Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой гэр бүл” өдөрлөг амжилттай боллоо

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо нь залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилготой “Тогтвортой гэр бүл” өдөрлөг өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн нээлтэнд Монголын Залуучуудын Холбооны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга, УБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хүн Амын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, Залуучуудын Гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүлэгч гишүүн, гэр бүл судлаач Ц.Одгэрэл зэрэг хүмүүс оролцож өдөрлөгийг нээсэн юм. Үүний дараагаар өдөрлөгт оролцож буй залуу гэр бүлүүддээ “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Залуу гэр бүлд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө” сэдвээр сонирхолтой сургалт, зөвлөгөөг хүргэсэн нь оролцогч залууст үр өгөөж сайтай байлаа. Түүнчлэн оролцсон хосууддаа “Даймонд” гэрэл зургийн студид 20%, “Мишка” орос өлгийн дэлгүүрт 15%, Нярайн асаргааны зөвлөмж DVD 30%, Хүүхдийн угаадаг даавуун живхийг 20%, Тод дэлгэц эмэгтэйчүүдийн эмнэлгээр 10% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгийг гардууллаа.

Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ. Гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцөл бий болоод буй өнөө үед тогтвортой гэр бүлийг бий болгоход залуусын үүрэг оролцоо чухал байгааг сануулсан сонирхолтой арга хэмжээ боллоо хэмээн уг өдөрлөгт оролцсон залуус маань онцоллоо. Дашрамд дуулгахад “Тогтвортой гэр бүл” өдөрлөг цааш үргэлжлэн Улсын Нэгдүгээр амаржих газарт очиж дээр дурьдсан төрөл бүрийн хөнгөлттэй үйлчүүлэх эрхийн бичгүүд болон Залуу гэр бүлд зориулсан гарын авлагыг залуу гэр бүлүүддээ хүргэх аян өрнүүлэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал, Орхон аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн тоглолтын дараа маргалдаж, Ц.Алдармаа Д.Оюунтуул руу буцалсан ус цацсанаас Д.Оюунтуул хүнд гэмтэн, биеийнх нь 35 хувь түлэгдсэн байдалтай Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн. Тус хэрэгт дүүргийн нэгдүгээр Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 665 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Ц.Алдармаад 7 жил 3 хоногийн хорих ял ногдуулсан юм. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Улсын яллагчаар Б.Бямбадагва оролцож, шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Батсайхан даргаллаа. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг, Б.Дашдорж, Т.Мөнхтуяа, Н.Мандах, Д.Энхцэцэг нар оролцсон юм.

Шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг хянаж үзээд гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Харин Ц.Алдармааг урьдчилан хорих, Д.Оюунтуулыг бусдын батлан даалтад байлгахыг хэвээр үлдээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Их гүрнүүдийн хоорондын зөрчил Монголын эдийн засагт шинэ боломж өгнө гэв

“Мандал даатгал”-ын эрсдэлийн шинжээчид олон улсын эдийн засгийн эрсдэл, Монголд үзүүлэх нөлөөллийнх нь талаар ээлжит тайлангаа гаргажээ.

Монголын эрсдэлийн тайлангийн хувьд гурав дахь удаагаа бэлтгэн гаргаж байгаа нь энэ юм. Шинжээчид энэ оныг “АНУ-ын хувьд эдийн засгийн хувьд өсөлт ахисан, Европын тухайд өсөлт удааширсан, Хятадын хувьд эдийн засаг өсөлт бууралттай жил болж байна” гэж дүгнэжээ. Энэ утгаараа олон улсын макро эдийн засгийн Монголд үзүүлэх нөлөө сөрөг байгаа аж.

Монголын эдийн засгийг тэд дотоод эдийн засгийн хувьд ханшийн өндөр өсөлттэй, өрийн дарамттай, уламжлалт бус мөнгөний бодлогоос үүссэн инфляцийн өсөлттэй, мөнгөний урсгалын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн өсөлт саарсан, банк санхүүгийн системд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нүүрлэж болзошгүй гэж оношилжээ. Үүнээс гадна ханшийн өндөр хэлбэлзлийн улмаас хувийн хэвшил, иргэдийн валютын ханшаас хүлээх алдагдал ноцтой хэмжээнд тулж бизнесийн ашиг, орлогыг хамах болсноор хүнд нөхцөл байдал дунд байна гэсэн анхааруулгыг онцолжээ. Хамгийн гүнзгийгээр хямарсан гэгддэг 2009 оны сүүлээр ажилгүйдлийн түвшин арав гаруй хувьд хүрч байж. Харин энэ оны наймдугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрч буурчээ. Уг үзүүлэлтийг “Мандал даатгал”-ын шинжээчид эрс сайжирсан үзүүлэлт гэж тодотгожээ. Ажилгүйдлийн түвшин тав орчим хувьд хүрсэн үед хөдөлмөрийн зах зээл хэвийн түвшинд орлоо гэж үзнэ хэмээн Монгол банкнаас мэдэгдэж байгаа. Харин шинжээчдийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал хэвийн түвшиндээ хүрэх хараахан болоогүй хэмээн үзэж байгаа аж.

Их гүрнүүдийн хоорондын зөрчил дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлж байгаа ч Монголд шинэ боломж өгнө гэж “Мандал”-ынхан тайландаа онцолжээ.

