Categories
мэдээ цаг-үе

М.Ичинноров: Хүний эрхийн төлөөх ажил гэж хүлээж авсан

Байгуулагдаад удаагүй Тахарын албаны Гэрч, хохирогчийг хам­гаа­лах газрын дарга М.Ичин­норовтой ярилцлаа.

-Таныг Хүний эрхийн хуульч гэдгээр нь олон нийт мэднэ. Нэлээн удаан хугацаанд иргэний нийгэм, стратегийн өмгөөлөл хийж байгаад төрийн албан хаагч боллоо. Ажил хэр жигдэрч байна?

-Төрийн албанд нийгмийн төлөө сэтгэл зүрхээ зориулах, санаачилгатай, хийсэн бүтээсэн зүйлтэй хүн ажиллах нь чухал. Яагаад гэхээр сайн дурын үндсэн дээр юм уу, иргэний нийгмийн түвшинд өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө хийж байсан ажлаа эрх мэдлийн түвшинд, төрийн аппарат, төрийн системд орж хийнэ гэдэг утгаараа их чухал. Гэрч хохирогчийг төрийн нэрийн өмнөөс хамгаалах нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, эрхзүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхийн төлөө эрхзүйн системтэй улсад заавал байх ёстой. Гэрч хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллах саналыг талархан хүлээж авсан нь албан тушаалд очиж байгаа гэхээсээ илүү хүний эрхийн төлөөх ажил гэж үзсэнийх л дээ. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн ажлыг төрийн систем дор хэрэгжүүлэх залгамж халаа гэдэг утгаар нь хүлээн аваад ажиллаж байна. Ажил нэлээн жигдэрч байна.

-Саяхан дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх жишиг өрөө нээгдсэн. Олон улсын стандарт руу очих эхний алхмыг эхлүүллээ?

-Гэрч, хохирогчийг хамгаалах нь Маршалын албаны үндсэн чиг үүргийн нэг. Шүүх хуралдааны өмнө, шүүх хуралдааны үеэр гэрч, хохирогчийн аюулгүй, айдасгүй, тав тухтай байдлыг хангасан туслалцаа үзүүлэх өрөөтэй байх санаачилга юм. Миний хувьд энэ албанд томилогдохоос өмнө гэрч, хохирогчийг хамгаалах НҮБ-ын, олон улсын стандартыг нэлээн уншиж судалсны үндсэн дээр гадны шүүхүүдийн “Хүлээлгийн өрөө”-нөөс санаа авсан л даа. Гэхдээ зүгээр нэг хүлээлгийн өрөө биш гэрч, хохирогчид иж бүрэн цогц туслалцаа үзүүлдэг өрөө байгуулахаар зориг шулуудсан. Гэрч, хохирогчид шүүхийн хаалга татахдаа өөрийг нь хохироосон этгээд, тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь ямар ч хамгаалалтгүй нүүр тулдаг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд хохирогч болсон хэргийг шүүхээр хэлэлцэх үед их тохиолддог. Өөрөө хохирчихоод дээрээс нь айж ичин, коридорт зогсч байгаа дүр зургийг сэтгүүлч та нар олон харсан байх. Энэ байдлыг л эхлээд өөрчлөхөөр шийдсэн. Одоо хохирогч, гэрч тусдаа хаалгаар ороод, тэндээ сэтгэл зүйн болон өмгөөллийн зөвлөгөө, эрүүл мэндийн туслалцааг ч авах боломжтой боллоо. Эмзэг хэргийн хохирогчид заавал шүүх танхимд орохгүйгээр веб камераар дамжуулан мэдүүлгээ өгнө. Ингээд шүүх хуралдаан дуусахад өөр хаалгаар төрийн хамгаалалтад гараад явна. Шаардлагатай тохиолдолд нүүрийг хувиргаад танигдуулахгүй шүүхээс авч гарах боломжтой. Энэ бол төрийн үйлчилгээний цоо шинэ боловсон бас иргэнлэг, хүмүүнлэг соёл. Бусад хуулийн байгууллагуудад ийм жишиг тогтоохын төлөө зорьсон юм. Гэрч, хохирогч тусгайлан тохижуулсан тохилог сайхан өрөөнд халуун цай, кофе уугаад сууж байна гэж хуулийнхан ч, иргэд ч төсөөлж байгаагүй биз. Гадаадын зочид төлөөлөгчид жишиг өрөөтэй танилцаад “Сайхан юм хийжээ” гэж магтаж байна лээ. Өөрийнхөө гэрийг тохижуулж байгаа юм шиг сэтгэлээ шингээж ажилласан.

-Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн гэх хэрэг, найман настай охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн Мөнх-Оргилын гэх олны анхааралд байсан хэргээр жишээ болгоход гэрч, хохирогчийн хамгаалал үгүйлэгдэж байсан. Гэрч, хохирогчийг хамгаалах жишиг рүү орсон нь сайн хэрэг. Үүнээс ч эрт орох ёстой байсан юм биш үү?

-Ер нь ингээд харж байхад төрийн ажил, төрийн үйлчилгээг сэтгэлтэй хүн хийх ёстой юм байна гэж ойлгосон. Аль ч газар төрийн ажилд сэтгэл, хайр дутагдаад байна уу гэж бодогддог юм. Дээрээс нь төрийн үйлчилгээний хоцрогдол хаа сайгүй байна. Өнөөдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, цалин хөлсийг нэмэгдүүлж байна. Тэгвэл нөгөө талаас тэд жирийн нэгэн Дорж, Дулмаад үйлчлэхийн төлөө тэнд сууж байгаагаа ухамсарладаг баймаар байна. Манай эрхзүйн системийн шинэтгэлийн хүрээнд дорвитой өөрчлөлт хийж урагшлах хэрэгтэй. Бүх салбарт НҮБ-ын гаргасан стандарт, хууль тогтоомжийн жишгээр эрхзүйн шинэчлэл хийж, түүнийг хэрэгжүүлж чадах боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Саяхан би НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн зөвлөх багш болоод ирлээ. Ингээд явж байхад манайх хэт хоцрогдсон нь шууд л мэдрэгдэж байна лээ.

-Тахарын албыг олон нийт юу хийдэг, ямар байгууллага гэдгийг төдийлөн ойлгоогүй байж магад. Тэр бүү хэл УИХ-ын зарим гишүүд хэрэгцээгүй алба байгууллаа, татан буулгах хэрэгтэй гэж шүүмжилж байхыг сонссон. Ер нь яагаад энэ алба байх хэрэгтэй юм бэ?

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангадаг, хамгийн гол нь гэрч, хохирогчийг хамгаалдаг төрийн систем 20 жилийн өмнө эхлэх байсан. Тахарын алба гэдэг нэр нь өөрөө хуучинсаг нэр томъёо байж магадгүй. Хуульдаа заавал монгол нэр томъёо ашиглах ёстой гэдэг утгаар ингэж нэрлэсэн болов уу. Энэ бол Маршалын алба. Анхнаасаа гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүргээ бодлого баригчид, олон нийтэд илүү ойлгуулж таниулах ёстой байсан байх. Энэ нь маш чухал функц шүү дээ. Хохирогч хамгааллын асуудал олон жил хэдэн төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхний нуруун дээр явж ирсэн. Тэгвэл өнөөдөр л төрийн нэрийн өмнөөс гэрч, хохирогчийг хамгаалах асуудал тавигдлаа. Бид аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс гадна хохирогч, гэрчид сэтгэл зүйн болон эрүүл мэндийн туслалцааг ч үзүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газрын эрх зүйн шинэчлэлийн чухал алхам. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэчлэлийн дорвитой алхмуудын нэг мөн. Эрх зүйн системийн хоцрогдлоос хурдан салах хэрэгтэй. Олон чухал дэвшил авчрахыг хүсч байна.

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаална гэхээр шүүгч нар дархан цаазтай мэт байна гэж ойлгогдох тал бий. Аюулгүй байдлыг хамгаална гэдгийг чухам юу гэж ойлгох нь зөв бэ?

-Шүүгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах гэдэг талаас нь ойлгох нь зөв. Жишээ нь, шүүгч өөрөө дэгээ сахиулаад, зарим тохиолдолд халдлагад өртдөг байсан бол одоо Тахарын албаны офицериуд эдгээр ажлыг хийж, хамгаалж байна. Энэ ажил ингээд жигдрээд явчихна. Хамгийн чухал нь гэрч, хохирогчийг хамгаалах хуулиа сурталчлах, таниулах, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөрөө батлах, гэрч, хохирогчийг хамгаалалтад авдаг тусгай байр байгуулах, санхүүжилтээр хангах гээд шийдэх асуудал маш их байна. НҮБ, “Хохирогчийн эрхийн судалгааны төв” ТББ-аас хийсэн судалгаагаар гэрч, хохирогчид хамгаалалтад байдаггүйгээс амиа хорлох, гэрчийн мэдүүлгээс буцах, өөрөө хэрэгтэн болох тохиолдол олон байгааг тогтоосон. Жилд дунджаар 3000-5000 гэрч, хохирогч аюулгүй байдлын хамгаалалт авах шаардлага байгаа нь судалгаагаар гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тухайд авч үзье л дээ. Хүчирхийлэлд өртсөн хүн аль нэг төрийн бус байгууллагаас туслалцаа авахад тэнд байрлах өрөө тасалгаа, өдөр хоног нь ч хязгаартай. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч давтан халдлага, заналхийлэлд өртсөн тохиолдолд төрийн нэрийн өмнөөс эхлээд сануулна, тэгээд тусгаарлана. Төрийн нэрийн өмнөөс хохирсон иргэнийг хамгаалаад ирэхээр хандлага өөрчлөгдөж эхэлж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар есөн төрлийн хамгаалах арга байгаа. Үүнээс хоёрыг нь манай Гэрч, хохирогчийг хамгаалах алба шүүгч, прокурорын ямар нэгэн зөвшөөрөлгүй хэрэглэх боломжтой. Тухайлбал, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ. Манай алба дээр тусгай бүлэг ажиллаж байна. Мөн эрэн сурвалжлагдаж байгаа ялтныг хайх, мөрдөн шалгах чиг үүрэг Тахарын албанд бий. Байгуулагдаад удаагүй байхдаа оргоод дөрвөн жил болсон хоригдлыг баривчилсан. Эрэг шураг хөдлөөд эхэлчихлээ. Одоо иргэд ийм хамгаалалт байгааг, нөгөө талаас өмгөөлөгч, шүүгч, прокурор хуулиа яаж хэрэглэхээ мэдэх хэрэгтэй байна. Уг нь сайхан бүтэц, систем бий боллоо.

-Шинэ юм эхлэхэд заавал хүндрэл, бэрхшээл, сорилт тулгардаг шүү дээ. Ажлаа урагшлуулахад асуудал их гарч байна уу?

-Ерөөсөө л сэтгэлгээний л асуудал. Ялангуяа шинэ бүтэцтэй, шинэлэг чиг үүрэгтэй байгууллагыг шинэ сэтгэлгээгээр удирдах ёстой. Хуучирсан тогтолцооны сэтгэлгээгээр удирдвал гацаанд орно. Прокурор, шүүгч зөвшөөрөл өгснөөр бид гэрч хохирогчийг хамгаалах заалтуудыг хэрэгжүүлнэ. Гэтэл шүүгч, прокурорууд журам нэхэх гээд байдаг. Битгий журам нэхээч, хуулиа л барь гэхээр “Үгүй ээ заавал журам хэрэгтэй шүү дээ” гэж хэлэх хүмүүс байна. Энэ мэтээр хайрцаг дотор сэтгэх, ажиллах хандлага байдаг нь үнэн. Бид юуг шүтэх ёстой вэ гэхээр зарчим. Үндсэн хуулиа, эсвэл органик хуулиа баримтлаад шийдвэр гаргахад хаа ч буруудахгүй. Гэтэл дандаа журам яриад суучихдаг. Хамгийн гол нь энэ хүнд би яавал туслах вэ гэдэг талаас нь бүх шийдлүүдийг, хувилбаруудыг хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагын хүмүүс бодох учиртай. Хуучирсан сэтгэлгээг бүрмөсөн халах цаг болсон. Тахарын ажилтны гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа нь хүний төлөө, хүний эрхийг хангах гэсэн Үндсэн хуулийн зарчмыг баримталсан байвал ямар ч нөхцөлд буруудахгүй, тийм учраас хүмүүст туслахын тулд зоригтой шийдлүүдийг хайж бай гэж би хүмүүстээ хэлдэг.

-Таныг хүний эрх ярьж байгаад албан тушаалд очлоо, чимээгүй боллоо гэж шүүмжилж байж магадгүй?

-Гэрч хохирогчийг хамгаалах шинэ тогтолцоог хүний эрхийн хуульч хүнээр хэрэгжүүлэхээр томилсон нь харин ч нүдээ олсон гэж хэлэх хүмүүс олон болов уу. Би өөрөө дэвшилтэт сэтгэлгээтэй хүн. Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт хийхийн төлөө хийсэн ажлууд маань нийгэмд ямар нэгэн шинэчэлт, өөрчлөлт, сэтгэлгээний дэвшил авчирч чадсан гэж боддог. Албан тушаалаар биш нөлөөллийн түвшинд эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж ирсэн. Нөлөөлөл үзүүлж чадсан, цаашдаа ч үзүүлнэ. Таны ярьж байгаа шүүмжлэл бол цөөн хүмүүсийн л бодол байх. Миний үзүүлсэн стратегийн өмгөөлөл бүхэн нийгэмд эерэг нөлөөлөл авчирсан. Хамгийн сүүлд Г.Алтанхүүгийн хэрэг дээр ажиллалаа. Магадгүй дарагдаж болох байсан хэргийг ил гаргаж тавьснаараа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход төр анхаарал хандуулахад нөлөөлж чадсан. Хэргийн тухайд ч гэсэн шударга шийдэгдэх тал руугаа явж байна. Би албан тушаалд очлоо гээд хүний эрхийн төлөөх тэмцлээ орхиогүй. Харин ч төрийн аппарат дор улам хүчтэй өрнүүлж байгаа.

