нярай хордож, эмч­лүүлсэн. Мөн “Монос-Улаан­баатар” компанийн лавлахын эмч Д.Жавхлантөгс нь утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд мөн буруу өгснөөс хоёр нярай хордох шалт­гаан болсон гэдгийг проку­ророос тогтоожээ. Иймээс Б.Эрдэнэчимэг, Д.Жавхлантөгс нарт Эрүү­­гийн хуулийн 106.2-т заас­ны буюу үүргээ бие­лүүлээгүйгээс өвчтөнд хүнд хүндэвтэр гэм­тэл учруулсан гэх эрүү­гийн хэрэг үүсгэж шүүг­дэгчээр татсан байна. Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажил­лагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Байцааны ороомог хийх арга

ХИЙХ АРГА:

Будаагаа агшаана. Байцааны ороомог бэлтгэхийн тулд яг л буузны мах шиг таташ бэлтгэхэд болно доо. Нэг ширхэг сонгино хэрчээд, татсан махан дээрээ, сонгино будаагаа давс, перецний хамт нэмээд базна. Хүсвэл сонгиноо шарж болно. Харин байцааг бүхлээр нь угааж цэвэрлээд том саванд хийж, 15-20 минут давстай усанд чанаарай.Хагас болсон байцааныхаа навчнуудыг салгаж авах хэрэгтэй. Ингэхдээ байцааны гол бас хатуу хэсгийг зүсэж эсвэл хайчилж авна. Байцааны навч бүр дээр нэг хоолны халбага мах хийгээд баадан эвхэж байгаа мэт орооно. Байцаанд ороосон махаа хайруулын тавганд бүх талаар нь шарж, бага зэрэг болгоод, том хоолны саванд хийж, буцалгаж болгоход бэлтгэнэ. Үүн дээрээ бага зэргийн соус нэмэхэд улам амттай болно доо. Үлдсэн нэг сонгиныг хэрчээд, хоёр ширхэг луувангаа үрнэ. Бэлдсэн ногоонуудыг байцааны ороомог дээрээ тарааж тавиарай. Улаан лоолийн соус бэлтгэнэ. Ингэхдээ улаан лоолийн паста дээрээ зөөхийг хольж хутгаад стакан ус нэмнэ. Соусыг савтай байцааны ороомог дээрээ асгаж таглана. Байцааны ороомогоо 45 минут зөөлөн гал дээр буцалгана. Эсвэл үүнээс арай хялбар байдлаар бэлтгэж болно. Байцааны ороомгоо хайруулын тавгандаа болгох, эсвэл яг л бууз жигнэж байгаа мэт буузны жигнүүрт болгоод, цөцгийн тосоор амтлан таваглаж болно шүү.

Categories
мэдээ нийгэм

Ханиаднаас сэрэмжлүүлэв

Хүйтний улиралтай зэрэгцэж, ханиад томууны дэгдэлт нэмэгддэг энэ үед Эрүүл мэндийн яамнаас эцэг эхчүүдэд хандан сэрэмжлүүлгийг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт “Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн респиратор синцитиал вирус, аденовирус, риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин гарч байна. Ялангуяа респиратор синцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг. Иймд эцэг эхчүүд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авахыг сануулъя” гэжээ. ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөөгөөр хүүхдээ дулаан хувцаслаж, дааруулахгүй байхад нь юун түрүүнд анхаараарай. Хүүхдээ ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, сайтар асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй гэв. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэвэр сахиж, гараа сайтар савандаж угаах, бохирдсон гараа нүдэнд хүргэхгүй байхыг зөвлөв.

Гэр орноо дулаан байлгаж, чийгтэй цэвэрлэгээг хийж, өрөө тасалгааг хоёр цаг тутам агааржуулах хэрэгтэй гэнэ.

Хүйтэн сэрүүний цагт амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, буцалсан бүлээн шингэн ууж, цэгэн иллэг хийж хэвшвэл ханиад томуунаас сэргийлнэ. Хүүхдэдээ дур мэдэж антибиотик өгөхөөс татгалзаж, эмчид хандахыг ЭМЯ-наас эцэг эхчүүдэд онцгойлон зөвлөсөн юм.

