Categories
мэдээ нийгэм

Олон улсын Ардчилсан холбооны хуралд оролцож байна

Гурван жил тутам зохион байгуулагддаг Олон улсын ардчилсан холбооны гишүүн намуудын удирдлагуудын уулзалт БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 20-ний өдөр эхэллээ. Баруун, төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын энэхүү холбоонд АНУ-ын Бүгд найрамдах нам, Британи, Канад, Норвегийн Консерватив нам, Германы Христийн ардчилсан нам, Австрали, Шинэ Зеландын Либерал нам, Солонгосын Сэнүри нам зэрэг нөлөө бүхий том намууд багтдагийн дотор Монгол улсаас Ардчилсан нам гишүүнээр элссэн байдаг.

Ардчилсан намыг төлөөлөн энэ удаагийн хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, намын гадаад харилцааны зөвлөх А.Батпүрэв нар оролцож байна.

Хурлын эхний өдөр болсон Ази, номхон далайн бүсийн ардчилсан холбооны уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болдыг тус бүсийн Ардчилсан холбооны дэд даргаар санал нэгтэй сонголоо. Мөн уулзалтын үеэр бүсийн хэжээнд ирэх онд зохион байгуулах гол ажлуудаа төлөвлөсний дотор Монгол улс болон зүүн европын орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн 25 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо олон улсын ардчилсан намуудын өндөр түвшний уулзалтыг зохион байгуулах Монголын төлөөгчдийн санал дэмжигдлээ.

Categories
мэдээ спорт

Какүрюү Кисэносатод уналаа

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё Японы Фүкүока аралд үргэлжилж байна. Кюүшюү башёгийн 11 дэх өдөр тэмцээнийг тэргүүлж байсан ёкозүна Какүрюү Ананд озэки Кисэносатод унаснаар гол өрсөлдөгчтэйгээ зэрэгцээд байна. Мөн энэ өдөр ёкозүна Хакүхо озэки Гоэйдог давсан бол ёкозүна Харүмафүжи сэкивакэ Аойямад уналаа. Шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров Тоёохибикигоор зургаа дахь даваагаа авлаа.

Башёг 11 өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, Какүрюү нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, М-8 Точиношин нар 9 даваатай удаалж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулган хуралдахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс цуцлагджээ. Гишүүдийн ирц 51 хувьд хүрч байж чуулган хуралдах ёстой. Харин өнөөдөр 48.7 хувийн ирцтэй байсан учраас чуулганыг хойшлуулсан байна. Энэ өдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Гэр бүлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Алтан-өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулна

Нийслэлийн Засаг дарга “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай” А/971 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Алтан-Өлгийн оршуулгын газар болон түүний хамгаалалтын бүсийн тохижилтын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэхийг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд, тохижилтын ажлын зураг төсөлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, өдөр тутмын арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ –д даалгалаа.

Алтан-Өлгийн оршуулгын газрын эргэн тойронд 300 метр зайд зөвшөөрөлгүй буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хянаж, жил бүрийн нийслэлийн төсвийн төсөлд тусгаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, Цаашид Алтан-Өлгийн оршуулгын газрын оршуулгын үйл ажиллагааг оршуулгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагад холбогдох хууль, журмын дагуу хариуцуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Гондурас улсын мисс амиа алджээ

Ирэх сарын 9-нд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо өнгөрсөн долоо хоногийн эхээр эгчийнхээ хамт сураггүй алга болсон юм. Тэгвэл цагдаагийнхан Мариа болон эгчийнх нь цогцсыг өчигдөр 20.00 цагийн үед олсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоёр бүсгүйн цогцсыг Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олжээ. Цагдаа нар энэ хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Энэхүү хэрэгт мисс Мариагийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залууг холбоотой хэмээн таамаглаж, эрэн сурвалжиж эхэлсэн байна. Дэлхийн миссийн холбооны удирдлагууд амиа алдсан Гондурас улсын мисс Мариа Хосе Алварадогийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт хэрэгтэнг тэмцээнээс өмнө барихыг тус улсын цагдаа нараас хүсчээ. Тус холбооны орлогч захирал Сесилиа Песк твиттертээ “Гоо бүсгүйн үхэл дэлхийг цочирдууллаа” хэмээн жиргэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Эрхэмбаяр: “Нүцгэн дурлал”, “Миний нууц хүү” жүжгийн дүрүүддээ илүү хайртай

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Бөхөөр хичээллэдэг, спортод дуртай байсан хүү яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Өвөө маань бөхөд дуртай хүн байсан юм. Намайг бөх болгоно гэж үргэлж ярьдаг байсан л даа. Өвөөгийн маань хүсэл сүүлдээ миний сонирхол болсон. “Алдар нийгэмлэг”-т чөлөөт бөхийн секцэнд дөрөв, таван жил хичээллэсэн юм. Ахлах ангид ороод чөлөөт бөхөө орхисон. Аравдугаар ангиа төгсөх хүртлээ дээд сургуульд орно гэж огт бодож байгаагүй. Төгссөн чинь гэнэт л дээд сургуульд орох хэрэгтэй болсон. Манай ангийнхан орох сургуулиа ярилцацгаагаад эхэлдэг юм. Би ч нээрээ юу болох билээ гэж бодоод тэр орой нь гэртээ хариад ээжтэй ярилцсан. Ээж ааваараа яриулаад Батлан хамгаалахын дээд сургуульд орох уу гэж асууж байна. Аав цэргийн хүн л дээ. Сүүлдээ гэр бүлээрээ ярилцаж байгаад ээжийн удамд урлагийн хүн байдаг гэдэг дээр тогтлоо. Тэгээд л жүжигчин болъё гэж шийдчихсэн. СУИС-ийн шалгалтад өөрийнхөөрөө бэлдээд хэдэн дуу, шүлэг цээжлээд орлоо. СУИС-ийн шалгалтад эхний дүрдээ тэнцсэн, хоёр дахь дүрдээ бас тэнцлээ. Дараагийн шатанд монологи үзүүлэх байсан юм. Тэрийг нь мэдэхгүй болохоор СУИС-д тэнцээгүй. Батлан хамгаалахын дээд сургуульд оръё доо гэж бодоод Жуковын музейн автобусны буудал дээр бууж хойшоо гэрлүүгээ алхаж байтал “Зохиомж” дээд сургууль операторын анги, жүжигчний ангид элсэлт авч байна гэсэн бичиг олж харсан. Нэгэнтээ л жүжигчний ангид оръё гээд зориод явж байсан юм чинь гээд шууд ороод шалгалт өгөөд тэнцсэн.

