Categories
мэдээ улс-төр

Нэр барьж санал асуулга явуулжээ

УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатар, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол Улсын Их Хурал түүний Тамгын газраас эрхлэн Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас www.parliament.mn болон мэдээлэл, сурталчилгааны http://open.parliament.mn цахим хуудсуудаар хууль тогтоох үйл ажиллагаатай холбогдолтой албан ёсны бүхий л мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн зүгээс сошиал медиа буюу мэдээллийг интернэтээр олон нийтэд түгээх хэрэгсэлийг идэвхитэй ашиглах болсонтой холбоотойгоор хуурамч нэр ашиглан иргэдэд андуу, ташаа мэдээлэл хүргэх сөрөг үйлдлүүд ихээр гарах болсон.

Саяхан “Монгол Улсын Их Хурал, political organization” нэрийн дор фэйсбүүк хуудас ашиглан “Та Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Сайханбилэгийг дэмжиж байна уу?” гэсэн санал асуулга явуулж 300 гаруй хэрэглэгчийг хамруулсан тохиолдол гарлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс 28 дахь Ерөнхий сайдтай холбоотой ямар нэгэн санал асуулга явуулаагүй бөгөөд хуурамч нэр ашиглан санал асуулга явуулж буй энэхүү үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл болохыг онцлон дурьдав. Иймд иргэд, олон нийт дээрх байдлыг анхаарч хуурамч мэдээлэлд хөтлөгдөлгүй, Улсын Их Хурлын албан ёсны мэдээ, мэдээллийг доорх хаягуудаас авч байхыг мэдэгдэж байна гэв. Үүнд:

Facebook олон нийтийн сүлжээний хувьд ParliamentMN нэршлээр, Twitter, Google plus, YouTube, Flikr болон Instagram-ийн хувьд “Монгол Улсын Их Хурал” нэршлээр тус тус нэвтэрч албан ёсны мэдээ, мэдээллийг авах боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг З.Энхболд, Ч.Сайханбилэг нарыг зургаан цаг “байцаав”

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 11.45 цагийн орчимд эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцсон. Тэд дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болсон танхимаас гарлаа. Бүтэн зургаан цаг үргэлжлээд байгаа тус бүлгийн хуралдаан одоо ч үргэлжилж байна. Бүлгийн гишүүд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах эсэхээ санал хураалтаар шийднэ. Үүний дараа мөн Удирдах зөвлөл нь хуралдах бололтой.

Мөн яг одоо МАХН-ын гүйцэтгэх хороо хуралдаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн үндэсний лиг маргааш эхэлнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Соёл, спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт маргааш 18.00 цагаас Спортын төв ордонд эхлэх гэж байна. Спортын төв ордонд өнөөдөр МҮСБХ болон зарим багийн тоглогч, дасгалжуулагч, шүүгчдийн төлөөлөгчдөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга А.Тулга хэлэхдээ “Үндэсний супер” лигийн техникийн зөвлөлийн хурал өчигдөр болсон. Албан ёсоор 10 баг бүртгүүлсэн бөгөөд бүгд сугалаанд оролцсон байгаа. Лигийн гурван удаагийн аварга “Гэгээн хангай лидер” (хуучнаар “Лидер”), 2011 оны аварга “Баянзүрх Ханталстын Ирвэсүүд” (хуучнаар “Баянзүрх Буллс”), өнгөрсөн жилийн аварга “Баянгол шонхорууд” (хуучнаар “Гурвантамир”) зэрэг багууд оролцохоор бүртгүүлээд байна. Зарим багууд нэрээ болон спонсороо сольж орсон байна. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч оролцох юм. Өнөөдрийн байдлаар 5 легионер тоглогч Монголд ирээд байгаа бөгөөд ирэх долоо хоногт бүх тоглогч ирсэн байна. Тэмцээний хуваарийн дагуу нээлтийн өдөр буюу маргааш хоёр тоглолт болно. МҮСБХ-оос Улаанбаатар хотод болон 21 аймагт олон тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Мөн манай сагсчид энэ жил оролцсон Олон улсын тэмцээнд өндөр амжилтыг үзүүллээ” гэв.