Эрсдлийн тайланд “Украины хямрал ОХУ-ыг барууны орнуудаас зайгаа барихад хүргэж Хятадтай ойртох шалтгаан боллоо. Харин Монголын хувьд дунд нь оршиж байгаа боломжоо аль ч талдаа ашигтай байдлаар эргүүлж чадвал эдийн засаг маань дан ганц түүхий эдийн үнээс хараат бус болох боломжтой” гэсэн өгүүлбэрүүд дурайж байна. Гэвч нөгөө талд Орос, Хятадаас улам хүчтэй хамааралтай болох эрсдэл ч байгааг үгүйсгэсэнгүй. Шинжээчид эрх баригчдад “Хоёр их гүрний эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ улсаа хэрхэн амжилттай хөгжүүлэх вэ гэсэн асуултанд нэн даруй хариулж, урт хугацааны бодлого боловсруулан төлөвлөгөө гаргах зайлшгүй шаардлага үүсч байна” гэсэн зөвлөгөө өгчээ.

Америкийн хувьд энэ жил хөдөлмөрийн зах зээл сэргэсэн, санхүүгийн зах зээл сайжирсан үе байж. Ирэх онд улам сайжрах төлөв ажиглагдаж байгаа гэнэ. АНУ хямралын дараагаас эдийн засгаа эрчимжүүлэх мөнгөний хүчтэй тэлэх бодлогыг явуулж ирсэн аж. “Мандал”-ын шинжээчид олон улсын эрсдлийн тайландаа Америкийн хэрэгжүүлж буй бодлогын талаар “2007 оны сүүлээс 2009 оны эхэн хүртэл мөнгөний бодлогын хүүг 5.25 хувиас 0.25 хувь болтол эрчимтэй бууруулж тэлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүллээ. Энэ нь Засгийн газрын өрийн хэрэгслийг худалдан авч хөрөнгө оруулалт хийн хүүг бага түвшинд барих замаар нийт эдийн засагт хийгдэх хөрөнгө оруулалтыг өдөөх зорилготой юм. Уг хөтөлбөрийг 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж өдгөө гурав дахь үеийн хөтөлбөр нь хэрэгжиж байна. Гурав дахь хөтөлбөр нь 2012 оны есдүгээр сараас эхлэн сар бүр 40 тэрбум ам.долларын моргэйжээр баталгаажсан үнэт цаас худалдан авснаар эхэлсэн юм. Удсан ч үгүй арванхоёрдугаар сараас сар бүр 85 тэрбум ам.доллараар худалдан авалт хийх шийдвэр гарчээ. Ийнхүү нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг дорвитой сэргэхгүй байсантай холбоотой. Хоёр жилийн дараанаас 85 тэрбумыг бууруулж өнөөгийн байдлаар 15 тэрбум болголоо. Уг хөтөлбөрийг оны эцэст зогсоохоор төлөвлөж байна. Ийнхүү бууруулж байгаа нь эдийн засаг сэргэж байгааг илтгэх юм. Харин төв банк нь бодлогын хүүг эргэн өсгөхөө харзнах болсноо мэдэгдсэн. Энэ нь эдийн засаг сэргэж байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгааг илтгэлээ” хэмээн онцолжээ.

Америкийн нөхцөл сайжирч байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгаа гэж дүгнэсэн шинжээчид Европын байдалд сайн дүн тавьсангүй. Шинжээчид тайландаа “Украин, ОХУ-ын асуудал Европ, АНУ, ОХУ-ыг хамарсан өргөн цар хүрээтэй их гүрнүүдийн хоорондох асуудал болж хувирлаа. ОХУ ба АНУ, Европын холбооны бие биедээ сөргүүлэн тавьсан эдийн засгийн хоригууд нь дөнгөж өндийж байсан Европын эдийн засагт хүндхэн цохилт болж ирлээ. 2015 онд ч нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна. Үйлдвэрлэлийн индекс өсч байсан ч буурч эхэллээ. Уг нь 2013 оны турш үйлдвэрлэлийн индекс 48 нэгжээс 54.2 нэг хүртэл өссөн нь эдийн засаг илт сэргэж байгааг илэрхийлж байсан. Гэвч 2014 он гарсаар Украины маргаан дэгдэж, цар хүрээ нь их гүрнүүдийн түвшинд хүрч эдийн засгийн бодит хоригууд тавьсан нь Европ, АНУ, ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засагт итгэх итгэл буурч Европын эдийн засаг эргээд агших эрсдэлтэй боллоо. Ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаа нь гол эрсдэл хэвээр байна” хэмээн дүгнэжээ.

Ажилгүйдэл өндөр түвшнээсээ буухгүй, Засгийн газрын өрийн хэмжээ багасахгүй байгаагаас гадна Украины хямрал хүндэрсэн нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг дагуулж байгаа аж. Европын холбоо, ОУВС-гаас Европын энэ оны эдийн засгийн өсөлтийг 1-1.2 хувь гэж таамаглаад байгаа юм.

Урд хөршийн хувьд энэ онд эдийн засаг нь сайн байгаагүй гэнэ. Үүний шалтгааныг шинжээчид “Хятад Улс дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх чиглэлд хот суурин газруудыг байгуулах, байгалийн бохирдлыг бууруулахын тулд зарим нэг үйлдвэрлэл, нөөцийн хэрэглээг бууруулах, санхүүгийн систем дэх тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгаа либеральчлах гэх зэрэг хүнд даалгавруудыг хийж эхлээд байгаа юм” гэж тайлбарлажээ. Системийн хэмжээний ийм томоохон өөрчлөлтүүдээ богино хугацаанд сөрөг нөлөө багатай хийхгүй бол эдийн засгийн өсөлт нь саарах эрсдэл урд хөршид бий аж. Өсөлт нь саарвал түүхий эдийн уналтаар дамжиж Монголын эдийн засагт ч хүнд цохилт ирэх эрсдэлтэй гэнэ. Хятадын эдийн засаг саяхныг хүртэл мэдэгдэхүйц муудаагүй байсан ч ирэх жилүүдэд таагүй хэвээр үргэлжлэх төлөв ажиглагдсаар байгаа юм байна.