-Таныг Дээд шүүхэд ажиллаж байсан гэдэг. Олон нийт таныг хүний эрхийн төлөө ажилладаг гэдгээр илүү мэддэг байх?

-Тийм шүү дээ. Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетыг төгсөөд Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байгаад тун удалгүй тушаал дэвшиж Улсын Дээд шүүхэд ирж байлаа. Тухайн үед дүүргийнхээ шүүхийн архивыг шинэчлэх ажлыг санаачлан хийж байсан нь надад итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн гэж боддог. Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд ажиллаж байхад хүний эрхийн төлөө ажиллах сэдэл төрсөн гэх үү дээ. Яагаад гэхээр манай эрхзүйн системд хүний эрх маш ихээр зөрчигддөг. Гэмгүй хүн шүүгдэгчийн ширээнд сууж байгааг олон л харж байлаа. Ингээд АНУ-д хүний эрхийн чиглэлээр сургуульд сурч, НҮБ, олон улсын ТББ-уудад ажиллаж байлаа. Ажлын туршлага маань ч, сэтгэлгээ минь ч аль аль нь төрийн ажлыг хийх давуу тал болов уу л гэж боддог юм.

-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байлаа. Одоо ч Засгийн газар бүрдтэл тогтворгүй байдал үргэлжлэх нь. Энэ нь танай байгууллагад нөлөө үзүүлж байна уу?

-Хүмүүсийн сэтгэл зүйд их нөлөөлж байна. Амьдрал ядуу байсан ч тогтвортой байдал нь амьдралын баталгаа болж байдаг. Өнөөдөр эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал бүх шатанд мэдрэгдэж байна. Хүмүүс улс төрийн хуйвалдаан, бохир заваан, өөрсдийн эрх ашгийн төлөөх тэмцлийг харж байна шүү дээ. Ер нь улс төрөөс залхсан байна. Эдийн засаг хүнд болсон нь төрөөс эхлээд, иргэдэд арвич хямгач, тооцоотой, хэмнэлттэй байх ухаан суулгаж магадгүй. Төрийн систем, удирдлагын тооцоогүй, үрэлгэн байдлыг өөрчлөх болов уу гэж найдаж байна. Эдийн засгийн савалгаанд улс төрийн савалгаа нөлөөлж байдаг нь харамсалтай. Хүмүүс тогтвортой байдлыг л хүсдэг шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Оюун ухааныг дээдлэгч Ц.Дэмбэрэл профессорынд өнжлөө

ШАДИВЛАН ГЭЖ НОМ БҮТЭЭДЭГ ГАЗАР ГЭСЭН УТГАТАЙ ГЭНЭ

“Танайд өнжье” сурвалжлагаа энэ удаа олонд нэршсэнээр IQ Дэмбэрэл гуайнхаас хүргэж байна. Монголын математикийн багш нарын академи, Оюуны чадварын IQ төв болон Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн, гавьяат эдийн засагч, доктор, профессор Цэрэнгийн Дэмбэрэл гуайнх. Дэмбэрэл гуай Завхан нутгийнхны урилгаар тус аймагт очиж долоо хоног лекц уншаад өнгөрсөн бямба гаригийн үдэд Чингэс хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм. Эднийх Шадивланд амьдардаг. Бид онгоцны буудлаас харих замд уулзаж, хамт гэрт нь очихоор өмнөх өдөр нь ярилцсан байв. Зам зуур хөдөөгийн аж байдал, Улаанбаатарын тоосжилт утаа мэтийг ярилцан явсаар хотоос гарч зуслангийн бүс рүү чиглэлээ. Тосч авсан жолоочтойгоо заримдаа орчин үеийн болон нэн шинэ үеийн философийн чигийн яриа хальт солилцон явах юм. Жолоочийн гүнзгий мэдлэг, өндөр боловсролыг гайхасхийж явтал хүү нь болж таарлаа. Хүү аавыгаа тосч аваад харьж буй нь тэр байж. Шадивлангийн амны зуслангийн бараа харагдана. Модот уулсын бараа хөх ногоовтор өнгөөр бага зэрэг дуниартана. Агаар цэнгэг, саруулхан.Уулсын энгэр лүү өгсүүр, нэлээн дэржигнүүр замаар өгслөө. Зуслангийн том жижиг байшингуудын хамгийн дээд талд ихэр юм шиг яг адилхан хоёр сууц зэрэгцэнэ. Хоёул хийц загвар, өнгө будгаар ижилссэн гурван давхар хувийн сууц юм. Цэмцгэр ч гэж янзтай. Нэг нь манай “жолооч философичийнх”. Аав ээжтэйгээ хаяа дэрлэн аж төрдөг юм байна. Нөгөө нь манай сурвалжлагын баатрын гэр. Энүүхэн доор Бямбасүрэн гуайнх байдаг юм гэж сонирхуулав. Ерөнхий сайд асан тэндээ амьдарч, урин дулаан цаг ирэхэд ногоо цагаагаа ч тарьдаг гэнэ. Өнгөрсөн зун бяцхаан ботаникийн цэцэрлэг шиг ногоон төгөлхөнд суугаад буурал эдийн засагч ярилцлага өгч байсан нь тэр мөчид санаанд буув.

Ц.Дэмбэрэл гуай амьдран суугаа газрынхаа тухай нэгэн сонирхолтой түүх ярьж өглөө. Шад гэж ном, оюун ухаан, дүв гэдэг нь бүтээх, лин гэдэг нь газар гэсэн түвд үг гэнэ. Ном бүтээх газар гэсэн үг ажээ.

Монголчууд тэртээ XV зууны үед энэ газрыг судалж үзээд бясалган сууж оюун ухаанаа төвлөрүүлэх, номын үйлсийг бүтээхэд гойд тохи­ромжтой газар хэмээн тогтоожээ. Тэгээд хоёр хийд барьж, дээд Шадивлан, доод Шадивлан гэж нэрлэсэн аж. Дээд Шадивланд нь ертөнцийн явдлыг огоорон тэвчиж бие сэтгэл оюунаа буддын номд зориулсан том лам нар нь суудаг байсан гэнэ. Нэг үгээр бол буддизмын профессорууд юм уу даа. Доод Шадивланд нь ертөнцийнхөө явдлаар явж, сүсэгтэн олон үйлчлэн, өргөл барьц жасаа сан хураагч жижиг, дунд лам нар суудаг байжээ. Хожим өнгөрсөн зууны эхээр дээд хийдэд нь Богдын Засгийн газрын стратеги бодлого барьдаг хэсэг төрийн зүтгэлтнүүд байрладаг байж. Энийг Хятадын Засгийн газар устгасан бол доод хийдийг нь гучин хэдэн онд манайхан өөрсдөө сүйтгэсэн байна. Хоёр хийдийн туурь эндээс холгүйхэн бий. Энэ түүхийг би энд төвхнөснөөсөө хэзээ хойно мэдсэн юм. Сонин л учир ерөөл гэж дотроо бод­дог юм гэж Дэмбэрэл гуай сонирхуулав.Хашаандаа гацуур, нарс мод нэлээн тарь­жээ. Цаашид ойжуулж, ойн сан хийх бодолтой, одоо­ноос үрсэлгээ хийхээр бодож байгаа гэв. Хөрснийхөө онцло­гоос хамаараад зарим мод сайн ургадаг бол зарим нь ургадаггүй тухай ч сонирхуулж “Мод ургуулна гэдэг ерөөсөө л хүүхэд арчилж байгаа юм шиг арчилгаатай, их нарийн эд юм байна шүү дээ. Таван жил сайн арчлаад ургуулаад авчихвал цааш нь явчих юм шиг байна. Тэр хүртэл усалгаа шаардаад байгаа” гэж ярьсаар биднийг дагуулан гэртээ орлоо. Гэргий П.Цогзолмаа нь угтлаа. Нүдээ­рээ инээмсэглэсэн эгч юм.

ОЮУНТАЙ ТӨРСӨН ӨҮЛЭН ЭХ” ГЭСНИЙ ЦААНА УЧИР БИЙ ГЭВ

Тэр хоёр аян замын сониноо хуваал­цаж, бид ширээ той­рон цайлангаа яриагаа үргэлжлүүлж байна. Эднийх дөрвөн хүүтэй, зур­гаан ач охинтой аж. Дөрвөн хөвгүүнийх нь нэг эднийхтэй зэргэлдээ амьдардаг гэж өмнө хэлсэн. Түүний охид гээд хоёр жаахан охин орж ирээд өвөөдөө үнсүүлмэгц годхийн гарцгаав. Ач нараа бас л IQ-гаар шахаж байна уу, та гэвэл, тэгэлгүй яахав, ер нь 3-13 нас хүртэл нь IQ-гаар уйгагүй, боломжоор нь хичээллүүлэх хэрэгтэй. Ном, ухаан задалдаг тоглоомуудыг нь өгнө. Одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуны чадварыг хөгжүүлэх тун чухал юм байна гэж мэддэг болчихсон. Улсын хэмжээнд оюун ухаанаа хөг­жүүлж байгаа гучаад мянган хүүхэд байна гэсэн мэдээлэл өгсөн юм.

Бидний яриа энэ үед өөрийн эрхгүй IQ болоод явчихлаа. “Оюун ухааны бяд удамшихдаа эцгээс гэхээсээ эхээсээ арай илүү удамшдаг юм шиг байна. Энийг би өөрөө зохиож хэлж байгаа юм биш. Монголын Нууц товчоонд “Оюунтай төрсөн Өүлэн эх” гэж үг байна. Чухам яагаад оюунтай төрсөн Есүхэй эцэг гэж хэлээгүй вэ. Энэ талаар бид шинжлэх ухааны судалгаа гаргачихсан. Нийгэмд гаргаж тавих цаг нь арай болоогүй байна. Ер нь хүүхэд гүйх ухааныг бол эхээс, цусан төрлөөсөө авдаг юм байна. Үүнийг монголчууд эртнээс сайн мэддэг байсан учраас сайн бэр авах, удам судрыг нь олон үеийг нь харж байж бэр буулгадаг заншилтай” гэсэн яриагаар хачир нэмэв. Тэрбээр гэртээ хүрэх замдаа байна байн “хэдүүлээ очоод сайхан кофе ууна аа” гэж явсан болохоор кофе уух юм байна даа гэж бодож байсан авч гэргий нь сүүтэй цай аягалав. Мөнгөн аягатай халуун цай барихад нь гайхах ч шиг их л содон санагдсаныг нуух юун. Хажуудах хүмүүсээ харвал бүгд ижилхэн хийцтэй мөнгөн аяга барьжээ. Нутгийн заншил юм даа. Баруун зүгийнхэн ялангуяа Увс нутгийнхан нэг хэсэг Оросын Тувагаас оруулж ирдэг улаан эрээн хээтэй том шаазан аягаар нөгөө аагтай шаргал цайгаа дүүргэн барьдаг байсан үе бий. Зарим нь зочиндоо мөнгөн аяганд цай барьдаг заншилтай. Одоо ямар болсныг мэдэхгүй ч Ц.Дэмбэрэл профессорынд энэ заншил мөрдөгдөж байна. Гэрийн эзэгтэй харваас зан сайт нэгэн болох нь илт. Гэхдээ яриа хөөрөө цөөтэй хааяа нэг хүүхдүүдийнхээ талаар ганц үг унагах бөгөөд нүдээрээ инээмсэглээд л суух аж. Улмаар биднийг баа­хан хоолоор шахсаны эцэст про­фессор доод давхарт байх ажлын өрөөндөө дагуу­лан орлоо. Өрөөний хананд байрлах өргөмжлөл, диплом сэлтийн дунд “Дэлхийн ирээдүй судлалын нийгэмлэг” гэсэн нэгэн содон гэрчилгээ байна. Сонирхвол дэлхийн ирээдүйг судалж, чиг өгч байдаг байгууллага гэнэ. Жараад оны эхээр байгуулагдсан дэлхийн ирээдүйн судалгааны бай­гууллага юм байна. Дэмбэрэл гуай ерээд оноос энэ байгууллагыг ихэд сонирхож элсчээ. Улмаар хоёр мянган оны эхээр Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийгэкс Ерөнхийлөгч П.Очирбат, нэрт соён гийгүүлэгч, ардын уран зохиолч Лодонгийн Түдэв гуай нарын санаа нийлсэн, оюун санааны хэдэн нөхөдтэйгөө хамтарч байгуулсан юм байна. Өөрөө тэргүүнээр нь ажилладаг аж. Түрүүнээс хойш асуумаар санагдаад байсан асуултаа асуулаа. Хүний оюуны чадварыг тодорхойлох нь тийм амар биш шиг санагддаг л даа. Зүгээр л хэдэн сорилоор тодорхойлогдчихдог бол юуных нь оюун ухаан байхав. Оюун сэтгэлгээний явдал гэдэг тийм амархан танигдаад байх гэж үү гэж.”Би өөрийн гэсэн нарийн аргачлалтай. Хоёр өөр хүний оюуны бядыг хоёр өөр аргачлалаар тогтоож болохгүй. Нэг л аргачлалаар тогтоодог. Тэр чинь зүгээр нэг сорил биш, тогтсон аргачлал байна” гэсэн хариулт өгөв. Тэрбээр ерэн оноос хойшхи Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийсэн бүх хүмүүс, БШУ-ны сайд хийсэн бүх хүмүүсийн оюуны бядыг тогтоочихсон. Яваандаа зарлана гэж байв.

