Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн төсвийн зардлыг 57 орчим тэрбум төгрөгөөр хасна

Ирэх оны улсын нэгдсэн төсвийг баталсан бол нийслэл ч төсвөө хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн удирдлагууд хийсэн юм. Энэ хэлэлцүүлэг нь олон нийтийн дунд нээлттэй болсон бөгөөд иргэдийн санал бодлыг сонссоноороо онцлог. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, дүүргүүдийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов. Нийслэлийн төсвийн орлого 2013 онд 474 тэрбум төгрөг, 2014 онд 533 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл ирэх онд энэ хэмжээг нэмж, 575 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолсон талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн орлогын задаргааг авч үзвэл, Нийслэлийн татварын газар 82.4 хувийг, нийслэлийн Өмчийн харилцааны газар 11.8 хувийг, үлдсэн хувийг бусад газрууд төвлөрүүлэх ажээ.

Харин зарлагын хувьд энэ жилийнхтэй харьцуулахад ирэх жил 57 орчим тэрбум төгрөгийн зардлыг хэмнэхээр болсон байна. Ингэхдээ зарлага 323 гаруй тэрбум төгрөг байхаар тооцжээ. Тодруулбал, Зээлийн батлан даалтын санд нийслэлээс 2.0 тэрбум төгрөг, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.6 тэрбум төгрөг, нийтийн тээврийн салбарын татааст 53.1 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжид 172.1 сая төгрөг, халамжийн санд 95 тэрбум төгрөг, хот тохижуулалтад 66.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах юм байна.

Нийслэлийн удирдлагууд товчоор дүгнэхэд, нийслэлийн төсөв ирэх жил зардлаа 57 орчим тэрбум төгрөгөөр хумьж, нийтийн тээврийн салбарт татаас өгөхөөр болсоныг онцоллоо.

Энэ үеэр нийслэлийн иргэдийн төлөөлөл ирэх жилийн төсвийн танилцуулгад санал бодлоо илэрхийлж байсан юм. Баянзүрх дүүргийн ахмад настан “Урьд нь нийслэлийн төсвийн орлого, зарлагыг олон нийтийн санал авч, хэлэлцдэггүй байсан бол одоо хэлэлцэж байгаад баяртай байна. Төсвийн орлого, зарлага ямар байхыг хэлж байгаа ч төсвийн гүйцэтгэлийг хянах тогтолцоо одоо ер нь байна уу. Хороонд мөнгө өгдөг. Гэвч түүгээр нь ажилтнуудаа шагнаад, хамаагүй үрж байна шүү дээ. Жишээ нь, Шинэчлэл гээд компани байна. Тэднийх 31 барилгын дээвэр засах ажил авсан. Гэтэл нойтон дээвэр дээр хар цаас наачихсан байх юм. Өнөөх нь өвөл хөлдөж, хагарна. Ганц дээвэр ч биш, өчнөөн олон дутагдалтай зүйл ажиглагдсан. Хийж байгаа зүйл чинь ийм байна гэхээр хүлээж авахгүй юм. Төсвийн мөнгийг ингэж зарцуулдаг хэрэг үү” гэсэн юм.

Уг асуудалд, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Төсвийн зарцуулалтын хяналт, шалгалтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцдаг. Тэр Шинэчлэл гээд компанид гарсан зөрчлийн хувьд, бид шалгах болно” гэж хэлж байсан.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Улаанбаатарын хамгийн үнэтэй газраас иргэд бид ямар ашиг авч байна вэ гэдгийг асуумаар байна. Газар олгоход төлбөр авдаг ч барилга барьж, үйл ажиллагаа явуулсаны дараа үндсэн хөрөнгийн татварыг одоо ер нь авч байна уу. Энэ дагуу бол Зайсан орчмоор олгосон газрын зөвшөөрөл эзэмшигчээс татвар авдаг баймаар байна. Үндсэн хөрөнгийн татвараас төвлөрүүлсэн орлогоо хот тохижуулалтад ашиглаж болно шүү дээ. Зайсангийн газраас татвар авсан бол Дамбадаржаа орчмын замыг сайжруул л даа” гэж хэлж байлаа.