Нийт экспортынх нь 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, гадагш нь зарж валют болгодог эрдсийнхээ 90 гаруй хувийг зөвхөн Хятадад худалдаалдаг монголчуудын хувьд анхаарах нэг зүйл байгаа аж. Нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, молибден, боловсруулаагүй нефтийн салбарт Хятадтай урт хугацааны эдийн засгийн харилцаа үүсгэх шаардлагатай гэж шинжээчид зөвлөж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дарга ОХУ-д айлчилж байна

Москва хотын Думын дарга Алексей Шапошников тэргүүтэй депутатууд Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Д.Баттулга сүүлийн жилүүдэд ОХУ-ын нийслэлд хот төлөвлөлт, газар ашиглалт хэрхэн явагдаж байгаа талаар болон эрүүл мэнд, байгаль орчин, залуучуудын бодлогын тухайд сонирхон ярилцав.

Уулзалтын дараа Алексей Шапошников “Бид цаашдын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тиймээс бүх талаар хамтран ажиллах болно. Хоёр орны нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилд саад учрахгүй. Хэлэлцэж тохиролцсоны дагуу Москва, Улаанбаатарын хооронд “ногоон” гэрэл үйлчилнэ. Москва монгол нөхөддөө тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байна. Улаанбаатар хотын дэд бүтцийг ЗХУ болон ОХУ-ын инженерүүд барьж байгуулсан бөгөөд өнөөдөр түүнийг шинэчлэх шаардлага тулгарсан учраас Монголын төлөөлөгчид Москвад ирээд байна. Бид Улаанбаатарыг орчин үеийн нийслэл болоход нь туслана” гэлээ.

Хамтран ажиллах гэрээнд Улаанбаатар хотоос Москва руу газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, хот суурин газрын бодлого чиглэлээр хүмүүсийг сургалтад хамруулах боломжийг зааж өгсөн. Энэ нь бидэнд маш чухал асуудал юм хэмээн Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга хэлэв. Мөн тэрээр “ОХУ-тай харилцах харилцаагаа улам батжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэж нэмж хэлэв.

Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 14-нөөс ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчихоор болсон. Эхний монголчууд Москвад визгүй зорчсоны нэг нь Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын боловсролын нээлттэй өдөрлөг” болно

08:30 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалтыг Чингис зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтаар үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын зохицуулалт, хяналт, чиг хандлагын талаар хэлэлцэнэ. Утас: 99277963

09:00 цагт “Ертөнцийн шинжлэх ухааны дүр зургийн өөрчлөлт ба философи” сэдэвт симпозиумыг Соёлын төв өргөөний III давхарт байрлах Шинжлэх ухааны Академийн Их чуулганы хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99337722

09:30 цагт Мэдээлэл, Технологийн Үндэсний паркад “Сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр ба стандартууд” сэдвээр семинар болно.

09:30 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчлэлийн үнэлгээ” сэдэвт бага хурал “Бишрэлт-Плаза” зочид буудлын “Бишрэлт” хурлын танхимд болно. Утас: 99106727, 260718

10:00 цагт Нийслэлийн 2013 оны Эрүүл аюулгүй байдлын индексийн тайлангийн хэлэлцүүлэг семинар Хангарьд ордонд болно. Өнгөрсөн онд нийслэл, дүүрэг, хорооны эрүүл аюулгүй байдлын явцыг танилцуулна. Утас: 88054500

10:00 цагт Хөдөлмөрийн яам, Хүн ам хөгжлийн яамны төлөөлөл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд оролцох “Нийгмийн түншлэл – баялаг бүтээгчдийн анхдугаар чуулган” Нийслэлийн Иргэний танхимд болно. Утас: 99767480

10:00 цагт Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил, Технологийн оролцоо” уриан дор зохион байгуулагдах Спортын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Спортын төв ордоны “А” зааланд болно.

11:00 цагт “Хуулийн яармаг өдөрлөг 2014” МҮХАҮТ-ын Их зааланд болно. Энэ үеэр хуулийн нөхөрлөлүүд хууль зүйн зөвлөгөө, МОУҮАрбитр нь арбитрын онцлог, давуу тал, давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал /вальютын ханшийн өсөлт бизнест нөлөөлөх/-ын талаарх зөвлөгөө, Бизнесийн Маргааныг Эвлэрүүлэн Зуучлах Төв эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, Монголын Нотариатчдын Танхимын дүүргүүдийн нотариатчид нотариатын үйлчилгээг тус тус үнэ төлбөргүй үзүүлнэ. Утас: 99020785

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Улс төрд шинэ манлайлагч төслийн Аюу багийнхан “Үндэсний үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог нэмэгдүүлье” төслийнхөө талаар танилцуулна.

11:00 цагт Хуульчийн мэргэжлийн шалгалттай холбогдох хэвлэлийн бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хурлын танхимд болно.