-Төгсөөд Драмын театрт ажилласан байдаг. Театрын босго өндөр гэдэг шүү дээ. Яаж тэнцэж байв?

-Тэр их азтай юм болсон. Намайг сургууль төгсөх үед “Сонгодог жүжгийн шилдэг дүр” шалгаруулах уралдаан болдог байсан юм. Одоо ч болохоо байсан шиг байна лээ. Жүжигчдийг төгсөх курсийн оюутнуудтай өрсөлдүүлдэг байсан юм. “Маск”-ын Мөнхсайхан ах “Отелла” жүжгээр түрүүлж байсан. Дараа нь өндөр Түвшин ахыг “Абсурд” жүжиг хийж түрүүлж байхыг нь мэднэ. Миний орсон тэмцээн гурав юм уу дөрөв дэх жил нь байсан. Тэр тэмцээнд ороод жүжигчидтэй, үеийнхээ оюутнуудтай Антон Павловичийн “Хунгийн дуу” жүжгээр өрсөлдөөд гуравдугаар байранд ордог юм. Гуравдугаар байранд орж мэргэжлийн жүжигчдийг ардаа орхино гэдэг миний хувьд үнэхээр сайхан, том зүйл байсан. Тэр үед л “Зохиомж” дээд сургууль байдаг юм байна гэж хүмүүс мэдэж авсан. Хүмүүс СУИС, Кино урлагийн дээд сургуулийг л мэддэг үе шүү дээ. “Зохиомж” дээд сургуулийг олонд таниулсан хүн гэж бараг болно доо. Тэгэхэд гуравдугаар байрын шагналыг нэг таягтай хүн өгч байсан юм. Тэр хүн шагнал өгчихөөд сургуулиа төгсөөд ирээрэй гэсэн. Тэр хүн маань МУГЖ Баатар найруулагч байж. Анх тэр хүн л намайг театр руу хөтөлж оруулсан.

-Та театрт хэр удаан ажилласан бэ?

-Тэмцээнээс хойш би өдөр болгон театр руу орж хулгайгаар жүжиг үздэг болсон. “Ромео, Жульетта” жүжгийн бүх тоглолтыг үзлээ. Тэр үед “Надаар тоглосон хайр” гэдэг жүжиг жинхэнэ мандаж байсан. Бараг 20 гаруй удаа үзсэн. Сүүлдээ өөрөө тэр жүжгэндээ тоглодог болсон доо. Театрт ажиллаж байхдаа ээжийнхээ өвөө Шаравдоогийн өрөөнд ажилладаг байлаа. Бас л бахархалтай л байдаг юм билээ. Ингээд бодохоор театрт 2003 оноос хойш “Мөрөөдлийн театр” байгуулагдах хүртэл ажилласан байна. “Мөрөөдлийн театр”-аа 2011 онд байгуулсан юм. Театрт найман жил ажилласан байна. 2003 оноос 2011 он хүртэлх театрт тавигдсан бүх уран бүтээлд тоглосон. Жилд гурав, дөрвөн жүжигт тоглосон байдаг юм.

-Театрын бодлого менежментийн хувьд таалагдаагүй учраас гарсан гээд байдаг үнэн үү?

-Энэ бас хоёр талтай л даа. “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад өдий зэрэгтэй жүжигчин болоод явж байгаа минь театрын маань гавьяа. Театрын ахмадуудаас, жүжигчдээс тайзан дээр таван үг холбож сурсан. Тайзан дээр аятайхан алхаж, жүжиглэхийг сурсан. Ингэж өдий зэрэгтэй явж байгаа минь яг үнэндээ Драмын театрын хүч.

Гадна талдаа маркетинг менежмент, одоо гарч ирж буй залуу үедээ тохирсон бодлого ч гэдэг юм уу тэр юмаараа бол дутмаг. Тэрүүгээрээ л хойшоо суугаад байгаа юм. Босго өндөртэй гэж ярьсан мөртлөө яагаад хүмүүс театраас гараад байна вэ. Одоо тэр залуучуудыг хар л даа. Шагай бид хоёр гарлаа, Хулан, Ганцэцэг хоёр гарсан, Урнаа эгч, Ганчимэг, Ганцэцэг нар гараад явчихсан. Яг үнэндээ бол гарсан хүмүүс бүгд жүжгийн гол дүрд тоглож байсан. Энэ бас нэг юм хэлээд л байна шүү дээ.

-Театр ингэж ажилладгийг харуулна гэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан гэж та ярьсан байсан. Хүмүүс олон сайхан жүжиг тоглоно гэсэн хүлээлттэй байгаа. Одоо бол танай хамтлаг хошин шогийн тоглолт л хийгээд байна. Илүү арилжаа тал руугаа яваад байгаа юм биш үү?

-Бид мөрөөдлийн уран бүтээлээ хийе гэж байгуулсан хамтлаг шүү дээ. Анх “Миний нууц хүү” сонгодог жүжиг тавьсан. Дараа нь “Тэр чинь би” гээд бас сонгодог жүжиг тавьсан. Манай хамтлаг “шоу драм” гэдэг жанраар уран бүтээлээ туурвидаг. Манай тоглолтыг үздэг хүмүүс мэддэг. Нэг цагийн жүжиг хийгээд араас нь хоёр номер хийдэг ч юм уу. Хамтлаг болгон өөрсдийн өнгө аястай шүү дээ. Хүчээ сориод үзье гээд цэвэр хошин шогийн тоглолт хийж үзсэн. Хүлээж авах нь уу, үгүй юу гэдэг үүднээс бид “Утасгүй бол үхлээ юу” гэдэг жүжиг тоглосон. Маш амжилттай болж хүмүүс сайхан хүлээж авсан.