Ийнхүү нийслэлийн ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийсэн бол санал, дүгнэлтийг нэгтгэн ирэх сарын 4-нд УИХ-ын чуулганаар оруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Малчид тулгамдаж буй асуудлаа хөндлөө

Төв аймгийн Лүн сумын малчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд малчдад тулгамдаж буй асуудлыг хөндсөн юм.

Өнөө цагт мал маллах хүн цөөн болж, ихэнх залуус төв суурин газар амьдрах болсон учир малчид санаа зовж байлаа. Мөн тэдэнд “Малчдын ордон” барих санал байгаа бөгөөд малчид ард иргэдийг дэмжихийг уриалсан юм.

Учир нь малчид гэхээр эрдэм, боловсролгүй, соёлоос хоцрогдсон хүмүүс гэж нийгэм ойлгодог тул энэ ойлголтыг халах, алдар цуутай үе, үеийн малчдын нэрийг сэргээх гээд олон ажлыг ордон барьснаар хийж болох юм гэж үзэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболдын бусад намуудтай хамтарч ажиллах уриалгын тухай

УИХ-ын дарга, З.Энхболд АН-ын дарга болсон даруйдаа Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг дэмжих талаар УИХ-д суудалтай бусад нам, эвслүүдтэй хамтарч ажиллах урилга хүргүүлэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гаригт Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход дэмжээрэй гэсэн албан тоотыг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд явуулсан байна.

Үүний хариуд Иргэний зориг Ногоон нам Ч.Сайханбилэгийг дэмжих хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн бол МАН өнөөдөр Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Харин “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлэг одоогоор албан ёсны хариугаа өгөөгүй байгаа ажээ.

Намын дарга З.Энхболд ийнхүү бусад нам, эвслүүдэд албан тоот явуулсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг үндэслэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тахарын ерөнхий газарт тусгай тоноглогдсон автомашин хүлээлгэн өглөө

Хууль зүйн яамнаас өнөөдөр Тахарын ерөнхий газарт тусгай тоноглогдсон УАЗ фургон маркын 10 автомашин хүлээлгэн өглөө. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2013 оны долдугаар сард Тахарын албаны тухай хууль баталж, улмаар Засгийн газрын 2014 оны VII тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газар байгуулагдсан. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэх сурвалжлах үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлэхэд ялангуяа шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаа нь тусгай тоноглогдсон, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр гүйцэтгэх шаардлагатай байдаг. Энэ үүднээс дээрх автомашинуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд Тахарын ерөнхий газрын 1-10 дугаар тойргийн Тахарын албадад хуваарилсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж олон ноцтой баримт дэлгэнэ гэв

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг өчигдөр зарим сувгуудаар цацагдсан. Зарим хүн түүний ярьсан зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа цахим ертөнцөөр өнөөдөр илэрхийлсэн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байв. Тэрээр дөнгөж өнөөдөр нээсэн өөрийн твиттер хуудсанд “Зарим нэг хүмүүс намайг идэвхтэй байдалд орууллаа. Орой ТВ2-оор Л.Мөнхбаясгалантай ярилцана” хэмээн бичсэн нь Н.Энхбаярын ярьсан зарим зүйлд тайлбар өгөх гэсэн хэрэг бололтой.