Ингээд “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улиралын тоглолтод оролцох 10 багийг танилцуулья: (Өчигдөр болсон сугалаагаар)

1. “Баянзүрх Ханталстын ирвэсүүд” (“Баянзүрх Буллс” баг ивээн тэтгэгчээ сольсон)
2. Төв аймгийн “Төв ургац”
3. “Говь-Алтай Монторх”
4. “Баянгол Шонхорууд” (“Гурвантамир” баг ивээн тэтгэгчээ сольсон)
5. “СБЛ Хасын Хүлэгүүд”
6. “Дорнод Танан Гарьд”
7. ПУБ Альянс тэх xарцага”
8. Хэнтий Чингис хот “Хасумегаватт” баг
9. “Дорноговь Интерстандарт нефть компаний “Valvoline” баг
10. “Өвөрхангай Гэгээн xангай лидер” гэсэн байдлаар сугаллаа.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүдэд төхөөрөмж нийлүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса ХХК , Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон хөдөлгөөн хамтран Руй эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд маргааш 10:00 цагт Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 140 өрхийн эмнэлгүүдэд анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат, дагалдах хэрэгслийг нийлүүлэх юм байна. Ингэснээр шээсний шинжилгээний 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцлах цахим системтэй болох аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Чимид агсны нэрэмжит шагнал бий боллоо

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, гавьяат хуульч Б.Чимид агсны нэрэмжит шагналыг олгохоор болжээ. Үндэсний эрхзүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан судлаачийг дэмжих зорилгоор энэхүү шагналыг бий болгож буй аж. Гавьяат хуульч Б.Чимид агсны нэрэмжит шагналыг ирэх оноос эхлэн олгох бөгөөд Үндсэн хуулийн өдрөөр гардуулж байх гэнэ.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан гурван цаг гаруй үргэлжилж байна. Тус намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, гишүүдийн асуултад хариулж байгаа юм.

Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МАХН, МҮАН-ынхан МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг харзнаж байгаа бололтой. Учир нь МАН-ын хурлын дараагаар МАХН-ын Гүйцэтгэх товчоогоо хуралдуулах сурагтай.

Categories
гадаад мэдээ

Ж.Клуни хүүхэд үрчилж авах гэнэ

Холливудын нэрт жүжигчин Жорж Клуни Их Британийн өмгөөлөгч Амаль нар хоёр сарын өмнө хуримласан билээ. Залуу хосууд дайн болж буй Сириэс хүүхэд үрчилж авах гэнэ. Энэ тухай “Woman’s Day Magazine” сэтгүүлд бичжээ. Ингэснээр дайны улмаас эцэг эхээ алдсан Сирийн хүүхдүүдэд жаахан ч гэсэн туслах хүсэлтэй гэнэ. Амаль нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн бөгөөд Wikileaks-ийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан зөвлөхөөр давхар ажилладаг.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган цуцлагдлаа

Өнөөдөр ээлжит бус чуулган хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлож байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан сунжирснаас үүдэн өнөөдрийн хуралдааныг цуцлах шийдвэр гарчээ.

Дашрамд хэлэхэд, өнөөдөр өглөө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийнхөн 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох эсэх асуудлыг бүлгийн хурлаараа шийд хэмээн өгсөн билээ. Тиймээс уг асуудлаар нэгдсэн байр суурьт хүрэхээр МАН-ын бүлэг хуралдсаар байна.

Categories
мэдээ нийгэм

“Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

БШУЯ-наас 2013 оноос эхлэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчдад зорилготой суралцах, үр дүнд хүрэх зан чанар төлөвшүүлэх зорилготой “Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөрийг нийслэлийн 93-р сургууль дээр хэрэгжүүлж эхэллээ.

Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөр 93-р сургуулийн 6-12-р ангийн сурагчид хамрагдаж байгаа юм. Ингэхдээ манлайлагч хүмүүсийн амьдралаас суралцах, байгаль орон нутгийн хөгжилд тустай үйлс хийх эрмэлзлэлийг хөгжүүлэх, сургууль эцэг эх, төрийн бус байгууллагын хамтын бүтээлч ажиллагааг хөгжүүлэх зэрэг зорилготой амьдрах арга ухаанд сургах 5 үндсэн зорилтын хүрээнд хөтөлбөр хэрэгжих юм байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сурагчдын 90 гаруй хувь нь дугуйланд хамрагдаж, боловсролын өдөр тутмын үйл ажиллагаанд тухайн орон нутгийн удирдлага, эцэг эх оролцдог болсон гэж салбар яамныхан дүгнэж байна.

“Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөрөөр сурагчид 7 хоногоос сарын хугацаанд зорилгын дэвтэр дээр тэмдэглэл хөтөлж, үр дүнг эцэг эх багшийн хамт дүгнэх юм. Цаашлаад 2021 онд манай улсын боловсрол олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдах урт хугацааны зорилт ийнхүү хэрэгжиж байгаа болохыг салбар яамныхан нь онцоллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

М.Одончимэг, Г.Ундармаа нар Төрийн ордонд зочлов

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн өнөөдөр Төрийн ордноо “Х ТҮЦ” прадокшны жүжигчин МУГЖ И.Одончимэг, “Шинэ үе” прадокшны жүжигчин МУСТА Г.Ундармаа нарыг хүлээн авч, хийж буй сайн үйлсэд талархал илэрхийллээ. “Х ТҮЦ ” прадокшны жүжигчин И.Одончимэгийн хувьд “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин жүжигчин Г.Ундармаа”Итгэлийн танхим-2″ төслөө нээсэн билээ. Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бидний зорьж ажиллаж байгаа нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, мөн эмэгтэйчүүдийн төлөө юм. Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэг та бүхэндээ баярлаж байна. Цаашид энэ талаар хамтарч ажиллах болно” гэлээ. Түүнчлэн хоёр жүжигчин бүсгүй сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.