Хоёрт, “Мөрөөдлийн театр”-ыг зориод ирж байгаа олон залуу уран бүтээлчид байгаа юм. Тэр хүмүүст цалин өгөхийн тулд арилжааны тоглолт хийхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол зөвхөн жүжиг тавина гэвэл амьдрал зогсоно. Батаа, Шагай бид гурав гурвуулхнаа цалин авч байгаа бол өөр хэрэг. Бид гурав 20 гаруй хүн тэжээгээд явж байна. Тэр утгаараа шоу хийж байна. Цаашдаа ч гэсэн хошин тоглолтоо хийгээд явна. Сонгодог жүжгээ ч тавина.

-Та голдуу ямар дүр бүтээж байна?

-Кинон дээр бол эсрэг тал руугаа л тоглоод байна. Тайзны уран бүтээл дээр дурлалт залуу, даруухан тал руу нь илүү их сонгогддог. Тайз дэлгэц хоёр өөр л дөө.

-Киноны санал их ирдэг ч голомтгой гэж дуулсан. Ямар дүрийг сонгож тоглоод байна?

-Дүр сонголтондоо гол биш. Нэлээд хэдэн шалтгаан байна. Сүүлд тоглосон киноноос хойш гол болон туслах дүрийн долоо, найман киноны санал ирсэн ч огт тоглохгүй байгаа. “Мөрөөдлийн театр”-ынхан удахгүй кино хийх гэж байгаа юм. Тиймээс өөр уран бүтээлд тоглохгүй гэсэн хамтлагийн яриа бий. Хоёрт, зохиол нь дахиад л гомо залуугийн дүр орж ирсэн. Тэр нэрийг арилгая гэж ядаж байхад дахиж тоглоод яахав дээ.

-Гомо залуугийн дүрд тоглосны тань дараа залуус их залгаж сонирхсон гэсэн үнэн үү?

-Нэг залуу байнга яриад, өглөө нь сайхан амарсан уу, орой нь сайхан амраарай гээд байсан. Их муухай санагдсан. Төсөөлмөөргүй юм байна лээ.

-“Мөрөөдлийн театр”-ын гурав яагаад нэгдэх болов?

-Яагаад ч юм Шагай бид хоёрыг театраас гарахад Батаа тэр үед хамтлагаасаа гарч таарсан юм. Бид гурав уулзах л ёстой байсан юм болов уу гэж боддог. Тал талаасаа тэгж л таарсан хэрэг. Бие биенээ гараач гэсэн юм бол байхгүй. Бүгд өөрсдөө дор дороо л шалтгаантай байсан. Уулзаад нэг юм хамтарч хийх үү тэгье гээд л тэр дороо гоё эвлээд л болсон зүйл.

-Навчаа, Ааяа гээд чадварлаг эмэгтэй жүжигчид танай хамтлагт тоглодог. Бас залуу жүжигчдээс Дөлгөөн, Баярмаа, Намуунаа нар байдаг. Та гурав санал тавьсан уу, эсвэл өөрсдөө тоглоё гэсэн үү?

-Ааяа эгчийн хувьд бид дөнгөж “Мөрөөдлийн театр” байгуулж байхад эмэгтэй жүжигчдээс нэг түшигтэй хүн хэрэгтэй байсан юм. Эмэгтэй жүжигчид бүгд өөр өөрийн хамтлагтай байсан. Тэр үед Ааяа эгчид санал тавьсан чинь зөвшөөрсөн. Ааяа эгчийн бие чилээрхээд оронд нь хэнийг тоглуулах вэ гэж ярилцаж байгаад Навчаа эгчид санал тавьсан. Тэрнээс хойш Навчаа эгч маань манай гурав, дөрвөн тоглолтод хамтарч байна. Хөдөө орон нутгаар хамт яваад ирлээ.

Дөлгөөний хувьд манай анхны “Миний нууц хүү” жүжигт тоглож байсан. Тэрнээс хойш би “Мөрөөдлийн театр”-т үлдэнэ гээд үлдсэн юм. Сүүлийн хоёр, гурван тоглолт дээр маамуутай учраас ороогүй байна. Намуунаагийн хувьд бид “UBS” телевизийн “To be or not to be”-г хөтөлж байсан тэр жил хоёрдугаар байранд орж байсан. Намуунааг театртаа урьсан. Биднээс гадна Драмын театрт ажиллах урилга нь ирчихсэн байсан юм. Намуунаа өөрөө “Мөрөөдлийн театр”-ыг сонгож ирсэн.

-Таны хамгийн хайртай дүр юу вэ?

-Миний хувьд хоёр бүтээлдээ илүү хайртай. Хоёулаа анхных гэдэг утгаараа. Театрт байхдаа гол дүрд тоглосон, хамгийн их хөлс хүч шаардсан бүтээл. Хамгийн их хөлс дуслуулсан уран бүтээл. Эхнийх нь “Нүцгэн дурлал” инээдмийн жүжиг. Хоёр дахь нь “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжгийн ууган хүүгийн дүр.

-“Мөрөөдлийн театр” ямар кино хийх гэж байна?

-Анхны кино маань “Ээжийн дайсан” гэдэг кино. Одоо хоёр дахь уран бүтээлийн зохиол яригдаж байгаа. Мэдээж инээдмийн кино хийнэ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Манай хамтлаг бүтэн жилээр төлөвлөгөөгөө гаргачихдаг. Одоо Европын орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байна. Энэ жилийн төлөвлөгөөндөө оруулчихсан байсан юм. Бид залуучууддаа боломж олгож нэг нэгээр нь ээлжлээд авч явдаг. Дөлгөөнийг Америк, Баярмааг Япон, Чукагаа Солонгосоор авч явсан. Одоо Намуунааг Европоор авч явах гэж байна. Монголд арванхоёрдугаар сарын 4-нд ирнэ. Дараа нь Өвөр Монгол руу тоглолтоор явна. Долоо хоног явж ирчихээд арванхоёрдугаар сарын 10-наас Улаанбаатарт суурин байна. Тэгээд л шууд шинэ жилийн ажилдаа орно доо.