Тэрээр мөн “Би бүх хүнд хариу бичиж чадахгүй байх. Цензургүй яриа нэвтрүүлгээр олон ноцтой мэдээлэл хүргэнэ” хэмээн жиргэсэн юм. Олон төрийн нүүр үзсэн ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж өнөө орой Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг ямар ноцтой баримтууд дэлгэх бол гэсэн асуулт үлдлээ.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжив

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухайхуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн найруулж төслийг боловсруулсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар Гэр бүлийн тухай хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй зайлшгүй уялдуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гэр бүл салсны дараа хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөгддөггүй тохиолдол маш их байна. Тэтгэмжийн мөнгө гэр бүл салсны дараах хүнд цаг үед л хүүхдүүдэд хэрэг болдог. Харин олон жилийн дараа бөөнөөр нөхөн төлүүлэх нь оновчтой биш. Тэтгэмжийн мөнгийг төлүүлэх процесс маш удаан хугацаа шаарддаг. Гэр бүл салсны дараа амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээлийн талаар олон ээжүүд ярьдаг. Иймд хүүхдийн тэтгэмж төлдөггүй эцгийн өмнөөс тухайн гэр бүлийн хүүхдэд тэтгэмж олгох сан бий болгох хэрэгтэй. Энэ жишиг бусад улс оронд байдаг гэв. Мөн хуулийн төсөлд шинэ нэр томьёо нэлээдгүй оруулж ирснийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ онцолж, хамтран амьдрах гэсэн зүйл, заалтыг заавал хуульчлах шаардлага байгаа эсэхийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.

Хуралдаанаар хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулах, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллахад гишүүд санал нэгдэв.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 85,7 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар, 2004 оноос хойших хүн ам зүйн өөрчлөлтийг энэ бодлогын гол зорилго болгож, уг өөрчлөлтийг тойрсон хүн амын асуудлыг цогц байдлаар олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний зорилтуудтай уялдуулан шийдэхийг зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсуудтай хийсэн гэрээ хэлэлцээр, МХЗ-ууд, ХАХОУБХ-ын ҮАХ зэрэг нь энэхүү бодлогын ерөнхий хүрээг тодорхойлж өгч байгаа ба үндэсний эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёл зан заншилтай холбоотой олон тулгамдсан асуудлууд энэхүү бодлогын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтын илэрхийлж өгч байна. Бодлого нь хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтыг чиглүүлж буй хэд хэдэн зарчмуудад тулгуурлаж байна. Эдгээр зарчмууд нь уг бодлогын үйл ажиллагаа, үр дүнгийн хэрэгжилтийн хүрээг тодорхойлж, арга замыг ч зааж өгч байгаа юм. 2004 оны хүн амын бодлогоор дэвшүүлэгдэж байсан ч шийдэгдээгүй хүн амын тулгамдсан асуудлууд энэхүү шинэ бодлогод тусгагдсан тул 2004 оны бодлогын зарим зорилго, зорилтуудын агуулга шинэ бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтуудын агуулгатай давхцаж байгаа юм.

Бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхийг зорьсон гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, хүн хөгжих орчин бүрдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл энэ талаар төр, засгаас тодорхой хийж гүйцэтгэх ажил үгүйлэгдэж байна. Өнөөдөр хүн хөгжих нь байтугай төрөөс үйлчилгээ авах асуудал хүнд байгаа гээд, хүн хөгжих орчин гэдгийг юу гэж ойлгох талаар тодотгосон.

Монгол хүний хөгжлийн асуудлыг сүүлийн 20 гаруй жил орхигдуулж ирсэн. Энэ бол маш том алдаа байсан гэж харж байгаа. Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг баталснаар эрх зүйн тодорхой шинэчлэлүүдийг хийх шаардлага гарна. Энэ хүрээнд зарим хуулийн төслүүд өргөн баригдаад байна. Өнөөдөр эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа хүн амын хөгжлийн цоо шинэ эрх зүйн орчинг бий болгохоор зорьж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Мөн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, төрөөс хүн амын талаар баримтлах цогц бодлогын хүрэх үр дүнг илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, бодлогын гол зорилго нь хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх асуудал гэдгийг чухалчилж, хүн амын өсөлтийг бодлогоор дэмжихэд анхаарах хэрэгтэй гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 92,2 хувийн саналаар дэмжлээ.

