Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2014 оны 11 дүгээр сарын 17-ны 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

“Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-24-нд үзэх боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Үг даахгүй бол та нар уул даахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрөгч баасан гарагт (2014.11.14) UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөрт оролцож байгаа залуусын сонирхсон асуултад хариулт өгөхдөө Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд ямар шаардлага тавих тухайгаа ярьсан байна.

Ерөнхийлөгч: -“Улс төрд шинэ манлайлагч” гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөр улс төрд шинэ соёл авч ирээсэй гэж бодож байна. Монголд өнөөдөр улс төр асуудал болчихоод байна. Ийм нөхцөлд шинэ үе маань яаж өмнөх үеийнхний алдааг давтахгүй явах вэ. Хүмүүс заавал улс төрд орж байж суралцах уу гэсэн асуудал гарч байна. Монголд хэрэгжүүлж болох сайн санаа байвал би боломжийн хэрээр дэмжих ёстой гэж боддог. Тэр утгаараа би энэ хөтөлбөрийг зөв зүйл гэж үзэж байгаа. Би та бүхний санаа бодлыг сонсоё. Та бүхэн сонирхсон асуудлаа чөлөөтэй асууж болно.

Оролцогч:-Та тавтай сайхан өвөлжиж байна уу. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөрт оролцогч залуус бидний урилгыг хүлээн авч ирсэнд тань баярлалаа. Улс төрд манлайлагч болох залуус хэрхэн яаж улс төрийн салбарт орж ажиллах боломжтой вэ?

Ерөнхийлөгч: – Та бүхэн үг дааж сурах хэрэгтэй. Шүүмжлэл байх тусмаа сайн. Хүмүүс янз бүрээр ярьж үнэлэлт дүгнэлт өгч болно. Улс төрийн салбар, улс төрийн амьдрал өөрөө маш хэцүү. Хүний холгосон хөлийг заавал олж гишгэж байдаг. Түүнээс тойрох аргагүй тийм л зүйл. Та нар бол өнөөдөр улс төрд ороод ирсэн, жинхэнэ улс төрд явж байгаа хүмүүс биш. Эндээс алдах зүйл байхгүй. Хүмүүс хөтөлбөрийг үзээд сонирхохгүй бол цаашаа яваад л өгнө. Та нар буруу зөрүү шийдвэр гаргалаа гээд ард түмэнд хор болохгүй. Хохирол учрахгүй. Харин хүн үзээд сонирхох юм бол ард иргэдийг улс төрийн боловсролд сургаж байгаа сайн хэлбэр болох юм.

Би улс төрд яаж орох талаар та бүхэнд зөвлөгөө өгөхгүй. Энэ бол хүний өөрийн сонголтын асуудал. Заавал улс төрд манлайлагч байх биш, гэрт ч, ер нь газар бүхэнд манлайлагч байдаг. Гэртээ сайн аав, ээж, ах, эгч байна гэдэг бол манлайлагч гэсэн үг. Манлайлагч гэдэг бол заавал улс төрийн салбарын асуудал биш юм. Гэхдээ өнөөдөр улс төр асуудал болчихсон учраас үүнийг яаж шийдэх вэ гэж ярьж байгаа хэлбэр нь зөв юм.

Оролцогч: Хэрэв та бидэн шиг залуу байгаад ийм төсөл зарлагдсан бол оролцох байсан уу. Ямар шийдэл дэвшүүлж орох байсан бэ?

Ерөнхийлөгч: -Энэ бол өнөөдрийн залууст гарч байгаа боломж юм. Намайг улс төр, олон нийтийн амьдрал руу орж байхад ийм боломж байгаагүй. Та бүхэн азтай байна. Энэ төсөл, үйл ажиллагаа цаашаа явах, эсэх нь та нараас шалтгаална. Улс төрд муу, сайн янз бүрийн л зүйл бий. Үг дааж сурах хэрэгтэй. Үг даахгүй бол та нар уул даахгүй. Та нар бол уул өргөнө. Монголын төлөө зүтгэнэ гэж орж ирсэн шүү дээ. Үг даагаад, суралцаад явах юм бол та нарын хажууд өөрсдийн чинь толь байгаа. Хэнийг дуурайвал буруу вэ, хэний арга барил зөв байна гэдгийг харж болно.

Улс төрийн шинэ соёл гэхээр миний хувьд бүтээлч сэтгэхүйтэй залуус байгаасай гэж бодож байна.Одоо манайд асуудал шийдүүлэх гэхээр яаж энэ асуудлыг унагах вэ гэсэн сэтгэхүй давамгай болчихоод байна.Ийм улс төр Монголд ерөөсөө хэрэггүй.Үүнийг зогсоох шаардлагатай.Шийдэл авч ирдэг улс төр байх ёстой.Цаашлаад хэлбэл ийм баг байх ёстой.Өнөөдрийн муу улс төрийг та нар хуулж болохгүй.Өнөөдрийн гарсан нам өмнөх намынхаа хуулбар болоод байна.Тэгэхээр шүүмжилдэг байсан зүйлээ л хуулаад явж байна гэсэн үг.Үүнийг та нар хуулалгүй өөрчлөлт авчрах шаардлагатай.

Улс төрийг жижгээс эхлээсэй гэж би бодож байна. Улс төрд үнэхээр оръё гэж бодож байгаа бол жирийн багийн даргатай, хорооны даргатай уулзаад хийдэг ажилтай нь танилцаад, хамт яваад, хүмүүстэй уулзах хэрэгтэй. Ингэж жижгээс эхэлж байж юм олж мэднэ, мэдэрнэ. Түүнээс биш шууд улстөрч, дарга болно гэдэг боломжгүй зүйл юм. Улс төрд орох амаргүй. Наад зах нь та нар хиртэй цамцтай явах эрхгүй болно. Өөрөө үлгэрлэх ёстой. Хүнээс шаарддаг зүйлээ өөрөөсөө шаарддаг байх ёстой. Хүнийг хийгээсэй гэсэн зүйлийг өөрөө хамгийн түрүүнд хийх ёстой.

Оролцогч: Сайн улстөрч болохын тулд яах ёстой вэ?

Ерөнхийлөгч: -Улс төрд орох хүн эхлээд өөрийгөө таних ёстой. Монголыг өөөрчилье гэвэл эхлээд өөрийгөө өөрчлөх ёстой. Өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөх нь хамгийн хэцүү байж магадгүй. Тэгээд Монголоо таних хэрэгтэй. Ойр орчноо, хөршөө, дэлхийг мэдэх хэрэгтэй. Энэ бүхнийг өргөн хараагаар харж чаддаг, юмыг олон түвшинд, нэг өнгөөр биш харж чаддаг байх ёстой. Үр дагаварыг нь харж чаддаг байх ёстой.

Оролцогч: Намайг энэ төсөлд оролцоход гол нөлөөлсөн хүн бол та. Та яагаад улстөрч болох замыг сонгосон бэ.Улстөрч болоход юу хамгийн чухал нөлөө үзүүлсэн бэ?

Ерөнхийлөгч: -Би улс төр, олон нийтийн амьдрал руу ороод 25 жил болж байна. Тэр үед нэг ийм танхимд Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн болж, тэр орой нь төлөөлөгч залуучууд цуглараад ярилцсан. Тэгэхэд би цэрэг хувцастай, дэслэгч цолтой босоод “Энэ нийгэмд хариуцлага алга. Хариуцлага тооцдог болъё. Би сэтгүүлч хүн. Хариуцлагын чиглэлээр сонин гаргая. Ингэж ажиллахгүй бол болохгүй юм байна” гэж хэлж байсан. Өнөөдрийнхтэй их төстэй сонсогдож байгаа биз. Өнөөдөр ч би яг тэр байр суурин дээрээ байгаа. Монголыг ардчилалтай орон гэж хэлж болно. Хариуцлагатай орон гэж хэлэхэд хэцүү байна. Монгол мөнгөгүйдээ биш, хариуцлагагүйдээ л ажил цаашаа явахгүй байгаа юм. Монголд ардчилал хангалттай байж магадгүй. Хариуцлагатай болох хэрэгтэй. Үүний төлөө явах ёстой. Өвлийн хүйтэнд, хөр цасан дээр анх бид улс төрд хөлд орж байсан. Яг ард түмэнтэйгаа адилхан, энгийн найз нөхөдтэйгөө адилхан алдаж оноод л өдийг хүрсэн. Түүнээс биш улс төрд шинэ процедур байхгүй. Ном сонсоод, юм уншаад байхад улс төр их энгийн, хялбар юм шиг харагддаг. Яг амьдрал дээр бүх юм маш их бодитой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ардчилал гэдэг үйл явц болохоос очоод зогсдог зогсоол биш

Оролцогч: –Таны амьдралын түүх тэр чигээрээ ардчиллын түүх байдаг. 25 жилийн өмнө таны санаж хүсч байсан нийгэм бий болж чадсан уу. Чадаагүй бол яагаад.Чадсан бол залуучууд бид юу хийх вэ, ямар ардчиллыг бүтээх вэ?

Ерөнхийлөгч: –Ардчилал бол хийгээд дуусчихдаг зүйл биш. Миний үеийнхэн Монгол Улсыг ингэж өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх арга зам нь ардчилал байх юм байна. Хүний эрх, эрх чөлөө байх юм байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр юм байна. Малчид малаа хувьчилж авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Хувь хүн үйлдвэр байгуулж болно гэж миний толгойд орж ирж байгаагүй. Хувь хүн ресторан байгуулж болно гэж бодоход ч хэцүү байсан. Тэр бүхнийг эхлүүлээд Монголоо өөд татая, өөрчилье. Түүнд хувь нэмрээ оруулъя л гэж явцгаасан. Өөрсдийнхөө тухайн цаг үед шаардагдаж байсан асуудлыг л бидний үе шийдэж явсан. Та бүхний өмнө, дараагийн үеийнхний өмнө шинэ нөхцөл байдал, шинэ шаардлага, шинэ сорилт гарч ирнэ. Түүнийг та бүхэн шийдээд л явна.

Ардчилал гэдэг нь үйл явц болохоос биш очоод зогсдог зогсоол биш. Ардчилал гэдэг амьдралтай л адилхан. Хар, цагаан нь ил, нүдэн дээр байж байдаг маш хэцүү тогтолцоо. Эрх чөлөө бол амар тогтолцоо биш. Гэхдээ үүгээр явсан нь дээр. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь сонголт байсан. Бид үе үедээ асуудлаа шийдээд, юмаа бүтэгээд явах ёстой юм. Миний өмнө байсан бүх үе бидний төлөө, миний төлөө амьдарсан.Одоо та бүхэн өмнөх үеийнхний хийж байсан тэр зүйлийг сайжруулаад, сайныг нь авч, мууг нь засаад явах хэрэгтэй.Ардчилал бол хийгээд дуусчихдаг, миний хүсч байсан зүйл биш болчихлоо гэдэг тийм зүйл ерөөсөө биш.

Сонгуульд ялж байсан тэр үеийнхээ мэдрэмжийг битгий мартаач ээ

Оролцогч: –Бид бол улс төрд хутгалдаагүй, боломжийг ашиглаад улс төрд боловсорч байгаа залуус. Та өнөөдрийн энэ улс төрийн нөхцөл байдалд улстөрчдөд хандаж юу хэлэх вэ?

Ерөнхийлөгч: -Хэрэв манлайлагч, улстөрч болъё гэж бодож байгаа бол бэрхшээлийг туулах ёроолгүй тэнхээтэй байх ёстой. Унаж болно. Буцаж болохгүй. Тууштай урагшаа явах ёстой. Өнөөдөр улс төрд байгаа, ялангуяа сонгогдсон хүмүүст хандаж би нэг зүйлийг хэлье гэж боддог юм. Би өөртөө ч хэлэхийг хичээдэг. эр юу вэ гэвэл, яг сонгуульд ялж байсан тэр шөнийнхөө “Яллаа” гээд ард түмэндээ баярлаж байсан баярыг битгий мартаач ээ. Сонгуульд ялаад УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэхэд “За их буруу сонголт хийлээ. Би гардаг буруу юм боллоо доо” гэж хэн ч боддоггүй. “Ёстой ард түмнийхээ төлөө зүтгэнэ дээ. Амласнаа хийнэ дээ.Бүтээхийн төлөө явна даа” гэж боддог. Сонгуулийн шөнийн баяраа ажлын өдөр битгий март, улстөрчид өө. Байнга санаж бай. Тэгж чадвал ард түмнийхээ төлөө зүтгэх, хийх зүйлээ хийж чадна. Харамсалтай нь сонгуулийн шөнийн баяр тэр шөнөдөө дуусаад маргаашаас нь мартаж байгаа нь л үнэхээр өнөөгийн увайгүй улс төрийн эхлэл болоод байна. Товчхон хэлэхэд ийм байна.

Оролцогч: –Та Монголын улс төрийн намуудад хандаж юу хэлэх вэ?

Ерөнхийлөгч: -Өнөөдөр улс төрийн намуудын байж байгаа байдал үнэхээр хэний ч сэтгэлд хүрэхгүй байна. Монголд асуудал шийдэж байгаа арга хэлбэр улам жижгэрээд л байна. Монгол Улс маань намуудад хуваагдаж байна. Намууд дотроо фракц, бүлэглэлүүдэд хуваагдаж байна. Бүлэглэл нь доошоо яваад түүнийг даргалдаг даргад хуваагдаж байна. Уг нь энэ эсрэгээрээ байх ёстой. Юм томоор явах ёстой. Тэр удирдаж байгаа хүн улс орныхоо төлөө зүтгэдэг, тэгэхэд нь нам, хамт олон нь түшдэг ийм л байх ёстой. Гэтэл яг үнэндээ улс төрийн нам хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг хэрэгсэл болоод хувирчихсан байна. Эрх барьж байгаа бүлэглэлийн хувийн эрх ашгийг гүйцэлдүүлдэг хэрэгсэл болсон байна. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй. Намын ийм байдлыг цааш үргэлжлүүлж болохгүй. Зогсоох ёстой.

Улс төрийн намыг яаж өөрчлөх вэ, яаж зөв болгох вэ гэдэг дээр хамтраад хууль санаачлаад оруулах шаардлагатай. Би улстөрчдийг, УИХ-ын гишүүдийг хараад байгаа юм. Тэр хууль нэг сайн явж өгөхгүй юм шиг харагдаад байгаа. Тиймээс бид өнөөгийн улс төрийн намуудын тоглоомын дүрэм, энэ явж ирсэн байдлыг бүрэн өөрчлөх хэрэгтэй.

Зоригтой эдийн засгийн алхам хэрэгтэй байна

Оролцогч: –Манайх дэлхийд гайхуулах түүхтэй гэдэг. Гэтэл өнөөгийн эдийн засгийн бодлогоос болоод жуулчид 5000 ам.доллар үрж Монголыг зорьсноос 500 ам.доллартай Өвөрмонголыг зорих уу гэсэн асуулт тулгарч байна. Үүнээс гарахын тулд ойрын үед эдийн засгийн ямар бодого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

Ерөнхийлөгч: -Өнөөдөр хөрөнгө оруулалт нь зогсчихсон, эдийн засгийн өсөлт саарсан, нөхцөл байдал сайн биш байна. Хүмүүсийн амьдрал ч хэцүү байна. Маш олон аж ахуйн нэгж хаалгаа бариад хүмүүсээ цомхотгож байна. Хувийн аж ахуйн нэгж ч адилхан, улсын аж ахуйн нэгж ч адилхан, бүгд өрийн сүлжээнд орсон байна. Өнөөдөр Монголд ямар эдийн засгийн бодлого хэрэгтэй вэ гэвэл гаднаас ахиухан валют оруулж ирдэг, Монголоос бага валют гардаг, үйлдвэрлэлийг дэмжсэн, иргэдээ юм хийхийг дэмжсэн, зоригтой эдийн засгийн алхам хэрэгтэй. Үүнээс өөрөөр бид асуудлыг шийдэж чадахгүй.

Оролцогч: –Өнөөдөр Монгол Улсад хамгийн түрүүнд хийх шаардлагатай ямар ажил байна вэ?

Ерөнхийлөгч: -Үүнийг гурав хуваавал зүгээр байх гэж би боддог. Төрийн түвшинд хийх нэн шаардлагатай ажлууд байгаа. Үүн дээр нэлээд анхаарч ажиллая гэж би хувьдаа бодож байгаа.