-Та шинэ жилээр өвлийн өвгөн болоод байдаг, энэ жил бас хүүхдүүдэд бэлэг тараах уу?

-Сүүлийн үед Жагаа ах бид хоёрт өвлийн өвгөн болох санал их ирж байгаа. Санал ирвэл өвлийн өвгөн болно. Жагаа ах маань Гомбосүрэн гуайг залгамжилж өвлийн өвгөн болж байгаа. Харин би Жагаа ахаас сураад л явж байна. Батаа, Шагай хоёрын хувьд энд тэнд хөтлөгч хийх байх.

-Өвлийн өвгөн болоход төлбөр нь дунджаар хэд байдаг вэ?

-Нэг удаа 600-800 мянган төгрөгийн хооронд байдаг.

-Жилд хэдэн тоглолт хийнэ гэж төлөвлөдөг вэ?

-Хавар, намар шинэ уран бүтээл, хүүхдийн тоглолт гээд жилдээ дөрвөн тоглолт хийчихдэг. “Мөрөөдлийн театр” хүүхдийн жүжгийг хамгийн анх эхлүүлсэн. Театрт л хүүхдийн театр гэж байснаас ямар нэг хамтлаг хүүхдэд зориулсан тоглолт жүжиг тавьдаггүй байсан. Манайх зургадугаар сарын 1-нд “Цондоолой, Цүндээлэй” гээд зөвхөн хүүхдүүдэд зориулсан тоглолтыг “Ирмүүн”-ийхэнтэй хамтарч тавьсан. Дараа нь “Динза Цондоолой ба харь гарагийнхан” гэсэн жүжиг тоглосон. Үүний дараагаас л “Маск”-ийнхан “Буратино” гэх зэргээр хүүхдийн жүжиг тавьж эхэлж байна. “Шинэ үе” бас хийгээд эхэлсэн. Хүүхдэд зориулж ийм зүйл хийх хэрэгтэй гэдгийг анх санаачилсандаа баяртай байдаг.

-Эрхэмбаяр гэдэг хүн амьдрал дээр аль дүртэйгээ илүү ойр вэ?

-“Надад өгөөгүй хайр” киноны дүр маань ойртож очино. Ер нь дуугүй талдаа, зожиг ганцаараа байх дуртай. Гудамжаар явахад намайг “Амьдралд тавтай морил” киноны Билгээгээр их таньдаг. Хаяахан “Мөрөөдлийн театр”-ын инээдмийн дүрээр хараад байх шиг санагддаг. Зөрж өнгөрсөн хүмүүс жуумалзах нь бий.

-Хамгийн их судалгаа хийсэн дүр чинь юу вэ?

-“Надад өгөөгүй хайр”-ын сохор залуугийн дүр. Тайзан дээр хоёр цаг сохор хүний дүрд тоглодог учраас судалгаа их шаарддаг. Би Багшийн дээдээс Драмын театр руу нүдний шил зүүчихээд нүдээ аниад явчихдаг байсан.

-Танай хамтлаг залуу уран бүтээлчдэдээ ямар шалгуур тавьж авч байна?

-“Мөрөөдлийн театр” одоо залуу боловсон хүчин авна. Төгсөх курсийн, төгсөөд ажилгүй байгаа мэргэжлээрээ ажиллах сонирхолтой залуусыг шалгаруулж авна. Оръё гээд ирсэн залуусыг авч нэг уран бүтээл дээр ажиллаад үзье гэж хэлдэг. Уран бүтээл дээр ажиллахад л тэр хүн нэвт уншигддаг. Хувь хүн талаасаа ямар вэ, эвдэрсэн үү, үгүй юу, тайзан дээр хэр авьяастай байна, хүсэл эрмэлзлэл тэмүүлэлтэй байна уу гэдэг нь харагддаг. Театр шиг хоёр жил дагалдан хийлгэнэ гэж байхгүй. Хоёр гурван сар л хангалттай.

-Гадаадад тоглолт хийхээр хэр их хүн үздэг вэ?

-Сайн үздэг. Солонгос, Японд харлачихсан хүмүүс андашгүй. Орж ирээд л хоёр тийшээ хараад түгшүүртэй харагддаг юм билээ. Гадаад руу явахдаа залуучуудын холбоо, гадаадад байдаг монголчууд, оюутны холбоо зэрэг байгууллагуудтай холбогддог. Зарим нь танай хамтлагийг сонирхоод байна гээд санал тавьдаг юм.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун Орост айлчлал хийнэ

ОХУ-д айлчлал хийж буй Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын Төв Хорооны улс төрийн товчооны тэргүүлэгч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чхве Рён Хэг өчигдөр тус улсын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтын эхэнд Чхве Рён Хэ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гараар бичсэн захиа болон бэлэг дурсгалын зүйлийг гардуулан өгсөн гэж “KCNA” агентлаг мэдээлэв. АНУ-ын Тагнуулын газраас “Удирдагч Ким Чен Ун Орост айлчлах хүсэлтээ Путинд гаргасан. Ким Чен Ун Оросын тусламжтайгаар Батлан хамгаалахын салбараа шинэчлэхийн хүсч буй. Тиймээс тэрбээр улсдаа хоёрдугаарт бичигддэг эрхмээ Орос руу илгээсэн” гэжээ.

ОХУ-д суугаа Хойд Солонгосын элчин сайд Ким Ен Же “ОРТ 1” телевизэд ярихдаа “Чхве Рён Хэг Оросын удирдлагууд болон ард түмэн нь найрсагаар хүлээн авсан. Энэ бүхэн удирдагч Ким Чен Унд итгэл хайрласан. Энэ ондоо багтааж удирдагч Путиний урилгын дагуу тус улсад гурван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийнэ. Аюулгүй байдлын үүднээс цаг хугацааг нийтэд зарлах боломжгүй” гэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан ус” уран сайхны кино нээлтээ хийнэ

“Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing”-ийн хамтын бүтээл “Алтан ус” Монголын уран сайхны кино энэ сарын 21-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрд реппер Gee, Rokit bay нар хамтран тоглосон юм.