ИНЖЕНЕРЧЛЭГДЭЭД, МАШИНЫ ЭД АНГИ БОЛООД ЯВАХ ХЭСЭГ НЬ ЯВНА, ТҮҮНД ОРОХГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ БАС БАЙНА

Эднийх дөрвөн хүүтэй гэж дээр хэлсэн. Нээрээ оюуны чадвар эхээс удамшдагийг монголчууд мэдээд бэр буулгахдаа удам судрыг нь анхаарч ирсэн уламжлалтай гэж түрүүн хэлснийг нь санаад дөрвийн дөрвөн бэр буулгахдаа тэр уламжлалыг хэр зэрэг баримталсныг нь сонирхсон юм. Гэвч “манай бэрүүд сайн, ер нь их сайн шүү” гэсэн нь өөр нэгэн сонирхолтой сэдэв рүү биднийг хөтөлчихлөө. Хүнийг хэт жолоодно гэдэг буруу. Тэр тусмаа хүний амьдралыг инженерчилэн жолоодно гэдэг буруу шүү дээ. Тиймээс би хүүхдүүдийнхээ амьдралд нэг их оролцоогүй гэсэн хариулт өгсөн юм. Тэгвэл өнөөдөр жинхэнэ инженерчлэлийн эрин үе эхэлж байгааг наад зах нь хүмүүс “ухаалаг” гар утсанд хэрхэн донтож байгаагаас харагдах шиг. Технологийн хөгжил хүмүүсийн тархийг инженерчлээд, хүмүүс амьдралын хэв маяг, амьралд хандах хандлагаараа яг л робот мэт болоод байх шиг. Энэ тийм таатай зүйл мөн үү. Ирээдүйд бүр ч робот маягтай болох байх даа. Харин инженерчлэгдээгүй нь амьдрахад хэцүү болох байх даа. Оюун ухааны хүнтэй уулзсаных энэ тухай ямар бодолтой явдгийг нь сонирхоцгооё. Тэрбээр ингэж хэлж байна. “Нэгэнт хөгжил нь инженерчилж байгаа бол ихэнх нь тэгээд инженерчлэгдээд явахаас өөр арга байхгүй.Машины эд анги болоод явахаас өөр яахав. Болно. Болохгүй хүмүүс гэж бас байна шүү. Огт инженерчлэгдэхгүй хүмүүс харин ч сайн шүү дээ. Инженерчлэлд орохгүй байна гэдэг чинь оюун ухаанаараа дээр нь ялгараад гараад ирж байна гэсэн үг. Билл Гейтс, Цукерберг робот биш. Стив Жобс робот байгаагүй. Тэд дэлхийг удирдаж байна”.

ХУУЧИН НОМЫН ХУУДАС НААХ, ЖИЖИГ БАРИМАЛ ЦУГЛУУЛАХ ХООБИЙТОЙ

Эднийд анх орж ирэхэд ханын шүүгээнд нь жижиг оврын баримлууд, хуучны гоёл бэлэг дурсгалын зүйлс нүдэнд тусч байсан юм. Профессор маань жижиг баримал цуглуулах хообийтой юм байж.Мөн хуучин ном наах, янз бүрийн жижиг эдлэл засч нааж янзлах дуртай гэнэ. Аавынхаа хообийг мэддэг хөвгүүд нь, одоо ач нар нь хүртэл хуучирч урагдсан ном, тоглоомуудаа авчраад өгчихдөг, тэрийг нь мань эр наагаад цэмбийлгэчихдэг юм байна.”Жижиг эдлэлийг бол засаад, наагаад л яваад байна. Ном бичиж суухдаа хааяа суудлаасаа өндийж жижиг сажиг эдлэл засч додомдоод авах нь надад их амралт болдог” гэсэн юм. Бээжинд явж байгаадэртний эдлэлийн дэлгүүрээс нэгэн баримал үнэ цохиж авснаа сонирхууллаа. Морины хондлой дээр бич суужээ. Нэгэндээ алим авч өгч байгаа бололтой дүрслэлтэй эд юм. Профессор “Би морь жилтэй, эхнэр минь бич жилтэй юм. Энэ морь нь алимыг аваад бичдээ өгөөд байгаа юм уу, бич нь мориндоо өгөөд байгаа юм уу мэдэхгүй. Ийм нэг сонин гоё баримал байгаа юм. Миний хүү энэ юу гэж байна хэмээгээд гаднаас орж ирсэн хүүдээ баримлаа харууллаа. Энэ хүү нь математик эдийн засгаас гадна Хятадад барилга, архитектурын чиглэлээр сурсан, хятад хэлтэй гэнэ. Аавынхаа санаачлан эхлүүлж байгаа оюуны чадварын сургуулийн хотхоны барилгын ажлыг удирдан ажиллаж байгаа юм байна. Тэрбээр”Нэлээн эртний ханз байна. Ийм ханзыг тайлж унших хүн Монголд байхгүй байх аа даа” гэв. Дөрвөн хүүдээ дандаа Өлзий гэж нэр хайрлажээ. Том нь “Шунхлай” компанийн дэд захирал Өлзийбадрах, удаах хүү нь Оюуны чадварын IQ төвийн захирал Өлзийхутаг, түүний дараах Өлзий-Эрдэнэ хүү нь энэ хятад хэлтэй архитекторч юм байна. Отгон хүү Түмэн-Өлзий нь Дархан Уул аймагт хувийн сургуультай аж.Харин ихэр юм шиг, хүүгийнхтэйгээ ижилсүүлэн барьсан сууцныхаа барилгын зургийг өөрөө гаргасан гэсэн.

ОЮУНЫ ЭКОЛОГИЙГ ХАМГИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭСЭН ОРОН БОЛ АМЕРИК ГЭВ

Дэмбэрэл гуайн ажлын өрөөнд улс орон, хувь, хувьсгалын олон ч сэдвээр яриа өрнөлөө. Нэгэн инээдтэй яриаг нь одоо хүргэе. Улс оронтой холбоотой юм. Нэг үеэ бодвол манайхан жаахан өндийж байна гээд тэрбээр энэ явдлыг ярьсан. Хоёр мянга таван оны үед аймгийн Засаг дарга нарыг Тайваньд арван дөрөв хоног явуулжээ. Туршлага судлуулах гэж. Тэнд явсан нэг нь Дэмбэрэл гуайд хэлж л дээ. Засаг дарга нар очоод хичээлд нь суучихаад гарч ирээд муушигдаад байна гэнэ. Тэр дотор хоёр л арай гайгүй хүн байсан гэж байгаа юм. Хааяа нэг гарч номын дэлгүүрээр ганц нэг ном олж үзэх, ядаж гадаа гараад хүмүүс яаж ажиллаж байна, ямар сандал байна гээд хардаг. Бусад нь бүгд хөзөрдчихдөг гэнэ. Муушиг тоглоод. Цөмөөрөө хөзөр авч явсан байна. Ингэж яриад дарга нарыг ядаж гадаадад явж байхдаа муушигдахгүй байж болохгүй юу хэмээн ихэд гайхаж байлаа. Харин өнгөрсөн долоо хоногт очиж ажилласан Завхан аймгийн Засаг даргыг нэлээн оюунлаг залуу юм гэж магтаж байна.Жамьянтив гэдэг хүн юм байна. Тэгээд гайгүй залуучууд гарч ирж байгаа юм байна гэж би харсан шүү гэлээ. Ер нь хүнийIQ нь ямар байна ажлыг зохион байгуулж байгаа арга нь ерөнхийдөө тийм л байдаг юм билээ. Савнаасаа л болдог юм билээ л дээ гэж ярина. Хүний IQ-г тодорхойлчихоод тэрийгээ зарладаггүй, өөрт нь хэлдэггүй нь ямар учиртай вэ гэвэл хэлэхээсээ илүүөөрсдөд нь зорилго тавиад шахаад л байх хэрэгтэй гэж байв. Хүүхдүүддээ ч энэ талаар өөрсдөд нь хэлдэггүй, “Та нар Монгол орныг урагш нь чирэх ёстой” гэж шахдаг гэнэ. Хөвгүүд нь дөрвүүлээ эдийн засагч, математикч мэргэжилтэй. Бизнесийн чиглэлийн хүмүүс атлаа философи их уншдаг юм байна. Бага хүү нь философи руу нэлээн гүн орж байгаа гэж ярьсан. Харин аав ээжтэйгээ хөршлөн суугаа Өлзийхутаг хүү нь философи их сонирхдог аж. Нөгөө ирэх замдаа аавтайгаа орчин үеийн философи хөнддөг залуу.

Дэмбэрэл гуай “Оюуны экологи” гэж сонин сэдэв хальт хөндөөд орхино лээ. Энэ бол “Нэгд, оюун ухаан ажиллах биологи нөхцөл болох эрүүл байх. Хоёрт, нийгмийн экологи. Шинэ юм ярьдаг, цоо шинэ юм боддог, шинэ дэвшил гараад ирвэл үр дүнг нь дэмждэг нийгэм байх ёстой. Манай нийгэм дэмжихгүй байна. Оюуны экологийг хамгийн зөв хэрэглэсэн улс орон бол АНУ. Тийм учраас тэнд үеийн үед оюун ухаан төвлөрч бөөгнөрч ирсэн. Хаана оюун ухааныг үнэлж байна Америкт үнэлж байна” гэж байв. Энэ бүх ярианы эцэст номын сангаа танилцуулав.Номын шүүгээний хажууд, буланд давхарлан тавьсан хуучны ширэн цүнхнүүд байна. Нэг том ширэн цүнх харуулав. Дэлхийн квантын физикт өөрийн онолыг боловсруулсан нэрт физикч Намсрай гуай барьж байсан цүнхээ бэлэглэсэн нь энэ аж.”Физикч Намсрай гуай өөрөө бэлэглэсэн юм шүү. Италиас авсан, жинхэнэ профессорын цүнх” хэмээн “гайхуулаад” авав. Тэгээд номын санг нь сонирхлоо. Дүүрэн тооны, эдийн засгийн ном байгаа биз дээ гэж бодож орсон ч тиймгүй юм. Дэлхийн бүх цаг үеийн урлагийн сор бүтээлүүдээс эхлээд сонгодог уран зохиол, философи, сэтгэл судлал, түүх, улстөр, математик, эдийн засаг. Толстой, Достоевский, Чехов, Гоголь, Шолохов, Сервантес… Тэр бүгдээ үзүүлээд “Энэ бол ёстой жинхэнэ ном байхгүй юу, за юу” гэнэ. Сонгодог зохиолчдоос сэтгэх хэв маягаараа танд хэн нь илүү таалагддаг вэ гэхэд Толстой, Достоевскийг нэрлээд бас Чехов ямар гайхалтай гэж санана гэж дуу алдав. Гол нь амттайхан сонголт, хүн төрөлхтний соёл иргэншлийн, оюун ухааны гол гол баримтууд эдний номын санд нэгэн амттайхан бөгөөд соньхон сан хөмрөгийг бий болгожээ. “Афоризмын алтан цуглуулга” ч гэж байх шиг. Монгол, орос, англи хэл дээр байх юм. Сэтгэл судлалын ном бүтээлүүд хичнээн ч байна вэ. Эмоцийн фсихологи, орчин үеийн фсихологи … гээд явж өгөх юм. Англи, орос хэл дээр бүх цаг үеийн урлагийн сод бүтээл, шилдэг таван зуун зураг, Барууны мастеруудын бүтээлүүд, тэдгээрийн дотор аль тавин хэдэн онд хэвлэгдсэн номууд ч байна. Хөрш амьдарч байгаа хүү нь байн байн зарим номыг нь аваад гэртээ орчихдог бололтой нь ярианаас нь анзаарагдана.Нөгөө сэтгэл зүйн номуудыг хараад асуулаа л даа. “Та шашин хэр шүтдэг вэ” гэж. Шүтдэггүй, харин судалдаг гэнэ. Тэртээх нэгэн өдөр нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар мань эрийг манай улсад Элчин сайдаар сууж байсан Бакула Рембүүчи дээр дагуулж очжээ. Элчин сайд, Рембүүчи юу гэж хэлсэн гэж бодно. “Та шашинд орохгүй хүн юм байна. Та харин шашныг сайн судлаарай. Тэгэхдээ манай шашныг хүндэтгэж яваарай” гэж хэлсэн байгаа юм.

Түүний ажлын өрөөнд ормогц сод эрдэмтэн Коперникийн хэвлэмэл хөрөг зураг өөдөөс ширтэнэ. Профессор хүүхэд ахуйдаа математикийн улсын наймдугаар олимпиадад түрүүлээд мянга есөн зуун далан хоёр онд Польшийн Торун хотод болсон олон улсын математикийн арван гуравдугаар олимпиадад оролцжээ. Торун нь Коперникийн төрсөн нутаг.Үүнийг бас хувь заяаны тохиол гэж бодож бэлгэшээж явдаг гэнэ.Тэгээд хэлэхдээ “Коперник бол оюуны чадавхиар тийм ч аварга хүн бас биш. Гагцхүү хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрээрээ, Коперник бол дэлхийг хөдөлгөж нарыг зогсоосон хүн. Агуу байгаа биз. Коперникоос өмнө дэлхий зогсч нар хөдөлж байдаг байж л дээ. Ийм л гавьяатай хүн” гэсэн товчхон түүх сөхсөн.