Шилэн дансны хууль гэж гарсан. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ард иргэд, энэ улстөрчид миний мөнгийг яаж зарцуулж байна гэдгийг илүү сонирхдог. Эрх мэдэлтнүүд хэдэн төгрөг хаана зарцуулсан гэдэг нь бүгд веб сайт юм уу, зориулалтын самбар дээр ил тод мэдээлэгдэж байх ёстой. Үүнд ард иргэд хяналт тавиад эхэлбэл авлигаас эхлээд их олон муу зүйл алга болж эхэлнэ.

Сонсголын тухай хуулийг бас өргөн бариад байгаа. Бид үнэндээ ардчиллыг хэлбэрийн хувьд авчихаад амьсгалыг нь, тэр дотор нь байдаг бүтцийг нь аваагүй. УИХ дээр төсвийн тухай сонсгол явж байх ёстой. Томилгооны тухай сонсгол явж байх ёстой. Аймгийн ИТХ дээр тэр асуудлууд бас явж байх ёстой. Байгаль орчны тухай, Засаг даргын гаргасан шийдвэрийн тухай асуудлыг сумын Хурал нь сонсголоороо шийддэг байх ёстой. Ингэвэл ардчилал өөрөө амилж эхэлж байгаа юм. Ардчилал өөрөө амьтай, хариуцлагатай болно.

Би бас Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг оруулах гээд Засгийн газраас санал аваад байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүн, бүх түвшинд улс төрийн албан тушаалтантай тооцдог хариуцлагыг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэг хүн албан тушалаас салах, явах гэхэд улс оронд бөөн хямрал болох шахуу юм болж байна шүү дээ. Ямар юм хийвэл чи өөрөө ёс зүйн, улс төрийн хариуцлага хүлээгээд явж байх ёстой юм. Ямар юм хийвэл чи хууль, хяналтын байгууллагад шилжих ёстой юм бэ. Яавал УИХ-ын гишүүнийг эргүүлж татаж болох юм. Яасан үед Ерөнхийлөгчтэй, УИХ-ын гишүүнтэй, Засаг даргатай, ИТХ-ын төлөөлөгчтэй ямар хариуцлага тооцож болох вэ. Манайхан сонгууль болгоны өмнө хариуцлага, шударга ёс яриад явдаг. Одоо түүнийг биетээр нь үзэх хэрэгтэй. Нэрийг нь хэлээд явдаг байсан бол одоо биеийг нь харуулах цаг ирсэн.

Төрийн албаны хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намуудын хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Захиргааны ерөнхий хуультай болно. Манайх Захиргааны ерөнхий хуульгүй шүү дээ. Төрийн захиргааны байгууллага ямар стандарттай байх юм. Захиргаанаас гарч байгаа шийдвэрүүд яаж хадгалагдах юм. Тэр нь байхгүй, албан тушаалтнуудын дур зоригийн асуудал болж ирсэн. Захиргааны шүүхтэй болсон ч энэ хуулийг нь гаргаж өгөөгүй байсан. Засгийн газар, төрийн захиргаа хамгийн их дургүйцдэг хууль. Би энэ хуулийг өргөн барихаар бүх нөхцөлийг судлаад оруулж байгаа. Шүүх эрх мэдэл тойрсон маш их хууль байна. Шүүхийн холбогдолтой 6-7 хууль баталсан ч Гэмт хэргийн тухай буюу Эрүүгийн хуулиа, Хариуцлагын тухай хуулиа бид өөрчилж чадаагүй л байна. Хүн барьж хэрэг хүлээлгэдэг хэвээрээ л байна. Бид шүүгчдийн барьдаг номыг нь өөрчилж байж л үүнийг өөрчлөхөөс өөр ямар ч арга байхгүй. Ингээд бодоход өнөөдөр УИХ ямар их ажилтай байж болохоор байна вэ.

Нөгөө талаас эдийн засгийн түвшинд өнөө маргаашгүй авч хэрэгжүүлмээр ажлууд байна. Оюутолгой, Тавантолгойтой холбоотой асуудлыг маш хурдан шийдэх хэрэгтэй. Тавантолгой төрийн өмчлөлөөр цаашаа явахгүй, хувийн өмчлөлд өгөх хэрэгтэй. Хувийнхан нүүрсээ ухаад, аваад, ачаад, төр татвараа аваад явдаг хэлбэр рүүгээ хурдан ормоор байна. Оюутолгойн гүний уурхайн хоёр дахь төслийг маш хурдтай явуулах хэрэгтэй. Цахилгаан станц барих гэхээр цахилгааны үнэ ашигтай биш учраас мэргэжлийн хүмүүсийн хэлээд байгаа тэр цахилгааны үнийг хаана нь яаж нэмэхээ шийдэх хэрэгтэй. Өнөөдөр ийм хүнд асуудлыг шийдэх гэж байгаа юм. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр цугласан хэдэн төгрөгийг хэн ч, хаана ч хуваарилж цацаж чадна. Энэ асуудлыг эдийн засагт шийдэх хэрэгтэй. Өөрсдөө шатахуунаа, хийгээ гаргадаг болъё.

Газраа эргэлтэд оруулмаар байна. Газрыг гадаадын хүнд өмчлүүлдэг, түрээслүүлдгийг бүрэн март. Ерөөсөө Монгол Улсын гурван сая иргэн газар гэдэг баялгаа яаж ашиглах юм. Иргэндээ л баялаг болгож өгье л дөө. Сонгуулийн үеэр л газрын тухай баахан ярьдаг. Иргэндээ өгөх болохоороо ярьдаггүй. Энэ хэцүү асуудал. Гэхдээ төрөөс зааж өгсөн энэ газрыг чи өмчлөх эрхтэй. Ийм зүйлд ашиглах эрхтэй. Үүнийг зөрчвөл төр буцаагаад газраа хурааж авна. Ингээд иргэндээ өгчихвөл асар их баялаг эргэлтэд орох гэж байна.

Нийгмийн даатгалын өр гэж нэг их наяд төгрөг байдаг. Одоо бараг хоёр их наяд төгрөг ч болох гэж байна уу. Үүнийг мөнгөжүүлээд төлсөн хүмүүсийнх нь нэр дээр төлсөн хэмжээгээр нь бичилт хийгээд, эргүүлээд өрийг баялаг болгох боломж байна. Үүнийг хийж чадахгүй суугаад байна. Ийм том асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Өрийн удирдлага гэж байна. Өр 40 хувьд хүрчихсэн. Илүү байж болохгүй гээд таазандаа тулчихсан. Засгийн газар цаашаа алхаж юм хийх гэхээр юу ч хийж болдоггүй. Хэдэн төгрөг зээлж оруулж ирээд хэлж ярьсаар байтал хариуцлагагүй зарцуулсан тохиолдол байгаа. Уг нь бид оруулж ирсэн бондынхоо нэг ам.долларын цаана хоёр ам.доллар босгох ийм ажил хийх хэрэгтэй байсан.

Монгол капиталист эдийн засагтай, социалист эрүүл мэндийн салбартай. Өнөөдөр Монголд хамгийн муу байгаа салбар бол эрүүл мэнд. Нийтийн хоолны салбарыг эрүүл мэндийн салбар шиг авч явсан бол монголчууд гадагшаа гарч хоол идэх байсан байх. Гэтэл энд хувь орж ирээд хэчнээн олон янзын гуанз, ресторан, хэчнээн олон боломжийг ард түмэн бий болгож чадав. Эрүүл мэндийн салбарт нийтийн хоолных шиг боломжийг оруулж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх хүн Эрүүл мэндийн шинэ сайдаар томилогдох ёстой.

Төрийн хүрээнд, хуулийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд гээд яривал маш их юм ярихаар байна. Бизнесийн моргейжийн системийг бүх дэлхийд хэрэгжүүлээд байгаа. Түүнийг Монголд хамгийн түрүүнд оруулж ирэх хэрэгтэй. Нэг бизнес эхлэх гэдэг. Олсон хэдэн төгрөгөө түрээсийнхээ мөнгөнд өгөөд шатаад л эргээд эргэлтгүй хөрөнгөгүй суудаг.Т эр боломжийг бизнесийн моргейжоор нөхөх бүрэн боломжтой. Эдийн засаг ярьж байгаа бол хөрөнгийн биржээ хурдан эргэлтэд оруулмаар байна. Дэлхийн стандартад хурдан оруулах хэрэгтэй. Өнөөдөр дэрэн дороо юм уу, банкинд хадгалахаар мөнгөний ханш унаад байна шүү дээ. Тэрний оронд Монголд сайн явж байгаа төслүүд рүүгээ Хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулалт хийгээд, тэндээсээ хувь аваад явах эрхийг Монголын ард түмэнд нээж өгөх хэрэгтэй. Үүнийг нээхэд зарим хүндрэл гарч магадгүй. Үүнийг хийж чаддаг Засгийн газар, ийм ажлууд руу орж чаддаг хүн л хэрэгтэй байна.

Тохиролцоонд хүрчихсэн зүйлсийг ажил болгох хэрэгтэй

Оролцогч: –Дараагийн асуулт олон улсын харилцааны тухай. Үүн дээр алт, зэс, байгалийн баялгуудаа борлуулах боломжууд гэсэн асуудал гарч ирж байна.Бидний дараагийн онцлох асуудал юу байх вэ?

Ерөнхийлөгч: -Боломжууд бидэнд бий. Хийн хоолой биднийг тойроод явчихлаа. Дараа нь ч Монголоор дайрч явах хийн хоолойн тухай ярьж болно. ОХУ-ын ард түмэн, удирдлагуудын гаргаж байгаа шийдвэрийг бид буруу гэж хэлэхгүй шүү дээ. Өөрийнхөө хот тосгодоор дамжуулсаар яваад Хятадын хил хүргээд л оруулж байгаа. Гуравдагч орноор орууллаа гэхэд дахиад Украйн шиг ийм зүйл болох вий гэж бүгд л санаа зовж байгаа. Энэ баталгааг бид гаргаж өгч чаддаг байх ёстой. Хийн хоолой манай нутгаар нэг км илүү явах нь ашигтай гэж харж байгаа шиг оросууд ч гэсэн өөрсдийнхөө нутгаар нэг км илүү явуулахыг бодно. Хятад руу явж байгаа хийн хоолойн зарим нэг шугам нь Монголоор дайрах юм бол илүү богинохон,зардал багатай очих боломжтой. Гэвч хийн хоолой барьж байгаа улсууд нь илүү өндөр үнээр барих юм бол тэр аж ахуйн нэгждээ очих ашиг нь өөр учир илүү өндөр үнэ гаргаж барих сонирхол аж ахуйн нэгжүүдэд байдаг. Тэгэхээр улстөр илүү амархан шийдэлтэй, хэлэнгүүт Монголоор ороод ирэх боломжтой байсан бол зөндөө олон хийн хоолой орж ирээд Монголыг хэрчихсэн л байх байсан.

Улстөр гэдэг, өнөөдрийн энэ явж байгаа бодлого тийм амархан шийдэлтэй биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний бодож байгаагаас хэцүү. Гэхдээ түүнийг шийдвэрлэхийн төлөө, ард иргэдийнхээ эрх ашгийг өмнө тавьж бодож чаддаг байх ёстой. Хоёр хөрштэйгөө ярьж чаддаг, хоёр хөршийнхөө удирдагчдыг авч ирээд гурван талаараа ярьж чаддаг болно гэдэг өнөөдөр Монголын амжилт.

Зөвхөн хийн хоолойноос гадна бид зөндөө олон ажил ярьж байгаа.Монголоор дамжин явж байгаа төмөр замыг хос төмөр зам болгоё. Үнэхээр Азид хийгдэж байгаа бүтээгдэхүүн Европод хэрэгтэй байх юм бол Монгол дамжин өнгөрүүлдэг хамгийн гол боомт орон байх боломж байна. Үүн дээр Монгол хамтарч ажиллая, Засгийн газрын түвшинд гэрээгээ байгуулъя. Ямар боомт, далайгаар дамжаад манай бүтээгдэхүүн гуравдагч оронд гарч болох, ямар төмөр замаар Хятадын нутгаар явах, түүгээр явахад ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдэг олон жилийн ажил байна. Бид үүнийг хийгээд урд хөрштэйгөө дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг зурж чадсан. Одоо хойд хөрштэйгөө яриад гурван чиглэлээр Засгийн газрын хэлэлцээрийг байгуулах гээд явж байна.

Үүний араас манай Засгийн газар, ажлаа хариуцаж байгаа хүмүүс энэ ярьж хэлж байгаа, улстөрийн хэмжээнд тохиролцоонд хүрчихсэн зүйлсийг ажил болгохын төлөө өдөр шөнөгүй л ажиллаж байх ёстой.

Мэргэжлийн Засгийн газартай болъё

Оролцогч: –Өнөөдрийн улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар асууя. Засгийн газар огцорчихоод байна.Та Засгийн газрыг бүрдүүлэх тал дээр ямар бодолтой байна вэ?Одоогийн ажиллаж байгаа сайдуудаас үргэлжлүүлж ажиллах боломжтой сайн ажиллаж байгаа сайдууд байна уу?

Ерөнхийлөгч: -Би байнга хэлдэг. Засгийн газар огцрох, Ерөнхий сайд огцроход би дургүй. Ер нь ч хэрэггүй байдаг юм. Огцорч байгаа Ерөнхий сайд нь сайн хүн байгаа учраас огцруулж хэрэггүй гэж байгаа юм биш. Огцорсных нь дараа хор нь дийлдэггүй байхгүй юу. Түүнээс нь хамгаалах дархлаа, систем Монголын улстөрд тогтоогүй байгаа юм.

Бас нэг зүйл, манайхан ажил авахдаа их гоё авдаг. Хамгийн гол нь ажлаа өгч сурах хэрэгтэй. Би өндөр албан тушаалтнуудад хэлдэг. Чи ажил авч байхынхаа баяр, тэр үед хандаж хэлж байсан үг, талархлаа мартаж хэрэггүй. Хааяа санаж байх хэрэгтэй. Дээрээс нь ажлыг хэн ч авч чадна, бас ажлыг зөв өгч сурах хэрэгтэй. Үүнийг хууль журмаар зохицуулж өгөх шаардлагатай байгаа.

Миний харж байгаагаар үнэхээр хүнд нөхцөлд ажиллах Засгийн газар гарч ирнэ. Эдийн засаг, улс орны амьдрал хэцүү байгаа. Хямралыг удирдах Засгийн газар гарч ирнэ шүү дээ. Монголчууд хэрсүү. Хэцүү байна гэдгийг харж байгаа. Зарим хүмүүс “Авралын Засгийн газар” гэж байгаа. Энэ Засгийн газарт улстөр бодох ямар ч шаардлагагүй.

Би одоо гарч ирэх Ерөнхий сайдад хоёр шаардлага тавина. Чи 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй, чи дахиад намын дарга болно гэж бодох шаардлагагүй, улстөр бодох шаардлагагүй. Энэ нэг жил зургаан сард улс орноо л бодож ажилла. Ийм их ажил байна. Ийм хэцүү шийдлүүд байна. Оюутолгой дээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдээд явахад таван жил хараалгаж магадгүй. Дараа нь арван жилийн дараа тэр шийдэл нь зөв болж ч магадгүй. Энэ Тавантолгой, тэр цахилгаан станц, саяын миний ярьдаг асуудлуудыг шийдээд явах хэрэгтэй.

Өнөөдөр чи нэг жил зургаан сар ажиллана. Дараа нь сонголт чинь тодорхой байх ёстой. Таван жил, арван жилийн дараа дахиад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тухай ярьж болно. Ерөнхий сайдаар сайн ажиллах юм бол 2016 онд намын жагсаалтад миний нэрийг оруулж өгөөрэй. Би улс төр бодохгүй, улс орноо л бодож зүтгэнэ. Тэгээд л боллоо.