Кино сонирхогчдын дунд аль хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа тус киноны зураг авалтын ихэнх хэсгийг элсэн цөлд авсан аж. Зохиолын санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргаж, Э.Оргил зохиолч, найруулагчаар ажилласан “Алтан ус” кинонд тарчигхан амьдралтай найзууд богино хугацаанд баяжих хүсэлдээ автан өөртөө байх бүх зүйлээ зарж алтны эрэлд гарахаар шийднэ. Эхэндээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу байсан ч эцсийн мөчид байдал буруугаар эргэж алтаа аваад үхэх үү, алтаа хаяад амьд үлдэх үү гэсэн хоёр сонголт тэдний өмнө гарч ирснээр киноны үйл явдал өрнөнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Даваасүрэн: Хэт тэлэлтийг бууруулж чадсан төсөв баталлаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хугацаанд нь баталж амжлаа. Гэхдээ энэ удаагийн баталсан төсөв ард түмний амьдралд наалдах наалдац нь хэр байх бол. Эдийн засагчид ирэх онд бүсээ чангална гээд байна. Ард түмний нуруун дээрх ачаа хэр хөнгөрөхөөр төсөв болов?

-Төсвийн хууль тусгай дэгээр хэлэлцэгдэж, цаг хугацааны хязгаарт баригдаж батлагддаг. Энэ нь дараа жилийнхээ нэгдүгээр сарын 1 гэхэд бүх шатны төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэр бэлэн байхтай холбоотой. Хялбархан жишээ татахад, шинэ оны эхний өглөө гал команд, түргэний машин шатахуун авах мөнгөгүй гээд саатаж болохгүй гэсэн үг. Тиймээс аймаг, сум орон нутгийн ИТХурлаар төсвөө хэлэлцэж батлах хугацаа олгох үүднээс тухайн жилийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд УИХ-аар ирэх оны төсвийг баталж байхаар хуульчилж өгсөн хэрэг. Манай гишүүд өнгөрсөн хугацаанд энэ хариуцлагаа чанд мөрдөж ирсэн. Энэ удаа ч гэсэн хуулийн хугацаанд нь баталлаа. Иргэдэд наалдацтай юу гэдгийг цалин, тэтгэвэр орлого талаас нь харах юм бол инфляцийн өсөлттэй уялдуулаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардагдах 500 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Энэ бол иргэдийн гар дээр шууд очих орлого юм.

Ард түмний нуруун дээрх ачаа гэж татварыг хэлээд байна уу. Засгийн газраас анх өргөсөн 2015 оны төсвийн төсөл дээр дөрвөн төрлийн татвар нэмэгдүүлэхээр оруулж ирснийг УИХ шаардлагагүй гэж үзээд буцаасан. Тиймээс нэг ч төгрөгийн татвар нэмэгдэхгүй гэж ойлгож болно.

-2013, 2014 оны төсвийг хөөсөрсөн төсөв болсон гэдгийг хэлж байсан. Энэ удаагийн төсөв өмнөх онуудаас юугаараа ялгаатай болсон бэ. Тэнгэр харж байгаад тоо тавьдаг гэх шүүмжлэл их явдаг байсан. Эрх биш бодит хөрсөн дээрээ буусан байлгүй гэх нэгэн ч байна?

-Энэ удаагийн төсвийн нэг онцлог бол өмнөх жилүүдэд 20-30 хувийн өсөлттэй явж ирсэн төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталсан явдал. Тухайлбал, урсгал зардлыг 118,8 тэрбум төгрөгөөр бууруулж баталж, илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүллээ. Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгүйгээр шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнгүй. Төсвийн хэт тэлэлтийг бууруулж чадсан гэвэл илүү онох юм болов уу. Жишээ нь, 2000 онтой харьцуулахад 16 дахин, 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн байсан төсөв шүү дээ.

-2015 оны төсвийг Засгийн газрын тэргүүнгүй, Засгийн газрын гишүүдгүйгээр анх удаа баталлаа. Төсвөө батлахын өмнө тодотгол хийх ёстой гэдгийг МАН-аас мэдэгдэж байсан. Тодотголыг он гаргаад хийх үү?

-Өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа ажиллаж, зургаан удаагийн төсвийг батлуулахад Засгийн газрын тэргүүнгүй, Сангийн сайдгүй байсан тохиолдол гарч байсангүй. Энэ талаасаа нэлээд өндөр хариуцлагыг УИХ үүрч баталсан төсөв болсон байх. Мөн УИХ-ын удирдлага болон намын бүлгүүдийн зүгээс ач холбогдол өгч анхаарч ажилласныг хэлэх ёстой. 2014 оны төсвийн хувьд зайлшгүй тодотгох нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, Засгийн газрын саяхан баталсан бүтцийн өөрчлөлтөөр бий болсон шинэ гурван яам одоогийн байдлаар төсөвгүй, урсгал зардлаа санхүүжүүлэх боломжгүй болоод байна. Ирэх 2015 төсөвт ч тодотгол хийх эрсдэл үүсэж болзошгүй. Шинээр томилогдох Ерөнхий сайд Засгийн газрын бүтэцдээ ямар нэг өөрчлөлт оруулах юм бол оны өмнө төсөв тодотгох нөхцөл байдал үүснэ.

-Ирэх онд 141 обьектыг ашиглалтад оруулна гэдгийг мэдэгдсэн. Ардын намын бүлгээс яагаад ч тийм олон обьект ашиглалтад орох боломжгүй гэсэн. Эдгээр барилгууд дуусах боломж бий юу?