ДАРХАН БЭРИЙН ӨРГӨМЖЛӨЛД ГЭРГИЙ НЬ ИХЭД БАЯРЛАЖ, НУЛИМС УНАГАЖЭЭ

Номын өрөөнөөс нь гарч хоёрдугаар давхарт гэргий Цогзолмаатай нь жаал яриа дэлгэв. Тэрбээр аравдугаар ангид байхдаа нөхөртэйгөө танилцсанаа ярьсан юм. Ёстой л ээжийнх нь өврөөс босгож ирж танилцсан тухайгаа түрүүнд нь Дэмбэрэл гуай өөрөө ярьсан юм.Хөвгүүдээ өсгөж байсанүеэ амьдралынхаа нэгэнжаргалтай үе гэж байв. “Тэрсхэн болохоор бужигнуулж өгнө, бүтэн хөлтэй сандал гэж байхгүй байдаг байлаа. Тэрсхэн дөрвөн хүүхэд өсгөнө гэдэг их л завгүй байдаг юм. Одоо бодоход их сайхан байжээ. Ээж бол хүүхдүүдээ эрүүл л бойжуулах нь чухал. Тэгсэн байхад бусад нь аяндаа болно. Сурах тал дээр бол аав нь их анхаардаг байсан” гэсэн яриа болов. Хүүхдүүд нь дөрвөн настайгаасаа цагаан толгойн үсгээ сурчихсан гэнэ. Ойр ойрхон зайтай хөвгүүд үймүүлээд байхаар нь цагаан толгой заагаад өгчихсөн гэнэ.Ингэж гурван том нь дөрөвтэйдөө цагаан толгойгоо сурсан байна. Цогзолмаа гуай телевизийн инженер. Радио телевизэд арван долоон жил ажиллажээ. Нөхөр нь Хан-Уул дээд сургуулиа байгуулахад ньтуслахаар ажлаасаа гарч, сургуульдаа юм юм л хийсэн гэнэ. Дэмбэрэл гуайн ах дүүс түүнийг хүндэтгэн дархан бэрийн өргөмжлөл дурсгасан нь нүднээ содон тусна. Түүн дээр “Пүрэв овогтой Цогзолмаа танд

Амраг журамд ээл зааж

Сэтгэлийн гэгээнд Туяарсан бүсгүй минь

Итгэлийн галыг бадраасан бэр минь

Уньт гэрийн галын бурхан

Ураг худдаа эрхэм түшиг

Ухаант дөрвөн үрсээрээ

Удам хойчийг минь дархлаач

Даруухан монгол бүсгүй таныг

Дархан бэрээр хүндэтгэн өргөмжлөв” гэжээ. “Энэ бол дээд зэргийн хүндэтгэл шүү дээ. Ингэж хүндэтгэлтэй хандахад надад их сайхан санагдсан шүү. Нулимс унагаж байсан” гэж энэ өргөмжлөлийг хүлээж авахдаа төрсөн сэтгэгдлээ тэрбээр хуваалцсан юм. Дээр цухас дурсаад өнгөрсөн сургуулийн тухайд, эдний байгуулж буй оюуны гоц чадвартай хүүхдүүдийн сургууль нь жил гаруй хоёр жил орчмын дараа ашиглалтад орох юм байна. Энд хичээлийн байр, сурагчдын дотуур байр, багш нарын орон сууц гэхчлэн багш, сурагчдын сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг хангасан нэгэн том хотхон босох нь. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас баталсан боловсролын шинэчлэлийн цөм хөтөлбөр энд л жинхэнэ утгаараа хэрэгжих нь ээ. Үдэд очсон бид үдэш арван есөн цагийн алдад оройн зоог бариад, ном бүтээхүйн зохист газар Шадивлан, гэр бүлийн аз жаргал, баяр баясгалан дүүрэн, оюуны их өргөө Ц.Дэмбэрэл гуайнхаас хотын төв рүү хөдөллөө.

Н.ПАГМА

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганхуяг: “Нэхмэлийн шар” байрны иргэд эцсийн шийдвэрийг гаргана

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай ярилцлаа.

-Танай дүүргийн “Нэхмэлийн шар” гэж нэрлэгдэх байруудыг дахин төлөвлөж барилга барихад төр, иргэдийн хооронд нэлээд маргаан үүсээд байна. Асуудал юунаас эхлэлтэй вэ?

-Нэхмэлийн шарын байрыг дахин төлөвлөн барилгажуулах асуудал наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хороог байгуулснаар эхэлсэн юм. Түүнээс өмнө буюу энэ оны зургадугаар сард нийслэлээс “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны байрыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг өнгөрөгч зургадугаар сард Нийслэлийн иргэдийн хурлаар баталсан юм. Тэр журмын дагуу Нэхмэлийн гэж нэрлэдэг манай дүүргийн II болон III хорооны нутаг дахь 20 байрыг дахин төлөвлөж барилгажуулах компанийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан нь тэр юм. Тус хороог Засаг дарга миний бие ахалж байгаа.

Дээрх журамд тухайн санал ирүүлж буй байгууллага ямар, ямар шаардлага хангасан байх талаар ч заасан байгаа. Тухайлбал, журмын 6.4-д санал ирүүлэх барилгын компани нь барилгажилтын төсөл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын туршлага, санхүүгийн техникийн чадавхи гээд таван зүйлийг бичиг баримтын төсөлдөө хавсарган оруулж ирэх ёстойг заасан.

Журмын дагуу Хотын ерөнхий төлөвлөгөөний газар сонгон шалгаруулалтаа зарласан.

-Журмын дагуу атал иргэд яагаад бухимдаад байгаа юм бэ?

-Сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо бус Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас явуулсан.

Уг нь Үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд шинээр барих барилгад хичнээн хүн амьдрах, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж нь ямар байх гээд ерөнхий мэдээллээ сонссон. Гэтэл энэ үед Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсээс “Сонгон шалгаруулалтаа зарлачихсан. Материалуудаа хүлээж аваад эхэлчихсэн шүү” гэсэн. Угтаа бол Үнэлгээний хороо хуралдаж, нөхцөл, шаардлагаа тавьсны дараа сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан юм.

Манай Үнэлгээний хорооны хувьд ерөнхий шаардлагуудаа нарийвчилсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Ямар ч ажлыг хийх гэж байгаа хүмүүст шаардлага тавьдаг шүү дээ. Хамгийн багадаа тийм туршлагатай, санхүүгийн чадавхитай, техникийн болон хүний нөөц ийм байх ёстой гэх мэт. Гэтэл эдгээр шаардлага огт тавигдалгүйгээр зарлагдчихсан юм. Үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй л дээ. Нэг хоногийн ч өмнө болохноо муу байрнаасаа салаад авъя гэсэн иргэдийн зөв. Нөгөө талаас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч журмынхаа дагуу зарласан нь зөв. Үнэлгээний хороо бас шаардлагаа тавихгүй бол болохгүй нь ээ гэдэг нь ч зөв. Ингэж гурван талаасаа нэгдэж байж иргэдийн эрх ашиг хамгаалагдах ёстой юм. Энэ ажлын хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр иргэд маань ямар ч асуудалгүйгээр орон сууцтай болох л асуудал.

-Тэгээд тэр зарлагдсан сонгон шалгаруулалтад хоёр компани шалгарчихсан байгаа юм уу?

-Ямар ч компани шалгараагүй. Компаниудын ирүүлсэн санал лацтайгаа Ерөнхий төлөвлөгөөний газарт байгаа. Уг сонгон шалгаруулалтыг манай Үнэлгээний хорооны шаардлагыг тусгаагүй учир алдаатай байна гэж үзээд дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон.

-Үнэлгээний хорооноос ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, техникийн талын үзүүлэлт буюу инженерингийн тооцоо судалгаа, ерөнхий төлөвлөгөөтэй холбогдсон болон газар орчны байдал, архитектур төлөвлөлт гэх мэтийг харгалзах ёстой гэж байгаа. Нөгөө талаас чадварын үзүүлэлт буюу гүйцэтгэгч байгууллагын чадавхийн асуудал байгаа юм.

Ер нь бол энэхүү дахин төлөвлөлтийн ажил нь барилга угсралтын болон зураг төслийн компани хоёр нийлж байж хийх ажил. Тиймээс чадавхийн тухай асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Тухайлбал, найман байшин буулгаад дахин барилга барих гэж байгаа компани санхүүгийн хувьд чадавхитай, мөнгө босгох чадвартай, техникийн нөөц бололцоо нь сайн байх ёстой гэх мэтчилэн шаардлагыг тавьж байгаа юм. Хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэл учраад тухайн байгууллага барьж чадахгүйд хүрвэл иргэдэд ямар баталгаа гаргаж өгөх вэ. Муугаар бодоод барьж чадахгүй болбол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Ийм эрсдлүүдийг хааж байж Үнэлгээний хороо үнэлгээгээ зарлах ёстой байсан гэдэг шаардлагыг тавьж сонгон шалгаруулалтын ажлыг зогсоосон юм.

-Гэхдээ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь таныг ашиг сонирхлын зөрчилтэй байснаас үүдэлтэй гэж иргэд хэлж байгаа?

-Энэ бүхний цаана иргэдийн эрх ашгийг хамгаалах, ямар нэг эрсдэлгүйгээр орон сууцанд нь оруулах зүйл яригдаж байгаа юм шүү дээ. Ийм зүйлийг ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй, хамаатныхаа, базынхаа, эсвэл хувьцаа эзэмшдэг компаниа оруулах гэж байна гэх мэтээр арай өөр өнцгөөс ярьж эхэлсэн л дээ. Тэр дагуу намайг иргэд АТГ-т өгч шалгуулсан. Хариу нь өнгөрөгч долоо хоногт гарсан. Мэдээж ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон.

Намайг шалгуулсан нь иргэдийн зөв. Тэд хардах эрхтэй. Магадгүй Ганхуяг хамаатнаа оруулсан ч байж болох шүү дээ. Гэхдээ одоо нэгэнт хуулийн байгууллага нь шалгаад түүнийг тогтоочихлоо.

-Тэгвэл энэ бүх маргааны зангилаа нь дээр хэлсэн журам болж таарч байна уу?

-Журамд учир дутагдал байна гэж харж байгаа. Тиймээс сайжруулах тухай цаашид ярина. Гэхдээ нэгэнт зарлаад авчихсан зүйлээ үнэлэх үү, үгүй юу гэдэг нь асуудал болоод байна.

-Тэгвэл хэзээ өөрчлөлт оруулах вэ. Иргэд журамдаа өөрчлөлт оруулахыг илүүтэйгээр хүсч байгаа нь өнгөрөгч долоо хоногт Э.Бат-Үүл даргаар ахлуулсан удирдлагуудтай хийсэн уулзалтаас анзаарагдаж байсан?

-2014 оны зургадугаар сард журам батлагдсан. Миний зүгээс ч өөрчлөлт оруулах тухай санал тавьж байгаа. Үнэлгээний хорооны эрх, үүргийг тодорхой болгох гэх мэтээр нарийвчилсан заалтуудыг оруулах шаардлагатай байгаа юм.

Журамд өөрчлөлт оруулах тухай асуудал нь Иргэдийн хурлаар орж байж шийдэгдэнэ. Тиймээс энэ удаагийн “Нэхмэлийн шар” гэгдэх байрнуудын тухайд одоогийн мөрдөж байгаа журмын дагуу л дахин төлөвлөлт нь явагдах болов уу. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо журмын өөрчлөлтийг хүлээхгүй. Өөрчлөлтийг хүлээлээ ч гэсэн журам нэгэнт буцаж үйлчлэхгүй тул одоо хүчин төгөлдөр байгаа журмаараа л явна гэсэн үг. Харин Үнэлгээний хороо аль болох чанартай гүйцэтгэж чадах боломжийн компанийг иргэдэд шалгаруулж өгөхийн тулд чадлаараа ажиллана. Иргэд ч үүнд давхар хяналт тавих ёстой. Компани танилцуулгаа хийхэд үнэхээр өөрийнх нь шаардлагад нийцэж байгаа эсэх талаар сайтар судлах ёстой. Тэгээгүй тохиолдолд татгалзах эрхтэй. Яагаад гэвэл энэ бол бүх насаар нь өөрт байх өмч хөрөнгийн асуудал тул хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү дээ.

-Тэгвэл таны зүгээс журмын өөрчлөлтийг ИТХ-д яаралтай оруулж ирэх үүрэг ногдож байна?

-Бид журмын өөрчлөлтийг оруулахын төлөө ажиллана. Гэхдээ энэ удаагийнх нь хуучин журмаараа л явахыг дээр хэлсэн. Тиймээс журмын өөрчлөлт нь дараа дараагийн барилгын дахин төлөвлөлтийг хийхэд л нөлөөлнө. Манай дүүргийн хувьд хамгийн эхний барилга тул энэ удаа учир дутагдал байгааг үгүйсгэхгүй.

-Хамгийн эцсийн хариуцлагыг иргэд хүлээнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн байдлаар орон сууцгүй хоцорлоо гэхэд Үнэлгээний хороо буюу төр ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?

-Тийм. Үнэлгээний хороо эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм биш. Үнэлгээний хороо нь тухайн компанийг иргэдтэй гэрээ хийх эрхийг л өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо дүгнэлтээ гаргаад Нийслэлийн Засаг даргад танилцуулна. Засаг дарга үүнийг болж байна гэж үзвэл батламж гардуулна. Ингэснээр тухайн компани иргэдэд танилцуулгаа хийх эрхээ авлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдтэй гэрээ хийнэ. Танай байрыг тэгнэ, ийм болгон гэх мэтээр. Тэгэхээр эцсийн шийдвэрийг өмчлөгч иргэд гаргана. Тиймээс Үнэлгээний хорооны санал болгосон компани иргэдэд таалагдахгүй ч байж болно. Харин иргэдийн олонхи татгалзаад эхэлбэл дахин сонгон шалгаруулалт явуулна.