11:00 цагт Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Эгийн голын түүх соёлын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт “Олон улсын боловсролын нээлттэй өдөрлөг” Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн байранд байрлах “Америкийн Соёл, Мэдээллийн төв”-д болно.

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Женко тур бюро” ХК-аас Чингис хааны төрсөн өдөрт зориулан энэ сарын 23-нд “Чингис” фестиваль зохион байгуулах болсон талаараа мэдээлнэ.

13:00 цагт “Ажлын байр-Амьдралын баталгаа” сэдэвт ажил хайгч иргэдийн нээлттэй өдөрлөгийг монгол улсын Хөдөлмөрийн төв биржтэй хамтран тус биржийн байранд зохион байгуулна.

14:00 цагт НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ойг тохиолдуулан Монгол улс сүүлийн 25 жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр гаргасан ололт амжилтын талаар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн, Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгчид хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно. Утас: 99112652, 88025675

17:00 цагт Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадорж “Монгол Улсын хөгжилд Хөдөө аж ахуйн салбарын үүрэг” сэдвээр лекц уншина. Утас: 96006901, 99109004

Categories
мэдээ улс-төр

Нийслэл 2015 онд 57 тэрбум төгрөгийг хэмнэнэ

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг тусгах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, дүүргийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч нар болон ТББ, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа УИХ-аар батлагдсан Монголын Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлах, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байх, Монгол Улсын УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэлээр нийслэлийн 2015 оны төсвийг боловсруулжээ.

2015 онд нийслэлийн төсөвт 575 тэрбум 678.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 42.6 тэрбум төгрөгөөр буюу 8.0 хувиар, 2013 оны гүйцэтгэлээс 101.6 тэрбум төгрөгөөр буюу 65.8 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Үүнээс хотын шуудын орлогын төлөвлөгөө 457,1 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө 118,6 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Орлогын 82,4 хувийг нийслэлийн Татварын газар, 11,8 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, 5,8 хувийг бусад орлого бүрдүүлэгч байгууллагууд бүрдүүлнэ гэж үзэж байна.

Нийслэлийн 2015 оны орон нутгийн хөгжлийн санд 38,6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс 80 орчим хувийг буюу 23,2 тэрбум төгрөгийг нийслэлийн 9 дүүрэгт, нийслэлд 15,4 тэрбум төгрөгийг тусгажээ.
Нийслэлийн 2015 оны төсөвт дараахь үндсэн өөрчлөлт орж байна.

  • Оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй зорчуулах зардал 53.1 тэрбум төгрөг.
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 38.6 тэрбум төгрөг.
  • Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилт 283.1 тэрбум төгрөг.
  • Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд 20.8 тэрбум төгрөг.

Өмнө нь Улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан тээврийн хэрэгслийн зардал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын дээрх санхүүжилтийг УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу ирэх жилээс нийслэл хариуцахаар болж байгаа юм.

Харин нийслэлийн төсвийн урсгал зардлыг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Нийслэийн ИТХ-ын “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг батлах тухай 18/21 дугаар тогтоолын хүрээнд урсгал зардлыг бууруулжээ. Тухайлбал 2014 оныхоос бичиг хэргийн зардлыг 261,2 , тээвэр шатахууны зардлыг 282,8, дотоод албан томилолтын зардлыг 117, гадаад албан томилолтын зардлыг 1360,1, эд хогшил худалдан авах зардлыг 3013,3, урсгал засвар 1864,6 сая төгрөг гэх зэргээр нийт 57,09 тэрбум төгрөгийг бууруулж тооцоохоор төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуультай холбогдуулан 186 албан тушаалтны цалин, холбох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцсон байна. Ажлын чиг үүргийн давхардалттай Нийслэлийн Агаарын чанарын алба, Байгаль орчин ногоон хөгжлийн газрыг нэгтгэх, Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулгыг нэгтгэж орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөх, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Зуслангийн товчоог Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр боловсруулалт хийгээд байна. Харин зарим төсөлд өнгөрсөн жилээс тодорхой хэмжээгээр буюу нийслэлийн халамжийн санг 1,18 тэрбум, хот тохижуулалтын зардлыг 3,5 тэрбумаар нэмжээ. Ингэхдээ хот тохижуулах чиглэлээр гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны төлбөр, засварт 890,6 саяар нэмж 5,8 тэрбум, хог хаягдал тээвэрлэлтэд 1,02 тэрбумаар нэмж 24,8 тэрбум, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд 190,9 сая төгрөгөөр буюу 14,6 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн дүүргүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилахаар тооцоод байна. /тэрбум.төгрөг/

Хотын шууд-15,4
Баянгол дүүрэг-3,1
Баянзүрх дүүрэг-4,1
Багануур дүүрэг-1,9
Багахангай дүүрэг 1,6
Налайх дүүрэг 1,9
Сонгинохайрхан дүүрэг- 3,9
Сүхбаатар дүүрэг- 2,1
Хан-Уул дүүрэг- 2,1
Чингэлтэй дүүрэг- 2,5

Дээрх нийслэлийн 2015 оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, төсвийн төсөлд санал авах ажиллагааг зохион байгууллаа. Саналаа илэрхийлсэн иргэд Нийслэлийн төсвийг боловсруулахдаа иргэдээс санал авч байгаад талархаж байна гээд Улс, нийслэлийн төсвийн зарцуулалтад сайтар хяналт тавьж, иргэдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн нийслэл газраа дуудлага худалдаанд оруулж, үнэ цэнэтэй болгох хэрэгтэй гэсэн юм. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанд өргөн барихаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Засгийн газар юуг яаралтай хийх вэ?