-Эдгээр он дамжин удааширч, банкны салбарын найдваргүй зээлийг гурав дахин нэмэгдүүлэхэд нөлөөлсөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын дуусаагүй байгаа барилга байгууламжийг зайлшгүй санхүүжүүлж дуусган, өр авлагын сүлжээг арилгах ёстой. Улсын төсөвт 309 төсөл, арга хэмжээний 302 тэрбум төгрөгийн дуусаагүй барилгын санхүүжилтийг тусган, 196 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дэд бүтцийн 22 дуусаагүй барилга байгууламжийг Хөгжлийн банкны санхүүжилтээр дуусгахаар төлөвлөж шилжүүлсэн. Ингэснээр ирэх онд он дамжин удааширсан барилга, байгууламжийн ажил дуусах болно.

-Танай тойрогт хичнээн дуусаагүй объектууд байна?

-Манай тойрогт гурван жил гаруй саатаж буй хүнс, өргөн хэрэглээний барааны битүү зах, Тосонцэнгэл, Мөрөн сумын хоёр сургуулийн спорт заал, Ханх, Рэнчинлхүмбийн дотуур байр, Эрдэнэбулган, Галт сумын цэцэрлэг, Улаан-Уул, Баянзүрх сургуулийн хичээлийн байр гээд он дамжин удааширсан 20 гаруй барилга, байгууламж бий. Эдгээр хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх онд дуусахаар хөрөнгийг нь суулгаж өглөө. Хамгийн хүйтэн цаг агаартай, их хүн амтай, хамгийн том захтай манай аймгийн хувьд битүү захтай болно гэдэг маш чухал. Гэтэл энэ ажлыг газар олгохгүй удаашруулах гэх мэтээр саад учруулсаар гурван жилийн нүүр үзсэний эцэст ирэх онд ашиглалтад оруулах гэж байна.

-Ирэх оны төсөв нь тохиож болзошгүй эдийн засгийн хямралтай холбогдуулан урсгал зардлыг 118.8 тэрбумаар бууруулж баталсныг Их хурлын дарга онцолж байсан. 1000 орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орохоор боллоо. Энэ нь нэг талдаа төсвөө хэмнэсэн зүйл ч гэсэн ядуурал нэмэгдэх шалтгаан болох юм биш биз?

-Орон тоог бууруулахдаа төрийн үйлчилгээний ажилтан бус албан тушаалтан, дарга нарын илүүдэл орон тоог цөөлөх чиглэлийг баримталсан. Төсвийн хэлэлцүүлгийн явцад механикаар төсвийн ажиллагсдын орон тоог 10 хувиар бууруулах санал орж ирснийг эдийн засаг хямралтай, бизнесийн салбарынхан ажиллагсдынхаа тоог цөөлж буй энэ үед авч болохгүй гэж үзэж хойшлуулсан.

-2011 онд зээлийн үйлчилгээний зардалд 31 тэрбумыг оруулж ирж байсан бол ирэх онд 696,2 тэрбумыг зээлийн үйлчилгээний зардлыг барагдуулахаар оруулж иржээ. Бүсээ чангалж байгаа энэ нөхцөлд мэдээж хүнд байх болов уу?

-Үүний дийлэнх 60 орчим хувийг төсвийн урсгал алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод зах зээлд гаргасан Засгийн газрын бондын төлбөр эзэлж байгаа. Гадаад төлбөрийн хамгийн өндөр дүн нь 125,8 тэрбум төгрөгийн Чингэс бондын хүүгийн төлбөр болж байна.

-Төсвөөс гадуурх бондуудыг цаашид хэрхэн цэгцэлж явах ёстой вэ. Уг нь бондын мөнгө төсөвт сууж орж ирсэн ч дахин өргөн барихдаа салгасан байсан?

-2011 онд Хөгжлийн банк­ны тухай хууль ба­талж, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг сан­хүүжүүлэхэд зориулан зээл олгож байхаар хуульчилж өгсөн.

Энэ хуулиар Хөгжлийн банк нь төсвөөс гадуур зээл авах, баталгаа гаргах эрхтэй байдаг. Энэ хуулийн асуудлыг зохицуулж байж төсөвт тусгах тухай ярих ёстой юм.

-Эдийн засаг хүндэрлээ гэдгийг амтай болгон ярьж байгаа боловч үүнээс гарах арга замын талаар ярихгүй юм аа. Таны хувьд хүндрэлээс гарах арга замыг юу гэж харж байгаа вэ. Оюу толгойг манайхан хүлээж байгаа ч ирэх онд Оюу толгой нааштай хариу өгөхгүй сураг байна?

-ДНБ буюу эдийн засаг, экспортын хувьд ирэх онд өсөлттэй харагдана. Энэ нь Оюу толгойн борлуулалттай холбоотой. Ирэх онд Оюу толгой 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэмжээгээр эдийн засаг, экспортын өсөлтөд нөлөөлнө. Монгол Улсын төсвийн орлогын 54 хувьтай тэнцэх хэмжээний өндөр дүн юм. Харамсалтай нь энэхүү борлуулалтын есөн хувь буюу 370 орчим тэрбум төгрөг л манайд орох орлогод тооцогдож тал хувь нь эргэж Монголын талын 34 хувьд авсан зээл, урьдчилгаанд төлөгдөөд үлдсэн хэсэг нь л төсөвт орно.

-2015 оны төсөвт валю­тын ханшийн савлагаанаас хамгаалах механизмыг хийж өгч чадав уу. Ам.долларыг 1750 төгрөг байхаар баталлаа. Ноднин 1384 төгрөг гэж баталсан шиг зүйл болох вий гэсэн болгоомжлол байна?

-Валютын эрсдэлээс хамгаалах зардал гэж төсөвт суудаггүй. Гол нөлөөлөл нь гадаад зээлийн үйлчилгээний төлбөр дээр гардаг. Гэхдээ төсвийн орлогод тухайн өдрийн валютын ханшаар тооцож татварыг төлдөг учраас эрсдэл гарахгүй.

-Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлого төсөвтэйгээ уялдуулан баталж чадав уу?