Одоо УИХ, Засгийн газар дээр явж байгаа ажлыг та бүхэн хар даа. Ерөөсөө л дараачийн сонгуулиа, улстөрөө л бодсон ажил хийгээд байна шүү дээ. МАН асуудал тавиад Засгийн газрыг огцруулахдаа ийм үр дагавар гарна гэдгийг мэдээгүй хийсэн гэж бодож байна уу? Бүр тооцож хийж байгаа. Ардчилсан намынхан дотроо ингэж хагарна, Ерөнхий сайдаа гаргаж ирэхийн тулд ийм юм болно, ингэж хагараад нэр хүнд нь унах тусам бидэнд ашигтай гэж. Гэхдээ Монголд ашиггүй бол МАН-д уг нь ашиггүй л байх ёстой байхгүй юу. Тэгэхээр энэ бол Монголд ашиггүй шийдэл.

Нэгэнт шийдчихсэн учраас бид дараачийн Засгийн газраа яаж байгуулах вэ гэдгээ бодох ёстой. Монголын төлөө өөрийгөө золиослох тийм л Ерөнхий сайд гарч ирэх хэрэгтэй. Засгийн газрын гишүүдэд бас миний тавих шаардлага байгаа. Засгийн газрынгишүүн УИХ-ын гишүүн байх ёсгүй. Засгийн газар цэвэр мэргэжлийн, гаднаас, асуудал шийдэж чаддаг Засгийн газар болох ёстой. Нэг юмыг манайхан ойлгохгүй байгаа. Үндсэн хууль дээр маш тодорхой бичсэн байдаг юм. УИХ-д олонхи суудал авсан нам байхгүй бол олон суудалтай нам нь бусад намуудтайгаа зөвшилцөж гаргаж ирнэ гэж байгаа. Тэгээд Ерөнхийлөгч тэр хүнийг УИХ руу оруулж батлуулдаг. Засгийн газрын гишүүнийг намууд ярьдаггүй юм. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ руу оруулна гэж байдаг.

Одоо энэ намын товчоогоор оруулдгаа болих хэрэгтэй. Намын бүлгээр Засгийн газрын гишүүнийг ярих шаардлага байхгүй. Тэнд очиж фракцад хуваарилах хэрэггүй. Нөгөөдөх нь Засгийн сайд биш, фракцын төлөөлөл болж ажиллаж байна шүү дээ. Харагдаж байгаа биз дээ. Тэгж ажил унагаж байгаа. Тэр Үндэсний зөвлөлдөх хороо, намын бага хурал, удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөл, намын бүлгүүдээр Засгийн газрын гишүүнийг ярих ямар ч шаардлага байхгүй. Гаднаас, мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Дээрээс нь одоо Засгийн газрын гишүүн болох гэж байгаа хүмүүс нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Одоо Засгийн газрын гишүүн болох гэж байгаа нөхдүүд 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

Мэргэжлийн Засгийн газартай болъё. Саяхан Италид манайх шиг Засгийн газар нь хямрахад их сургуулийн нэг багшийг Ерөнхий сайдаар томилж, мэргэжлийн Засгийн газар байгуулаад, жил ажиллуулаад л маш олон асуудлыг шийдсэн. Монголд 1990 онд Бямбасүрэн гуайн Засгийн газар ийм мэргэжлийн шинжтэй байсан. Өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг харахад яг ийм мэргэжлийн Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тэрнээс биш улс төр хийж, дараагийн сонгууль, карьераа боддог Засгийн газар хэрэггүй ээ. Товчлуур дарж, хэвлэл хахуульдаж, суудалдаа хэрхэн үлдэх вэ гэж боддог Засгийн газар хэрэггүй.

Мөн УИХ-д суудалтай намууд Ерөнхий сайдыг 2016 оны сонгууль хүртэл огцруулах санал оруулахгүй гэж шийдвэр гаргах хэрэгтэй. Бид энэ явдлаас сургамж авах хэрэгтэй. Бидэнд засгаа огцруулж шинээр томилоод суух цаг хугацаа байхгүй байна. Улс орон маань элгээрээ мөлхөх нь байна. Шинэ Засгийн газар гарч ирээд хүнд асуудлуудтай тулгарна. Тийм учраас улс төрийн карьераа боддоггүй мэргэжлийн Засгийн газар хэрэгтэй байна. Тэгээд бид 2016 оны сонгуульд өрсөлдөхгүй, зөвхөн тухайн салбарын, жишээ нь цахилгаан станц байгуулах, хоёр толгойн асуудлыг шийдэх гэх мэт асуудлыг шийдэж өгөөд явъя гэж амлалт өгөх ёстой. Өөр арга байхгүй. Засгийн газарт орсноор сайхан бялуу хуваана гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Бүгдээрээ сав савандаа л байя. УИХ-ын гишүүд зөвхөн хууль тогтоох ажлаа хийе. Засгийн газрын гишүүд Ерөнхий сайддаа туслаад салбараа хариуцаад явъя. Бид ийм зориг гаргах хэрэгтэй. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад ороод ирэхэд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гээд хуульд нээлттэй байгаа боловч намууд өөрсдөө үүрэг авах боломжтой шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд зөвхөн өөрөө огцрох өргөдлөө өгвөл авч хэлэлцэе .

Монгол Улсын хувьд цаг хугацаа хамгийн үнэтэй хөрөнгө. Оюутолгой, Тавантолгойгоос үнэ цэнэтэй хөрөнгөө бид ингээд алдаад суугаад байж болохгүй.

Бодол бол вирус шиг, буруу бодлоос буруу үйлдэл гардаг

Оролцогч: Та АПЕК-ийн уулзалтын дараа АН-ын даргатай уулзсан юм уу. Юуны талаар ярьсан юм бол?

Ерөнхийлөгч: -Намайг АПЕК-ийн уулзалтаас ирэхэд АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар надтай уулзахаар ирсэн. Би нэг л юм хэлсэн. Ардчилсан нам дотор болж байгаа маргаан надад ямар ч сонирхолгүй. Ард түмэн ч сонирхохгүй байна. Нэгдүгээрт, төсвөө нэн даруй батал. Хоёрдугаарт, Ерөнхий сайдаа хурдан зөвшилцөөд гаргаж ир гэсэн. Ардчилсан нам нь УИХ-д хамгийн олон суудал авч, Үндсэн хуулийн дагуу ард түмний өмнө үүрэг хүлээсэн нам. Тэгэхээр ард түмэн, төр засгийн өмнө хүлээсэн үүргээ эхэлж хий гэж хэлсэн. Дээр нь та нар барагтайхан байсан нь дээр шүү. Сүүлийн үед хийж байгаа зарим ажлуудыг иргэн хүний нүдээр харахад дэмжихийн аргагүй зүйл олон байна гэсэн.

Оролцогч: –Та бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр намын дарга гэхээсээ илүү гурав дахь Ерөнхийлөгч гэдэг утгаараа улс төр хийгээд яваад байна. Би төрийн тэргүүн байхдаа их алдаж, харин одоо ухаарсан гээд яриад яваад байх юм. Та энэ хүний улс төрийн оролцоог юу гэж боддог вэ?

Ерөнхийлөгч: -Монгол бол төрт ёсны агуу түүхтэй улс. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гарч ирээд өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушийн шийдвэрүүдийг өөрчилж, алдааг нь засч, хэлэх хэлэхгүйгээр хэлж, өөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхэд Ж.Буш нэг ч удаа эсрэг мэдэгдэл хэлээгүй. Яагаад ингэдэг юм бэ гэж би хүнээс асуутал “Тэр институци, төрийн тэргүүн хэн байх нь хамаагүй хүндэтгэдэг юм. Бид чинь энэ замаар хэдэн зуун жил явсан улс. Ууж байсан худаг руугаа нулимна гэж байж болохгүй шүү дээ” гэж хариулсан. Аргентиний баг тоглож байхад Мессигийн оронд Марадона гарч ирээд цохих гээд байж болохгүй шүү дээ. Төрд нэг тийм агуу уламжлал байдаг юм байна. Бид энэ уламжлалыг хадгалах ёстой. Би улс орноо бодож өнөөдөр ажиллаж, улс төр хийх гэж зөв буруу оролдож байгаа хүмүүст хатуу үг хэлдэг. Харин ажлаа өгсний дараа би хатуу үг хэлэх шаардлагагүй. Намайг Монголын Цахиагийн Элбэгдорж гэж нэрээр дуудахад л болно. Миний өвөөгийн нэр Монгол, миний аав Цахиа, миний нэр Элбэгдорж.

Оролцогч: –Монгол Улсын 2015 оны төсвийг хасч танаж байна. Таны төсвийг хассан уу?

Ерөнхийлөгч: -Хасагдсан. Би 2014 онд санаачилга гаргаж, төр захиргааны байгууллагуудын төсвийг наад зах нь 10 хувиар хасъя гэсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг хассан. Манай байгуулагын төсвийг 2014 онд 10 хувиар хассан, мөн 2015 оны төсөв ч дахиад 10 хувиар хасагдсан. Зарим төрийн захиргааны шаардлагагүй байгууллагуудад төсөв өгөхөө болих хэрэгтэй. Мөнгө өгөхгүй бол тараад яваад өгнө шүү дээ. Өнөөдөр Монголд ингэх цаг болсон.

Оролцогч: –Саяхан Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн болсон. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан орон нутгийн намын дарга нарт “араамандаа яйжигнаарай” гэж хэлсэн. Ардчиллын төлөө хамтарч зүтгэж байсан хүмүүст ямар санагдсан бол? Дараагийн асуулт, “Орон нутгийг хөгжүүлэх сан” гэж маш зөв санаачлага байсан. Энэ сангийн төсөв 2015 оны төсөвт маш их танагдсан. Үүний талаар ямар бодолтой байна?

Ерөнхийлөгч: -Хасах ёсгүй ганц төсөв бол “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн төсөв юм. Энэ маягаар сум бүхэн, аймаг бүхнийг өөд нь татаад ирвэл Монгол хөгжинө шүү дээ. Энэ чухал ажилд өгөх мөнгийг хасч болохгүй. Үнэхээр ингэж хассан бол төсвийн тодотгол хийх үеэр би онцгой анхаарна.

Ж.Батзандангийн хэлсэн үгийн тухайд хүн юу бодож, юу ярьж байгаа тал дээрээ анхаарах хэрэгтэй. Бодол гэдэг бол аюултай зүйл. Бодол бол вирус шиг, буруу бодлоос буруу үйлдэл гардаг. Хүн бодлоо хянадаг байх хэрэгтэй. Үгээ битгий хэл гишгэсэн мөрөө эргэж харж байх хэрэгтэй.

Оролцогч: -УИХ-ыг зарим хүн тарах ёстой гэж үзэж байна. Та юу гэж бодож байна?

Ерөнхийлөгч: -Ингэх ямар ч шаардлагагүй. Харин гишүүд дотроос сайд болно гэдэг горьдлогыг бүрэн таслан зогсоох ёстой. Ерөнхий сайд л ганцаараа УИХ-ын гишүүн байж болно. Гишүүд зөвхөн хууль тогтоох ажлаа хийх нь зүйтэй.

Оролцогч: –Би хувьдаа Ерөнхийлөгчийг хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай ажил гэж боддог. Тэгвэл өнгөрсөн хугацаанд таны хувьд хамгийн хэцүү ба хамгийн сайхан байсан зүйл юу вэ?

Ерөнхийлөгч: -Ерөнхийлөгчийн үүрэг бол ард түмнээс авч байгаа өндөр хариуцлага юм. Жишээ нь, гурван талт уулзалтыг ард түмэн хэрэгтэй гэж үзээд намайг шийдүүлэхээр томилж байгаа хэрэг. Миний цалинг ард түмэн, татвар төлөгчид өгч байгаа. Их Тэнгэрт улсын байранд Ерөнхийлөгчийг байлгадаг нь ажлын цаг нь дуусах гэсэн ойлголт байдаггүйтэй холбож би ойлгодог. Шөнө дунд ийм асуудал үүслээ гээд над руу утас цохиж л байх ёстой. Их Тэнгэрийн гэр бол миний ажлын байр юм. Энэ хэцүү ажлыг хийлгэх гэж, энэ албан тушаалтнуудыг шахаж шаардуулах гэж надад ард иргэд энэ үүргийг хүлээлгэсэн. Тэгэхээр би чадах чинээгээрээ, улс төр бодолгүй улс орноо бодоод л зүтгэхээс өөр аргагүй. Энэ ажлаараа би үлгэр дууриал үзүүлэх ёстой. Ерөнхийлөгчийн ажлын сайхан нь хүн дуудахад хурдхан хүрээд ирдэг. Өөр сайхан юм байхгүй.

Оролцогч: -Америк мөрөөдөл гэж байсан. Өнөөдөр Хятад мөрөөдөл гэж яригдах болсон. Монгол мөрөөдөл гэж байж болох уу? Монголын хөгжлийн философи гэж юу юм бэ?

Ерөнхийлөгч: -Монгол мөрөөдөл гэж байлгүй яах вэ. Монголын хөгжлийн философи манай хоёр хөршөөс ялгаатай гэж би хувьдаа боддог. Манай хоёр хөршид төр нь хүчтэй. Хүчтэй удирдлагатай байж байж тэнд эмх цэгц, хэв журам, өсөлт хөгжил байдаг. Харин Монголд төр бус иргэд нь хүчтэй, бүтээлч байх ёстой. Монголын хувь хүн, гэр бүл, хамт олон хүчтэй, бүтээлч байгаасай. Гурван сая хүнээс нэг сая нь, нэг сая хүнээс 100 мянга нь бүтээлч байвал Монголын хүн ам багадахгүй шүү дээ. Бид иргэддээ тулгуурлан, түүнд эрх, санаачилга өгч байж хөгжихөөс өөр арга замгүй. Тэгэхээр мөнгө олдож байвал түүнийг бид хүнийхээ хөгжилд хийж байх ёстой.

Оролцогч: Та “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга дэвшүүлсэн “Ухаалаг төр” гэж ямар төрийг хэлэх вэ.

Ерөнхийлөгч: -Би тэр санаачилга дэвшүүлсэн илтгэлдээ хоёр гар утас үзүүлээд ярьж байсан. Олон жилийн өмнө Монгол Улсад гар утас нэвтэрч орж ирж байхад зөвхөн дугаараа цуглуулаад залгаж болдог тоосго шиг том зүйл байсан. Түүнээс хойш гар утасны салбар хөгжөөд тэр утсанд агуулах функц боломжууд нэмэгдэж ухаалаг болсон. Түүнийг дагаж хэмжээ нь улам багассан. Гэтэл өнөөдөр төрд үүрэг нэмэгдээд, функц нэмэгдээд ирэхэд гар утас шиг жижигхэн цомхон биш, улам томроод, зардал нь нэмэгдээд, тэнд ажиллах хүмүүс нь улам олшроод байна. Ухаалаг төр хариуцлагатай байх ёстой. Ухаалаг хүн ёс зүйтэй байх ёстой. Энэ асуудлыг би гаргаж тавьсан юм. Энэ нь нам, улс төрийн хүмүүсээс эхлээд жирийн иргэдэд хүртэл хүрсэн юм шиг байгаа юм. Энэ бодлогыг дэмжиж Улсын Их Хуралд суудалтай бүх намууд бүлгээрээ дэмжиж энэ бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж гарын үсэг зурсан. Энэ бодлого шийдвэртэй уялдуулж батлах шаардлагатай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д оруулаад явж байна. Хэрэгтэй хүндээ тусалж чаддаг дарамт болдоггүй тийм л ухаалаг л төр манайд хэрэгтэй байна. Иймд ухаантай байна гэдэг бол бодож чаддаг байхыг хэлж байгаа юм. Иргэд төрийг ухаангүй, чадварлаг бус, хүчгүй байна гэж шүүмжилж байгаа. Ард түмэн шүүмжилж чаддаг байна гэдэг том алхам.

Би хоёр зүйлд баярлаж явдаг. Энэ улс төрд явагдаж байгаа үйл ажиллагаанууд ил тод явагдаж байгаад баярлаж байна. Улстөрчдийн хийж буй буруу шийдвэр арга хэмжээ ил тод биш бол ийм амжилтад хүрэхгүй. Бас нэг зүйл нь Ерөнхий сайд огцорч байна уу, огцроогүй байна уу, хэн гэдэг хүн Ерөнхий сайд болох гэж байгаа гэдгийг анхаарахгүйгээр, хамаарахгүйгээр амьдаралаа аваад явж байгаа нийгмийн том хэсэг байна. Тийм хэсэг улам том болоосой гэж боддог. Ямар төр байх нь хамаагүй, урдах ажлаа сайн хийгээд явж байгаа, засаг төрөөс хамааралгүй хэсэг улам нэмэгдээсэй гэж би үргэлж боддог. Энэ хоёр бол Монгол улсын том ололтууд юм.