Өөрөөр хэлбэл, барилга барьж өгөх чадамжтай компани эсэхийг Үнэлгээний хороо буюу төр иргэддээ сонгож өгөөд иргэд өөрсдөө эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм. Тиймээс ямар нэгэн байдлаар асуудал үүсвэл иргэд өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Энэ бүхэн нь энэ ажил иргэн хүн хувийн компани хоёр гэрээ хийж байгаа асуудал бөгөөд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлээр зохицуулагдан явж байгаа. Мөн Барилгын тухай болон Орон сууцны тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа.

-Одоо тэгвэл Үнэлгээний хороо хэзээ хуралдах вэ. Одоогийн байдлаар хичнээн компанийн санал ирээд байгаа вэ?

-Өнгөрөгч пүрэв гаригт Үнэлгээний хороо хуралдсан. Журамд зааснаар үнэлгээний хорооны бүх гишүүд дүгнэлт дээр гарын үсэг зурах ёстой юм. Гэтэл зарим нэг гишүүд маань өвчтэй, томилолттой таарсан. Тиймээс бүх гишүүдийгээ байхад гарын үсгийг нь авъя гээд энэ сарын 21-нд Үнэлгээний хороо дахин хуралдахаар болсон. Өөрөөр хэлбэл, тэр өдөр бид үнэлгээгээ хийнэ гэсэн үг. Урьдчилсан мэдээллээр найман санал ирээд байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Хэрэв улстөрч болъё гэж бодож байгаа бол унаж болно. Буцаж болохгүй

Монгол Улсын Ерөнхий­лөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрөгч баасан гаригт (2014.11.14) UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөрт оролцож байгаа залуустай уулзан, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.

Ерөнхийлөгч: -“Улс төрд шинэ манлайлагч” гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөр улс төрд шинэ соёл авч ирээсэй гэж бодож байна. Монголд өнөөдөр улс төр асуудал болчихоод байна. Ийм нөхцөлд шинэ үе маань яаж өмнөх үеийнхний алдааг давтахгүй явах вэ. Хүмүүс заавал улс төрд орж байж суралцах уу гэсэн асуудал гарч байна. Монголд хэрэгжүүлж болох сайн санаа байвал би боломжийн хэрээр дэмжих ёстой гэж боддог. Тэр утгаараа би энэ хөтөлбөрийг зөв зүйл гэж үзэж байгаа. Би та бүхний санаа бодлыг сонсъё. Та бүхэн сонирхсон асуудлаа чөлөөтэй асууж болно.

Оролцогч:- Улс төрд манлайлагч болох залуус хэрхэн яаж улс төрийн салбарт орж ажиллах боломжтой вэ?

Ерөнхийлөгч: – Та бүхэн үг дааж сурах хэрэгтэй. Шүүмжлэл байх тусмаа сайн. Хүмүүс янз бүрээр ярьж үнэлэлт дүгнэлт өгч болно. Улс төрийн салбар, улс төрийн амьдрал өөрөө маш хэцүү. Хүний холгосон хөлийг заавал олж гишгэж байдаг. Түүнээс тойрох аргагүй тийм л зүйл. Та нар бол өнөөдөр улс төрд ороод ирсэн, жинхэнэ улс төрд явж байгаа хүмүүс биш. Эндээс алдах зүйл байхгүй. Хүмүүс хөтөлбөрийг үзээд сонирхохгүй бол цаашаа яваад л өгнө. Та нар буруу зөрүү шийдвэр гаргалаа гээд ард түмэнд хор болохгүй. Хохирол учрахгүй. Харин хүн үзээд сонирхох юм бол ард иргэдийг улс төрийн боловсролд сургаж байгаа сайн хэлбэр болох юм.

Би улс төрд яаж орох талаар та бүхэнд зөвлөгөө өгөхгүй. Энэ бол хүний өөрийн сонголтын асуудал. Заавал улс төрд манлайлагч байх биш, гэрт ч, ер нь газар бүхэнд манлайлагч байдаг. Гэртээ сайн аав, ээж, ах, эгч байна гэдэг бол манлайлагч гэсэн үг. Манлайлагч гэдэг бол заавал улс төрийн салбарын асуудал биш юм. Гэхдээ өнөөдөр улс төр асуудал болчихсон учраас үүнийг яаж шийдэх вэ гэж ярьж байгаа хэлбэр нь зөв юм.

Оролцогч:- Хэрэв та бидэн шиг залуу байгаад ийм төсөл зарлагдсан бол оролцох байсан уу. Ямар шийдэл дэвшүүлж орох байсан бэ?

Ерөнхийлөгч: -Энэ бол өнөөдрийн залууст гарч байгаа боломж юм. Намайг улс төр, олон нийтийн амьдрал руу орж байхад ийм боломж байгаагүй. Та бүхэн азтай байна. Энэ төсөл, үйл ажиллагаа цаашаа явах, эсэх нь та нараас шалтгаална. Улс төрд муу, сайн янз бүрийн л зүйл бий. Үг дааж сурах хэрэгтэй. Үг даахгүй бол та нар уул даахгүй. Та нар бол уул өргөнө. Монголын төлөө зүтгэнэ гэж орж ирсэн шүү дээ. Үг даагаад, суралцаад явах юм бол та нарын хажууд өөрсдийн чинь толь байгаа. Хэнийг дуурайвал буруу вэ, хэний арга барил зөв байна гэдгийг харж болно.

Улс төрийн шинэ соёл гэхээр миний хувьд бүтээлч сэтгэхүйтэй залуус байгаасай гэж бодож байна. Одоо манайд асуудал шийдүүлэх гэхээр яаж энэ асуудлыг унагах вэ гэсэн сэтгэхүй давамгай болчихоод байна. Ийм улс төр Монголд ерөөсөө хэрэггүй. Үүнийг зогсоох шаардлагатай. Шийдэл авч ирдэг улс төр байх ёстой.Цаашлаад хэлбэл ийм баг байх ёстой. Өнөөдрийн муу улс төрийг та нар хуулж болохгүй.Өнөөдрийн гарсан нам өмнөх намынхаа хуулбар болоод байна. Тэгэхээр шүүмжилдэг байсан зүйлээ л хуулаад явж байна гэсэн үг. Үүнийг та нар хуулалгүй өөрчлөлт авчрах шаардлагатай.

Оролцогч: -Сайн улстөрч болохын тулд яах ёстой вэ?

Ерөнхийлөгч: -Улс төрд орох хүн эхлээд өөрийгөө таних ёстой. Монголыг өөрчилье гэвэл эхлээд өөрийгөө өөрчлөх ёстой. Өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөх нь хамгийн хэцүү байж магадгүй. Тэгээд Монголоо таних хэрэгтэй. Ойр орчноо, хөршөө, дэлхийг мэдэх хэрэгтэй. Энэ бүхнийг өргөн хараагаар харж чаддаг, юмыг олон түвшинд, нэг өнгөөр биш харж чаддаг байх ёстой. Үр дагаврыг нь харж чаддаг байх ёстой.

Оролцогч: -Намайг энэ төсөлд оролцоход гол нөлөөлсөн хүн бол та. Та яагаад улстөрч болох замыг сонгосон бэ. Улстөрч болоход юу хамгийн чухал нөлөө үзүүлсэн бэ?

Ерөнхийлөгч: -Би улс төр, олон нийтийн амьдрал руу ороод 25 жил болж байна. Тэр үед нэг ийм танхимд Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн болж, тэр орой нь төлөөлөгч залуучууд цуглараад ярилцсан. Тэгэхэд би цэрэг хувцастай, дэслэгч цолтой босоод “Энэ нийгэмд хариуцлага алга. Хариуцлага тооцдог болъё. Би сэтгүүлч хүн. Хариуцлагын чиглэлээр сонин гаргая. Ингэж ажиллахгүй бол болохгүй юм байна” гэж хэлж байсан. Өнөөдрийнхтэй их төстэй сонсогдож байгаа биз. Өнөөдөр ч би яг тэр байр суурин дээрээ байгаа. Монголыг ардчилалтай орон гэж хэлж болно.

Хариуцлагатай орон гэж хэлэхэд хэцүү байна. Монгол мөнгөгүйдээ биш, хариуцлагагүйдээ л ажил цаашаа явахгүй байгаа юм. Монголд ардчилал хангалттай байж магадгүй. Хариуцлагатай болох хэрэгтэй. Үүний төлөө явах ёстой. Өвлийн хүйтэнд, хөр цасан дээр анх бид улс төрд хөлд орж байсан. Яг ард түмэнтэйгаа адилхан, энгийн найз нөхөдтэйгөө адилхан алдаж оноод л өдийг хүрсэн. Түүнээс биш улс төрд шинэ процедур байхгүй. Ном сонсоод, юм уншаад байхад улс төр их энгийн, хялбар юм шиг харагддаг. Яг амьдрал дээр бүх юм маш их бодитой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Оролцогч: -Таны амьдралын түүх тэр чигээрээ ардчиллын түүх байдаг. 25 жилийн өмнө таны санаж хүсч байсан нийгэм бий болж чадсан уу. Чадаагүй бол яагаад.Чадсан бол залуучууд бид юу хийх вэ, ямар ардчиллыг бүтээх вэ?

Ерөнхийлөгч: -Ардчилал бол хийгээд дуусчихдаг зүйл биш. Миний үеийнхэн Монгол Улсыг ингэж өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх арга зам нь ардчилал байх юм байна. Хүний эрх, эрх чөлөө байх юм байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр юм байна. Малчид малаа хувьчилж авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ардчилал гэдэг нь үйл явц болохоос биш очоод зогсдог зогсоол биш. Ардчилал гэдэг амьдралтай л адилхан. Хар, цагаан нь ил, нүдэн дээр байж байдаг маш хэцүү тогтолцоо. Эрх чөлөө бол амар тогтолцоо биш. Гэхдээ үүгээр явсан нь дээр. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь сонголт байсан. Бид үе үедээ асуудлаа шийдээд, юмаа бүтээгээд явах ёстой юм. Миний өмнө байсан бүх үе бидний төлөө, миний төлөө амьдарсан. Одоо та бүхэн өмнөх үеийнхний хийж байсан тэр зүйлийг сайжруулаад, сайныг нь авч, мууг нь засаад явах хэрэгтэй. Ардчилал бол хийгээд дуусчихдаг, миний хүсч байсан зүйл биш болчихлоо гэдэг тийм зүйл ерөөсөө биш.

Оролцогч: -Та Монголын улс төрийн намуудад хандаж юу хэлэх вэ?

Ерөнхийлөгч: -Өнөөдөр улс төрийн намуудын байж байгаа байдал үнэхээр хэний ч сэтгэлд хүрэхгүй байна. Монголд асуудал шийдэж байгаа арга хэлбэр улам жижгэрээд л байна. Монгол Улс маань намуудад хуваагдаж байна. Намууд дотроо фракц, бүлэглэлүүдэд хуваагдаж байна. Бүлэглэл нь доошоо яваад түүнийг даргалдаг даргад хуваагдаж байна. Уг нь энэ эсрэгээрээ байх ёстой. Юм томоор явах ёстой. Тэр удирдаж байгаа хүн улс орныхоо төлөө зүтгэдэг, тэгэхэд нь нам, хамт олон нь түшдэг ийм л байх ёстой. Гэтэл яг үнэндээ улс төрийн нам хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг хэрэгсэл болоод хувирчихсан байна. Эрх барьж байгаа бүлэглэлийн хувийн эрх ашгийг гүйцэлдүүлдэг хэрэгсэл болсон байна. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй. Намын ийм байдлыг цааш үргэлжлүүлж болохгүй. Зогсоох ёстой.

Улс төрийн намыг яаж өөрчлөх вэ, яаж зөв болгох вэ гэдэг дээр хамтраад хууль санаачлаад оруулах шаардлагатай. Би улстөрчдийг, УИХ-ын гишүүдийг хараад байгаа юм. Тэр хууль нэг сайн явж өгөхгүй юм шиг харагдаад байгаа. Тиймээс бид өнөөгийн улс төрийн намуудын тоглоомын дүрэм, энэ явж ирсэн байдлыг бүрэн өөрчлөх хэрэгтэй.

Оролцогч: -Өнөөдөр Монгол Улсад хамгийн түрүүнд хийх шаардлагатай ямар ажил байна вэ?

Ерөнхийлөгч: -Үүнийг гурав хуваавал зүгээр байх гэж би боддог. Төрийн түвшинд хийх нэн шаардлагатай ажлууд байгаа. Үүн дээр нэлээд анхаарч ажиллая гэж би хувьдаа бодож байгаа.

Шилэн дансны хууль гэж гарсан. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ард иргэд, энэ улстөрчид миний мөнгийг яаж зарцуулж байна гэдгийг илүү сонирхдог. Эрх мэдэлтнүүд хэдэн төгрөг хаана зарцуулсан гэдэг нь бүгд веб сайт юм уу, зориулалтын самбар дээр ил тод мэдээлэгдэж байх ёстой. Үүнд ард иргэд хяналт тавиад эхэлбэл авлигаас эхлээд их олон муу зүйл алга болж эхэлнэ.

Сонсголын тухай хуулийг бас өргөн бариад байгаа. Бид үнэндээ ардчиллыг хэлбэрийн хувьд авчихаад амьсгалыг нь, тэр дотор нь байдаг бүтцийг нь аваагүй. УИХ дээр төсвийн тухай сонсгол явж байх ёстой. Томилгооны тухай сонсгол явж байх ёстой. Аймгийн ИТХ дээр тэр асуудлууд бас явж байх ёстой. Байгаль орчны тухай, Засаг даргын гаргасан шийдвэрийн тухай асуудлыг сумын Хурал нь сонсголоороо шийддэг байх ёстой. Ингэвэл ардчилал өөрөө амилж эхэлж байгаа юм. Ардчилал өөрөө амьтай, хариуцлагатай болно.