Баабар ингэж өгүүлэв

Монголын эдийн засгийн багтаамж өнөөдөр 10 тэрбум доллар болжээ. Арван таван жилийн өмнөх шигээ нэг тэрбум дээр очсон ч 60 сая малтай монголчууд турж үхэхгүй нь мэдээж. Гэхдээ ингэж их эрчимтэй тэлсэн эдийн засаг том эзлэхүүнтэй болсон учир эргээд хавчаад эхлэхээр илүү хурц хямралд очно. Хувийнхны болоод хувьсгалын гадаад өрийн нийт хэмжээ бараг 17 тэрбум доллар болж байгаа байх. Үүнээс гадна үндэсний 20 том зээлдэгчийн дотоод өр хоёр их наяд төгрөг давж байна. Энэ бол татварын ихэнхийг төлж байгаа компаниуд ээлж дараалан дампуурна, эсвэл арилжааны банкуудаа бүгдийг нь татаж унагана гэсэн үг. Учир нь Монголын бүх арилжааны банкны зээл олгох дээд чадвар ердөө 8-9 их наяд төгрөг шүү дээ.

Ойрын нэг хоёр жилдээ нэн яаралтай төлөх Засгийн газрын 500 сая доллар, Төв банкны төлөх 600 сая доллар юун түрүүн хүлээгдэж байна. Эхнийх нь Засгийн газрын бондуудын хүү, дараагийнх нь Хятадтай байгуулсан своп зээлийн өр. Үүнийг төлөх мөнгө манайд байхгүй болсон. Гаднаас валютын урсгал орж ирэх нь бараг зогсох чиглэл рүүгээ явж байгаа ба хойтонгийн өрийг яаралтай барагдуулахгүй бол бүр таг зогсох нигуртай. Үүнийг гаргаж авахын тулд төсвийн таналт одоо хэрэгтэй. Нийт төсвийг одоо 25-30 хувь танахаас өөр аргагүй.

Улсын нэгдсэн төсөв дөрвөн тэрбум доллар гарч байсан бол хойтон ийм мөнгө олдохгүй. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс болоод татвар төлөгч голлох компаниуд гайгүй нэг нь цомхтгол хийж, гайтай нь хаалгаа барьж буй учир татвар өгч чадахаа больж байна. Төгрөгийг хамгаалах валютын нөөц хоосрон хасах руугаа орчихсон учир ханшийг цааш барих бололцоогүй болно. Хэрэв Засгийн газар ба Төв банк цаасан мөнгөөр аргалах гэж оролдвол гипер инфляцид очих ч магадлал өндөр байна. Нэг л үгэндээ манай эдийн засгийн байдал одоогийнхоосоо дордон, яаралтай арга хэмжээ авахгүй бол мөддөө сэхэл авахгүйгээр цохилтонд орох гээд байгаа хэрэг л дээ.

Гэвч хэд хэдэн ашигтай (мэдээж ашиглаж чадвал) нөхцөл байдал эргэн тойронд буй боллоо. Монгол төгрөгийн ханш энэ онд 10 хувь унасан бол хойд хөршийнх 30 хувьд хүрчээ. Оросын төв банкнаас рублийг сул тавихаа зарлалаа. Энэ бол цаашид ч их унана гэсэн үг. Валютаар бодоход тэдний өргөн хэрэглээний бараа асар ихээр хямдарна гэсэн үг. Хямдарсаар ч байна. Энэ нь манайд үүсч магадгүй инфляцид хорио болж чадахаар барахгүй дифляци ч үүсгэж болох. Нөгөө талаас өмнөд хөршийн удирдагч Монголд үйлдвэрлэсэн ямар ч барааг (мэдээж стандарт хангасныг нь л байх л даа) худалдан авахад бэлнээ илэрхийллээ.

Монголоос өнөөдөр гадагш нь зарж болохуйц ганцхан зүйл байгаа нь уул уурхайн баялаг, ашигт малтмал. Гэхдээ нэг талаас түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом уналаа, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг бөөнөөр нь хөөж гаргаснаас болоод хайгуул хийх, ашиглах, худалдаж авах зах зээл үндсэндээ бүрэн хумигдлаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн туршид барилга, худалдаа, жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц эрчимтэй хөгжиж ирсний цаад углуурга нь зөвхөн уул уурхайн салбар байсан. Одоо элгээрээ мөлхсөн энэ салбарыг дахиж сэргээхэд хугацаа орно. Маш шуурхай оновчтой арга хэмжээ авлаа гэхэд дор хаяхад гурван жил хэрэгтэй. Бидний зорилго ирэх 2-4 жилд Монголын эдийн засгийг эргэж сэргээн 2010 оны байдалд нь татаж өндийлгөх болохоос ойрын үедээ хөгжүүлэн дэвшүүлэх ямар ч бололцоогүй. Нэг үгэндээ эрчимтэй унаж байгаа эдийн засгийн уналтын хурдыг багасгах, улмаар зогсоох, тэгээд эргэж өгсөх хандлагатай болгох явдал юм. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Буруутанг хайвал бид бүгдээрээ, тиймээс энэ тухай ярихаа больё. Портуун бол гадаад илрэл нь болохоос энэ хямрал нь Монголын нийт ард түмний арав гаруй жилийн хамтын бүтээл.