Оролцогч: – Сүүлийн сонгуулийн үр дүнгүүдийг харахад аль нэг нам олонхи болж чадахгүй байна. Ийм нөхцөлд Сонгуулийн тухай хууль ямар байх нь зөв бэ? Пропорциональ тогтолцоо зөв байж чадаж байна уу?

Ерөнхийлөгч: -Сонгуулийн хуулийг УИХ маш хурдан гаргаж батлах хэрэгтэй. Гэтэл зарим гишүүн энэ хуулийг эрт баталчихвал хүмүүс танилцаад биднээс түрүүлж очоод тойргоо бэлдчихнэ гээд болгоомжилж байх жишээтэй. Ийм болохоор л УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гээд байгаа юм. 2015 он гарахаар энэ хүмүүс сонгууль бодоод ажиллаж эхэлнэ. Салбарын өмнө, Засгийн газрын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэх зав ч байхгүй болно. Би УИХ болон Сонгуулийн хуульд тусгуулах зарчмын хэд хэдэн санал хэлж байгаа. Намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн хүн хоёр дахь удаагаа дахин намын жагсаалтаар орж сонгогдохгүй байвал яасан юм бэ. Намдаа үнэхээр нэр хүндтэй, хэрэгтэй хүн юм бол нэг удаа л жагсаалтаар ор. Хоёр дахь удаагаа бол нэрээ дэвшүүлж тойрогт өрсөлд. Дархлагдсан гишүүн гэж байж болохгүй. Чи үнэхээр зөв байсан, ард түмэн чамайг дэмжиж байгаа бол нэрээ дэвшүүлээд сонгогдоод гараад ир. Яг энэ мэтээр алдаж онож байсан зүйлүүдээ тусгаад хуулиа хурдан гаргах хэрэгтэй. Удаагаад байх ямар ч шаардлага байхгүй.

Оролцогч: Өнөөгийн улс төрд хэн нэгэн хүнээс алдаа хайсан улс төр өрнөх юм. Асуудал нь хүнд биш тогтолцоонд байх шиг байна. Тогтолцооны шинэчлэл хийхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон уу?

Ерөнхийлөгч: – Манайд хэсэг бүлэг нөхөд гарын үсэг зурж засаг төрийг унагаагаад байгаа болохоос биш Үндсэн хуулиас болоод унаад байгаа зүйл байхгүй. Үндсэн хуульд орсон дордуулсан долоон өөрчлөлт гэж зарим хүмүүс хэлдэг. Үнэхээр муу өөрчлөлт ороод дордсон гэж үзэж байгаа бол түүнийг буцаагаад 1992 оныхоор нь сэргээх хэрэгтэй. Дараа нь хэрэгтэй бол Үндсэн хуульд өөрчлөлт хийх тухай ярилцъя.

Оролцогч: –Монгол Улс Ерөнхийлөгчийн институттэй болоод дөрвөн Ерөнхийлөгчийг сонгосон Парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгчийн засаглалын талаар таны байр суурь ямар байдаг вэ?

Ерөнхийлөгч: -Одоогийн бидний сонгож авсан Парламентын засаглалаа тордож сайжруулаад цаашаа явах хэрэгтэй. Аливаа зүйл цагийн шалгуур давж байж үнэт зүйл болдог .Парламентын засаглалд дутагдал, гажиг байгаа бол засаад тордоод явах хэрэгтэй. Өнөөдөр өөр засаглал энэ тэр гэж ярих ямар ч шаардлагагүй.

Оролцогч:Таны гол дэвшүүлж байсан бодлогын нэг авилгатай тэмцэх ажлын үйл явц, үр дүн ямар түвшинд байна вэ?

Ерөнхийлөгч: -Таван жилийн өмнө Монгол Улсад хамгийн их тулгамдсан асуудлуудын тэргүүнд авилга байнга орж байсан. Одоо Монгол Улсын хамгийн түрүүнд шийдэх асуудлыг аваад үзэхэд эхний тавд ч авилга гэж бичигдэхгүй болж. Энэ нь авилга гэдэг асуудал шийдэгдчихсэн хэрэг үү, эсвэл манайхан авилга асуудал биш боллоо гэж үздэг болсон уу, мэдэхгүй юм. Үүнд үр дүн бол бий. Би нэг зүйлийг хэлэхэд, албан тушаалыг наймаалдаг байсан үе бий. Орлогч сайд болохын тулд мөнгөөр авилгаддаг байсан. Албан тушаалын, газрын, уул уурхайн лицензийн наймаа, тендерийн наймаа хийж баяжигсад зогссон гэж боддог. Нөгөө талдаа, одоо манаачийг хэнээр мануулах вэ гэдэг асуудал бас амьдралаас урган гарч байна. Бид үүнийг шүүх байгууллагын болон холбогдох хуулиудаар дамжуулан шийдвэрлэх болно.

Оролцогч: –Монгол Улсын соёлын, үнэт өвүүдийг та дэмждэг. Монгол бичгийн төлөө олон ажил хийж байна. Цаашдын баримтлах бодлго ямар байх вэ?

Ерөнхийлөгч: -Монголын ард түмэн өөрсдөө гайхамшигтай соёлын өвийг тээгчид байдаг. Бичиг соёл, үнэт өвүүдээ түгээн дэлгэрүүлэх, өөрсдөө мэдэж, шүтэж хэрэглэж байх ёстой. Энэ төрийн бодлого тууштай хэрэгжинэ.

Уулзалт маань ингээд өндөрлөж байна.Энэ өдөр ийм олуулаа цуглаж нээлттэй ярилцах боломж гарсанд баярлаж байна.Өнөөдөр энд 20, 25,30,35-тай олон залуус байна. Билл Гэйтс бүх хөрөнгөө зараад чиний 25 насыг худалдаж авч чадахгүй. Тэгэхээр чиний нас аугаа баялаг юм. Дээр нь ийм хүсэл тэмүүлэлтэй байгаа нь зөв юм. Залуу хүнээс хүмүүс их зүйл хүлээдэг. Яагаад гэвэл явах зам нь урт байдаг. Настай хүнээс их ухаан хүлээдэг. Яагаад гэвэл явсан зам нь урт байдаг.

Иймээс та бүхний явах зам их урт байх болтугай гэж ерөөе.

Баярлалаа

Categories
гадаад мэдээ

Наполеоны малгайг дуудлагаар худалдав

Францын нэрт цэргийн жанжин Наполеоны малгайг дуудлага худалдаанд оруулсан байна. Францын Фонтенбло хотод болсон дуудлага худалдаагаар Наполеоны эдэлж байсан 100 гаруй эд зүйлсийг заржээ.

Нэрт цэргийн жанжны 1800 онд Маргенд болсон тулаанд өмсч байсан малгайг Өмнөд Солонгосын иргэн 1.9 сая еврогоор худалдан авчээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ соёл-урлаг

Жанжин клуб “дахин төрлөө”

Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо. Жанжин клубын түүхт 90 жилийн ойн баяртай Соёлын төвийн шинэ барилгын нээлт давхацсан юм. Нээлтэд Баянзүрх дүүргийн удирдлагууд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ, Г.Бүрнээбаяр нарын гавьяатууд хүрэлцэн ирж Соёлын төвдөө хүндэтгэл үзүүлсэн байна.

Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах аж. Түүнчлэн тус Соёлын ордны дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дуу бүжгийн “Их Монгол” хамтлаг дугуйлан 11 дэх жилдээ хичээллэж байна.

Мөн дүүргийн хороодын ардын авьяастнуудын дунд урлагийн наадам, Ардын богино дууны наадам, сургуулийн сурагчдын дунд “Нарны инээд” эстрадын дууны уралдаан, Ардын бүжгийн тэмцээн, Их дээд сургуулиудын дунд “Байгаль эко соёл” Дэвжээ тэмцээн, “Архигүй, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” цуврал сургалт хичээл болон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан явуулдаг юм.

Дашрамд сонирхуулахад, Жанжин клуб буюу Баянзүрх дүүргийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарч байжээ.

Categories
мэдээ нийгэм

Автозамын хашлагуудыг сольж байна

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Нийслэлийн Авто замын газартай хамтран үзлэг шалгалт хийж, гудамж талбайн шаардлага хангахгүй болсон хашлагуудын судалгаа гаргадаг аж. Энэ онд Үйлдвэрчний Эвлэлийн Гудамж, Энхтайваны Өргөн Чөлөө, Дамдинсүрэнгийн гудамж, Хувьсгалчдын гудамж \Тасганы овооны уулзвараас Зурагтын буудал хүртэл\ зэрэг байршлын шаардлага хангахгүй байгаа авто замын хашлагуудыг солих ажлыг 187 сая төгрөгийн төсөвтэйгээр гүйцэтгэж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдэгдэв.
Замын хашлага бүрэн бүтэн байх нь авто замаар зорчиж байгаа жолоочийн өөртөө итгэх итгэлийг сайжруулдаг. Ингэснээр жолооч өөрийгөө болон өрөөлийг осолд орохоос сэргийлж чадах бөгөөд замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг онцлогтой. Мөн эвдэрч хэмхэрсэн хашлага нь авто замын зорчих хэсэг, явган хүний зам хооронд тусгаарлах байдлыг алдагдуулж, явган зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, гудамжны өнгө үзэмжийг бууруулдаг тул эвдэрсэн 2400 хашлагыг сольж шинэчлэх ажил хийгдэж байна.
Харин энэ ажлын хүрээнд эвдрээгүй буюу ашиглалтын шаардлага хангаж байгаа хашлагануудыг огт солиогүй болно. Мөн хашлага солих явцад хуулсан явган замын хавтанг буцаан суулгаж байгаа бөгөөд ямар нэгэн зардал гаргаагүй гэж тус нэгтгнэлээс тайлбар хийв.

Categories
мэдээ цаг-үе

Наран дээр тэсрэлт болж сансрын цаг агаар муудав

Дамдины БАТМӨНХ Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан email: batmunkh@rcag.ac.mn, batmunkh.damdin@yahoo.com

Энэ сарын 07-нд Наран дээр Х1.6 баллын хүчтэй тэсрэлт боллоо. Тэсрэлтийн хүчийг рент­ген цацрагийн хэмжээгээр нь сул (C), дунд (M), хүчтэй (X) гэж ангилдаг. 10-р сард ч Х1.0чX3.1 баллын хэд хэдэнхүчтэй тэсрэлтүүд болж Нарнаас асар их энерги урсан гарлаа. Дунд зэргийн тэсрэлтээс ялгарах энерги хүн төрөлхтний хэдэн сая жил хэрэглэх энергийг хангана гэсэн тооцоо байдаг. Нарны салхи гэж нэрлэгдэх энэхүү урсгал Дэлхийд, бидэнд хэрхэн, ямар зүй тогтлоор нөлөөлдөг вэ. Үүнийг мэдэхийн тулд эх цэг болох Нар гэдэг “нууц ноёнтон” хэн бэ гэдгийг тод­руулах хэрэгтэй болно.

Алтан Нарыг мандах тоолонд

Алаг зүрхнээсээ догдлон харж бай

Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар

Эрдэнэт бөмбөлөг гийх болно…

хэмээняруу найраг­чид шүлэглэж,”Амьд зул”, “Ариун гэрэлт” хэмээн нэрлэн эртнийзохиол бүтээлд тэмдэглэж ирсэн түүхтэй.

Нар асар их хурц гэрэлтэй плазман бөм­бөлөг болохоор эгцэлж харж болдоггүй билээ. Нарнаас цахилгаан сорон­­зон долгионы бүх мужид (гамма-гаас радио) цацраг гарах бөгөөд тэр нь Дэлхийд 8 минутын дараа хүрч ирдэг.Наранд хатуу гадарга гэж байхгүй. Нар нь цөм, цацраг ба конвекцийн бүс, агаар мандал гэсэн ерөнхий бүтэцтэй. Нарны агаар мандал нь хэд хэдэн үе давхаргатай. Бидний нүдэнд харагдаж байдаг давхаргыг гэрэлт мандал гэх бөгөөд түүн дээр бижирмэг, толбо, бамбар зэрэг үзэгдлүүдүүсэж, мөхөж байдаг. Гэрэлтмандлын дээр өнгөт мандал, титэм орших бөгөөд тэсрэлт, гэрэлт сор, дөл, ширхэглэг, титмийн масс шидэгдэл, титмийн нүх зэрэг хамгийн идэвхтэй үзэгдлүүд энд ажиглагдана. Эдгээр үзэгдлүүд нь хоорондоо соронзон орноор холбог­дон нэгэн цогц бүрдэл болж нарны идэвхжлийг тодорхойлж байдаг билээ. Наран дээрх толбоны тоо ойролцоогоор 11 жилийн үетэйгээр өөрч­лөг­дөж байгаа боловч түүний үүслийн механизм, мөн чанарыг мэдэхгүй байгаа нь нарны хамгийн том нууц. Нарны идэвхжил болон идэвхт үзэгдлүүдийг урьдчилан тооцоолж чадахгүй байгаа нь ирэх жилийн зун, өвөл ямар хатуу болохыг нарийн тогтоохтой адилдуу юм. 2008, 2009 онуудад Нарны идэвхжил маш сул буюу жилийн 265 хоног нь нэг ч толбогүй байсан нь судлаачдын анхаарлыг их татаж энэхүү минимум удаан үргэлжилж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байлаа. 1878, 1901, 1913 онуудад л Нар иймэрхүү тайван байсан байна. 2010 оноос Нарны идэвхжил аажмаар ихсэж эхэлсэн боловч өмнөх циклийн эрчимтэй нь харьцуулахад ихээхэн сул байгааг зураг дээрээс харж болно. Одоогийн циклийн явц нь 1790-1820 онуудад болсон Дальтоны минимумтэй төсөөтэй байна. 1645-1715 онуудад Маундерийн минимум гэгч Наран дээр бараг толбогүй байсан үе бий. Сонирхолтой нь Маундерийн минимум нь Бага мөстлөгийн үе­тэй давхцдаг юм. Гэх­­дээ Дальтоны мини­­мум Дэлхийн цаг уурт тодорхой нөлөө үзүү­лээ­гүй гэж эрдэмтэд үздэг.

Нарны тэсрэлтээс шидэгдэх масс, титмийн нүхээс гарах нарны салхи зэрэг эгэл бөөмсийн урсгал нь сансрын цаг агаар ямар болохыг тодор­­хойлж байдаг.Сүүлийн үед сансарт олон тооны хиймэл дагуул, сансрын станц, хөлөг хөөргөж судалгаа шинжилгээний ажил хийж байна. Эдгээрийн үйл ажиллагаанд сансрын орчин, эгэл бөөмсийн урсгал хор хөнөөл учруулах болж, үүнтэй холбоотойгоор”Сансрын цаг агаар” гэсэн ойлголтбий болсон. Сансрын цаг агаар муудсанаас сансрын хөлөг, станц, холбооны хиймэл дагуу­лууд дээрх электронон багаж төхөөрөмжүүдийн ажиллагаа доголдож, газар дээрх утсан холбоо, ялангуяа радио холбоо, эрчим хүчний сүлжээ тасалдаж, хүнд хөнгөн гэмтэл нилээд тохиолдсон байна. Нарны тэсрэлт, титмийн нүхээс гараагаа эхэлсэн нарны салхины үйлчлэлээс Дэлхий дээр хүчтэй соронзон шуурга болж байдаг. Зарим баримт материалаас иш татаж үзье. Нарны тэсрэлт, титмийн масс шидэгдэлтээс үүссэн хүчтэй соронзон шуур­ганаас 1940 оны 3-р сарын 24-ндМиннеаполис хотын (АНУ, Миннесота муж) телефон утасны шугамын 80%-ийг ажил­лагаагүй болж, АНУ-ын зүүн муж улсууд, Канадын Квебек, Онтарио мужуудийн цахилгаан шугам сүлжээнд гэмтэл учирсан байна. 1958 оны 2-р сарын 9-10-нд болсон соронзон шуурга АНУ-ын зүүн эргийн цахилгаан утсан холбоог гэмтээж, Ньюфаундлендээс Шот­ланд хүртэл Атлантын далайг дамнасан хол­боо тасарсан байна. 1972 оны 8-р сарын 4-ныхүчтэй соронзон шуурга Иллиноис муж улс ба Айова муж улсын хоорондох кабель хол­боог тасалдуулж, Кана­­дын Британийн Колум­би мужид усан цахил­гаан станцын транс­­форматорыг гэм­тээ­сэн байна. 1982 оны 11-р сарын 26-нд агаар мандлын төлөв бай­далд мони­торинг хийх зорил­готой хөөргөсөн геостационар хиймэл дагуулын дөрвөн радиометр нарны хүчтэй тэсрэлтээс шидэгдсэн их энергийн нөлөөнөөс ажиллагаагүй болсон. 1989 оны 3-р сарын 13-14-ны хүчтэй соронзон шуурга Канадын Квебек мужийн цахилгаан хангамжийн системийг гэмтээснээс (20000 МВт -ын) эрчим хүч тасалдаж, систем доголдсоноос бүрэн зогсолт хийжээ. Мөн Япон улсын хол­бооны хиймэл дагуулын удирд­лагын систем нь хэсэгчилэн гэмтэж, Америкийн сансрын хиймэл дагуул тойрог замаасаа 5 км-ээр хазайсангэх зэрэг сөрөг үр дагаварсансрын цаг агаар муудснаас гарч байлаа. Иймд сансрын цаг агаар, Дэлхий түүний хүрээлэн буй орчны шинж төлөв, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлийн эх үүсвэр Нарнаас үүдэлтэй тул газраас, сансраас тогтмол ажиглаж нарны хүчтэй салхи хэзээ, хаагуур дайрч өнгөрөхийг тооцоолж байдаг юм. Эдгээр урсгалаас Дэл­хийн соронзон орон бид­нийг хамгаалж байдаг ч гэсэн хойт, өмнөт туй­лаар зарим хэсэг нь шур­ган орж агаар мандалд туйлын туяаг үүсгэж бай­даг. Зургийн доод хэсэгт туйлын туяаг харуулав.