С.ЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Рекламдуулагчид сонин, хэвлэлд хандах нь ихэслээ

Монголын ажил хэрэгч эзэд реклам, зар сурталчилгаагаа сонин хэвлэлд өгөх эрмэлзлэлтэй болжээ. Зар сурталчилгаа өндөр хөгжсөн орнуудад бизнес эрхлэгчид телевизээр нэг их рекламдуулаад байдаггүй. Манай улс ч ийм жишиг рүү орж байна. Энэ нь техникийн хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг судлаачид онцоллоо. Хуучин цагт цөөн телевизтэй байхад рекламдуулагчид зар сурталчилгаагаа телевизэд өгдөг байсан. Үзэгчид хүссэн ч, эс хүссэн ч түүнийг үзэх болдог байв. Харин орчин үед телевизийн салбар дахь технологийн дэвшил нь үйл ажиллагаагаа сурталчлуулагч, бараа бүтээгдэхүүнээ рекламдуулагчдын хувьд тохиромжгүй байдал үүсгэж эхэлжээ. Тухайлбал, юнивишн, скаймедиа зэрэг кабелийн сувгууд хүссэн нэвтрүүлгээ ухрааж үзэх технологийг нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдэд хүссэн кино, мэдээ, нэвтрүүлгээ хүссэн цагтаа үзэх боломжийг олгосон яахын аргагүй дэвшилтэт технологи мөн.

Хуучин ийм нэг онигоо байлаа. Радиогоор их сайхан дуу явж байгааг чагнаж суусан хөдөөний эмэгтэй “Мөнчиг сайхан дуу юм даа. Дараа орж ирээд сонсъё байз” гээд радиогоо унтраачихаад гүүгээ саахаар гарч байсан гэдэг.

Хэдэн жилийн өмнө энэ яриа онигоо байсан бол одоо биелэлээ олсон. Хүмүүс хүссэн цагтаа хүссэн нэвтрүүлгээ үздэг болсон. Телевизийн аль гоё нэвтрүүлэг, кинон дундуурх зар сурталчилгаа өндөр үнэтэй байдаг. Гэтэл үзэгчид реклам гараад эхлэнгүүт гүйлгэчихдэг болсонд л хамаг учир байна. Жишээлбэл, “Цагийн хүрд”-ийг цагт нь үздэг хүн байхгүй. Судлаад үзэхэд мэдээллийн энэ нэвтрүүлгийг 21-22 цагийн хооронд нөхөж үздэг болж. Усан мэдээллийг шахаж үзэж байгаа нь тэр. Хуучин “Цагийн хүрд”-ээр дэлгүүрийн нээлтийн талаарх зүсээ хувиргасан төлбөртэй мэдээлэл гарахад телевизор руугаа углаашаа шидээд зүхээд суудаг байсан. Харин одоо усан мэдээг нь шахчихаад, хүссэн мэдээллээ үзэх боломжийг техникийн дэвшил олгосон. Айл болгонд юнивишн, скаймедиа байхгүй гэхэд хөдөөгийн захын багт “Ddish”-ээр 80 гаруй суваг үзэх боломжтой. Монгол Улсын хэмжээнд 152 телевиз байгааг Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанаас харж болно. Ийм олон сонголт байхад хэн реклам, зар сурталчилгаа харах билээ. Реклам эхлэхэд өөр нэг сувгийг сонгоход л киногоо үргэлжлүүлээд үзэх боломжтой болсон. Байлаа гэхэд зар сурталчилгаа гарах хооронд ариун цэврийн өрөө явах, ойр зуурын аяга тавгаа угаах ажлаа амжуулчихдаг. Ийм учраас л рекламдуулагчдын мөнгө үр ашиггүй, долгион дунд ууршаад алга болчихдог болсон. Өндөр хөгжилтэй орнуудад ч ийм байсан учраас зар сурталчилгааг сонин дээр тавих нь илүү үр дүнтэйг бизнес эрхлэгчид баталчихсан хэрэг. Сонин бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн суурийг тавьсан хамгийн эртний хэрэгсэл. Өнөө хэр нь дэлхий даяараа өргөн хүрээг хамарсан мэдээллийн гол хэрэгсэл байсаар байгаа. Хэвлэлийн реклам бол эртний уламжлал бүхий “худалдааны хөдөлгөгч хүч” гэдгийг нэр хүндтэй бизнес эрхлэгчид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Зарыг түгээх хамгийн ашигтай , тохиромжтой хэлбэр бол сонин болон хэвлэмэл материалууд байдаг гэж судлаачид үздэг. Реклам, зар сурталчилгааг өдөр тутмын сонин дээр л тавьж ажил үйлчилгээгээ олон хүргэж, түүнээсээ ашиг олдог нь тухайн улсад хамгийн олон захиалагчтай сонины зар сурталчилгаа байнга өсч байдгаас харагдаж байгаа юм. Энэ нь ч аргагүй. Уншигчид сонины нүүрийг эргүүлж, алгасч харлаа ч гэсэн заавал эргэж уншигддаг. Хүссэн ч, эс хүссэн ч гарчиглахгүй өнгөрдөггүй. Өдөр тутмын сониноос өнөөдөр гарчиглалаа, маргааш харлаа, нөгөөдөр дахиад уншлаа. Ингэхээр уншигчийн нүдэнд яах аргагүй тогтож үлддэг. Дараа нь нөгөө бараагаа харахад танилтайгаа уулзаж байгаа мэт дотно, мэддэг болчихсон байдаг. Өдөр тутмын сонинд зар сурталчилгаа үр дүнд хүрдэгийн ид шид нь энэ.