1. Гадаад өрийн хүүгээ яаралтай төлөхгүй бол цаашид зээл олдохгүй. Зээлээр эхний хүнд давалгааг туулна. Иймээс үгүйдээ л Засгийн газрын өрийн таазыг яаралтай нэмэх хэрэгтэй. Өрийн тааз тэдэн хувиас хэтэрвэл улс сөнөдөг гэх мэтийн уран сайхны яриагаа зогсоомоор юм. Төлж чадах чадвартай бол өрийн тааз хэдэн хувь ч байж болно. Монгол баян, асар их баялаг бидэнд бий. Өөрсдийнхөө хийрхлээр л энэ баялгийг эргэлтэнд оруулах замыг зогсоосон. Өнөөдөр Монголын нийт нутгийн ердөө 20 хувь нь хайгуул хийгдсэн, эргэлтэнд оруулах юм бол тэндээс их наяд долларын баялаг гарч ирнэ. Үүнийг хуучин Зөвлөлт ба Зүүн Европынхон барагцаална, сүүлийн 20 жилд хайгуул хийсэн өрнөдийнхөн ч мэднэ. Олсон мөнгөө хувааж авч идээд доош нь асгачихдаг мунхаг хэрэглээгээ зогсоож чадвал ухаалаг хэрэглээнд зарцуулсан өрөө Монгол төлж чадах бүрэн бололцоотой. Маршаллын төлөвлөгөөгөөр Европ босч ирсэн, Солонгос, Япон, Тайвань бүгд л зээлээ ухаалаг хэрэглэж эдийн засгийн багтаамжаа томруулсан.

2. Татвар голлон төлөгч том компаниудад компаниар нь барьцаалж зээл олгох хэрэгтэй байна. Олон тийшээ сарваганаж жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл гэх мэтийгээ одоохондоо хойш тавих шаардлагатай. Том компаниуд авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол компанийг нь нэрлэсэн үнээр хувьцаалан зарна гэсэн үг. Чухам тэд л юун түрүүн эргэж сэргэн босч ирснээр цалин цавуу, тэтгэвэр халамжийн мөнгийг чинь олж ирнэ шүү дээ.

3. Мал хувьчилсан, байр хувьчилсан явдал нь эдийн засаг хэсэгтээ сэргэхэд асар их дэм болж байсан туршлага бидэнд бий. Энэ нь нийтийг хамарсан шинжтэй байснаар дотоод нөөц бололцоо ундарч байсан. Одоо нийгмийн салбарын хувьчлал хийж эрүүл мэнд, боловсролын салбарыг зах зээлийн тогтолцоо руу оруулбал асар их нөөц гарч ирэхээр байна. Зөвхөн энэ хоёр салбар улсын нийт төсвийн гуравны нэгийг эзэлдэг. Энэ суларсан мөнгөөр асар их зүйл хийж болохоор барахгүй эрүүл мэнд боловсролын салбарыг илүүтэй дэмжинэ. Эмнэлэг сургуулиудыг тэнд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүст нь зээлээр болон үнэ дуудан хувьчилчих юм бол төсвийн ачаалал эрс багасахаас гадна чанар үйлчилгээ нь үлэмж дээшилнэ. Төрөөс цалинжиж буй 160 мянга орчим ажилтан ажилчдын дийлэнх нь энэ салбарынхан. Тэдний амьдралын түвшин дээшилж илүү чөлөөтэй хөдлөх бололцоотой болно. Үнэн чанартаа эмнэлэг сургуулиуд сүүлийн 20 жилд хэдийнээ хувьчлагдсан, харин тэр нь хууль бус гэгдэж буй учир чөлөөтэй зах зээлжиж чадахгүй байгаа юм. Мэдээж хувьчлах маш олон хувилбар буй тул юун түрүүн л баларна сөнөнө гэсэн мэдэмхийрлээс хол баймаар.

4. Ялангуяа соёл олон нийтийн зориулалттай асар их хөрөнгө оруулалт баян байхдаа сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийгдсэн. Энэ болгоныг болохыг нь үнэ дуудаж, болохгүйг нь олон жилээр түрээслэх, зээлээр өгснөөр маш их урсгал зардал хэмнэгдэнэ.

5. Улсын мэдэлд асар их хэмжээний хөрөнгө байна. Улсын үйлдвэрүүд толгой дараалан алдагдалтай ажиллаж буй. Энэ болгоныг хувьчилж байж л дампуурах нэг нь дампуурч, босох нэг нь босно. Ингэж байж л байх ёстой норм горимдоо очно.

6. Үйлдвэрлэлийг ашигтай ажиллуулахын тулд төрөөс албаар барьж байгаа үнийн хязгаарлалыг болиулах хэрэгтэй. Хичнээн жил популизм хийх вэ дээ. Ялангуяа эрчим хүч, шатахуун, нүүрс, цахилгаан дулааны үнийг чөлөөлөхгүйгээр хойшид ч цаашаа өндийхгүй. Хүндрэлийг шүд зуун давж байж л хөнгөрөл рүү очих болохоос өнөө маргаашийг аргацаах зам үргэлж мухардалд хүргэдэг.