Мөн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлЗасгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 58,3 хувийн саналаар хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хорооны ирц хүрсэнгүй

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 13.00 цагт хуралдах байсан ч хойшиллоо. Учир нь УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй юм. Уг нь энэ хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх Үндэсний аудитын газрын тайлан, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг тус бүр сонсохоор төлөвлөсөн байв.

Categories
мэдээ нийгэм

Физикчид зөвлөлдөв

Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн нь төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, Монголын Физикийн Нийгэмлэг, аж ахуйн нэгж, хувийн сектро болон гадаадад ажиллаж сурч байгаа физикчид хамтран “Физикчдийн үндэсний II форум”-ыг энэ сарын 15-нд зохион байгуулжээ.

Уг форумыг анх 2012 онд тухайн үеийн МУИС-ийн Физик электроникийн сургууль санаачлан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн МУБИС-ийн Физик технологийн сургууль, Монголын Физикийн нийгэмлэг хамтран “Физик, физик боловсролын асуудал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний хурал буюу Монголын физикчдийн ихэнх төлөөллийг хамарсан “Физикчдийн үндэсний анхдугаар форум”-ыг зохион байгуулж байсан юм. Уг форумаас хойш жил бүр физикчид маань ийнхүү зөвлөлдөж байхаар болсон билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг томилох асуудалд МАН-аас мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайдаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг томилох Ардчилсан намын саналыг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдрийн турш хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргажээ. Энэ тухай МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар сэтгүүлчдэд мэдээлэв.

МАН-ын Удирдах зөвлөл нийт 21 гишүүнтэй бөгөөд 63 хувь нь “Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилуулах саналыг дэмжих боломжгүй” хэмээн үзжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн намын Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг дагана гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо.

Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, өнөөдөр өглөө Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод албан ёсны шийдвэрээ хүргүүлсэн аж. Ингэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын танхимд ажиллаж байсан, эдийн засаг хүндрэхэд, өр бий болгоход оролцсон гол хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжих боломжгүй. Харин одоогийн нөхцөл байдлаас гаргаж чадах хүнийг Ардчилсан нам, ҮЗХ-ооноос дахин нэр дэвшүүлсэн нөхцөлд саналыг нь хүлээн авах боломж байна гэдгээ илэрхийлжээ.

Мөн хуулиараа УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудалд шийдвэр гаргахгүй. Бүлэг хуралдсан ч гишүүдийнхээ саналыг сонссон. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжжээ гэдэг нь ташаа ойлголт. Зөвхөн Удирдах зөвлөл дээр санал хураалт болсон гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Харин МАН-ын дарга М.Энхболд “МАН Засаг төр ажилдаа хурдан орох ёстой гэдэг зарчмыг барьж байгаа. Ардчилсан намаас Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах хүсэлтээ зөвшилцөхөөр энэ сарын 17-нд ирүүлсэн. Тэр дагуу нь МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ 18-нд гаргалаа. Ингэхдээ өмнөх Засгийн газрын алдааг засч, залруулах Засгийн газар гарч ажиллах нь илүү ач холбогдолтой гэдэг агуулгаар хандаж байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баатарсүрэн: Сонины зар сурталчилгаа нь бүх цаг үеийн туршид судлагдчихсан, сонгодог хэлбэр юм

Монголын лектор” төвийн захирал С.Баатарсүрэн, сургагч багш Н.Цогжавхлан нартай ярилцлаа.

Танай төвөөс “Зар сурталчилгаа ба сошиал медиа” сургалтыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Уг үйл ажиллагааны талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд зар сурталчилгааны хандлага нэлэнхүйдээ өөрчлөгдсөн. Энэ байдал юунаас болов гэхээр технологийн хөгжил, хүн бүрт байгаа ухаалаг төхөөрөмжийн хөгжил, интернэт сүлжээний тархалт гэх мэт зүйлсээс үүдэлтэй. Үүнийгээ дагаад зар сурталчилгааны үндсэн шаардлага буюу бүтэц, дизайн, зохиомж гэдэг зүйл өндөр түвшинд оччихоод байна. Өнөөгийн манай рекламны зах зээлийг харж байхад уламжлалт буюу хуучин арга хэрэгслээс салахгүй байгаад байна. Зар сурталчилгааг тухайн үеийнхээ цаг хугацааны шалгуурт нийцсэн байдлаар зохиомжлон хийх ёстой. Үүний дараа өөрийн гэсэн үр дүнтэй байршилд байрлах ёстой юм.