Нарны физик судал­гааны чиглэлээр шийдэх ёстой олон асуудлууд байна. Тухайлбал, Нарны титмийн хэт их халалт, эгэл бөөмсийг хурдасгаж буй механизм, дөл, тэс­рэлтийн үүс­лийн физик, Нарны идэвхжлийн циклийн үүсэл, Нарны нейтрино бөөмийн талаарх ажиглалт,онолын зөрүү гэх зэрэг тайлагдаагүй асуудлууд шийдлээ хүлээсээр байна.

Манай оронд 1957 онд орчин үеийн Одон орон судлалын байгууллага бий болж, 1964 оноос Нарны судалгааны алба байгуулагдаж Нарны толбо, дөлний зураг болон титмийн спектрийн шугамуудыг бүртгэн боловсруулах ажил эхэлсэн юм. Өнгөр­сөн хугацаанд манай эрдэмтэд Нарны дөлөн дэх устөрөгч болон гелийн ионы спектрийн зарим шугамуудын үүсэл, Нарны ерөнхий соронзон орны туйлын байршлыг тодорхойлох, Нарны толбоны дээрх өнгөт мандлын кальцийн ионы спектрийн шугамын эрчим зэрэг сэдвээр томоохон бүтээлүүд гаргасан юм.Орчин үед шинэ технологи нэвтэрч,астрономийн дуран авай CCD төхөөрөмжтэй болсноор мэдээллийг шууд комьпютерт хадга­лах, шуурхай, чанартай, богино хугацаанд олон тооны зураг, спектр хүлээн авахболомж бүрдэж судалгааны асуудлыг шинээр шийдэхэд тус дөхөм үзүүлж байна.

Нар судлахын өөр нэг ач холбогдол бол физикчдийн сонирхолыг ер бусаар татаж бай­даг плазмын асар том лабо­ратори юм. Дэл­хий дээр гаргаж авч чадах­гүй том орон зайд явагдах плазмын үзэгдлийг судалж шинэ мэдлэг хуримтлуулж байна. Нарны энерги цөмийн урвалын дүнд, устөрөгчийн дөрвөн цөм нийлж гелийн цөм үүсэх дүнд үүсэж, цацраг болон конвекцийн үзэгдлээр дамжин Нарны гадаргуу дээр гарч ирдэг.Энэхүү урвалын процессийг Дэл­хийн нөхцөлд гаргаж ава­хыг зорьж байгаа билээ.

Монголын цэлмэг тэнгэрт энгийн нүдэнд харагдах үй түмэн одод зөвхөн Манай оддын ай бөгөөд тэдний нэг нь Нар билээ. Нар бол бидэнд хамгийн ойр оршдог од, түүний гадаргуу нь тэргэл байдлаар харагдаж толбо, дөл, тэсрэлт зэрэг идэвхт үзэгдлүүдийн шинж чанарыг мэдсэнээрээ Орчлонгийн нэг хэсэг болсон оддыг судлахад физик загвар болон одон орончдод тусалсаар байна.

2014 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

ООГСТөв нь “УЛААНБААТАР ХОТ БОЛОН НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГҮҮДИЙН 1:10000 МАСШТАБТАЙ ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГ ХИЙХ” ажлыг2013-2014 оны хооронд хийж гүйцэтгээд БХБЯ-нд хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Уг ажлын хүрээндсудалгааны талбай бүрт геофизикийн судалгааг явуулж газар хөдлөлтөөс ирэх долгионы зонхилох давтамж болон баллын хэмжээг нарийвчлан тодорхойлсон байна. Энэхүү судалгааны үр дүн нь цаашид хот төлөвлөлт, шинээр байрилга байгууламж байгуулахад нэгэн чухал параметр болох юм.

ГҮНИЙ ТОГТОЦЫН СУДАЛГАА

2012-2014 онуудад Хангайн өргөдлийн мужийн гүний тогтоцыг тогтоох зорилогоор АНУ Лехай Их сургуультай хамтаран нийт 70 сейсмик станцыг Хангайн бүс нутагт суурлиулан судалгааны ажил хийгээд байна. Судалгааны ажлын үр дүнд тус бүс нутагт царцдасын зузаан 42 – 57 км гүнд оршиж буй болоншууд ба хөндлөн долгионы харьцаа нь дунджаар 1.77 байгааг тогтоосон. Түүнчлэн холын газар хөдлөлтөөс бүртгэгдсэнP долгионы хурдны тархалтаас үзэхэд Хангайн нурууны зүүн хэсэг буюу Орхон голын хөндийн орчимд дэлхийн 200 км гүнд буюу дээд мантийн орчимд бага хурдны анамоль оршиж буйг тогтоогоод байна.

ОРИ-40 ДУРАНГИЙН АЖИГЛАЛТ

2014 оны 1-р сараас ОРИ-40 дурангаар бага гаригийн ажиглалт хийж эхэлсэн ба 2014 оны 2-р сарын 5-нд Олон улсын Бага гаригийн төвд (Minor planet Center) бүртгүүлэн 075 дугаар авсан. 2014 оны 4-р сарын 8-нд дэлхий орчмын Аполло бүлийн 2014GY48 бага гаригийг ажиглан, ажиглалтын үр дүн Олон улсын Бага гаригийн төвийн электрон циркулярт (Minor Planet Electronic Circular) хэвлүүлсэн байна.

САНСАР, ОД ЭРХСИЙН ОРДОН БУЮУ АСТРОПАРК

2014 оны 6-р сарын 1-нд ООГСТ-ийн дэргэд олон нийтэд одон орны боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Сансар, од эрхсийн ордоннээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.. Сансар, од эрхсийн ордон нь 3 хэсгээс бүрддэг:

1. Сансар танхим Энд орчлон ертөнц, Нар ба нарны аймгийн зурагт самбарууд, Дэлхийн сансар судлалын түүх, сансрын хөлөг, пуужингийн макет загварууд байна. Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харуулсан үзүүлэн, тэр үеийн баримт материалуудыг тавьсан байна.

2. Нар сар кино танхим Энд орчлон ертөнц, од гаригсийн тухай шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекцбаримтат кино үзүүлдэг.

3. Од эрхэс танхим: Планетари бол хагас бөмбөрцгөн дээврийн дотор гадаргуу дээр од, гараг, нар, сар, бусад тэнгэрийн эрхсүүдийн дүрсийг тэдгээрийн гэрэлтэлт, байрлал хөдөлгөөнийг тооцон проекцлон гаргадаг төхөөрөмж, проектор юм. Энд Японы эрдэмтэн Сакай Ёшихитогийн бэлэглэсэн “Минолта MS-8” планетарийн төхөөрөмжийн тусламжтайгаар энэ танхимд одот тэнгэрээр аялах боломжтой. Нийт 70 хүний багтаамжтай. Одоогоор 7 хоногт 4 өдөр олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

OWL ДУРАНГИЙН НЭЭЛТ

2014 оны 9 дүгээр сард ООГСТ дээр одон орны ажиглалтын шинэ дурангийн нээлт боллоо. Энэхүү дуранг ООГСТ ба Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэн (KASI) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгойн геофизикийн станцын дэд бүтцийг түшиглэн суурилуулсан байна. OWL маркийн уг дуран нь 45см-ийн голчтой, 1 сая долларын өртөг бүхий, Ричи-Критьений оптик системтэй, автомат дуран (Зураг 3) бөгөөд хиймэл дагуул, сансрын хог хаягдал, дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма-тэсрэлтийн оптик муж дахь ажиглалт гэх мэт олон чиглэлийн судалгаанд ашиглах боломжтой юм.

ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ (ҮМТ)-ИЙН СЕМИНАР

Цөмийн тэсэлгээг хянах хороо (CTBTO)-ны олон улсын байгууллагын Австри дахь Сургалтын хэлтэс (PTS) –ээс зохион байгуулагддаг Зүүн Азийн бүсийн Үндэсний Мэдээллийн Төв (ҮМТ)-ийн ээлжит семинар (EARNW2014)-ыг Японы Гадаад Харилцааны Институтын Цөмийн тэсэлгээг хориглох ба бууруулахыг дэмжих төв (CPDNP), Америкийн Агаарын Зэвсэгт Хүчний Техникийн Төв (AFTAC) ба ШУА-ны ООГСТөв хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Уг семинарт 11 орны төлөөлөгчид (Авсрали, Америк, Вьетнам, Индонез, Малайз, Монгол, Орос, Солонгос, Хятад, Филиппин, Япон) ҮМТ-ийн үйл ажиллагаа болон мэдээлэл боловсруулалтын явцын талаар танилцуулан санал солилцон өгөгдсөн мэдээлэлд анализ хийж хэлэлцүүлсэнээрээ ач холбогдолтой боллоо.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хэн ч хараагүй үеийнхэн хийгээд хэтэрхий бөөцийлсөн үеийнхэн буюу Сурган хүмүүжүүлэх ухааны хоёр туйл

Вашингтон дахь манай тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ бичиж байна.

“Одоогийн хүүхдүүд яана даа” гэж бүр Аристотелийн үед л хэлдэг байсан юм гэнэ лээ. Тэр цагаас хойш үе бүрийн хувьд л дараахь үе нь улам л муудаад байх шиг санагддаг байж. Учирзүйн энэ дарааллаар бол өдийд хүн төрөлхтөн гээч бараг мөхчихсөн байх байж л дээ.

Гэхдээ бас Аристотель хийгээд “Өнөө үеийнхэн ч дээ” хэмээн толгой сэгсрэгчдийн буруу ч гэж хэлэмгүй. Учир нь үе бүр өөр өөрийн онцлогтой, сайн муу талтай, авах гээхийн аль алинтай нь байдаг билээ. Энэ удаад өөрийн биеэр туулж, нүдээр үзэн өнгөрүүлж буй хоёр үеийг харьцуулан ярья. Гэхдээ “Өнөөгийн хүүхдүүд” гэж хүүхэд талаас нь биш, хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлж буй эцэг эхийн талаас харьцуулна. Надад бол эсрэг тэсрэгийн хоёр туйл харагдаад байгаа юм.

Нэгэн зүйл. ХЭН Ч ХАРААГҮЙ ҮЕИЙНХЭН ХИЙГЭЭД ХЭТЭРХИЙ БӨӨЦИЙЛСӨН

ҮЕИЙНХЭН

Намайг багад эцэг эхчүүд социализм байгуулна, эх орныхоо төлөө ажиллана, дугаар таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас өмнө биелүүлнэ гэж тэмцдэг байсан болохоос үр хүүхдэдээ цаг зав зарцуулж, сурлага сахилга нь юу болж байгааг сонирхож ч байсангүй. Өглөө найман цагт ажилдаа яваад л орой зургаан цагт ирнэ.Тэр хооронд хүүхдийнхээ хаагуур явж, хэнтэй нийлж, юу үйлдэж байгааг мэдэх ч үгүй, тоох ч үгүй. Тийм учраас л энэ үеийг “Хэн ч хараагүй үеийнхэн” гээд байгаа юм. Хэн ч хараагүй үед хүүхдүүд өдөржингөө юу хийх вэ. Ёстой л өөрсдөө бодож олно шүү дээ. Тээр жил Блүүмингтон хотноо болсон нэгэн яриаг сонирхуулбал, бидний өдрөө хэрхэн өнгөрөөдөг байсан дүр зураг тодрох байх.

Золоо гэж XXI зуунд хүмүүжсэн багавтар залуу байх. Түүнээс арай ах Билгээ, мань эрд багадаа Монголд хэрхэн тоглодог байсан тухайгаа ярьж, айлгаж байх юм. “Бид нар мэлхий барьж аваад бөгс рүү нь дэрс чихэж үлээж түмбийлгэсээр байгаад хага авдаг байлаа ш дээ”.Золоо бүр айчихсан “Пээ” хэмээн дуу алдана. Үүнийг сонсож суусан Баяраа ярианд оролцов. Билгээ бол 90-ээд оны эхээр тоглож өссөн гуч гарч яваа залуу. Харин түүний дэргэд Баяраа 80-аад онд тоглож өссөн дөч гарсан ах л даа. “Сүрэг тагтааг хооллож байхад нь гэнэт гагнуурын төмөр шидэхээр дэрх гээд л ниснэ. Гагнуурын төмөрт найдвартай хоёр нь сүлбүүлээд л цустайгаа унаад ирдэг юм”. Эхний хоёр хоёулаа зэрэг дуу алдав.

“Энэ юу ч биш” гэсээр ярианд оролцож эхэлсэн хүн бол 70-аад оны хүмүүжигч, 50 дөхөж яваа Ганбаа байв. “Дарханд бид нар муурыг барьж аваад шалба норгоод байрны гал хамгаалагч руу шидчихдэг байсан юм. Тогтой шийтэнд муур наалдчихаад, гал авалцаад л, муухай орилоод байна. Тэгсээр байгаад хав хар юм унадаг юм”. Ганбаагийн үе тэнгийн Тулгаа дэргэдээс нь ярьсан нь: “Улаанбаатарынхан ч бас зүгээргүй ээ. Муур их зэвүүн, яаж ч шидсэн хөлөөрөө л унаад байна.Тэгэхээр нь бид нар есөн давхар дээр гарч байгаад, хөлийг нь биетэй нь даруулж сониноор ороогоод “Одоо хөлөөрөө буухыг чинь харъя” гээд шидчихдэг байлаа. Унангуутаа босч хэд алхаад л буцаад уначихдаг юм. Дотуураа цус алдаад үхэж байгаа нь тэр”.Ганбаа бас доор нь орсонгүй, бүр өрсөлдөх янзтай үргэлжлүүлэв. “Дархан анх босч байхад барилгын шавар цемент их байлаа. Муурыг зуурмаг цементэд биеэр нь хийгээд толгойг нь гаргаад амьдаар нь хатаачихдаг юм. Тэгж байтал золбин, өлөн ноход тал талаас нь ирээд арр, хурр гээд л толгойг нь тал тал тийш нь тасар татаад явчихна даа”. Энэ удаад хөөрхий нөгөө XXI зууны хүү Золоо царай нь цайчихсан “Одоо больё оо” гэж хашгирч билээ.

За тэгээд л иймэрхүү л “тоглоомоор наадаж” байгаад л эцэг эхээ ирэхээс өмнөхөн нь гэртээ ороод, томоотой царайлаад сууж байна шүү дээ. Өнөөдүүл маань мэдэх ч үгүй, яг юу юу хийв гэж нэг их сонирхож асуугаад ч байхгүй.Асуусан ч тэр бүгдээ тоочих ч үгүй.