7. Тавантолгойг ашиг­лаж эргэлтэнд оруулах оролдлого 1973 оноос эхэлсэн. Бараг 50 жил өнгөрлөө шүү дээ. Оюутолгойг 2001 онд нээсэн, хэрүүл нь дуусдаггүй. Харамласаар байгаад хэнд ч хэрэггүй болох нь. Цаана нь бидэнд үүнтэй хавьтуулшгүй их баялаг бий ч гаргаж буй авираасаа болоод тэр нь ч үхмэл баялаг болж, бид алтан дээрээ мөнхөд сандайлсан гуйлгачин болж хувирч гүйцлээ. Үүнээс гадна алив орон геологийн хайгуулыг хэнээр ч хамаагүй чөлөөтэй хийлгэдэг. Төр гагцхүү стандарт шаардана, хугацаа өгнө, гарсан үр дүнг нь нэхнэ. Ингэснээр тухайн улсын үнэлэмж нэмэгдэнэ. Судлагдсан баялгаараа дэнчин тавин зээлжих бүрэн бололцоотой болдог. Төр ашиглалтаа хянадаг болохоос хайгуул бол улсад орж ирж буй үнэгүй бэлэг, үнэлэмжийг нь нэмж дэлхийн зах зээлд гарч ирэх бололцоог нь дээшлүүлдэг. Хайгуул хийсэн компани юу ч олохгүй бол өөрснөө шатаад өнгөрдөг учир төрд ямар ч эрсдэл учирдаггүй. Монгол орны геологи судлагдаагүй шахам, онгон зэрлэгээрээ байгаа. Их нуурын хотгорт дэлхийд эхний тавд орох газрын тосны орд бий талаар урьдчилсан таамаг гарсан. Энэ нөөц долоон тэрбум баррел хүрэх аваас хоолойгоор татах тухай ч ярьж байна. Үүнийг нотлохын тулд хайгуул хийж, цооног өрөмдөж, сейсм тавихаас өөр аргагүй. Засгийн газар энд тэндэр зарлан шалгаруулчихаад ялсан компани яг ирээд хийх гэхээр нь унжаад хэвтчихсэн. Унжих байсан юм бол явдал болгож шалгаруулалт явуулах ямар хэрэг байна?

8. Засгийн газар гадаад дотоодын ямар ч компанитай тэндэр зарлаж гэрээ хийж тохиролцчихоод удахгүй эргэж буцан булхайцах, тохироогоо өөрчлөх, хуулиа засах увайгүй үйлдлээ дахин давтаж болохгүй. Ийм увайгүй амьтантай хэн ч хамтардаггүй. Хамтарч хөрөнгө гаргасан нэг нь эргээд олон улсын арбитражаар заргалдан оруулснаасаа ихийн төлбөр нэхэж авдаг. Бид одоо ийм хачин араншингийнхаа төлөө нэлээд төлбөрт орчихоод байгаа ба үүнийг өгч байж л сална. “Өмнөх Засгийн газар одоо хамаагүй”, “манай ард түмэн эсэргүүцээд байна” гэх мэтийн тэнэг тайлбар хэзээ ч явдаггүй юм. Нэгэнт тохирсноо баримталдаг, оруулсан хөрөнгө болон бусад капиталыг нь хөндлөнгийн ямар ч халдлагаас хамгаалж чаддаг төртэй орон л итгэл хүлээдэг.

9. Өдгөө эрчим хүчний эх үүсвэр гаргаж авах технологид хувьсгал гарсны буянаар АНУ дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч боллоо. Ойрхи Дорнодын ач холбогдол буурч эхлэв. Занараас эрчим хүчний эх үүсвэр гаргаж эхэллээ. Давхаргын хийг ашиглах технологи нэвтэрлээ. Азаар Монгол нь занар болон давхаргын хийгээр баян. Гэвч эзээр бид аймаар харамч ба эх оронч учир дараагийн цоо шинэ технологи гартал хав дарах байхаа даа. Энэ бол хурдан сэхэх нэг бололцоо. Гэхдээ зүгээр л бололцоо. Бурханы өгсөн бололцоог “буг” нарын жагсаалаар үнэгүйдүүлэх болов уу даа.

10. Энэ бүх арга хэмжээг авч байж л өнөөгийн манай нийгмийн урагшлах замын гол бул чулуу болоод байгаа авлига байхгүй болдоггүй юм гэхэд эрс багасна. Нийгэм авлигад идүүлсэн байхад юун ардчилал, ердийн хөгжил дэвшлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Төр хэдий их зүйл мэдэлдээ байлгана, авлига төдий л их байна. Хулгай хийдэг сав нь том болохоор аргагүй шүү дээ.

Засгийн газар одоо шинээр байгуулагдах бололтой. Сонгууль хүртэлх жил гаруйгийн хугацаанд элдэв популизмгүйгээр эдгээр болон өөр олон арга хэмжээг яаралтай авахгүй бол бид мөд гарч чадахгүй нүхэнд ойчих бололтой. Бидний хамаг зовлон гэнэт их мөнгө үзээд ухаанаа алдсанд бий. Баярхал, цамаархал, хийрхэл бүх хүнийг хамаарч байсан. Улстөрчид нь үүнд дөрөөлж популизмаар бөөлжих ба үүнийгээ улстөр гэж нэрлэж байлаа. Одоо энэ хийрхэл популизм цааш үргэлжилбэл улс орон маань ачааллыг нь даахгүй. Дээрх өөрчлөлтүүдийг хийсэн ч хүндэрнэ, хийгээгүй ч хүндэрнэ, харин хийвэл засрах төлөв рүү алхам алхмаар ойртоно, хийхгүй бол хямрал улам даамжирсаар гарах гарцгүй болно.