Өнөө үед интернэтийн хөгжлийг дагаад зар сурталчилгааны эрхзүйн зохицуулалт гэдэг зүйл гарч ирж байгаа. Бид өмнө нь дуртай зүйлсээ аваад ашиглаж, зар сурталчилгаа явуулж болдог юм байна гэсэн ойлголттой явж байлаа. Гэтэл энэ нь өнөө үед олон улсын шүүхэд дуудагдахуйц хэмжээнд очиж магадгүй болчихоод байна.

Бидний өмнө тулгамдаж буй дараагийн нэг томоохон асуудал бол нэг нэгнээсээ хуулдаг байдал руу орчихжээ. Үүний эрхзүйн зохицуулалтыг хэрхэх вэ гэдгийг ч энэ удаагийн уулзалтаараа ярихаар төлөвлөөд байна.

Үүний зэрэгцээ бизнест сошиал медиаг хэрхэн ашиглавал зохистой вэ, ямар стратеги байдаг вэ, ямар төрлийн сошиал медиа өнөөдөр Монголын нийгэмд боломжтой байна вэ. Сошиал медиа өөрөө бусад хэвлэл мэдээллийн зар сурталчилгаа түгээж байгаа арга хэрэгслүүдээс ямар үр нөлөөтэй юм бэ гэдэг талаар ч компаниудын маркетингийн төлөөллүүдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байгаа юм.

Зар сурталчилгаа, бүтэц зохиомжийн асуудал гэдгээ тодруулахгүй юу. Ямар зохиомжтой байх ёстой юм бэ?

-Зар сурталчилгаа нь сонин хэвлэл, гар утас, телевиз, радио гэх мэт мэдээллийн хэрэгсэлд тулгуурлаад зорилтот, цогц мэдээллийг хүнд хүргэх зориулалттай. Гэтэл өнөөдөр Монголын зар сурталчилгаа нь бүтцийн талдаа аваад үзэхээр зөвхөн хүмүүсийн сонирхлыг татах талдаа илүү анхаарч, зохиомж тал дээрээ сул хандаж байгаа нь харагддаг. Угтаа бол зар сурталчилгаа гэдэг бол уран бүтээл. Өөрөөр хэлбэл, манай өнөөдрийн зар сурталчилгаанууд уран бүтээл биш болчихоод байна.

Тэгвэл эрхзүйн орчин ямар байгаа вэ. Өнөөдөр манайд нэвтэрч байгаа зар сурталчилгаанууд хууль, дүрмээ биелүүлж чаддаг уу?

-Өнөөдөр явж байгаа зар сурталчилгаа нь Оюуны өмчийн болон Зар сурталчилгааны тухай хууль гэх мэт хууль, дүрэм журамд тулгуурлан явах ёстой. Гэвч манайд эдгээр хууль, дүрэм огт мөрдөгдөж чадахгүй байна. Одоо манай рекламнуудын үндсэн зохиомж нь үүнийг л идэхгүй, хэрэглэхгүй бол чи хүн биш гэдэг. Жишээлбэл, хүүхдэд зориулсан рекламууд бүгд хууль зөрчиж байна. Аливаа зар сурталчилгаа нь бүгд өөрийн орны болоод олон улсын гэрээ конвенцийн хүрээнд явах учиртай. Гэтэл өөрөө шийдвэр гаргаж чадахгүй бөгөөд бусдын хараа хяналтад байдаг хүүхдийг хэт уриалсан, дуудсан, үүнийг л хэрэглэхгүй бол доод түвшний хүн болж харагдах утгатай реклам хийсээр байна. Гэтэл үүнийг олон улсын гэрээ конвенциудаар хориглосон байдаг. Тэнэмэл болон гудамжинд хог түүдэг хүүхдийг харуулж байгаа нь нэг талаас нийгмийн үзэгдэл боловч хүүхдийн сэтгэлзүйд үлдэх дохио талаасаа түүнийг хэтэрхий хэрцгий, хэнэггүй болгож байдаг. Олон удаа ийм зүйл үзсээр дараа нь хэр баргийн зүйлд айж цочихоо болихыг хэлээд байгаа юм. Энэ байдал бол зар сурталчилгаа нь зохиомж талаасаа бус уралдаж хүмүүст цочроо өгөх зорилгоор яваад байгаа буруу жишгийг харуулж байна.