Үүнээс гадна өдөр тут­мын сонинг сэхээтэн, оюун­лаг, хөрөнгөлөг хэсэг нь унш­даг. Ийм бүлэгт хүрсэн зар сурталчилгаа хэзээд үр дүнгээ өгдөг. Барилга, орон сууц рекламдлаа гэхэд уншиж байгаа хүмүүс нь төл­бөрийн чадвартай байдаг. СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын тэнхимийн багш Г.Нарантунгалаг менежмент, боловсон хүчний асуудлаар хийсэн судалгаа хийхэд байгууллагууд ажилтны хэрэгцээ гарахад хамгийн түрүүнд сонинд зар өгдөг гэсэн дүн гарчээ. Нэр хүндтэй, мөнгөтэй, олон улсын байгууллагуудын 66 хувь нь өдөр тутмын сонинуудад зар өгөх нь үр дүнтэй байдаг гэж үздэгээ илэрхийлсэн байна. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар ч өдөр тутмын сонинуудаар ажлын зар, барилга, барилгын материалын худалдаа, орон сууц, гэр ахуйн болон электрон бараа, тавилга, банк, санхүү, даатгал, бүх төрлийн сургалт, уралдаан тэмцээн, хүнс, хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын сонинуудаар сурталчлах нь их байна гэжээ. Мөн машин тээвэр, сэлбэг, засвар үйлчилгээ, түлш, гар утас, харилцаа холбоо, хувцас хэрэглэл, уул уурхай, олборлолт, тээвэр зуучлал, аяллын зар сурталчилгааг өдөр тутмын сонинуудад тавьж байна гэжээ. Энэ бол бүх салбарынхан өдөр тутмын сониноор рекламдуулахын ач тусыг ойлгож байгааг харуулсан хэрэг. Сурталчлагч байгууллагуудын хувьд “Оюутолгой”, “Мастер” ХХК, Номин стандарт, Голомт банк, Тэнгэр трейвел, PC малл, Худалдаа хөгжлийн банк, Дакон төв, Некст электроникс зэрэг компани, байгууллагууд өдөр тутмын сонинуудаар сурталчилгаагаа түгээгчдийг тэргүүлжээ. Эдгээр байгуул­лагууд бол Монголын топ бизнесийн байгууллагууд. Яагаад гэвэл өдөр тутмын сониноор рекламдуулахад бизнес нь амжилт олдог. Эдийн засаг хүнд байгаа энэ үед ч сонины реклам болон захиалгын тоо сэргээд байгаа­гийн нууц үүнд байгаа юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ангарагийн бэлэг

Энэтхэгчүүдийн олж харсан гэрлэн дохио

Хүн төрөлхтний сонирхлыг ихээр татдаг гаригуудын нэг бол Ангараг. НАСА-гийн эрдэмтэд тус гаригийг идэвхтэй судалж, судалгааны ажлаа алхам алхмаар урагшлуулсаар буй. Бусад улс орны судлаачид ч энэ гаригийг судалж, шинэ зүйлс эрэлхийлдэг. Ангараг гаригаас дэлхийд байдаг эд зүйлстэй төстэй олон эд олддог. Тэр ч бүү хэл хүнтэй төстэй, хүний нүүр царайг илэрхийлдэг олон зүйлс дуранд үлддэг. 15 жилийн өмнө “Сожоунер” роботын авсан олон мянган зураг НАСА-гийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Уг хөмрөгийг шүүж үзэн, судалгаа хийж байсан археологич У.Скотт чулуун баримлын толгой хэвтэж байгааг олж илрүүлсэн байна. Хэрвээ энэ зүйл үнэхээр баримлын толгой мөн байвал Ангарагаас олдсон анхны баримал, хүний гараар бүтсэн бүтээл болж таарах юм.

Гүрвэл. НАСА-гийн судлаачид үүнийг хэдэн сая жилийн өмнө Ангараг гариг дээр амьдарч байсан гүрвэлийн чулуужсан үлдэгдэл гэж үздэг.