Би бас Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг оруулах гээд Засгийн газраас санал аваад байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүн, бүх түвшинд улс төрийн албан тушаалтантай тооцдог хариуцлагыг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэг хүн албан тушаалаас салах, явах гэхэд улс оронд бөөн хямрал болох шахуу юм болж байна шүү дээ. Ямар юм хийвэл чи өөрөө ёс зүйн, улс төрийн хариуцлага хүлээгээд явж байх ёстой юм. Ямар юм хийвэл чи хууль, хяналтын байгууллагад шилжих ёстой юм бэ. Яавал УИХ-ын гишүүнийг эргүүлж татаж болох юм. Яасан үед Ерөнхийлөгчтэй, УИХ-ын гишүүнтэй, Засаг даргатай, ИТХ-ын төлөөлөгчтэй ямар хариуцлага тооцож болох вэ. Манайхан сонгууль болгоны өмнө хариуцлага, шударга ёс яриад явдаг. Одоо түүнийг биетээр нь үзэх хэрэгтэй. Нэрийг нь хэлээд явдаг байсан бол одоо биеийг нь харуулах цаг ирсэн.

Төрийн албаны хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн намуудын хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Захиргааны ерөнхий хуультай болно. Манайх Захиргааны ерөнхий хуульгүй шүү дээ. Төрийн захиргааны байгууллага ямар стандарттай байх юм. Захиргаанаас гарч байгаа шийдвэрүүд яаж хадгалагдах юм. Тэр нь байхгүй, албан тушаалтнуудын дур зоргын асуудал болж ирсэн. Захиргааны шүүхтэй болсон ч энэ хуулийг нь гаргаж өгөөгүй байсан. Засгийн газар, төрийн захиргаа хамгийн их дургүйцдэг хууль. Би энэ хуулийг өргөн барихаар бүх нөхцөлийг судлаад оруулж байгаа. Шүүх эрх мэдэл тойрсон маш их хууль байна. Шүүхийн холбогдолтой 6-7 хууль баталсан ч Гэмт хэргийн тухай буюу Эрүүгийн хуулиа, Хариуцлагын тухай хуулиа бид өөрчилж чадаагүй л байна. Хүн барьж хэрэг хүлээлгэдэг хэвээрээ л байна. Бид шүүгчдийн барьдаг номыг нь өөрчилж байж л үүнийг өөрчлөхөөс өөр ямар ч арга байхгүй. Ингээд бодоход өнөөдөр УИХ ямар их ажилтай байж болохоор байна вэ.

Нөгөө талаас эдийн засгийн түвшинд өнөө маргаашгүй авч хэрэгжүүлмээр ажлууд байна. Оюутолгой, Тавантолгойтой холбоотой асуудлыг маш хурдан шийдэх хэрэгтэй. Тавантолгой төрийн өмчлөлөөр цаашаа явахгүй, хувийн өмчлөлд өгөх хэрэгтэй. Хувийнхан нүүрсээ ухаад, аваад, ачаад, төр татвараа аваад явдаг хэлбэр рүүгээ хурдан ормоор байна. Оюутолгойн гүний уурхайн хоёр дахь төслийг маш хурдтай явуулах хэрэгтэй. Цахилгаан станц барих гэхээр цахилгааны үнэ ашигтай биш учраас мэргэжлийн хүмүүсийн хэлээд байгаа тэр цахилгааны үнийг хаана нь яаж нэмэхээ шийдэх хэрэгтэй. Өнөөдөр ийм хүнд асуудлыг шийдэх гэж байгаа юм. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр цугласан хэдэн төгрөгийг хэн ч, хаана ч хуваарилж цацаж чадна. Энэ асуудлыг эдийн засагт шийдэх хэрэгтэй. Өөрсдөө шатахуунаа, хийгээ гаргадаг болъё.

Газраа эргэлтэд оруулмаар байна. Газрыг гадаадын хүнд өмчлүүлдэг, түрээслүүлдгийг бүрэн март. Ерөөсөө Монгол Улсын гурван сая иргэн газар гэдэг баялгаа яаж ашиглах юм. Иргэндээ л баялаг болгож өгье л дөө. Сонгуулийн үеэр л газрын тухай баахан ярьдаг. Иргэндээ өгөх болохоороо ярьдаггүй. Энэ хэцүү асуудал. Гэхдээ төрөөс зааж өгсөн энэ газрыг чи өмчлөх эрхтэй. Ийм зүйлд ашиглах эрхтэй. Үүнийг зөрчвөл төр буцаагаад газраа хурааж авна. Ингээд иргэндээ өгчихвөл асар их баялаг эргэлтэд орох гэж байна.

Нийгмийн даатгалын өр гэж нэг их наяд төгрөг байдаг. Одоо бараг хоёр их наяд төгрөг ч болох гэж байна уу. Үүнийг мөнгөжүүлээд төлсөн хүмүүсийнх нь нэр дээр төлсөн хэмжээгээр нь бичилт хийгээд, эргүүлээд өрийг баялаг болгох боломж байна. Үүнийг хийж чадахгүй суугаад байна. Ийм том асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Өрийн удирдлага гэж байна. Өр 40 хувьд хүрчихсэн. Илүү байж болохгүй гээд таазандаа тулчихсан. Засгийн газар цаашаа алхаж юм хийх гэхээр юу ч хийж болдоггүй. Хэдэн төгрөг зээлж оруулж ирээд хэлж ярьсаар байтал хариуцлагагүй зарцуулсан тохиолдол байгаа. Уг нь бид оруулж ирсэн бондынхоо нэг ам.долларын цаана хоёр ам.доллар босгох ийм ажил хийх хэрэгтэй байсан.

Монгол капиталист эдийн засагтай, социалист эрүүл мэндийн салбартай. Өнөөдөр Монголд хамгийн муу байгаа салбар бол эрүүл мэнд. Нийтийн хоолны салбарыг эрүүл мэндийн салбар шиг авч явсан бол монголчууд гадагшаа гарч хоол идэх байсан байх. Гэтэл энд хувь орж ирээд хичнээн олон янзын гуанз, ресторан, хичнээн олон боломжийг ард түмэн бий болгож чадав. Эрүүл мэндийн салбарт нийтийн хоолных шиг боломжийг оруулж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх хүн Эрүүл мэндийн шинэ сайдаар томилогдох ёстой.

Төрийн хүрээнд, хуулийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд гээд яривал маш их юм ярихаар байна. Бизнесийн моргейжийн системийг бүх дэлхийд хэрэгжүүлээд байгаа. Түүнийг Монголд хамгийн түрүүнд оруулж ирэх хэрэгтэй. Нэг бизнес эхлэх гэдэг. Олсон хэдэн төгрөгөө түрээсийнхээ мөнгөнд өгөөд шатаад л эргээд эргэлтгүй хөрөнгөгүй суудаг. Т эр боломжийг бизнесийн моргейжоор нөхөх бүрэн боломжтой. Эдийн засаг ярьж байгаа бол хөрөнгийн биржээ хурдан эргэлтэд оруулмаар байна. Дэлхийн стандартад хурдан оруулах хэрэгтэй. Өнөөдөр дэрэн дороо юм уу, банкинд хадгалахаар мөнгөний ханш унаад байна шүү дээ. Тэрний оронд Монголд сайн явж байгаа төслүүд рүүгээ Хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулалт хийгээд, тэндээсээ хувь аваад явах эрхийг Монголын ард түмэнд нээж өгөх хэрэгтэй. Үүнийг нээхэд зарим хүндрэл гарч магадгүй. Үүнийг хийж чаддаг Засгийн газар, ийм ажлууд руу орж чаддаг хүн л хэрэгтэй байна.

Оролцогч: -Дараагийн асуулт олон улсын харилцааны тухай. Үүн дээр алт, зэс, байгалийн баялгуудаа борлуулах боломжууд гэсэн асуудал гарч ирж байна. Бидний дараагийн онцлох асуудал юу байх вэ?

Ерөнхийлөгч: -Боломжууд бидэнд бий. Хийн хоолой биднийг тойроод явчихлаа. Дараа нь ч Монголоор дайрч явах хийн хоолойн тухай ярьж болно. ОХУ-ын ард түмэн, удирдлагуудын гаргаж байгаа шийдвэрийг бид буруу гэж хэлэхгүй шүү дээ. Өөрийнхөө хот тосгодоор дамжуулсаар яваад Хятадын хил хүргээд л оруулж байгаа. Гуравдагч орноор орууллаа гэхэд дахиад Украйн шиг ийм зүйл болох вий гэж бүгд л санаа зовж байгаа. Энэ баталгааг бид гаргаж өгч чаддаг байх ёстой. Хийн хоолой манай нутгаар нэг км илүү явах нь ашигтай гэж харж байгаа шиг оросууд ч гэсэн өөрсдийнхөө нутгаар нэг км илүү явуулахыг бодно. Хятад руу явж байгаа хийн хоолойн зарим нэг шугам нь Монголоор дайрах юм бол илүү богинохон, зардал багатай очих боломжтой. Гэвч хийн хоолой барьж байгаа улсууд нь илүү өндөр үнээр барих юм бол тэр аж ахуйн нэгждээ очих ашиг нь өөр учир илүү өндөр үнэ гаргаж барих сонирхол аж ахуйн нэгжүүдэд байдаг. Тэгэхээр улстөр илүү амархан шийдэлтэй, хэлэнгүүт Монголоор ороод ирэх боломжтой байсан бол зөндөө олон хийн хоолой орж ирээд Монголыг хэрчихсэн л байх байсан.

Улстөр гэдэг, өнөөдрийн энэ явж байгаа бодлого тийм амархан шийдэлтэй биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний бодож байгаагаас хэцүү. Гэхдээ түүнийг шийдвэрлэхийн төлөө, ард иргэдийнхээ эрх ашгийг өмнө тавьж бодож чаддаг байх ёстой. Хоёр хөрштэйгөө ярьж чаддаг, хоёр хөршийнхөө удирдагчдыг авч ирээд гурван талаараа ярьж чаддаг болно гэдэг өнөөдөр Монголын амжилт.

Үүний араас манай Засгийн газар, ажлаа хариуцаж яваа хүмүүс энэ ярьж хэлж байгаа, улс төрийн хэмжээнд тохиролцоонд хүрчихсэн зүйлсийг ажил болгохын төлөө өдөр шөнөгүй л ажиллах ёстой.

Оролцогч: – Засгийн газар огцорчихоод байна.Та Засгийн газрыг бүрдүүлэх тал дээр ямар бодолтой байна вэ. Одоо­гийн ажиллаж байгаа сайдуу­даас үргэлжлүүлж ажиллах боломжтой сайн ажиллаж байгаа сайдууд байна уу?

Ерөнхийлөгч: -Би байнга хэлдэг. Засгийн газар огцрох, Ерөнхий сайд огцроход би дургүй. Ер нь ч хэрэггүй байдаг юм. Огцорч байгаа Ерөнхий сайд нь сайн хүн байгаа учраас огцруулж хэрэггүй гэж байгаа юм биш. Огцорсных нь дараа хор нь дийлддэггүй байхгүй юу. Түүнээс нь хамгаалах дархлаа, систем Монголын улстөрд тогтоогүй байгаа юм.

Бас нэг зүйл, манайхан ажил авахдаа их гоё авдаг. Хамгийн гол нь ажлаа өгч сурах хэрэгтэй. Би өндөр албан тушаалтнуудад хэлдэг. Чи ажил авч байхынхаа баяр, тэр үед хандаж хэлж байсан үг, талархлаа мартаж хэрэггүй. Хааяа санаж байх хэрэгтэй. Дээрээс нь ажлыг хэн ч авч чадна, бас ажлыг зөв өгч сурах хэрэгтэй. Үүнийг хууль журмаар зохицуулж өгөх шаардлагатай байгаа.

Миний харж байгаагаар үнэхээр хүнд нөхцөлд ажиллах Засгийн газар гарч ирнэ. Эдийн засаг, улс орны амьдрал хэцүү байгаа. Хямралыг удирдах Засгийн газар гарч ирнэ шүү дээ. Монголчууд хэрсүү. Хэцүү байна гэдгийг харж байгаа. Зарим хүмүүс “Авралын Засгийн газар” гэж байгаа. Энэ Засгийн газарт улстөр бодох ямар ч шаардлагагүй.

Би одоо гарч ирэх Ерөнхий сайдад хоёр шаардлага тавина. Чи 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй, чи дахиад намын дарга болно гэж бодох шаардлагагүй, улстөр бодох шаардлагагүй. Энэ нэг жил зургаан сард улс орноо л бодож ажилла. Ийм их ажил байна. Ийм хэцүү шийдлүүд байна. Оюутолгой дээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдээд явахад таван жил хараалгаж магадгүй. Арван жилийн дараа тэр шийдэл нь зөв болж ч магадгүй. Энэ Тавантолгой, тэр цахилгаан станц, саяын миний ярьдаг асуудлуудыг шийдээд явах хэрэгтэй.

Өнөөдөр чи нэг жил зургаан сар ажиллана. Дараа нь сонголт чинь тодорхой байх ёстой. Таван жил, арван жилийн дараа дахиад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тухай ярьж болно. Ерөнхий сайдаар сайн ажиллах юм бол 2016 онд намын жагсаалтад миний нэрийг оруулж өгөөрэй. Би улс төр бодохгүй, улс орноо л бодож зүтгэнэ. Тэгээд л боллоо.