Манай зар сурталчилгаа бүхэлдээ тийм байна гэж үү?

-Бүхэлдээ тийм. Таны зиндааг тодорхойлно, үүнээс өөр сонголт үгүй гэх мэтээр бүгдийг хагаралдуулсан байдлаар дүрсэлж байгаа зохиомж нь нийгэмд өгөх үр өгөөжөө алаад байгаа.

Үүнээс гадна бүх рекламуудад хэт олны танил хүмүүсийг тоглуулдаг. Ерөөсөө л улиг болсон хэдэн хүмүүсээр нүдчихдэг. “Хасар” Жагаа гэдэг жүжигчин байна. Үүнийг Жагаа гэдэг хувь хүн талаас бус уран бүтээлч гэдгээр нь ярьж байгаа юм шүү. Зохиомж талаас нь аваад үзэхээр нэг өдөр “Хатан маань ч гомдохоо больсон шүү” гэж байснаа маргааш нь хаан болчихсон, нөгөөдөр нь “Би ч гэрийн сайн эзэн шүү” гээд сууж байдаг. Энэ нь интерфэйс буюу дүр төрх хадгалалт гэдэг зүйлийг үгүй болгож байгаа юм. Хамгийн энгийн жишээ байна. Исүс Христосын дүрд тоглосон АНУ-ын жүжигчнийг Холливудын тухайн жилийн орлогын 80 хувьтай тэнцэх хэмжээний цалингаар цалинжуулаад өөр кинонд насаар нь тоглуулахгүй байх гэрээ байгуулж байсан. Энэ бол зохиомж талаасаа бүтээгдэхүүн хоногшуулалт хийж байгаа юм. Тэр жүжигчин хүүхэн эргүүлээд юм уу, гадаад хүн зодох байдлаар дараагийн бүтээлүүдээр гараад ирвэл Исүс Христос хэн ч биш болно шүү дээ. Нөгөө талаас үр дүнтэй байршуулах асуудал байна.

Энэ юу гэсэн үг вэ?

-Энэ удаагийн уулзалтаараа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зар сурталчилгааны үнээ өсгөөч гэж уриалах гээд байгаа юм. “Гуравдугаар хорооллын эцэст Солонгосын хип хоп хувцас хямдарлаа” гэдэг үгэн зар Үндэсний телевизээр явж байна гэдэг бол хэтэрхий хямд үнээр, хэн дуртай нь реклам цацаж байгаа хэрэг. Энэ бол байршуулалт бус шүршилт болчихоод байгаа юм. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр үр дүнтэй, чанартай рекламыг өөрт тохирсон сурталчилгааны суваг дээр байршуулах ёстой юм.

Ийм сургалт явуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зар сурталчилгаануудад судалгаа хийсэн байх. Ер нь үзэгч, уншигчдад хүрч буй манай зар сурталчилгаа дэлхийн түвшний хаана нь явна вэ?

-Зарим компаниудын зар сурталчилгаа дэлхийн жишигт хүрчихсэн. Харин дийлэнхи нь доогуур түвшний зар сурталчилгаа хийж байгаа.

Та зөвхөн телевизийн зар сурталчилгааны талаар ярьж байна уу?