Монголчууд уг гаригийг Улаан нүдэн гариг гэж нэрийддэг. Марс буюу Улаан нүдэн гаригийг судалдаг эрдэмтэд тэнд амьдрал бий, эсвэл амьдрал байсан гэдэг дээр санал хуваагддаг. Марс гаригт голын гольдрол олдсон, тэр бүү хэл пирамид бий ч гэцгээдэг. Ер нь тэнд амьд амьдрал бий гэдэгт бат итгэдэг хүмүүс ч олон.

Байсхийгээд л барууны мэдээллийн хэрэгслүүд, сүүлийн үед Азийн томоохон цахим хуудсууд Ангарагаас ямар нэгэн эд зүйлтэй төстэй юм олдсон тухай мэдээлдэг болсон. Хамгийн сүүлчийн мэдээ нь дээр дурдсан чулуун хөшөөний толгой. Энэ толгойг шинжилж үзээд дэлхийн хүн төрөлхтөний эртний домогт өгүүлдэг бурхдынхтай төстэй гэж үзэж байгаа аж. Үүнээс улбаалаад Марс гаригт хүний нэг төрөл оршиж байсан, оршиж байж магадгүй гэдэг таамаглалыг улам лавшруулж байгаа гэнэ.

Майжгий гутал

Марс гариг дээр судалгаа хийсэн роботуудын авсан зургийг судлаачид төдийгүй, одон орон, гариг эрхэс сонирхдог жирийн иргэд хүртэл нарийн ажиглаж, шинэ зүйлс илрүүлдэг. “Ангарагаас өрөөсөн майжийсан гутал олдлоо”, “Чулуужсан, могой, гүрвэл, харх олджээ”, “Гэрлэн дохио мэтийн зүйл илрүүллээ” гэх мэтээр олон мэдээлэл цацагддаг ч эдний алийг нь ч эрдэмтэд нотолж, хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Юутай ч хүн төрөлхтөн Улаан нүдэн гаригаас камерын бичлэгт үлдсэн дүрслэлийн тусламжтайгаар олон арван эд олчихоод байгаа. Энэ бүх “олдвор”-ыг үнэн байгаасай, жинхэнэ байгаасай гэдэг далд итгэл хүмүүст төрж “Тэнд амьдрал байгаасай” гэсэн бодол төрдөг.

“Ангарагийн үзэсгэлэнт бүсгүй”. Марс гаригийн гадаргаас ийм дүрстэй хад олджээ

Марсаас одоогоор хэдэн зуун дүр, дүрслэл олдчихоод байгаа. Пирамид, хотын балгас, хүний царай, галт уулын тогоо, харх, гүрвэл, могой мэт чулуужсан зүйлс харагддаг аж. НАСА-гийн эрдэмтэд “Марс бол бидний сонирхол татдаг, итгэл тээдэг гаригуудын нэг. Тэндээс бидний энд хэрэглэдэг эд зүйлтэй төстэй юмс бичлэгээс олонтаа харагддаг. Энэ талаас нь тус гаригийг чулуужсан зүйлсийн агуулах гэж хэлж болох ч нөгөө талаас музей ч юм шиг байдаг. Гэхдээ хамгийн гол нь хүн төрөлхтөний өөр гариг дээр амьдрал байж болзошгүй гэдэг мөнхийн горьдлогыг Марс сэрээсэн гэдгийг мартаж болохгүй” гэж тодорхойлдог.

Харин НАСА-гийн судалгааг таашаадаггүй зарим орны судлаачид Ангарагтай холбоо энэ бүхнийг үгүйсгэж “Америкчууд Ангараг гэдэг супермаркетаас одоо юу олдлоо гэж шоудах бол доо. Крисмас дөхлөө. Тэндээс бэлэг ирэх байх даа” хэмээн хатуухан хошигнодог. Улс төрийн шинжтэй энэ мэт даажигнал, тохуурхлыг АНУ-ын судлаачид огтхон ч тоодоггүй бөгөөд Марсаас олддог эд зүйлсийг хүн төрөлхтөнд илгээж буй бэлэг хэмээн үзэж судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Уран гартай, нинжин сэтгэлт Г.Пүрэвсүрэн охин