Одоо УИХ, Засгийн газар дээр явж байгаа ажлыг та бүхэн хар даа. Ерөөсөө л дараачийн сонгуулиа, улстөрөө л бодсон ажил хийгээд байна шүү дээ. МАН асуудал тавиад Засгийн газрыг огцруулахдаа ийм үр дагавар гарна гэдгийг мэдээгүй хийсэн гэж бодож байна уу? Бүр тооцож хийж байгаа. Ардчилсан намынхан дотроо ингэж хагарна, Ерөнхий сайдаа гаргаж ирэхийн тулд ийм юм болно, ингэж хагараад нэр хүнд нь унах тусам бидэнд ашигтай гэж. Гэхдээ Монголд ашиггүй бол МАН-д уг нь ашиггүй л байх ёстой байхгүй юу. Тэгэхээр энэ бол Монголд ашиггүй шийдэл.

Нэгэнт шийдчихсэн учраас бид дараачийн Засгийн газраа яаж байгуулах вэ гэдгээ бодох ёстой. Монголын төлөө өөрийгөө золиослох тийм л Ерөнхий сайд гарч ирэх хэрэгтэй. Засгийн газрын гишүүдэд бас миний тавих шаардлага байгаа. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ёсгүй. Засгийн газар цэвэр мэргэжлийн, гаднаас, асуудал шийдэж чаддаг Засгийн газар болох ёстой. Нэг юмыг манайхан ойлгохгүй байгаа. Үндсэн хууль дээр маш тодорхой бичсэн байдаг юм. УИХ-д олонхи суудал авсан нам байхгүй бол олон суудалтай нам нь бусад намуудтайгаа зөвшилцөж гаргаж ирнэ гэж байгаа. Тэгээд Ерөнхийлөгч тэр хүнийг УИХ руу оруулж батлуулдаг. Засгийн газрын гишүүнийг намууд ярьдаггүй юм. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ руу оруулна гэж байдаг.

Одоо энэ намын товчоогоор оруулдгаа болих хэрэгтэй. Намын бүлгээр Засгийн газрын гишүүнийг ярих шаардлага байхгүй. Тэнд очиж фракцад хуваарилах хэрэггүй. Нөгөөдөх нь Засгийн сайд биш, фракцын төлөөлөл болж ажиллаж байна шүү дээ. Харагдаж байгаа биз дээ. Тэгж ажил унагаж байгаа. Тэр Үндэсний зөвлөлдөх хороо, намын бага хурал, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, намын бүлгүүдээр Засгийн газрын гишүүнийг ярих ямар ч шаардлага байхгүй. Гаднаас, мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Дээрээс нь одоо Засгийн газрын гишүүн болох гэж байгаа хүмүүс нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Одоо Засгийн газрын гишүүн болох гэж байгаа нөхдүүд 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

Мэргэжлийн Засгийн газартай болъё. Саяхан Италид манайх шиг Засгийн газар нь хямрахад их сургуулийн нэг багшийг Ерөнхий сайдаар томилж, мэргэжлийн Засгийн газар байгуулаад, жил ажиллуулаад л маш олон асуудлыг шийдсэн. Монголд 1990 онд Бямбасүрэн гуайн Засгийн газар ийм мэргэжлийн шинжтэй байсан. Өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг харахад яг ийм мэргэжлийн Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тэрнээс биш улс төр хийж, дараагийн сонгууль, карьераа боддог Засгийн газар хэрэггүй ээ. Товчлуур дарж, хэвлэл хахуульдаж, суудалдаа хэрхэн үлдэх вэ гэж боддог Засгийн газар хэрэггүй.

Мөн УИХ-д суудалтай намууд Ерөнхий сайдыг 2016 оны сонгууль хүртэл огцруулах санал оруулахгүй гэж шийдвэр гаргах хэрэгтэй. Бид энэ явдлаас сургамж авах хэрэгтэй. Бидэнд засгаа огцруулж шинээр томилоод суух цаг хугацаа байхгүй байна. Улс орон маань элгээрээ мөлхөх нь байна. Шинэ Засгийн газар гарч ирээд хүнд асуудлуудтай тулгарна. Тийм учраас улс төрийн карьераа боддоггүй мэргэжлийн Засгийн газар хэрэгтэй байна. Тэгээд бид 2016 оны сонгуульд өрсөлдөхгүй, зөвхөн тухайн салбарын, жишээ нь цахилгаан станц байгуулах, хоёр толгойн асуудлыг шийдэх гэх мэт асуудлыг шийдэж өгөөд явъя гэж амлалт өгөх ёстой. Өөр арга байхгүй. Засгийн газарт орсноор сайхан бялуу хуваана гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Бүгдээрээ сав савандаа л байя. УИХ-ын гишүүд зөвхөн хууль тогтоох ажлаа хийе. Засгийн газрын гишүүд Ерөнхий сайддаа туслаад салбараа хариуцаад явъя. Бид ийм зориг гаргах хэрэгтэй. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад ороод ирэхэд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гээд хуульд нээлттэй байгаа боловч намууд өөрсдөө үүрэг авах боломжтой шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд зөвхөн өөрөө огцрох өргөдлөө өгвөл авч хэлэлцье.

Монгол Улсын хувьд цаг хугацаа хамгийн үнэтэй хөрөнгө. Оюутолгой, Тавантолгойгоос үнэ цэнэтэй хөрөнгөө бид ингээд алдаад суугаад байж болохгүй.

Оролцогч: -Та АПЕК-ийн уулзалтын дараа АН-ын даргатай уулзсан юм уу. Юуны талаар ярьсан юм бол?

Ерөнхийлөгч: -Намайг АПЕК-ийн уулзалтаас ирэхэд АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар надтай уулзахаар ирсэн. Би нэг л юм хэлсэн. Ардчилсан нам дотор болж байгаа маргаан надад ямар ч сонирхолгүй. Ард түмэн ч сонирхохгүй байна. Нэгдүгээрт, төсвөө нэн даруй батал. Хоёрдугаарт, Ерөнхий сайдаа хурдан зөвшилцөөд гаргаж ир гэсэн. Ардчилсан нам нь УИХ-д хамгийн олон суудал авч, Үндсэн хуулийн дагуу ард түмний өмнө үүрэг хүлээсэн нам. Тэгэхээр ард түмэн, төр засгийн өмнө хүлээсэн үүргээ эхэлж хий гэж хэлсэн. Дээр нь та нар барагтайхан байсан нь дээр шүү. Сүүлийн үед хийж байгаа зарим ажлуудыг иргэн хүний нүдээр харахад дэмжихийн аргагүй зүйл олон байна гэсэн.

Оролцогч: -Та бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр намын дарга гэхээсээ илүү гурав дахь Ерөнхийлөгч гэдэг утгаараа улс төр хийгээд яваад байна. Би төрийн тэргүүн байхдаа их алдаж, харин одоо ухаарсан гээд яриад яваад байх юм. Та энэ хүний улс төрийн оролцоог юу гэж боддог вэ?

Ерөнхийлөгч: -Монгол бол төрт ёсны агуу түүхтэй улс. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гарч ирээд өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушийн шийдвэрүүдийг өөрчилж, алдааг нь засч, хэлэх хэлэхгүйгээр хэлж, өөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхэд Ж.Буш нэг ч удаа эсрэг мэдэгдэл хэлээгүй. Яагаад ингэдэг юм бэ гэж би хүнээс асуутал “Тэр институц, төрийн тэргүүн хэн байх нь хамаагүй хүндэтгэдэг юм. Бид чинь энэ замаар хэдэн зуун жил явсан улс. Ууж байсан худаг руугаа нулимна гэж байж болохгүй шүү дээ” гэж хариулсан. Аргентиний баг тоглож байхад Мессигийн оронд Марадона гарч ирээд цохих гээд байж болохгүй шүү дээ. Төрд нэг тийм агуу уламжлал байдаг юм байна. Бид энэ уламжлалыг хадгалах ёстой. Би улс орноо бодож өнөөдөр ажиллаж, улс төр хийх гэж зөв буруу оролдож байгаа хүмүүст хатуу үг хэлдэг. Харин ажлаа өгсний дараа би хатуу үг хэлэх шаардлагагүй. Намайг Монголын Цахиагийн Элбэгдорж гэж нэрээр дуудахад л болно. Миний өвөөгийн нэр Монгол, миний аав Цахиа, миний нэр Элбэгдорж.

Оролцогч: -Монгол Улсын 2015 оны төсвийг хасч танаж байна. Таны төсвийг хассан уу?

Ерөнхийлөгч: -Хасагдсан. Би 2014 онд санаачилга гаргаж, төр захиргааны байгууллагуудын төсвийг наад зах нь 10 хувиар хасъя гэсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг хассан. Манай байгууллагын төсвийг 2014 онд 10 хувиар хассан, мөн 2015 оны төсөв ч дахиад 10 хувиар хасагдсан. Зарим төрийн захиргааны шаардлагагүй байгууллагуудад төсөв өгөхөө болих хэрэгтэй. Мөнгө өгөхгүй бол тараад яваад өгнө шүү дээ. Өнөөдөр Монголд ингэх цаг болсон.

Оролцогч: -Та “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга дэвшүүлсэн “Ухаалаг төр” гэж ямар төрийг хэлэх вэ.

Ерөнхийлөгч: -Ухаалаг төр хариуцлагатай байх ёстой. Ухаалаг хүн ёс зүйтэй байх ёстой. Энэ асуудлыг би гаргаж тавьсан юм. Энэ нь нам, улс төрийн хүмүүсээс эхлээд жирийн иргэдэд хүртэл хүрсэн юм шиг байгаа юм. Энэ бодлогыг дэмжиж Улсын Их Хуралд суудалтай бүх намууд бүлгээрээ дэмжиж энэ бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж гарын үсэг зурсан. Энэ бодлого шийдвэртэй уялдуулж батлах шаардлагатай хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д оруулаад явж байна. Хэрэгтэй хүндээ тусалж чаддаг дарамт болдоггүй тийм л ухаалаг л төр манайд хэрэгтэй байна. Иймд ухаантай байна гэдэг бол бодож чаддаг байхыг хэлж байгаа юм. Иргэд төрийг ухаангүй, чадварлаг бус, хүчгүй байна гэж шүүмжилж байгаа. Ард түмэн шүүмжилж чаддаг байна гэдэг том алхам.

Оролцогч: -Өнөөгийн улс төрд хэн нэгэн хүнээс алдаа хайсан улс төр өрнөх юм. Асуудал нь хүнд биш тогтолцоонд байх шиг байна. Тогтолцооны шинэчлэл хийхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон уу?

Ерөнхийлөгч: – Манайд хэсэг бүлэг нөхөд гарын үсэг зурж засаг төрийг унагаагаад байгаа болохоос биш Үндсэн хуулиас болоод унаад байгаа зүйл байхгүй. Үндсэн хуульд орсон дордуулсан долоон өөрчлөлт гэж зарим хүмүүс хэлдэг. Үнэхээр муу өөрчлөлт ороод дордсон гэж үзэж байгаа бол түүнийг буцаагаад 1992 оныхоор нь сэргээх хэрэгтэй. Дараа нь хэрэгтэй бол Үндсэн хуульд өөрчлөлт хийх тухай ярилцъя.

Оролцогч: -Монгол Улс Ерөнхийлөгчийн институт­тэй болоод дөрвөн Ерөн­хий­лөгчийг сонгосон Парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгчийн засаглалын талаар таны байр суурь ямар байдаг вэ?

Ерөнхийлөгч: -Одоогийн бидний сонгож авсан Парламентын засаглалаа тордож сайжруулаад цаашаа явах хэрэгтэй. Аливаа зүйл цагийн шалгуур давж байж үнэт зүйл болдог . Парламентын засаглалд дутагдал, гажиг байгаа бол засаад тордоод явах хэрэгтэй. Өнөөдөр өөр засаглал энэ тэр гэж ярих ямар ч шаардлагагүй.

Оролцогч:-Таны гол дэвшүүлж байсан бодлогын нэг авлигатай тэмцэх ажлын үйл явц, үр дүн ямар түвшинд байна вэ?

Ерөнхийлөгч: -Таван жилийн өмнө Монгол Улсад хамгийн их тулгамдсан асуудлуудын тэргүүнд авлига байнга орж байсан. Одоо Монгол Улсын хамгийн түрүүнд шийдэх асуудлыг аваад үзэхэд эхний тавд ч авлига гэж бичигдэхгүй болж. Энэ нь авлига гэдэг асуудал шийдэгдчихсэн хэрэг үү, эсвэл манайхан авлига асуудал биш боллоо гэж үздэг болсон уу, мэдэхгүй юм. Үүнд үр дүн бол бий. Би нэг зүйлийг хэлэхэд, албан тушаалыг наймаалдаг байсан үе бий. Орлогч сайд болохын тулд мөнгөөр авлигаддаг байсан. Албан тушаалын, газрын, уул уурхайн лицензийн наймаа, тендерийн наймаа хийж баяжигсад зогссон гэж боддог. Нөгөө талдаа, одоо манаачийг хэнээр мануулах вэ гэдэг асуудал бас амьдралаас урган гарч байна. Бид үүнийг шүүх байгууллагын болон холбогдох хуулиудаар дамжуулан шийдвэрлэх болно.

Уулзалт маань ингээд өндөрлөж байна.Энэ өдөр ийм олуулаа цуглаж нээлттэй ярилцах боломж гарсанд баярлаж байна.Өнөөдөр энд 20, 25,30,35-тай олон залуус байна. Билл Гэйтс бүх хөрөнгөө зараад чиний 25 насыг худалдаж авч чадахгүй. Тэгэхээр чиний нас аугаа баялаг юм. Дээр нь ийм хүсэл тэмүүлэлтэй байгаа нь зөв юм. Залуу хүнээс хүмүүс их зүйл хүлээдэг. Яагаад гэвэл явах зам нь урт байдаг. Настай хүнээс их ухаан хүлээдэг. Яагаад гэвэл явсан зам нь урт байдаг.