-Зах зээл дээрх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн халамжийн шинж чанартай бэлэн мөнгөөр олгогдох шинэ төсөл арга хэмжээ тусаагүй. Харин төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх онуудад эхлээд дуусаагүй байсан барилга байгууламжийг санхүүжилтийг ирэх онд олгосноор банкны системийн найдваргүй зээлийн хэмжээ буурах болно. Мөн шинээр эхлэх хөрөнгө оруулалт байхгүй учраас импортын эрэлтийг нэмэгдүүлэхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

О.Батсүх: Хубилай хааны түүх Чингис хааныхаас дутахгүй

“Жек Уотерфорд” сангаас зохион байгуулсан Монголын түүхийн салбар дахь 2013-2014 оны шилдэг бүтээлийн тэргүүн шагналын эзнээр “Их Хүннү” уран бүтээлийн нэгдлийн захирал О.Батсүх “Хубилай хаан, Монголын их Юань улс” бүтээлээрээ шалгарсан билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та Хубилай хааны тухай бүтээлээрээ “Жек Уотерфорд” сангийн тэргүүн шагналын эзэн болсонд баяр хүргэе.

-Энэ шагналыг авсандаа сэтгэл өндөр байна. Эл номыг бичих гэж судалгаа хийж арваад жил болсон. Хубилай хааны бодит дурсгалууд их байдаг. Тэдгээрийг нь олж харъя гэж гадаадын судлаачид ч их судалдаг, харин монголчууд бид хэрхэн мэддэг билээ гэж судалсан. Ер нь Хубилай хааны түүх их сонин. Юу гэхээр өвөг эцэг Чингэс хааныхаа түүхээс хол давсан түүхтэй хүн шүү дээ. Төрсөн нутгийнхаа хил хязгаараас даван гарсан газар нутгийг байлдан дагуулснаараа тэр гайхамшигтай. Агуу хүн гэдэг бол өөрөө их түүхийг араасаа дагуулдаг юм байна. Нэгэн цагт Хубилай хаан морьтон монголчуудаа дагуулан өнөөгийн Хятадын нийслэл Бээжин хотыг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, урлагийн үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн танилцуулахыг хичээсэн. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг билээ. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас нь эхлээд өнөө үеийг хүртэл холбон тодорхой дурсгалуудаар дамжуулан танилцуулахыг зорьсон. Судалгааны явцад энэ хааны түүхийг гайхан биширч явснаас биш, ийм нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж бодоогүй явлаа. Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар гуайн бичсэн “Монголын товч түүх”-ийн номонд их түүхийг арав арван жилээр эмхлэн бичих хэрэгтэй гэсэн байдаг. Тэр үүднээс би энэ номыг бичсэн юм. Монголын ард түмэн их түүхээ мэддэг байгаасай, ойлгодог байгаасай гэж би боддог. Шагналын хувьд “Жек Уотерфорд” сангийнхан нэлээд олон эрдэмтдийн бүтээлийг хэлэлцүүлэн манай энэ бүтээл дээр дийлэнх нь санал өгсөн юм билээ.

-Юань гүрнийг үндэслэгч их хааны тухай түүхэн, судалгааны зурагт номыг арав гаруй жилийн судалгааны үр дүнд бүтээсэн гэлээ. Судалгааны ажлаар хэдэн улс дамнан аялсан бол?

-Орос, Иран гэх мэт Юань гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудаар явсан. Юань гүрний дагуур Алтан ордны улсаас, Ил хаадын улс хүртэлх Дундад Азийн асар их, өргөн уудам газар нутагт Хубилай хааны зарлиг тушаал, гэрэгэ хүрч байсан гэхээр бахархам юм билээ. Зарим нэг бэрхшээлтэй асуудлууд байсан л даа. Юу гэхээр судалгааны ажлаар гадны орны архивт суугаад ном зохиол, олдвортой таараад түүнийгээ уншиж, ойлголт дөнгөж авч байх үед “Одоо болно, энэ чинь манай түүх” гэх мэтээр нүд үзүүрлэх үе бишгүй. Учир нь түүхийн үнэт олдвор хэрэглэгдэхүүнүүд яах аргагүй тухайн улсын өмч болсон байдаг. Энэ нэг талдаа харамсалтай боловч нөгөө талаараа гайхмаар зүйл. Монголын нэгэн их хааны ул мөр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байгаа нь л түүх юм. Ер нь манайхан Хубилай хааныг Хятад улсад байсан хаан л гэцгээдэг. Гэтэл ачир дээрээ тийм биш юм билээ. Солонгос, Тайланд гэх мэтийн Азийн орнуудад хүртэл нэр суу нь түгж, тэр улсын хаанд охиноо бэр буулгасан зэрэг сонирхолтой түүх арвин бий. “Түүхэн өв соёл” судалгааны баг Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран БНХАУ-ын эрдэмтдийн уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэхүү зурган тайлбарт бүтээл бий болсон юм. Хубилай хаан болон Их Юань улсыг судалдаг эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн дурсгалуудыг танилцуулахдаа нэгэн хэв загварт баригдалгүй олон янзын байр сууринаас тодруулан тайлбарлахыг хичээлээ.

-Хубилай хааны тухай Америкийн эрдэмтэн нэлээд сайн судалгаа хийсэн байдаг. Түүний бүтээл танд нэлээд тус болсон байх. Япон руу дайлаар мордох үед живсэн усан онгоцны үлдэгдэл зэрэг нь таны судалгаанд тусгагдсан уу?

-Хамрагдалгүй яахав. Тэдгээрээс гадна Хубилай хааны үүсгэн байгуулсан одон орон судлалын багаж, 1287 онд бариулсан Төрийн удирдлагын их сургууль зэрэг байна. Өнөөгийн намар нь сургалт эхлээд, хавар төгсдөг дэлхийн боловсролын системийг Хубилай хаан үүсгэсэн байгаа юм. Мөн монгол төрийн залгамж халааг бэхжүүлэх зорилгооор элэнц өвөг, эмгээс эхлэн өөрийн үе хүртэлх хаад хатдын тахилын өргөөг босгосон байдаг. Хубилай хаан шарын шашныг шүтэж Пагва ламыг Улсын багшаар өргөмжилсөн ч нөгөөтэйгүүр монгол туургатны язгуур шашин тэнгэр үзлээ дээдэлж байсны илрэл юм. Зөвхөн хаад хатад ч гэлтгүй авга ах нарыгаа буюу Зүч, Цагаадай, Өгэдэй, өөрийн аав Тулуй тэргүүтнийг мөн шүтээн ордондоо мөнхөлсөн түүхтэй. Харамсалтай нь тэр шүтээн ордон одоо үгүй болж дээ.