Ийм аймшгийн тоглоомтой байсан ч хэн ч хараагүй үеийнхэнд бас сайн тал байна аа. Ийш тийш ганцаараа явж үзнэ, элдэв юмны учрыг олох гэж өөрөө л оролдоно.Сайндаа л найзуудаасаа асууж тусламж авна. Эцэг эхээс илүү ах эгч зөвлөн тусална. Тэд чинь бас үнэндээ бол хүүхэд л шүү дээ. Тэгсээр байж сүрхий бие дааж сурдаг байж.”Бор зүрхээрээ” хүн болно гэдэг нь тэр.

Одоогийн хүүхдүүд тэгтэл их өөр. Эцэг эх нь цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, гараад ирэхээр нь яг отож байгаад тосоод авчихна.Дэлгүүр хоршоо ч барагтай бол явуулахгүй. Хөтөлж аваад л яваад байх. Бяцхан хүүхдийг бол тоглоомын талбайд ганцааранг нь тоглуулахаа ч больж. Барьж байгаад гулсуулж байна. Бүдрээд уначих вий гэж яг ард нь дагаж явна. Сайн юм нь мэдээж хүүхэд айх аюулгүй, бэртэх эрсдэлгүй өсөж байгаа байх. Гэтэл 18 нас хүртэл нь араас нь таг дагаж, бүх юмыг нь бэлдэж өгсөн хүүхдээ амьдралын аюулт урсгал дунд гэнэт гаргаад “За амьдар” гээд тавихаар ер нь юу л болох бол доо. Уяанаасаа алдуурсан нохой мэт чавхдан одох бол уу. Хэт бөөцийлөн өсгөж буй та бидний энэ хүүхдүүд улс нийгмийг авч явах цаг нь ирэхээр хэрхэх бол. Та биднийг үгүй болсон хойно ухсан нүхэнд ч, амьдралын үлийд ч бүдэрч унахаараа өөрөө эргээд босоод ирж чадах болов уу.

Миний бодлоор бол бидний багынх шиг огт харахгүй хаячих ч хаашаа юм, одоогийнх шиг алхам бүрийг нь хянаад явах ч хаашаа юм, дундуур нь нэг эвтэйхэн биеийг нь даалгасан атлаа буруу тийш нь алдчихгүй л байлгах юм сан.

Нэгэн зүйл. АМЬД АМЬТАН ГЭЖ ТООГООГҮЙ ҮЕИЙНХЭН БА АМЬДРАЛ АСУУДЛАА ШИЙДҮҮЛСЭН ҮЕИЙНХЭН

Амьд амьтан гэж тоогоогүй гэхээр арай хэтрүүлж байна л даа, би. Амьд хүн гэж, хүн юм чинь юм боддог, сэтгэдэг, айдаг ичдэг гэдгийг нь авч хэлэлцээгүй л гэж хэлэх гэсэн юм. Бас нийтлэл маань хоёр өөр туйлын тухай өгүүлж байгаа болохоор иймэрхүү, хүчтэй туйлширсан өгүүлбэр хэрэгтэй байгаа юм, өршөөгөөрэй.

Ер нь бол ямар ч асуудалд хүүхдийн үгийг сонсоно гэж ойлголт байгаагүй юм. Хаашаа нүүх, хаана амьдрах, аль сургуульд явах гээд л бүх асуудал цаанаасаа шийдэгдээд л хүүхэд тэрийг нь дагах ёстой. Одоо тэгсэн яг эсрэгээрээ болж. Би маш олон танил, найз нөхдөө амьдралын нэлээд том асуудал дээр “Хүү маань, охин маань дургүй байна” гэсэн шалтгаанаар шийдвэрээ өөрчилж байхыг нь харлаа. “Нүүх гэсэн охин маань өөр сургуульд явахгүй гээд байна” гэх. Охин нь долоотой байх жишээтэй.Айл нүүх эсэхийг шийддэг долоон настай, мундаг том толгой ёо тэр.

Асуудал шийдэх, аливаад оролцох зэрэгт хүүхэд хамаагүй байж болно л доо.Гэвч хүүхдийн сэтгэлзүй, мэдрэхүй зэргийг жаахан ч гэсэн боддоггүй байж дээ гэж би хааяа боддог юм. Ганц жишээ дурдъя. Би хөдөө өссөн хүүхэд л дээ (ээжийнхээ дүүгийнд). Намайг мэдээ ороход л Халзаа гэж нэг үнээ байсан юм. Халзаадаа хайртай гэж жигтэйхэн. Тэгсэн нас нь болсон юм байлгүй, өнөөхийг чинь заазлах болжээ. Тэрийг нь би юу гэж л мэдээ аж. Тав, зургаатай байсан юм болов уу. Гол нь яг миний нүдэн дээр шил рүү нь хутга зоогоод л янзалдаг юм даа. Уйлаад байсан, том хүмүүс өхөөрдөх нь өхөөрдөөд, дооглох нь дооглоод байсан юм даг.Зургаан настай хүүхдийн нүдэн дээр хайртай үнээг нь эд бад хийж байдаг, бас арай ч дээ. Хөдөө бол тэр бол жирийн л амьдралын нэг хэсэг байсан хэрэг. Гэтэл тэр нь одоо болтол миний нүдэнд харагдсаар байдаг билээ.

Ингээд бодохоор тэр үеийнх шиг хүүхдийн сэтгэл зүй, зүрх сэтгэл, үзэл бодлыг огт тоохгүй байх ч хаашаа юм, өнөөгийнх шиг нүүх суух, шинэ тавилга сэлт авах, гэрлэх салах гээд хамаг асуудлаа нялх шахуу хүүхдээрээ шийдүүлээд байх ч хаашаа юм, хүүхдийн шийдэх ёстой зүйлийг өөрөөр нь шийдүүлээд, бас зарим хэрэгт, ялангуяа насанд хүрэгчдийн явдалд үл оролцуулаад явах нь зөв мэт.

Нэгэн зүйл. МЭДЭЭЛЭЛГҮЙ ХАРАНХУЙ ӨССӨН ҮЕ ХИЙГЭЭД МЭДЭЭЛЭЛДЭЭ ПОЛОГТОН ЭЛИЙРСЭН ҮЕ

Бид бол мэдээлэл байхгүй, бас л харанхуй өссөн хүүхдүүд шүү. Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном ховор, эцэг эхчүүд нэг их тайлбарлаад өгөөд байхгүй, дандаа л нэг нэгэндээ элдэв сонин мэдээлэл дуулгадаг байлаа. Ихэнх нь оргүй худал.Жишээ татъя. “Хөлбөмбөгийн хаан алдарт Пелегийн нэг хөл хориотой юм гэнэ. Хэт чанга өшиглөдөг болохоор хорьчихсон юм байх. Тухайн үед нь сонирхож асуухаа ч ямар мэдэх биш, хориглосон гэхээр FIFA-гийн л шийдвэр байсан юм байлгүй. Нэг өдөр Бразил, Аргентинтай тогложээ. Аргентинийхан тэгсэн, сармагчингаар “батаарлуулж” гэнэ (орос хэлний “вратарь” гэдэг үгийг бид “батаар”, үйл үгийг нь “батаарлах” гэж хэрэглэдэг байсан юм). Сармагчин нэг ч гоол алддаггүй гэнэ шүү.Одоогийнхоор бол Нойер шиг л сармагчин байж л дээ.Штангныхаа (хөндлөвч мод) дэргэд самар цөмөөд л суугаад байх. Тэгээд бөмбөг ирэхээр ганцхан үсэрч барьчихаад л буцаад суучихна. Гэнэт Пелегийн уур хүрч, хориотой хөлөндөө байсан улаан уяаг тайлж нөгөө хөлөндөө уяж байгаад өшиглөөдөх сөн. Бөмбөг нь өнөө муу сармагчны гэдсийг цөмлөөд орчихсон дотор нь эргэлдэж байсан юм гэдэг”.

За тэгээд дээр нь нэмээд нэр бүхий алдарт эмэгтэй дуучныг “үүргэвч үүрсэн” Японы тагнуул гэж, Оросын хаалгач Лев Яшиныг гараа унжуулаад зогсохоор гар нь өвдгөө өнгөрдөг гэж, шөнө босч ирээд эзнээ алдаг улаан цув байдаг гэж, Брюс Лиг бартай зодолдож байгаад үхсэн гэж, Туул голд таван матар ирж хүүхэд барьж идсэн гэж, угаагаад пааран дээр хатаасан дотоожинд нь жоомны авгалдай орсноос болж жирэмсэн эмэгтэйгээс жоомон биетэй хүүхэд төрсөн гэж цуурдаг, цуу яриандаа итгэдэг байлаа. МУБИС-ийн ангийн найз, Сүхбаатар аймгийн охин ээж нь эрэгтэй хүүхдийн орсон жорлонд араас нь орж бие засвал жирэмсэн болдог гэж хэлж өгснөөс болж аравдугаар ангиа төгстөлөө түүнд нь үнэмшин, модон жорлонд орох гэж өчнөөн цагаар эрэгтэй хүүхэд орох эсэхийг харуулдан, айж ичдэг байсан тухайгаа ярьж байж билээ.

Тухайн үед хүүхэд байтугай томчуудын итгэж явсан энэ мэт ярианд одоогийн хүүхдүүд итгэх нь байтугай дооглон инээх байлгүй. Интэрнэт хөгжсөн, гүүглжсэн өнөө үед захын хүүхэд энэ бүхнийг худлаа гэдгийг гаргаад ирэх байх. Гэхдээ огт мэдээлэлгүй байсан бидний үеэс учиргүй мундаг болчихсон, цоорчихсон юм бас харагдахгүй юм. Юу гэхээр хэт их мэдээллийн эринд, хүүхдүүд аль ч төрлийн мэдээллийг шүүлтүүргүй авсаар байж, өнөөх авах гээ­хийн ухаан гээчийг умартдаг бололтой юм. Ялангуяа энэ их хүчирхийлэл, садар самуунтай холбоотой мэдээлэл, кино зэрэг хожмоо ямар нөлөө үлдээхийг хэн мэдлээ.

Эцэг эхчүүд ч тэр, ялангуяа бэлгийн боловсролын тухайд бидний үед ам ч нээдэггүй байсан бол одоо хүүхдүүдтэйгээ элдэв хангай юм ярьж, хэлэлцдэг, зарим нь бас хэтрэх тал руугаа ч санагдах юм. Миний үед эцэг эхийнхээ дэргэд “хайртай дуртай” гэсэн үг ч унагахаас эмээдэг байсан бол одоо залуу эцэг эхчүүд Нүүр ном зэрэг дээрээ “Манай охины анхны хайр нь энэ гэнэ ээ” гээд цэцэрлэгийн насны жаахан хүүгийн зураг тавьсан ч байх шиг. Ард нь тэгээд хэлээ гаргасан нэг тэмдэгт, доор нь эрхий хуруугаа гозойлгосон сэтгэгдлүүд.

Арван наймтай хүүхдэдээ хүртэл хүн хэрхэн жирэмсэлдэгийг хэлж өгдөггүй байсан бидний эцэг эхийн үе ч хаашаа, арав хүрээгүй хүүхэдтэйгээ анхны хайр яриад хэвтэх өнөөгийн төрх ч хаашаа, зохих мэдээллийг зохих цагт нь өгөөд, мэдээллийн харанхуйд төөрүүлчихэлгүй, мэдээж бас пологтуулчхалгүй л явах сан даа.

Нэгэн зүйл. БООЛ МЭТ ЗАРСАН ҮЕ ХИЙГЭЭД БОГД МЭТ ЗАЛСАН ҮЕ

Боол мэт гэж бас л арай хэтрүүлэн хэлж байна.Баянмөнх аваргын “Үгийн хүч битгий сулруулаад бай” гэдэг шиг л, жаахан чангахан хэлээд байгаа хэрэг. Ер нь бол бидний үед, ялангуяа над шиг айлын багууд биш айлын том хүүхдүүд бол маш их ажилладаг байж. Айлын том охин бол гэрийн хамаг ажлыг нугална. Гэр орноо цэвэрлэнэ, хоол цай хийнэ, дүү нараа асарна. Үр хүүхдийг хүмүүжүүлэх бол уг нь эцэг эхийн ажил гэж байгаа, тэгтэл айлын том хүүхдийн л ажил болчихсон. Өнөөх нь гэрийн хамаг хариуцлага, ажлыг нуруун дээрээ үүрчихсэн. Уг нь бол хөөрхий өөрөө бас хүүхэд юм байгаа юм шүү дээ.

Хөөрхий тэр үеийн тэгж их ажилласан хүүхдүүд одоо өөрсдөө эцэг эх болохоороо бага насаа санагалздаг уу, өөр шигээ болгомооргүй байдаг уу, үр хүүхдээ бурхан шиг л залчихсан. Энэ ч хүнддэнэ, тэрийг ч миний хүү чадахгүй гээд л урдуур нь орж хамаг ажлыг нь хийж өгөөд л. “Хар гэртээ хаан, бор гэртээ Богд” гэдэг чинь уг нь гэрийн эзэн, айлын нөхрийг хэлдэг үг биз. Одоо бол эрх бяцхан үрс л ёстой “Хар гэртээ хаан” болж. Нэгдүгээр ангид орно, Ай-Под авч өгнө ч гэх шиг. Дөрөвдүгээр ангийн хүүхэд, зөөврийн тооцоолуургүй яаж болох юм бэ ч гэх шиг. Өнөөх нь тооцоолуур дээр нь өнгө дүрс нийлүүлэн унагадаг тоглоом тоглосон шиг.

Хэрээс нь хэтэрсэн ажил хийлгэн, амьдралын ачааг үүрүүлэх ч сайн юм биш, хэтэрхий их шүтэн толгой дээрээ залах ч сайн юм биш. Завсар зайгүй зараад байх ч сайн юм биш, заагаад уйлсан болгоныг нь авч өгөөд байх ч сайн юм биш. Хэр хэмжээнд нь таарсан хийж чадах ажлыг нь хийлгээд, насанд нь тохирсон тоглоом сэлтийг авч өгөөд явахад буруудахгүй мэт.

Гэх мэтээр бодоод суухад миний өөрийн өссөн үе хийгээд өөрийн минь хүүхдээ өсгөж байгаа үе хоёр, сурган хүмүүжүүлэх ухааныхаа талаас ёстой л нэг эсрэг тэсрэгийн туйл мэт.Багш жишээ нь миний үед бурхан байлаа. Багш юу л гэнэ, эцэг эх үнэмшинэ. Муу мэдээ дуулбал шууд ирээд маниусыг зодно. Хүүхэд юу ч гэж өөрийгөө өмөөрөөд нэмэргүй. Одоо тэгтэл багш нь хүүхдийг нь өөлөн, муулбал эцэг эхчүүд өөдөөс нь хүүхдээ өмөөрч хэрэлддэг, бас зарим нь чихэр жимс өгч аргалдаг болсон гэнэ дээ. Хэрэлдэх, аргалах ч яах вэ, хүүхдийн тань сурлага хүмүүжил юу сан билээ. Бас хайрлана гэдэг чинь шүтэн биширнэ гэсэн үг мөн үү. Нэг л их хүүхдээ биширсэн, магтсан улс.

Энэ нь бас бидний үед бүх юм сайн сайхан байсан гэсэн үг ч биш. Зарим хүн бүх юм нэг их сайхан байснаа учиргүй муухай болчихсон юм шиг, зарим нь яг эсрэгээр айхтар муухай байснаа гэнэтхэн сайхан болчихсон мэтээр яриад байдаг юм. Нийгэм, үе өөрчлөгдөнө гэдэг тийм амархан, сайн нь муу, муу нь сайн болчихдог, механик эд биш л дээ. Аль ч үед өөрийн гэсэн сайн тал, муу тал гэж бий. Жишээ нь хэн ч хараагүй, өөрсдөө өссөн бидний үеийнхэн бие сайн дааж сураад, нийгмийн эргүүлгэн дунд хөлөө алдчихалгүй явсаар ирсэн нэг хэсэг байхад бүтэхгүй найзууддаа уруу татагдан, буруу замаар явчихсан хайран сайхан залуус ч олон бий.