Шинэ Засгийн газар популизмаас (За яахав, бидний нэрлэж дассанаар “улстөржилт” болог) хол байж л хямралыг давах үндсэн нөхцөл бүрдэнэ. Мэргэжлийн гээд байгаа (Мэргэжлийн гэхээр зарим нь сүрхий хичээлийн эрхлэгчээр Боловсролын, дориун шүдний эмчээр Эрүүл мэндийн, дажгүй инжнаараар Эрчим хүчний, бакъ дэслэгчээр Батлан хамгаалахын сайд хийлгэнэ гээд ойлгочихсон бололтой. Уг нь хуулийн өгөгдсөн хязгаарт сайн мэнэжмэнт хийж чадах хүний тухай ярьсан юм л даа. Мэргэжлийн диплом нь биш, багаар тоглох чадвар мэнэжмэнтийн чадвар нь гол.) Засгийн газар бүрдэж байж элдэв сонгууль, дараагийн сандал ширээг бодолгүйгээр реформ хийж чадна гэж бодном. Гэвч ард нь хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Энэ бол хууль тогтоох байгууллага. Их эвсэл гэнэ үү, Үндэсний эвлэрэл гэнэ үү, шинэ Засгийн газрын хийж байгааг дэмжиж, хэрэгтэй хууль тогтоомжийг нь шуурхай гаргаж өгдөг парламент хэрэгтэй байна. Шинэ Засгийн газрынхан харин тэдэнтэй улс төрийн тавцанд өрсөлдөхгүй байх болзолтой. Улс төрийн намууд ердөө хоёрхон жил шүд зууж байгаад хоорондоо хэл амаа ололцон эвсвэл мөн гоёо. Дараа нь яахав дээ, хямралаа давсны хойно эргээд л алалцана биз, ямар сураагүй юм биш. Одоо хийрхээд, популизмдаад, хоорондоо дайсагнаад явах аваас хожим очихоор төлөвлөсөн сандал ширээ чинь ч хугарч эвдрээд харгуй зам дээр ганцаар хоцрох нь байна шүү.

2014.11.15

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лиг эхэллээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт өчигдөр Спортын төв ордны “А” зааланд боллоо. Энэ удаагийн лигийн тоглолтод 10 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч багийн эцсийн мэдүүлгийг ирэх даваа гаригт дуусгавар болохоор болсон байна. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч тоглох бөгөөд өнөөдрийн байдлаар NBA-гийн “Атланта Хоукс”, “Нью Орлеанс Хорнетс”, “Сан Антонио Сперс” багт тоглож байсан Карлделл Жонсон тэргүүтэй 8 тамирчин Монголд ирээд байна. Тэднээс өчигдөр болсон хоёр тоглолтод дөрвөн тоглогч эхний тоглолтоо хийжээ. Ингээд өчигдрийн тоглолтын мэдээллийг хүргэе.

“Үндэсний супер лиг”-ийн нээлтийн тоглолт “Баянгол Шонхорууд”-“Говь-Алтай Монторх” багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод 111-97 онооны харьцаагаар “Шонхорууд” хожсон байна.

Хоёр дахь тоглолт “Өвөрхангай Гэгээн хангай лидер”-“Баянзүрх Ханталстын Ирвэсүүд” багуудын хооронд болж, 100-97 оноогоор “Лидерүүд” хожлоо.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны 186 ажилтны цалинг бууруулна

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуультай холбогдуулан 186 албан тушаалтны цалин, холбох зардлыг нийслэлийн төсвийн төсөлд бууруулж тооцохоор болжээ. Тодруулбал, өчигдөр Нийслэлийн ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг болсон бөгөөд үүгээр улсын нэгдсэн төсвийн үзэл баримтлалтай уялдуулан нийслэлийн харьяаны төрийн албан хаагч болох 186 ажилтны цалинг ийнхүү бууруулах талаар танилцуулсан юм.

Ирэх оны улсын нэгдсэн төсөвт хэмнэлт гаргаж ирэх жил төрийн албан хаагчийн тоог нэмэхгүй, төрийн албаны чиг, үүргийн давхардлыг бууруулах, дэд орлогч, зөвлөх, гэрээт ажилтны орон тоог бууруулна гэж буй. Ингэхдээ зөвхөн шинэ хөрөнгө оруулалтын улмаас боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт төрийн үйлчилгээний цар, хүрээ нэмэгдэхтэй холбоотой орон тоо, урсгал зардлын нэмэгдлийг төсөвт тусгахаар болсон. Бусад тохиолдолд орон тоог нэмэхгүй гэж байгаа. Энэ хүрээнд ирэх онд төрийн албаны нийт 345 дэд, орлогч, зөвлөх, гэрээт ажилтныг цомхотгохыг төсөвт тусгасан. Тэгвэл нийслэлийн хувьд ч гэсэн ийнхүү хэмнэлт гаргахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Урт нэртэй хуульд хориг тавихыг хүсэв

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс урт нэртэй хуулийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ оны УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын 19 дүгээрт байгаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг өөрчлөх төсөл орсныг ийн эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан юм. УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн газар нутгаа боддог бол энэ хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхгүй буцаах, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос энэ хуулийн төсөл дээр хориг тавихыг хүсч байна гэв. Энэ хууль хэрэгжсэнээр сүүлийн 20 гаруй жил замбараагүй олгосон лицензийг цэгцлэх боломжтой ганц хууль гэж байлаа. Тус хуульд стратегийн 15 орд хамрагдаагүй тул гадаадын хөрөнгө оруулалт болон уул уурхайг зүй зохистой ашиглан хөгжих боломж байгаа талаар Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн хэлж байсан юм.

Э.БОЛД