“Хүрээ тулга” дунд сургуулийн долоогийн А ангийн сурагч Г.Пүрэвсүрэн өчигдөр сургууль дээрээ бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрээр оймсоор төрөл бүрийн чихмэл тоглоом, баримлын шавраар бэлэг дурсгалын зүйл хийдэг уран гартан. Анхны бие даасан үзэсгэлэнгийнхээ үеэр өөрийнхөө бүтээлийг худалдаж байгаа. Олсон орлогоороо “Бадамлянхуа” асрамжийн газрын нэгэн охины мөрөөдлийг биелүүлэхээр болжээ. Учир нь хэд хоногийн өмнө асрамжийн газрын охиноос түүнд захидал иржээ. Захидлын эзэн бусад охидын адил өсгийтэй пүүз өмсөхийг хүсэж байгаагаа бичсэн байна. Энэ мөрөөдлийг нь Г.Пүрэвсүрэн охин биелүүлэхээр үзэсгэлэнгээ гаргажээ. “Өсгийтэй пүүз охид болгоны л мөрөөдөл. Гэхдээ ийм гутал жаахан үнэтэй байдаг. Тиймээс ахиухан орлого олоод өсгийтэй пүүзийг нь авч өгмөөр байна” гэж Г.Пүрэвсүрэн охин ярьж байлаа.

Тэрээр бүр сургуульд орохоосоо өмнө янз бүрийн зүйл урлах, бас зурах авьяастай байжээ. Багаасаа өвчтэй байсан болохоор аав ээж нь түүнийг цэцэрлэгт биш гэртээ өсгөсөн байна. Ингэхдээ үеийнхнээс нь хоцруулахгүйн тулд хүүхдэд тохирсон хийж чадах зүйлийг нь зааж өгчээ. Охин ч гарын уртай болохоор аливаа зүйлийг хурдан сурна. Тэр хэрээр аав ээж нь охиндоо шинэ зүйл сургахыг эрмэлзэж байсан гэнэ. Ингээд сургуульд орсон цагаасаа ангийнхантайгаа нийлэн авьяасаа улам хөгжүүлжээ. Одоо түүний урын санд 100 гаруй оймсон тоглоомноос гадна баримлын шавраар хийсэн бэлэг дурсгалын зүйлс зөндөө бий. Эдгээр бүтээлээ өчигдөр сургууль дээрээ дэлгэж үеийнхэндээ сонирхуулсан байна. Харин өнөөдөр олон нийтэд худалдаалах ажээ.

Охины ээжийг Т.Нямаасүрэн гэдэг. Цэцэг тарих сонирхолтой, “Увидаст цэцгий хүрээлэн” клубийн гишүүн. Клуб нь цэцэг тарьж борлуулдаг. Олсон орлогоо мөн л сайн үйлсийн аянд зориулдаг юм байна. Ингэж сайн үйлс хийхдээ “Бадамлянхуа” асрамжийн газартай холбогджээ. Тэнд 2-16 насны 66 хүүхэд байдаг гэсэн. Тэндхийн хүүхдүүдэд цэцэг борлуулж олсон орлогоороо дулаахан гутал авч өгдөг юм байна. Заримдаа тэндхийн хүүхдүүдээс захиа ирнэ. Төрсөн гэрээсээ хол байгаа хүүхдүүд захиан дээрээ юу хүсэж байгаагаа бичдэг ажээ. Харин энэ удаагийн захидлын эзний хүслийг Г.Пүрэвсүрэн охин биелүүлэхээр божээ.

Г.Пүрэвсүрэн охин багаасаа хүнд өвчтэй байсан гэнэ. Одоо харин үе мөчний системийн өвчтэй, байнгын эм уудаг юм байна. Өвчнөө мартагнах зорилгоор өөрийгөө сатааруулдаг нь өнөөдөр үзэсгэлэн гаргах хэмжээнд авчирчээ. Хийсэн тоглоомоо ээжийнхээ Nyamaasuren Tumur фэйсбүүк хуудсаар болон “Увидаст Namuran Urmila цэцгийн хүрээлэн” клубийн фэйсбүүк хаягаар дамжуулан олонд хүргэдэг ажээ. Өөрийнх нь бүтээлийг сонирхсон хүмүүст 500-3000 төгрөгөөр борлуулдаг юм байна. “Олсон бүх мөнгөө сайн үйлсэд зориулах болно. Энэ удаа асрамжийн газрын эгчийн хүссэн өсгийтэй пүүзийг аваад өгчихвөл их баярлах байх” гэж Г.Пүрэвсүрэн охин ярьж байна.

Мөн тэрээр өөрийнхөө мэдсэн сурсан зүйлийг Баянгол дүүрэгт харьяалагддаг цэцэрлэгийн хүүхдүүдэд зааж өгдөг ажээ. Ирээдүйд зураач болох хүсэлтэй балчир охины бүтээлийг худалдаж авахыг хүсвэл өнөөдөр “Хүрээ” дээд сургуулийн B байрны 109 тоотод очоорой.

С.АЛТАН