Харин чухам одоо, Богд мэт толгой дээрээ залсан, бүдрээд унахад нь газарт хүрэхээс нь өмнө татаад босгочихож байгаа, эцэг эх, эмээ өвөөгийнхөө хатуу хяналт, хараан доор гадаа тоглодог, эрсдэл мэдэхгүй бидний үр хүүхэд ямархуу улс болохыг өдгөө хэлэх эртдэнэ. Хориос гучин жилийн дараа л сайн муу нь мэдэгдэнэ биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах эрхийг өөрт нь өгнө

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энх­болдтой ярилцлаа. Түүнийг өнгөрсөн бямба гаригт хуралдсан ҮЗХ-ны хурлаар Ардчилсан намын даргаар сонгосон. Ардчилсан намын даргын эхний ажил нь намын дүрэмд өөрчлөлт оруулах аж.

Нийгмийн анхаарал АН-ын дотоод асуудал дээр төвлөрсөн үед ирэх жилийн төсвийг УИХ баталлаа. Төсөв ямар хэмжээнд батлагдав?

– Энэ жилийн төсөв онцгой цаг үед батлагдлаа. Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүй хэрнээ УИХ дахь намууд хэл амаа ололцоод төсвийг хугацаанаас нь нэг хоногийн өмнө баталсан. Мэдээж шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа зохих өөрчлөлтүүдийг хийх байх. Орж ирсэн төсвийн урсгал зардлаас 118 тэрбум төгрөгийн хасалт хийлээ. Сүүлийн 10 жилд ингэж хасалт хийгээгүй. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн орлого, зарлагыг нэмээд баталчихдаг. Тэр нь хэрэгждэггүй. Мөнгө­гүй байж, мөнгөтэй юм шиг аашилдаг байсныг анх удаа зассан нь энэ. Ер нь орлого орохоо байсан учраас зардлаа багасгая гэж үзсэн. Ерөнхий сайд, Сангийн сайдгүй үед УИХ-д суудалтай намууд ойлголцоод төсвөө батална гэдэг УИХ Үндсэн хуулиар олгогдсон төсөв мөнгөний, санхүүгийн бодлогоо барих үүргээ биелүүлж байна гэсэн үг. Он гаргаад цагаан сарын өмнө тодотгол хийхийг даалгасан. Ер нь сая дурдсан 118 тэрбум төгрөгийн хасалт юу ч биш. Хэрэггүй байгууллагууд байна. Хэрэггүй аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газрууд байна.Энэ болгоноосоо сал. Төсвийн хэмнэлтийг бодитойгоор, төсвийн зарлагын реформоо оруулж ир гэдэг үүргийг шинэ Засгийн газарт өгч байгаа. Он дуустал шинэ Засгийн газарт энэ бүх илүүдэл “өөхнөөсөө” салах боломж байна. Тэр нь өөрөө олон арван хуулийн өөрчлөлтийг шаардах учраас сая амжуулах техникийн боломж байсангүй.

Иргэдийн халаасны мөнгө нэмэгдэх үү гэдэг хүлээлт мөнхөд байдаг?

-УИХ иргэдийн гар дээр очих мөнгийг мэдэхгүй. 180 мянган төрийн албан хаагч, 200 гаруй мянган тэтгэвэр авагчийнхаа асуудлыг мэднэ. Бусад нь хувийн хэвшлийн ажилтан. Төр мэддэг хүмүү­сийн­хээ цалин, тэтгэвэрт зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Засгийн газар ямар үе шаттайгаар, хэзээ хэнийх нь цалинг нэмэх вэ гэдгийг мэдэх учиртай.

Ам.долларын ханш хамгийн тулгамдсан асуудал болчихоод байгаа. Энэ нь ч иргэдийн гар дээрх мөнгийг гадагш нь урсгаж байгаа нэг хэлбэр болж байна?

-Ам.доллар гэдэг зүйл Монгол Улсын импорт, экс­пор­тын зөрүүгээр тодор­хой­лог­доно. Бид гадаадад зарагддаг бараа үйлдвэрлэлийнхээ хэмжээг нь нэмтэл ханш сайжрахгүй. Таван толгойн нүүрсийг хуучнаасаа илүү ихээр гаргаж байгаа. Гэтэл ханш нь хоёр дахин унасан учраас орж ирдэг валютын урсгал багабайна. Тэгэхээр ган хайлуулах, зэс хайлуулах, гээд экспортын бараа үйлдвэрлэдэг үйлдвэрлэлүүдийг ашиглалтад оруулж тэр нь хийсэн бүтээгдэхүүнээ гадагш зарж валютын урсгалыг татахгүй бол ханш сайжрахгүй.

Сүүлийн жилүүдэд төсвийн орлого тасардаг болчихлоо. Ирэх жил уул уурхай, бусад орлого ямар түвшинд байгаа юм бол?

-Манай эдийн зас­гийн гажуудал нь ганц сал­ба­раас буюу уул уурхайн боловс­руулаагүй бүтээгдэхүүнээс хамаардаг болчихлоо. Тэгээд үнэ нь унахаар нь унаж, босохоор нь дагаад босдог. Ийм эмзэг эдийн засагтай байгаа болохоор үйлдвэрлэлүүдийн боловсруулалтын түвшинг өсгөх тусам энэ эмзэг байдлаас гарах болно.

Эдийн засгийн энэ нөхцөл байдлыг дагаад улс төр хямарч байна. Засгийн газар нь огцорсон. УИХ нь намрын чуулган нээснээс хойш төсвөөс өөрийг хэлэл­цэлгүй, Засгийн газрын өөрч­лөлтөөс өөрийг яриагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа?

-Төсөв хэлэлцдэг 45 хоногт өөр асуудлыг төдийлөн тавьдаггүй. Төсөвтөө бүх анхаарлаа хандуулдаг. Мөн Мөнгөний бодлого байна. Гаргах ёстой чухал асуудлууд нь энэ. Одоо төсөв батлагдсан учраас бусад асуудлууд руугаа орно.

Улс төрийн хямралын тухайд?

-Засгийн газар огцорлоо. Намын дарга өргөдлөө өглөө. Шинэ сонголтууд тулгарч байна. Дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорлоо. Долоо хоногийн хугацаанд АН энэ бүх өөрчлөлтүүдийг хийх гэж байдаг хурдаараа ажилласан. Үүний төлөө 10-аад хоног зарцууллаа.

Таны хувьд АН-ын дарга боллоо. Нам дээр ямар ямар ажлуудыг эхний ээлжинд хийхээр төлөвлөж байна?

-Эхний ажил бол дүрмийн өөрчлөлт хийх. Сүүлийн гурван жилийн турш АН-ын шинэ дүрэм хэлэлцүүлгийн шатанд явж байгаа.АН-ын шинэ дүрмээр нам дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлддэг явдлыг арилгахаар зорьсон. Их энгийн дүрэмтэй болохоор бүх шатандаа хэлэлцсэн гэсэн үг. Одоо арванхоёрдугаар сарын 8-нд үүнийг батлах төлөвлөгөөтэй байна.

Дүрэмд юуг чухалчилж байгаа юм бол?

-Тухайлбал, АН-ын удирдах албанд оръё гэвэл сонгуульд өрсөлдөөд ялаад хүрээд ир. “Чи сумын АН-ын хорооны гишүүн болмоор байна уу. Тэгвэл сумын ИТХ-ын гишүүн бол. Эсвэл ядаж багийн Иргэдийн нийтийн хурлаар нэрээ дэвшүүлээд багийн Засаг дарга бол. Аймгийн АН-ын удирдлагад оръё гэвэл аймгийн ИТХ-ын гишүүн бол. Улсыг удирдъя гэвэл УИХ-ын гишүүн бол”. Тэгэх юм бол бүх шатны байгууллагууд дөрвөн жилийн турш тогтвортой ажиллана. Учир нь УИХ, орон нутгийн сонгууль нэг өдөр явагддаг учраас ганцхан удаа АН сонгуулийн жилд дотооддоо сунгаа явуулна. Бүх шатны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сунгааг АН-ын аппарат зохион байгуулж аль нэг фракцид тал тохой таталгүйгээрүүргээ биелүүлэх ёстой. Сонгуульд ялсан хүмүүс бүгд нийлээд АН-ын Их хурлын гишүүн байна. Одоогийн байдлаар гурван мянган хүн бий. Энэ гурван мянган хүнийг ирэх сарын 8-нд цуглуулж их хурлаа хийх бодолтой байгаа. Шууд хэлбэл АН-ын Их хурлын гишүүнийг сонгоно гээд сумандаа хоёр тал болчихоод үзээд байхгүй. АН-ын Их хурлын гишүүд гэдэг бол ард түмнээс мандатаа авсан хүмүүсийн цуглуулга байна. Ийм хялбар дүрэм батлах гэж байгаа учраас Дүрмийн хороо, Хяналтын хороо, “Казино” Л.Байгал гарч ирээд “Энэ нь зөв, энэ нь буруу” гэдэг утгагүй, намын доторх фракцийн зөрчил алга болох юм.

ҮЗХ-ны гишүүдээ яах юм. Ротац хийсэнгүй гээд хэл ам болоод байдаг?

-Өнөөдөр үйлчилж буй намын дүрэмд ротацын тухай заалт байхгүй. Ротацын оронд сунгаа гэдэг зүйл оруулж ирнэ. Гэхдээ тэр нь дөрвөн жилд нэг л удаа болно. Дөрвөн жилийн турш намын сонгогдсон удирдлагууд нь сумынхаа, аймгийнхаа, дүүргийн, хотын түвшинд, улсын түвшинд тогтвортой ажилладаг болж байгаа.

Засгийн газраа унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярих уу. Шинэ дүрэмд асуудал яаж тусч байгаа бол?

-АН-ын дүрэмд туссан гишүүн хөөдөг заалт байх ёсгүй гэж бодож байгаа. Арванхоёрдугаар сарын 8-нд болох АН-ын Их хурлаар энэ заалтыг авч хаясан шинэ дүрэмтэй болно. Яагаад гэвэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүн санал өгөхдөө нийт ард түмний эрх ашгийн төлөө байна гэж заасан болохоос биш нэг намын төлөө ажиллах ёсгүй. Зөвхөн манай нам ч бус бүх намын дүрмэнд энэ заалт алга болох ёстой. Одоо бол хойдохоо мартаад урагшаа хурдан явах цаг үе ирж байгаа. Хэн, хаана кноп дарсан гээд байх юм бол дуусахгүй маргаан болно. Намаас хасахаас гадна дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй гээд олон арга байдаг учраас ашиглах боломжтойг нь сонгоно.

Намын дарга нь Ерөнхий сайд болно гэж АН-ын дүрэмд бий юу. Ийм маргаан байх шиг?

-Намын дарга Ерөнхий сайд байна гэж Улс төрийн намуудын тухай хуульд байдаг. Гэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль болон Засгийн газрын тухай хуульбүгд олонхитой үед хийгдсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, УИХ-д олонхи, цөөнх байна гээд оруулчихсан. Олонхигүй үед буюу Үндсэн хуулийн 33.2 дахь заалт 2000 онд өөрчлөлтөөр орсон байгаа. Тэгэхээр манай бүх хуульд УИХ-д олонхи байна, цөөнх байна гэж тооцоолж хийсэн. Гэтэл олонхигүй парламент сүүлийн 24 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа гарсан. Өнөөдрийн энэ тохиолдолд Засгийн газарт улс төрийн намуудын дарга нь орохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Засгийн газар бол гүйцэтгэх засаглалын шуурхай удирдлага хэрэгжүүлдэг байгууллага. Тэр дотор олон намын дарга орчихоод “Манай нам ингэж үзэж байгаа. Танай нам ингээд байх юм” гэдэг асуудал яригдаж болохгүй. Үндсэн хуулиар Засгийн газар нь тийм байгууллага биш. Тэгэхээр намуудын дарга засагт оролгүйгээр ирэх хоёр жилд туршилт хийе. Энэ нь Үндсэн хуулийн агуулга, үг үсэгт ч нийцэх юм байна гэж үзсэн.

Засгийн газар кабинетаа бүрдүүлэхэд ямар бодлого барих юм бол оо?

-Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярихад эрт байгаа. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг. Тэгэхээр ирэх даваа гариг (өнөөдөр)-өөс эхлэн Ч.Сайханбилэг намуудтай зөвшилцөж Ерөнхий сайд болох ажил эхэлнэ. Түүний дараа хамтрах эсэхээ шийднэ. Үндсэн хуулийн 33.2-ын дагуу аль ч нам олонхи болоогүй учраас хамгийн олон суудал авсан нам буюу АН Ерөнхий сайдаа дэмжүүлэхээр бусад намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр хийнэ гэсэн үг. Ингээд мягмар гаригт Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа ажлын хэсэг гарч нарийн асуудлаа ярих байх.

АН-ын бүлгийн 27 гишүүн Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг дэмжээгүй. УИХ дээр дэмжлэг авч чадах юм уу?

-Бүлэг дэмжих үү, үгүй юу гэдэг асуулт зүй ёсоор гарах болов уу гэж бодож байна. Бүлэг Р.Амаржаргалыг ҮЗХ-нд нэр дэвшүүлж оруулж ирсэн. Харин одоо шинэ нөхцөл байдал үүсч байгаа. АН-ын бүлэг ҮЗХ-ныхоо шийдвэрийг харгалзан үзэх ёстой. ҮЗХ нь олуулаа болсон АН-ын дээд байгууллага нь учраас. Зөвхөн АН-ын бүлэг ч бус нөгөө намуудын бүлгээр оруулж хэлэлцүүлнэ. Яагаад гэвэл бид дангаараа Ерөнхий сайдаа томилох боломжгүй учраас бусад намуудын бүлгээр хэлэлцүүлнэ гэсэн үг. Тэгээд ч бүлэг дээр дэмжээгүй гэдэг нь Ч.Сайханбилэг хуралдаа ирж танилцуулгаа хийгээгүй. Дээр нь өөрийнхөө дэмжигчдийг хуралд суулгаагүйгээс болсон. Яг ҮЗХ дээр болсон шиг санал хураалт явагдсан бол үр дүн яаж гарахыг мэдэхгүй. Тийм техникийн талын асуудлууд байгаа юм.

Мэргэжлийн Засгийн газар байх ёстой гэдгийг Ерөнхийлөгч хэлээд байгаа?

-Ерөнхийлөгч энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа.

Гэхдээ хуулиар бүх асуудал нээлттэй байгаа. Түрүүчийн Ерөнхий сайдыг ингэж ажилла, дан дээлтэй бай эсвэл энэ фракцийн хүнийг ажилд ав гэж шахсаар байгаад ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй. Хуулиар гаднаас ч тэр дот­роо­соо ч кабинетаа бүр­дүүлж болно. Аль болох гад­наас кабинетаа бүрдүүлж мэр­гэжлийн Засгийн газар байгуулбал сайн. АН-ын гишүүдэд бус, АН-ын даргад, Ерөнхийлөгчид ч бус Ерөнхий сайдад бүх эрх нь бий. Тэгэхээр бид хуульдаа нийцсэн байх ёстойгоос өөр шалгуур ярих нь утгагүй.

Засгийн газрыг Алтанга­дас фракц удирдсан хэвээ­рээ байна. Өөрчлөлт болж чадаж байгаа юм уу?

-Ч.Сайханбилэг гишүүн бол Алтан гадас фракцийн хүн биш. Энэ хүн бол АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч. Цаашид фракциа, намаа хойш тавьж улс орны төлөөх хариуцлагатай албан тушаалд очих гэж байгаа хүн. Тийм тохиолдолд фракц гэж жижиг зүйл ярилгүйгээр ажлаа бодох хэрэгтэй.

Өчигдрийг хүртэл Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд, таныг АНын дарга болох юм байна гэсэн ойлголт нийгэмд байсан. ҮЗХ өөр шийдвэр гаргалаа. Үүнээс болж АН доторх зөрчил хурцдах вий гэсэн болгоомжлол байх шиг?

