Categories
мэдээ улс-төр

Санал асуулгаар МАН засагт орохыг 52.6 хувь нь дэмжжээ

МАН-ын “Стратеги” академиас МАН Засгийн газарт орж, хамтрах эсэх асуудлаар ард иргэдийн дунд энэ сарын 25-наас 27-ны хооронд судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааныхаа талаар “Стратеги” академиын тэргүүн Я.Төмөрбаатар мэдээлэл хийлээ. Судалгаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймгийн нийт 2500 иргэн хамрагджээ.

Судалгааны урьдчилсан дүнгээс харахад Улаанбаатар хотын иргэдийн 63 хувь нь, хөдөө орон нутгийн иргэдийн 47 хувь нь “МАН Засагт орж ажиллах нь зөв” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, нийлбэр дүнгээр 52.6 нь дэмжиж, 47.4 хувь нь эсэргүүцжээ. Харин тус намын мэдээлж байгаагаар судалгаанд оролцсон хөдөөгийн иргэдийн 69.2 хувь нь нам бус иргэд байсан гэнэ. Мөн Улаанбаатар хотын иргэдийн 35.9 хувь нь МАН засагт орох нь “Улс орон эдийн засгийн хямралаас хурдан гарах байх” гэж хариулсан байна.

Дашрамд дурдахад, МАН-ын Бага хурал анх эхлэхдээ 63.5 хувьтай байсан бол одоогоор 310 гишүүнээс 250 нь ирж 75 хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй дээд лигийн тоглолт даваа гарагт эхэлнэ

Үндэсний супер лигийн тоглолтууд эхлээд удаагүй буй. Уг тоглолт ирэх даваа гараг хүртэл үргэлжлэн явагдана. Энэ сарын 27-оос эхлэн эрэгтэйчүүдийн легионер багууд тоглолтоо хийгээд байгаа билээ. Эхний өдөр Хэнтий аймгийн “Чингис сити” баг, “Гэгээн хангай лидер” багтай тоглож улирлын хоёр дахь хожлоо хийсэн юм. Мөн уг өдөр Төв аймгийн “Төв ургац” болон Дундговь аймгийн “Азарганууд” багуудын хооронд гуравдахь тоглолт болж 102:89 харьцаатай ялалт байгуулж, улирлын гурав дахь хожлоо авсан байна.

Мөн дашрамд дурдахад, Монголд анх удаа эмэгтэй дээд лиг болох “Үндэсний супер лигийн” тэмцээн ирэх даваа гарагт буюу 12 дугаар сарын 1-нд СТО-нд эхлэх гэж байна. Эмэгтэй 1 тоглолт болсоны дараагаар эрэгтэй тоглолтууд үргэлжлэн явагдах юм.

Categories
гадаад мэдээ

Бээжинд тамхины хууль хэрэгжиж эхэлсэн байна

Хятадын нийслэл Бээжин хотноо олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ. Нийтийн тээвэр, сонин, сэтгүүлийн нүүр хуудаснаа тамхи татахыг хориглосон сурталчилгааг байршуулах болжээ. 300 сая тамхичинтай Хятад улс өмнө нь дээрх хоригийг тавьж байсан ч бүрэн хэрэгжиж чадаагүй аж. Гэхдээ энэ удаа автобус, ажлын байр, сургууль, эмнэлгийн ойролцоо тамхи татахыг хориглосон байна. Монголд байдаг энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд зочид буудал, ресторан зэрэг газруудад тамхи татахыг зөвшөөрсөн олон нийтийн газруудыг байгуулжээ. Хятадад тамхитай хамааралтай архаг өвчнүүдийн улмаас жилд олон сая хүн хорвоог орхидог гэсэн судалгаа байдаг байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьж байна

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан “Тусгаар тогтнолын ордон”-д эхэллээ. Хуралдаан 63.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд яг одоо МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН АН-тай Засгийн газарт хамтрахгүй, харин улс орны хэмжээний томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд шийдлийн Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэг урьдчилсан шийдвэрт хүрээд байгаа гэх мэдээ байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Т.Батцэцэг шилдэг 20 багтаж байна