-Бүхий л түвшинд үзэгчдэд хүрч буй зар сурталчилгаануудыг ярьж байгаа юм. Ер нь бол манай зар сурталчилгаа хийдэг компаниуд дэлхийн түвшинд хийж буй рекламуудыг араас нь хөөх байдлаар явж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манайд сошиал медиа илүү “мода”-ны байгаа бол дараагийн алхам буюу төхөөрөмжид, аппликейшнд тулгуурласан гэдэг зүйлийг дэлхийн зар сурталчилгаа хийгчид ашигладаг болчихож. Ингэж дэлхий нийт зар сурталчилгаа гэдэг бол контент бүтээх үйл явц юм байна гээд яаж контент бий болгох вэ гэдэг асуудлыг тавьдаг болж байна. Энэ нь манайхаас хоёр, гурван жилийн өмнө явж байна гэсэн үг. Гэхдээ бидэнд гүйцэх боломж бий.

Тэгвэл сонин хэвлэлийн зар сурталчилгааны талаар ярихгүй юу. Сүүлийн үед хэвлэлд хандсан зар сурталчилгаа ихэсч байгаа. Энэ ямар учиртай гэж та бодож байна вэ?

-Сонин бол өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчидтэй. Улмаар тодорхой, тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үр дүнгээ өгдөг. Сониноор бохь сурталчлахын оронд ажлын байр гэх мэт зар сурталчилгаа явуулбал уншигчдад илүү баталгаатай санагддаг.

Сонин, радио, телевизийн зар сурталчилгааг уламжлалт маркетингийн арга хэрэгсэл гэж хэлдэг. Ялангуяа сонин хэвлэлийн зар сурталчилгаа нь бүх цаг үеийн туршид судлагдчихсан сонгодог арга хэлбэр юм. Ямар ч сонгодог хэлбэр тодорхой цаг хугацааны дараа сэргэдэг, үнэ цэнэтэй болдог. Харин яг өнөөдөр эсвэл маргаашийн тухайд манайд бол сошиал медиа буюу төхөөрөмж, интернэт сүлжээнд тулгуурласан маркетингийн арга хэрэгсэл эрчимтэй хөгжиж байна. Энэ цаг хугацаанд нь үүнийг үр дүнтэй ашиглах нь чухал. Гэхдээ энэ нь уламжлалт буюу сонгодог зар сурталчилгаанаас тэр чигт нь татгалз гэж байгаа юм биш. Хослуулаад хэрэглээд явах нь ашигтай л гэж хэлэх гээд байгаа юм.

Телевизийн зар сурталчилгаа буурч байгаа гэсэн. Яагаад тэр юм бол?

-Телевизийн зар сурталчилгаа буурч байгаа. Энэ нь нэгдүгээрт, хямралын асуудал үүсээд ирэхээр компаниуд маркетингийн зардал болон хүний нөөцөө танадагтай холбоотой байх. Нөгөө талаас зар сурталчилгааг хэзээ ч бууруулж болохгүй зүйл. Ямар ч бизнес, бизнесмэн амьд байгаа гэдгээ үргэлж мэдэгдэж байх ёстой.

Орчин цагт хамгийн зардал багатай зар сурталчилгаа бол сошиал медиа. Тэгэхээр магадгүй телевизээр зар сурталчилгаа явуулж 100 мянган хүнд хүргэхийн тулд 5-6 сая төгрөг зарцуулдаг бол сошиал медиагаар 50-60 ам.долларын зардал гаргаад 100-150 мянган хүнд хүргэж байх жишээтэй.

Ер нь яваандаа сонин хэвлэл ч гэсэн аппликейшинд тулгуурласан зар сурталчилгаа явуулаад эхэлнэ. Хэвлэлтийн цаасны зардал хэмнэсэн гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл, 1997 оны аравдугаар сарын 10-ны өдрийн “Өдрийн сонин”-ы дугаарыг утсан дээрээ тохирсон хувилбараар хайгаад уншчихдаг хувилбар руу орох болов уу.

Т.ГЭРЭЛМАА