-Н.Алтанхуяг “Р.Амар­жаргалыг ҮЗХ-ны хурал руу оруулах­гүй. Яагаад гэвэл энэ хүн миний Засгийн газрыг унага­сан учраас” гэж хэлээд Гүйцэтгэх зөвлөл түүнтэй нь санал нийлээгүй учраас өргөдлөө өгч бай­на. “Би зарчмаа бариад хэлэл­цүүлэхээр оруулахгүй. Дараагийн дарга нь шийдээд яв” гээд өргөдлөө өгсөн. Үүний дагуу сонгууль явуулж, ҮЗХ-ны гишүүд шинэ намын даргыг сонгосон. Тиймээс би энэ зөрчлийг дэвэргэх бус харин ч эвлэрүүлэхийг бодож хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь нэр дэвшүүлж, олонхийн саналаар эдийн засгийн хямрал­тай тэмцэх Ерөнхий сайдаа сонго гэсэн. Хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нэр дэвшигчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүл­сэн. Үүний дараа ҮЗХ-ны гишүүд саналаа өгсөн. Одоо гомдолтой хүн үлдээгүй. Хоёр нэр дэвшигч хоёулаа ҮЗХ-ны гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Тэгэхээр хоорондоо санал нийлэхгүй байгаа асуудлыг олонхийн саналаар шийдээд явахаас өөр аргыг хүн төрөлхтөн бодож олсонгүй. Гарсан шийдвэрээ бүгдээрээ дагадаг сахилга бат байх ёстой. Тэгээд ч хоёр нэр дэвшигчид өөрийгөө харуулах боломжийг олгож, тэд нэг асуултад өөр өөрийнхөөрөө хариулт өгч байсан. Гарсан дүн нь 12-хон хүнээр зөрж байна. Хоёр нэр дэвшигчийн асуултад хариулсан байдлаас улбаалж шийдвэрээ гаргалгүй хөвж байсан хэсэг сонголтоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр зөрчлийг шийдэх аргыг олонхиороо шийдэх гэж үзсэн. Түүнээс биш АН-ыг Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулахыг УИХ удаан хуга­цаа­гаар хүлээж чадахгүй. Төрийн ажил хүлээгдэж байгаа учраас.

Та АНын даргынхаа үүднээс Засгийн газрыг байгуулах үйл ажиллагаанд оролцоно. Яригдаж байгаа­гаар АН зургаа, МАН тав, Шудар­га ёс эвсэл гур­ван суу­дал авна. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж Сангийн сайд болно гээд нэр устайгаа яригдаад эхэллээ?

-Ерөнхий сайд УИХ-аас дэмжигдээд гараад ирэх юм бол кабинетаа яаж байгуулах эрхийг нь өөрт нь өгөх ёстой гэж үзэж байгаа. Түрүүчийн Ерөнхий сайдыг “Чи энэ фракцийн сайдыг ч, тэрийг ч ав. Давхар дээлтэй байна, дан дээлтэй бол” хэмээн шахаж ажлаа хийх бололцоог нь бүрэн өгөөгүй гэдгийг УИХ бүрэн ухамсарлах ёстой. Мэдээж дан дээлтэй байвал сайн. УИХ-ын ирцээс эхлээд эерэг нөлөөлөл их. Ерөнхий сайд өөрөө энэ бүх асуудлаа шийдэг. УИХ-аас, намын бусад фракциудаас оролцох оролцоогоо хязгаарлая. Сонгуулийн дараа байгуулж байгаа Засгийн газар биш, нүүрлэсэн хямралаас монголчууд нийтээрээ хохирол багатай гарахын тулд байгуулж байгаа Засгийн газар. Улс төрөөс ангид байх ёстой. Энэ бол зарчмын асуудал.

Гэхдээ л АНын фрак­циуд зоргоороо. Хорьж дийлэх үү?

-Тийм л дээ. Гэхдээ одоо ухамсарлах хэрэгтэй. Онцгой үед онцгой ажилладаг болохоос хуучин шигээ байж болохгүй. Л.Дашдоржийн нэр яригдаж байгааг би мэдэхгүй. Шинэ Ерөнхий сайдын мэдэх асуудал.

Одоо байгуулагдах Зас­гийн газар хэврэг суурин дээр бай­гуулагдаж байгаа тухайд?

-Бидэнд зөрчил байсангүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байсан байх. Ер нь фракциуд гэж бий. Гэхдээ рамандаа байх ёстой. Миний хувьд ч тэр “Шонхор” гэдэг фракц бусадтайгаа ижилхэн хэмжээнд очиж байгаа. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөсөө ч татгалзаж байгаа. Тэгэхээр энэ олон фракц байгаа нь нам эрүүл байгааг харуулж байгаагаас бус зөрчлийн эх үүсвэр болох ёсгүй. Фракциудын дээр нам, намын дээр төр байна. Тэгэхээр төрийн ажлаа чухалчилж явах үүрэгтэй. Хэн нь хэнтэйгээ яаж тохирсныг яриад байх сэдэв биш. Ардчилсан нам анх удаа фракциа, намаа бодолгүйгээр төрийн ажлыг бодож, эдийн засгийн хямралтай тэмцэж чадах хүнээ гаргаж байгаа.

Засгийн газрын тухай ярих гэхээр Ерөнхий сайд нь томилогдсоны дараа асуудал шийдэгдэнэ гэдэг хариултаар таглагдаж байгаа ч МАН засагт орж ирэх үү?

-МАН Засгийн газарт орох эсэхийг Ерөнхий сайдыг томилсны дараа хэлэлцээр хийж байгаад шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Одооноос тааж ярихад хэцүү.

Тэгвэл та хувь хүнийхээ үүднээс шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байх ёстой гэж үзэж байгаа бол. Ямар байвал ирэх хоёр жил бал­буу­лалгүй, тэсч гарах бол?

-Балбуулах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарна. Гэхдээ манай Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын хууль, Улс төрийн намуудын тухай хууль хэн нэгэн олонхи болж нөгөө талд нь цөөнх байдаг сценариар бичигдсэн байна. Ямар сайндаа 2000 онд аль ч нам нь олонхи болоогүй бол гэдэг Үндсэн хуулийн 33.2-ын нэмэлт заалтыг оруулж байж “Олонхигүй парламент байх юм байна. Тэр тохиолдолд Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ” гэдгийг зааж өгсөн байх вэ дээ. Тэгсэн хэрнээ Үндсэн хуулиас цааш энэ өөрчлөлтийг хийгээгүй явчихаж. Энэ өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага байна гэдгийг харж байгаа. Яагаад гэвэл намын дарга нь Ерөнхий сайд байна, байхгүй гээд сүүлийн сар маргалаа шүү дээ. Гэтэл намын дарга Ерөнхий сайд байж болно гэдэг заалттай Улс төрийн намын тухай хуулиас эхлээд юуг тооцоогүй вэ гэвэл хэн нь ч олонхи болоогүй тохиолдолд яах вэ гэдэг асуудал. Сая олонхигүй Засгийн газар байгуулж Ардчилсан намын дарга Ерөнхий сайдаар нь ажиллаж үзлээ. Тэгсэн хэрнээ доороо МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг ажиллуулж байлаа. Гэтэл гүйцэтгэх засаглал Үндсэн хуулийн дагуу олонхи, цөөнхөөрөө ялгарах ёсгүй. “Би АН-ынх” гэж Н.Алтанхуяг үүрэг өгөөд нөгөөх нь “Би МАХН-ынх” гэж Д.Тэрбишдагва хэлж болохгүй босоо удирдлагатай. Ерөнхий сайдын хуулийн дагуу гаргасан шийдвэр А гэж гарсан л бол тэр чигээрээ сумын Засаг дарга дээр хүрч хэрэгждэг. Дундаа Б, В, Г гэж өөрчлөгддөггүй байхаар Үндсэн хууль бичигдсэн. Гэтэл 2008 оны Засгийн газарт бүх намуудын дарга нар орж ажиллана гээд орсон. Тэр нь Үндсэн хуулийг зөрчөөд байгаа юм. Засгийн газрын шуурхай удирдлага нь бүх улс даяар Монгол Улсын хууль нэгэн утгатай, хэлбэрэлтгүй хэрэгжих зарчмыг зөрчөөд эхэлж байгаа юм. “Би тийм намын дарга учраас ингэж бодож байна” гээд Ерөнхий сайдынхаа өдөөс үг хэлдэг сайд нартай байгаа тохиолдолд Засгийн газраа Үндсэн хуулийн дагуу байгуулаагүй байна гэсэн үг. Энэ удаагийн буюу Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас эхлээд зөвхөн Засгийн газар өдөр тутмынхаа хуулийг хэрэгжүүлдэг, УИХ-аас өгсөн үүргийг биелүүлдэг энэ функцтэйгээ ажиллая. Улстөржилтийг Засгийн газар руу оруулахаа больё. Намуудын дарга нь Засгийн газарт байхаа больё. Яагаад гэвэл олонхи болоогүй учраас. Олонхи болсон тохиол­долд Үндсэн хууль, бусад хуулийнхаа дагуу явна. Тэгэхээр одоо УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуульд “Аль нэг нам олонхи болоогүй бол” гэдэг Үндсэн хуулийн 33.2-ын үргэлжлэлийг хийж өгөх ёстой юм байна.

Намын генсек солигдох уу?

-Солигдохгүй.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ямар нэгэн ажил албан тушаал амлах болов уу?

-УИХ-ын гишүүн Н.Алтан­хуяг гишүүнээрээ нэг хэсэгтээ ажиллах бодолтой байгаа.

Р.Амаржаргал гишүүн шинэ засагт орж ажиллах боломж хэр вэ?

-Энэ бол Ерөнхий сайдын асуудал.

Олон фракцтай намд байнгын зөрчил байдаг. Намын эв нэгдлийг та яаж хангаж ажиллах вэ?

-1990 онд бид ухамсартай сонголт хийж улс төрийн нам нь төр засгийнхаа дээр байдгаас татгалзсан. Тэгэхээр нам бол төрийг бүрдүүлж өгдөг байгууллагынхаа хувьд, төрийг бүрдүүлснийхээ дараа өдөр тутмынх нь ажилд орж, зааж зааварлаад явж болохгүй. Төрийн ажил тусдаа, намын ажил тусдаа. Намын доторх эв нэгдэлгүй байдал нь төрд нөлөөлж болохгүй. Тиймээс нам Үндсэн хуульд заагдсан боловч төрийн бус байгууллага л юм. Олон хүмүүсийг нэгтгэж бодлогоо гаргадаг, бодлогоо олон түмнээрээ дэмжүүлдэг. Тэр нь сонгууль гэж нэрлэгддэг. Хэрвээ дэмжигдсэн бол эрхээ аваад бодлогоо хэрэгжүүлдэг тусгай статустай төрийн бус бай­гууллага л даа. Тийм боло­хоор нам, төрийнхөө заагийг үргэлж ойлгомжтой байлгахгүй бол 1990 оноос өмнөх шигээ “УИХ-ын чуулган дээр эсрэг кноп дарсан учраас гишүүнийг намаас хаслаа” гэдэг байж болохгүй.

Тэгэхээр ирэх хоёр жилд УИХд цөөнх байх шаард­лагатай юу. Эсвэл бүгд засагтаа хамтраад УИХ дээрээ ч нэгдмэл байх ёстой юм уу?

-УИХ дээр олонхи, цөөнх байх ёстой. Энэ бол сонгуулийн дүн. Гэхдээ олонхи цөөнх болдог энэ маргаанаа УИХ-ын хүрээнээс гаргахгүй байя. Гүйцэтгэх засаглал бол УИХ-аас өгсөн үүргийг нэг л утгаар биелүүлдэг нэг байгууллага. Тэнд олонхи цөөнх болж, санал хурааж шийдвэр гардаггүйг хүмүүс мэдэх байх. Ерөнхий сайд, салбарын сайд хоёр санал нэгдлээ бусад нь эсэргүүцсэн ч шийдвэр нь гараад л явна. Парламент дээр олонхи цөөнхөөрөө асуудлаа тал талаас нь хэлэлцэж, олонхийнхоо гаргасан шийдвэрийг дагадаг. Тэгэхээр бид Засгийн газраа олон жил чадваргүй болгож явсан байна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг тээврийн хэрэгслийн тогтолцоог нэвтрүүлнэ

JCI Монгол байгууллага, Нийслэлийн ЗДТГ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж байгаа замын түгжрэлийг бууруулах чиглэлээр гарц шийдэл тодорхойлох “Хотын шийдэл” форум боллоо. Уг форумд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэдээллийн Технологийн газар, Боловсролын газар, Гудамж төсөл, Зам тээврийн яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Форумын эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийн хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулсан юм. Тус ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа эхлэн Нийслэлийн толгойны өвчин болоод байгаа авто замын ачааллыг бууруулах ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулж, автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж, 2013-2014 оны хичээлийн жилд 7 дүүргийн 45 сургуулийн 122 автобусаар 4880 сурагчийг тээвэрлэж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд шинээр 80.16 км авто зам барьж, 144.74 км зам өргөтгөн шинэчилж, 89 гудамж замд 61180 метр квадрат нөхөөс хийж, орон сууцны хороолол доторх 9 байршилд байгалийн чулуун хучилттай 1.84 км авто замыг барьснаар замын ачаалал тодорхой хэмжээгээр багассан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн статистик судалгаа байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд автомашины тоо огцом нэмэгдэж байгаа нь эргээд замын ачааллыг үүсгэх болсон. Мөн хотын төвд Их дээд сургууль, худалдаа, үзвэр үйлчилгээний цэгүүдийг төлөвлөлтгүй бий болгож, иргэдийг нэг урсгал руу төвлөрүүлж байгаа нь түгжрэл үүсэх бас нэгэн шалтгаан болоод байна.
Замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машинаасаа татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал онцолж байлаа. Энэ ч үүднээс Хотын захиргаа, Засгийн газартай хамтран машины хэрэглээг бууруулах бодлого баримталж, ухаалаг тээврийн хэрэгслийн системийг ирэх 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Нийтийн тээвэр ухаалаг системд шилжсэнээр иргэд автобусаар тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлүүлж, цахим тасалбарын картаар зорчиж, гар утас, автобусны буудлын электрон самбарыг ашиглан автобусны цагийн хуваарь, байршлыг харах боломжтой болох зэрэг нийтийн тээвэрт цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд машинаасаа татгалзаж, Ухаалаг автобусыг сонгон үйлчлүүлж, замын ачааллыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн тооцож байгаа юм. Энэ мэтчилэн форумд оролцогчид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах асуудлын талаар олон чухал шийдлийг тодорхойлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Тагтаа муу талын баатар болчихжээ

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж. Энхийн бэлгэдэл болсон номхон тагтаа хүртэл өдгөө муу талын баатар болчихож. Шувуунытомуу хэмээх өвчнөөс болоод хөөрхий муу тагтаа ад үзэгдэхдээ хүрсэн юм. Ганданг тагтаагүйгээр төсөөлөхөд бэрх үе байсан. Олон гэрэл зурганд Гандангийн тагтааамар амгаланг илтгэн мөнхөрсөн.Гандангийн тагтааг хооллохыг буян гэж хүмүүс үздэг байсан учраас хийдийн хашаандбудаа зарж амь зуудаг хэсэг бүлэг хүн бий болсон. “Өрөөнд тагтаа орж ирлээ” гэж хүүхдийн дунд ихэд түгсэн дуу байж билээ. “Тагтаа” гээдсайхан шүлэг байсан. “Тагтаа хөөрхөн, тагтаа номхон, дандаа олуулаа, дандаа тайван” гээд хүүхэд бүр уншдаг байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Мөнхшүр “Тагтаа”дууг хүүхдийн найралтай сэтгэлд хоногшим сайхан дуулсан сан. Одоо харин тагтаа хооллохыг буян номын мөр хөөсөн хүрээ хийдийнхэн хүртэл хориглох болжээ.

Тагтааны сангас хүрээ хийдийн барилга байшингийн чанарыг муутгаж эдэлгээг бууруулахад хүргэж байгаа талаар мэргэжлийн хяналтынханмэдээлсэн юм.

Сайн хүн муу болж, “төрөл арилждаг”орчлонд тагтааны тухай бидний ойлголт чбас хувирч дээ. Тагтааг хардаг бидний харах өнцөгөөрчлөгдсөн болохоос биш тагтааны мөн чанар өөрчлөгдөөгүй байх л даа.

Зөвхөн хүрээ хийдийн хашаанд тагтаа хооллох нь буян болдог юм биш.Цонхон дээрээ жаахан будаа, талхны үйрмэг асгаад хөөрхий тагтааг хооллож буян хийх боломж бас бий шүү дээ.

Б.ЯНЖМАА