-Таныг судалгааны ажил хийж явах үед Хубилай хааны үр сад гэх хүн таарав уу?

-Өвөр Монголд түүний удам угсааны хүмүүс байдаг гэсэн. Манай алтан ургийнхан шиг “би, би” гэсэн ойлголт харьцангуй бага юм билээ. Хубилай хааны удмын хүнийг яаж тогтоодог вэ гэхээр овгийн тамгаар нь тогтоодог юм билээ. Тэр овгийн хүн байна гээд тамгыг нь хараад эрдэмтэд тогтоодог юм. 1215 онд өвөө нь Хятад гүрнийг эзлээд ирэх үед Хубилай хаан төрсөн байдаг. Яг энэ жилээс хойш 1370 он хүртэл 155 жил Юань гүрнийг манайхан захирсан. Энэ бүхнийг би номынхоо есөн бүлэгт багтаасан.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн билээ. Түүхийн ийм том судалгаа хийсэн юм чинь түүхч хүн үү?

-Би түүхч судлаач биш. СУИС-ийг театр, киноны найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад эх орноо төлөөлөн Өвөр Монголын “Одон” телевизэд баримтат кино найруулагчаар очсон. Тэндээ гадаадын найруулагчидтай хамтран кино бүтээж байгаад Хубилай хааны түүхийг судалж эхэлсэн. Ингээд түүхэн баримтат кино хийхээр сэтгэл шулуудаж, улмаар Хубилай хааны тухай түүхэн ном бүтээлээ. Кино маань есөн ангиар цацагдсан. Кино гарсны дараагаас л эхлэн ном болгон хэвлүүлж өгөөч гэсэн хүсэлт их ирж байлаа.

-Түүхэн ном бүтээнэ гэдэг амаргүй даваа биз?

-Баримтат кино бол амархан. Судалгааны дагуу хөгжмийн зохиолчтойгоо ярилцаад, баримтуудаа шигтгэж өгнө. Харин ном бичнэ гэдэг бол асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг юм байна. Аливаа шинэ бүтээл өмнөх бүтээлүүдээсээ улбаалан гарах нь зайлшгүй учраас өмнө нь гарсан ном зохиол, түүхэн баримтуудыг уншиж судална гээд цаг хугацаа их зарцууллаа.

-Таны эл бүтээлийг харахад бараг эрдмийн зэрэг хамгаалах хэмжээнд оччихсон юм шиг санагдлаа.

-Энэ бүтээлтэй холбоотой зарим нэг сургуулиуд докторын зэрэг хамгаалаач, сэдэв чинь бэлэн байна гэсэн санал, сонголтууд ирж байна. Оны сүүлчээр сонголтоо хийгээд суралцана даа. Хубилай хаан эцэг өвгөдийнхөө хүсэл зорилгыг үргэлжлүүлэхдээ шашин, соёлд нэн хүлээцтэй хандаж, үр нөлөөтэй засаг захиргааны бүтцийг эрэлхийлсэн байдаг. Тэрээр “Дөрвөлжин” бичгийг шинээр зохиолгож, Их Юань улсын олон хэл соёлыг нэгдсэн байдлаар зохицуулан зангидахдаа Евроази дахь Монголын эзэнт улсуудад түгээн тархаасан. Үүний улмаас Хубилай хаан өвөг эцэг Чингис хааныхаа эхлүүлсэн Ази, Европын хооронд худалдааны нээлттэй харилцааг соёлын солилцоотой хослуулан төгөлдөржүүлснээр нэгэн сонирхолтой үе болох “Pax Mongolica” үүсч, XIV зуун дуустал үргэлжлэхэд хүргэсэн нь өрнө, дорно хоёуланд нь нэн их үр өгөөжтэй байсан. Тус бүтээлийг бичих явцдаа түүхэн үйл явдлыг дэлгэрүүлэхийн тулд эрт эдүгээн эрдэмтэн мэргэдийн алдарт ном бүтээл дээр тулгуурлахыг зорьсон юм. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний түүхийг бүтээлч хэрнээ оюунлаг хүмүүсийн үйл хэрэгт үндэслэн бичиж үлдээсэн үе үеийн оюун ухаанд шивнэгч эрдэм билэгт түүхчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хубилай хаан болон Их Юань улсын тухай урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ялгаатай болгохын тулд түүхийг танин мэдэхдээ энгийн үгээр хялбаршуулан бичсэн билээ. Ирж буй 2015 онд Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ой тохионо. Дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн Хубилай хаан болон Их Юань Улсыг шинээр үнэлж дүгнэхэд энэхүү тайлбар зурагт бүтээл маань тус ойн жилд хувь нэмрээ оруулах болтугай хэмээн хүсч байна.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Архангай аймгийн Өндөр-Улаан суманд малтлага хийсэн “Улаанбаатар” их сургуулийн багш Эрдэнэбаатар гэдэг залуутай хамран ажиллаж байна. Сүүлийн гурван жил явж зургийг нь авсан. Хөрөнгө оруулагч нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Монгол археологичоор ахлуулсан судалгааны баг маань амжилттай ажиллаж байна. Эх орныхоо үнэт олдворт хөрөнгө оруулах сонирхолтой монгол бизнесменүүд олон байна. Түүнээс биш гадаадын төсөл хэрэгжүүлэгч нар Монголын газар нутагт, манай археологичдын мэдлэг чадварыг ашиглаж малтлага хийчихээд дэлхийд цацахдаа өөрсдийнхөө нэрээр гаргадаг гашуун сургамж зөндөө байна.

Л.БАТЦЭНГЭЛ