Иймээс та бүхний явах зам их урт байх болтугай гэж ерөөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ресторануудын шинэ жилийн багц дунджаар 100 мянган төгрөг байна

Нийслэлд шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ орчихож. Албан байгууллага, худалдааны төвүүд гаднаа сүрлэг том сүлд мод засч, цасан ширхэг, өвлийн өвгөн зэрэг чимэглэл зүүжээ. Үүнтэй зэрэгцэн ресторанууд албан байгууллага, найз нөхдийн шинэ жилийн баярын захиалгаа аваад эхэлжээ. Шинэ жил дөхөөд ирэхээр албан байгууллагууд хамт олноороо хаана баяраа тэмдэглэх вэ гэж шийдэж чадахгүй цаг алддаг. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал гээд хувь хүн гэлтгүй албан газрууд аль болох хэмнэлттэй хэрнээ боломжийн үнээр баяраа тэмдэглэчих бодолтой байгаа бололтой. Тэгвэл “Peace tower”-ийн 18 давхарт байрлах “Unique Vista” рестораныг хүмүүс тухлаг орчин, таатай үйлчилгээтэй хэрнээ хоол, ус, ундаа зэрэг нь боломжийн үнэтэй хэмээн зорих болжээ. Тиймээс уг ресторанаар орлоо. Биднийг очих үеэр “Unique Vista” ресторанд шинэ жилийнхээ захиалгыг өгөхөөр хоёр, гурван байгууллагын төлөөлөл ирсэн байв. Тэд рестораны дотоод орчноос гадна баярын цэсийг ихэд сонирхож харагдсан. Эднийх шинэ жилийн баярт зориулан гурван төрлийн цэс гаргажээ. 100, 120 мянга болон 100 ам.долларын сонголттой. 100 мянган төгрөгийн багцыг сонговол коктейл, халуун вино хоёрын нэгийг сонгох бөгөөд ус, ундаа, шар айраг, оргилуун дарс, архи гээд уух юмнаас гадна зөвхөн “Unique Vista” ресторанд тусгай жороор хийдэг тахианы мах, лийртэй зууш болон хоёр хоолтой юм байна.

120 мянган төгрөгийн багц уух ус, ундаа зэрэг сонголт адилхан боловч хоолны төрөл арай өөр. Тухайлбал, Грек салат, Испани маягийн шарсан тахиа, Монгол үхрийн махаар амталж хийсэн стейк, бяслагтай бялууны хачир орсноороо өмнөх багцаас онцлогтой. Харин 100 ам.долларын багц нь дээрх сонголтоос гадна шарсан цацагт хяруул дагалдах юм байна. Рестораны ерөнхий тогооч А.Цэнгүүн “Манай ресторан ихэвчлэн өөрсдийн жороор бэлтгэсэн Итали, Европ хоол болон стейкээр үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьж байна. Зөвхөн “Unique Vista” ресторанд л та монгол маягийн стейкийг идэх боломжтой” гэв. Түүнчлэн шинэ жилээ тэмдэглэж буй хамт олон байгууллагын баярын үеэр дурсамж зургийн цомог, видео бичлэг хийж үйлчлэх юм байна. Хэрвээ хүсвэл өвлийн өвгөн аав, цасан охид болон хамтлаг дуучдыг холбож өгөх гэнэ. Мөн зургаан хүний багтаамжтай VIP хоёр өрөөтэй юм билээ. Энэхүү өрөө найзууд шинэ жил, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт баяраа тэмдэглэхэд зохимжтой аж.

Одоогийн байдлаар тав зургаан албан байгууллагын шинэ жилийн захиалгыг аваад байгаа талаар рестораны ерөнхий зөвлөх ажилтан Э.Ганзориг хэлэв. Эднийх нэг удаа 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд босоо хүлээн авалт хэлбэрээр 200 гаруй хүн хүлээн авч болно гэсэн. Байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэхээр захиалга өгч буй эмэгтэйгээс ямар учраас энэ газрыг сонгож байгааг сонирхоход “Баярын цэс нь зуушнаас гадна хоёр хоолтой. Тэгээд ч ихэнх ресторанууд албан байгууллагуудад гурван цагийн урамшуулал олгодог. Харин уг ресторан дөрвөн цагийн урамшуулал олгож байгаа нь таалагдлаа. Хамт олонтойгоо баяраа тэмдэглээд ид дундаа явж байтал цаг дууссан гээд зарим газрууд хөөх нь холгүй байдаг. Гэтэл хамт олноороо халуун уур амьсгалтай баярлаж, хөөрч байгаа хүмүүс чинь дахиад нэг цаг ч гэсэн хамт байхыг хүснэ. Тэр болгон цагаа сунгаад мөнгө төлөөд байх одоо чинь хэцүү шүү дээ. Ер нь тохилог атлаа үнийн хувьд ч дундаж санагдлаа” гэв. Тансаг зэрэглэлийн гэгддэг ресторануудын баярын багц дунджаар 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа бололтой. Харин 40-50 хүний багтаамжтай энгийн ресторанууд шинэ жилийнхээ багцыг 80 мянган төгрөгөөс эхлүүлж байгаа юм байна. “Unique Vista” рестораны хувьд нээгдээд ердөө сар гаруйхан хугацаа өнгөрч байгаа боловч аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байна. Учир нь олон төрлийн урамшуулалт багцыг өдөр тутамд үйлчлүүлэгчдэдээ санал болгодог аж. Үндсэн цэснээс гадна өдрийн хоол болон хүүхдийн цэстэй. Өдрийн цайны цагийн үеэр өдрийн хоолны цэс захиалга ихтэй байдаг гэсэн. Нэг, хоёрдугаар хоолтой уг цэсэн дээрх хоол бүгд 12000 төгрөг. Тахианы махан шөл, будаатай хуурга нийлээд 12000 байх жишээтэй. Харин хүүхдийн цэсэн дэх хоол 4000-8000 төгрөгийн үнэтэй байв. Долоо хоногийн лхагва гаригт эмэгтэйчүүдэд зориулсан коктейлны урамшуулалтайгаас гадна амьд хөгжмийн хамтлагийн тоглолттой байдаг гэнэ. Харин баасан гаригт амьд хөгжмийн залуу хамтлагуудын cover үзүүлбэртэй байдаг бол ням гаригийг гэр бүлийн өдөр болгон зарлажээ. Энэ өдөр гэр бүлээрээ тус ресторанаар үйлчлүүлэх юм бол хүүхэд бүрт гарын бэлэг өгөхөөс гадна Хүүхдийн театрын үзүүлбэрийг сонирхож болох аж. Мөн таны хүүхдүүд үлгэрийн баатруудтай зураг авахуулж болох нь. Лхагва, пүрэв гаригт тус ресторанд зочилсноор төгөлдөр хуурийн аялгуут тоглолтыг үзэх боломжтой зэрэг олон хөтөлбөрийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа аж. Ер нь “Unique Vista” ресторан нь үнийн хувьд тэнгэрт хадсан биш хэрнээ үйлчлүүлэгчдэдээ аль болох сонирхолтой багц урамшууллаар бэлэг барьж байгаа юм байна. Тус ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд коктейлны шоу үзүүлбэрийг хүртэл сонирхох боломжтой юм. Э.Ганзориг коктейлыг цэснээс гадна олон төрлийн сонголттойгоор өөрийн орц найрлагаар хийдэг тухайгаа хэлсэн. Зөвхөн түүний найруулсан коктейлыг амтлахаар ирдэг байнгын үйлчлүүлэгчид ч байдаг гэсэн. Тус рестораны шинэ жилийн хүлээн авалт ирэх сарын 2-ноос эхлэх юм байна.

Д.СҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

“Астра бьюлдинг”-ийн талаар Мэргэжлийн хяналтын газраас ийм хариу ирлээ

“Өдрийн сонин”-ы сэтгүүлчид “Астра бьюлдинг” компанийн барьж буй барилгыг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт иргэн С.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн VIII хороо “Өдрийн сонин”-ы байрны хойд талд байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 64 айлын нэг блок орон сууцны барилгын угсралтын зураг төсөл нь зөрчилтэй байгааг шалгалтаар тогтоосон тухай бичжээ. Улмаар зураг төслийн зөрчлийг арваннэгдүгээр сарын 31-ний дотор арилгуулах үүргийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн байна. Зураг төслийн зөрчлийг арилгана гэдэг зургаа дахин зурна гэсэн үг. Зураг дахин зурна гэдэг дахиад шинээр барилга барина гэсэн үг. Тиймээс “Астра бьюлдинг”-ийн барилгыг бүрмөсөн зогсоож, борлуулалтыг түдгэлзүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн №02-03/3532 тоот албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Барилгын төлөв байдлын тухай

Тус газарт “Өдрийн сонин”-ы газраас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 76 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/441 дугаар удирдамжийн дагуу иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Өдрийн сонин”-ы байрны хойд талд байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 24,5х18,5 м хэмжээтэй 12 давхар зоорьтой үйлчилгээний 64 айлын 1 блок орон сууцны барилгын угсралт байдал, зураг төсөлд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шалгалт хийлээ.

Шалгахад “Сийз архитектс” ХХК-д боловсруулж хянаж баталгаажуулсан зураг төсөл. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СБД/56/08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 449 дугаар газар эзэмших захирамжтай, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 421/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажил явуулж байгаа боловч урд талд байрлах “Өдрийн сонин”-ны байрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилжилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно/ заалтыг зөрчсөн байна.

Иймд танай байгууллага зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье.

Хувийг: “Өдрийн сонин”, иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-д

НМХГ-ын ДЭД ДАРГА П.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжих эсэхээ шийднэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан байна. АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж МАН-ын УЗ-ийн гишүүдийн олонх нь үзсэн байна. Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан болохоор Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцох гэсэн МАН болон бусад нам, эвслийнхний улс төрийн алхам үр дүнгүй болно хэмээн болгоомжилж байгаагаа тус намын Удирдах зөвлөлийн зарим гишүүд илэрхийлжээ.

Гэвч Ч.Сайханбилэгийг шууд дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлэх нь засгийн ажлыг гацаасан нэр зүүж болзошгүй гэсэн байр суурьтай хүмүүс ч бас байгаа гэнэ. Энэхүү хоёрдмол байр сууриа нэгтгэх үүднээс МАН Удирдах зөвлөлөө өнөөдөр дахин хуралдуулахаар болсон байна.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй сагсчид медалийн төлөө тоглоно

Элсний спортын төрлүүдийн Азийн наадам буюу Asian Beach Game-IV тэмцээн Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй найман улсын баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болох гэж байна. Манай эрэгтэйчүүд шөвгийн наймд Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайваний багтай тоглох юм.

Эрэгтэй багийн тухайд “B” хэсэгт Бутан (17:11), Лаосын (22:7) багуудыг хожиж, БНХАУ(14:15), Тайланд (12:14), Энэтхэг(18:21)-ийн багуудад хожигдсон юм. Өнөөдөр тэд “А” хэсэгт таван хожил авсан Катарын багтай тоглоно. Катарын залуусыг хожвол шилдэг дөрвөн багт үлдэж, медалийн төлөө өрсөлдөх юм.

Эмэгтэй багуудаас хагас шигшээд БНХАУ, Тайланд, Тайвань болон Монгол Улсын багууд шалгараад байна. Манай сагсчид “А” хэсэгт Филиппин (12:11), Энэтхэг(21:12)-ийн багуудыг хожиж, БНХАУ-ын багт (18:13) хожигдсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар өнөөдөр мөнгөн медалийн төлөө Тайваны багтай тоглоно. Тайваны эмэгтэйчүүдийн хувьд Тайланд, Туркменистан, Непалийн багуудыг хожиж, хэсгээ тэргүүлжээ.

Эрэгтэй баг:

XI.15 Монгол-Тайланд 12:14

XI.16 Монгол-Бутан 17:11, Монгол-Энэтхэг 18:21

XI.17 Монгол-БНХАУ 14:15

Монгол-Лаос 22:5

Эмэгтэй баг:

XI.15 Монгол-БНХАУ 13:18

XI.16 Монгол-Филиппин 12:11

XI.17 Монгол-Энэтхэг 21:12

Эрэгтэйчүүд 12 багаас шилдэг 8-д, эмэгтэйчүүд 8 багаас шилдэг 4-т шалгараад байна. Өнөөдөр манай эрэгтэй баг шөвгийн наймд Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайваны багтай тоглоно. Тоглолт Улааанбаатарын цагаар 11.00 цагаас эхлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Шатрын сурагчдын ДАШТ-д оролцох тамирчдын нэрс тодорчээ

Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэрс тодорсон байна. Багийн ахлагчаар Ц.Батболд, дасгалжуулагчаар ФМ Н.Төвсанаа, спорын дэд мастер Ч.Баттүвшин нар ажиллах аж. Нийт 6 тамирчин (эр 3, эм 3) оролцохоор болсон бөгөөд тамирчдыг танилцуулж байна.

1. Батсайхан ЭНХСАРАН (7 нас охид)
2. Лхагважамц ОЧИРБАТ (7 нас хөвгүүд)
3. Батдэлгэр ОДГЭРЭЛ (7 нас хөвгүүд)
4. Ганганбарс МАРАЛГУА (8-9 нас охид)
5. Болдбаатар АЛТАНТУЯА (8-9 нас охид)
6. Дамбасүрэн БАТСҮРЭН (10-11 нас хөвгүүд)

Баг тамирчид ирэх бямба гариг буюу энэ сарын 22-нд эх орноосоо мордох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг томилно

Өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. УИХ дахь намын бүлгүүд уг асуудлыг өчигдөр болсон хуралдаанаараа хэлэлцсэн. Улмаар АН болон “Шударга ёс” эвслийнхэн Ч.Сайханбилэгийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн билээ. Харин МАН-ын бүлэг одоогоор ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа юм. АН-ын ҮЗХ-ны ээлжит бус 44 дүгээр хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.