Английн нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд Азийн топ модель Т.Батцэцэг эх орноо төлөөлж оролцож байгаа билээ. Тэмцээн эхэлснээс хойш өдгөө мисс Т.Батцэцэг тун ч амжилттай оролцож байгаа. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа юм. Тэдгээр бүсгүйчүүдийн танилцуулга, зургийг www.ranker.com сайтад байршуулж дэмжигчид нь саналаа өгч байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монголын мисс Т.Батцэцэг эхний 20д шалгарсан амжилттай оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал нээлттэй болно

МАН-ын 2-р бага хурал өнөөдөр 13 цагаас товлогдоод буй. Уг хурлыг ард түмэн, сэтгүүлчдэд нээлттэ хүргэх зорилготойгоор МАН-ын ОНХМТГ-аас наймдугаар давхарт хэвлэлийн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулах гэж байна. Энэ хэсэгт сэтгүүлчдийг интернэтээр хангахаас гадна цай, ундаар үйлчлэх гэнэ. Мөн ярилцлагын хэсэг, мэдээллийн төв гэсэн дөрвөн хэсэгтэйгээр ажиллахаар болсон байна.

Categories
мэдээ спорт

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нд Спортын төв ордонд болох гэж байна.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-ын жинд болдог юм. Уг тэмцээн хөнгөн жинд шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой гэдгээрээ онцлог юм байна. О.Пүрэвбаатар 2009 онд зодог тайлсан аж. Монголын чөлөөт бөхийн холбооноос тухайн үед түүнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор тэмцээнийг анх зохион байгуулжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны үнийн дүн сарын дотор 3.8 дахин өсчээ

Монголын хөрөнгийн бирж энэ сард нийт 20 удаагийн арилжаагаар 57 компанийн 2,510,107.0 ширхэг хувьцаа арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь өмнөх сарын хувьцааны арилжааны үнийн дүнтэй харьцуулбал 1.9 тэрбум төгрөг буюу 3.8 дахин өссөн байна.

Мөн Монголын хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг хөрөнгийн биржээр дахин явуулах нөхцөлийг бүрдүүлснээр арваннэгдүгээр сард тус үнэт цаасны арилжааг 4 удаа зохион байгуулж, нийт 12.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжжээ.

Энэ сард нийт 2,637,729 ширхэг үнэт цаасыг арилжиж, 15.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд өдрийн дундаж арилжааны үнийн дүн 765 сая төгрөг байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Украины салан тусгаарлагчдад хориг тавьжээ

Европын холбооноос бямба гаригт Украины 13 салан тусгаарлагч болон тус улсын хуулийн таван байгууллагад хориг тавьжээ. Өөрсдийгөө тусгаар улс хэмээн тунхагласан Луганск, Донецкийн ардын бүгд найрамдах улсын удирдлагууд үүнд багтаж байгаа аж. Тэднийг Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, ЕХ-ны гишүүн орнууд руу нэвтрэхийг хоригложээ. Мөн Европын орнуудад дахь тэдний нэрэн дээрх дансыг нь хаажээ. Мөн ЕХ-ны зүгээс энэ сарын сүүлч гэхэд дээрх хоёр улсын удирдагчдыг “хар жагсаалт”-даа оруулахаар бэлтгэж байна. Улмаар Европын холбоо нь Оросын болон Украины нийт 132 иргэнийг хар дансандаа оруулах гэнэ. Үүнд ОХУ-ын хүчний байгууллагын төлөөлөл, зарим парламентын гишүүд, бизнесмэнүүд, Крымын орон нутгийн удирдлагын төлөөлөл ч бас багтаж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл” наадмын шилдгүүд ирэх сарын 3-нд тодорно

26 дахь жилдээ зохион байгуулагдах “Гоёл” наадам өнөөдөр албан ёсоор 14.00 цагт нээлтээ хийх гэж байна. “Гоёл-2015” наадмын салхийг хагалан “Blue Sky”-ын “Crystal” танхимд “Монголын загварын долоо хоног” эхлэх юм байна. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадамд энэ жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад бүтээлээ өрсөлдүүлэх юм. Загварын агентлагуудын 50 шилдэг модель тэдний бүтээлийг тайзнаа амилуулах нь. Харин “Гоёл-2015” наадмын шилдгүүд ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.