Г.Ундармаа: Танхимаа тохижуулах материалаа 100 айлаас өөрөө татсан

“Бид хоёрыг ингэж хүлээж авна гэж ерөөсөө бодсонгүй. Мөн Одноо эгч бид хоёрын хийсэн ажлыг бусдад таниулж, талархаж байгаад маш их баярлаж байна. Ер нь бид үзэгчдийнхээ өгсөн мөнгөөр “Шинэ үе” прадокшнаас цалингаа авдаг. Бидний ажил мянган үзэгчийн өмнө явагддаг. Үзэгчид маань бидэнд маш сайхан үг хэлж, үргэлж урам өгдөг. Бүх үзэгчдэд баярлалаа гэж хэлж чадахгүй учраас тодорхой хэмжээнд бидний зүгээс тус байх ёстой гэж бодсон. Харин тэр тус маань эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулья гэдэг санаа. Эмнэлгүүдийн хүлээлгийн танхимаар өдөрт 500-700 гаруй үйлчлүүлдэг юм билээ. Би аавыгаа үзүүлэхээр явж байхдаа хүндрэл бэрхшээлийг нь маш сайн ойлгосон. Тэгээд л маргаашнаас нь эмнэлгийнхээ талбайг аваад, зургаа гаргаж эхэлсэн. Төслөө гаргаж, төсвөө баталчихаад байгууллага компаниудаар мөнгө хайж эхэлсэн. Ингэж явсаар хоёр ажлаа амжилттай хийж дуусгасан. Өнгөрсөн наймдугаар сард Эх нялхасын 220 метр квадрат талбайг тохижууллаа. Энэ хугацаанд уйлах, инээх ч үе гарсан даа. Тэр ч бүү хэл өөрийнхөө машиныг амжиргаа улаан болгож, 100 айлаас бүх материалаа өөрөө явж татдаг байлаа. Өөрөө явахаар наймаачид овоо хямдруулаад өгчихдөг юм”

И.Одончимэг: Бид үлгэр дуурайлал болох ёстой

“Л.Эрдэнэчимэг гишүүнийг уулзах ажил байна гэхээр нь шууд Улаанчулуутын хогын цэг дээрээсээ хүрээд ирлээ. Ний, нуугүй хэлэхэд би энэ талаар бодож явдаг байсан л даа. Улс эх орондоо миний оруулж буй хувь нэмэр бол миний уран бүтээл, тоглолтууд гэж бодсоор явлаа. Надад нэг зүйл ажиглагдсан. Ялангуяа уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой юм байна гэдэг. Бас уриалан дуудагч байх ёстой. Бидэнд хазгай гишгэх эрх байдаггүй. Олны танил хүмүүст нийгмийн хариуцлага гэж байдаг. Би тэрийг их сайн ажиглаад нийгэмд тустай үйл хэрэг хийхийг зорьсон. Улаанбаатар хотын захын хороололд маш хүнд амьдрал байдаийг өөрийн нүдээр харж явсан. Түүнийг үргэлж бодож, шаналж явдаг. Яалт ч үгүй нийгмээс таслагдсан хүүхдүүдэд дэмжлэг маш хэрэгтэй байгааг өөрийн нүдээр олж харсан. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт орон гэргүй, хаяг нь тодорхойгүй хүмүүс маш их. Дээрээс нь хөдөө орон нутгаас олон өрх ирдэг. Тэнд өдрийн хоолоо яаж олж идье гэж байгаа хүмүүс гэрчилгээ, бичиг баримт хөөцөлдөөд явах ямар ч чадваргүй. Тэнд маш олон сургуульд явдаггүй хүүхдүүд байна. Үүнийг бодож явтал Мобикомоос надад боломж олгосон. Би ч төсөлд оролцоод ялсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Газраа худалдаж аваад, байшингаа барилаа. Одоо дотор талаа тохижуулчихвал болно доо. Эцсийн дүндээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн хүүхдүүдийн сэтгэл, оюун санаанд нь жаахан ч гэсэн эргэлт хийх юмсан гэж бодож, зүтгэлээ. Энэ нь цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна”