Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жамбалын Гангаа

(1962-2014)

Бидний эрхэм дотны нөхөр, Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч Жамбалын Гангаа удтал хүндээр өвчилж байгаад 2014 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр таалал төгслөө.

Ж.Гангаа нь 1962 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Бор хужир гэдэг газар төржээ. Тэрээр бага дунд дээд боловсрол эзэмшин ардын армийн “Алдар” спорт хороонд алба хааж, тамирчин багш дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд хүндийн өргөлтийн спортын мастер, сумын заан цолтой нэгэн байв.

1990 оноос Төв аймгийн Цээл сумын Ардчилсан холбоог үүсгэн байгуулалцаж тэргүүлж явсан Монголын Ардчилсан холбооны анхдагчдын нэгэн юм.

Ж.Гангаа нь 1997 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх зэрэг ажил албыг нэр төртэй гүйцэтгэж байлаа.

Тэрээр Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч бөгөөд аян замын тэмдэглэлийн уран дархан, мастер багш нь байлаа. Түүний туурвисан “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, Түвдийн цуврал тэмдэглэл, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор” тэргүүт аян замын шилдэг туурвилууд нь Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас нээж, судлагдах хэмжээнд хүрсэн билээ. Мөн “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ”, “Цагаан сарын үеэр л юм даг”, “Засаатай эмгэн буюу Монголын хошин урлаг” зэрэг даацтай нийтлэлүүд туурвиж сэтгүүл зүйн “Балдорж” шагналын тэргүүн гран-при хүртсэнээс гадна уг шагналын шилдэг аравт жил бүр шалгарч байлаа. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл хүртсэн юм.

Нэрт нийтлэлч Ж.Гангаа нь үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы “Оны шилдэг бичлэг”-ийн шагналыг удаа дараа хүртсэнээс гадна Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг, шилдэг бичлэгийн “Ган үзэгтэн”-ээр шагнуулж байлаа.

Түүний авьяас билэг хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнажээ.

Талийгаачийн уйгагүй хөдөлмөрч, нөр хичээнгүй, үнэнч шударга, оюунлаг хүнлэг, олонтой явсан зан чанар нь найз нөхөд, хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин дурсагдах болно.

“Өдрийн сонин”-ы хамт олон

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Томуугийн өвчлөл ихэсчээ

Өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72 854 хүн ханджээ. Тэдний 5524 буюу 7.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Томуугийн өвчлөлийг дүүргээр авч үзвэл Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэг 7.5 хувь, Баянгол дүүрэгт 2.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.8 хувиар нэмэгдсэн байна.

Харин хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оржээ

Өвөрхангай аймагт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдаж, өнгөрөгч амралтын өдөр нээлтээ хийв.

Арвайхээр хотын 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд өнөөдрөөс эхэлж шинэ цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. 9 дүгээр цэцэрлэг ашиглалтанд орсноор аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 84 хувьтай болж байгаа аж. Мөн гэртээ хүүхдээ харж байсан эцэг, эхчүүдийн хувьд ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа юм.

Цэцэрлэгийн барилгыг “Бат-Энххүү” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тоног төхөөрөмж, тохижилтод шаардагдах 100 орчим сая төгрөгийн хөрөнгийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон орон нутгийн төсвөөс гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр уушги” уриан дор оюутан, залуучууд нэгдэв

Нийслэлчүүд өвлийн улиралд хотын утаанаас холдож, цэвэр агаар амьсгалан хамт олон, найз нөхдөөрөө алхаж, уушигаа цэвэрлэхийг иргэд хамгийн ихээр хүсдэг болсон. Иймд МЗХ-ны дэргэдэх Аялал жуулчлалын төв амралтын өдөр бүр “Цэвэр уушги” уриан дор явган аяллыг зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрийн явган аялалд л гэхэд МУИС-ийн 600 гаруй оюутан залуус нэгдэж Богд хан уулын Жаргалантын амнаас Өвөр зайсан гэсэн замналаар 15 км явган аялжээ.

Энэ үеэр явган аяллын ач тус, багийн болон хувийн бэлтгэл хэрхэн хангах, аяллын үеийн зохион байгуулалт, анхны тусламжийн хайрцаг, үүргэвчний зохион байгуулалт, өмсөх хувцас, байгаль орчиндоо ээлтэй байх, хэрхэн баг болж аялах \баг нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн уриатай байх\ аяллын дэг журам зэргийг зааж сургасан байна. багуудын дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж амралтын өдрийг цэвэр агаарт үр дүнтэй өнгөрүүлжээ. Цаашид энэхүү аялал долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд оюутан залуучууд, албан байгууллага, хувь хүмүүс оролцоход нээлттэй юм байна.

Categories
гадаад мэдээ

Оюутнуудын эсрэг хүч хэрэглэж эхэлжээ

Хонконгийн захирагч Лин Чун-Иен өнгөрсөн амралтын өдөр хотын төв болон захиргааны байрны өмнө байршуулсан хаалт, хашлага зэргийг хураахыг оюутнуудад сануулсан юм. Өнөөдөр өглөөний 8.00 цагаас цагдаа, хүчнийхэн оюутнуудыг албадлагаар тарааж хаалт, хашлага зэргийг хурааж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх үйл явдлын дараа оюутнууд дургүйцлээ илэрхийлж мөргөлдөөн үүссэн байна. Мөргөлдөөний улмаас 50 гаруй оюутанг саатуулжээ. Цагдаа нар төв замуудыг хаагаад буй оюутнуудын эсрэг даралттай ус ашиглаж, майхан зэргийг нь хураан авчээ.

Хонконгийн оюутны холбооны дарга Алекс Чоу болон дэд тэргүүн Эсон Чун, Ардчилсан оюутан холбооны тэргүүн Натан Ло нарыг Бээжинд нэвтрэхийг хориглосны дараа оюутнууд бухимдаж, Захирагч Лин Чун-Иений гэрийг эзлэхийг завдсан юм. Энэ сарын эхээр оюутнууд 28 цагийн турш захирагчийнхаа гэрийг бүсэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаагийн гомдлыг пүрэв гарагт хэлэлцэнэ

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард Эрүүгийн хэргийн II шүүхэд болж, анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /1.344.000/ төгрөгөөр торгох ял оноосон юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаа болон түүний өмгөөлөгчид үл зөвшөөрөн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Тэгвэл энэ сарын 20-нд буюу пүрэв гарагт яллагдагч Ц.Алдармаагийн гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нийслэлийн эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан явцтай танилцлаа. Өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчийн хувьцаат компани,”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Дулааны цахилгаан станц 3-ТӨХК-ийн ажлын явцтай танилцсан. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хэрэглэгчдээс гомдол санал хүлээн авах Call center төв, диспечерийн алба, ДЦС 3-ын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцаа газар дээр нь үзүүлсэн юм. Эдгээр байгууллагууд өвлийн их ачааллыг давах бэлтгэлээ 100 % хангасан талаараа танилцуулж байлаа.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК http://my.tog.mn/ веб сайтаар хэрэглэгч зочилж хэрэглэгчийн кодоо ашиглан нэвтэрч онлайнаар төлбөрөө төлөх, төлбөрийн мэдээллээ харах, ажлын захиалга болон дуудлага өгөх, тоолуур болон гэрээтэй холбоотой мэдээлэл авах, санал гомдол илгээх зэрэг боломжтой болгосон.

http://www.ubedn.mn/ веб сайтад хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл болох техникийн нөхцөл http://tno.ubedn.mn/ , төлбөрт үйлчилгээ, ЦЭХ-ний үнэ тариф, засварын хуваарь болон бусад зөвлөмжүүдийг байрлуулсанаас гадна санал гомдол хүлээн авах боломжийг бүрдүүлжээ. Мөн 2013-2014 онд хйисэн ажлын үр дүнд 43474 айл өрхийн цахилгаан хангамж сайжирсан. Гэхдээ нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн тоо жилд 30 мянгаар өсөж байгаа тул хотын төвд дэд станц барих шаардлагатай байгааг онцолсон.

ДЦС 3-ын өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 100%-тай, мазутын 861 тн, нүүрсний 87763 тн нөөцтэй байлаа.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний удирдлагууд “Авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг хэлсэн. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба техникийн нөхцлийг олгохдоо авто зам, тохижилтын ажлын уялдаа холбоог хангах талд анхаарч ажиллана” гэдгээ хэлсэн юм. Мөн эрчим хүчний байгууллагууд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвтэй хамтарч ажиллан мэдээ мэдээлэл солилцох заавраа яаралтай гаргаарай” гэсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хуурамч санал асуулга явуулжээ

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийлээ.

Сүүлийн жилүүдэд твиттер, фейсбүүкийн хэрэглээ олон нийтийг массыг өргөн хамрахын хэрээр хуурамч хаяг нээх “үзэгдэл” гарах болсон байна. Үүний нэг нь Монгол Улсын Их хурлын нэр барин “Монгол Улсын Их хурал political organization” гэсэн нэрээр Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байна уу гэх санал асуулга явуулсан нь УИХ-тай огт хамааралгүй аж. Өөрөөр хэлбэл, нэрийг нь ашиглаж хуурамч фейсбүүк хаяг нээгдсэн байгаа тул түүнд хөтлөгдөхгүй, болгоомжтой хандахыг анхаарууллаа.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуурамч хаяг нээж бусдыг төөрөгдүүлсэн этгээдэд ногдуулах хуулийн хариуцлага байдаггүй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлаж болзошгүй тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар холбогдох газраас лавлахад “Тодорхойгүй байгаа” гэсэн хариулт өглөө.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхий сайдын асуудлыг даваа гаригт намын бүлгүүдээр ярьж, мягмар гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Гэвч өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл саналаа нэгтгэж, түүний дараа бүлгээ хуралдуулахаар болоод байгаа бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцэнэ гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлээд буй. Үүгээр бол өнөөдөртөө багтаж УИХ-ын чуулган хуралдана гэж хэлэхэд амаргүй байна. Харин намын бүлгүүд нэгдсэн саналд хүрсэн нөхцөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах боломжтой. Гэвч УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан хуваариар өнөөдөр аль ч байнгын хороо хуралдах тов гаргаагүй байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэгийг зөвшөөрөх эсэх эрхийг бүлэгтээ өгчээ

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хаалттайгаар хуралдаж эхэллээ. Үүний өмнө Удирдах зөвлөл нь хуралдаж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах хүсэлтийг хэлэлцсэн ч УИХ дахь намын бүлэгтээ асуудлыг шийдэх эрхийг өгсөн байна. Ардчилсан намын зүгээс Ч.Сайханбилэг гишүүнийг Ерөнхий сайдаар томилуулах асуудлыг зөвшилцөх хүсэлтийг МАН-ын бүлэгт өчигдөр ирүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ тухай фэйсбүүк хуудсандаа “Хоёр жилийн өмнө Ардчилсан нам Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томилуулахдаа МАН-тай зөвшилцөх шаардлагагүй хэмээн үзэж байсан санагдана” гэжээ.